Казах түмний үндэсний баяр наурыз болох гэж байна. Тэд баяртаа бэлтгээд эхэлжээ. Үндэсний цөөнхийг УИХ-д төлөөлдөг гурван гишүүний нэг Х.Баделхантай ярилцлаа.
-Наурызын баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна даа. Ер нь энэ баяраа казахууд яаж тэмдэглэдэг вэ?
-Наурызын баярыг жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг. Нэг ёсондоо бидний цагаан сарын баяр гэсэн үг. Өдөр, шөнө тэнцдэг, хаврын баяр. Дундач Азид өргөн тэмдэглэдэг. Мэдээж баяр тэмдэглэхээс өмнө их цэвэрлэгээ хийнэ. Баяраа хийхдээ айл бүр дастархан гэдэг зориулалтын алчуурыг ширээн дээрээ тавьж, бүх идээгээ түүн дээрээ дэлгэдэг. Гол зүйл нь махаа чанах. Max чанасан шөлөндөө цагаан будаа, аарц хийгээд зочдоо энэ бүхнээрээ дайлдаг л даа. Бид архи хэрэглэдэггүй. 22-ны өд-рөө ахмадуудаасаа эхлээд гараа алдалж байгаад цээжээрээ хүргэлцэж золгодог. Муудсан хүмүүс наурызын баяраас өмнө заавал эвлэрсэн байх учиртай. Энэ өдрөө курес гээд бөх барилдана. Тохой, өвдөг биш далаараа газар хүрч байж ялагдсанд тооцдог бөх л дөө. Сонгомол барилдаантай төстэй. Дараа нь морь уралдана, тулам булаацалдах тэмцээн хийнэ. Бас харилцаа дууны уралдаан болно. Нутаг орноо магтсан дуу дуулна. Бас нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёрыг морь унаж уралдуулдаг киз куор гэдэг тэмцээн байна.
Эмэгтэй нь ташуур бариад эрэгтэйгээ хөөж гүйцээд ташуурдах ёстой. Ташуурдаж чадвал бүсгүй ялна. Үгүй бол залуу ялж байгаа юм. Морин дээрх авхаалж самбааг шалгадаг. Бас тогыз кумалак гээд шатартай төстэй, оюун ухаан шаардсан тоглоом тоглодог.
-Хот суурин газарт байгаа иргэд яаж тэмдэглэх вэ?
-Энэ жил наурыз баярын нэрэмжит бөхийн барилдаан, концерт болно. Тэрийгээ үзээд л гэр, гэртээ ширээгээ засаад баярладаг.
-Казахууд ёс уламжлалаа маш чанд баримталж, хадгалсаар ирсэн ард түмэн. Хэдийгээр хотод төрж өссөн ч казах хэлээ мэддэггүй хүн бараг байдаггүй...
-Бид үүгээрээ бахархдаг. Казах иргэд Монголд ирж амьдарсны 150 жилийн ой ирэх жил болно. Энэ хугацаанд хэл соёл, ёс заншлаа мартаагүй нь Монголын төрөөс үндэсний цөөнхдөө анхаарсан мэргэн боддогын үр дүн гэж би үздэг. Манай казах иргэд Монгол Улсынхаа бүтээн байгуулалт, эх орноо хамгаалах бух үйлсэд оролцож байсан. Тухайлбал, 1924 онд анхдугаар их хурал болж Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийд зарлаж, Үндсэн хуулиа баталсан шүү дээ. Энэ уйл явцад дөрвөн казах иргэн оролцсон байдаг юм. Баруун хил хамгаалахад ч оролцож байсан. 1939 оны Халх голын байлдаанд Экей гэдэг баатар төрсөн. Өнгөрсөн жил Халх голын байлдаанд ялсны 70 жилийн ойгоор манай гурван гишүүн түүнд зориулж хөшөө босгоод ирсэн. 1940 онд Чойбалсан гуай Баян-Өлгийг аймаг болгон зохион байгуулсан. Энэ жил бид аймгийнхаа 70 жилийн ойг тэмдэглэнэ. Баян-Өлгийд 100 орчим мянган иргэн амьдардаг. 95 хувь нь казахууд. Төв, Сэлэнгэ, Налайх гээд улсын хэмжээнд 150 мянга гаруй казах иргэн амьдарч байна.
-Ёс заншлаа сайн хамгаалж үлдсэн ч нөгөө талдаа энэ нь хэтрээд байх шиг санагддаг. Казах хүн заавал казах хүнтэй суух ёстой гээд. Та үүнд хэр уян хатан ханддаг вэ?
-Одоо бол залуус хамаагүй болсон шүү дээ. Манай шашнаар гаднаас эмэгтэй хүн авахыг эрэгтэй хүнд зөвшөөрдөг ч эмэг-тэй хүнд үгүй байсан. Охиноо өгөх дургүй байсан ч одоо өөр.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Халх бэр байгаа юу?
-Таван хүүхэдтэй. Халх бэр байхгүй л дээ. Гэхдээ хүнтэй суугаагүй хүүхдүүд маань халх хүнтэй суувал би дургүйцэхгүй, тэдний л хэрэг.
-Домбор хэр тоглох уу?
-Гэртээ тоглоно оо. Нийтийн өмнө биш ч гэртээ бол домбороо тоглоод дуулдаг. Монгол айл бүрт морин хуур байдаг шиг бид ч гэртээ домбортой.
-Та гишүүн болсноосоо хойш л Улаанбаатарт амьдарч байгаа юу. Хотын амьдрал ямар байна, хэр дасаж байна вэ?
-Утаа хэцүү л байна. Агаар муу, дуу чимээ их. Гэхдээ дасаж байна аа. Гэхдээ би энд Политехникийн дээд сургуулийг төгссөн л дөө, дараа нь хоёр жил автобаазад ажилласан. Тэгээд л Баян-Өлгийдөө амьдарсан.
-УИХ-ын хамгийн даруу гишүүдийн нэгээр сэтгүүлчид таныг нэрлэдэг л дээ. Чуулган дээр бараг л үг хэлж харагддаггүй. Та тийм даруу хүн үү?
-Дуу цөөтэй хүн л дээ.
-Гэхдээ зурагт, хэвлэлээр их гардаг, ярьдаг хүнийг ажил сайн хийгээд байна гэж нийгэм үзээд байх шиг. Тиймээс гишүүд телевизийн камерын өмнө "шоудах" дуртай байдаг. Та ийм зүйлд суралцахгүй байна уу?
-Улирал бүр гишүүд чуулган дээр хэдэн минут ярьж, асуулт тавьж вэ гэсэн дүн гардаг. Эндээс үзэхэд би дунд хавьд нь л явна лээ. Заавал телевизээр гарах албагүй. Санал бодлоо тухайн хуульд тусгаж чадсан
эсэх нь л чухал.
-Гэртээ байхдаа юу хийх дуртай вэ?
-Түүхийн ном уншихад Хамгийн сүүлд Казакстаны ерөнхийлөгч Н.Назарбаевын тухай ном уншлаа.
С.Туул
| Х.Баделхан: А.Тлейхан гишүүн бид арван жилийн нэг анги гэдгээрээ бахархдаг |
|---|


