5 сарын 22
  • baldan-ochir_d_blic_01
  • baldan-ochir_d_blic_02
  • baldan-ochir_d_blic_03
  • baldan-ochir_d_blic_04
  • baldan-ochir_d_blic_05

Д.Балдан-Очир:Энэ өргөн уудам нутагт сайн унаа хэрэглэхэд яагаад болохгүй гэж

Уншсан: 582 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн Д.Балдан-Очиртой ярилцлаа.
-Чуулганаар хэлэлцэгдэж буй автомашины татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг та ганцаараа эсэргүүцэж байсан байх аа?

-Миний санаж буйгаар сүүлийн гурван жил уг төслийг УИХ-ын чуул-ганд оруулж ирлээ. Засгийн газар төсөв хэлэлцэх болохоороо л авто машины татвар нэмэгдүүлэх асуудлыг оруулж ирэх юм. Үүнийгээ төсвийн орлогыг нэмэгдүүлэх гол эх үүсвэр хэмээн тайлбарладаг. Ер нь гишүүд маань амьдралд бодитой хандмаар юм. Өнөөдөр Монголын ард түмэн тэр бүр үнэтэй машин шинээр нь авч чадахгүй л байхгүй юу. Өдрийн од шиг цөөхөн компанийн захирал, олон жил хөдөлмөрлөсөн бизнесмэнүүд тансаг машин хөлөглөдөг байх. Харин үлдсэн иргэд нь Япон, Солонгосоос орж ирдэг хуучин машинуудыг амьдралаа залгуулахын эрхэнд авдаг. Энэ өргөн уудам нутагт сайн унаа хэрэглэхэд юу нь болохгүй байна вэ. Хуучин цагт унааны сай-наар ажил амжуулдаг байлаа. Хөдөө орон нутагт тариа ногоо тарьдаг, мал аж ахуй эрхэлдэг хүмүүст унаа шиг хэрэгтэй зүйл үгүй. Намхан суудлын машин одоо байгаа замын аяыг даахгүй. Хуучин машин Улаанбаатарын утаанд нэмэр болдог байж болох. Гэхдээ маш бага.

-Энэ хуулийн төслийг цаашид хэлэлцэхгүй орхиж болдоггүй юм болов уу гэх иргэд олон байгаа?

-Иргэдийнхээ амьдралын гүн рүү нь харах хэрэгтэй. Нэгэнт л тэднийхээ дуу хоолой болон УИХ-д сууж байгаагийн хувьд би энэ төслийг эрс эсэргүүцэж байна. Өнөө-дөр иргэдийн дийлэнх нь дундаж амьжиргаа руу мөлхөж байна. Түүнээс биш зарим гишүүдийн яриад байгаа шиг тансаг машин унаж уралдах гэсэн тийм сэтгэхүй байхгүй л болов уу. Бололцоотой нэг нь туулах чадвар сайтай машин аваад унаг л дээ. Монголын төрд мөнгө байна. Чадан ядан амьдралаа залгуулж яваа иргэдийн хэрэгцээний унааг нь хааж боож, дарамтлах шаардлага огт байхгүй.

-Машины татвараас өөр нэмэх шаардлагатай татварууд юу байна?

-Төсвийг нэг их наядаар нэмэх боломж байна уу, байна. Нүдэн дээр ил харагдаж байгаа юм биш үү. Ам нээвэл уушиг нээ гэгчээр тэр Таван толгойгоос Шивээ хүрэнгийн боомтоор жилд яг хичнээн тонн нүүрс, төмөр, алт гадагшаа гарч байгааг манайхан мэддэггүй. Уул уурхайн энэ салбарыг хөгжүүлэх маш оновчтой менежментийн тогтолцоо боловсруулах хэрэгтэй. Гадагш зөөгөөд байгаа нүүрс, алт, зэс, жоншноос авах ёстой татвараа яс авч л чадвал ядарсан иргэдийг ингэж хэрэглээгээр нь дарамтлах хэрэг алга. Гаднаас орж ирж байгаа машинаас болоод байгаль, экологи сүйрч байна гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Төсвийн хөрөнгөөр барьсан замыг амархан эвдэлж байгаа, Монголын баялгийг гадагш нь зөөж байгаа 100-200 тоннын даацтай тээврийн хэрэгслээс яагаад өндөр татвар авч болох-гүй гэж. Заавал тээврийн хэрэгслээс татвар авах "хобби" нь хөдлөөд байгаа юм бол сардаа хэдэн зуун сая төгрөгийн ашиг олдог хүнд даацын  машинаас татвар авах нь зөв бус уу. Архи, дарс ч гэсэн тансаг хэрэглээ. Үнэхээр л тансаг хэрэглээг үзэж чадахаа байсан юм бол архи согтууруулах ундааны татварыг нэмж болно.

Ядаж л эрүүл мэндэд тустай.

Тээврийн хэрэгслийн татварыг нэмэгдүүлсэнээр төсөвт арав гаруйхан тэрбум төгрөг орно.Монголын  төр энэ мөнгөтэй ч үүр цайлгана, мөнгөгүй ч үүр цайлгана. Энэ татварыг нэмэгдүүлснээр дэндүү олон хүний амьдралыг хөндөж байна. Гэтэл өнөөдөр ашигт малтмалаас авах татварын хэдэн хувийг нь авч байгаагаа бид мэдэхгүй л сууж байна. Үнэнийг хэлэхэд авах ёстой нийт татварынхаа тал хувийг л авч байгаа байх, өнөөдөр.

-Та энэ төслийг эсэргүүцэж суусаар батлуулах уу?

-Хүнд даацын машинаас өндөр татвар авдаг байх асуудлыг зарим гишүүн ярилцаж байгаа. Намын  бүлэг  дээр  ч  ярьсан. Зарим нь төсөл санаачилна гэж байна лээ. Би бас хамжаад орно гэж бодож байгаа. Тээврийн хэрэгслийн онцгой    албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг Монголын төр цаашид мартах хэрэгтэй.Өөрөөр хэлбэл, иргэд та нар тансаг юм хэрэглээд байна. Тийм учраас энэ тансаг хэрэглээг чинь багасгах болно гэдэгтэй агаар нэг сонсогдож байгаа биз дээ. Төр нь ард түмнийхээ цалин, тэтгэврийг нь нэмээд, нийгэм хамгааллыг нь сайжруулсны дараа энэ асуудлыг ярих нь зөв. Монголын ард түмэн чадалтайдаа гадны хог унаагүй байх гэж боддог.

-Арав гаруйхан тэрбум төгрөг улсын төсөвт орно гэлээ. Тэгэхээр өөрсдийнхөө хариуцлагагүй байдал буюу ашигт малтмалаас авч чадахгүй татвараа ард түмнээсээ авах гээд байна гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм. Ямар ч хяналтгүй, бүртгэлгүй ард түмний баялаг гадаад руу урсаж байна. Би сүүлийн хоёр жил төсөв дээр санал тавиад ерөөсөө дэмжигдсэнгүй. Монголын төр хөдөө аж ахуйг мөнгөөр тордох ёстой. Энэ бол бидний өнөд авч явах ёстой хамгийн том эдийн засаг.

-Тэгэхээр уул уурхайн салбарт ямар бодлого барих ёстой гэж?

-Ерөөсөө л монголын нутаг дээр тухайн нэг жилд хичнээн тонн ашигт малтмал олдворлогдов гэдгийг нарийн гаргах ёстой. Үүнийг л яс бүртгэж сурах хэрэгтэй. Тэгээд түүндээ таарсан татвараа авч байх нь зөв. Үүнийг л ойрын зорилго болгочих. Үүнтэй холбогдуулж эхний ээлжид арван аймагт уул уурхайн бүртгэл хяналтын тусгай албыг аймгуудын Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулах шаардлагатай байна. Өнөөдөр аймаг, сумдын Засаг дарга нар хэний хэн гэдэг хүн тухайн нутагт юу хийж байгааг мэддэггүй. Байгаль орч ны болон мэргэжлийн хяналгын байцаагч нар л хаа нэг очиж шалгалт хийдэг. Түүнээс биш монголын ард түмний хөрөнгө болсон ашигт малтмалыг орон нутагт яг хэн хариуцаад байгаа нь ойлгомжгүй. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Татварын газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам хөдөөд юугаа хянана гэх юм бэ. Орон нутаг эзэнгүй айл шиг л байна. Ийм алба байгуулах асуудлыг мөн л олон удаа ярилаа даа. Эдгээр ашигт малтмалын татвараа  шийдвэрлэж чадахгүй байж аргаа барсан иргэдийн хөл дүүжлэх унаа руу дайрхаа одоо больмоор  юм.

-Тээврийн хэрэгслийн татвар нэмэх төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлснээс хойш машины үнэ өссөн гэх яриа байна. Энэ төсөл яг батлагдах болов уу?
-Моторын багтаамж нь төдөөс  төдийн хооронд тэгж нэмэгдэнэ гэж заагласан болж байна. Түүнийг нь нарийн сайн мэддэг жирийн малчин, ажилчин хун гэж байх ч үгүй. Чи буруу нэмсэн байна гээд ченжүүдтэй маргалдах хүн байхгүй. Угтаа бол машины үнэ хавтгайран нэмэгдэнэ. Энэ хуулийн төсөл бараг л батлагдахаар болчихлоо. Ингэснээр улсын төсөв нэмэгдээд сайжрах нь юу л бол. Иргэд л хохироод үлдэнэ дээ.
Нийтлэлч
А.Билгүүн
Эх сурвалж
Өдрийн сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.