-Чуулган завсарлахад тун бага хугацаа үлдлээ. УИХ энэ хугацаанд ямар үр бүтээлтэй ажиллав аа?
-Намрын чуулган бол төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу үр бүтээлтэй ажилласан. Хамтарсан Засгийн газрын үед төлөвлөсөн зарим асуудлуудыг шийдсэн. 2012 оны төсвийг нэлээд амжилттай сайн баталсан. Харин одоо төсөвт тодотгол оруулж байна. Гэвч УИХ-ын төлөвлөсөн ажлаас заримыг нь хойш тавих юм шиг байна. Уг нь хоёр нам хамтраад сайн ажиллаж байсан юм. Гэтэл АН сая хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарлаа. УИХ-ын хэмжээнд ч гэсэн АН-ынхны толгойлж байсан байнгын хороог манай гишүүд удирдаж эхэллээ. Ер нь УИХ, Засгийн газрын түвшинд Ардын нам дангаараа ажиллахаар боллоо. АН Үндсэн хуулийн хүрээнд цөөнх болж ажиллая гэж байна. Тиймээс зарим хууль дээр хоёр нам тохирч чадахгүй байх шиг байна. Тухайлбал, олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгох, Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийг нэрлэж болно. Тэгэхээр энэ асуудлуудыг хугацаа сунгаж хуралдаад ч баталж амжихгүй болов уу.
-Хамтарсан Засгийн газрыг дэмждэг байжээ дээ?
-Би хувьдаа хамтарсан Засгийн газрыг дэмжсэн. Манай улс зах зээлд шилжсэнээс хойш 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд зах зээлд шилжсэн бусад орнуудтай харьцуулахад нэг их хөгжсөнгүй л дээ. Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн газрын баялаг манай оронд бий. Гэхдээ үүнийг өнгөрсөн хугацаанд ашиглаж чадсангүй. Зарим асуудлуудыг бие бие рүүгээ чихээд л, намууд нэгийнхээ хөлөөс татаад урагш.ахиулсангүй. Харин 2008 онд тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярын санаачилгаар эрх барьж байсан хоёр нам хамтарсны үр дүнд том том асуудлыг шийдсэн. Нэг л жишээг хэлье. Манай аймгийн Асгатын ордыг ОХУ-ын Полиметалл компани 2007 онд авахаар гэрээ байгуулаад Засгийн газраас УИХ-д оруулж байсан. Гэтэл бэлэн болсон гэрээ улс төрийн нөхцөл байдлаас болж унасан. Тэр гэрээ батлагдсан бол Асгатын мөнгөний ордыг ашиглаж, олон хүн ажилтай болох байлаа. Харамсалтай нь хоёр намын таагүй харилцаанаас болоод бүтэлгүйтсэн. Харин хоёр нам хамтарсны хүчинд том гэрээнүүдийг нугаллаа. Оюу толгой, Таван толгойг хар. Үр дүнд нь ард түмэндээ бид эх орны хишиг өгч байна шүү дээ. Манай улсын төсөв асар их тэлж байна. Намайг анх сонгуульд орох гэж байхад улсын төсөв гурван их наяд төгрөг байлаа. Харин өнөөдөр хоёр дахин нэмэгджээ. Эдийн засгийн өсөлт 20-иод хувьд хүрсэн байна. Энэ бол хамтарсны үр дүн юм.
-Тэгэхээр танай нам Засгийн газраа дангаар бүрдүүлэх гэж бөөн юм боллоо. Томилгооны талаар ямар бодолтой байв?
-Томилгоог хийхдээ заримыг нь бүлэг дотроосоо, заримыг нь УИХ-ын гаднаас сонгосон. Тэгээд асуудлыг Удирдах зөвлөлөөр эцэслэн шийдсэн байгаа. Энэ бол зөв шүү дээ. Томилгоог ч нэг их алдаж хийгээгүй байх. Сонгогдсон сайдууд мэдлэг боловсролтой залуус шүү дээ. Залуу боловсон хүчнээр Засгийн газрыг бүрдүүлсэн гэж бодож байна. Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын хувьд мэргэжлийн залуу хүн. Бүлэг дотроос жинхэнэ ардчиллын зарчмаар гурван сайдыг гаргаж ирсэн байгаа.
-Сая байнгын хороодоо МАН дангаараа авлаа. Та ч байнгын хорооны даргад санаатай байсан биз дээ?
-Нэг жилийн хугацаатайгаар байнгын хорооны даргыг ээлжилж хийдэг шүү дээ. Тэр зарчмын дагуу явж байна. Мөн ардчиллын зарчмаар намын бүлгээсээ байнгын хорооны дарга нарыг сонголоо. Заримыг нь УИХ-ын даргаас нэр дэвшүүлсэн. Заримыг нь заалнаас санал болгосон. Сонголт шударга болсон гэж үзэж байна.
-Танд байнгын хорооны дарга болох бодол байгаагүй юу?
-Намайг УИХ-ын дарга Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн. Тэгээд нэг саналын дутуугаар ялагдчихсан.
-Дөрвөн жил УИХ-д суухдаа албан тушаалгүй хоосон хоцорч байгаа хүмүүсийн нэг нь та юм биш үү?
-Тэгж үзэхгүй байгаа. Ард түмэн надад итгэл үзүүлээд УИХ-ын гишүүнээр сонголоо. Би өмнө нь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Орон нутгийн амьдралыг сайн мэднэ. Тэгээд энэ хугацаанд өөрийн бодож санадаг зүйлээ хууль тогтоомжид тусгаж чадсан гэж үздэг юм. Хоосон хоцорч байна гэж бодохгүй. Тэглээ гээд гомдохгүй.
-Намдаа гомдсон хүмүүс МАХН руу явах нь гэсэн мэдээлэл гараад байна. Парламентад үндэсний цөөнхийн төлөөлөл болж суугаа казах гурван гишүүн ч намдаа гомдоод гарах нь гэсэн яриа бий?
-Намдаа гомдохгүй. Оюутан байхдаа энэ намд элссэн хүн. Тухайн үед Батлан хамгаалахын сайд асан Дорж генералын гараас батлахаа гардаж байснаа одоо хүртэл мартдаггүй. Намын дэмжлэгээр сургууль соёлд орж, Москвагийн намын дээд сургуульд хүртэл сурч зохих хэмжээний мэргэжил дээшлүүлсэн хүн. Дараа нь ард түмний итгэл хүлээж УИХ-д суулаа. Ер нь манай Баян-Өлгий аймгийнхныг хүндэтгэсээр ирсэн. Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж байх үед манай аймгаас хүн ард түмний элч болж төрийн түшээ болж явсан. Биднийг үндэсний цөөнх гэж анхаараад сайд даргын суудал бишгүй л өгч байсан юм билээ. Тухайлбал, Тлейхан бол барилгын материалын үйлдвэрийн сайд байлаа. Сандалхан гуай байна.
Социализмын үед биднийг бүр их дэмждэг байв.
Сүүлийн үед энэ уламжлал тасарлаа гэсэн шүүмжлэлийг манай аймгийнхан хэлдэг л юм. Гэхдээ сая болж өнгөрсөн томилгоонд бид гурав нэг их гомдоогүй. Ямар ч байсан гурвуулаа сонгуульд хамт орж, УИХ-ын гишүүнээр хамт ажилла-саар ирлээ. Ямар сайндаа шадар гурав гэж цоллуулахав дээ. Хаана ч явсан цуг, тэврэлдээд л явна. Сонин дээр хүртэл садар гурав гэж цоллуулж байв даа. Ирэх сонгуулиар дахиад л хамтарч орох төлөвлөгөөтэй байна. Эв нэгдэлтэй байж, нутагтаа хэн нь чансаа өндөртэй байгаа сонгуульд орно доо. Ямар ч байсан хоёр нь намдаа суудал авчрах болов уу. Дөрвөн жилийн хугацаанд бид дөрөв ер нь тусдаа ажиллаагүй шүү.
-Та гурвын нэг болох А.Тлейхан гишүүнийг байнгын хорооны даргаар сонгосон байх аа?
-Тэглээ. А.Тлейхан бид хоёр дунд сургуулийн нэг анги. Миний найз байнгын хорооны дарга болсонд баяртай байна. Байнгын хорооны дарга боллоо гэдэг чинь Их хурлын даргын зөвлөлд орж байгаа хэрэг шүү дээ. Сая байнгын хорооны дарга нар цэвэр өрсөлдөөний журмаар гарсан гэж бодож байгаа. УИХ-ын даргын зүгээс миний нэрийг ч, Тлейханыг ч нэр дэвшүүлсэн. Гишүүд дөрвөн жил нэг ангид хамт суусан болохоор хэн нь хэн бэ гэдгээ сайн мэднэ шүү дээ.
-Өнгөрсөн хугацаанд та сонин хэвлэлд тэр болгон ярилцлага өгдөггүй, дуугүй гишүүдийн нэгд тооцогдсоор ирлээ...
-Би өөрөө гүйж очоод сонин сэтгүүлд ярилцлага өгөөд байдаггүй. Энэ бол миний төрөлхийн зан юм уу даа. Өөрийгөө рекламдаад сурталчлаад байдаггүй. Үүрэгт ажлаа хийгээд л явдаг. Ер нь сурвалжлагч нар ирээд ярилцлага авъя гэвэл өгчихдөг л юм. Харин өөрөө гүйж очоод байдаггүй ээ. Ингэсээр явтал нэг мэдэхэд л гурван жил болчихсон байна шүү дээ.
-Энэ хугацаанд ямар хуулийн төслүүд дээр ажилласан бэ?
-Хөдөөгийн гишүүн гэдэг утгаараа "Монгол мал" хөтөлбөрийг санаачлахад оролцсон. Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийг гаргахад хувь нэмрээ орууллаа. Ажлын хэсэгт нь орж байлаа. Үүгээрээ бахархдаг.
-Танай намын гишүүд удирдлагуудаа их шүүмжилдэг болж. Та тэдэнд яаж ханддаг вэ?
-Намын удирдлагууд дангаараа асуудлыг шийдэхгүй. Нам бол хамтын байгууллага. Сая болсон Бага хурлаар 2031 он хүртэлх Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрийг гаргалаа. Энэ бол үр дүнтэй асуудал гэж бодож байна. Ер нь манай намын бодлого зөв хандлагаар явж байна гэж боддог. Сонгууль дөхөөд ирэхээр дарга нарыг шүүмжлэх нь жирийн үзэгдэл шүү дээг Гэхдээ манай намын дарга нар муу ажиллаж байна гэж хэлэхгүй. Гэхдээ энэ бүхний дүнг ард түмэн тавина биз ээ.
Я.Мөнгөнцэцэг
Эх сурвалж
Өдрийн сонин
| Х.Баделхан: Чуулган завсарлахаас өмнө Тавантолгойн асуудлыг шийдэх ёстой | Х.Баделхан: Таван толгой, Оюутолгойн дараагаар Асгатын ордыг ашиглах талаар ярина |
|---|


