-Наурыз баяр болох гэж байна. Та баяраа хэрхэн угтаж байна вэ? Мөн энэ баяртай холбоотой сэтгэлд үлдсэн хамгийн онцгой дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Бага байхад нэг их сүртэй тэмдэглэдэггүй байлаа. Гэхдээ ёсыг бодож мах чанаж, идээ засдаг байсан. Манайх их олуулаа, би чинь 11 хүүхдийн дээрээсээ гурав дахь нь шүү дээ. Олуулаа болохоор газраар зулсан идээ будаа нүд ирмэхийн зуур дуусдаг байв. Тэр олон хүүхдийг гэдэс цатгалан, мөр бүтэн өсгөх нь ээж, аавд маань амаргүй л байсан байх. Аав маань төлөвлөлтийн хэлтэст ажилладаг цаг зав багатай, цэцэрлэгийн тогооч хийдэг байсан ээж минь л биднийг гардаж өсгөсөн дөө. Гэхдээ бид бүгдээрээ эцэг, эхээ нэг их зүдрээлгүй гар ганзаганд, хөл дөрөөнд хүрснийг бодоход их сайхан нийгэм байж дээ гэж одоо санагддаг.“Наурыз”-ыг 1990 оноос хойш их өргөн дэлгэр тэмдэглэж, төр, засаг ч үндэсний цөөнхийнхөө баярыг хүндэтгэж, төрөл бүрийн арга хэмжээ зохиодог болсон. Сэтгэлд үлдсэн хамгийн онцгой дурсамж гэвэл, 2000 онд анх аймгийн Засаг дарга болсон жилээ үндэснийхээ баярыг гардаж зохион байгуулсан. Бүх зүйл толгой дээр буусан ч дараа нь харахад урьд өмнөх жилийнхээс илүү өргөн дэлгэр болсон гэж нутаг усныхан маань их баяртай байгааг харах сайхан байсан шүү. Энэ жилийн хувьд, энэ хагас сайнд нутгаа зорих бэлтгэлээ хийгээд сууж байна. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Баян-Өлгий аймагт хүрэлцэн очиж казах иргэдийн баярт оролцоно. Бас анх удаа казах хэлнээ орчуулагдан ном болж гарсан Үндсэн хуулийг гардуулна.
-Энэ баярын утга учрыг Монголын цагаан сартай адилтгадаг юм байна лээ. Үүх түүхээс нь сонирхуулбал?
- Хаврын баяр юм шүү дээ. Урин дулаан цаг ирж, анхны төлийн дуу цангинан, амьтад ичээнээсээ гардаг учир хаврын баяр гэж байгаа юм. Казах түмэн монгол ахан дүүстэйгээ 150 жилийн туршид эвтэй сайхан амьдарч байна. Түүхийн нэгэн нугачаанд багагүй зовлон амссан ч Монголын нутагт ирснээрээ энэ ард түмний магнай тэнийж, хүн амын тоо ч олширч одоо 150 мянгад хүрч байна. Энэ 150 гэж их сайхан тоо байгаа биз.Дэлхийн 50 гаруй оронд казахууд амьдардаг. Түүнээс Монголын казахууд хамгийн сайхан амьдралтай гэдгээр би бахархаж ярих дуртай. Хамгийн гол нь бид түүх соёл, өв уламжлалаа олон жилийн туршид хадгалж авч үлдэж чадсан. Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев Монголд айлчлах үеэрээ дэлхий дахины казахуудын дотроос хэл соёлоо хамгийн сайн авч үлдсэн нь Монголын казахууд гэж хэлсэн.
Казах иргэд Монгол Улсын тусгаар тогтнол, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож ирсэн. Налайх, Шарын гол, Бэрхийн уурхайг байгуулахад гар бие оролцож, ойролцоох хот сууринд суурьшсан нь ч олон. Шийдвэр гаргах түвшинд ч бас казах иргэд төлөөлөлтэй байсаар ирсэн. 1924 онд хуралдсан улсын Анхдугаар их хуралд гурван казах хүн оролцсон юм билээ.
Энэ үеэр Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлан нийслэл хотод шинэ нэр өгөхөд Баян-Өлгийгөөс сонгогдсон Даутбей гэж хүн Улаанбаатар нэрийг санаачилсан гэдэг. Дараа нь Улсын бага хурлын төлөөлөгч сонгоход ч казах иргэдийн төлөөлөл оролцсон. Ер нь түүхээс харахад, казахуудын үндэсний баярыг ардчиллаас өмнө үндэстний нэгдмэл байдаг гэдэг утгаараа нэг их өргөн дэлгэр тэмдэглэж байгаагүй ч Монголын төр үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн юм байна лээ.
-Цагаан cap, Наурыз хоёрын ижил болон ялгаатай тал нь юу вэ?
-Ерөнхий санаа нь адилхан болохоор төстэй зүйл их бий. Казахууд баярынхаа өмнө монголчуудын адилаар гэр орон, орчин тойрноо цэвэрлэдэг. Бас хүрээлэн байгаа байгаль, ус булгаа цэвэрлэдэг заншилтай. Мөн ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, хамгийн ахмад настандаа эхлээд золгодог. Гэхдээ цээжээрээ тэврэлдэж золгодог. Чанасан мах, будаатай шөл, цагаан идээгээр таваг засдаг. Гол нь архи огт хэрэглэдэггүй. Бас морь уралдуулж, бөх барилдуулдаг. Бөх нь сонгомол бөхтэй төстэй, далаар нь унагасан нь давдаг. Үндэснийхээ тоглоомыг их тоглоно. Морь унасан эр эм хоёр барианы газраас уралдан, бүсгүй нь түрүүлбэл эрэгтэйгээ ташуурддаг. Энэ нь бас залуусыг хооронд нь танилцуулах зорилготой. Мөн тулам булаалддаг. Ямааны арьсанд чихсэн тулмыг моринд эрэмгий казах залуус булаалдан, авч чадсан нь аль нэг айлын гэр дээр тавина. Тэр айл нь тухайн жилийн том найр наадмыг зохиодог ёстой.Өөр нэг онцлог нь, хоорондоо муудалцсан хүмүүс Наурыз баяраар заавал эвлэрдэг. Шинэ жил эхэлж байгаа тул урьд оныхоо саар болгоныг үлдээе гэсэн сэтгэлээр нэг нэгнээсээ уучлал гуйдаг. Өөр нэг зүйл сонирхуулахад, айл хотлоороо золгуутаар явахдаа гэрээ цоожилдоггүй, идээ будаагаа засч тавьчхаад явдаг. Эзгүйд нь ирсэн ах дүүс нь ороод ундаа, идээгээ уугаад идээд явдаг эртний уламжлал бий. Гэхдээ хот суурин газарт бол тэрийг баримтлах хэцүү л дээ.
-Нийт казахуудын 90 хувь нь Баян-Өлгийд амьдардаг. Тэнд амьдрал ер нь ямар байна вэ? Та Засаг даргаар ажиллаж байсны хувьд илүү мэдэх байх?
-Миний хувьд, 2000-2005 аймгийн Засаг даргаар ажиллаж байсан л даа. 2000 онд биднийг анх ажил авч байхад амьдрал нэлээн хүнд байсан. Хүмүүс хэдэн сарын турш тэтгэвэр, тэтгэмжээ авч чадаагүй, сургууль цэцэрлэг халаалтгүй, хоолгүй хэвийн ажиллах боломжгүй болчихсон байсан. Зарим сум ЗДТГ-ын барилга ч үгүй, энд тэндхийн байшингийн буланд толгой хорогдож байсан. Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярт байдлыг танилцуулж, тусламж дэмжлэг авснаар бүтээн байгуулалт сэргэж ирсэн. Миний сайнд бус, тухайн үеийн нөхцөл байдал, цаг хугацааны хувьд нааштай үе тохиосон л доо. Гэхдээ одоо ч гэсэн малчдын амьдрал сайнгүй л байна. Хамгийн хүндрэлтэй нь энэ жил өвөлжилтийн байдал маш хүнд байгаа. Ер нь сүүлийн гурван жил дараалан гантай байсан. Зун нь ногоо гараагүй. Энэ жил хэдийгээр цас багатай байсан ч өвс ургамал муутай, малын тоо толгой ч их хэмжээгээр хорогдсон.Өнөөдрийн байдлаар 20 орчим мянган мал хорогдсон гэсэн мэдээ байна. Хоёрдугаарт гэвэл, малчдын орлого маш их буурсан. Малын үнэ хямдарсан. Одоо хонь гэхэд л 10 мянган төгрөг болсон байна лээ. Мөн түүхий эдийн үнэ буурснаас болоод малчдын орлого багассан. Сонгуулийн амлалтад найдаад баахан өр зээл хийчихсэн, эргээд түүндээ ороогдоод малгүй болж буй өрх олон байна. Бас Баян-Өлгийд шатахууны үнэ өндөр байна.
Нийслэлд зарагдаж буй үнээс 100-250 төгрөгөөр илүү байна шүү дээ. Дараагийн нэг асуудал бол эмнэлгийн салбарын үйлчилгээ хангалтгүй байгаа талаар иргэд санал гомдол их тавьдаг. Бид холбогдох яамтай ярьж ажлын хэсэг томилон, байдлыг газар дээр нь үзэж харж, үнэлэлт дүгнэлт өгөхөөр ажиллуулж байна. Манай аймагт боловсролын түвшин доогуур байгаа. Хэлний онцлог ч бас нөлөөлж байна. Үүнийг анхаарч, боловсролын стандартдаа өөрчлөлт оруулах цаг болсон. Энэ аймгаас сонгогдсон гишүүнийхээ хувьд эдгээрийг шийдэхийн зэрэгцээ малын гаралтай түүхий эдийн үнийг нь өсгөх, зах зээлийг тэлэхэд анхаарч ажиллахыг зорьж байна. Бас аймаг руу чиглэсэн бүтээн байгуулалтын ажил нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, чөлөөт бүс барих асуудлыг түргэсгэх, Асгатын Мөнгөний ордыг ашиглалтад оруулах, түүнээс үүдэх ашиг орлогыг нутгийн иргэдэд хүртээх талаар цаашид илүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
-Асгатын мөнгөний ордыг хэдийнээс ашиглаж эхэлнэ гэж Та үзэж байна вэ? Одоо хоёр толгойн хөрөнгө оруулалтын эрхзүйн орчин ч бүрдээгүй байна шүү дээ?
-Оюутолгой, Тавантолгойн дараа яригдах орд бол Асгат. Угаасаа энэ ордыг даруй ашиглаж эхлэх талаар энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Тэгэхээр энэ Засгийн газрын хугацаанд ямар ч байсан эхлэл тавигдана. Энэ орд маань бараг Оросын хил дээр шахуу байрлалтай. Тиймээс газарзүйн байрлалынхаа хувьд ОХУ-тай хамтарч эзэмшвэл хамгийн тохиромжтой гэсэн байр суурьтай байна. Энэ ордыг ашиглаж эхэлснээр Баян-Өлгий Эрдэнэтээс ч илүү хөгжиж, алслагдсан гэлтгүй зах зээлд ойртох боломж байна. Манай аймаг ажилгүйдэл, ядуурал харьцангуй ихтэй. Орд ашиглалтад орсноор 5000 орчим хүн ажилтай болно. Ер нь Баян-Өлгийчүүдэд хөгжлийн маш их ирээдүй бий.-Нэгэн үе казахууд Казахстан руу маш олноороо шилжсэн. Зарим нь буцаж ирж байгаа. Тэр болгонд хоёрдмол харьяаллын хуультай болох тухай ярьдаг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Яг үнэнийг хэлэхэд би хоёрдмол харьяаллыг дэмждэггүй. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү дээ. Казахстаны ард иргэд маш олон жил Оросын харьяанд байсан. Монголчууд ч гэсэн манжийн дарлалд 200 жил байсан шүү дээ. Тэгэхээр давхар харьяаллыг зөвшөөрөх нь нэг хэсэг үндэстний төлөө нийтийн эрх ашгийг хөндөж буй асуудал болно.Манай улс зах зээлийн нийгэмд шилжиж эхэлж байсан ороо бусгаа үед казахууд Казахстан руу олноороо нүүсэн нь үнэн. Гэвч манайхаас арай хожуу үүссэн л болохоос биш яг адилхан нөхцөл байдал тэр улсад үүссэн. Харин ч Монголын төр энэ шилжилт хөдөлгөөнд их уян хатан хандаж, иргэн харьяатын асуудлыг казах иргэдийн хүссэнээр шийдэж өгч байгаа.
Ер нь бол 1990 оноос хойш 60 мянга гаруй хүн нүүгээд явчихсан. Харин тэнд нүүж очсон тооцоогоор 100 мянга гаруй болсон гэж сонссон. Гэхдээ тэнд суурьшсанаасаа буцаж ирсэн нь ч олон байж болох юм.
-Зах зээл гэснээс Таныг яг шилжилтийн хүнд үед аймгаа гурил, будаагаар хангаж байсан гэж сонссон. Тэр үеэ эргэн дурсахгүй юу?
-Би аймгийн захиргаанд ажиллаж байгаад зах зээл гарахад саналаараа ажлаа өгөөд хэдэн нөхдийн хамт бизнест хөл тавьсан л даа. Худалдаа, үйлчилгээний “Өркен” нэртэй компани байгуулж, тэр л хүнд үед аймгийн ард иргэдээ хамгийн өргөн хэрэглээний эд бараагаар хангахыг хичээж байсан. Зарим ядруу айл өрхөд тусламж болгон өгч ч байсан.Казахууд харьцангуй олон хүүхэд төрүүлдэг ард түмэн шүү дээ, тиймээс шилжилтийн эдийн засагт бусдаас илүү ч нэрвэгдсэн байж болох юм. Төвөөс хамгийн их алслагдсан аймаг болохоор бараа бүтээгдэхүүн их үнэтэй очно. Гэхдээ яг тэр үе бизнес эрхлэхэд хамгийн тохиромжтой цаг хугацаа байсан юм.
-Одоо УИХ-ын гишүүн болоод цаг зав ер нь хэр байна вэ? Ямар чиглэлийн хуулийн төсөлд илүү ажиллаж байна? Таны үндсэн мэргэжил юу билээ?
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбараар хууль хэлэлцэх, бодлого боловсруулахад түлхүү анхаарч байна. Бас аймгийн төсөв ерөнхийлөн захирч байсан хүний хувьд Төсвийн байнгын хороонд харьяалагдан ажиллаж байгаа. Цаг завын хувьд мэдээж ачаалал ихсэж байна. Уншиж судлахаас эхлээд ярих хөөцөлдөх ажил их байдаг юм байна. Ер нь нэг аймгийн, нэг үндэстний хэмжээнээс хальж сэтгэх шаардлага гарч ирж байна даа. Мэргэжлийн хувьд, би автын инженерээр төгссөн л дөө.-Таныг энэ мэргэжлийг эзэмшиж байх үед нийслэл хот маш цөөхөн машинтай байсан байх даа. Одоо ингээд зам нь ачааллаа даахгүй үе ирэх юм гэж төсөөлж байсан уу?
-Харин тийм. Ёстой тийм төсөөлөл байгаагүй. Тэр үед хамгийн хэцүү, дутагдалтай асуудал нийтийн тээвэр байлаа шүү дээ. Автобус баазад ажиллаж байхдаа би шугаманд явж байгаа автобусны хяналтыг сайжруулах талаар шинэ бүтээл оновчтой санал гаргасан. Тэр үед ШБОС-ын уралдаан зохиож шалгарсан бүтээлээр үзэсгэлэн гаргадаг байлаа. “ШБОС-76″-д түрүүлж, тухайн үеийн төр, засгийн удирдагч Ю.Цэдэнбалаас алтан медаль авч байсан нь миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг юм даа. Харин одоо бол энэ их машиныг яаж зохицуулж, замын түгжрэл байхгүй болгох талаар оновчтой бодлого үгүйлэгдсээр л байна. Замынхаа бүтцийг арай томсгож өөрчлөх хэрэгтэй байх.-Шийдвэр гаргах түвшинд казах иргэдийн төлөөлөл дутаж байна гэх гомдол хааяа гардаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Урьд нь бол казахуудыг төрийн бодлогоор шийдвэр гаргах түвшинд томилдог байсан. Х.Чойбалсан дарга 1940 онд Жамлай гэдэг бичиг үсэг тайлагдаагүй шахам хүнийг нийслэлд авчирч Бага хурлын төлөөлөгчөөр шууд томилж байсан удаа бий. Түүнээс хойш Р.Сандалхан, А.Тлейхан гээд казах иргэд төрийн өндөр алба хашиж байсан.Харин 1990-ээд оноос хойш энэ бодлого байхгүй болсон нь үнэн. Гэхдээ сүүлийн үед харьцангуй дээрдсэн, С.Баяр сайдын Засгийн газарт хоёр ч дэд сайдын суудал авлаа шүү дээ. Ер нь “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг би хэлэх дуртай. Хүн, цаашлаад аливаа үндэстэн өөрсдөө оюунлаг, чадварлаг, хамгийн наад зах нь хөдөлмөрч байж чадвал түүх соёл, өв уламжлалаа хадгалж явахаас гадна бусдаас хамаарахгүйгээр хөгжиж болно гэж боддог.
-Танд баярлалаа. Сайхан баярлаарай.
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Х.Баделхан: Н.Назарбаев ерөнхийлөгч домбор тоглож, өөрийн зохиосон дууг дуулдаг | Х.Баделхан: А.Тлейхан гишүүн бид арван жилийн нэг анги гэдгээрээ бахархдаг |
|---|


