УИХ-ын гишүүн Я.Батсуурьтай ярилцлаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Тавантолгойн талаарх УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өчигдөр хэлэлцлээ. Уг асуудлаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Я.Батсуурь хэвлэлийн хурал хийлгэсэн юм. Энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авлаа.
-Таны санаачилсан тогтоолын төслийн гол санаа юу байсан, одоо яг юуг нь өөрчилсөн байна вэ? Энэ талаар тодруулаач.
-Тавантолгой бол Монгол Улсын стратегийн маш том орд. Дэлхийн хэмжээнд тооцогдох баялагтай. Энэ ордыг ашиглах 39 дүгээр тогтоолыг баталсан. Харин энэ 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд хоёр тусдаа төсөл санаачлан өргөн барьж, Их хурлаар хэлэлцүүлсэн. Уг төсөл хэлэлцэх эсэх нь шийдэгдээд УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан хэдэн сараар ажилласан. Өнгөрсөн 7 хоногт бидний санаачилсан хоёр төслийг нэгтгээд нэг төсөл болгон өргөн барилаа.
Их хурлаар анхны хэлэлцүүлэг хийв.
Үүнд миний зүгээс байр суурь өөртэй байгаа. Бидний санаачилсан хувилбар бол иргэдэд олгох нэг сая төгрөгөөс гадна «Эрдэнэс Тавантолгой» ХК-ийн хувьцааны 10 хувийг биш 20 хувийг иргэдэд олгоё л гэсэн үг юм шүү дээ. Гэтэл энэхүү тогтоолын төслийг маань УИХ-аас гарсан ажлын хэсгийнхэн өөрчлөөд «Эрдэнэс Тавантолгой» ХК-ийн 20 хувийг иргэдэд олгохгүй шахам утгатай болгочихсон. Хэрэв хувьцааны 20 хувийг иргэдэд олгохоор болбол хувьцаа эсвэл нэг сая төгрөг авах гэсэн тулган шаардалтыг хийж, миний санаачилсан төслийг танигдахгүй болтол нь өөрчлөн, УИХ-д өргөн барьсан. Тийм учраас би намын бүлэг дээр ярьж, шаардаж байж завсарлага авахуулсан юм. Ямар ч ялгаа, сонголтгүйгээр Тавантолгойн 20 хувь буюу нэг монгол хүнд 1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх байсныг хүний хөгжлийн сангаас олгох нэг сая төгрөгтэй хольж хутган барьцалдуулсан. Ажлын хэсгээс өргөн барьсан тогтоолын төслийн дагуу монгол улсын иргэн бүр Тавантолгойн хувьцаа эзэмшинэ, эсвэл нэг сая төгрөгөө авна гэсэн сонголтыг тулгаж байна. Энэ бол туйлын буруу юм. Хэрвээ ингэж шийдэгдвэл монголын маш олон хүн Тавантолгойгоос хувьцаа эзэмшиж чадахгүй хоцрох нь. Өнөөдөр эдийн засгийн байдал хүнд байна. Иргэдийн орлого бага, бараа бүтээгдэхүүний үнэ өдөр бүр өсөж байна, ядуурал 30,40 хувьтай байгаа үед иргэдийн ихэнх нь нэг сая төгрөгөө авъя гэсэн сонголт хийнэ. Нэг сая төгрөгийг иргэн авчихбал сар хүрэхгүй идэж уугаад л дуусна. Тавантолгойн хувьцааг авбал олон жил үр ашгийг нь хүртэнэ. Орлого багатай нь нэг сая төгрөгөө авч үрнэ. Орлоготой нь хувьцаа эзэмшинэ.-Мэдээж ажлын хэсгийнхэн, гишүүд үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй. Ямар шалтгаанаар эсэргүүцээд байна гэж та бодож байна?
-Нэг сая төгрөгөө л олгож чадахгүй болохоороо ийм арга бодож олоод байна уу даа. Үнэхээр сая төгрөгийг олгох боломжгүй бол үүнийгээ иргэдээ учирлаад уучлалтаа гуйх хэрэгтэй. Түүнээс хүний хөгжлийн сангийн нэг сая төгрөгтэй барьцалдуулж олон хүмүүсийг эх орны баялгаас хувь хишиг хүртэх боломжийг хасаж болохгүй юм.-Хуулийн төслөөр зарим оюутнууд нэг сая, зарим нь 500,000 төгрөгөө авсан байгаа. 500,000 авсан оюутан яах вэ? Тал хувьцаа эзэмших юм уу?
-Үүнийг би байнгын хороон дээр ажлын хэсгээс асууж хариу авсан. Оюутнуудад сүүлчийнх нь 500,000 төгрөгийг өгөөгүй байгаа юм байна лээ. Энэ жил шинээр оюутан болсон нь 500,000-гаа ашиглаагүй байгаа. Аваагүй байгаад нь 500,000-д тохирох санал тавина. Эсвэл сургалтын төлбөрөө өөрөө төлөөд 500,000-даа тэнцэх хэмжээний хувьцаа авч болно гэж санал тавих юм билээ. Энэ бол үнэхээр хүндрүүлсэн асуудал. Оюутнууд төлбөрөө төрөөр даалганаа гээд хамаг мөнгөө үрсэн байгаа. Гэтэл одоо ийм санал гаргана гэдэг оновчгүй буруу юм.
-Өндөр настануудад нэг сая төгрөг олгоно. Давхар дахин хувьцаа олгох ёстой гэж үзэж байна уу?
-Тиймээ. Нэг сая төгрөгийг хувьцаатай холбож болохгүй ээ. Хүний хөгжлийн санд 4 аргаар олгоно гээд заасан байгаа. Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг батлахдаа «оюутан сургалтандаа ашиглана», «бэлэн бусаар орон сууцанд ашиглаж болно», «өвчтэй эмгэгтэй хүмүүс төлбөртэй эмнэлгийн үйлчилгээ авч болно», «нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд ашиглаж болно» гэсэн заалтууд бий. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлэн мөнгөө авбал бас л Тавантолгойгоос хувьцаа эзэмшиж чадахгүй. Ийм маягаар шийдвэл эх орны баялаг шударгаар хувиарлагдахгүй. Аж ахуйн нэгжид 10 хувийг өгнө гэж байгаа. Нэг аж ахуйн нэгжид тооцогдох хувьцааны үнэ өндөр. Сая төгрөгөөр тооцвол 20,30 сая төгрөг болох жишээтэй. Ийм хэмжээний мөнгийг төлөх аж ахуйн нэгж олон биш. Тэгэхээр Тавантолгойгоос том аж ахуйн нэгжүүд, амьдралын боломжтой хүмүүс хувьцаа эзэмшиж, бусад нь нэг сая төгрөгөө авч үрээд хоосон хоцрох нээ.
-Өнөөдрийн чуулганаар эцсийн хэлэлцүүлэг хийгдээд батлагдах байх. Ийм нөхцөлд өөр ямар арга зам байна гэж та үзэж байна вэ?
-Эцсийн хэлэлцүүлэг дээр дахиж үгээ хэлнэ. 3 удаа байнгын хороон дээр хэлсэн. Ерөнхийлөгч рүү л хандахаас өөр арга байхгүй. Олонхоороо дэмжигдээд батлагдвал буруу л тийшээ болно. 90-ээд оны ягаан, цэнхэр тасалбар дээр яг ийм алдаа гарсан. Тухайн үед өмч хувьчлалын зорилгоор ягаан, цэнхэр тасалбарыг иргэдэд тараасан. Тэр үед тасалбарын учрыг олоогүй хүмүүс брокер, бизнесмэнүүд будаа, гурил, шил архиар сольж авсан байдаг. Гэтэл тухайн иргэний ягаан, цэнхэр тасалбараараа өмчлөх, хувьцааг нь эзэмших байсан үйлдвэр аж ахуйн газрууд нэг л өдөр нөгөө тасалбар цуглуулсан хүний гарт орсон. Ингэж иргэд хоосон хоцорсон гашуун сургамжийг давтах гээд байна.
-Танай намын бүлэг ямар байр суурьтай байна. Бүлэгтээ хандсан уу?
-Нэг сая төгрөгийг тусад нь бэлнээр олговол улс орны эдийн засаг даахгүй гэсэн ганц хариултыг ажлын хэсэг өгч байгаа. Энэ дөрвөн жилийн хугацаанд сая төгрөгийг 300, 300-гаар цувуулаад өгөх боломж байсан. Чадахгүй байсан юм бол яах гэж амлалт өгсөн юм вэ? Заавал сонгуулийн өмнө цалин, тэтгэврийг нэмээд, сая төгрөг, Тавантолгойн хувьцаа гээд бүхнийг гэнэт өнөөдөр хийх болоод байгаа нь сонин байна. Ард түмний санамжийг богино гэж тооцоод байгаа юм уу энэ төрийнхөн.
Өмнө нь ийм үйлдэл хийвэл саналаа бидэнд өгнө гэж тооцсон байх.
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар хэвлэлийн хурлын үеэр Я.Батсуурь гишүүнтэй санал нэг байгаа гэдгээ илэрхийлж байв. Тэрбээр «Тавантолгойн хувьцааны асуудлаар олон иргэд санал бодлоо хэлж, захидал болон биеэр уулзаж энэ хувьцааны асуудалд анхаарал тавьж өгөхийг хүссэн. Монголын ард түмэн намуудын амласан нэг сая төгрөгийг авах ёстой. Тавантолгойн хувьцаанаас ч эзэмших эрхтэй. Аль нэгийг сонгох ёсгүй. Хэрвээ энэ асуудлыг ард түмэндээ ашиггүй, хэдхэн бизнеснийхний эрх ашгийн төлөө шийдвэл бид тэмцэх болно.
Нийтлэлч
Д.Сувд
Эх сурвалж
Монцамэ
Д.Сувд
Эх сурвалж
Монцамэ
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Я.Батсуурь: Иргэд хоосон үлдэж, хэсэг хүн Тавантолгойг эзэмшинэ | Я.Батсуурь: АН намайг хавчихгүй байлгүй дээ |
|---|





