УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Д.Балдан-Очир:
-Өнгөрсөн даваа гаригт хуралдсан. Бүлэг дээр байгуулагдсан ажлын хэсэг төсвийг танасан
талаараа эргээд танилцуулсан. 2012 оны төсвөөс 120 орчим тэрбум төгрөгийг л танах, хэмнэх боломж байна гэсэн байгаа. Энэ хэмнэлт болох 120 орчим тэрбум төгрөгийнхөө гуравны нэгийг нь улс орны эдийн засаг хүндэрсэн үед хэрэглэдэг Тогтворжуулалтын сан"-д хийнэ. Харин үлдсэн мөнгөнийх нь талыг одонтой ээжүүдэд зарцуулъя гэж ярьсан. Бүх Байнгын хороон дээр санал хураагдчихсан, гишүүд бүлэг дээрээ санал тавьчихсан тойргийн хөрөнгө оруулалтууд бий. Гишүүдийн тойрогтой холбоотой хөрөнгө оруулалтын тун бага хэсэгт үлдсэнийг нь зарцуулъя гэсэн байдлаар ярьж байна. Ер нь МАН бүлгийн хуралдаанаараа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг амласан ёсоороо он гараад хоёр удаа нэмээд 50-60 хувийн өсөлттэй байлгая. Эцэстээ дөрвөн жилийнхээ дүнгээр 2.5 дахин нэмсэн дүнтэйгээр сонгуульд оръё. Дээрээс нь их дээд сургуулийн оюутнуудад 70 мянган төгрөгийн цалинг өгөхөөс аргагүй. Тийм учраас том тэлсэн төсвийг хумих боломж тун бага гэж ярилцсан. Ардчилсан нам даваа гаригт ажлын хэсгийнхээ дүгнэлтийг сонсоод төсвийг хянаж, хэлэлцэж дуусаагүй байна гэсэн. Тус намын нэгдсэн бодлого гараагүй байна л даа. Өчигдрөөс ажлын хэсэг нь дүнгээ гаргаж, манай намынхтай нэг удаа уулзсан гэнэ. Гэхдээ тодорхой үр дүнд хүрээгүй байна. Өнөөдөр л /өчигдөр/ хоёр намын ажлын хэсэгтэй ярина гэсэн.
Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого ид яригдаж байна. Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийг би ахалж яваа. Ажлын хэсэг гурван ч удаа хуралдчихаад УИХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, батлуулах шат руугаа оруулж чадахгүй байна. Учир нь 2012 оны төсвийн бодлого зангидагдаж,эрх барьж байгаа хоёр нам сүүлчийн хувилбараар зөвшилцөөгүй тул Төсвийн байнгын хороогоор ороогүй. Ингэж тэлсэн төсөв энэ чигээрээ батлагдах уу, танагдах уу гэдэгтэй уялдаж төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого, бодлогын хүүгийн асуудлыг ярих гээд байна. Мөнгөний бодлого нь ийнхүү азнаж байгаа нь нэгдүгээрт, төсөв задгай байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, Төсвийн байнгын хороогоор хоёр дахь хэлэлцүүлэгт орсны дараа мөнгөний бодлого тал дээр нарийвчилсан аргачлалаа тодорхойлж эхлэх ёстой юм. Мөн УИХ дээр өнөөдөр өргөн бариад хэлэлцэж байгаа мөнгөний бодлогыг боловсруулах тооцоон дотор хоёр зүйлийн их том мөнгөний дүн тооцогдоогүй байна.
Нэг нь хоёр сая гаруй хүндээ олгох нэг сая төгрөг. Тэр бол 2.3 их наяд төгрөг болно. Дээр нь энэ жил Хөгжлийн банк байгуулчихсан. 2012 онд Хөгжлийн банкаар ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх, гадаад дотоодын хөрөнгийн эх үүсвэрээс хэчнээн хэмжээний мөнгийг төвлөрүүлж, дээрх хөтөлбөрөө санхүүжүүлэх дүн мөнгөний бодлого тооцох аргачлалд ороогүй байна. Энэ нь доод тал нь нэг их наяд төгрөг. Ингээд л хөрөнгө оруулалт, урсгал зардал дээр хамгийн эцсийн байдлаар тохиролцсон зүйл алга. Эцэстээ хоёр намын бүлэг улс төрийн тохиролцоо хийж байж энэ төсөв цаашаа явах нь. Цаг хугацаа бага байна. Арванхоёрдугаар сарын 1-ний дотор гаргах ёстой. Мэдээж гурван жил төсөв, мөнгөний бодлогоо боловсруулаад өдий хүрчихсэн арга барил, дадал байгаа. Арванхоёрдугаар сарын 1-ний дотор төсөв, мөнгөний бодлого зэрэг батлагдана. Гэхдээ бүхэлдээ улс төрийн намуудын шийдвэрээс хамаарна. Нэг талаасаа сонгуульд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж чармайсан, нөгөө талдаа үнэ, инфляци, эдийн засгийн тогтворгүй байдал руу нэлээн шахсан төсөв, мөнгөний бодлого гарах байх.
Эх сурвалж:Өдрийн шуудан
Б.Энхжаргал,Н.Гариг
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Д.Балдан-Очир: Монгол улс Орос,Хятадын агуулахын үлдэгдлээр ард түмнээ тэжээж ирлээ | Эх орныхоо эрх ашгийн төлөө тэмцэгчид |
|---|


