УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Хуулийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай танилцуулав. Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаандаа дотоод хяналт тавьж, түүний үр дүнгээр бүтээгдэхүүнээ баталгаажуулах үүрэг, хариуцлагыг шинээр хуульчилж байгаа аж. Мөн төрөөс хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийг шинээр томьёолон төсөлд тусгасан байна. 1999 онд батлагдсан Хүнсний тухай хуульд хүнсний хангамж, хүртээмж, тэжээллэг чанарыг хамгаалах, хүн ам зохистой хооллох талаар хэрэглэгчийн эрүүл мэндэд чиглэсэн зохицуулалт бага, харин аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад чиглэсэн үйл ажиллагааны зохицуулалт түлхүү тусгагдсан байдаг боловч хүнсний эрүүл ахуй шаардлагын төвшинд хүртэл хангагдаж чадахгүй байгаа талаар танилцуулгад дурдлаа. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан.

"Дэлхийн өлсгөлөнгийн атлас"-т Монгол Улсын хүн амын 36 хувь нь ядуу, хоол, хүнсний асуудалтай байгааг харуулсан байна. Гишүүн Н.Ганбямба "Өнөөдөр манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг гаднаас, тодруулбал урд хөршөөс авч байгаа нь эмгэнэл. Энэ арчаагүй байдлаас гарах цаг болсон. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих талаар хуулийн төсөлд тусгах ёстой. Гаднаас оруулж ирж байгаа хүнсний гарал үүсэл, хугацаа огт байдаггүй. Хүнсний аюулгүй байдал хутганы ирмэг дээр ирчихсэн байна. Иймд хамгийн гол нь хүнсний бүтээгдэхүүнд дэлхийн стандартыг мөрдүүлэх нь чухал" гэлээ. Мөн гишүүн Г.Баярсайхан "Дэлхий нийт химийн болон генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж байна. Гэтэл хуулийн төсөлд генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэх заалт оруулжээ. Энэ хэр оновчтой юм бэ. Нано технологийн хүнсний хэрэглээг дэлхий нийтэд дөнгөж таньж эхэлж байхад бид хэрэглэх гээд явж байгаа нь зөв үү" хэмээв. Хуулийн төсөлд генийн өөрчлөлттэй хүнсийг үйлдвэрлэх, худалдах, импортлох, түүгээр үйлчлэхийг хориглоно гэж заажээ. Харин нано технологиор үйлдвэрлэсэн хүнсийг урьдчилсан лабораторид оруулж аюулгүй байдлыг хангасны дараа хэрэглэж болохоор төсөлд тусгажээ. Гишүүн Д.Балдан-Очир "Бид сүүлийн 20 жил Орос, Хятадын агуулахад хадгалагдаж чанараа алдсан хүнсний бүтээгдэхүүнээр ард түмнээ тэжээж ирсэн. Захын монгол хүний элэг, дотрыг эхо-гоор үзэхэд ямар гарах нь ойлгомжтой" хэмээв.
Эх сурвалж: Зууны мэдээ
М.Цэцэг
| Д.Балдан-Очир: Шөвөгт үлдчихээд түрүүлчихлээ гэж хөөрцөглөхтэй л адил | Д.Балдан-Очир:120 тэрбум төгрөгөөр танах боломжтой |
|---|


