Хоохорын Бадамсүрэн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Тулга багийн нутаг Товцогийн худаг гэдэг газар малчны гэр бүлд төрсөн, хонь жилтэй. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Уул уурхай, эрдэс баялгийн салбарын лидер гэгддэг энэ хүн 1974 онд Өмнөговь аймагт ерөнхий боловсролын дунд сургууль, 1980 онд ОХУ-ын Эрхүүгийн Политехникийн дээд сургууль төгссөн, уул уурхайн инженер маркшейдерийн мэргэжилтэй. 1988 онд ОХУ-ын Өнгөт металлургийн яамын Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтийн удирдлагын дээд курс, 1993 онд АНУ-ын Колорадо мужийн Эдийн засгийн дээд сургуулийн эдийн засаг, менежментийн курсыг дүүргэжээ. 1999 онд ОХУ-ын Москвагийн уул уурхайн их сургуульд дэд докторын /Ph.D/, 2003 онд мөн сургуульд техникийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан байна. Орос, англи хэлтэй.
Монголын уул уурхайн салбарын шилдэг мэргэжилтэнМонгол Улсын Их Хурлын гишүүн Х.Бадамсүрэн Монгол-Оросын хамтарсан томоохон аж ахуйн нэгжийг эдийн засгийн хямралтай үед галыг нь алдуулахгүй авч ирсэн цөөхөн бизнесменүүдийн нэг. Тэрбээр ГУУҮЯ-ны мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, уул уурхайн салбарын ерөнхий инженерээр ажиллаж байхдаа уул уурхайн салбарын хөгжлийн хөтөлбөр, үндсэн чиглэлийг боловсруулж батлуулан, хэрэгжилтийг хангахад манлайлан оролцжээ. Мөн Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдлийн гэрээ хэлэлцээрүүдийг шинэчлэх, “Монголчехословакметалл”, “Монголболгарметалл” хамтарсан үйлдвэрүүдийг байгуулах, эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэн, хөгжүүлж бэхжүүлэх ажлыг зохион байгуулсан нэгэн.
Х.Бадамсүрэнг Бор-Өндөрийн уулын баяжуулах комбинатын захирлын нэгдүгээр орлогч, “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Монголын жоншны үйлдвэрлэлийг дэлхийн хэмжээний чанар, үр ашгийн түвшинд хүргэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулснаар Монгол Улс энэ чиглэлийн үйлдвэрлэлээр дэлхийд эхний тавд багтдаг болжээ.
Х.Бадамсүрэн Улсын Их Хурлын 2008 оны сонгуульд Өмнөговь аймгийн 11 дүгээр тойргоос илт давуу саналаар ялалт байгуулж нутгийн ард олноо төлөөлөх болсон. Тэрбээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангуулахаар байгуулсан томоохон Ажлын хэсгүүдийн ахлагчаар томилогдон ажиллаж байна. УИХ-ын Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн. Мөн Монгол-Орос, Монгол-Казакстан, Монгол-Солонгосын парламентын бүлгийн гишүүн.
Түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж 1996 онд Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол хүртээжээ.


