Нийслэлийн морин спорт уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нийслэлийн тэргүүн магнай хүлэг" шалгаруулах бага гурван насны уралдаан төрийн наадмын дэвжээнд буюу эртний домогт Хүйн долоо худагт боллоо. Гурван насны уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүдийн 90 гаруй хувь нь эрлийз адуу байв.
Шүдлэн насанд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн хул өнгөллөө. Уг үрээ нь өнгөрсөн жил Эрдэнэтийн төвийн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалсан хүлэг билээ. Харин Увс аймгийн Хяргас сумын уугуул, Монгол Улсын
хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнхийн хээр үрээ аман хүзүүдэв. Аваргын үрээ нь өнгөрсөн жил даага насандаа "Нийслэлийн тэргүүн магнай хүлэг" шалгаруулах уралдаанд айргийн гуравт хурдалж байсан бол энэ жил амжилтаа ахиуллаа. Хээр үрээ 2010 оны улсын наадамд айргийн таваар хурдалж, улмаар Говь-Алтай аймгийн 70 жил, баруун бүсийн уралдаанд түрүүлээд байсан бол өнөө жил "Ану сервис ХХК"-ийн нэрэмжит болон Сэлэнгэ аймгийн "Хараагийн хурд" уралдаанд тус өнгөлсөн билээ. Бөхчүүдийн уясан хүлэг айрагдсан тохиолдол үүгээр дууссангүй. Даага насанд Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин П.Моломжамцын зээрд дөрвөллөө.
Уралдааны дүн гарлаа
Хязаалан /23 морь/:
1. Улаанбаатар хотын Далайгийн сартай хээр
2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын М.Энхболдын сартай хар
3. Баянхонгор аймгийн Богд сумын Д.Ганболдын хонгор халзан
4. Ховд аймгийн Цэцэг сумын Д.Энхбатын хээр
5. Төв аймгийн Лүн сумын уяач Б.Даваахүүгийн хар
Шүдлэн /30 гаруй/:
1. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Х.Бадамсүрэнгийн хул
2. Увс аймгийн Хяргас сумын Х.Баянмөнхийн хээр
3. Төв аймгийн Цээл сумын МУАУ П.Баяраагийн сартай хээр
4. Гэсэрвааны зээрд халзан
5. Төв аймгийн Заамар сумын уяач Энхтүвшингийн хүрэн
Даага /22/:
1. Төв аймгийн Заамар сумын Д.Энхболдын хүрэн халзан
2. Төв аймгийн Борнуур сумын Заяагийн хонгор
3. Говьсүмбэр аймгийн ААУ Д.Бадамсүрэнгийн хар
4. Архангай аймгийн Чулуут сумын П.Моломжамцын зээрд
5. С.Дугарсүрэнгийн хонгор
Д.Нанжид
| Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг цааш хэлэлцэнэ | Sportsman |
|---|


