5 сарын 23
  • batsuuri_ya01
  • batsuuri_ya_blic_02
  • batsuuri_ya02
  • batsuuri_ya03
  • batsuuri_ya04

Я.Батсуурь:Бид асуудлыг хурцаар гаргаж тавиагүй бол засгийн газар нефть импортлогчдод татаас өгөх байсан

Уншсан: 378 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн Я.Батсуурьтай ярилцлаа.
-Нефтийн импортод төрийн монополийг тогтоох асуудал сүүлийн үед иргэдийн анхаарлыг татаж байгаа. Та үүнийг дэмжсэн байсан. Ингэх зайлшгүй шаардлага байгаа юу?

-Ер нь төр оролцох зайлшгүй шаардлага гарч ирж байна л даа. Уг нь олон компани импорт хийдэг, үйл ажиллагаагаа ил тод явуулдаг байсан бол төр заавал оролцох шаардлагагүй. Гэвч нэгэнт цөөхөн компанид монополь эрх олгосон учраас энэ салбарт чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг явуулж болохгүй. Энэ хэдэн компаниуд цаашдаа хуйвалдаж үнээ нэмээд байх юм бол импортыг төр мэдэлдээ авч, хувийн хэвшлийнхнээр жижиглэн худалдааг нэг үнээр хийлгэдэг болох шаардлагатай. Ингэснээр тэдний өмч хөрөнгөд огтхон ч халдахгүй. Юу ч хурааж авахгүй. Зөвхөн импортоор оруулж ирээд эдгээр компаниудад нэг үнээр зарах юм.

-Стратегийн чухал бүтээгдэхүүний импортоо хувийн хэвшилд даатгасан улс орон хэд байдаг бол. Ийм практик ер нь байдаг юм уу?

-Уг нь заавал төр оролцох шаардлагагүй. УИХ-аас гаргасан үндэсний   нефть   боловсруулах үйлдвэр байгуулах тогтоолд ч төрийн мэдлийнх биш төрийн өмчийн оролцоотой байхаар тусгасан байгаа. Гэвч олон нийтэд ил тод үйл ажиллагаа явуулдаг, шударга, нээлттэй компани энэ салбарт их цөөхөн байна л даа. Энэ нь манай хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай холбоотой. Хэрвээ Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд ахиц дэвшил гараад, Лондонгийн биржтэй нийлж шинэчлэл өөрчлөлтөө хийж, олон нийтийн нээлттэй компани байгуулагдах юм бол төр оролцохгүй байж болно. Одоохондоо ийм бололцоо байгаа учраас л төрийн оролцоо гэж яриад байгаа юм.

-Орон нутагт нефть бүтээгдэхүүний үнэ харилцан адилгүй байна гэсэн гомдол байнга гарах боллоо?

-Тийм ээ. Жишээ хэлье. Дорноговь аймагт шатахууны үнэ бусад аймгуудтай харьцуулахад өндөр байгаа. Сайншандад нэг литр шатахуун 1850 төгрөг байхад Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 1750 төгрөгөөр зарагдаж байх жишээтэй.

Импортоор оруулж ирсэн шатахууныг Сайншанд дээр буулгаад бусад аймгууд руу цистернээр зөөж аваачдаг.

Гэтэл нефть импортлогчид Дорноговиос хамаагүй хол Өмнөговь аймагт байгаа уул уурхайн компанид шатахуунаа хэрэглэгчдэд зардгаасаа 100 орчим төгрөгөөр хямдхан худалдаж байна. Тээврийн зардлаа тооцох юм бол уг нь Өмнөговийн шатахуун үнэтэй байх ёстой биз дээ. Оросоос төмөр замаар авч ирж, Сайншанд дээр буулгаад цааш нь автомашинаар 500 км зөөсөн бензин тэгж хямдарч болж байгаа юм шүү дээ.

-Бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь худалдаж авбал хямдардаг ёс бий. Ихээр нь худалдаж авдаг болохоор тэгдэг юм болов уу?

-Нефть импортлогчид уг нь жижиглэнгийн зах зээлд үнээрээ өрсөлдөх ёстой. Гэтэл жижиг хэрэглэгчдэд үнээ хямдруулахгүй том худалдан авагчдыг татахын тулд хоорондоо өрсөлдөөд үнээ тэгж буулгаж байгаа юм. Том хэрэглэгчдэд бөөнөөр хямдхан зарсан ч ашиг олж байна гэдэг чинь жижиг хэрэглэгчдэд ч үнээ хямдруулж зарах боломж байна л гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, том хэрэглэгчдийг татахын тулд өрсөлдчихөөд жижиг хэрэглэгчдэд болохоор үнээрээ өрсөлдөхгүй байна. Энэ буруу. Монополь тогтсоны нэг шинж. Тиймээс энэ асуудлыг ойрын үед Засгийн газарт оруулж, судлуулж, үнэхээр тогтоогдох юм бол Дорноговь, Говьсүмбэр аймгийн хэрэглэгчдэд эдгээр нефть импортлогч компаниудаас нөхөн олговор олгуулах асуудлыг гаргаж тавина.

-ОХУ шатахууны экспортоо зогсоосны дараа УИХ-аас Засгийн газарт Петро Чайна Дачин Тамсаг компанитай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулж, БНХАУ руу гаргаж байгаа түүхий нефтийн тодорхой хэсгийг бэлэн бүтээгдэхүүнээр эргүүлж авдаг болох үүрэг өгсөн. Биелэгдээгүй байна. Боловсруулах үйлдвэр байгуулах ажил цаг их авдаг байж болох юм, харин гэрээг өөрчлөх зэрэг ажлыг бол шийдэх хангалттай хугацаа өнгөрлөө?

-Тамсаг, Зүүнбаянгийн сав газраас багагүй хэмжээний нефть олборлож БНХАУ-ын хоёр компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ашиглаж байгаа. Энэ гаргасан нефтийн өөрт ноогдох хэсгийг шатахуун болгож оруулж ирэх боломж бий.

Харамсалтай нь Засгийн газар энэ асуудалд маш хөшүүн хойрго ажиллаж байна.

Үйлдвэр байгуулах үүргийг ч гэсэн өгөөд олон жил хангалттай олон жил болсон. Ажил хэрэг болоогүй. Тиймээс энэ асуудлаар Засгийн газартай нэлээд хатуу хариуцлага тооцох шаардлагатай. Эхнээсээ хариуцлага алдсан дарга нарыг халлаа. Энэ бол нэг нааштай алхам. Цаашдаа нэлээд шахаж, шаардаж, энэ ажлыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай байна.

-Нефтийн импортыг төр мэдэлдээ авлаа гэж бодоход оруулж ирсэн шатахуунаа хаана хадгалах вэ?

-Ер нь улсын төсвөөс ахиухан хөрөнгө гаргаад нөөц бүрдүүлэх өөрийн гэсэн савтай болъё гэсэн асуудал олон жил яригдаж байгаа. Энд 50-60 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн төсөв тооцоо гарчихсан байдаг юм. Энэ асуудлыг хурдан шийдэх шаардлагатай. Гэхдээ сав бариагүй ч байсан төр шатахуунаа импортолж оруулж ирээд хувийн хэвшлээр дамжуулж худалдах бүрэн боломжтой.

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө нефть импортлогчдод жилийн орлогын 10 тэрбум төгрөгийн торгууль ногдуулах шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг харахад үгсэн хуйвалдаж үнээ үндэслэлгүйгээр огцом нэмэгдүүлсэн нь тогтоогдсон юм байна гэж ойлголоо. Таны хувьд 10 тэрбум төгрөг гэдэг хэр бодитой тоо вэ. Салбарын сайд  албан тушаалтнууд Эдийн засгийн байнгын хороонд мэдээлэл өгөх үеэр та нэлээд хатуу байр суурь  илэрхийлж байсан?

-Санаж байгаа бол, 2008 онд бас саяынхтай төстэй явдал болж байсан шүү дээ. Оросын тал үнээ нэмчихлээ  гэхэд нь Засгийн газар тэвдэж сандраад үнээ нэг хэсэг хямдруулаач гэж улсын төсвөөс 9.9 тэрбум төгрөгийг нефть импортлогчдод тарааж байсан. Сонгууль дөхчихсөн байсан учраас. Гэтэл тэд мөнгө авчихаад үнээ хямдруулаагүй юм. Энэ явдал давтагдах нь гэж хардсан юм. Гаалийн татвар, онцгой албан татварыг тэглэсэн, ам.долларын ханшийг барих бололцоо байсаар байтал тодорхой арга хэмжээ авахгүй байсаар даамжруулсан болохоор ингэсэн хэрэг. Хэрвээ бид асуудлыг ингэж хурцаар гаргаж тавиагүй бол түүх давтагдаж, Засгийн газраас дахиад 10 тэрбум төгрөг гаргаж нефть импортлогчдод олгох байсан. Тэгээд тэр мөнгөө сонгуульд ашиглана. Ойрын үед тийм арга хэмжээ авч ч магадгүй.

-НӨАТ-ыг чөлөөлөх асуудал яригдаж магадгүй гэж байсан...

-Онцгой албан татвар, импортын татварыг тэглэсэн байгаа шүү дээ. Би бол ингэх шаардлагагүй гэж бодож байна. Яагаад гэвэл нефть импортлогч компаниуд тэртэй тэргүй хангалттай их ашиг олж байгаа.Дээр нь саяын энэ үнэ өссөн явдал хуйвалдааны шинжтэй,үгсэн хуйвалдсан гэж үзэж байна.Тиймээс нефть импортлогчидтой хатуу ярих шаардлагатай.Ард түмнийг хэтэрхий шулж байна шүү дээ.

-Шатахууны бизнес хамгийн ихдээ 4-6 хувийн ашигтай байдаг, гэхдээ яг одоо бол ашиггүй байгаа гэж ГТХЭГ-ын дарга асан Ж.Амарсайхан ярьж байсан?

-Тийм л бол бүх юм ил тод байх ёстой шүү дээ. Импортоор авч байгаа үнэ, тээвэрлэлтийн зардал, татварууд, үйл ажиллагааны зардал энэ бүгд ил тод байх ёстой байхгүй юу. Үнэхээр их ашигтай байдаг болохоор л эд нар мэдээллээ нууцлаад байгаа юм. Уг нь бол нуугаад байх ямар ч үндэс байхгүй шүү дээ.

-Ил тод болгохын тулд яах ёстой юм бэ?

-Нефть импортлогчид шатахууны үнийг нэмсний дараа Ж.Амарсайхан дарга зурагтаар "Ер нь нефть импортлогч компаниудын ашгийг ил тод болгоно, хэвлэл мэдээллээр зарлана" гээд ярьж л байсан. хийхгүй л юм байна.

-УИХ энэ ажил оролцох боломжгүй юу?

-УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг "Ажлын хэсэг аж ахуйн нэгжийг шалгахгҮй" гэсэн хуулийн заалтаас болоод оролцох ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Тиймээс Засгийн газраа л шахаж шаардаж ажиллахаас өөр аргагүй.

Нийтлэлч
Х.Батсайхан
Эх сурвалж
Монголын мэдээ
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.