gishuun_head_badamsuren
5 сарын 19
  • badamsuren_h_01
  • badamsuren_h_02
  • badamsuren_h_03
  • badamsuren_h_04
  • badamsuren_h_05

Х.Бадамсүрэн: Цаасан дээр бичсэнээр бол аль хэдийнэ Нефть боловсруулах үйлдвэртэй болчихсон

Уншсан: 828 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнтэй ярилцлаа
-Нефть боловсруулах үйлдвэр барина гэсэн яриа Засгийн газрын төвшинд эрчимтэй яригдаж байна. Гэтэл нөгөө талаас ийм боломж байхгүй гэдэг байр суурьтай хүмүүс ч байна?
-Манай улсын эдийн засгийн гол хамааралтай салбар бол Газрын тосны салбар. Тэр дундаа ОХУ-аас бүрэн хамааралтай байдаг салбар. ОХУ-д газрын тосны үнийн асуудал, нөөцийн асуудал үүсэх болгонд тэр асуудал бидэнд ч хамааралтай болдог. Ямар нэг ажил төлөвлөх, урьдчилан харахад боломжгүй салбар.

badamsuren_gishuunЭнэ жил хаврын тариалалтын ид үед хомсдол үүсчихлээ. Тиймээс хамааралтай байгаа байдлаас гарах бүхий л талын арга хэмжээг авах ёстой. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр Дорнод, Дорноговь аймагт ажил эрчимтэй явж байгаа. Монгол орны нутаг дэвсгэрт газрын тос байна. Чухам ямар хэмжээтэй нөөц байгаа, тэр нөөц нь хэр чанартай эсэхийг тодруулах хэрэгтэй. Хайгуул
судалгааны ажил хиигдэж олборлолт явагдаад нэлээд хэдэн жил боллоо. Тиймээс холбогдох яамд шуурхай ажиллах ёстой болж байна.Ер нь нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлэх цаг болсон. Энэ ажлыг хийх боломж байгаа гэж бодож байна.
-Нефть боловсруулах үйлдвэр барихад бодлогын талаасаа шийдэх асуудал олон байх. Яг ямар байдлаар, яаж хөдөлбөл зүгээр бол?
-Одоогоор хоёр зам харагдаж байна. Өнөөдөр хамгийн шуурхай авч байгаа арга хэмжээ бол түүхий газрын тосыг шууд экспортлох. Үүнийхээ тодорхой хувийг боловсруулаад бэлэн шатах тос тосолгооны материал болгож буцаан тооцоод эргүүлээд авч болно. Түүхий газрын тосыг боловсруулах эдийн засгийн үр ашгийг хангахын тулд хамгийн бага хүчин чадалтай үйлдвэр байгуулж болно.

Томоохон үйлдвэр байгуулчихъя гэж бодож байвал эдийн засгийг нь харах хэрэгтэй. Дорнодоос Улаанбаатар хүртэл автомашинаар тээвэрлэх нь импортоор авахаас үнэ зардлын хувьд ямар байх вэ гэдгийг тооцох ёстой. Бага хүчин чадалтай үйлдвэрийг бол Дорноговьд барьж болно. Түүхий газрын тосны нөөц ихтэй Араб, ОХУ-аас ч юмуу газрын тос түүхийгээр нь авчраад боловсруулж болно. Ийм байдлаар ажиллах боломжтой.
-Нефть боловсруулах үйлдвэр барина гэж яриад байгаа. Яг хэдий үед баригдах вэ гэдэг асуудал л   иргэдийн сонирхлыг татаж байна?
-2007 онд би Худалдаа үйлдвэрлэлийн яаманд Геологи уул уурхай хүнд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байлаа. Тухайн үед энэ асуудлыг хариуцаж ажиллаж байсан юм. Тэр үед 2011 он гэхэд нефть боловсруулах үйлдвэртэй болох боломжтой гэж харж байсан. Цаасан дээр бичигдсэн байдлаар бол үйлдвэр баригдах хугацаа өнгөрсөн. Өнөөдрийн хувьд судалгаа шинжилгээний ажил ахицтай явж байгаа. Тиймээс холбогдох яамд нь шуурхай ажиллах ёстой л доо. Боловсруулах үйлдвэр барихын тулд маш их ажил хийх хэрэгтэй. ТЭЗҮ хийнэ, боловсон хүчнээ бэлдэнэ гэх мэт олон ажил байгаа.
-Нефть боловсруулах үйлдвэр барих санал гадны улс орнуудаас ирж байгаа гэсэн. Ер нь аль улстай, ямар нөхцөл болзолтойгоор хамтарвал илүү дээр бол?
-Манай улсын хувьд Стратегийн ач холбогдолтой үйлдвэр. Эдийн засгийн гадаад харилцаа гэж чухал асуудал бас бий. Хоёр хөршийн хооронд урт удаан харилцсан туршлага гэж байна. Аль аль салбарт ажиллах улс төрийн тохиролцоо байж байна. Тэр хүрээндээ л явагдах болно. Хамгийн гол нь харилцан ашигтай байх нь чухал.

Газрын тосон дээр гэхэд эдгээр хоёр улсын аль аль нь сайн технологитой. Мөн хэн хэн нь туршлагатай. Бас тус бүрдээ өөрийн гэсэн онцлогтой. Манай орны онцлог байдлыг ойлгох тал дээрээ илүү. Бусад орны хувьд ч манай орны хувьд ч стратегийн асуудал. Иймээс түншлэгч орон манай улс хоёрын Засгийн газар яриа хөөрөө хийсэн ч дөхөмтэй байхаар хийх ёстой.
-Нефть боловсруулах үйлдвэр барих бодлого хэрэгжих шатандаа ч гэдэг юмуу сонирхлын зөрчил их байгаа учраас саатаж байна гэх нь бий?
-Ашиг сонирхлын зөрчил гэж хаа сайгүй яригддаг. Тиймээс Эрдэс баялгийн яам, Газрын тосны газрыг ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдөөд энэ ажлыг удаашрууллаа гэж бодохгүй байна. Манай улсын нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцлөөр ажиллаж байгаа компаниудтайгаа нарийн ярьж хэл амаа ололцох ёстой юм. Нөгөө талаас манайд олборлож байгаа газрын тосны хэмжээ, нөөц баялгийнх нь далайц аль хэр байгааг бодолцох учиртай.

Тодорхой хүчин чадлын боловсруулах үйлдвэр байгууллаа гэхэд хэдэн жил ажиллахад хүрэх вэ гэдгийг бодох ёстой. Үйлдвэр байгуулах гол хүчин зүйл бол батлагдсан нөөц баялгийн асуудал. Түүн дээрээ л тогтож ярих хэрэгтэй. Энэ чиглэлээр л шуурхай ажиллаасай гэж бодож байна. Шаардлагатай гэж үзвэл бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр ч нэмэлт өөрчлөлт оруулж болно. Ер нь бол Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг Засгийн газар УИХ-д оруулж ирэх хэрэгтэй. Үүнийгээ л түргэсгэх ёстой.

Хэдийгээр газрын тос эрдэс баялаг мөн боловч, тусдаа эрх зүйн орчинтой. Өөрийн гэсэн хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа нь явагдаж байна. Үүн дотроо газрын тосны талаар төрөөс баримтлах бичиг баримтын талаар бодлоготойгоо нийцүүлж эрх зүйн асуудлаа боловсронгуй болгох хэрэгтэй. Бодлогоо тодорхой болгоод хөтөлбөр гаргаад явах ёстой. Энэ нь удаашралтай байна.
-Түлшний хомсдол өнөөдөр ч үргэлжилж байна. Цаашид, нефть боловсруулах үйлдвэр барьтлаа яах ёстой гэж та бодож байна вэ?
-Түлшний асуудал иргэн бүрийн ахуй амьдралд мэдрэгдэж байна. Иргэдээсээ эхлээд төр засгаа хүртэл үнэн зөв мэдээлэл цэгцтэй ойлголттой байх ёстой. Яг бий болж байгаа хомсдол манайхаас шалтгаалахгүй байна. Манайд нийлүүлдэг улс орон, манайд нийлүүлдэг компаниудын бодлого байр суурьнаас хамаараад байна.

Өнөөдөр 17 мянган тонны нөөцтэй гэж мэдэгдэж байна. Үүнийг хэрхэн түгээх вэ, түгээхэд хэд хоног зарцуулах билээ. Таван тонн ирж байна гэхэд өдөр хоног нь яаж зохицуулагдах билээ, энэ бүгдийг цаг минут өдрөөр нь нарийн хэмжиж хэрэглээндээ зохицуулах хэрэгтэй болж байна. Амаргүй асуудал. Бүлгийн хуралдаан дээр ярьснаар бол долдугаар сараас нааш жигдрэх боломжгүй гэж байна лээ. Үүнийг л сайн тооцох хэрэгтэй.
-Уул уурхайн салбарын бас нэг халуун сэдэв болоод байгаа хууль бол Урт нэртэй хууль. Энэ хуулийг санаачилсан гишүүд хууль хэрэгжихгүй байгаа нь Засгийн газартай холбоотой гэж байсан. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Геологи уул уурхайн салбарыг Монгол улсын тэргүүлэх салбар гэж хаа хаанаа л ярьж байна. Аливаа асуудлыг энэ салбарын оролцоогүйгээр шийдэх нь бараг л боломжгүй зүйл болж байна. Энэ салбарын төрөөс баримтлах бодлого нь маш тодорхой байх ёстой. Энэ бодлогыг Засгийн газар УИХ д оруулж ирэх хэрэгтэй. Нөгөө талаар Эрдэс баялгийн салбарын эрх зүйн асуудлыг тодорхой болгох учиртай. Гэхдээ цогц байдлаар. Энэ салбарын эрх зүйн орчны асуудал зөвхөн Ашигт малтмалын тухай хуулиар хязгаарлагдахгүй.

Байгаль орчинтой холбоотой асуудлууд бий. Газрын хэвлийн тухай хууль зэрэг олон хуулийг хамарч байж, ингэж цогцоор нь хэлэлцэж асуудлыг шийдэх ёстой. Ер нь энэ салбарын асуудалд гоомой хандаж болохгүй. Зөвхөн Оюутолгой, Тавантолгой, стратегийн том ордуудаар төсөөлж болохгүй. Алтны шороон ордыг ашиглах асуудлаар ч төсөөлж болохгүй. 90 шахам жилийн түүхтэй том салбар. Олон арван мянган хүн ажиллаж байна. Тэр ажилтан мэргэжилтнүүдийг бодох ёстой. Гэтэл сүүлийн үед энэ салбарыг хэлэх хэлэхгүй үгээр давшилж байна.

Уул уурхайн үйлдвэрүүдийн цаана хүмүүс байна. Ажлаа хийгээд явж байна. Зав муутай ажил нь хүнд болохоор тэсээд явж байгаа. Салбар бүхэлдээ болохоо байчихсан юм биш. Сайн ажилладаг үйлдвэр байна. Хариуцлагатай дарга, менежерүүд байна. Заагтай ялгаатай хандах ёстой. Уул уурхайн салбар бүхэлдээ болохоо байчихсан юм биш. Байгаль орчны салбар болохоо байчихсан гэж яриад байна. Урт нэртэй хуулийн асуудал байгаль орчны асуудлын нэг хэсэг. Тийм учраас би УИХ, Засгийн газар энэ чухал салбарын асуудлыг бодлогын хувьд ч эрх зүйн хувьд ч цогцоор нь цэгцэлчихээсэй гэж бодож байна.
-Тэгэхээр "Урт нэртэй" хуулийг та асуудлын зөвхөн нэг хэсэг нь гэж харж байна уу?
-Уул уурхай, эрдэс баялгийн салбар улс орны хэмжээний том асуудал .Ийм том салбарыг асуудлыг нэр бүхий хэдэн гишүүд хууль санаачлаад шийдэж чадахгүй. Тэдний хүч нь хүрэхгүй. Засгийн газар бүхлээрээ хөдлөх ёстой. Ингэж байж л шийдэгдэнэ. Би салбараа хөгжүүлэхийн төлөө л байна. Нөгөө талаасаа уул уурхайг хариуцлагатай хөгжүүлэх ёстой. Учир нь цаана нь байгаль экологийн асуудал яригддаг.

Газар тариалан эрхэлдэг газар хайгуулын лиценз олговол хөдөө аж ахуй, эрдэс баялаг гэсэн хоёр салбарын асуудал болж байна. Тиймээс холбогдох яамд нь уялдаа холбоотой ажиллах ёстой юм. Уул уурхайгаа хөгжүүлэх үү, газар тариаланг хөгжүүлэх үү гэдэг нь төрийн бодлогоор зохицуулагдах ёстой. Нөгөө талаас үүний цаана цаг хугацааны хувьд хуримтлагдчихсан, олон асуудал байгааг мартаж болохгүй.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 

Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.