-Амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Шинээр сонгогдсон гишүүн болохоор би амралтын өдрүүдээр ийш тийшээ гардаггүй юм. Гэртээ хуулиудын төслүүд энэ тэрийг уншиж судална. Бас уран зохиол, түүхэн ном зохиолыг л уншдаг даа. Түүхийн ном уншихаар тархи амраад сайхан байдаг юм.-Их гэрсэг хүн юм аа, та?
-Тийм ээ, би гэртээ л амардаг. Спортын дасгалаа гэртээ хийчихдэг. Гадуур гарах дургүй шүү.-Гэрийн ажилд оролцдог уу?
-Гэрийн ажилд оролцохгүй. Хүүхдүүд, бэр, манай хөгшин гэрийн ажлаа хийчихдэг юм.-Таны амралтын өдөр гэргийнхээ гарын цайг уусан шигээ өнгөрдөг юм байна гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Бид хоёр амьдраад 30 гаруй жил болчихлоо. Би махтай шөлтэй хоолонд л дуртай.-Мөнгөн хуримаа хийсэн үү?
-Хийгээгүй.-Сүүлийн үед гэр бүл салалт ихэслээ гээд төрөөс ч гэр бүлийг дэмжих чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Гэр бүл бат бэх байхын үндэс юу вэ?
-Залуучууд маань эхлээд сайхан мэргэжилтэй болох хэрэгтэй л дээ. Энэ бол нэгдүгээр зэргийн асуудал шүү дээ. Дараа нь сайхан ажил төрөлтэй бол. Гэр бүлээ авч явах чадвартай, орлогын эх үүсвэртэй байх хэрэгтэй юм. Ингэсний дараа л гэр бүлийн асуудлаа бодсон нь дээр юм. Гэр бүлийн салалт чинь голдуу амьдралын асуудлуудаас л болдог юм шүү дээ. Ялангуяа өрхийн тэргүүн боловсролтой, мэдлэгтэй, зохих хэмжээний орлоготой байвал цаашдаа амьдраад явчихна. Зах зээлийн нөхцөлд амьдралын бэрхшээл их байгаа.-Ан авд хорхойтой юу?
-Хөдөө байхдаа явдаг л байлаа. Хотод ирээд явж чадахгүй байгаа.-Хотын хүн болж, хотын амьдралд дасч байна уу?
-УИХ-ын гишүүнээр сонгогдоод хотод анх шилжин ирэхэд хэцүү байсан даа. Дуу шуу ихтэй, агаар муутай юм. Ялангуяа өвөл агааргүй шахам байх юм. Нэл утаа.-Хотод урьд нь амьдарч байв уу?
-Би 1976 онд Политехникийн дээд сургуулийн Автын инженерийн ангийг төгссөн юм. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Автобус баазад хуваарилагдаад хоёр жил ажилласан. Тэр үед хотын тээврийн асуудал их хүнд байлаа. Тэгээд 1978 онд ар гэрийн гачигдлаар нутаг руугаа шилжээд явсан. Түүнээс хойш 30 жилийн дараа хот руу нүүж ирж байна даа.-Олон жилийн дараа ирж байгаа юм байна. Хотод идээшиж байна уу?
-Одоо л гайгүй дасах төлөвтэй байна. Гэхдээ цаашдаа хотод амьдрах хэцүү л юм шиг байна. 30 жилийн өмнө хөдөөнөөс хот руу шилжиж, хотын иргэн болоход хэцүү байсан. Хэр баргийн хүн нийслэлийн иргэн болчихгүй шүү. Одоо бол цаг үе өөрчлөгдсөн. Хаана амьдрах нь хүний эрх болсон.-Гэр бүлийн хүн тань юу хийдэг вэ?
-Манай гэр бүлийн хүн их эмч мэргэжилтэй. Ажлаа хийж байгаа.-Гэр бүлийн хүнтэйгээ анх яаж танилцаж байсан бэ?
-Бид хоёр арван жилийн нэг ангийнхан. Аравдугаар ангийг хамт төгсөөд манай хүн Анагаахын дээд сургуульд орсон. Оюутан байхдаа гэр бүл болж, анхны хүүхдээ ч төрүүлж байлаа. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хамгийн бага нь бид хоёр дээр байна. Бусад нь тусдаа гарсан.-Нууц биш бол гэргийдээ анх хайраа яаж илчилж байв?
-Тэр үеийн нийгэм их тогтвортой байлаа. Одоо эрх чөлөө гээд зарим зүйлээрээ замбараагаа алдсан зүйл байна шүү. Тэр үед сурагчид багшаасаа ичдэг, зовдог байлаа. Гэтэл өнөөдрийн сурагчид багштайгаа хамт тамхи татаад байгаа юм биш үү. Бид хоёр нэг ангид сурч байгаад үерхсэн дээ.-УИХ-ын ангийнхнаасаа хэнтэй илүү найзалж байна вэ?
-УИХ-ын гишүүн А.Тлейхан бид хоёр арван жилийн нэг ангийн хүүхдүүд. 2008 оны УИХ-ын сонгуулиар А.Тлейхан хотоос, би нутгаасаа УИХ-д сонгогдоод ирсэн юм. Нэг ангийн хүүхдүүд төрийн түшээгээр сонгогдсондоо баяртай байна. Бахархалтай байна.-Хотод ирээд шинээр олон найз нөхөдтэй болж байна уу? УИХ-ын нэг ангийнхнаасаа хүүхдүүдээс гадна.
-Хотод 10 жил хамт төгссөн найз нар байгаа. Тэд маань хариуцлагатай алба хашиж байна. Бид нар баяр ёслолын үеэр хааяа уулзана. Их сургууль төгссөн найзууд маань ч байгаа. Би 1990 онд Москвагийн намын дээд сургууль төгссөн. Тэр үеийн ангийнхан маань ч бас хотод байгаа.-1976 онд Автобус баазад ажиллаж байсан гэлээ. Тэр үед тээврийн хэрэгсэл яаж явдаг байсан бэ?
-Нийтийн тээвэрт тэр үед зөвхөн автобус л байсан юм. Өөр тээвэр байгаагүй. Тэр үед Автобус бааз 400 орчим автобустай байсан. Тэр автобусаараа нийслэлчүүдийн нийтийн тээврийг хангадаг байлаа.- Манай казахууд бүгд л дуулж, хөгжим тоглодог. Та ч бас тоглоно биз?
-Домбороо тоглоод ганц, нэг дуу дуулчихна.-Манайхан ногоо их тарьдаг болж байгаа. Та ногоо тарьж байв уу?
-Би Баян-Өлгийд байхдаа хашаандаа бүх төрлийн мод, жимс жимсгэнэ тарьж байлаа. Бараг бүх төрлийн жимс тарьсан байгаа. Газар голохгүй. Манай аймгийн иргэд Казахстан руу их нүүсэн. Тэндээсээ одоо эргээд ирж байна. Эргээд ирсэн улсаад бол газар тариалангийн талаар их мэдлэгтэй болсон байна лээ. Ногоо тарихад газар голохгүй ургана шүү. Харин хотод орон сууцанд амьдарч байгаа болохоор ногоо тарих боломжгүй байна.Н.Энхлэн
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Х.Баделхан: Дэлхийн казахуудаас хамгийн сайхан амьдарч байгаа нь монголын казахууд | Х.Баделхан: Заавал телевизээр гарч Шоудах хэрэг байхгүй |
|---|


