Д.Балдан-Очир 1990 онд 26-хан насандаа Дарханаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, улмаар Ардын Их Хурлын 429 депутатаас улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлын 53 гишүүний нэг болж, 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон хүн. Хуучин тогтолцооны хууль эрхзүйн баримт бичгүүд хүчингүй болж, нийгэмд хүлээгдэж байсан олон харилцаа, зах зээлийн эдийн засгийг зохицуулах эрхзүйн актуудыг боловсруулах шаардлага тэр үед урган гарч ирж байсан билээ. “Өмчийн харилцааг зохицуулж олон төрлийн өмчтэй байх, хувийн өмч давамгайлсан нийгмийг байгуулахын тулд хувьчлал явуулах, Аж ахуйн нэгжийн тухай хууль, Албан татвар, гааль, банк санхүүгийн тухай гээд бүх хууль шинэ агуулгатай байх шаардлага тулгарсан учраас Бага хурал ачаалалтай ажилладаг байлаа” хэмээн тэрбээр өдгөө дурсан ярьж байна.
Д.Балдан-Очир даяаршлын эрин үед монгол монголоороо үлдэж, сайн сайхан амьдрах түлхүүр хаана байна вэ гэдгийг байнга боддог нэгэн. Yүний тулд юуны өмнө хөдөөгийн хөгжилд анхаарал хандуулах нь чухал хэмээн үздэг бөгөөд “Мал сүргийн удам угсааг сайжруулах” төсөл Завхан аймагт хэрэгжүүлж байгаа аж.
Тэрбээр Атрын 3-р аянд өөрийн хувь нэмрийг ч оруулж яваа юм. 2001 онд үйл ажиллагаа нь бүрэн зогссон, элеватордаа атга будаагүй, агуулахдаа шуудай гурилгүй, дансандаа мөнгөгүй, олон тэрбумын өртэй Дарханы гурилын үйлдвэрийг хувьчилж авсан аж. Арваад жил хуримтлуулсан хөрөнгийнхөө дийлэнхийг зориулсны хүчинд улсын гурилын хэрэгцээний 20 гаруй хувийг хангах хүчин чадалтай үйлдвэр болгож чаджээ.
Монгол гэрт амьдардаг монгол хүн үнэ цэнэтэй байх ёстой гэж үздэг эрхэм гишүүн чинээлэг айлын хүүхдийн гар утасны үнэд хүрэхгүй байгаа монгол гэрийн хувь заяанд сэтгэл зовниж явдаг гэдгээ хэд хэдэн ярилцлагадаа дурьдсан байсан. “Монгол гэр” хөтөлбөрийг төрөөс дэмжин хэрэгжүүлснээр монгол гэрийн үнэ 1.5 сая төгрөгөөс дээш өртөгтэй болж, дэлхийн зах зээл дээр чанартай монгол гэр 3-5 мянган ам.долларын үнэд хүрэх болно хэмээн тэрбээр итгэл дүүрэн байгаа аж. Д.Балдан-Очир 2008 оны УИХ-ын сонгуулиар Завхан аймгаас төрийн түшээгээр сонгогдсон. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж 2001 онд “Алтан гадас” одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар шагнажээ.
Догсомжавын Балдан-Очир 1963 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Завханмандал сумын Улаан алагийн зуух гэдэг газарт төржээ. 1981 онд Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1985 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Эдийн засгийн шинжлэх ухааны доктор. Ам бүл 4.


