5 сарын 22
  • batbold01
  • batbold02
  • batbold04
  • batbold03
  • batbold05

Су.Батболд:Парламентыг хоёр танхимтай болгох төслийг өнөө маргаашгүй өргөн барина

Уншсан: 546 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн Су.Батболдтой ярилцлаа.
-Засаг даргыг шат шатны хурлаас нь нэр дэвшүүлж, харьяалах дээд шатны Засаг дарга нь томилох тухай Үндсэн хуулийн заалтад өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын нэлээд олон гишүүн санаачилжээ. Өөрөөр хэлбэл, сумын Засаг даргыг иргэд нь сонгодог байхаар өөрчлөлт оруулахаар санаачилсанд Та шүүмжлэлтэй хандаж байгаа бололтой. Энэ сэдвээр ярилцлагаа эхэлье.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа нэлээд сайн судалгаанд үндэслэн, үндсэн үзэл баримтлалтай нь уялдуулах ёстой. Өөрөөр хэлбэл, цаг үеийн шаардлагаар гарч ирсэн зарим бэрхшээлийг шийдэх замаар элдэв өөрчлөлтийг хийж хэрхэвч болохгүй.

Ер нь Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг нэлээд алсыг харж хийх ёстой. Нэр бүхий нэлээд олон гишүүний санаачилсан төслийн тухайд энэ нь хууль тогтоомжтойгоо хэр нийцэж байгаа юм бол

. Манай Үндсэн хуульд орон нутгийн удирдлагын тогтолцоог хосолмол байхаар хийж өгсөн. Нэг талаас өөрөө удирдах ёсны байгууллага буюу нутгийн иргэд нь асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, нөгөө талаас төвийн томилгоо буюу төвийн төлөөлөгчийг суулгах байдлаар зохицуулалт хийсэн. Энэ нь ч хамгийн оновчтой хувилбар. Үүнийг бүхэлд  нь  өөрчлөхөөр оруулж ирсэн байгаа нь нэгдмэл улсын хувьд мээрийн буюу нийт иргэдээсээ мээр буюу захирагчийг сонгодог тогтолцоо тохирох уу гэсэн асуултыг бий болгож байгаа юм. Улс орны аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил, уул уурхай дагасан сонирхол бий болж байгаа энэ үед орон нутаг дахь засаг төрийн төлөөлөл хийгээд орон нутгийн иргэдийн оролцоог зохистой хэмжээнд бус харин ч хэт нэг талыг дөвийлгөсөн байдлаар харж болохгүй.

-Төсөл санаачлагчдын зүгээс юуг үндэслэл, шаардлага болгон ийм хувилбар дэвшүүлсэн юм бол.Тэдний хэлж байгааг ул суурьтай харж үзэв үү?

-Хоёр зүйл ярьж байгаа. Нэгдүгээрт, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь цөөн хэдэн хүний хуйвалдаанаар  Засаг дарга гэх хүнийг тавьдаг. Үндсэндээ сумын Засаг дарга орон нутгийн хурлын 21 хүний барьцаанд байдаг хүн болж хувирсан гэж хэлээд байгаа юм. Нэг талаас нь харахад тийм байдал ажиглагдаж байгаа. Гэхдээ энэ бол ҮндсЭн хуультай холбоогүй. Ерөөсөө л бидний үйл ажиллагаатай холбоотой. Нөгөө талаас орон нутгийн сонгуульд улстөрийн намуудыг оролцуулахгүй байвал яасан юм бэ, төрийн бус байгууллага, эсвэл иргэд өөрсдийнхөө асуудлыг тодорхойлдог байх ёстой гэсэн байдлаар хандаж байна. Гэтэл Монгол дахь төрийн бус байгууллагууд чиглэлийнхээ дагуу жинхэнэ утгаараа хөгжихгүй байгаа шүү дээ.    Ихэнх төрийн бус байгууллагууд улстөржсөн  эсвэл хэтэрхий жижиг эрхашгийн төлөө нэгдсэн байдаг. Үүнтэй холбогдуулан хэлэхэд, энд намуудын гүйцэтгэх үүргийг үгүйсгэж болохгүй. Улстөрийн нам бол хүмүүс нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх зохион байгуулалтын дээд хэлбэр. Монголд намын зохион байгуулалт байгаа нь төрийн тогтвортой байдлыг бий болгож байгаа. Тэгэхгүй бол удам угсаа, яс үндэс, жалга довоороо нэгдэх замыг нээгээд өгнө шүү дээ. Намуудаас болж орон нутагт улстөржих энэ мэт шүүмжлэл гарч байгааг ч үгүйсгэх аргагүй.

-Тэгвэл Үндсэн хуульд гар хүрэхгүйгээр энэ гажуудлыг хэрхэн засаж залруулах ёстой гэж?

-Орон нутгийн хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сонгогдсон хүмүүсийг чадавхжуулах, төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх чадварыг дээшлүүлэх хэрэгтэй. Мэргэжлийн холбоод нь төлөвшчихсөн бол орон нутгийн сонгуульд оролцуулахад болохгүй зүйлгүй. Мөн намуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, цэвэршүүлэхэд анхаарах ёстой. Шаардлагатай гэвэл тодорхой хэсэгт намуудыг, үлдсэн хэсэгт нь мэргэжлийн холбоодыг нэр дэвшүүлдэг байж болно.

-УИХ-ын сонгуулийн хуульд намыг дугуйлж сонголт хийх боломж олгосон нь намыг боловсронгуй болгох, цэвэршүүлэх тийш хийж байгаа нэг алхам байж чадах уу?

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөхтэй холбогдуулан яригдсан нэг гол зүйл нь улстөрчдийн хувийн тоглолтыг тодорхой хэмжээнд хязгаарлах зайлшгүй шаард-лага байгаа явдал. Өнгөрсөн жилүүдийн улстөрийн амьдралыг харахад манай парламентын үйл ажиллагаа хэт бие даасан 76 улстөрчийн тоглолтоос бүрдэж ирсэн. Парламент бол улстөрийн намуудын засгийн эрхийн төлөөх тэмцлийн дүнд байгуулагдаж, ялсан нам нь бодлогоо хэрэгжүүлдэг институт. Эндээс намын бодлого гэсэн ерөнхий том зүйлд баригдаж ажиллах нь зайлшгүй чухал болж байгаа юм. Тиймээс ч тэрхүү пропорциональ хүчин зүйлийг оруулсан. Пропорциональ хүчин зүйлийг оруулж, намуудын босгыг таван хувиар тавьсан нь улстөрийн намууд парламентад орж ирэх бололцоог хангаж байгаа хэрэг. Намууд гудамжинд биш улстөрийн тавцанд үйл ажиллагаагаа явуулах нь   зүйтэй.  Шинэ хууль бол энэ тал дээр нэлээд зөөлрүүлсэн хууль. Хоёр нам голлон явж ирсэн өнгөрсөн 20 жилийн тогтолцоог задалж парламентад олон жижиг намууд орж ирэх бололцоог нээж байна гэсэн үг.

-Дээр ярьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг хамт явуулах тухай хуулийг зайлшгүй эргэж харах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх гишүүд ганц нэгээр тогтохгүй байна. Энэ тухайд Та ямар байр суурьтай байна вэ?

-Хэд хэдэн хүчин зүйлээс . шалтгаалан хамт явуулах боломжгүй. Нэгдүгээрт, энэ хоёр бол онолын хувьд өөр сонгууль. Нөгөө талаас хүн хүч, техникийн, хувьд хамт явуулах бололцоо байхгүй. Цаг хугацаа хэмнэж, дахин дахин сонгууль явуулахаас халшраад байгаа ч одоохондоо манай оронд сонгууль явуулах хөрөнгө мөнгө дутагдах зүйл байхгүй шүү дээ. Тэгээд ч сонгуулийн үр дүнтэй холбоотой маргаан гарвал засаглалын хомсдол үүснэ.

-Гэхдээ л энэ хуулийг дөнгөж өмнөх парламентын үед л баталсан шүү дээ.

-2008 онд сонгууль дөхсөн байхад хөрөнгө мөнгө хэмнэдэг хүмүүс болох гэж АН-ын нөхдүүд шахаж байгаад л энэ хуулийг баталчихсан шүү дээ. 2012 он хүртэл "сүх далайтал үхэр амар" гээд баталчихсан байх л даа.

-Сонгуулийн тухай ярьсных УИХ-ын сонгуулийн шинэхэн хуулийн талаар асуухгүй өнгөрч боломгүй нь. Таны хувьд энэ хуулийн хамгийн авууштай нь юу вэ?

-Холимог системийг оруулж. ирснээр  агуулгын хувьд нэлээд сайн өөрчлөгдсөн.Гэхдээ тогтолцооны хувьд сонгодог утгаар нь үндсэн хоёр тогтолцоог авах ёстой байсан юм. Тогтолцооны хувьд хамгийн сайн, Монголд тохирохыг нь авч чадсан уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ бол Монголд л зориулсан шинэ хувилбар. Тиймээс сонгуулиас ямар үр дүн гарахыг хэлж мэдэхгүй юм. Хоёрдугаарт, сонгууль будилаантуулахад ногдуулах хариуцлагын заалтуудыг сайн оруулсан. Энэ нь сонгуулийг шударга явуулахад нэлээд ахицтай зүйл болсон.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэд хэдэн төсөл яригдаж байна. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд Таны байр суурийг сонирхвол?

-Үндсэн хуулийг тодорхой хэмжээгээр засаж сайжруулах шаардлага байгаа. Энэ чинь 20 жилийн өмнөх нийгмийн амьдралын өөрчлөлт, хурдцыг мэдрээгүй баталсан хууль шүү дээ.

Гэхдээ гол агуулга, зарчмыг нь авч үлдээд, зарим зарчмын шинжтэй өөрчлөлт хийх нь зүйтэй.

Миний хувьд Монгол Улсын парламентыг хоёр танхимтай болгох ёстой гэж үздэг. Парламентын засаглалыг төгөлдөржүүлж, боловсронгуй болгохын тулд хууль тогтоох байгууллагыг хоёр танхимтай болгох нь зүйтэй. Одоогийн нэг танхимтай, 76 гишүүнтэй парламент үүргээ гүйцэтгэсэн. Энэ тухай хуулийн төслийг өнөө маргаашгүй өргөн барина.

Нийтлэлч
Б.Номин
Эх сурвалж
Монголын үнэн
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад