Мөн Оюутолгой төслийн үйл ажиллагаатай танилцаж, УИХ-ын дарга Д.Дэмбэржл энэ үеэрээ “Бид УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрийнхээ биелэлттэй танилцлаа. Ажил боломжийн сайн явж байгаа гэж үзэхээр байна “гэж дүгнэсэн юм. Түүнчлэн Оюутолгой төслийг ашиглахтай холбогдуулан баталсан гэрээний дагуу эл бүтээн байгуулалтад монгол ажилчдын эзлэх хувийг мөрдөх, цаашид нэмэгдүүлэх, экологийн эрсдлийг үйл ажиллагаандаа байнга бууруулах, өсөн нэмэгдэх рояалтын татварыг гэрээнд тусгаж нэмэх, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах зэрэг асуудалд онцгой анхаарал тавьж ажиллахыг зөвлөв.
Тэд Оюутолгойн үйл ажиллагаатай танилцсаны дараа тус аймгийн Ханбогд сумын иргэдтэй уулзав. УИХ-ын дарга, гишүүд УИХ-аас гаргасан хууль, тогтоолын талаар дэлгэрэнгүй танилцуулж, энэ оны Төсвийн тухай хуульд хөрөнгө оруулалтын өргөн цар хүрээнд ажил олголт, хөдөлмөр эрхлэлт ихээхэн өндөр боломжтой тусгагдсаныг дуулгасан юм.
Спикер, гишүүд Өмнөговьд ажилласан хоёр дахь өдрөө үндэсний бүтээн байгуулалтын томоохон төв болох орон нутгийн “Тавантолгой” уурхай, “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эрдэнэс Тавантолгой” уурхай, “Энержи Ресурс” компанийн уурхайн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
Дараа нь үдээс хойш Цогт-Цэций сумын иргэдтэй уулзлаа. Цогтцэцийчүүд орон нутгийн байгууллагуудын үйлчилгээний даац хэтэрсэн нь сумын хамгийн тулгамдсан асуудал болоод байгааг танилцуулав. Тус сум дахь бүтээн байгуулалттай уялдан ажил, амьдрал эрхлэхээр үлэмж хүн нэмэгдэн суурьшиж 10000-д хүрснээс эл байдал үүдэлтэй. Ялангуяа эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх боломж хомсдсон, төсвийн зардал маш их өсч байгааг төр, засгийн бодлого, шийдвэрээр зохицуулж өгөхийг УИХ-ын даргаас хүсч байлаа. Ханбогд, Цогтцэций сумын иргэдийн тавьсан хамгийн гол асуудлын нэг нь говийн нутгаар тавигдаж байгаа замуудыг хатуу хучилттай болгох, тоос, тоосонцрын эрсдлийг арилгахыг бүтээн байгуулагчдаас нэхэх явдал байв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл иргэдийн санал хүсэлтийг сонсч, дэлгэрэнгүй хариулт өгөв.
УИХ-ын дарга, гишүүд гурав дахь өдрөө Хүрмэн суманд ажиллав. Хүрмэн сум явах замдаа тэрбээр Хүрмэн багийн малчин Ж.Сумьяагийнд зочилж, хаваржилтын байдалтай танилцав. Мөн сумын төвийн иргэдтэй уулзалт хийлээ. Хэдийгээр амралтын өдөр байсан ч сумын иргэд уулзалтад өргөнөөр оролцож, сонирхсон асуултдаа дэлгэрэнгүй хариулт авав. УИХ-ын даргаар ахлуулсан баг оройдоо Даланзадгад хотод ирж аймгийн иргэд, хөдөлмөрчидттэй уулзаж, УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, ирэх хаврын чуулганаар Хөдөө аж ахуйн биржийн тухай, Сонгуулийн тухай зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэн батлах үндэслэл, цаг хугацааны учир шалтгаан болон хийсэн судалгааны талаар танилцуулсан юм.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Х.Бадамсүрэн нар томилолтын дөрөв дэх өдөр Даланзадгад хотын Дулааны цахилгаан станц, аймгийн нэгдсэн эмнэлэг, Хилийн цэргийн 0167 дугаар анги, 11 жилийн гуравдугаар сургуулийн ажил байдалтай танилцав. УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу болон албаны бусад хүмүүс ажиллалаа .
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Улсын Их Хурлын гишүүн Х. Бадамсүрэн тойрогтоо ажиллав. | "Тэг " зогсолтод орсон Даланзадгадын станц ажиллаж эхэллээ |
|---|


