УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнтэй ярилцлаа
-МАН-ын дарга С.Батболд хоёр танхимтай парламенттай болох санал дэвшүүллээ. Үүнийгээ уул уурхайн асар том төслүүд, улс орны хөгжил дэвшилтэй холбож тайлбарлаж байна л даа. Таны хувьд энэ асуудлаар ямар байр суурьтай байна вэ?
-Энэ асуудлаар нийгэм үргэлж байр сууриа илэрхийлж байдаг. Шинэ Үндсэн хуулийг 1992 онд батлах үед ч ярьж байсан сэдэв. Олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Мэдээж Монголд хоёр танхимтай парламент байж болох хувилбар. Ерөөсөө парламентын тогтолцоо, сонгуулийн хууль нь улс орныхоо тухайн үеийн хөгжил дэвшилд нийцсэн байх ёстой. Хөгжлөө урагшлуулах л гэсэн ганц зорилго тавих хэрэгтэй л дээ. Өнөөдөр бол улс орны хөгжил жигд биш байна. Төв рүү тэмүүлсэн нүүдэл суудал газар авлаа. Сөрөг тал нь гэвэл, хотын утаа, бөглөрөл, түгжрэл гээд одоо Улаанбаатар ачааллаа даахаа байлаа. Өөрөөр хэлбэл, хөдөөд чиглэсэн төрийн бодлого дутуу дулимаг байна. Тэмүүлсэн энэ нүүдлийг сааруулахгүй механизм нь магадгүй парламентдаа ч байж болно шүү дээ. Хоёр танхимтай болчихвол парламентын үйл ажиллагаанд илүү олон төлөөлөл орно. Хөдөө орон нутагт болж байгаа зүйлийг парламентын танхимд авчирна гэсэн үг. Гэхдээ хөнгөн, сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж болохгүй. Тал талаас нь бодож, судалж байж хийх хэрэгтэй. Өмнө нь АИХ-ын үед ямар байсан, дараа нь Улсын Бага хурлыг байгуулахад юу болсон гээд эерэг, л Сөрөг талыг жигнэж үзээд шийдэж болох асуудал. Нөгөөтэйгүүр, улс орны хөгжил дэвшлийг сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгөөр төсөөлж, баримталж ажиллах нь учир дутагдалтай юм шиг санагддаг. Улс орны хөгжил дэвшлийг наанадаж 10, цаашилбал 20 жилээр харж төлөвлөх юм бол илүү үр дүнтэй болно. Ингээгүй нь хөгжил дэвшлийг хойш чангааж байгаа нэг хүчин зүйл мөн.
-Улс төрийн хувьд хоёр танхимтай парламентад шилжих хөрс суурь бэлэн байна уу. Намууд жишээ нь боловсон хүчний хувьд бэлэн байгаа болов уу?
-Бэлтгэл мэдээж хэрэгтэй. Гэхдээ бэлэн үү, бэлэн бус уу гээд ярилцах нь чухал уу, хөгжил дэвшлээ бодох нь дээр үү гэдгээс л шалтгаална. Хөгжил дэвшлийг зөв төсөөлж байвал энэ бол ойлгомжтой асуудал. Зүгээр л ойр зуурын, өнөө маргаашаа бодоЖ, жижиг хүрээнд сэтгээд байвал янз янзын яриа гарах байх. Магадгүй энэ асуудлаар ард нийтийн санал асуулга авахыг үгүйсгэхгүй. Үндсэн хуулийн гол санааны нэг нь энэ шүү дээ.
-Үндсэн хуулийг өөрчлөх яриа байнга л гардаг. Гэхдээ одоо бол УИХ-аар хэлэлцэх хүртлээ өндрөө авчихлаа. Үндсэн хуулийг батлалцаж байсан хүний хувьд та аль өнцгөөс асуудалд хандаж байгаа вэ?
-Энэ хууль 20 жил мөрдөгдөж байна. Өнгөрсөн хугацаанд янз янзын асуудал гарсан. Зайлшгүй Үндсэн хуулийг өөрчилж байж шийдэгдэх зүйл ч байна. АИХ-ын депутат байхдаа, тодруулбал Үндсэн хуулийг батлах үед би хот суурингийн асуудлыг хөндөж тавьж байсан. Ард иргэдийн амьдрал, эрх ашигт хохирол учруулж байгаа нэг зүйл бол хотын статус байна шүү дээ. Одоо уул уурхайн томоохон бүтээн байгуулалтыг дагаад Өмнөговь аймагт л гэхэд гурван ч хот босох нөхцөл бүрдээд байна Ханбогд, Цогтцэций, Гурван тэс сум л даа. Ийм цаг үед хотын статусын асуудлыг зайлшгүй Үндсэн хуульд оруулах ёстой. Би АИХ дээр уг нь энэ талаар асуудал тавьж байсан ч тухайн үедээ олонхын дэмжлэг авч байгаагүй Одоо бол амьдрал, цаг хугацаа өөрөө миний зөв байсныг нотлоод өгчихлөө шүү дээ.
-Хаврын чуулганаар Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төслийг хэлэлцэх нь .Энэ удаад 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтөөс хоёрыг нь буцаах санал гарч байна. УИХ-ын дарга, дэд даргыг нууцаар сонгодог, Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэг нь л гишүүн байна гээд. Ер нь Үндсэн хуульд энэ мэтчилэн өөрчлөлтүүд хийх үү, эсвэл зарчмын томоохон өөрчлөлт оруулах ёстой юу?
-Нэгэнт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хууль гарчихсан болохоор тэр хүрээндээ л шийдэх байх. Шинэ Үндсэн хууль бол 20 жил мөрдөгдөх хугацаандаа ардчилал, шинэчлэлийн үйл ажиллагааг зөв гольдролд нь оруулсан. Зах зээлийн харилцаанд шилжүүлсэн гээд сайн тал ихтэй. Гэхдээ өнгөрсөн 20 жилд бид хэр хурдтай ажиллав, хөгжил дэвшлийн талаар дэвшүүлсэн бодлогын цар хүрээ нь хэр өргөн байв гээд бодох ёстой зүйл их бий. Хувь хүний хувьд харахад удаавтар талдаа л байлаа шүү дээ. Тухайлбал, Таван толгойг 40 гаруй жил ярьж байж одоо л хөдөлгөх гэж байна. Оюутолгойн ордыг ч гэсэн арваад жил ярьж байж хөдөлгөлөө шүү дээ. Мэдээж аливаа юмыг нэг амьсгаагаар шийдэхэд хэцүү. Гэхдээ бас хэтэрхий алгуурлаад байж болохгүй.
-Гэхдээ хэтэрхий хурдан гүйвэл бүдэрч унах аюул байна шүү дээ. Оюутолгой дээр л гэхэд олон асуудал гарч ирж байна. Сая УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Өмнөговь аймагт ажиллах үеэрээ "Оюутолгой" ХХК-ийн удирдлагад найман төрлийн чиглэл өгөөд ирлээ?
-Бодит ажил нь одоо эхлээд явж байна. Бүтээн байгуулалт босож байна. Энэ хооронд наана, цаана нь авч үзэх асуудал гарах нь ойлгомжтой. Миний хувьд УИХ-ын 57 дугаар тогтоолын биелэлтэд хяналт тавих ажлын хэсгийг ахалж байгаа. Сая УИХ-ын даргыг Оюутолгой төсөлтэй танил-цахад ч биечлэн байсан.
-Тэгвэл УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 57 дугаар тогтоолын дагуу Оюутолгой анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монгол Улсын хувийг 50-д хүргэх асуудал тавиад ирлээ. УИХ-ын 57 дугаар тогтоолыг биелүүлэх заалт хөрөнгө оруулалтын гэрээнд лав байхгүй л байна шүү дээ?
-УИХ-аас Оюутолгой төсөл дэх Монголын төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоож өгсөн. Үүнийгээ үе шаттайгаар нэмж 50 хувьд хүргэх юм. Анхны хөрөнгө оруулалтаа нөхнө гэдэг өртөг зардал, үнийн өсөлт, үйлдвэрийг авч явах менежментээс шалтгаалдаг юм. Гэхдээ ямар ч тохиолдолд арван жилийн дотор нөхнө гэсэн тооцоо бий. Дэлхийн зах зээл дэх зэс, алтны үнийн өсөлтийг бодсон ч арван жилийн дотор Монголын эзэмшлийг 50 хувьд хүргэх байх. Үүнийг мэдээж хөрөнгө оруулагч талтай ярилцаж шийднэ.
-Оюутолгойн гэрээг байгуулснаас хойш анх удаа Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээний ширээний ард дахин суулаа. Гэхдээ энэ удаад хөрөнгө оруулалтын биш хувь нийлүүлэгчийн гэрээг өөрчлөх тохироог хийлээ шүү дээ. Нөгөө 50 хувьд хүргэх яриа алга л байна.
-Энэ салбарт олон жил ажилласан мэргэжлийн хүний хувьд би зөвхөн Оюутолгой биш, Монголын томоохон ордууд дээр бүгдэд нь судалгаа хийж байсан Эдийн засгийн үнэлгээ талаас нь ч ажиллаж байсан. Тэгээд үзэхэд анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа ямар ч тохиолдолд арван жил байна, Энэ ганц Оюутолгой дээр биш шүү. Монголын бүх орд дээр тийм байгаа. Тэгэхээр энэ хугацаанд 50 хувьд хүргэх асуудлыг хөрөнгө оруулагч талтай ярилцаж шийдэх хэрэгтэй„
-Таван толгой ордыг түшиглэн байгуулсан "Эрдэнэс Таван толгой" компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх бэлтгэл ажил хангагдаж байна. Ер нь нэгж хувьцааны үнэ хэд байх болоо. Мэргэжлийн хүний танд хувьд асууж байна л даа. Яагаад гэвэл, иргэдэд эзэмшүүлэх хувьцааны үнийн талаар тэнгэр, газар шиг зөрүүтэй тоонууд гарч байна шүү дээ?
-Засгийн газар тооцоо, судалгаа хийж байгаа. Баримжаалах нөхцөл боломж нь ч бий. "Энержи ресурс" компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаад байна. Тэгэхээр олон талын үндэслэлтэй тооцоо гаргах ёстой байх. Мэдээж надад баримжаа тоо бол бий. Гэхдээ Засгийн газар тодорхой санал хэлээгүй байхад ийм үнэтэй байна гэж иргэдийг төөрөгдүүлээд яах вэ. Хариуцсан байгууллага нь УИХ-д асуудлаа оруулаад ирэх тэр үед хувьцааны үнэ цэнийг дутуу үнэлбэл мэдээж саналаа хэлнэ.
-УИХ-ын чуулган завсарлаад байгаа энэ үед гишүүд тойрогтоо ажиллаж байна. Иргэдээс ер нь ямар санал гарч байна вэ?
-Би тойргийнхоо бараг бүх багаар яваад ирлээ. Сонгуулийн хугацаа нэлээд явчихсан, дундаасаа өнгөрчихсөн болохоор намуудын амлалт юу болж байгааг илүүтэй сонирхож байна. 1,5 саяын хувьд ямар ч байсан бэлнээр аваад эхэлсэн, гэхдээ шийдэх зүйл байгааг иргэд хэлж байна. 1,5 саяас нийгмийн даатгалыг төлье, малчдын зээлийг барагдуулахад зарцуулъя гэсэн санал илүүтэй гарсан. УИХ Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталж 1,5 саяыг иргэдэд өгөх эрх зүйн орчныг бий болгосон. Гэхдээ бас чуулган эхлэхээр эргэж харах юм олон байна. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувь, хишгээ эхлээд хүртэх санал гаргаж байна. Би хувьдаа үүнийг дэмжиж байгаа. Энэ мэтчилэн 1,5 саяыг тойрсон асуудлаар чуулган эхлэхээр намын бүлгүүд дахин ярилцах, хэрэгжүүлэх арга замаа эргэж харах шаардлага байна гэдгийг хэлье.
Ч.Гангэрэл
| Х.Бадамсүрэн: Оюутолгой,Тавантолгой дэд бүтэцдээ чөдөрлөгдөөд байна | Х.Бадамсүрэн: Өвөөгийнхөө өвөрт морин дэл дээр бүүвэйлэгдэж хүн болсон |
|---|


