УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Перси Вачата Мисикаг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Я.Батсуурь УИХ өнөөдөр “Хүнсний тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлж байгаа бөгөөд органик хүнсний бүтээгдэхүүн, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг уг хуулийн төсөлд тусгах нь чухал байгааг тэмдэглэв. Энэ асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Монгол Улсынхаа өнөөгийн нөхцөл байдлыг ноён П.В.Мисикад танилцуулахдаа уул уурхайн салбараас улсын төсөвт орж буй орлого бол тодорхой хугацаанд орох тогтвортой бус орлого тул уг салбараас илүү тогтвортой орлого олох боломжийг олох нь чухал болохыг онцолсон юм.
Ноён П.В.Мисика “Сүүлийн жилүүдэд ор
ганик хүнсний бүтээгдэхүүний зах зээл эрчимтэй хөгжиж, жилд таван тэрбум долларын өсөлттэй явж байгаа. “Organik Monitor” байгууллагын мэдээлснээр бол 2007 онд дэлхийн хэмжээнд органик хүнсний бүтээгдэхүүний худалдаа 40 тэрбум долларт хүрч байжээ. Дэлхийн хүн ам болон эдийн засгийн эрчимтэй өсөлттэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний хомсдол бий болох эрсдэл нүүрлэж буй өнөө үед байгальд ээлтэй, тогтвортой орлогын эх үүсвэртэй болох асуудал эн түрүүнд тавигдаж байна. Ийм нөхцөлд органик хүнсний бүтээгдэхүүний талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож тогтвортой, байгальд ээлтэй бөгөөд уул уурхайн салбараас ч илүү их орлого олох боломж бидэнд байгаа юм” хэмээн ярилаа.
Хоёр тал энэ асуудлаар харилцан санал солилцож, хамтран ажиллахаар болов.
| Дунд насныхны хөдөлмөрлөх эрхийг хамгаална | “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласны 20 жилийн ой болно |
|---|





