Монгол Улсын ашигт малтмалын салбар хөгжил дэвшлийн шинэ эрин үед тулж ирсэн энэ цагт төр засгаас ил тод, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхийг зорьж байна.
Дэлхийн санхүүгийн хямралын улмаас Монгол Улсын эдийн засаг, санхүүд нөлөөлж буй хүндрэлийг даван туулах амаргүй нөхцөлд манай төр, Засгийн газрын зорилт нь эрдэс түүхий эдийн нөөцөд тулгуурлан улс орныхоо эдийн засаг, нийгмээ хурдацтай хөгжүүлэх боломжийг цаг алдалгүй, бүрэн ашиглахыг чармайж байна. Манай төрийн бодлого монгол хүний хөгжлийг хангахуйц чадавхи бүрдүүлэн иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулж, төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг хангаж, бүх шатны төр, засгийн байгууллагын нэр хүндийг дээшлүүлж, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэгдэж байна.
1. 2007 онд УИХ томоохон 15 ордын жагсаалтыг гаргаж стратегийн ач холбогдолтой ордуудад хамааруулсан. Эдгээр ордуудын асуудлыг улс төрийн ойлголцол, зөвшилцөл, үйл ажиллагааны арга механизмыг хамтын хүчээр эрэлхийлэх учиртай. Ийм ч учраас хамтарсан Засгийн газар байгууллагдан ажиллаж байна. Энэ удаагийн УИХ, Засгийн газрын нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал бол эрдэс баялгийн салбарт үсрэнгүй хөгжлийн бодлого, бодитой өөрчлөлт шинэчлэлт хийхээс өөр аргагүй.
2009 оны эхээр Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, “Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, тус салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон Таван толгойн нүүрс, Оюу толгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна. Манай улс уул уурхайн олборлох үйлдвэрт тулгуурласан эдийн засгийн удирдлагыг хэрэгжүүлэхийн төлөө ийнхүү чармайн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талуудтай саяхан гарын үсэг зурсан. Энэхүү гэрээ бол бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, олборлон баяжуулах үйлдвэрийн хүрээний үйл ажиллагааг тогтвортой явуулах, зохицуулах гэрээ гэдгийг онцлон тэмдэглэж байна. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийн дээж 100 сая доллар Монгол Улсын төрийн дансанд орж ирлээ. Оюу толгойн ордыг түшиглэн байгуулагдаж байгаа хувьцаат компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу улс, орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамжийн хэлбэрээр орлого төвлөрүүлнэ. Мөн Монголын төр ногдол ашгаа авна.
Газрын хэвлийн баялаг, уул уурхайн салбарын үр өгөөжийг манай ард, иргэд, улс, орон нутгийн төсвөөрөө дамжуулан хүртэж ирсэн билээ. Харин одоо шинэ хандлага гарч ирж байна. УИХ-аар батлагдсан Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт эх орны хишиг, эрдэнийн хувийг иргэн бүртээ хүртээх асуудлыг тусган хуульчилсан. Энэ бол шинэлэг бөгөөд том зорилт, ихээхэн хөрөнгө мөнгө, хүчин чармайлт шаардах ажил, ард түмэн төрөөсөө хүсэж байгаа хүлээлт юм. Нөгөөтэйгүүр энэ төслийг хэрэгжүүлэх нь говийн бүсийн хөгжилд өмнө нь байгаагүй шинэ боломжууд, давуу талыг нээн өгч байгаа. Бүс нутгийн дэд бүтцийн хөгжилд эргэлт авчирна.
Оюу толгойн төслийн хүрээнд орчин үеийн соёл иргэншлийн хэв маягийн илтгэсэн нийгэм, соёлын байгууламжууд, шинэ ажлын байр, төрөл бүрийн бизнесийн шинэ орон зай бий болно. Үндсэн үйлдвэрлэлд болон дэд бүтэц, бусад салбарт ажиллах үндэсний мэргэжилтэй боловсон хүчний өнөр бүл өсч өндийнө. 21 дүгээр зууны томоохон бүтээн байгуулалт болох Оюу толгойн төслийн хэрэгжилт нь манай улсын уул уурхайн салбарын хөгжилд шинэ үеийг эхлүүлэх түүхэн шинэ үйл явдал төдийгүйм монгол орны, түүний дотор говь нутгийн өнгө төрхийг өөрчилж, хүн ардын хүсэл хүлээлтийг биелүүлж, үсрэнгүй хөгжлийг хангана гэдэгт говьчуудынхаа нэгэн адил итгэж, сэтгэл өндөр байна.
Цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлуудыг тоймлон дурьдаж хэлье.
2. Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, богино болон дунд хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулна.
3. Говийн бүсийг /Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говь-сүмбэр/ хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд, Таван толгойн нүүрс, Оюу толгойн зэс-алтны ордод түшиглүүлэн Уул уурхай-Металлурги-Эрчим хүчний цогцолборыг 2008-2012 онд барьж байгуулна.
4. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарыг хөгжүүлэх цогц бодлогыг улс орны бүсчилсэн болон аймаг орон нутгийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ. Ашигт малтмалын зарим төрлүүдээр урьд нь гарсан хөтөлбөрүүдийн биелэлтийг дүгнэж, голлох төрлүүдээр шинэ хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх нь зүйтэй.
5. Стратегийн орд тус бүрээр төсөл боловсруулан хэрэгжүүлнэ. Эдгээрээс Эрдэнэтийн зэс-молибдений хамтарсан үйлдвэр, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техник-технологийг шинэчлэх, боловсронгуй болгох, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжүүлэх шаардлагатай.
6. Нөөц нь тогтоогдсон ч олон арван жил яригдаж өнөөг хүртэл ашиглалтад оруулж чадаагүй байгаа Асгат, Мардай, Бүрэнхаан гэх мэт томоохон ордуудын асуудлыг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан шийдвэрлэнэ.
7. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөж шинэтгэхийн зэрэгцээ Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудад түшиглүүлэн хар төмөрлөгийн цогцолбор байгуулж, өөрийн орны дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, экспортын шинэ эх үүсвэрийг бий болгоно.
8. Алтны нөөцийг өсгөх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах үйл ажиллагааг бодлогоор дэмжинэ.
9. Манай орны баруун болон зүүн бүсэд байгаа ойрын ирээдүйн аж үйлдвэрийн цогцолборын үндэс суурь болох холимог металлын ордуудыг төрийн бодлого, зохицуулалттайгаар аж ахуйн эргэлтэд оруулна.
10. Төр байгалийн баялгийг иргэддээ шударгаар, үр өгөөжтэйгээр хүртээх бодлого баримтлах болно. Энэ нь Монгол хүний хөгжлийг дэмжих, улс орныхоо бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөшүүрэг болох учиртай. Тийм бодлого хэрэгжүүлэх хамгийн оновчтой арга, аргачлал, механизмыг тогтоох судалгаа, тооцоог хийж байна. Монголын иргэн бүрт “Эх орны хишиг” сангийн хууль гаргаж хэрэгжүүлнэ.
11. Уул уурхай-Металлурги-Эрчим хүчний иж бүрэн цогцолборуудыг дагасан хангамж, үйлчилгээ, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг, дунд үйлдвэрийн
цогц систем, сүлжээ үүсгэх замаар ажлын байр шинээр бий болгох, төв рүү тэмүүлсэн нүүдлийг багасгах, ядуурлыг бууруулах эцсийн дүнд улс орны жигд хөгжлийг хангах, санхүү- эдийн засгийн чадавхийг эрс дээшлүүлэх хэрэгтэй. Ингэж ард түмний амьдралыг бодитой дээшлүүлэх арга хэмжээг2008-2012 хүртэл хэрэгжүүлнэ. Энэ нь өөрийгөө тэтгэх чадвартай нийгэм төлөвших үндэс суурь болох юм.
12. Улс орны тэргүүлэх салбар эрдэс баялгийн үйлдвэрлэлд байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн шилдэг тэргүүний технологи, шалгарч тодорсон шинэ техник ашиглах үндэсний стандарт бий болгоно. Үйлдвэрлэлийн бүх шат дамжлага, түвшинд дадлага туршлагатай мэргэжлийн боловсон хүчин ажиллуулна. Бүх шатны боловсон хүчнийг бэлтгэх, сургах, дадлагажуулах, тэдний хүч боломжийг оновчтой ашиглахын зэрэгцээ идэвх зүтгэл, хөдөлмөрийг шударгаар, дэлхийн жишгээр бодитой үнэлдэг болно.
13. Өнөөдөр газрын тосны бүтээгдэхүүн зөвхөн импортоос, тэр тусмаа үндсэндээ ганц орноос хамааралтай байна. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэг шалтгаан болж байна. Үүнээс гарахын тулд эхний ээлжинд 2008-2009 онд импортын, түүхий газрын тос боловсруулах үйлдвэр, 2010-2012 онд өөрийн гэсэн газрын тосны нөөцтэй болж, түүндээ түшиглэн боловсруулах үйлдвэр барьж байгуулна.
14. Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барьж батлуулна.
15. Гар аргаар ашигт малтмал олборлолтыг төрийн бодлого, зохицуулалтаар зөв гольдрил, зохион байгуулалтад оруулж байгаль орчин, хүн, амьтанд хор, хөнөөлгүй бичил уурхай буюу улмаар уул уурхайн жижиг, дунд үйлдвэрлэл болгон хөгжүүлнэ.
16. Эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах асуудлыг стратегийн ач холбогдолтой томоохон ордуудыг аж ахуйн эргэлтэд оруулах асуудалтай уялдуулан шийднэ.
17. Шатах тослох материал, эрчим хүчний үнийн өсөлтийг хяналттай, өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгахын тулд нийлүүлэлт, түгээлт, татвар, хураамж, төлбөрийн системд анхаарч даруй төрийн оновчтой зохицуулалт хийнэ.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ
ДОКТОР Х.БАДАМСҮРЭН
ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ
ДОКТОР Х.БАДАМСҮРЭН
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах


