gishuun_head_altangerel_copy
5 сарын 18
  • altangerel_01
  • altangerel_02
  • altangerel_03
  • altangerel_04
  • altangerel_05

П.Алтангэрэл:Ерөнхийлөгч гэдэг хүн баримал шавар шиг байж болохгүй

Уншсан: 426 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн П.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Буцах хүнд үнээ тугал нийлэх хамаагүй гэгчээр АН-ын УИХ дахь бүлгийн хурал ирц муутай болдог боллоо. Хамтарсан Засгийн газраас танай нам гарсан хэдий ч та бүхэн УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийх ёстой биш гэж үү?

-Өнөөдөр /өчигдөр/ 14.30 цагаас бүлэг хуралдсан. Үдийн өмнө бүлгийн дарга тодорхой ажилтай байсан болохоор үдээс хойш хуралдаж байгаа юм. Цаг үеийн асуудлаар хуралдаж, үнийн өсөлттэй холбоотой гарсан жагсаал, цуглааныг цаашид яах ёстой вэ гэдгийг хэлэлцлээ.

Ер нь үнийн асуудлыг Засгийн газар зайлшгүй зохицуулах ёстой.

Цаашдаа гурван талын хэлэлцээрийг зохион байгуулах хэрэгтэй. Жагсагчид, шаардлага тавьж байгаа хүмүүсийн асуудлыг үл тоомсорлож болохгүй. Ард түмний нэг хэсэг учраас тэдний асуудлыг судалж, шийдвэрлэх талаас нь бүхий л арга хэмжээ авах ёстой. Энэ бол Засгийн газрын үүрэг шүү дээ.

-Сөрөг хүчин болчихсон учраас та бүхэн ингэж жагсаал цуглаанаар далимдуулж, улс төр хийх санаа байна уу, үгүй юу. Хэдийгээр нөхцөл байдал ийм байгаа ч зарим нэг хүн үүнийг улстөрийн зорилгодоо ашиглаад эхэлчихсэн, тэдний дунд явж л байна шүү дээ?

-Яг хэнийг хэлэх гээд байгааг чинь ойлгохгүй байна.

-Тодорхой шүү дээ. О.Магнай, С.Ганбаатар нарыг хэлж байна?

-Шаардлага тавьсан асуудлуудыг яг бодитой эсэхийг манай намын бүлэг анхааралтай ажиглах болно. Жагсаал'"цуглаан хийж буй хүмүүсийн хэн нь бодитой, хэн нь улстөржүүлж байгааг намын бүлэг анхаарч, ажиглаж байгаа шүү дээ.

-Хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрийг намын дарга нь гаргаснаас хойш АН-д улстөржилт гэдэг зүйл хэтэрхий хавтгайрах боллоо. Уг нь хамтарсан Засгийн газрын ололт амжилтаа хамтдаа үүрэх ёстой байтал МАН-д ачаагаа үүрүүлээд зугтчихлаа. АН-ынхан энэ удаа хэтэрхий хударгагүй зан гаргаж байгаа юм биш үү?

-Ер нь улстөрийн хүчин бол улстөрийн хүчин шүү дээ. Энэ Засгийн газар байгуулагдсан нь үнэн, бас хэзээ нэгэн цагт салах  нь  ойлгомжтой.  Хэзээ салах нь вэ гэдэг нь тодорхойгүй байсан болохоос бүрмөсөн тэврэлдчихсэн юм байхгүй. Ард түмэн ч ойлгож байсан. Хамгийн гол нь ачааны хүндийг үүрүүлчихээд зугтсан юм байхгүй. Гурван жил хагас хамтарч ажиллалаа. Хамтарч байгаад хийчих юмсан гээд бодож байсан асуудлууд шийдэгдсэн. Ерөнхий сайд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр 82 хувийн биелэлттэй гэсэн. Цаана нь 18 хувийг нь биелүүлэх төсөв хөрөнгийг хамтарсан засагт байхдаа хэлэлцээд, батлаад шийдчихсэн. МАН-ынхны нуруун дээр дангаараа очих гээд байгаа асуудал огт алга. АН түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Одоо ард түмэнд их ойлгомжтой байх ёстой. Гэхдээ хамтарсан Засгийн газраас гарлаа гээд энэ засгийг дэгээдэх, үндэслэлгүйгээр сөрөг хүчин болгож, шоу хийх асуудал АН-д байхгүй. Аль болох ард түмний эрх ашгийн тулд дэмжиж ажиллана. Буруу, болохгүй зүйл дээр сөрөг байр суурь баримтлах нь ойлгомжтой.

-АН улстөржих дуртай. Үүний тод жишээ бол АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч нь шинэ томилгооны асуудал дээр шүүмжлэлтэй хандлаа. Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болсон Ерөнхийлөгч хүн ингэж болохгүй биз дээ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай намаас сонгогдсон Ерөнхийлөгч биш. Ард түмнээс сонгогдсон. Тэгэхээр Ерөнхийлөгчийн байр суурийг аль нэг намын байр суурьтай хутгаж ойлгож болохгүй.

-Шинэ сайд нараас өө эрэн байж үг хэлсэн байдлаас нь тэгж ойлголоо?

-Сайдад нэр дэвшиж байгаа хүмүүст Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлэх нь бүрэн эрхийн асуудал. Гэхдээ улс орны эцэг нь болсон. Ерөнхийлөгч бүх зүйлийг өргөн цар хүрээтэй харж байгаа шүү дээ. Гол яамдыг толгойлох гэж байгаа хүмүүсийн талаар яаж байр сууриа илэрхийлэх нь дурын асуудал. Мэдээж Ерөнхийлөгч хувь хүнийхээ хувьд улс орны эрх ашгийг бодож, хүлээн зөвшөөрөгдсөн, аль нэг бүлэглэл фракцийн төлөөлөл болохооргүй, ард түмэн, улс эх орны төлөө ажиллаж чадахаар хүн сонгогдох ёстой гэж чин сэтгэлээсээ бодож байгаагийн илрэл.

-Тэгвэл Үндсэн хууль бүх юмны хаалт биш шүү гэж хэлснийх нь тухай та юу хэлэх вэ?

-Тэгж хэлснийг сонсоогүй юм байна.

-Энэ байдлаараа зөвшилцөхгүй бол Засгийн газар ирцээрээ хуралдаж чадахгүй хэмжээнд хүрнэ. Тэр тусмаа ийм байдалд хүрэхийг Ерөнхийлөгч мэдсээр байж ингэж аашлах хэрэг байсан юм уу?

-Ерөнхийлөгчтэй зөвшилцөлд хүрээгүй юм биш. Процедурын хувьд наад асуудал чинь эхлээд их буруу явжээ. Сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй байхад дараагийн сайд нарын асуудлыг ярих боломжгүй. Оруулж ирсэн процедур нь болохгүй гэдэг үнэн бодит байдлыг л хэлсэн.

-Гэхдээ л АН-ын экс дарга байсан болохоор танай намынханд талтай байдаг нь нууц биш. АН-ын тодотголтой хүмүүсийг л тодорхой албанд томилдог үзэгдэл газар авлаа. Ардчилсан гэж тодорхойлогддог Ерөнхийлөгчид энэ нь байж боломгүй зүйл шиг санагдах юм?

-Ер нь хаана ч, хэн ч гэсэн өөртэйгээ гар, сэтгэл нийлж, өөрийн бодлогыг хэрэгжүүлж чадах хүмүүсийг авч ажиллуулдаг. Тэгэхээр зөвхөн АН-ынх-наа ажиллуулдаг гэдэг талаас харах нь буруу. Сэтгэл зүтгэл нийлэхгүй хүнтэй гар нийлж ажиллах нь угаасаа хүнд шүү дээ. Ямар ч ажлыг хийж байхад тийм зүйл байсаар л ирсэн. Тэгэхээр өөрийн бодлогыг хэрэгжүүлэх, сэтгэл зүтгэл нийлсэн хүмүүстэйгээ ажиллах нь удирдах ажил хийж байгаа ямар ч хүний баримталдаг зарчим. Тэр зарчмаараа хандаж байгаа болохоос , биш, АН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч учраас АН-ынхантай арай илүү байна гэж харж болохгүй.

-Та яагаад ингэж сүрхий өмгөөлж хамгаалаад байгаа юм бэ?

-Хааяа Ерөнхийлөгчтэй уулздаг. Мөн АН-ын дарга байхад нь би дунд шатны намын даргын хувиар уулзаж явлаа. Нэг баг болж ажиллаж байсан хүний хувьд Ерөнхийлөгчийг ард түмний эрх ашигтай холбоотой асуудалд улс төрийн өнцгөөс харахгүй гэдгийг сайн мэднэ.

-Гэхдээ л шинэ сайд нарын танилцуулах үеэр хувийн сонирхлоо илэрхийлсэн нь шууд харагдсан?

-Ерөнхийлөгч гэдэг хүн баримал шавар шиг байж болохгүй. Ерөнхийлөгч ч гэсэн хүн. Би л Ерөнхийлөгч гээд албаны үгээр асуудалд хандаж, үзэл бодол, байр сууриа ард түмнээсээ нууж хаах ёсгүй. Аливаа зүйл ил тод л байх ёстой. Нэг юм ярьчихаад ярьснаасаа өөр юм хийгээд байвал утгагүй. Харин ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өөрийнхөө бодож санаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод гаргадаг нь сайхан. Түүнээс зарчмын хувьд дэмжиж байна, тэг гэж ёслолын чанартай жижүүрийн үг хэлэх нь сонин биш. Тэр утгаараа Ерөнхийлөгчийг би үнэлдэг.

-Н.Алтанхуяг даргын алган дээрх өндөг хагарлаа. Чуулганы үеэр АН-ынхан өндөг хагарсан юм чинь гэсэн байдлаар асуудалд хандаж, шинэ сайд нарын томилгоон дээр улстөржихгүй юм байгаа биз дээ?

-Тийм зүйл болохгүй. Шаардлага ч алга.

-АН хамтарсан Засгийн газраас гарахаар дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар ч дагаад өөрчлөгдөж таарна. Тэгэхээр танай нам шинэ сайд нарын томилгоон дээр асуудал үүсгэхгүй учраас тохироо хийж, улстөрийн бус албан тушаалтнуудаа халаа сэлгээнд өртүүлэхгүй байх талаас тодорхой арга хэмжээ авах уу?

-Тохиролцоо гэсэн асуудал байхгүй. Дэд сайд нар улстөрийн албан тушаалтнууд учир ажлаа өгнө. АН-ынханд эргэж хургах зүйл байхгүй.

Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.