5 сарын 23
  • batsuuri_ya01
  • batsuuri_ya_blic_02
  • batsuuri_ya02
  • batsuuri_ya03
  • batsuuri_ya04

Я.Батсуурь:Иргэдэд 1072 ширхэг хувьцаа олгох тогтоолын төслөө батлахгүй бол Төсвийн хууль зөрчигдөнө

Уншсан: 324 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсууриас дараах тодруулгыг авлаа.
-Та "Эрдэнэс-Тавантолгой" компанийн нийт хувьцааны арван хувийг аж ахуйн нэгжид өгөхөөр төлөвлөснийг өөрчилж, иргэдэд 1072 ширхэг хувьцаа олгох тогтоолын төсөл санаачилж хэлэлцүүлэхээр болсон. Энэ төслийн хэлэлцүүлэг ямар шатандаа явна вэ?

-"Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн. Д.Одбаяр гишүүн бас миний санаачилсан төсөлтэй нэг агуулгатай тогтоолын төсөл санаачилсныг хэлэлцэхээр болсон.

Энэ хоёр тогтоолын төслийг нэгтгээд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оруулахаар ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа.

Ажлын хэсгийн ажил нэлээд удаашралтай байна. Уг нь энэ тогтоолын төслийг ойрын хугацаанд батлах шаардлагатай. Яагаад гэвэл, 2012 оны төсвийн тухай хуульд Тавантолгойн хувьцааны 1072 ширхгийг нь иргэдэд олгохоор тусгачихсан байгаа. Засгийн газрын гишүүдийн ярьж байгаагаар бол хоёрдугаар сарын 1-нээс өмнө олгож эхлэх юм билээ. Уг нь эхлээд тогтоолын төслөө өөрчлөн баталчихаад Төсвийн тухай хуульдаа иргэдэд 1072 ширхэг хувьцаа олгох тухай суулгах байсан юм. Зохицуулалтын хувьд ийм алдаатай зүйл болсон.

-Төсвийн тухай хуульд иргэдэд 1072 ширхэг хувьцаа олгохоор тусгачихсан болохоор тогтоолын төслийг хэлэлцээд аж ахуйн нэгжид өгөхөөр төлөвлөсөн хувьцааг иргэдэд олгохыг дэмжих шийдвэр гаргах нь ойлгомжтой гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Хэрвээ гишүүн Д.Одбаяр бид хоёрын санаачилсан тогтоолын төслийг батлахгүй бол Төсвийн тухай хууль зөрчигдөнө.

-УИХ-ын цөөнгүй гишүүн аж ахуйн нэгжид хувьцаа олгохыг дэмжиж, таны санаачилсан төслийг эсэргүүцэж байсан. Тэр* хүмүүс одоо ямар байр суурьтай байгаа бол?

-Тэд одоо ямар байр суурьтай байгааг хэлж мэдэхгүй. Засгийн газар бидний санаачилсан хуулийн төслийг анхнаас нь дэмжсэн. Ер нь энэ тогтоолын төсөл батлагдана гэж бодож байна. Батлахаас ч өөр арга байхгүй.

-УИХ-ын чуулганаар хэлэлцээд батлахгүй бол Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй гэж ойлгож болох уу?

-Болно. Төсвийн тухай хуульд "Эрдэнэс-Тавантолгой" компанийн нийт хувьцааны 1072 ширхгийг иргэдэд олгохоор тусгачихсан байгаа. Хувьцаа авахаас татгалзсан иргэдэд сая төгрөгийг нь бэлнээр нь олгохоор тодорхой хэмжээний мөнгө төсөвт суулгачихсан байгаа шүү дээ. Харин бидний санаачилсан тогтоолын төсөл батлагдаагүй тохиолдолд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүснэ.

Нийтлэлч
С.Шийлэгтөмөр
Эх сурвалж
Үндэсний шуудан
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.