gishuun_head_battulga
5 сарын 23
  • battulga_01
  • battulga_02
  • battulga_03
  • battulga_04
  • battulga_05

"Бодлууд" ном

Previous
  • Өмнөх үг

    Өмнөх үг

  • Түмний нэг

    Түмний нэг

  • Урвагч

    Урвагч

  • Брат

    Брат

  • 1911-2007

    1911-2007

  • Т Т = T T

    Т Т = T T

  • Жүүд шиг байя л даа

    Жүүд шиг байя л даа

  • Аварзэдийн авч үлдсэн асгат

    Аварзэдийн авч үлдсэн асгат

  • Зориггүй есөн жил

    Зориггүй есөн жил

  • Мөлжигч хар тамхи

    Мөлжигч хар тамхи

  • Коммунист

    Коммунист

  • Cosa Nostra буюу МАХН-ын бүтэц, үйл ажиллагаанд хийсэн егөө ажиглалт

    Cosa Nostra буюу МАХН-ын бүтэц, үйл ажиллагаанд хийсэн егөө ажигл

  • DZ-man (егөө)

    DZ-man (егөө)

  • Хагарал...

    Хагарал...

  • Төр дэх бригад

    Төр дэх бригад

  • Мэхний их дэлгүүр

    Мэхний их дэлгүүр

  • Яагаад

    Яагаад

  • Баатар-Hero

    Баатар-Hero

  • Яармаг

    Яармаг

  • Вот три дарга аа

    Вот три дарга аа

  • Бид муу эрчүүд

    Бид муу эрчүүд

  • Бид яагаад ядуугаараа үлдэв?

    Бид яагаад ядуугаараа үлдэв?

  • Пүүжээгийн эх орон

    Пүүжээгийн эх орон

  • Харынхан ба цагааныхан

    Харынхан ба цагааныхан

  •  Mexican Corruption System үү, Canadian Development System үү? (MCS, CDS)

    Mexican Corruption System үү, Canadian Development System үү? (MCS, CDS)

  • Таван толгойн бүрхэг ирээдүй

    Таван толгойн бүрхэг ирээдүй

  • Арван дөрөв

    Арван дөрөв

  • Эрийн гурван наадам маань эрчүүд биднийх хэвээрээ юү

    Эрийн гурван наадам маань эрчүүд биднийх хэвээрээ юү

Дараахи

Өмнөх үг

Аавдаа зориулав

Өмнөх үгbattulga_bodluud_book_cover

Уншигч танд толилуулж байгаа ном бол миний сүүлийн жилүүдэд сонин хэвлэлээр нийтлүүлсэн бодол, саналуудын эмхэтгэл юм. Баянхонгорчуудын итгэлийг өвөртлөн дөрвөн жил УИХ-ын танхим суухдаа олж харж, бодож эргэцүүлсэн зүйлсийн нэг хэсэг гэх үү дээ.

Бодлуудаа таньд толилуулж байгаагийн учир утга нь "олуулаа хэлцвэл буруугүй" гэсэн ардын үгийг дагах гэснийх болой. "Миний бодлыг уншигчид шүүгээд, хэлцээд алдаа, оноог заан өөрсдийн бодлыг нэмэрлэбэл бидний хамтын бодлоос заавал сайн үйл төрнө" гэх итгэл, сэтгэлээр энэхүү номыг толилуулж байна.

Дашрамд энэхүү номыг эмхэтгэн гаргахад гүн туслалцаа үзүүлсэн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн С.Ламбаа нарт болон Ардчилал сонины эрхлэгч Ц.Цолмон, Медиатанк групп(Д.Эрдэмбилэг, Р.Батсайхан) нарт талархал илэрхийлье.
Таалал орших болтугай!

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга
Халтмаагийн Баттулга
2008 оны 4 сарын 25
Дэлгэрэнгүй...

Түмний нэг

Түмний нэг

80 жилийн өмнө

tumnii_neg

Цасан шуурга. Хээрийн шинжилгээний ангийн майханд германы хоёр геологич ярилцана. Нэг монгол ажиглана. Рудольф гэх геологич “Би дотроо эд нарыг их өрөвдөх юм. Хүмүүс нь малаасаа тун бага ялгаатай. Хүмүүс нь малынхаа үсийг дотогшоо харуулж өмссөн, малынх нь үс гадагшаа чиглэснээрээ л ялгагдах байх” гэж айлдав. Макс хэмээх нөгөө герман нь үүнийг зөвшөөрсөн ч “Уг нь их л зориг тэвчээртэй улс” гэж өмөөрөх аядав. Гэвч 1920 оны монгол орныг бодитойгоор харж байсан хүйтэн ухаант Рудольф(зөнч гэмээр) “Тийм байсан гэх ул мөр ч алга. Мохож гүйцэж дээ. Газрын баялаг ихтэй нь мөн ч сайхан юм. Хөгжитлөө хол байна. Улсыг нь улс шиг, хүнийг нь хүн шиг болгоё гэвэл 100 жилийн идэвхтэй ажил хэрэгтэй. Идэвхтэй шүү !” гэсэн лут дүгнэлт хийнэ. Макс “Нэг сэргэж сэхээд авбал хол явна шүү”. Рудольф: - үндэсний үзлийг нь сэргээж нүднийх нь галыг ноцоож өгөх хэрэгтэй. (яриаг нь хардангуй сонсох монгол руу харангаа) Чи энэнийг хардаа, тэмээний нүд шигээ амгалан царайлсныг харж байна уу?

Тэдний яриаг ажиглаж суусан Чимэд хэмээх хөдөөх эрд хэдий үгийг нь ойлгоогүй ч “монголыг муулаад байна” гэсэн хар төржээ.

“Түмний нэг” гэж монгол кино ингэж эхэлдэг. Уг киноны зохиолыг бичсэн Л.Ванган, найруулсан Д.Жигжид нар монгол орны төлөв байдлыг гярхай ажиглаж, ёгт маягаар харуулсан нь энэ. Маш хатуу цензурыг даван нийтэд хүрсэн ч, ком-мунист үзэлд нэвт идэгдсэн монголчууд зохиолч, найруулагчийн ёгт санааг ойл-госонгүй. “Новшийн” германы үгийг тунгаахыг ч хүссэнгүй. Гашуун нь германы үг үнэн байж. 1962 онд бүтээгдсэн уг киноны уран бүтээлчдэд урлагийн хүний зөн мэдрэмж төгс байсан гэлтэй. Бүрэн дунд боловсролын гэрчилгээгүй хирнээ Д.Жигжид найруулагч тэр балар цагт эх орныхоо ирээдүйд санаа зовж, ёгтлон дүрсэлж байсныг өчнөөн сургууль соёл дүүргэсэн “мэргэн” удирдагчид одоо ч төсөөлж, сэрж чадахгүй байна.

Өнөөдөр геологич Рудольфын зөгнөж хэлсэн хугацаа дуусах дөхжээ. 87 жил өнгөрөхөд гавьтай өөрчлөлт гарсангүй. Одоо ч гадаадынхан ирж газрыг нь онгичсоор ба шинэ үеийн Чимэдүүд тэдэнд газарчилсаар... Үстэй дээл, тэмээн хөсгийн оронд аяны хүрэм хөдрөн, уулын гутал жийж, бас ч үгүй жип хөлөглөжээ. Шинэ үеийнхэн Чимэд багшийг бодвол гадаад яриаг хальт ойлгох тул цаадуул нь ил муулахгүй. Чимэдүүдийн хардах сэтгэл 20 оныхоо хэвээр үлдсэн агаад авууштай нь хэдэн жил болоод улс нь хөгжихийг өөрсдөө мэдэмхийрээд зарлачихтайгаа болжээ. Тэр цагт ч, одоо ч газрын баялгаа өөрсдөө ашиглаж эс мэднэ, эс чадна. Гадныхан ирж ингэж, тэгж гийгүүлье гэх ба монголчууд нь тэднийг бас өөрсдийгөө хардсаар “алтан дээр сандайлсан гуйлгачин” гэж цоллуулсаар...

Стратегийн орд газар

УИХ дахь АН-ын зөвлөл “Монгол улс стратегийн 21 орд газартай юм байна, энэ жагсаалтыг баталъя” гэхэд МАХН-ын бүлэг “үгүй, 16 стратегийн орд байгаа” гэж мэтгэнэ. “Мэргэн” Ерөнхийлөгч хажуугаас нь 21 ч биш, 16 ч биш 49 байх ёстой гэж лүндэгнэв.

Аль аль нь ахиухан орлого олох уурхайг л стратегийн орд гэж тодорхойлоод байх шиг. Бага орлоготой мянган уурхай нийлээд стратеги биш үү? Стратегийн бус юм гэж энэ улсад байх уу?

1989 онд 84 мянга гэж тоологдож байсан бугын сүрэг стратегийн гэдэг тодорхой-лолтонд багтаагүйн улмаас эдүгээ 5 мянга хүрэхтэй үгүйтэй болжээ. Талаар нэг тарвалзаж байсан тарвага хэмээх 6 дахь “мал” маань улаан номонд орохдоо тулав. Арын сайхан хангайд арзайж ургадаг самар “стратегийн бус” байснаас шуналын түймэрт өртөж мөнх ногоон хушин ой сөнөж байна. Газар нутгийнх нь 10 хүрэхгүй хувь нь ойгоор бүрхэгддэг Монгол Улсад ширхэг мод ч стратегийн ач холбогдолтой санагдах юм. Гэхчлэнгээр тэмээний таваг идэх гэсэн дотор хүний хүслийг гүйцээхээр тэмээ¬гээ хядлаа. “Ноолуур үнэтэй авна” гэсэн зараар ямаагаа өсгөж, бэлчээрээ барлаа. “Нүүрс авна“ гэсэн үг урдаас шидэх төдийд уралдан лицензийн наймаанд хошуурч байна. Бүгд л хөршөөс чиглүүлсэн стратегийн бодлогын золиос.

Бидний стратегийн бус гэж үзсэн бүхэн хөршид маань стратегийн ач холбогдолтой. Монгол самраар тэрбум хятад дутах нь юу л бол. Гаалиар амь өрсөн байж нэвтрүүлсэн тавин тонн самар нь хөөрхий, ганц өдөр Бээжингийн метронд зарагдаад дуусах биз. Тарваганы арьс нөмөрсөнгүй гээд хятадуудын амьдралд өөрчлөлт орох уу. Бугын чив, эвэргүйгээр тэд үхэх үү. Асуудлын гол нь монголын баялаг шавхагдаж, үр дүнгүй үрэгдэхэд байгаа ч юм шиг.

Гадныхан аль эртнээс монголын баялгийг стратегийн нүдээр харж байсныг дээр дурдсан кинон дээр бас дүрслэн үлдээжээ. Монголчууд нь германуудыг “Хаа холоос чулуу түүх гэж ирээд түвэг уддаг хүмүүс” гэж тодорхойлох зуур герман эр Макс монгол хэлийг гүнзгий судалж “хярамцаг” гэж үг ямар утга илэрхийлээд байгааг асууж шалгаана. Энэ байдлаас нь германууд алс хэтийн зорилго өвөртөлж байсан нь тодров. Берлинээс ирсэн факст бодит байдлыг тов тодорхой өгүүлжээ. “Яаралтай нутаг буц. Наадуулын чинь шилж авсан зам нь хувьсгал, тулж түших орон нь Орос боллоо. Оросыг дагаад яах л бол доо?”

Гэнэт тодорсон стратегич

Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн намар НҮБ-ын чуулганд оролцож ирээд нэгэн сүрхий мэдэгдэл хийлээ. “Монгол улс хөгжлөөрөө дэлхийн улсуудаас 150-р байранд явж байна” гэдгийг Нью Иоркт очоод л мэдсэн юм байх. Эргэж ирээд УИХ–ын индэр дээрээс нээлтээ зарлав.

Өмнө нь 4 жил Ерөнхий сайд хийж байхдаа мэдээгүйгээ, НҮБ-ын чуулганд очоод мэдэж гэнэ. 1996 оноос хойш нам, төрийг хослуулан захирах болсон хирнээ суган доогуур нь бугын эвэр, чивнээс өгсүүлээд тарвага, тэмээ, шадруудынх нь хураасан төмөр хүртэл тэрбумаар нь тоологдох стратегийн бараанууд цувж байхад анзаарсангүй юу, эс анзаарагчийн дүр эсгэв үү. 150-р байранд очиход чухам тэр өөрөө, түүний гарт базагдсан нам нь голлох үүрэг гүйцэтгэснийг мартав уу. “Бид өмнөд Солонгосоос 40 жилийн хойно, бараагүй хаягдаж явна” гэдэг дүгнэлтээ Ерөнхий сайд байхдаа яагаад хийгээгүй юм болоо. 2000-2004 он хүртэлх дөрвөн жилийн хугацаанд авилгыг цэцэглүүлж, хуучин арга барилыг сэргээж, улс орны хөгжлийг хэдэн арван жилээр хойшлуулан чангааснаа яагаад дурсахгүй байна аа.

Нам нь дангаараа засаглаж, түүний толгойд Н.Энхбаяр ганцаараа ноёрхож байхдаа хоцрогдож яваагаа анзаарах сөгөө байсангүй болж таарав. Гаалийн “алтан үеийг” эхлүүлээд, Эрдэнэтэд хувийн хяналтаа тогтоож, эхнэрээрээ Тагнуулын Төв Газрын архивыг “цэгцлүүлэнгээ” дөнгөж “500 саяыг амлаж” удирдагчаа доромжилсон авилгачныг илчлээд, хажуу¬гаар нь улсаа 2020 оноос л хөгжүүлэх “стратегаа” боловсруулаад завгүй байсан гэж цайруулъя.

Стратегийн орд газар хэд байвал зохихыг “стратег идэж” зааварласан түүний онолд өөрийнх нь зарласан “улсаа хөгжүүлэх стратегийн” уралдаанд ирсэн санаанууд багцлагдсан бололтой. Идей байхад идэх хүн ямагт олддог. Ерөнхийлөгч бусдын санаанууд дээр өөрөөсөө ганц нэг тоо л нэмжээ. “2020 оноос улсаа хөгжүүлье, стратегийн орд газар 49 байя, солонгосоос 40 биш 4 жилийн хойно давхия л даа”. Уг нь бол Ванган, Жигжид нарын тэртээ 1962 онд уран сайхнаар хэлснийг олиг муутайгаар давтжээ.

Монгол хүн 60 хүрч ухаан ороод, 61-тэй үхдэг гэсэн үгийг батлах гэсэн мэт Ерөнхийлөгч маань 11 жил хийгээгүй, бодоогүйгээ, 12 дахь жилээсээ л бодож эхлэв. Тэр одоо лут стратегич болжээ.

Сүүлчийн боломж

Хувь заяа бидэнд сүүлчийн боломжийг санал болгож байна. Монгол улс одоо л сэхэхгүй бол хэзээ ч босохгүй. Хойд, урд хөршүүд эдийн засгийн хувьд хөл дээрээ баттай зогсжээ. Тэдний өсөн нэмэгдэж байгаа барагдашгүй эрэлт, хэрэгцээний үзүүрт монгол, түүний баялаг харагдаж эхэллээ.

Биднийг стратегийн орд хэд байвал зохилтойг мэдэмхийрэн маргаж байх зуур тэдний нүд бүх баялгийг маань стратегийн ач холбогдлоор харж, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө давхар бодож байгаа. Ямар ч дайн тулаан, хэрүүл маргаангүйгээр, хүч заралгүйгээр өөрсдийн болгоно. Тэдний геополитикийн тооцоонд авилгач түмшмэд, хувиа хичээгч улс төрчид хамгийн түрүүнд ашиглагдахаар орсон байгаа. Хууль гэж сайхан юмаар гул барьж стратегаа хэрэгжүүлэх тул худалдагдах улс төрч олон байвал зүгээр. Хөршүүдийн энэ стратеги хэрэгжвэл бид 2020 он гэхэд Латин Америк, Африкийн баян хирнээ гуйлгачин орнуудын эгнээнд жагсаж Ерөнхийлөгчийн маань “Солонгосын араас дөрвөн жилийн л хоцрогдолтой давхих” мөрөөдөл ус болно.

Гадаадынхан газрын баялгийн салбарт ноёлох байдалтай болж, орлого тэнцвэргүй хуваагдаж эхэлбэл аажимдаа үзэн ядах, хорсох сэтгэлгээ хуримтлагдсаар түүнийг “зоримгоор” шийдвэрлэх үндэсний удирдагчийг хүсэмжилнэ. Тэр цагт “удирдагч” гадаадынхныг хөөж гаргах гэсэн олны хүслийг дагуулан тонгорох замаар хязгааргүй дарангуйллаа тогтооно. Ийм төсөөллийг тархиндаа цогцлоосон хүмүүс “Ерөнхийлөгчийн засаглал” гэж гайхамшигтай зүйл байдаг тухай суртал ухуулгыг цацаад эхэлжээ. Тэд энэ зорилгоор эхний ээлжид 300 сая төгрөг төсөвлөж “Монголмедиа” гэж нэртэй тархи угаах бүлэг хүртэл байгуулсан байна. Өөрийгөө Рихард Зоргетэй зүйрлэж нууц нэрийг нь зээлдэн элдвийг бичигч нэгнийг элсүүлж гүйцэтгэх албаа тохоожээ.

Монголын газрын баялгийн хуваарилалтаас үүдэх үр дагаврын тод хоёр хувилбарыг зураглахад ийм байна.Тэгэхээр яах вэ? Бүх баялгаа стратегийн гэж үзэх шаардлагатай. Үндэсний үйлдвэрлэгчид, монголчууд баялгаа эзэмших, ашиглах эрхийг давуу олгох хэрэгтэй. Монгол хүн уурхай авчихвал балрах гээд байгаа юм шиг сэтгэхээ болъё. Харин ч монгол хүн давуу эрхтэйгээр оролцож, хянаж, зохицуулахгүй бол балрах цаг ойрхон иржээ. Ядаж л 51 хувь монголчуудын мэдэлд байх ёстой.

Мэдээж бүх зүйлийг зах зээлийн зарчмаар хэрэгжүүлнэ. Хувьцаа, тендер, хөрөнгө оруулалт, зээл, ил тод тунгалаг байдал. Хэн ямар хөрөнгөөр юу хэрэгжүүлээд байгаа нь олон нийтэд тодорхой байж орлого, зарлага нь ойлгомжтойгоор мэдээлэгдэг байна. Уул уурхайн хувьцаа эзэмших бололцоог монголын иргэдэд нээлттэй болгоно.

Гадаадын хөрөнгө оруулалтыг хэт шүтвэл баялаг маань бидний хяналтаас гадуур урсах магадлал их байна. Хууль эрх зүйн хувьд баталгаатай орчин бий болгосон нөхцөлд монголын компаниуд дэлхийн зах зээлээс мөнгө татах боломж бэлээхэн бий. Энэ бүхэн эхэлсэн.

Гадныхны мэддэг, чаддаг юмыг монгол хүн ашиглаад, хөлслөөд, түрээслээд, худалдаж аваад хийж болно шүү дээ. Бүх санаачлагыг гадныханд өгснөөр түй ч үгүй хоцорсон баян гуйлгачид Африкаар дүүрэн байгаа нь хангалттай сургамж. “Надад тулах цэг өгөөч би дэлхийг эргүүлье” гэж эрт цагт грек математикч хэлсэн шиг Монгол хүнд боломжийг нь өгвөл хэнээс ч дутахгүй. Адилхан тархи, бие хаа, гар хөлтэй. Хамгийн гол нь баталгаатай баялаг байна. Тэрийгээ үнэлүүлээд, барьцаалаад хөрөнгө босгох боломж бэлээхэн байхад заавал гадны мөнгөтэй хүнд найдаж, түвэг дуудах юун. Боломжийг бид өөрсөндөө л олгохоос хэн нэгэн бидэнд бий болгож өгөхгүй.

Нэгэнт хөрш зэргэлдээ том зах зээлүүд бэлэн байгаа юм чинь бид өөрсдийн эрх ашгийг эн тэргүүнд бодолцсон наймааг хийх хэрэгтэй. үндэстний эрх ашиг гэж байхаас ахан дүүсийн найрамдал гэж байдаггүйг түүх харуулсан. Хэн хэндээ ашигтай байх хувилбараар л газрын баялгаа эргэлтэд оруулах хэрэгтэй. Тэрнээс биш энэ ах, тэр сайн хөрш, ах төмөр замыг шийднэ, хөрш цахилгаан станц өгөх юм гэх маягийн нялуун үгээр халхавчлан хуурч, үндэсний эрх ашгийг хоёрдугаарт тавих маягаар асуудлыг шийдэх гээд байгаа хүмүүсийг дагах нь аюултай үр дагавар авчирна.

Төр засаг иргэдийнхээ эрх зүйн чадамж, баталгааг хангаж өгөөд хамгаалаад, дэмжээд л байж байх хэрэгтэй ш дээ. Тэрнээс төр аж ахуйд хутгалдвал муугаас өөр үр дүнг хүлээх хэрэггүй. Тэгэх аваас төр хэмээх эзэн биегүй “чөтгөрөөр” дамжуулан гадныхан хуруугаа дүрэх, бодлогоо хэрэгжүүлэх болно. Хэн ч буруутахгүй, төр л хараал идсээр хоцорно. Газрын баялгаас нийт ард түмэнд түгээхдээ татвар, шимтгэл гээд нийтэд түгсэн ойлгомжтой хэлбэрийг ашиглахгүйгээр энэ тэр хүний хишиг, хувь гэхчлэнгийн суртал ухуулгын чамин нэр хэрэггүй. Ийм байдлаа мөнгө тараах нь хэсэг хүний сурталчилгаа, нэр олох хэрэг-сэл болохоос илүү үр дүн өгөхгүй. Төр татвар, шимтгэлээр бүрдүүл¬сэн хөрөнгөөсөө хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эмзэг хэсгийнхнийг тэтгэж, нийт иргэд нь олборлох салбарт хувьцаа хэлбэрээр хөрөнгөө байршуулах, ашиг хүртэх боломжийг дүүрэн хангах нь илүү ирээдүйтэй, итгэл төгс зам юм. “Түмний нэг” кинон дээр германууд бас нэг үнэн үг хэлжээ. “Эд нар нэг сэргээд сэхээд авбал хо явна шүү”

Түмнийг биш бүгдийг

Зургаан жилийн өмнө МАХН “Түмнээ ядуурлаас аварна” гэсэн уриа цууриатуулаад бараг биелүүлжээ. Түм гэдэг нь 10 000 гэсэн тоон утгыг илэрхийлэх бөгөөд МАХН хяналтгүй засаглаж байсан жилүүдэд Н.Энхбаярыг дагаж гүйсэн, гаальд шургалсан, хуулийг гууль болгосон түм орчим хүн “ядуурлаас” эгнэгт аврагдаж амжсан байна. Харин тэр түмд багтаагүй олонхи үгүйрэн хоосорсон. МАХН удирдагчаа “түмийг л аврах” зорилгоо биелүүлсэн гэж үзсэн тул цаашид “Бумыг ядуурлаас гаргах, бүгдийг нь баяжуулах” талаар ярихыг ч хүсэхгүй болжээ.

Түмний нэгийг ч, түмнийг ч биш монголын нийт иргэдийг ядуурлаас гаргах хэмжээний газрын баялаг бидэнд байна. Гадныхнаар түрээ барьж байгаад өрсөж, ахиухан хувь хүртэх гэж улайрагсад бүгдээрээ хүртэх боломжийг хаахаар элдвийг эрэлхийлж байна.

Монгол хүн эх нутагтаа илүү эрх, жаргалтай байх сүүлчийн боломжийг монгол нь монголдоо олгоё ! Улс шиг улс, иргэд шиг иргэдтэй болохын тулд бид маш идэвхтэй ажиллах хэрэгтэй. Идэвхтэй шүү!
ЖИЧ: Уншигч танд гэж хэлэхэд “Түмний нэг” кино өнөөдөр 23 цаг 30 минутаас C1 телевизээр гарах юм байна лээ. Та өөрийн үнэтэй цагаасаа 15 минутыг л киноны эхлэлд зориулчхаарай.

2007.02.05
Дэлгэрэнгүй...

Урвагч

Урвагч

Цогт тайж уу, Арслан тайж уу?

battulga_bodluud_book_coverМэдээ

МАХН ард түмэндээ зориулан “Мандал” өргүүллээ. Өглөөний 9.30 цагт эхэлсэн дээрх арга хэмжээг МАХН-ын гишүүд санаачилсан юм байна... МАХН-ын гишүүд “Ард түмний өлмий бат оршихыг даатгасан байв... ийм мэдээ бараг бүх сонинд нийтлэгджээ. Хэн ч анзаарсангүй.

Кино

Орой нь домогт “Цогт тайж” кино бараг бүх сувгаар гарч байна. Анзаарлаа. Гайхлаа. Сониноос уншсан мэдээ, хүн бүрийн бишрэн үздэг кино хоёрын хооронд гайхалтай их ялгаа байх юм. Цогт тайжийг аугаа эх оронч, үндэсний баатар гэж бид хүндэтгэдэг. Тэрбээр “Далай ламд мөргөсөн хүний толгойг авна” гээд зарлигийг эс тоосон төрсөн хүүгийнхээ толгойг цавчсан. Монгол түмэн даяараа Арслан тайжийг урвагч хэмээн үзэн ядсаар өдийг хүрчээ. Киног МАХН-ын Улс төрийн товчоо хамгийн нарийн шүүлтүүрээрээ оруулан байж гаргасан тул Цогт тайжийн зарлиг тэднийх болж таарна. Цогтын үгийг өөрсдийнхөө үг гэж үзэж байсны тод баримт нь уг дүрийг бүтээсэн Цагаан Цэгмидэд 1946 оны төрийн шагналыг хүртээсэн явдал байлаа. Кино Цогт тайжийн барьсан соёмбот туг МАХН-ын соёмботой, бас таван хошуутай тугаар солигдсоноор төгсөж, түүний үйл хэргийг бид залгамжилсан гэсэн утгатай сүржин үг хэлэгдэнэ. (Өндөр гэгээн Занабазар 1686 онд соёмбо үсгийг зохиосон)

Гэтэл одоо бид нийтээрээ Далай ламд мөргөхийг аврал гэж үзэж байгаа тул Цогт тайж маань хэн болж таарваа?
Аавынхаа үгийг сөрөн, толгойгоо алдахаас ч айлгүй Далай ламд очоод мөргөчихсөн Арслан тайж бас хэн болох вэ ? Хэн нь эх оронч, хэн нь урвагч болчхов?

Цогт тайж аугаа эх оронч мөн юм бол бид бүгдээрээ толгойгоо авахуулах ялтай болж таарна. Өнөөгийн төрхөнд тохируулбал Цогт тайж урвагч болж, Арслан тайж нь аугаа эх оронч болчих гээд байдаг.

Хуучин мэдээ

МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр жил гаруйгийн өмнө сэтгүүлчдэд “Лам нарыг хэлмэгдүүлсэн явдалд нам уучлалт гуйх шаардлагагүй. Тэгэхээс өөр арга байгаагүй юм” хэмээн мэдэгдсэн.

1999 онд Хамбын овооноос илэрсэн 420 ламын цогцсыг үзээд бурханч лам Г.Пүрэвбат “Ахиад ингэвэл бид тэсэхгүй шүү дээ” хэмээн хорсол дүүрэн уулга алдсаныг ахмад сэтгүүлч Г.Аким тэмдэглэн үлдээжээ. Ламбугай харин буруутныг өөр газраас, өөр хүнээс эрж шүүхдсэн байдаг. Уг нь МАХН-аас өөр тэднийг буудчих зүрхтэн байгаагүй юмсан.
1937 он гэхэд монгол даяар үйл ажиллагаагаа явуулж байсан 700 сүм хийдийг МАХН-ын заавраар бүрэн устгажээ. Дөрвөн сүм л хагас дутуу үлдсэн байна. Лам голдуу 160 000 хүнийг шүүхийн тогтоолгүйгээр буудан хороожээ.
Баянхонгор аймагт гэхэд 1936-1937 онд Баянцагаан сумын Маанийн хийд, Баян-Өндөр сумын Амарбуянт хийдүүдийг МАХН-ын “тушаалаар” пулемётоор хэдэн талаас нь шүршин 200 гаруй ламыг алжээ.

Цөвүүн цаг

“Шилдэг” сэтгүүлийн 2005 оны хоёрдугаар сарын дугаарт бурханч лам Г.Пүрэвбат “Цөвүүн цаг, түүнийг гэтэлгэх өвгөдийн гэрээслэл” гэсэн нийтлэл хэвлүүлсэн байна. Түүнд дурдсанаас үзэхэд VIII Богд, Ловон Бадамжунай, Ванчиглодмаа нарын айхтар ном эрдэмтэй хүмүүс өнөө цагийг зөгнөн хэлж байсан 23 бошго байдаг гэнэ.
Тухайлбал VIII Богд нь “Энэ үед лам хүн хар хүний боол болж цэрэгт мордоно(Г.Пүрэвбат лам хотын комендантад алба хаажээ). Ноёдууд нохой мэт шарвана, хууль байвч дагах хүнгүй, ном байвч унших хүнгүй. Төр засаг ор төдийхөн, шашин гэдэг нэр төдий болно”(МАХН-ын төр барьсан он жилүүдийн дүр төрх харагдаж байна уу).

Ловон Бадамжунай нь “Шимнус нар толинд царайгаа үзэж будаж, шунхадна, Мэхлэгч нар гэнэт их бясалгагч болж, хуурна” гэж айлдсан ажээ. Цөвүүн цаг нь 1532-2132 оныг хамарсан хугацаа гэх ба өнөө цагийн байдал их зөнч, зоч нарын айлдвартай жигтэйхэн таарч байгаа гэж Г.Пүрэвбат бичжээ. Бурханч лам маань тэдний айлдварт өөрийн тайлбарыг зүүсэн байх ба ялангуяа “Мэхлэгч нар гэнэт их бясалгагч болж, хуурна” гэсэн төлгөнд хамгийн урт тайлбарыг дагалдуулжээ. Г.Пүрэвбат уг лүндэнгийн ард хаалтад дотор ийн бичсэн байна. /Их сайхан ярьж, амьтны толгой эргүүлж буй хүн цэцэн ухаантайд тооцогдоод байгаа биз?/ гэж. Энэ нь ч үнэн юм шиг санагдлаа. Цөвүүн цаг гэх хэллэгийг сүм хийдийнхэн “Аливаа буртаг, бузар бүхэн дээш гарч, сайн сайхан зүйлсийг бүрхэгдүүлдэг цаг үе” гэж тодорхойлжээ. Бурханч лам тайлбарласнаар бол МАХН-ынхан дээш гарч бужигнуулж байгаа үе нь цөвүүн цагийн үндсэн шинж тэмдэг, илрэл бололтой.

Ёс зүй

Улс төрийн нам хүчний ноён нурууг үзэл бодолдоо тууштай, үнэнч байгаа эсэхээр нь тодорхойлдог. Үзэл бодлоосоо ухарч няцах, гуйвуулах, сонгогчдодоо тааруулан өнгө, зүсээ өөрчлөх зэрэг нь улс төрийн ёс зүйгүй, туйлбаргүй, цаашид юу ч хийж мэдэх гэдэг үнэлгээг сонгогчдын зүгээс өгөхөд хүргэдэг ажээ. Ардчилсан намынхан гэнэт мал сүргийг нийгэмчилнэ, хувийн өмчийг устгана, Бат-Үүл “Манай багшийн багш Манлай Ленин багшаа” гээд унавал сонгогчид мэл гайхаж цэл хөхрөх төдийгүй итгэхээ болино.

Тэгвэл “Далайд ламд мөргөсөн хүн урвагч” гэж тунхаглаж, “Ард түмнийг мунхруулагч хар тамхи” хэмээн сүм хийдийг устган, лам нарыг хядаж явсан нам гэнэт ламдаа хайртай болоод, ард түмэндээ ном уншуулах болсон нь дээд зэргийн ёс зүйгүй явдал биш гэж үү ? Нам ч гэж нам.

Ариун номынх нь багшийг буудчихаад, бурхан шүтээнийг нь үнсэн товрог болгочхоод “уучлалт гуйх шаардлагагүй” гэж хэлж байгаа намтай улаан сугаараа тэврэлдэх ламбугай нарт ёс зүй байна уу ? Багш дээдсийнхээ ариун сүнсний өмнө ичих эмээх, наминчлах сэтгэл тэдэнд алга уу ? Өөр нэг ёс зүй. Шашин нь төрөө хүндлэх ёстой юу, төр нь шашнаа дагах ёстой юу? Хамба лам Ерөнхийлөгчийн өргөөнд очиж золгох нь төрт ёс уу? Ерөнхийлөгч гэргийтэйгээ Ганданд очих нь төрт ёс уу? Үндсэн хуулиар бол шашин нь төрөө хүндэтгэж, төр нь аль ч шашинг шүтэх бишрэх эрхийг хамгаалах учиртай.

25-р суваг ТВ-ээр Ерөнхийлөгч Н.Энхбаяр ярилцлага өгч байна. “ТВ 9 –ийг японы тусламжийн хөрөнгөөр босгочихсон юм. Хамба бид хоёр хувааж эзэмшихээр тохирсон. Би тавь, тавин хувь гэхээр хамба инээгээд үгүй жар, дөч гээд байдаг юм” гэж бахархалтайгаар зарлаж байдаг ёс зүй. Нам, лам хоёр минь яах нь энэ вэ?

Шарын шашин бол монголчуудын нэгээхэн хэсгийнхний л итгэл бишрэлээ өгсөн шашин болохоор төрийн зүгээс, ялангуяа үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн зүгээс учиргүй тал өгөх нь өөр итгэл үнэмшилтэй хэсгийнхнийг гадуурхаж байгаагаас өөрцгүй үйлдэл болов уу?

Шарын шашин

Түүх сөхвөл гэлүгпа буюу шарын шашинг мандан цэцэглэхэд монголчууд их үүрэг гүйцэтгэжээ. Монголчууд анхлан Далай лам (1578 он) цолыг бий болгож, шарын шашны гол өрсөлдөгчдийг дарж, зам мөрийг нь тэгшилж өгчээ.(Баабар. “Нүүдэл, суудал” боть 1. 123х)

Шарын шашин харин монголын цэцэглэлт, мандалтад нөлөөлж байсангүй. Монголчууд энэ шашинд орсноор ертөнц дахинд таг мартагдан, дүлий дүмбэ 200 жилийг өнгөрөөсөн билээ. Арслан тайжийн тарьсан балагт нозоорч байх хооронд минь дэлхий дахин гэрэл чийдэн, утсан харилцаа, нисдэг тэргийг бүтээж чадаад атомын нууцад нэвтрэхээр чармайж байлаа.

1920 онд гамингууд VIII Богд хааныг гэрт нь хориод, дураараа дургиж байхад бид нар дүлий дүмбэ царайлаад мааниа уншиж байж. Арслан тайж биднийг “арван хар нүглийн замд”(Гүен баатрын үг) хөтөлсөн болохоор урвагч гэхээс аргагүй. Харин би энд VIII Богд, Жалханз хутагт, Дилав хутагт зэрэг бурхны шавь нар монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсныг үгүйсгэсэнгүй.

Монголчуудын мухар сүсгийн хүчийг олж харсан Барон Унгерн хааныг нь чөлөөлөөд шашинд нь орсон дүр эсгэн хошой чин ван цол хүртжээ. (Америкийн ТТГ-ын вэб хуудснаас 1921 оны 3-7 сард монголын Ерөнхий сайдаар Барон Унгерн фон Штернберг ажиллаж байсан гэж бичсэнийг олж үзэж болно) Үнэн. Хошой чин ван цол нь чухам ийм албан тушаалыг илтгэж байжээ. Одоогийн Ерөнхийлөгч маань Бароны хийсэн мэхийг бидэнд хийгээд, хэрэгжүүлээд, шашин, төрийг хослон барихдаа тулаад байх шиг.

Шарын шашинг цэцэглүүлээд, мандан бадарсан тусгаар орон дэлхийд нэг ч байдаггүй юм байна. Төвд улс Хятадын бүрэн эрхэнд орж, Бутан улс үүрэглэн, Балба улс балайрна. Монгол Улс яах юм бол?
Бид аль нэг шашинд туйлширч автаагүй, олон шашинг зэрэгцүүлэн байхдаа л хүчтэй, чөлөөтэй байсан. Энэ нь бидний гол ялгаа, давуу тал байлаа.

Шарын шашинд орсон цагаасаа уруудсаар, улс орны хөгжлийг хариуцах эзэнгүй өнхөрсөөр 1921 онтой золгосон. 70 жил коммунизмын туршилтад өртөөд(капитализмыг алгасах гээч) 1990 онд арайхийн салтал буцаагаад шарын шашинтай золгууллаа. Ингээд бидний олонхи нь Цогт тайжид толгойгоо авахуулах хэрэг хийв.
Түүхээс үзэхэд Цогт тайж эзэн Чингис хаанаараа бахархан, харийн шашинд нийтээрээ толгойгоо мэдүүлэхийг эсэргүүцдэг байж.(Улаан залаатай монгол хүн). Хэн биднийг урьдын дорой байдалд оруулахыг хүснэм бэ? Анзаарцгаая, ухаарцгаая !Биднийг шашнаа магтан мансууран байх зуур глобальчилал хажуугаар сүнгэнэж, нано технологи, клонаци, биочип гэхчлэнгээр алга болж өглөө цаана чинь.

Олонхийн сүсэг бишрэлийг далимдуулан улс төрийн хонжоо олох гэсэн ядмагхан улстөрчид шарын шашинг тоглоомондоо ашигласаар байна. МАХН-ынхан ард түмэндээ “Мандал” уншуулахдаа шарын шашны гол зарчмыг хөсөрдүүлжээ. Үнэн сэтгэлээсээ хандах гэдгийг умартаж. Уучлал гуйгаагүй байж үнэн сэтгэлээсээ ном уншуулна гэж байх уу. Үзэл бодлоо байнга сольж байгаа хүмүүст итгэх хялбар уу? Бидний нүдэн дээр коммунизм, ленинизм, сталинизм, өөрчлөн байгуулалт, Нагаржунай, төв үзэл, ардчилсан социализм, социнтерн гээд хэд хөрвөчхөвөө. Цаашид яахыг хэн ч эс мэднэ.

Иргэд юугаа шүтэх нь тэдний эрх учир орхиё. Харин төр нь шашнаа дагаж гүйх, нам нь сүсгийг сэм далимдуулдгаа болимоор. Энэ бантангаас чинь болоод АРСЛАН ТАЙЖ ЭХ ОРОНЧ УУ, ЦОГТ ТАЙЖ УРВАГЧ УУ МЭДЭХЭЭ БОЛИЛОО.Үзэл санааны бантанд хутгалдаж байх зуур хэн ч, юу ч хийж болох цаг иржээ. Ийшээ харж Чингис хаандаа мөргөн, тийшээ харж ламдаа залбирах маягаар шашин, сүсэг бишрэлийг ашиглаад байна аа. Тунгаацгаая гэсэндээ үүнийг бичиглэв.

ТВ мэдээгээр согтуу лам буу барин дэлгүүрт хүн буудах гэсэн тухай гарч байх юм. Ай хөөрхий биднийг МАХЛАМ-тайгаа бантангаа хутган уруудаж суухад дэлхийн бусад улс орнууд технологийн дэвшлээрээ хол тасарлаа даа. Марс гариг руу нисэх хөлөг хэдийнэ бэлэн болж тэр бүү хэл 2020 хүртэлх нислэгийн тасалбар дуусан байх юм даа.

2007.02.23
Дэлгэрэнгүй...

Брат

Брат

-Москвад ханиахад Монголд найтаана-

battulga_bodluud_book_coverОросоос өвөртөлсөн бодол

Бух тэрэгний цонхоор харангаа “Оросын хөрөнгөтнүүд мөн ч их юм хийжээ” хэмээн санааширч буй С.Данзангийн “Өглөө” кино) дүр сэтгэлд бууна. Түүний үг одоо ч үнэ цэнээ алдаагүй бололтой. Москвагаас Улаанбаатарыг зорих нисэх онгоцонд сэтгэлд ийм бодол эргэлдэв. Номхон далайн бүсийн парламентчдын уулзалтад УИХ-ын гишүүн Д.Дондог, Ж.Гүррагчаа нарын хамт оролцоод буцаж яваа минь энэ.

Ганзагын наймаа эрхэлж байх үеийн эмх замбараагүй Орос орон алга болжээ. Вагон дүүрэн ганзагачид очоод, хэн юу дуртайгаа зарж, авч, хийж байсан үе өнгөрч. Гар дээрээс худалдаа хийхийг, тэр ч бүү хэл худалдааны салбарт гадаадын иргэд ажиллахыг хатуу хориглосон байна. Эдийн засаг нь илэрхий сэргэж, гадныхны сунгасан гарыг төвөгшөөх байдалтай. Москва цэвэр цэмцгэр, ихэмсэг хот болжээ.

Оросууд байгалийн баялгаас олсон орлогоос ард түмэндээ тарааж эхэлсэн байна. Жил бүр саяар хорогдож байгаа хүн амаа өсгөхийн тулд хүүхэд бүрт 6000 рубль олгодог. Хоёроос дээш хүүхэдтэй бол 250000 рублийн (10 мянга гаруй доллар) сертификат олгох ба түүгээрээ орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тэнэмэл хүүхэд өргөн авч, асарч байгаа бол 3000 долларын тэтгэлэг авна. Ардчилсан намын хүүхдийн мөнгийг ад шоо үздэг хүмүүст хэлэхэд улсын баялаг бол хүн ард юм байна.

ОХУ-д төсвийн байгууллагын ажилтнууд, багш, эмч, гаальч нарын цалинг 1200 долларт хүргэснээс монголд ирж орос сургуульд багшлах хүн олдохоо больж гэнэ. Оросын гадаад өрийн дарамт алга болсон. Газпром зэрэг аварга компаниудаас гадны оролцоог шахаж орос үндэстний мэдэлд бүрэн шилжснээр Microsoft мэттэй л зиндаархаж байна. Энүүхэн Эрхүү муж гэхэд манай улсын төсвөөс 10 дахин их төсөв төлөвлөдөг болжээ.

1990 онд бидэнтэй адил шахуу нөхцөлөөс зах зээлийнхээ гарааг эхэлсэн хөрш маань биднээс тасран оджээ. Нууц нь юунд байна вэ ?

Оросын хөгжлийн нууц

Гэнэн цайлган хариултууд зөндөө Орос чинь байгалийн баялаг их, газар нутаг том, 200 сая хүнтэй гэх мэт. Хүн ам их, газар нутаг том, байгалийн баялаг арвингаараа болдог бол хөгжөөд, тасраад алга болчихоор улсууд Африк, Латин Америкаар дүүрэн.

Дээрх асуултын хариуг нэг л зүйлээр тайлбарлах, ганц өгуүлбэрээр илэрхийлэх боломжгүй юм. Мэдээж урьдын аварга гүрнээс үлдсэн техник технологийн муугүй бааз, нэр хүнд, нөлөөлөл, цэргийн хүч байсан. Иргэдийн боловсролын төвшин харьцангуй өндөр. Дэд бүтэц муугүй. Байгалийн баялаг ялангуяа эрчим хүчний хязгааргүй нөөцтэй орон. Гэтэл дэлхий даяар эрчим хүчний хямрал нүүрлэж, нефтийн үнэ зогсолтгүй өсч байдаг. /Лениний цахилгаанжуулалт.
Энэ бүх тааламжтай өгөгдөл дээр улс төрийн ухаалаг бодлогууд хэрэгжүүлж чадсаны ачаар хөгжлийн замд гарч чадлаа гэвэл арай дөхөх юм болов уу.

Америк, Европын хамсал бут үсэрсэн ЗХУ-ын суурин дээр үлдсэн Оросын хүч чадлыг сулруулах, их гүрний статусыг үгүй хийхээр чармайж буйг сөрж, үндэстнээ мөхлөөс аврахаар оросууд шургуу ажиллажээ. /Борис Ельциний дараагаас/
Юуны өмнө банк, санхүүгийн салбарт гаднын нөлөөллийг бууруулах, үгүй болгохыг зорив. Санхүүгийн томоохон объектууд ямар ч тохиолдолд оросуудын гарт үлдэх ёстой. Улсын мөнгө, санхүү бол дотоод хил хязгаар. Хүнсний аюулгүй байдалтай адил төвшний зүйл. Оросууд банкны салбарт гадныхныг томруулахын оронд үндэсний хөрөнгөтнүүдийг дэмжихээр шулууджээ. Бодлого зөвөөс хөгжил нь шулуусав.

Ашигт малтмалын салбарт оросууд дан өөрсдийн ноёрхлыг тогтоожээ. Үр дүнд нь үндэстэн хожив. Нефть бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүссэн ашгийн татвараас чамлахааргүй мөнгө ард түмэндээ тарааж байна. Харин монгол түшмэд маань ашигт малтмалаа хэрхэн гаднынханд өгч, өөрт хэдэн юм унагах вэ гэдэг дээр толгой гашилгаж байгаа.

Эдийн засгийн судас болсон нефтийн салбарт оросууд харийнхны хоншоорыг ч цухуйлгасангүй. Үр дүнд нь Газпром дэлхийн аварга компаниудын тэргүүнд гарлаа. НИК-ийн хувьчлалын үед бид монголын судасны гүйдлийг гаднынханд өгөхгүй гэж мэрийсэн. Хяслантай нь ахиад л тээг тавигдав. Арга буюу би өөрийн биеэр ЮКОС-ын удирдлагатай очиж уулзан хэлцэлд орж, тендерт хамтран оролцох арга замыг сонгосон. Хэрвээ тэр үед бидний хоорондын тохиролцоо биелсэн бол ЮКОС-ын нэрийг бид ашиглан хувьчлалд орно. Хувьчлалын үнэ 10 сая долларыг бид гаргах учраас ЮКОС зөвхөн хямд нефть нийлүүлэгчээр үлдэнэ. Хариуд нь ЮКОС-ын дамжин өнгөрөх төмөр замын тарифыг буулгахад туслахаар тохиролцож байлаа. Гэвч эцсийн мөчид ЮКОС хувьчлалд оролцох сонирхолгүйгээ илэрхийлэв. Нэгэнт бид авч чадахгүй болсон ч үндэсний компани авах шаардлагатай. “Петровис”-ын Оюунгэрэлийн эсрэг хэвлэлийн дайралт, гүтгэлэг ширүүссэн тул тэр хувьчлалд оролцох саналаа татжээ. Өөр олигтой компани харагддаггүй. Би тэгэхэд Оюунгэрэлтэй уулзаж хувьчлалд оролцохыг ятгасан. “Монголын эдийн засгийн судас гэдэг утгаар нь хандаач. Бид НИК-ийг гаднынханд алдвал хожим маш их үнэ төлж байж үндэстний ашиг сонирхлыг хангах болно. Хямд байгаа дээр нь монголчууд авах ёстой, шаардлагатай бол бид санхүүгийн дэмжлэг үзүүлье” гэсэн. Оюунгэрэл ч зөвшөөрч хувьчлалд ороод, ялсан, авсан. Үндэстний ашиг сонирхлын чухал нэгэн цэг монгол хүний хяналтанд үлдсэнд би хувьдаа баярлаж явдаг.

Оросын хөрөнгөтнүүд юу амжуулав?

Орос үндэстэнд эдийн засгийн бахархал бий болжээ. Чукоткийн амбан захирагч Р.Абрамович Европын хамгийн нэртэй, түүхтэй клуб - Челсиг 500 сая доллараар худалдаж авлаа. Өнгөц харахад баян хүний тэнэглэл. Бодит байдал дээр “Орос гэж хэнээс ч дутахааргүй баян орон байна шүү, Европчууд та нар өөрсдийгөө биднээс дээгүүр гэж бүү сага” гэж хэлснээс өөрцгүй цохилт боллоо. Төдийлөн үнэ хүрэхгүй байсан оросын тоглогч А.Щевченког Челси баг 60 сая паундаар авсан. Р.Абрамович байгаагүй бол энэ бүтэшгүй санаа. Оросын хөл бөмбөгчдийн нэр хүнд сэргэв. Англичууд ярвайлдан, европ даяар толгой сэгсрэв. Харин Оросууд нийтээрээ баярлан хөөрчээ. “Дотоодын нийт бүтээгдэхүүн төдөн хувиар өслөө” гэхээс илүүтэйгээр орос хүн Европын толгой баян гэдгийг нотолсон нь үндэстэнд бахдал авчирчээ. Хөгшин Европын цөм, үзэл санааных нь хөдөлгүүр шахам болсон Английн клубыг орос хүн худалдаж аваад өөд нь татаж, дэлхийн хамгийн баян дөрвөн клубын нэг болголоо. Англичууд Есүсээс хөл бөмбөгийг илүүд үздэг улс ажээ. Хатан хаан хүртэл Челсигийн улаан фэн. Энэ бол олон үг нуршиж Орос орны хүч чадлыг магтахаас илүү бодит мэдрэмжийг төрүүлж байна. /Манай үндэсний бөхтэй адил/.

Челсиг авсантай холбогдуулан эх оронд нь ганц нэг хүн түүнийг муулж, шүүмжилж байхад Р.Абрамович орос үндэстний бахархлыг бий болгохын төлөө хэн ч урьдчилан харж чадахааргүй нүүдлийг хийжээ.
Тэр ганцхан хөл бөмбөгийн баг авч баярхсан юм биш. Бүхэл бүтэн мужийг өөд татсан. Чукотка мужийн амбан захирагчаар 2000 онд сонгогдсон нь цаанаа олон салаа бодлоготой зүйл байсан байна. Социализмын үед хүчээр барьж байсан Алс Дорнодын оршин суугчид ЗХУ-ын задралтай зэрэгцэн Европ руу нүүдэллэжээ. Сул орон зайд ямх ямхаар ахидаг хятадууд түрэн орж нэг мэдсэн 6 сая хятадтай болчихсон байдаг. Хятадуудын түрэлтийг зогсоох, уугуул оршин суугчдыг тогтоон барихын тулд Р.Абрамович шаргуу ажиллажээ. 2000 онд түүнийг ажлаа авахад Чукоткийн жилийн төсөв 66 сая долларын татаасаас бүрдэж байсан бол хувийнх нь хөрөнгө найман тэрбум доллар байсан байна. Хүмүүсийн дундаж цалин сард 200 ам.доллар байжээ. Ажилгүйдэл 10 хувьтай байсан. 2006 он гэхэд ажилгүйдэл хоёр хувь болж, муж төсвөө төвийн татаасгүйгээр өөрсдөө бүрдүүлдэг болоод ажиллагсдын дундаж цалин 700 долларт хүрчээ. Түүний удирдсан жилүүдэд тэнэг чукча хэмээн цоллуулж байсан нутгийн иргэд баруунаар жуулчлал хийх боломжтой болжээ. Тэд урцанд бус Р.Абрамовичийн канадаас худалдан авч өгсөн угсармал дулаан сууцанд амьдрах болсон.

Ганц тэрбумтан олон асуудлыг нэгмөр шийдэв. Ямар ч хэрүүл маргаан, улс төрийн бохир тэмцэлгүйгээр шүү. Ажил хэрэгч хүмүүст боломжийг нь өгсөн нь оросын хөгжлийн бас нэгэн нууц гэлтэй.
Нэг туйлт ертөнц гэж үгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Мюнхенд болсон Аюулгүй байдлын асуудлаарх бага хурал дээр хэлсэн үгэндээ “Хүйтэн дайны дараачаас ярих болсон нэг туйлт ертөнц биеллээ олсонгүй... Орчин үеийн дэлхий ертөнцөд нэг туйлт загвар боломжгүй төдийгүй байж болшгүй зүйл юм” гэж мэдэгдсэн нь шуугиан тарьсан. Баярлаж бахдах хэсэг байхад айж эмээсэн, болгоомжилсон хэсэг бас байна. Хорвоо ахиад сөргөлдөөний замд оров уу. Их гүрний дээрэнгүй үзэл сэргэв үү? БРИК (Бразили, Орос, Энэтхэг, Хятад) гэж хүчирхэг бүлэглэл үүсэж байгааг Путин тунхаглалаа. Барууныхан та нар ДНБ-ий хэмжээ гэж юмаар түрээ барьдаг бил үү, тэгвэл эдгээр дөрвөн орны ДНБ-ийх нь хэмжээ Америк, Европын Холбооноос давж байна. Хүн ам, эдийн засаг, цэрэг зэвсгээрээ та нараас дутах юм алга хэмээн мөчөөрхөж Америк, Европтой эн тэнцүү аяглах эвсэл ийн бүрдэж байна. В.Путин арабуудтай тэврэлдэн золгож, Ху Жинтао Африкт таван тэрбум ам.доллар тараан ая эвийг нь олж эхэллээ.

Нэгэнт өөрийгөө ертөнцийн нөгөө туйл гэж үзээд эхэлсэн манай хойд хөрш одоо эргэн тойронтойгоо яаж харьцах бол? Мөнхийн хөрш нь болох бид яавал зохилтой вэ?

Брат

Бага Сергей Бодровын тоглосон “Брат” кинонд орос ах(брат) америкт очин мафийнхных нь хандыг дарж, янхан гэлтгүй ганц орос эмэгтэйн төлөө нэгийгээ үзэж байгааг дүрсэлжээ. Хэдэн жилийн өмнө энэ нь зарим хүнд инээдтэй санагдаж байсан. “Хн, оросууд ингэтлээ хол хэвтэнэ. Америкуудын өөдөөс дуугарч чадах юм уу?” Одоо бол ингэж асуусан хүн ам руугаа алгадуулах цаг иржээ. Оросуудад өмнөх сүр хүч нь сэргэж, олон улсын тавцанд жанжлах үзэл, дуршил нь цухалзан байна. “Брат” кино ч оросын үндэсний үзлийг сэргээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж америкийг шүтэх, зорих урсгалыг сааруулсан гэнэ.

“Ах” маань сэхээ орохтойгоо зэрэг биднээрээ оролдож эхлэх бололтой. Асгатын мөнгөний ордыг тойрсон маргаан бол өчүүхэн эхлэл. Манай мэт жижиг улсыг Ерөнхийлөгчирхүү юмаар нь дамжуулаад яавал ч яахын дохио шүү дээ. Асгатыг Оросын төр бус төрд буй нэг хоёр хүн оролдож эхлэхэд л ийм доргион үүсгэж байгаа юм чинь төр нь ханцуй шамлаад дайрвал юу болох билээ. Ах минь, амь авар гээд сууж байх юм уу?

Тэсч үлдэх замыг эрэлхийлье

Оросын хөгжил шулууссаныг Ерөнхийлөгчийн засаглалын ололт хэмээн тайлбарлаж, даган дууриахыг сурталдаж байгаа хүмүүс олон зүйлийг дутуу тооцож байна. Бидэнд хоёр их гүрнээс өөр хөрш байхгүй. Бидэнд өөрсдийн бодлыг тулгах, бусдыг шүүмжлэх, сүрдүүлэх эдийн засгийн хүч, хүний нөөц, техникийн боломж бүр ч байхгүй. Гурав дахь хөрш маань энэ, тэр гэх нь мөрөөдөл. Үлгэрийн төвшинд л байгаа зүйл.

Оросуудыг төвхнөх гээд ядаж байх зуур бид завшааныг ашиглаад цэгцрээд авч чадсангүй. Газрын наймаа, лиценз, хотын утаа, самрын наймаа мэтхэнээр хөөцөлдөж байтал минь оросууд хүчирхэгжлээ. Орос, хятад хоёр хүчирхэгжихийн хирээр бид завсарт нь хавчуулагдан, тоглоомонд нь өнхөрдөг түүх давтагдах дөхөөд байна.
Бий болж буй гадаад нөхцөл байдал Монголд Ерөнхийлөгчийн засаглал тогтвол шүүрэн авч дэмжих төлөвт оржээ. Төсөөлөл төдийд яригдаж байсан байгалийн баялгууд нотлогдож, эрчим хүчний нөөц боломжууд (нүүрс, уран) их гүрнүүдийн хорхойг гозолзуулж байна. Өнөөгийн ертөнцөд эрчим хүчний хямралаас өөр сэтгэл түгших зүйл бага бөгөөд “гайтай “эрчим хүчний нөөц нь бидэнд чамлахааргүй байна. (2.4 сая хүндээ харьцуулбал).

Торонтод болсон уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын ээлжит уулзалт дээр “Монголд тогтвортой байдал тогтвол хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөл бүрдэнэ” гэж мэдэгдэж, “танай үнэлгээ төдөн байраар ухарлаа шүү* гэж шахаж байгаа гадааадынхан тогтвортой байдал гэдэг үгнийхээ цаана нэг хүний дарангуйлалд ор, ярьж тохироход амархан байдалтай болоотох” гээд байгаа бус уу. Яагаад монголчуудад илүү ашигтай нөхцөл тулгахаар тогтворгүй байдал гэдэг юм? Тогтвортой байгаа нь энэ гээд тэдэнд байдгаа цөлмүүлэх албатай юу?

Бүгд уралдан бидэн рүү сээтэн хаяж байгаа нөхцөлд монгол үндэстний эрх ашгийг хэрхэн хангахаа бид хатуу шийдээгүй сууж байна. Сиймхийг мөнхийн Ерөнхийлөгч болохоор мөрөөдөгсөд ашиглан ард түмний өмнөөс амлалт, өгөн наймаацаж байх шиг. Дангаараа засаглаж, дураараа авирлахыг мөрөөдөгсдөд ард түмний эрх чөлөөг уландаа гишгэх, ардчиллыг баллуурдах юу ч биш. Тэд ард түмэнд таалагдах, мэхлэхийн тулд хоосон чихэр долоолгон ашигт малтмалаас хүн бүрт хүртээх хишиг, хувийг амлаж эхэллээ.

Гаднынхан монголд тогтож болох Ерөнхийлөгчийн засаглалыг баялагт нь хүрэх хялбар зам хэмээн харж байна. 76 хүнтэй тохиролцох нь хялбар уу, ганц Ерөнхийлөгчтэй наймаалцах нь хямд уу гэдэгт удаан бодох хэрэгцээ алга. Гадна талаас чинь бид дэмжье, дотооддоо яахыгаа чи өөрөө мэд гэх маягийн хандлага илт цухалзаж эхэллээ. Ардчиллын манаач гэж өөрийгөө нэрлэдэг АНУ гэхэд л Латин Америкийн орнуудын баялгийг хямд авахын тулд дарангуйлагчдыг дэмжиж байсныг өнөөдөр өмнөд америкчууд ил тод хэлж. эсэргүүцэн шүүмжлэх болжээ. Америк, Орос, Хятад, Япон, Франц аль нь ч бай өөрсдийнх эрх ашиг гэж юманд хөтлөгдөхөөс монголын ард түмэн эрх чөлөөтэй байна уу, үгүй юу падлийгүй. Ахан дүүгийн найрамдал гэж юм хэзээ ч байдаггүй, байх ч үгүй. Үндэстний эрх ашиг л ямагт байсан.
Хэдийгээр далан зургаан мангуу гэж муулдаг ч олуулаа хэлэлцэж, хэрэлдэж байгаа нь үндэстний эрх ашгийг хангах цорын ганц баталгаа болж байгаа бус уу? өөрчлөгдөн буй нөхцөл байдалд бидний монголчууд тэсэж үлдэх цорын ганц зам нь олонхийн засаглал-парламент, ардчилал болоод байна. Парламентийн засаглалаа улам төгөлдөржүүлж, ард түмний хяналтыг бий болгон, ил тод, тунгалаг байлгаж гэмээ нь хоёр туйл руу салах нь тодорхой ертөнцөд цөөхөн монгол тэсч үлдэнэ. Олигарх - цөөнхийн засаглал руу халтран орвоос “баяртай” болж, Орос хятадын мөнхийн тоглоом болох байлгүй. Тэдэнд тоглоомын улс байгуулах арвин туршлага бий шүү. Бидэнд тоглоомын улс байсан арвин түүх бас бий шүү.
2007.03.05
Дэлгэрэнгүй...

1911-2007

1911-2007
Анхаарал татсан тайлан http://forum.mil.sina.com.cn

battulga_bodluud_book_cover

Тусгаар тогтнолын он дараалал

1911 онд монголчууд Манж Чин улсын дарангуйллыг эсэргүүцэн унагаж, улмаар “Зураг болсон Богд ламыгаа зулай дээрээ заллаа”. Манжуудын бусниулсан тусгаар тогтнол 200 орчим жилийн дараа сэргэж Богд хаант монгол улс байгуулагдсан нь энэ. Харамсалтай нь Богд хаант Монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийн улс гүрнүүдээр зөвшөөрүүлэх явц удаашралтай байсаар орос, хятадын геополитикийн тоглоомонд өртөн бодит байдлаа алдлаа.
1921 онд гамин, бароны хөлд үрэгдэж, зүдэрсэн улсаа сэргээхээр С.Данзан тэргүүтэй эх орончид зориглон хөдөлсөн. Тэд тулах түших андаараа улаан Оросыг сонгосон нь алсдаа тусгаар тогтнолыг маань барьцаанд оруулах тавилантай байжээ. Ардын хувьсгалын дараа нэрэн дээрээ тусгаар монгол улс болсон ч нидэр дээрээ коммунист Орос улсаас хараат боллоо.

1961 онд БНМАУ хэдий ЗСБНХУ-ын шууд нөлөөн дор байсан ч гэлээ НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж тусгаар улс гэдгээ эрх зүйн хувьд зөвшөөрүүлж чадлаа. Тусгаар тогтнол бодит байдал болох боломжийг монголчууд нилээд хожуу олж авсан билээ.

1990 онд коммунист систем задран унахтай зэрэг монголчууд МоАХ-ны удирдлагаар тусгаар тогтнол, эрх чөлөө, үндэстний язгуур эрх ашгийн төлөөх ардчилсан хувьсгал ялж Монгол улсын тусгаар тогтнол сая бүрэн утгаараа хэрэгжих боломжийг олсон, гэхдээ…!

Эргэлзээ

Саяхны нэг өглөө ТВ-ээр “Салхи” хамтлагийн Бээжин хотод хийсэн гэх клипийг үзлээ. Дараахан нь Ерөнхийлөгчийн хэмээх тодотголтой ТВ9 сувгаар монголын хамаг дуучдыг Хөх хотод тоглуулж буй нэвтрүүлэг гарч түүний эхэнд хятадын зүгээс монголын ядуу оюутнуудыг тэтгэх 150 сая төгрөгийг гардуулж байгааг “тод томруун харуулж” үзүүлэв. Таатай л зүйл.

Гэнэт тархинд маань ойрмогхон монголын хэвлэлүүдээр үзэгдэх болсон нэгэн зүйл судалгааны тайлангийн үг өгүүлбэр зурсхийн орж, магадлах хүсэл төрснөө уншигч та бүхэнтэй хуваалцаж байгаа минь энэ.
“Монгол Хятадад нэгдэх боломжит байдлын судалгааны тайлан” хэмээх баримт бичгийг та бүхэн ч олж үзсэн байх. Анх уншаад Хятадын хэвлэл, интернэт хэлэлцүүлгүүдээр элбэг тэнэж байдаг зүйлийн нэг гэж бодож байсан. Гэтэл уг тайлангийн үг өгүүлбэрүүд аль хэдийнээ хэрэгжээд эхэлчихсэн юм биш үү? Тусгаар тогтнол маань хэр баталгаатай байна вэ? гэсэн эргэлзээ ТВ9-ийн нэвтрүүлгийн дараа надад төрсөн юм. Дор дурдах баримт, мэдээллүүд нэгэнт олны хүртээл болсон зүйлс бөгөөд би ганц ч шинэ үг, санаа нэмсэнгүй.

Анхаарал татсан тайлан

http://forum.mil.sina.com.cn вэб хуудсан дээр байсан “Монгол Хятадад нэгдэх боломжит байдлын судалгааны тайлан” –г G.B гэж нэрээ товчилсон нэгний орчуулснаар олны хүртээл болсныг www.sonin.mn ба www.olloo.mn вэб хуудаснаас уншиж билээ. 2004 онд бичсэн гэх уг тайланд дурдагдсан стратегийн зорилтууд албан байр суурь биш гэж байгаа боловч биелэгдэж эхэлсэн нь түгшүүр төрүүлж байна.

Монголыг хятадад нэгтгэх явцыг түргэсэхийн тулд “бид яах ёстой вэ?” гэж нийтлэлийг бичигч хятад асуугаад хэд хэдэн зам заажээ. Тодорхой авч үзье. (тод хараар тодруулсан өгүүлбэрүүд нь тайлангаас авсан хэсгүүд болно)
“1.Соёл боловсролын солилцоог ихэсгэх- Монгол их сургууль байгуулж, Ар Монголын оюутнуудыг үнэ төлбөргүй, шалгалтгүй элсүүлж, тохирох насны залууст их сургуулийн боловсрол олгосноор, эдгээр залуус түргэн хугацаанд зууч хүч болон тогтох юм. 2,5 саяхан хүнтэй Монголд боловсон хүчин нэг их хэрэггүй биз”

Сонины мэдээ - Ерөнхийлөгч Н.Энхбаярт Халимаг, Буриад, Өвөр Монголын монгол хэлтэн театруудын удирдлага бараалхлаа. Өвөр Монголын өөртөө засах орны Үндэсний хөгжим, бүжиг, дуурийн театрын захирал З.Мандах Монголоос БНХАУ-ын ӨМӨЗО-нд оюутнууд урлагийн чиглэлээр үнэгүй суралцах боломжтойг дурьдав.
Удалгүй ТВ9 энэ амлалт бодитой болохыг харуулж 150 сая төгрөгийг том гэгчийн цаасаар хийн монголчуудад гардуулахыг харуулав.

Хятадууд хүн ам олноороо сонирхдог урлаг, соёлын төрлүүдийг энэ зорилтынхоо хүрээнд онилсон бололтой. Хятад, монгол залуусын хайр сэтгэлийг харуулсан клип “Салхи”хамтлагаар хийлгэв. Зураг авалтыг нь Бээжингийн захын дүүрэгт хийлгэсэн байна.

Саяхнаас ТВ-ийн бүх сувгаар хошин урлагийн нэгэн жүжигчин “хятадад киногоо хийхэд хэцүү боловч, сайхан байсан” тухайгаа баясан хөөрөх болов. “Туйлын их аз завшаан” гэж “Өв залгамжлагч” киноны найруулагч онцоллоо.
Жил гарангийн өмнө Guys 666 хамтлагийнхан зурагтаар ярьж байна. “Хөх хотын ойн тоглолтод оролцлоо. Биднийг “Хөх хот сайхан” гэсэн утгатай дуу зохиож дуул гэсэн. Бид татгалзаж УБ-ыгаа дууллаа. Дуучин Наран харин тэдний үгээр дуулсан. Бүр хятадаар дуулсан шүү” гэж байв. Наран одоо Бээжин хотод дэвшин амьдарч, сурч байгаа бөгөөд Guys 666-г даруй “баяртай” хэмээн нутаг буцаажээ.

Аль 1989 онд манай хошин шогийн нэртэй жүжигчин, найруулагчидтай ярьж суухад хятадын Гадаадтай Соёлоор Харилцах Нийгэмлэг гэгч байгууллагынхан тэдэнд туслалцаа үзүүлье гэж идэвхийлдэг, кино хийвэл мөнгө төгрөг тусалъя гэж амладаг тухай ярьж байсан. Хожим нь Соёлоор харилцах нийгэмлэг нь Амрыг Хамгаалах Яамны бүтцийн нэгж болох нь тодорч, монголын “том улс төрч” нэр холбогдон шуугиан тарьсан билээ.

Соёл урлагийг ашиглах нь хоёр талтай юм. Аливаа улсын соёл, урлагийн одод нь нийгмийн дээд хэсэг, шийдвэр гаргах төвшнийхөн, улс төрчдөд хүрэх дөт зам болдгийг тэд тооцож байжээ. Нөгөө талаар соёл урлаг нь тухайн ард түмний үзэл бодлыг төлөвшүүлэх үндсэн арга хэрэгсэл. Олон нийтэд хамгийн ихээр нөлөөлөх боломж. Үндэстний дархлаа юм. Үүнийг зөөлөн чичсээр сарниулж, дараа нь дураараа өөрчилнө. Ард түмэн даргын үгнээс Одын үгийг илүү сонсдог, ойлгодог, дагадаг.

1980-аад оны сүүлээр СГЗ, найруулагч Х.Дамдин “Чандган цагаан өргөө” хэмээх уран сайхны киног Өвөр монголчуудтай хамтран хийсэн нь дэлгэцэд гарах гэж үйлээ үзжээ. Тэр цагт Дашдондог, Сарантуяа нарын дуучид Хөх хотод баарнаас өөр газар дуулах эрх авах гээд бардаггүй байж. Гэвч 1990-ээд оны дунд үеэс Монголын соёл урлагт хандах хятадын бодлогод өөрчлөлт орж эхэлсэн байна. Хориотой зүйлд тэмүүлдэг нь хүний төрөлх араншин. Хорих цагдах бус, нээх, дасгах нь үр дүнтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Хамгийн сүүлийн мэдээ. “2006 оны арванхоёрдугаар сарын дундуур Бээжин хотод Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо”

Монголыг нэгтгэх арга замуудын тухай

Тайланд дурдагдсан дараагийн зам нь - Садан төрлийн холбоо тогтоох. Mаш үр дүнтэй уламжлалт арга, ардууд ураглах гэж нэрлэдэг. Ар Монголын охин Өвөр Монголд бэр орсноороо бахархаж, гэр бүлийнхэн бүгд түүнд ерөөл хүснэ. Засгийн газар бодлогоор оюуны болон материаллаг урамшуулал дэмжлэг үзүүлж, цусан холбоог улам бүр бататгана.

Энэ замыг бид яагаад ч нэмэргүй биз ээ. Хүний эрхтэй холбоотой, ээдрээтэй асуудал.
-Эдийн засгийн харилцаа, тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх. Хятад хэдэн мянган бээрийн алсад орших Африкийн ард түмэнд хүртэл жил бүр тоо нь тодорхойгүй их тусламж дэмжлэг үзүүлдэг байтлаа хажуу элгэнд наалдах ах дүүгээ анзааралгүй байж чадахгүй биз. Засгийн газар санаачилга гарган, эсвэл ард түмэн хөрөнгө оруулалт хийн байгалийн нөөц, мэдээлэл, хөдөө аж ахуйд чиглэсэн их хөрөнгийг Ар Монголд оруулан түүхий эд нөөцийн бааз суурийг байгуулчхаад хамгийн наад зах нь л Монголын эдийн засаг хятадад түшиглэх нөхцөл бүрэлдэнэ.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа худалдааны төлөөлөгч У.Уламбаярын өгсөн ярилцлага:
-Сүүлийн жилүүдэд Монгол Хятадын харилцаа үнэхээр эрчимтэй хөгжиж байна. 2006 оны байдлаар гэхэд Монгол-Хятадын худалдааны эргэлт миллиард доллар хол давчихсан. Албан бус мэдээгээр 1 млрд 300 сая-д хүрсэн тооцоо гараад байгаа. 2005 онд 800 сая доллар байсантай харьцуулж үзвэл бараг 1,5 дахин нэмэгдсэн гэсэн үг.
Хятадууд Өвөрмонголыг ар монголчууд атаархтал нь “хөгжүүлэх” бодлого хэрэгжүүлж байна. Зуданд нэрвэгдсэн малчин айлд нисдэг тэрэг давхин хүрч, хүнтэй малтай нь аварч байгаа сурвалжлага Одон ТВ-ээр давталттай гарахад хилийн наана суугаа монгол малчин эрхгүй сүүрс алдах ёстой аж.

Тайланд дурдагдсан арга замууд ийнхүү хэрэгжиж байгаа учир нэмж тайлбар хийхээ болъё. Харин олон улсын төвшинд хийхээр төлөвлөж байгаа ажлынх тал дээр тогтож яръя.
Уг судалгаанд:
-Өндөр зохион байгуулалтын хүрээнд олон улсын хэлэлцүүлэг явуулах, дараалал нь:
1) Монгол-хятад бол ах дүүгийн харилцаатай, хятад нь цаашдаа Монголд хамгийн харамгүй тусламжийг үзүүлж, хамгийн ариун найрамдалт харьцааг тогтооно
2) Хятад шилдэг боловсон хүчнүүдээ илгээж Монголд модернизацийн өөрчлөлт өрнүүлэхэд тусална
3) Хятад улс Монголын шашин шүтлэгийн эрх чөлөөний хувьд ямагт дэмжинэ
4) Хятад улс Монголын ардчилал эрх чөлөөний төлөөх(?!) эрмэлзлийг ямагт дэмжинэ.
5) Хятад нь Монголын УИХ-аас(2000-2004 оны парламент бололтой) гаргасан Хятадад нэгдэх нийт ард түмний шийдийг дэмжинэ, энэ нь ардчилал эрх чөлөөний хамгийн шилдэг илэрхийлэл юм(?!)
6) Монгол бол хятадын дотоод засаглал юм, аливаа этгээд халдаж үл болно.
Тайлангийн далд санааг тайлах нь
Монголыг хятадад нэгтгэх боломжийг судалсан гэх уг тайланд үл анзаарагдам хоёр зүйл байгааг нягтлан үзье. “Монголын засгийн газар, төрийн бодлого” гэсэн бүлэгт
…Шууд хэлэхэд, ард түмэн дээрээс юу гэж хэлнэ түүгээр болдог, бүх нийтээр нь шийдвэрлэх захиргааны байгуулалтай байж болно.
… Монгол Хятадад эргэн нэгдэх шаардлага зогсолтгүй өсөж, урьд нь Чин Улстай нэгдсэн сайн сайхан амьдралыг хүсэмжилж, тэгээд ч хуурай ширүүн уур амьсгалтай, хаалттай газар орших хэтэрхий зовлонтой. Одоо ч мөн адил энэ шалтгаанаар, УИХ-аас Хятадад дагаар орох саналыг албан ёсоор 43 дахь удаагаа дэвшүүлснээс үзэхэд Монголын ард түмэнд Хятадтай дахин нэгдэх өргөн үндэс суурь байна гэжээ.

Миний мэдэхээр одоогийн УИХ-аас хятадад нэгдэх асуудлаар ганц ч шийдвэр гаргаагүй, хэлэлцээгүй. 2000-2004 оны бин битүү УИХ тийм зүйлсийг хэлэлцсэн юм болов уу ?

Нөгөө талаар “ард түмэн дээрээс юу гэж хэлнэ түүгээр болдог, бүх нийтээр нь шийдвэрлэх захиргааны байгуулалтай байж болно” гэсэн нь УИХ-ын үүргийг бүдэгрүүлж Ерөнхийлөгчийн засаглал тогтоох далд санааг илэрхийлээд байх шиг. Тайлангийн төгсгөлд “Хятад шилдэг боловсон хүчнүүдээ илгээж Монголд модернизацийн(?!) өөрчлөлт өрнүүлэхэд тусална” гэж онцлон дурдсан нь монголчууд Ерөнхийлөгчийн засаглалд шилжих гээд бужигнаад эхэлбэл тэд юу хийхээр төлөвснөө хэлээд байна уу даа. Модернизацийн өөрчлөлт гэдгийг нь “засаглалын хэлбэрийг өөрчлөх” гэж ойлгохоос өөр гарц алга.

Тайланг 2004 онд бичсэн гэхээр тэд үндсэн мэдээллээ 2000-2004 оны төлөв байдлаар боловсруулсан болж таарч байна. 2004 оны дараахнаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжих тухай яриа идэвхтэй түгж эхэлсэн нь энэ тайланг биелүүлэх, модернизацийн өөрчлөлтийн эхлэл байсан гэж ойлгож болохоор юм. Ямартай ч үйл ажил, үзэл бодол, үндэс язгуур, дүр төрх нь маш эргэлзээтэй хүмүүс энэ тухай илүү чангаар ярьж байгааг уншигчид анзаардаг байх аа.

Тусгаар тогтнол

1990 онд олж авсан эрх чөлөө, тусгаар тогтнол маань хэврэгхэн байна. Буруутан нь монголчууд бид өөрсдөө. Бид түүхээр олгогдсон цаг хугацааг олигтой ашиглаж, тусгаар тогтнолоо эдийн засгаар бэхжүүлж амжихгүй байсаар өнөөдөртэй золголоо.

Өдөр тутмын сонинууд “Хоёр хөрш маань сайндаад эхлэхээр монголд дандаа хүндээр тусдаг” гэж халаглана. Халаглаж суухаар бий болсон нөхцөлд байдалд яаж тэсэж үлдэхээ бодох, тооцох, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
17 жилийн 14 жилийг нь үр дүнгүй өнгөрөөхөд МАХН голлох үүргийг гүйцэтгэсэн. Уншигч та Ардчилсан хүчин нийгэмд ямар дэвшил авчирч байв, экс коммунистууд засаглаж байсан жилүүдэд юу болж байв эргэцүүлж нэг бодоорой.

Ардчилсан хүчин орон сууцыг хувьчилж, эдийн засгийг либеральчлан, хувийн өмч бэхжих үндсийг тавьж, татварын дарамтыг арилгах, ард түмний нийгмийн байдлыг сайжруулах, орон сууцны хөтөлбөр, хүүхдийн мөнгө зэрэг бодлогуудыг дэвшүүлж, хэрэгжүүлж байсан. Иргэдийн амьдрал төвшин, улс орон эдийн засгийн чадавхтай байвал тусгаар тогтнол илүү ихээр баталгаажна гэж бид үздэг.

МАХН татварын дарамтыг ихэсгэн, иргэдээ үзэл бодлоор нь хавчин гадуурхаж, авилга хээл хахуулийг дэлгэрүүлэн, дарангуйллыг бэхжүүлэхэд хамаг анхаарлаа чиглүүлж байснаас биш ард түмэн лүүгээ чиглэсэн ганц олигтой хөтөлбөр хэрэгжүүлсэнгүй. “Мэргэн удирдагчийг” тахихыг тусгаар тогтнол гэж үзээд ч байх шиг. Тэднээр удирдуулаад удвал тусгаар тогтнол ахиад л хоосон зүйл болж, бусдын дохио зангаагаар хөдлөх цаг ойрхон байна.
Тусгаар тогтнолоо баталгаажуулахын төлөөх бидний зүтгэл дуусаагүй байна. МоАХ, түүний мянга мянган гишүүд ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг баталгаажуулах үйлст өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Хэрэгцээ гарвал амь биеэ ч зориулна гэдгийг хатуу хэлэх байна.

Чингис хаан ба Хятадын кино урлаг

Хятадууд Чингис хааны тухай хоёр ч уран сайхны кино, нэг ТВ-ийн цуврал бүтээжээ. Жүжигчин Дэлгэрийн тоглосон эхний кино нь 1980-аад оны сүүлчээр бидний монголчуудад танил болж мөчөөрхөх сэтгэлийг нь ноцоож байлаа. Язгуурын Өвөрмонголчууд уг кинонд Бээжингийн санаа бодол ихээр туссан хэмээн үздэг юм билээ. Дараа нь жүжигчин Түмэнгийн тоглосон “Нэгэн үеийн тэнгэрлэг хөвгүүн – Чингис хаан” кино японы санхүүжилтээр бүтсэн, Бээжингийн санаа бодлыг тусгаагүй зэрэг шалтгаанаар төдийлөн дэлгэрлийг олсонгүй. Гол дүрд тоглосон Түмэн эвенх үндэстэн байсан болохоор монголчуудын хаанаа харамлах, өмчирхөх сэтгэлийг даваагүй ч байж мэднэ. Ингээд хятадууд гуравдахь оролдлогоо хийж 50 ангит ТВ-ийн цуврал хийжээ.

Энэ удаа алдсангүй. Хөх нуурын монгол Баасанг гол дүрд нь тоглуулав. Цувралыг хятадын ноёлох суваг CCTҮ1- гээр хоёр ч удаа давтан үзүүлсэн байна. Манайхан “өвөрмонголын Чингис хаан” гэсэн тодотгол хайрласан уг киног монголын ТВ-үүд бүгд нэвтрүүлсэн болохоор уншигчид сайн санаж байгаа байх.

Хятадууд өөрсдийг нь түрэмгийлж явсан, хятадуудтай үзэл санаа, мах цусны ямар ч холбоогүй хааны минь тухай кино хийх гэж яагаад ахин дахин хичээх болов ? Мөнөөх тайланд дурдагдсан “Монгол-хятад бол ах дүүгийн харилцаатай” гэдгийг олон улсад сурталдах зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажил юм болов уу.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Гао Шумао ‘Азийн зуун” сонинд (2004 он. № 001) өгсөн ярилцлагадаа “Хятад 56 үндэстнээс бүрдсэн бөгөөд Монгол бол Хятадын үндэстнүүдийн том гэр бүлийн нэг чухал бүрэлдэхүүн юм. Чингис хаан, Хувилай хаан бол дэлхий дахинд алдаршсан Хятадын үндэсний баатар мөн. Монгол Улс тусгаар тогтносон учир шалтгаанаар Чингис хааныг Хятадын үндэсний баатар гэсэн түүхийн үнэнийг үгүйсгэж болохгүй” гэж хэлжээ.

Эрх чөлөө, тусгаар тогтнолыг эрхэмлэгч монгол хүмүүст хандаж хэлэхэд бид тайвшрах цаг яагаа ч үгүй байна. Дотоодод маань ганцаар ноёрхох засаглалаа тогтоохын төлөө гадныханд эрх чөлөө, тусгаар тогтнолыг минь худалдаж чадах хүмүүс бодитойгоор оршиж, бүр засаглаж байна. Түрүүчээсээ гадныхантай нийлж газрыг хувааж идэж байна.
Би энэхүү бичвэрийнхээ эхэнд тусгаар тогтнолын он дарааллыг зориуд жагсаасан юм шүү. Тусгаар тогтнол эргэлзээтэй болж байсан үе бүрт буруутан нь бид өөрсдөө, тодруулбал үе үеийн удирдагчид маань урваж шарваж, гуйвж дайвж байснаас болж байсан гэдгийг сануулах гэсэн юм. Би түүхч биш, хуульч ч биш. Тусгаар тогтнолынхоо төлөө уншсан, харснаа(http://forum.mil.sina.com.cn тайлан) эргэцүүллээ.
2007-04-04
Дэлгэрэнгүй...

Т Т = T T

Т Т = T T

togrog_togrog

Супер баян, супер ядуус

“Forbes” сэтгүүл өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн баян хүнээр Мексикийн иргэн Карлос Слимийг тодруулжээ. 59 тэрбум ам.долларын хөрөнгөтэй энэ хүний эх оронд нь иргэдийн 60 хувь нь өдөрт тав хүрэхгүй ам.долларын орлоготой, үгээгүй ядуу амьдарч байна. 107 сая хүнтэй Мексикийн нийт баялгийг ердөө 38-хан гэр бүл хянаж зохицуулж байгаа ажээ.

Тэгвэл 2,4 сая хүнтэй монголчууд бидний 65 хувь нь өдөрт хоёр ам.доллар хүрэхгүй орлоготой амьдарч байгаа бөгөөд нийт баялаг маань 14 гэр бүлийн хяналтад орох цаг айсуй.

Даяаршлын давалгаанд жижиг улсууд л сүйрнэ

Гаднын хөрөнгө оруулалтыг шүтэх, даяаршлыг таашаах үзэл үеэ өнгөрөөж байна. Үндэстнүүдийн эрх ашиг гэх зүйл л бодитойгоор байхаас найрсгаар хувааж идэх, ахан дүүсээр хамтран амьдрах боломжгүйг практик нотолсоор байна.

Европын холбоо гэхэд л гадаадынхны хяналтад орсон хөрөнгө оруулалтыг хязгаарлахыг хүсэж байна. Тэд Орос, Хятад, Арабын ертөнцийн хөрөнгө оруулалтаас айж байгаа аж. Эдгээр бүс нутгийн төрийн хяналттай компаниуд улс төрийн зорилгоор Европын том аж ахуйнуудын хувьцааг авч байгаа юм.

Ирэх намраас АНУ гадаадын хөрөнгө оруулалтыг хянахад Тагнуулын төв газрыг оролцуулдаг байх хууль гаргаж хэрэгжүүлнэ гэжээ. АНУ-ын Хөрөнгө оруулалтын Комисс хөрөнгө оруулагчдын саналыг авч үзэхдээ хувийн компанийнхыг 30-45, төрийн оролцоотой компанийнхыг 75 хоногийн дотор хянахаар болгож, хугацааг нь уртасгалаа.
ОХУ ч иймэрхүү арга хэмжээ авч байна. Тус улс стратегийн гэж нэрлэгдэх 39 салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуулийн төслийг саяхан Төрийн Думд өргөн барьжээ.

Хэт их гүрнүүд хүртэл гаднын хөрөнгө оруулалтаас эмээж байхад Монголдоо хэдэн түшмэлд авилга өгч тендерт ялахаас өөр ид шидгүй компаниуд даяаршлийн давлагааг сөрөөд улсаа мандуулаад явах нь юу л бол. Таван толгойг эзэмших гээд шүлсээ залгиад байгаа компаниуд ядаж л зах зээлийн бодитой өрсөлдөөнд орж, ялж үзээгүй аж ахуй эрхлэгчид шүү дээ. Дандаа төрөөр дэмжүүлж, авилгаар ажлаа амжуулж байсан хүмүүс хатуу ширүүн өрсөлдөөнийг давж чадахгүй нь бүр одоо ч тодорхой.

Ашигт малтмалын хамгийн муу хуультай, төрийн түшмэдүүдэд нь үндэстнээ гэх дархлаа байхгүй манай мэт улсад стратегийн орд газрыг нь эзэмших замаар ноёрхлоо тогтоох хүсэл хэнд ч төрнө шүү дээ.

Хойд хөршийн уул уурхайн нэр хүндтэй хэвлэл “Российский уголь”(2007 № 2 Игорь Панкратенко “Бои за уголь Таван Толгоя”) сэтгүүл “Таван толгойн ордыг эзэмших, ашиглах компани нь эцсийн дүндээ Хятадын төрийн өмчит “Shenhua” корпорац байх болно” гэж дүгнэж байна. Тэд өрсөлдөгчдийнхөө талаар үндэслэл бүхий судалгаа явуулдаг. Энэ мэдээллийг нотлох өөр нэг сурвалж бол АНУ-ын нүүрсний аварга компани “Peabody”-ийн “Shenhua”–тай байгуулсан стратегийн түншлэлийн гэрээ юм. Нүүрсний салбарт эхний хоёрт орох аваргууд тэврэлдэн золгож байгаа нь зах зээлээ найрсгаар хуваасан гэсэн үг. Бүр тодорхой хэлбэл, Таван толгойд хяналтаа тогтоох эрхийг “Shenhua” –д найр тавьжээ.

Ойрмогхоноос “Бороо гоулд” уурхайд хятад хэлний орчуулагч авна” гэсэн зар сонин бүрийн хуудаснаа тодрохыг уншигч олон анзаарсан байх аа. Ерөнхийлөгч асан П.Очирбатын гайхуулж байсан Тамсагийн нефтийн ордыг хятадуудад сэм өгсөн шиг үйл явц Бороогийн алтны уурхай дээр давтагдах гэж байгаа болов уу. Татвар төлөх дөхөөд ирэхээр зарчхаад зугтах санаа ч байж болно. Оюу толгойд хоёр мянган хятад ажилчин зориулан байр бэлтгэж байгаа тухай мэдээлэл цацагдлаа. Гадна, дотнын мэргэжилтнүүдийн санал нэгтэйгээр хийж буй дүгнэлт бол олигархиудын гаднынханд зарна гээд байгаа 36 хувийг тендерт ялж авах компани нь дээрх “Shenhua” корпорац байх ажээ. Тэднийг тендерт ялж гэрээ байгуулмагц 11 олигархи өөрт ногдох хувиудаа үнэлж зарахаар тохиролцсон бөгөөд энэ мэдээллийг тэдний зүгээс огтхон ч няцаахгүй байгаа билээ. Архиа аргалж, хуурч, хууль зөрчин байж зарахыгаа “алсын хараатай амьдарч байна“ гэж үздэг хүмүүст ашигт малтмалаар ард түмнээ тэжээх алсын хараа дутна.

“Алсын хараатай” удирдагчид маань юу хийж байна вэ
Архи зарах нь алсын хараа биш л баймаарсан. Наадмын өмнөхөн Туул голд загас олноороо үхэж үрэгдэв. Ерөнхийлөгч 40, 50 сайд дарга нарыг дагуулж сүр бадруулан голын эргээр алхах мэдээ бүх сувгаар цацагдлаа. Уг нь голоос километр хүрэхгүй зайд суугаа дүүргийн засаг дарга нь арьс, шир угаадаг, хятад эзэдтэй үйлдвэрүүдийг хянаж чадаагүйгээс л ийм хэрэг мандчихсан юм. БОЯ нь ажлаа мэддэг, Засаг дарга нь хуулиа биелүүлдэг бол ширхэг жараахай ч үхэхгүй байсан.

Голын хэдэн загасыг нь байтугай хоёр сая иргэнийг нь “боомилж алах” гэрээг албатууд нь төлөвлөчхөөд байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь зөвшөөрөөд гаргачхаж байх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг толгойлдог.

Өнгөрсөн 17 жилд бид юу хожив. Хятадын түүхий эдийн бааз л боллоо. Дэлхийн түүхий ноолуурын 30 хувийг гаргаж буй монгол ноолуураа ямаанаас нь салгасан болоод л хятадуудад тушаана. “Буян” Жагаа гэх “хөдөлмөрч” цолтой эр миний мэдэхийн л энэ тухай 17 жил хашгирлаа. Үйлдвэр,худалдааны сайд ч боллоо, Ерөнхийлөгчид ч нэр дэвшлээ. Яриад л явдаг, хийж байгаа юм нь харагдахгүй. Тэр биднийг гахай зөөгөөд наймаа хийгээд явж байхад л япончуудаас олон сая ам.доллар зээлж, үйлдвэр байгуулаад, эцсийн бүтээгдэхүүн гаргаад алаад өгөх юм ярьдаг байсан. Ярьснаа хийчихсэн бол өдийд үндэсний тэрбумтан хөрөнгөтөн болчхоор хугацаа өнгөрөв. Өнөөдөр ч өмнөхөө ярьсаар л сууна. Ноолуур нь Хятад руу гардгаараа л гарна.

Ноолуур гэлтгүй зам, барилга, хүнс, жижиг бараа, уул уурхай, аялал жуулчлал гээд бүх бизнес гадныхны хяналтад орлоо. “Алсын хараатай” удирдагчдын минь ачаар энэ бүхэн явагдсан. 17 жил идээд цадаагүй тэд одоо монголчуудыг олон зуун жил тэжээх их баялгийг мөн л гаднынханд тушаахаар яарч, хөөрцөглөж байна. Хамгийн тод жишээ нь, олны хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон Таван толгойн ордыг дандаа эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд авчихсан явдал биш үү.

“Peabody Energy” компани “Shenhua group”-тэй Зүүн хойд Ази, Монголын асуудлыг шийдэх стратегийн түншлэлийн гэрээ байгуулаад явж байхад удирдагчдын “алсын хараа” ажигласангүй. Бидний асуудлыг бидний оролцоогүйгээр хятадуудтай ярьж шийдэж байна гэдэг удирдагчдын маань “дэндүү сайн” ажилладгийн үр дүн байх даа.
Бутан гэж жижигхэн улсын хаан даяаршиллаар халхавчлан дайрах том загаснуудад залгиулахгүй байх бодлого боловсруулж, үндэстнээ гамшгаас хамгаалж, барууныхныг “сааж” чадаад байхад “дэлхийн талыг эзэлж явсан” гэж гайхуулахаас цаашгүй Монголын удирдагчид зөвхөн өөрсдийн амийг хоохойлох, гэр бүлийнхээ эрх ашгийг дээдлэх сэтгэлээр улсынхаа ирээдүй, ард иргэдийнхээ хувь заяанд хандаж байна.

Таван толгой = Тусгаар тогтнол

Нүүрс стратегийн бараа болчхоод байгаа талаар дээр доргүй анхааруулж байгаа ч энэ баялагтаа стратегигүй хандаж байна. Бороогийн алтыг ард түмэндээ юу ч оногдохгүй байхаар тооцоолж гаднынханд худалдчихсан хүмүүс өнөөдөр УИХ-д суучхаад, төр барих нэрээр Таван толгойн ордыг ахин наймаалцах гэж яарч байна.

“Энержи ресурс” консорциумтай гэрээ байгуулахаар Сангийн яамны оруулсан саналыг иргэний хөдөлгөөнүүдийн шаардлага, АН-ын УИХ дахь зөвлөлийн саналаар хойшлуулж, ирэх намрын чуулганаар хэлэлцэх шийдвэр гаргасан гэж сонгогчид ойлгож байсан билээ. Монголын бүх иргэнийг 250 жил тэжээх, нөөц нь 1,2 триллион доллараар үнэлэгдэж байгаа их баялгийг хэнд эзэмшүүлэх асуудлыг хөндөх гэрээ тул тулхтай хандах, тал бүрээс нь шинжлэх үүднээс ийм шийдвэр гаргасан гэж олон нийт ойлгож байсан.

Таван толгойг ашиглах ганцхан л “алсын хараатай” арга бий гэж үү.
УИХ-ын гишүүн З.Энхболд “Засгийн газар ганцхан хувилбар оруулж ирчхээд зүтгүүлээд байна. Уг нь орд газрыг ашиглах санхүү, хөрөнгө оруулалтын 36 арга байдаг. Хамгийн мууг нь та нар оруулж ирлээ” гэж мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн А.Мурат, Б.Батбаатар нар Таван толгойн ордыг улсын нөөцөд авах тухай хууль санаачилсан. А.Мурат, Б.Батбаатар хоёр 36-гийн хувилбарын нэгийг л санал болгосон. “Энержи ресурс”-ийнхан “А.Мурат Увсад уурхай ажиллуулдаг, түүнийг нь хурааж авъя” гэж тэнэгтэв. А.Муратын уурхай түүний гэр бүлийг ч тэжээж хүчрэх юм уу бүү мэд. Таван толгой бол монголчуудыг 250 жил тэжээх нөөцтэй нь тогтоогдсон. Тэмээг шумуултай харьцуулах хэрэггүй, стратегийн ордыг байдаг л нэг уурхайтай хутгах шаардлагагүй.

Миний хэлэх гээд байгаа гол зүйл бол Таван толгой бол Тусгаар тогтнол. Энэ зуунд бидний амьдрах, оршин тогтнох стратеги. Стратегийн орд мөн л юм бол стратегитай хандъя, тусгаар тогтнолын баталгаа, нийт иргэдийн амин зуулга гэдэг талаас нь хандъя гэж л бид уриалсан.

250 жилийнхээ амьжиргааг шийдэх гэж байгаа ард түмэнд яарах, бажгадах шаардлага юу байгаа юм бэ.

“Энержи ресурс”-ийнхэнд итгэх арга байхгүй

1988 оны Монгол-Оросын хамтарсан нөөцийн комиссын есдүгээр тогтоолоор Таван толгойн орд газарт буй нүүрсний хэмжээг эцэслэн тогтоож, үүнийг холбогдох яам нь баталж, улсын нөөцийн бүртгэлд оруулжээ. Татвар төлөгчдийн 40 тэрбум төгрөгийн хөрөнгөөр илэрсэн нөөцөөрөө дэлхийд 15-д орж буй орд. Гэтэл нөөц нь ийнхүү баталгаатай тогтоогдчихсон ордод “хайгуул” хийх лицензийг 1999, 2002 онд “Энержи ресурс” ХХК-д олгосон байх юм. Орос, Монголын хайгуулчид олоод тогтоогоод баталчихсан нөөц газарт тэд юу хайсан болж таарах вэ.
Дээр нь 2001 оноос хойш лицензийн төлбөр төлсөн компаниудын жагсаалтад “Энержи ресурс” гэсэн нэр огт байхгүй байна. Хуулиараа бол лицензийн төлбөрийг жилээр тооцож, урьдчилж төлсөн байх учиртай.

Дараагийн нэг эргэлзээтэй зүйл нь Энержи ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Цогт гэгчийн 2005 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлага. Тэрээр “манай компани дөнгөж сая байгуулагдаад үйл ажиллагаа жигдрээгүй байна” гэжээ. Байгуулагдаагүй компанид лиценз олгосон байв уу. Эсвэл лицензийн төлбөр, татвар шимтгэлээ төлөлгүй хууль зөрчиж өдий хүрэв үү зэрэг маш олон хууль зөрчсөн үйлдэл нь илэрсээр байгаагаас тэдний орд газрыг эзэмших эрх гэдэг зүйлд итгэх арга алга.

“Энержи ресурс”-т багтдаг 14 компанийг 11 хүн эзэмшиж байна. Г.Батхүү, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Сү.Батболд, Ч.Ганзориг, Д.Идэвхтэн, П.Очирбат, Ж.Оджаргал, Ж.Оюунгэрэл, Ц.Цэнгэл, М.Энхсайхан. Тэднээс Сү.Батболд, Батж.Батбаяр, Т.Бадамжунай нар тус бүр хоёр компанийг эзэмшиж байгаа юм. Энэ хүмүүсийн өмнө хийсэн ажлуудаас нь үүдээд тэдэнд итгэх ямар ч боломж гарахгүй байгаа юм. Хэн нь юу хийснийг тоочъё.

- Сү.Батболд. МАХН-аас нэр дэвшин сонгогдсон. Хоёр удаа төрийн сайдын алба хашсан. Олон нүглээс нь томхныг дурдъя. 540 сая ам.долларын нөөц бүхий “Бороо гоулд” уурхайгаас монголчууд нэг ч ам.доллар авахгүй байх гэрээ хэлцлийг санаачилж, хийлгэсэн хүн нь өөр хэн ч биш, Сү.Батболд шүү дээ. Тэрээр жил бүр таван хувийн ногдол ашиг “Centerra Gold” компаниас авдаг бөгөөд уурхайг зараад авсан 35 сая ам.доллараасаа улсад татвар огт төлөөгүй байна.
Хуулиараа явсан бол “Бороо Гоулд” уурхайгаас улсын төсөвт өнгөрсөн жилүүдэд дор хаяж 200 сая ам.доллар татвараар орох байсныг тэр залгисан. Байгуулсан гэрээгээ хүртэл зөрчжээ. Гэрээгээрээ бол Бороогийн уурхай ашиглалтад ороод жилдээ хоёр тонн хүртэл алт ашиглах, эхний таван жилдээ татвар төлөх ёсгүй байжээ. Гэтэл гэрээ байгуулмагц эхний жилдээ л 8,3 тонн алт ямар ч татваргүйгээр ухаж гаргасан нь татвар төлөхгүй жилүүддээ багтааж хамаг алтыг маань авч гарах гэсэн санаархал гэхээс өөр тайлбар олдохгүй. Тэдний гэрээгээр тогтоосон хэмжээгээ зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцож, бүх татварыг нөхөн төлүүлэх ёстой. Тэдэнд хууль зөрчих боломжийг гаргаж өгч, үүнийхээ төлөө ихээхэн хэмжээний шан харамж авсан хүн нь Сү.Батболд.

Зөвхөн улсын мөнгөөр хайгуул хийсэн ордуудыг цөлмөхөд мэргэжсэн энэ хүний дараагийн зоог нь Таван толгой болоод байхад түүнд итгэж болох уу.

-Үйлдвэр,худалдааны сайд асан Ч.Ганзориг, Шадар сайд М.Энхсайхан нарын “Майн инфо” ХХК нь мөн л олны хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон орд болох “Цайрт минералз” уурхайг хуйвалдааны замаар гартаа оруулсан нь одоо хэн бүхэнд тодорхой болсон. М.Энхсайхан Үндэсний шинэ намын хурал дээр “Бид бүр олон хятадыг оруулж ирэх хэрэгтэй. Нэг монгол хүнд арван хятад оногдож байвал сая сэтгэл амарч болно” гэж албан ёсоор мэдэгджээ. Энэ үгс нь сонины шарлаж амжаагүй хуудсуудад тодхон бий. Өөрийгөө “Үндэсний үзэлтэн” гэж зарладаг энэ хүн аль үндэстний төлөөх үзэлтэн болохоо үйл ажиллагаа, үг хэлээрээ нотолсоор байна. М.Энхсайхан, Ч.Ганзориг, АМХЭГ-ын дарга асан Д.Жаргалсайхан нарын хамтран эзэмшдэг “Майн инфо” ХХК нь “Цайрт минералз” уурхайг мөн л тогтвортой байдлын гэрээ гэгчээр далимдуулан монголчуудад ямар ч ашиггүйгээр хятадуудад худалдах ажлыг гардан зохион байгуулж байна. Өнгөрсөн жил “Цайрт минералз” компани нэг тэрбум 300 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаас монголчууд нэг ч төгрөг олж аваагүйн буруутан нь эднээс өөр хэн ч биш. Ийм болохоор тэдэнд итгэх аргагүй.

-П.Очирбат. Уурхайн инженер мэргэжилтэй энэ хүн монголын ард түмний хайр хишиг, ардчиллын буяныг ханатлаа хүртсэн хүн. Түүнийг насан хутгийг олтол нь өлсгөж, дааруулахгүй байх нөхцөлийг монголчууд ядмагхан төсвөөсөө гаргаж билээ. Ард түмний хишиг чамлалттай санагдсан уу тэрээр одоо элдвийн бусармаг зүйлд хуруугаа дүрэх замаар амьдрах болов. Гурван тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авсан гээд байгаа Чехийн Элчин сайдын яамны барилгын үнийг хаанаас ямар замаар олсноо энэ хүн хуулийн дагуу олонд тайлагнах ёстой болов уу. Таван толгойд оруулсан гээд байгаа 188 сая төгрөгөө ямар арга замаар олсноо ч тайлагнах учиртай төрийн өндөр албан тушаалтан. 1990 оноос хойш П.Очирбат гэдэг хүн бизнес эрхэлж яваагүйг түмэн олон мэднэ.

Иргэн Н.Дэмбэрэл стратегийн орд газруудыг ашиглах асуудлаар байгуулсан тогтвортой байдлын гэрээнүүд үндэсний эрх ашигт нийцэхгүй байна, Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэсэн маргааныг үүсгэхээр ҮХЦ-д хандахад П.Очирбат шүүрэн авч “маргаан үүсгэх боломжгүй” хэмээн үгүйсгэж хав даржээ. Азаар ҮХЦ-ийн гишүүд дотор эх орон ард түмнийхээ өмнө өргөсөн тангаргаа сахидаг гишүүд байсан тул П.Очирбатын уг үйлдлийг илчлэн, өргөдлийг хүлээн авч маргаан үүсгэж, дунд суудлын хуралдаан хийхээр шийдвэрлээд байна.

П.Очирбат "Энержи ресурс"-ийн хувьцааны дөрвөн хувийг эзэмшдэг гэж мэдүүлээд тэрхүү хувиа 188 саяар үнэлсэн байна билээ. Сү.Батболд П.Очирбатад хувь амсуулж, талдаа татсаны учир нь ҮХЦ-ийн зүгээс өөрт ашигтай шийдвэр гаргуулах, П.Очирбатын нөлөөллийн бүсэд багтдаг Уул уурхайн ассоциаци мэт тоглоомын байгууллагуудын дэмжлэгийг авах, хээгүй, гүндүүгүй дүр эсгэгчийн дүр төрхийг олон нийтийн уур хилэнг намжаахад ашиглах гэх мэт олон салаа зорилтоос урган гарсан юм.

-Д.Идэвхтэн ч гэсэн эхээс төрснөөсөө хойш бизнес эрхэлж, таван төгрөг унагаж үзээгүй атлаа “төрөөс төрсөн тэрбумтны нэг” хэмээн гайхуулж, өнгөт сэтгүүлийн нүүрэн дээр гольф тоглон тансаглаж байгаа зургаа нийтлүүлэх болов. Хөвсгөлийн дархан цаазтай газар их хэмжээний талбайн лиценз авчхаад сууж байсныг нь иргэний хөдөлгөөнийхөн илчлэх үед тэрээр “миний нэрийг ашигласан байна” хэмээн жишим ч үгүй хэлжээ. ИБМУТ-өөс авсан лавлагаагаар Д.Идэвхтэн гэж нэртэй, насанд хүрч лиценз авчхаар өөр хүн Монголд алга байна. Д.Идэвхтэн мэтийн төрөөс төрсөн баячууд, албан тушаалаа ашиглагчид ард түмний хөрөнгийг завшиж байгааг иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцсээр ирсэн бөгөөд тэд ч Таван толгойн ордыг эзэмших хууль ёсны эрхээ нотолж чадахгүй өдий хүрсэн билээ.

-Ж.Оджаргалын толгойлж буй MCS(Mongolian Corruption System) компанийг олон нийт Монголын авилгын систем гэж тайлах болоод удаж буй. Үнэхээр ч хэвлэл мэдээлэлд “сүүлийн жилүүдэд нийт тендерийн 80 хувьд нь энэ компани ялсан” гэж бичиж буй нь тэдний шударга эсэхийг заагаад өгч байна. “Наадамд түрүүлсэн бөхийг Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг гэдэг шиг тендерт ялсан компанийг MCS гэж нэрлэе” гэсэн онигоорхуу юм ч гарах болж. Саяхан Ж.Оджаргал ТВ-үүдээр явуулсан сурталчилгааныхаа үеэр “стратегийн хөрөнгө оруулагч компанийг тендерээр шалгаруулна” гэж царай нь хувирахгүй тууж байгаа нь сурсан аргаараа тендерээ явуулахаар шийдсэнийх нь илрэл биз ээ. Тэрээр бүх тендерийг ямагт будлиулж, булааж авдгаас болоод тендерт оролцох сонирхолтой компани олдохоо больсноос өөрсдөө бусад компанийн нэрийн өмнөөс хуурамч тендерийн материал бэлтгэж өгдөг ажээ.
-Г.Батхүү, Батж.Батбаяр гэсэн хоёр хүнийг бизнес эрхэлж байсан гэдэг утгаар нь монголчууд сайн мэднэ. Тэднийг тодорхой мөнгө төлөөд орд газрын лицензээс хуваалцсан гэдэгт үнэмшиж болох ч зөвхөн төрийн алба хашиж байсан бусад эрх мэдэлтнүүдэд нь итгэх ямар ч арга алга.

“Энержи ресурс” -ийнхэнд итгэхгүй байх өөр олон шалтгаан бий. Хамгийн наад зах нь орд газрын үнэлгээг тэд өөр өөрсдийнхөөрөө хэлдэг. “Нийтдээ энэ орд 600-хан сая ам.долларын нөөцтэй юм билээ” гэж нэг нь хэлж байхад П.Очирбат дөрвөн хувь нь 180 сая гэж хэлэв. Уг нь бол шинжлэх ухааны аргачлалаар тогтоосон нөөц нь 1,2 триллион ам.доллар шүү дээ. Иргэний хөдөлгөөнүүд бүх зардал, татвар шимтгэлийг нь хасаад 250 тэрбум ам.долларын цэвэр ашиг болно гэж тооцоолсон. “Энержи ресурс”-ийнхэн нөөцийн хэмжээг янз бүрээр хэлэх, дарагдуулсан тоо хэлэх зэрэг нь эргэлзээ төрүүлэхээс аргагүй байдалд түлхэж буй.

Гэрээ байгуулаагүйгээс Монгол Улс өдөрт нэг тэрбум таван зуун сая төгрөг алдаж байгаа мэтээр сурталдаж байна. Ашиглаагүй байгаа ордоос яахаараа тийм их мөнгө алдах болдог нь ойлгомжгүй. Эдгээр улайрсан шуналтнуудын хүслээр гэрээг хийвэл харин энэ байтугай мөнгө өдөртөө бид алдах болно.

“Энержи ресурс”-ийнхэн “1700 гаруй хvн ажлын байраа алдах гээд байна шүү” гэж сүрдүүлжээ. Тэдний төлөвлөгөө хэрэгжвэл хоёр сая таван зуун мянган хүн хоосон хоцрох гээд байгаа шүү дээ. Тэгээд ч өнөөдөр хоёр мянга гаруй ажлын байр бий болгосон “Хаан бууз”, “Сити такси” мэт үндэсний компаниуд ингэж хачирхаагүй байхад тэдэнтэй ч тэнцэхгүй ажлын байр бий болгоно гэдгээрээ далайлгах нь яамай л байна. Хамгийн гол нь монголчуудад юу ч ногдохгүй байх гэрээг хийж сурсан хүмүүс дахин тийм гэрээ бариад гүйгээд байгаа нь аймаар.

“Коммунизмыг буцаах нь” гээд хашгирчихвал хувийн өмчтөнүүд өөрсдийг хамгаалаад босох юм шиг гэнэн сэтгэж байна, тэд. Хэрвээ бид хувийн өмчийг үзэн яддаг байсан бол улсын биш, бүх уурхайн үүдэнд жагсаал цуглаан хийгээд явж байх байсан биз ээ. Дахин хэлье. Түмний хөрөнгийг эрх мэдлээ ашиглан өөртөө шилжүүлэх гэж оролдож байгаа хүмүүст хууль ёсны хариуцлага, ёс зүйн хариуцлага ногдуулахын төлөө бид тэмцэж байгаа. Зорилгодоо ч хүрэх болно.
МоАХ-ны гишүүд, дэмжигчид, АН-ын гишүүдээс “Энержи ресурс”-т багтдаг АН-ын ҮЗХ-ны хоёр гишүүнтэй ёс зүйн хариуцлага тооцохыг намын удирдлагаас шаардах болно. МАХН-ын олон мянган шударга гишүүн ч бас ийм шаардлага тавьж түрүүчээсээ Д.Идэвхтэн мэттэй ёс зүйн хариуцлага тооцож бүлгийн даргын албан тушаалыг нь шилжүүллээ.

Энэ мэтээр үндэсний эрх ашгаас урвасан хэн боловч албан тушаал, намын харьяалал харгалзалгүй ёс зүйн болон хуулийн цээрлэл хүртдэг болох жишиг тогтох нь бидний цаашдын хөгжил дэвшил, тусгаар тогтнолд үнэлж баршгүй ач тустай байх болно.
2007.08.10
Дэлгэрэнгүй...

Жүүд шиг байя л даа

Жүүд шиг байя л даа
Hey Jude, don’t be afraid
Beatles-ийн дуунаас
juud_juud

Нийтийн он тоолол эхэлснээс хойшхи эхний мянган жилийн сод хүнээр жүүд эр Исүс Христос тодорсон байна. Тэгвэл хоёр дахь мянганы суут хүн нь Их Монголын хаан Тэмүүжин Чингис болсон билээ.

Эрс өөр гарал үүсэл, байршил, түүхэн төлөвшилтэй хоёр үндэстэнд ижил төстэй шинж чанар байна уу гэдэгт бус, өнөө цагт бидэнд тэднээс сурах зүйл их байгаад анхаарал хандуулъя.

Монгол дайн дажинтай улс уу

Ингэж асуухын учир байна. Шинэчилэгдсэн гэж нэрлэгдсэн МАХН-ын 25 дугаар Их хурлаас хойшхи хоёрхон сарын хугацаанд дайн дажинтай орнуудынхаас хавьгүй олон зүй бус үхэл монголчуудыг нэрвэсэн байх юм бэ. Тэр хурлын 678 төлөөлөгчөөс яагаад ч юм “Муу ёрын 666” нь хэлэлцэж намын даргаа сонгов.Улмаар түүнийг Ерөнхий сайд болгомогц Ерөнхий сайд асан, Авилгатай тэмцэх газрын дарга, нэртэй сэтгүүлчид гэнэт гэнэт л өөд боллоо. Сүүлийн хэд хоногт метилийн спиртэд 96 хүн хордож, 14 хүн үхэв. Цасан шуурганд 77 хүн өртсөнөөс долоо нь өөд болжээ. Гал түймэрт 50 айл шатаж зургаан хүн нас барлаа. ХЗХ-ны хохирогч 65 настай хөгшин хохирлын мөнгөө авах гэж ирээд төрд хулхидуулснаа мэдмэгц газар дээрээ нас баржээ. Автобус мөргөлдсөнөөс хоёр зорчигч ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ховд гол, Булганы Сэлэнгэ сумын Сэлэнгэ мөрөнд мөс цөмөрсний улмаас есөн хүн осолджээ. Тэднээс гурав нь амиа алджээ. Улсын нөөцийн өвс үнс болсон гэх мэт жагсаалт нэлээд урт болох янзтай.

Сүжигтэй хүний сэтгэлд сэв сууж хаяа муутай, хар мөртэй юм уу даа гэж сэжиглэмээр хачирхалтай үхэл, гамшиг цуврав. “МИ 8”-ын осол, бичил уурхайд амиа алдагсдыг оруулбал тоо дээрх хоёр дахин өснө. Оны туршид архинаас шалтгаалан амиа алдагсдыг тооцоондоо оруулбал гурав дахин нэмэгдэнэ.

Энэ хугацаанд Израильд амиа золиослогчдын буруугаас найман хүн амиа алджээ. Хордож, түлэгдэж, хөлдөж, живж, цочирдож үхсэн хүн жилийн турш гараагүй гэнэ. Гэтэл дайн дажингүй улсад байгаа бид үргэлжийн дайралт, тэсрэлт дор аж төрдөг Израилиас зургаа дахин олон тооны иргэдээ зуурдаар алдчихаад сууж байхаар хэлэх ч үг олдохгүй юм.
“Иргэдийн Алъяанс” төв, С1 телевизийнхэн ноднин жилийн турш архи, согтууруулах ундааг хууль бусаар сурталчлахаа зогсоохыг шаардаж, уриалсан. Энэ ажлыг төрөөс хариуцдаг Оюуны өмчийн газрынхан архины сурталчилгаа явуулсан газраас авдаг торгуулийн хэдэн төгрөгтөө цадаад юу ч хийгээгүй. Хараад, торгоод л сууснаас биш, хориглох талаар хуруугаа ч хөдөлгөөгүй шүү дээ. Тэд төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой.

“МИ 8”-ын осол болон Хонгор сум, Багануур, Бор-Өндөрт мандсан хэрэг эрх баригчдын хариуцлагагүйн үр дагавар болохоос газар дороос гарч ирсэн гай биш. Багануурт архинд хордсон хүмүүсийн олонхи нь шинэ Ерөнхий сайдыг дагалдагчдын санамсаргүй орхисон хоёр авдар хортой архийг хүртэгсэд ажээ.

Хэрвээ Засгийн газар ажлаа хариуцлагатайхан шиг хийчихдэг, хууль хяналтынхан авилга, нөлөөлөлд автдаггүй байсан бол осол, хордлого, гамшигт өртөгсөд эрүүл саруул, амьд мэнд байх л байсан.

Ноднин жил Израильд очиж нүдээр харснаа нэхэн санах тусам тэднээс суралцах зүйл их байна гэж бодлоо. Израилийн асуудлаар дэлхийн олон улс сөрөг байр суурь, үзэн ядах хандлагатай байдаг ч үүнийг эс харгалзан тэднээс сурах зүйл асар их байгаад анхаарлаа хандуулъя. Бид тун адил төстэй нөхцөлд оршиж байгаа учир тэдний аюулгүй байдлаа хангах болон хөгжлийн шийдлүүд нь бидэнд сургамжтай юм.

Израилиас суралцах шаардлага

1947 оны 11 дүгээр сарын 29-нд НҮБ-ын төлөвлөгөө ёсоор Палестиний нутаг дээр жүүдийн(еврейн) улс байгуулахаар боллоо. Ингээд 1948 оны тавдугаар сарын 14- нд хэдэн зууны турш ертөнцөөр нэг тарж, нүд үзүүрлэгдэн явсан жүүдүүд эцэг өвгөдийнхөө Ариун газар шороон дээр эргэн цуглаж Израиль улсыг тунхаглажээ.
Цаг үргэлж дайны байдалтай байж, хөршүүдийнхөө үзэн ядалт дор амьдардаг ч Израилийн эдийн засаг эрчимтэй хөгжиж, аюулгүй байдлаа бүрэн хангаж байна. Ямар ч баялаггүй, тэр битгий хэл цэвэр усны ахиухан нөөц ч үгүй элсэн цөлд олон улсын харилцаанд чухал үүрэг бүхий, улс төр, эдийн засгийн нөлөө бүхий улсыг хэрхэн байгуулж чадав.

Еврейн үндэсний үзэл болох сионизмын тулгуур баримтлал нь “дэлхийгээр нэг тарсан үндэстнээ цуглуулах, нэгтгэх. Тусгаар улсаа байгуулах” байсан. Энэ үзэл баримтлалаа хэрэгжүүлэхдээ жүүдүүд тухайн үед олон улсын харилцаанд үүссэн нөхцөл, голлох талуудын ашиг сонирхол, улс төр, эдийн засаг болон эрх зүйн төлөв байдлыг ухаалаг ашигласан юм.

Газар зүйн байршлаа их гүрнүүдийн геополитикийн ашиг сонирхолтой уялдуулан үндэсний аюулгүй байдлаа хангаж байгаа тэдний туршлагаас суралцаж яагаад болохгүй гэж. Хоёрхон хөрштэй, тэдний байнгын хяналт, барьцаанд байдаг улсын хувьд бид энэ чиглэлээр илүү дорвитой ажиллах, тусгаар тогтнол, бие даасан байдлаа итгэл төгс болгох, баталгаажуулахад ухаалаг бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иргэдээ 800 мянгаас 7,2 сая болтол нь өсгөж чадсан гайхалтай хүн ам зүйн бодлогыг израильчууд хэрэгжүүлжээ. Дөнгөж хоёр сая 500-д хүрээд байгаа монголчуудын тоог бид боломжоороо өсгөх л ёстой.Израиль 1990-ээд оноос гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, өндөр технологийг эрчимтэй хөгжүүлснээр АНУ-ын хөрөнгийн бирж дээр гарсан компаниудын тоогоор Канадын дараа хоёрдугаарт орж байна.

Асар их баялагтай ч өндөр технологи эзэмшиж амжаагүй, дэлхийн хөрөнгийн эргэлтэд багтаж чадаагүй бидэнд тэднээс сурах юм мэдээж их бий.

Үндэсний аюулгүй байдлаа хангах оновчтой бодлого

Израиль дэлхийн 161 оронтой дипломат харилцаатай. Арабын орнуудаас Египет, Иордан, Мавритан гуравтай л хэвийн харилцаатай. Бусад нь Израилийг “араб ертөнцийн дайсан” гэж зарласан ажээ. Ийм нөхцөлд аюулгүй байдлаа хангах нь жүүдүүдийн өдөр тутмын амин чухал хэрэгцээ болж байдаг.

18 наснаас дээш бүх иргэн эр, эмгүй цэргийн жинхэнэ болон бэлтгэл албыг хашдаг. ДНБ-ийхээ 24 хувийг батлан хамгаалах салбарт зориулж байснаа өндөр технологи хөгжүүлсний ачаар энэ зардлыг 7,3 хувьд хүргэж бууруулжээ.
Тусгаар тогтнолоо дипломат бодлогоор хамгаалахын чухлыг жүүдүүд мартдаггүй. Геополитикийн ач холбогдлоо үнэлүүлж чадсаны хувьд жил бүр АНУ-ын төсвөөс зургаан тэрбум ам.долларыг “терроризмыг хазаарлах” нэрээр сааж байна.

Монгол Улс Израильтай 1991 оны аравдугаар сарын 2-нд дипломат харилцаа тогтоожээ. Израильчууд Монголтой харилцаагаа өргөжүүлэх, харилцан ашигтай байх зарчимд ажиллах сонирхолтойг Ерөнхий сайд асан Ариэль Шарон Монголд айлчлахдаа илэрхийлж, Израилийн тал “өндөр технологийн ноу-хаугаа Монгол Улстай хуваалцахад бэлэн байна” гэжээ. Хариуд нь тун жоохон юм хүссэн нь “НҮБ-ын хурал, чуулган дээр Израилийн эсрэг санал өгөхгүй байх” юмсанж.

Гэвч монголчууд энэ саналд хариу өгөөгүй байна. Тэр хэмжээгээрээ бид өндөр технологи эзэмших, хурдацтай хөгжих боломжоо алдаж байгаа билээ.

Монгол яаралтай хөгжихгүй, баяжихгүй, чадваржихгүй бол, аюулгүй байдлаа хангах хэмжээний болохгүй бол нээгдэж мэдэгдсэн асар их баялгаасаа болоод хүнд байдалд орох болоод байна. Зовж, зүдэрч олсон тусгаар тогтнолыг хөгжлөөр, эдийн засгийн өсөлт, ухаалаг бодлогоор л хамгаална.

Эдийн засгаа өөд нь татах жүүд ухаан

Дэлхийн банкны үнэлгээгээр Израиль нь Ойрхи Дорнодод бизнес, аж ахуй эрхлэхэд хамгийн таатай орноор тодорчээ. ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд 53-т, нэг хүнд ногдох орлогоороо 37-д (26 800 ам.доллар)орж байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт нь жилийн тогтмол 4,5-5,4 хувь. Алтны нөөц нь 28,48 тэрбум ам.доллар ажээ.

Байгалийн баялаг байхгүй ч хөдөө аж ахуй, аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлснээр дотоодынхоо хүнсний хэрэгцээг бүрэн хангах төдийгүй экспортолдог юм байна. Өндөр технологийн ачаар жимс, хүнсний ногоо, эм тариа, химийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хүнсний аюулгүй байдлаа бүрэн хангаж, хянаж байна. Дайсагнасан улсуудын хүрээлэлд байдаг атлаа тэднээс хүнсээ импортолбол юу болох нь тодорхой.

Израиль програм хангамж, цэргийн нарийн технологиор гаршин, алмаз экспортолдог. Мэдээллийн технологи, ус цэвэршүүлэх, нөөцлөх, харуул хамгаалалтын технологиор дэлхийд тэргүүлэх улс болж чаджээ.

Аялал жуулчлал, ялангуяа шашны жуулчлал их хөгжсөн юм байна. Амар амгалан эх орондоо бид хангалттай тооны жуулчин татаж чадахгүй суухад айдас хүйдэс дүүрэн нутагтаа еврей нар жилд 15-17 сая жуулчин авч байна. Зул сарын баярын өдрүүдэд гэхэд л дэлхийн өнцөг булан бүрээс 90 мянган жуулчин Иерусалимд ирдэг ажээ.

Монголчуудын зүгээс Израилийн хүнсний аюулгүй байдлын бодлого, ХАА-н технологиос суралцах оролдлого бас ч гэж хийж байжээ. 1994 онд ХХАА-н дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид Израилийн олон улсын хамтын ажиллагааны Төв “МАШАВ”-ын урилгаар анх айлчилж, ХАА-н салбарын хөгжилтэй танилцсан байна. Тэр үедээ хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дагуу манай мэргэжилтнүүд тэдний зардлаар Израильд сургалтад хамрагджээ.
Хоёр орны хамтын ажиллагааны гол талбар нь ХАА болж байгаа бөгөөд Израилийн мэргэжилтнүүд Монголд ирж манай улсын ХАА-н нөхцөл байдал, боломжийг судалсан байна. Хүлэмжид дуслаар усжуулах тоног төхөөрөмж нэвтрүүлэхэд зориулж 50 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг Израиль улс олгож байлаа.

1994 онд “Дэвшил трэйд” компани, Дарханы жимс ногооны эрдэм шинжилгээний хүрээлэнд улаан лооль, өргөст хэмхийн израиль сортуудыг тарьсан нь амжилттай болсон байна. Дуслаар усжуулах төхөөрөмжийн зарим сэлбэг хэрэгсэл, улаан лооль, өргөст хэмхийн үр, бордоо зэргийн үнэ 17 мянган ам.долларыг Израилийн тал гаргасан байна. Израильчууд “Аж ахуйн хөгжил, агробизнес”, “Сүүний үйлдвэрлэл, сүүн бүтээгдэхүүний борлуулалтын менежмент” сэдэвт сургалтыг Израиль, Монголд удаа дараа зохион байгуулжээ.

Овсгоотой, ажил хэрэгч хүмүүс шүүрч аваад, хэрэгжүүлээд явсан бол хүнснийхээ дотоодын хэрэгцээний ядаж талыг ч болов хангадаг болохоор сайхан санал ч тавьжээ. Оргүйд орвол, оройтсон нь дээр гэгчээр одоо эргэж зууралдаад ХАА-гаа өөд нь татаад авмаар л байна. Нүүдлийн МАА, өгөөж багатай газар тариалангийн технологи маань өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаж чадахгүйгээс бид хүнснийхээ 70 хувийг импортоор авч байна. 30 хувийг нь гадаадаас авахад л аюулгүй байдал алдагдана гэж ярьж байхад бид юу вэ?

Израилийн ХАА, газар тариалан бол иргэншсэн, эрчимжсэн салбар юм гэдгийг нүдээрээ харах завшаан надад тохиолдсон юм. Иргэншиж буй нийгмийн хэрэгцээг эрчимжсэн, соёлжсон, өндөр үр ашигтай хөдөө аж ахуй л хангах юм билээ.

Байгалийн нөөц, баялаг байхгүй, үйлдвэрлэл, өргөн хэмжээний бизнес явуулах ямар ч боломжгүй, хэт жижиг хэмээн үзэгддэг газар нутаг дээр цугласнаараа “жүүдүүд хөрөнгө цуглуулах, ашиг орлого олох найдлагагүй газар цугладаггүй” гэсэн явган яриаг тэд мохоосон байна. Хойд, Өмнөд Америк, Австрали зэрэг шилжин суурьшигчдаас голлон бүрдсэн газруудаас Израилийн гол ялгаа нь энэ. Бусад газарт шилжин суурьшигчид ер бусын их баялаг, өргөн уудам газар нутаг, байгаль, цаг уурын тааламжтай нөхцөл зэрэгт татагдаж байсан бол жүүдүүдэд тэр нь байсангүй. Тэд Палестиний хоосон элсэн дээр буухдаа “энэ ертөнцийн орхигдсон мухарт иргэншил, хүмүүсийн аз жаргалыг цэцэглүүлэхэд өөрийнхөө хувь нэмрийг оруулна” гэсэн бат итгэл өвөртөлж иржээ.

Зүүн хойд Азидаа жүүд шиг байхсан

Хоцорч яваа, гэвч асар их боломж өмнө нь нээгдэж буй жижиг улсын хувьд бид одоо тун ухаалаг байж, бурхнаас олгосон алтан боломжийг ашиглан хүчирхэгжиж авах хэрэгтэй боллоо. Өршөөл энэрлийг мэдэхгүй өрсөлдөөнд тэсч үлдэх, оршин тогтнохын т Hey Jude, don’t be afraid
Beatles-ийн дуунаас

улд бидэнд жүүд ухаанаас суралцах хэрэгцээ байна. Хоёр аваргын дундаас хожоо унагах, холыг харах шаардлага байна. Ядаж цөөн хэдэн иргэнээ хортой архи, түймэр, шуурга мэтхэний уршгаар хорвоогоос явуулаад баймааргүй.

Өндөр технологи эзэмшсэн, ухаалаг, зальжин израилчууды

2008.01.08
Дэлгэрэнгүй...

Аварзэдийн авч үлдсэн асгат

Аварзэдийн авч үлдсэн асгат
(Жинхэнэ эх орончдын тухай)                                                                                          
С чего начинается Родина
С картинки в моем букваре

Эх орон сумаас эхэлдэг

battulga_bodluud_book_coverТусгаар тогтнол

Газрын зураг дээр Монгол Орос, Хятад хэмээх хоёр талхны завсар хавчуулагдсан амтат, зөөлөн мах лугаа харагдана. ХХ зууны эхнээс хоёр аварга хөрш энэхүү зөөлөн махыг өрсөж залгих, бусдад залгиулахгүй байх бодлого явуулж иржээ. Монголын тусгаар тогтнол чухам энэ зөрөлдөөн, зааг дээр дэнжигнэж байлаа.

Баабарын маш тодорхой бичсэнээр “ХХ зууны Монголын түүх бол тусгаар тогтнолын төлөөх тэмцэл драмын түүх байлаа. Энэхүү урт удаан хугацаагаар үргэлжилж, эцгээс хүүд дамжин гэрээслэгдэж, хүний гурваас дөрвөн үеийг дамжин дамнасан тусгаар тогтнолын төлөөх тэмцэл 1990 оны ардчилсан хувьсгалаар өндөрлөж бүрэн ялалтад хүрсэн билээ... МоАХ-ны анхдугаар их хурал Монгол оронд шинэ эрин ирж буйг албан ёсоор зарласан юм... Тусгаар тогтносон Монгол Улс 1911-1915 онд ердөө гурван жил оршин тогтноод Хиагтын гэрээгээр Хятадын онцгой автономи муж болон хувирчээ. 1921-1946 оны хооронд тусгаар тогтнол нь хэнээр ч хүлээн зөвшөөрөгдөөгүй, зөвхөн Засгийн газар нь Зөвлөлт Оросоор зөвшөөрөгдсөн албан ёсоор Хятадын бүгд найрамдах улсын хэсэг, үнэн хэрэгтээ Зөвлөлтийн бодлогын хавсарга улсаар явж ирлээ. 1946 оны 1-р сард Хятад, 2-р сард ЗХУ Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. 1960 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэнээр Монгол орны тусгаар тогтнол улам баталгаажиж, улмаар дэлхийн 150 гаруй оронтой дипломат харилцаатай, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын олон байгууллагын гишүүн орон боллоо. Гэвч гадаад, дотоод бодлогоо өөрснөө шийддэггүй, Зөвлөлтийн эзэнт гүрний хараат улс байсан юм”/МоАХ-ны хурлын илтгэлээс/.

Тусгаар тогтнолын төлөөх 80 гаруй жилийн тэмцэл дунд хэлмэгдэж, хавчигдаж, зовж зүдэрсэн ч өвгөдийн үлдээсэн газар шорооны төлөө эцсээ хүртэл зогсогчид олон байж дээ. Тэдний нэг Сономын Аварзэд (1922 – 1989) агсны гавьяаг хэн ч үл дурсана, үл санана.

Удахгүй болох Эх орончдын өдрийг “эх орон мину” хэмээн хоосон нулимс унагаж, цээжээ дэлдэн хэлээ билүүдэн шоуддаг, тэгсэн атлаа сонгуульд ялж, эрх мэдэлд хүрэхийн төлөө тусгаар тогтнолоо ч золиослохоос сийхгүй хуурмаг эх орончдын баярлах өдөр бус, жинхэнэ эх орончдыг дурсаж, хүндэтгэдэг өдөр байгаасай хэмээсэндээ үүнийг бичиглэв.

Жинхэнэ эх орончид хаа байна

Эдүгээ амьтны шуналд өртөөд, хэл аманд орооцолдоод байгаа Асгатын мөнгөний ордыг Аварзэд хэмээх эх оронч авч үлдсэнийг дурсах хүн цөөхөн болжээ.

Урианхайн хязгаар гэж Богд хаант Монгол Улсын нутаг дэвсгэрт багтаж байсан газар Зөвлөлтийн хяналтад шилжсэнээс улбаалан хилийг тодотгон тогтоох хэлэлцээр БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1957 оны намар эхэлжээ. Монголыг төлөөлж, хилийн хэлэлцээр хийх төлөөлөгчдийн даргаар ГЯЯ-ны сайд С.Аварзэд томилогдсон байна. (СнЗ-ийн 458-р тогтоол, МАХН-ын УТТ-ны 387-р тогтоол үз)

Зөвлөлтийн талаас В.М.Молотов хэлэлцээг удирдах болжээ. Архивын материалаас үзэхэд хоёр сар хагас үргэлжилсэн хэлэлцээр анхнаасаа маргаантай, хурц ширүүн тэмцэл дунд өрнөж, өөрсдийн байр суурийг хамгаалж, С.Аварзэд 13, В.Молотов 11 удаа үг хэлжээ.

В.Молотов “Монголын газар нутгаас баруун талдаа Асгатын оройгоос Их Соёны нуруу хүртэлх 3-40 км өргөн, 300 орчим км урт газрыг ЗХУ-д таслан өгөхийг” шаардсан байна. Хариуд нь С.Аварзэд “Энэ хил бол дээр үеэс уламжлан ирсэн түүхэн хил. Хилийг өөрчлөх шаардлага байхгүй” гэжээ. Ингээд хэлэлцээр мухардалд орж 1958 оны эхээр Н.Хрущев “МАХН-ын Төв Хороонд” гэж хаягласан цахилгаан утас ирүүлсэн байна. Түүн дээр “Танай Гадаад хэргийн сайдын араншин Москвагийн гайхшралыг төрүүлж байна шүү” гэж сануулсан, занасан өнгөөр бичсэн зүйлс байсанд Ю.Цэдэнбал сандарч, “Энэ асуудлыг Зөвлөлт-Монголын найрамдлын амьсгалаар шийдвэрлэх хэрэгтэй. Манай хоёр улсын хооронд шийдвэрлэж болохгүй асуудал байгаагүй. Ялангуяа одоо үед бүр ч байж болохгүй” гэжээ. С.Аварзэд “ЗХУ Монголын нутгаас авах гэж байгаа нь эзэрхэг түрэмгий хаант Орос улсын замаар замнаж буй хэрэг” гэсэн нь түүнийг буруутгах далим болж, төдөлгүй С.Аварзэдийг хилийн хэлэлцээр хийх төлөөлөгчдийн тэргүүнээс чөлөөлжээ.

Ингээд “Зөвлөлтийн эсрэг үзэлтэн” нэр зүүж, ГЯЯ-ны сайдын үүрэгт ажлаас зайлуулан тээврийн жолооч болгосон байна.

Үүний дараахнаас оросууд бяцхан буулт хийж, 84 хавтгай дөрвөлжин км газрыг Монголд үлдээхээр болсон нь өнөөдөр бидний харамлаад, бусдын шунаад байгаа Асгатын мөнгөний орд ажээ. Тэр цагт Асгатад мөнгө байгааг мэдсэн бол тэд үлдээхгүй хамах байсан болов уу. Ингээд Монголын хуучин хилийн дагуух Увсын Давст, Тэс сумын нутгаас 1247 хавтгай дөрвөлжин км нутгийг оросууд залгисан билээ.

Тууштай эх оронч С.Аварзэд тээврийн жолоочоор ажиллаж байгаад 1986 онд учир битүүлэг байдлаар цагдаа нарт зодуулан гэмтэл авч, хэвтэрт орсноор 1989 онд Ардчилсан хувьсгалын өмнөхөн өөд болжээ. Тэр өөрийн үеийн үлбэгэр коммунистуудын нэгэн адилаар Цэдэнбалтнуудыг аялдан дагаж, эх орноо худалдах ажилд нь зүтгэж амиа хоохойлж, амьдралаа аварч болох л байсан. Түүний тухай бодох бүр сэтгэл сэмрэн, зүрх шархирах юм. Амьдралаасаа илүүтэйгээр хайрлаж, хамгаалж явсан эх орон нь бусдын хөл дор орж, харийг шүтэгчдэд занчуулан, гэмтэж няцарсан биетэй гурван жил тарчилж байхдаа тэр хийх ёстойгоо хийсэндээ итгэлтэй байсаар хорвоог орхижээ. Ард түмэн бүрт үеийн үед ийм баатрууд байсан. Тэднийг зусарддаг, бялдууч түшмэд дарж, хяхаж, тарчлааж байдаг. Жинхэнэ эх орончдоо бид мартах учиргүй.

С.Аварзэд өвгөдийн үлдээсэн газрыг харьд алдахгүй хэмээн зуурсаар дор хаяж 4,2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 2566 тн цэвэр мөнгөний нөөцийг бидэнд авч үлдсэн юм шүү. Түүний амьдралаа золин авч үлдсэн газар шороог сонгуулийн санхүүжилт босгох зорилгоор бусдад найр тавихыг оролдож буй бодит хүчин өнөөдөр бий.

Малчин-эх орончид

“Хэл, хил, мал гурав минь байхад Монголын тусгаар тогтнол баталгаатай гэсэн яруу найрагч Зундуйн Доржийн санааг эргэцүүлэх тусам үнэн ажээ. Тэрээр одоо хаана, юу хийж явдаг юм бол доо.
Хүн ам багатай, газар нутаг томтой Монгол орны минь алс хязгаар нутгийг үнэн хэрэгтээ хөдөө хөрч, гадаа гандаж яваа эгэл эх орончид-малчид л манаж байна. Газар нутгийн минь бүрэн бүтэн байдал малын хөлөөр тамгалагдан, малчны эх оронч сэтгэлээр хамгаалагдаж байгаа. Хэрвээ малчид маань нэг өдөр бүгдээрээ нутгаа орхиод нүүнэ гэвэл юу болох бол. Нутаг эзгүйрч, хотынхон бид өлсөн харийнхан тааваараа холхих биз.

Цахилгаан, дулаан, ая тух гээд сайн сайхан бүхнээ золин байж, ард түмнийхээ идэх хоолыг малынхаа махаар залгуулж, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг харуулдаж яваа малчдадаа эх орончдын баяраар бид талархах учиртай.

Хятадуудын “Гадаад Монголын ард түмэн тусгаар тогтнох хүсэл эрмэлзлээ .... иргэдийн дунд явуулах санал асуулгаар нотлон харуулбал Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх бөгөөд хил хязгаар нь одоогийн байдлаар үлдэх болно” гэсэн болзол, нөхцөлийг шийдэхийн тулд БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945 оны есдүгээр сарын 21-нд “Тусгаар тогтнолын талаарх асуудлын талаар бүх ард түмний саналыг гаргуулах тухай” шийдвэр гаргажээ.

Сар хүрэхгүй хугацааны дараа 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мориныхоо сайныг унаж, дээлийнхээ сайхныг өмсөн үүрийн таван цагаас үдшийн бүрий болтол санал өгөх байр луу цувж гарын үсгээ зурах нь зурж, мутрын хээгээ тавих нь тавьж, тусгаар тогтнолоо баталгаажуулсаан. Тэгэхэд тусгаар тогтнолоо хамгаалан санал өгөгчдийн 87 хувь нь малчид байсан юм. Энэ санал асуулгыг малчин ардууд баярт үйл явдал хэмээн үзэж байсан бөгөөд Баянхонгор аймагт гэхэд 10 м өндөр тусгаар тогтнолын багана босгожээ. Тэр үед нэгэн монгол эр сонинд ярилцлага өгөхдөө “Улсынхаа тусгаар тогтносон байдлыг дэлхий дахины өмнө үзүүлж... байгаад баяр минь энэ болох юм” гэж байсан нь сонины хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.

Үеийн үед тусгаар тогтнолыг баталгаажуулж, хадгалж явдаг малчид маань цахилгаан, дулаан, ая тух гээд сайн сайхан бүхнээ золин байж, ард түмнийхээ идэх хоолыг залгуулж, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг харуулдаж явдагт бид Эх орончдын баяраар онцгой талархах учиртай.

1990 онд зорьж байсан нийгэм маань дампуурч, картын бараанд шилжиж, дэлгүүрт зөвхөн бор давс зарагдан улс орон элгээрээ мөлхөх үед хэн, юу биднийг аварч үлдсэнийг мартах учиргүй. Хэдэн мал, хэрсүү малчдынхаа ачаар бид хүнд үеийг ардаа орхижээ.

МоАХ малчдынхаа гавьяаг эгнэгт санаж, хүндэтгэж явгын хувьд малыг малчдад үнэ төлбөргүй хувьчлахын төлөө тэмцэж, биелүүлж байлаа. Ардчилсан нам 2004 оны сонгуулийн хөтөлбөртөө малчдыг бүх төрлийн татвараас чөлөөлөхийг зорьж байсан нь ч үүнтэй холбоотой. Ардчилсан намын дэвшүүлж байсан 21 зорилтоос өнөөдөр ганц энэ зорилт л хагас хугас биелсний буруутан нь МАХН гэдгийг малчид сайн мэдэж байгаа. МАХН малчдыг татвараас чөлөөлөх Ардчилсан намын зорилтыг улайран эсэргүүцэж, хамаг байдаг бүхнээрээ тээг тавин чаргууцалдсаныг малчид алган дээрээ тавьсан мэт харж, ойлгож байгаа.

Эх орончдын өдрөөр байсан, байгаагүй нь бүү мэд, гавьяатай гавьяагүй нь тодорхойгүй, хуурмаг эх орончдыг хөөргөж байхаар эгэл даруухнаар эх нутгаа хамгаалж байдаг эрэлхэг малчдадаа урмын үг хайрлах ёстой.
Мал минь байгаад малчид минь хариулж байсан цагт хэл минь баян, хил маань бүрэн байх юм.
2008.3.3
Дэлгэрэнгүй...

Зориггүй есөн жил

Зориггүй есөн жил

zorig_gui

МоАХ-ны анхны дарга, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн төрсөн өдөр 4 сарын 20-нд болж өнгөрлөө.

Тэр хүйтэн сэтгэлтнүүдийн гарт амь үрэгдээгүй бол өнөөдөр 45 настай, ид хийж бүтээж, оргилж явах байв.

С.Зоригийг хөнөөсөн хэргийг захиалгат аллага байсан гэдгийг нийгмээрээ зөвшөөрсөн ч уг хэрэг илэрсэнгүй “мартагдах” дөхөж байна. Түүнийг зэрлэгээр хөнөөсөн сар, өдөр нь өөр нэгэн төр, нийгмийн зүтгэлтэн А.Төмөр-Очирыг хөнөөсөн өдөртэй давхацдгыг олон нийт хачирхсаар байдаг билээ.

А.Төмөр-Очирын гэргий С.Нинжбадгар гуай саявтар сонинд(МНӨ. 2007. №04) өгсөн ярилцлагадаа “Би үүнийг хувьсгалт нам л хийсэн гэж боддог юм. Өөр хэн хийх вэ? Ганц манай өвгөнийг ч биш олон хүнийг хядсан шүү дээ. Гэвч одоо хэр нь буруугаа хүлээхгүй, шалгаж чадахгүй байгаа байхгүй юу. Би “өвгөний хэргийн учрыг нь олж өгөөч. Та нар тодорхой мэдэж байгаа” гэж Н.Багабанди, Н.Энхбаяр ерөнхийлөгч нарт, ХЗДХЯ-нд бичсэн. Гэвч “за ч үгүй, үгүй ч үгүй” таг болчихдог” гэж дурдсан байна.

Хэн ч үгүйсгэсэнгүй. Юм л бол шүүхэддэг, тэгээд заргаа авдгаараа алдаршсан нам хачирхалтайгаар чимээгүй өнгөрөөв.

А.Төмөр-Очир агсан Ю.Цэдэнбалтай санал зөрөлдсөний улмаас цөлөгдөж, нутаг заагдаж яваад гэртээ зэрлэгээр алагдсаныг бүгд мэдэх билээ. Хэргийг санаатайгаар зохион байгуулсны адил санаатайгаар илрүүлээгүй ажээ. Хамгийн ойр дотны хүнд(С.Нинжбадгар) нь тодорхой чиг баримжаа байж л таараа.

Гэмт хэргийн илрүүлэлт гэдэг үзүүлэлтээрээ монголын цагдаа дэлхийд дээгүүр ордог гэнэ. “Хэргийн илрүүлэлт бараг 90 хувь байдаг” гэж цагдаагийн олон нийттэй харилцах хэлтсийнхэн сайрхахыг үе үе телевизээр үзэж болно. “Хэрэг гарлаа, барилаа” гэсэн мэдээ зэрэгцэх шахуу цацагддаг, хоёр сая гаруйхан хүнтэй улсад хэрэг илрүүлэх, тэр дундаа дуулиантай хэргийг илрүүлэх тун амархан байдаг бололтой.

Гэтэл А.Төмөр-Очирын болон С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг дээр мөрдөгчид маань уран чадвараа гайхуулах дургүй байсан уу, эсвэл том тээг байна уу гэж сэрдэхээр сунайсан 9 жил өнгөрлөө. Саяхнаас “сансрын зургаар захиалгат аллагыг илрүүлдэг гэнэ” гэж маанагтсаныг эс тооцвол тоймтой юм сонсогдохоо ч болив.

Большевик уламжлал ба таамаглал

“Төгсгөл” хэмээх зөвлөлтийнхөн голлож монголчууд оролцон бүтээсэн киноны хэсгүүдийг эргэн дурсацгаая.
Барон Унгерн монгол ноёнд үүрэг өгч байна. “- За, чи сонс ! “Их дайчин Хатанбаатар Магсаржав Сүхбаатарын гарт хорлогджээ” гэж довтлохынхоо урд шөнө монгол даяар зарлая” гэж бод ! Монгол ноён ойлгосонгүй. Барон Унгерн “Хатанбаатар Магсаржавыг нударчхаад Сүхбаатарынхнаас хүн алсан гэх шуугиан дэгдээ” Монгол ноён сая л ойлголоо. Тэгээд “ - Ай даа, Барон жанжин мөн зальтайяа, Харин дараа нь тэр Магсаржавынхаа хойноос намайг тонилгочих юм биш биз дээ!?” гэж асуув. Барон Унгерн инээж “ - Чи мэдэж ав! Нэгдүгээрт ухаантай, хоёрдугаарт олонд нэр хүндтэй хүнийг л зайлуулдаг юм”

Монголчууд цээжээрээ мэдэх шахуу болчихсон киноны энэ өгүүлэмж юуг хэлнэ вэ? Тун танил арга барил байгаа биз? С.Зоригийг хөнөөгдсөний маргаашнаас “Ардчиллынхан нэгнийгээ нухчихжээ”, “Бат-Үүл нэг л сэжигтэй” гэх мэт цуурхал тэнүүчлэн байсныг санаж байна уу ?

Троцкий, Киров - А.Төмөр-Очир, С.Зориг нарыг хөнөөсөн аллагууд тун адилхан төлөв байдалд явагджээ. Сталины даалгавраар КГБ Мексикийн нэгэн жижиг хотод дүрвэж гарсан Л.Троцкийг гэрт нь мөс хагалдаг сүхээр цавчин хороосон байдаг. А.Төмөр –Очир агсныг мөн гэрт нь сүхээр цавчсан билээ. Большевикууд, коммунистууд нь улс төрийн зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө цус урсгах, хүч хэрэглэхийг эрхэмэлдэгээрээ бусад улс төрийн үзэл баримтлалаас онцгойрон ялгарч байжээ. Аллага үйлдэх үедээ лалын алан хядагчид их төлөв тэслэх дэлбэлэх аргыг сонгодог бол, америкууд бууг эрхэмлэдэг, харин оросууд хутга, сүхийг таашаадаг байжээ.

“Төгсгөл” киноны зохиолыг Ю.Семенов гэж КГБ-ийн талаар голлон бичдэг зохиолч бичиж, найруулагчаар нь А.Бовровский гэж мөн л орос хүн ажиллажээ. Тэд орос үндэстэнд танил, дасал болсон “дайснаа алаад өөр нэг дайснаа гүжирдэх” аргыг дүрээ тодотгох зорилгоор ашигласан нь тэр. Бодит байдал дээр Унгерн Хатанбаатарыг алчхаад “Сүхбаатар алсаан” гэж хэлэх байсан эсэх нь сонин биш. Зөвлөлтийн баримжаатай үзэгчдэд танил арга мэхийг хэрэглэсэн нь л сонин.

Саяхан болтол МАХН большевик арга барилтай, коммунист үзэл баримтлалтай явсан гэдгийг бүгд мэдэх хойно нэмж нуршаад яах билээ. Өөрийн намыг “үндэслэн байгуулагч” гэж зарладаг Д.Сүхбаатараа хүртэл Богд хааны гарт алагдсан гэж ойлгуулах яриа тархааж, кино хүртэл хийж байлаа. Бодвол VIII Богд монголд большевизмыг тууштай цэцэглүүлэх зөвлөлтийн санаархалд том “шавар хааж” байсан бололтой. Монголчууд тэр домогт итгэж өссөн. Бүр сүүлд л Д.Сүхбаатар хорлогдож үхээгүй гэсэн нотолгоо гарах болсон билээ.

Мөрдлөгийн практикт захиалгат аллагыг “үр дүнд нь хэн хожив?” гэдгээс логикоор хөөж олдог гэх юм. Тэгвэл бүгдээрээ энэ асуудлаар дедуктив дүгнэлт хийн хамтдаа эрэн сурвалжилъя. Таны урмыг хугалахад би ширхэг ч шинэ зүйл хэлэхгүй. Хэвлэлээр нэгэнт түгсэн, үгүйсгэгдээгүй сурвалжуудыг тоймлоно.

МоАХ-ны анхны дарга байсан С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн хэргийг илрүүлэх асуудалд санаа тавих, анхаарах нь албыг нь залгамжилж яваагийн хувьд миний үүрэг ч гэж боддог.

Нэхэн санахуй

Хэргийн “цаад эзэд” хэн байж болохыг зааж чиглүүлсэн мессэж үл мэдэгдэх эх үүсвэрээс тарж “Эвслийнхэн нэгийгээ нухчхаж, эд нараас зайлахгүй” гэсэн дүгнэлтэд олныг аваачив. Түүндээ “С.Зориг дараагийн Ерөнхий сайд болох байж” гэдэг хачир дагуулж билээ. Хийрхсэн нийгэм үүнд шууд л үнэмшсэн.

Дараа нь “Бат, Оюун” нэртэй хоёр хүн нухсан гэх яриаг тараан “Бат”-тай нэр бүхий хүмүүс рүү хүйтэн харцаар ширвэцгээв. Бат–Үүл сэжигтнээр татагдан, Батсүх америкаас гавлагдаж ирэв. Олон жил хэрэг мөрдсөн туршлагатай мөрдөгч “Хэрэгтнийг гадаад дүр, төрхөөр нь мэдэж болно. Вышинскийн онолоор бол Батсүхэд рецидив хэрэгтэн байж болох ганц ч шинж тэмдэг алга” гэжээ. Би Батсүхийг эртнээс мэдэх хүний хувьд нэмж хэлэхэд тэр хүн алах битгий хэл хүний өөдөөс чангахан хараал хэлж ч чадахгүй хүмүүжилтэй нэгэн билээ.

Батсүх МоАХ-ны анхны идэвхтэй гишүүдийн нэг байсан нь гай болсон бололтой. Батсүх МоАХ-ны дэргэдэх “Ард” компани гэдгийг сар гаруй удирдаад татан буулгасан нь түүнд өгөх таатай хоч болж орхижээ. Уг нь “ММ” гэж компанийг хойш олон жил удирдсан авч хочинд тохиромжгүй байсан гэнэ. Хоч өгөхийн утга учир нь түүнийг эрүүгийн өнгө аяс бүхий нэртэй болгох байсанд оршиж байгаа юм байх. Эрүүгийн элементүүд “Чонон Борис” гэх мэт хоч нэртэй байдаг. Батсүхийг хэрэгтэн гэж харагдуулахын тулд содон хоч өгөх шаардлагатай байж. Түүнийг ямар ч үндэслэлгүй жил шоронд суулгаад, шалгаад эцэст нь суллаж, уучлалт ч гуйсангүй. Батсүхээр Бат-Үүлийг “гэрчлүүлэх” сценари байсан гэх авч бүтэлтэй юм болсонгүй ийнхүү дууслаа. МҮАН, МоАХ ч тэр үед хэлмэгдсэн гишүүдээ өмгөөлөх Зориг-гүй байжээ. Тэд өрсөлдөгчийн зүгээс өгсөн “үхлийн” цохилтод өртөж, яахаа мэдэхгүй самгардаж байсан гэвэл үнэнд нийцэх байх аа. Ер нь энэ хэрэгт нийтдээ 30-35 хүнийг хилсдүүлсэн баривчилж хорьсон ажээ.

Удалгүй Баярбат гэж манъяк тодорсныг мөн л С.Зоригийн хэрэгт хамаатуулах гээд барсангүй. Асуудлыг түүнтэй холбох гэхээр угшил нь ху намынх(аав нь МАХН-ын нөлөө бүхий гишүүн, сайд байсан) байгаад байж гэнэ.

Францаас Д.Энхбат гэгчийг хулгайлан авчирсан явдал нь алуурчныг илрүүлэх сценарийн оргил болов. Хожим Д.Энхбат “тагнуулынхан намайг зодож, тамлаж байхдаа “Чи Цагаан Шонхорын Энхтайван Зоригийн хэргийг захиалсан гээд хэлчихвэл бүх зүйл ОК! “ гэж амласан” гэж мэдэгдсэн байдаг. Түүний яриаг бас л үгүйсгэсэнгүй. Ч.Энхтайван МҮАН-ын гишүүн гэдэг нь цохилт хийх гол цэг болсон бололтой. Ч.Энхтайванаар дамжуулан МҮАН-ын өөр нэгэн лидер М.Энхсайханыг С.Зоригийн аллагын захиалагч болгох гэж байсан гэнэ.

Франц, Европын Холбооны зүгээс Засгийн газарт хандан “нутаг дэвсгэр дээр нь хүн хулгайлах хэрэг үйлдсэнд” тайлбар нэхсэн мэдэгдэл ирүүлж байснаас нь үнэн гэдэг нь нотлогддог.

С.Зоригийн хэрэгт зөвхөн МҮАН-ын гишүүд, түүнтэй холбогдох хүмүүсийг сэжиглэж, шалгаж, хорьж, цуурч байлаа. МАХН-д ойр байж болох ганц ч сэжигтэн тодорсонгүй. Үүнийг тайлбарлахдаа Э.Бат- Үүл хэрэг гарсны маргааш “МАХН буруугүй шүү” гэж мэдэгдсэн, тэгэхээр бид хамаагүй” гэнэ.

Хичнээн сайн сценари зохиолоо ч хэрэг илрэхгүй сунжирч мөрдөгч Мөрөн, хуульч Сугар гэх мэт “баатрууд” төрөн гарлаа. Тэд “ирэх сонгуульд бид нарыг сонгочихвол хоёр долоо хоногт л хэргийг илрүүлээд өгье. Одоо бол эвслийнхэн саад болоод байна” гэсэн амлалтаараа УИХ-д төвөггүй сонгогджээ. МАХН-ын бусад нэр дэвшигчид ч сонгогчидтой хийсэн уулзалт дээрээ эвслийнхнийг энэ хэрэгт буруутгаад авахаа ер мартсангүй. Энэ бүхний ард намын дарга, МАХН-ын сонгуулийн ерөнхий менежер байсан нь тодорхой.

Гурван том хожил

2000 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгууллаа. Үр дүн гайхалтай. 72 суудал ! гэдэг Назарбаев, Ниязов нар ч атаархах амжилт шүү. Ялалтынх нь гэрэл нүд гялбуулж, чих дөжрүүлэв. Эхний хожоо !

Төр, засгийн эрх мэдэл МАХН-д үнэмлэхүй төвлөрлөө. Сөрөг хүчнийхний эсэргүүцлийг цагдаагийн хүч хэрэглэн тараах нь энүүхэнд болов. Бүр давраад Ардчилсан намын байрыг бүслэн удирдагчдыг нь хорьж байсан. Тэр бүслэлтийн үеэр нэгэн цагдаагийн офицер Р.Гончигдоржид хандан “тушаал ирвэл чамайг буудах болно” гэж мэдэгдэж байжээ.

Гааль, татвар, Эрдэнэт, том банкуудын хувьчлал гээд ашиг орлого олдог бүхэнд нам хяналтаа тогтоосон. Тэр ч бүү хэл хүүхдийн Найрамдал зуслангийн хувьчлалд хуруугаа дүрээд авсан гэнэ. Парламентын ордон байж болох газрыг ч намын эрх мэдэлтнүүд мэдэлдээ оруулаад авчээ. Гачлантай нь тэр дөрвөн жилд “эвслийнхэн нэгнийгээ нухчхаж” гэхээр нотолгоо олдсонгүй. Олдчихсон бол өдийд ху нам мөнхийн парламент болж, дарга нь “насан туршийн Ерөнхийлөгч” цолыг олох байсан юм.

Хойтон жил нь Ерөнхийлөгчийн сонгуульд “Зоригийн хэрэг” чухал сэдэв хэвээр байлаа. “Эвслийнхэн нэгнийгээ алагдчихаад байхад дээгүүр нь алхаад гарч байсан юм шүү дээ. Эд нар л нухсан” гэсэн яриа ахин түгэв. Гэвч нэхэл хатуутай ард түмэн “хоёр долоо хоногт илрүүлэх” амлалтыг нь сануулжээ. Намын дарга нь энэ удаа хөнгөхөөн бултаж Д.Мөрөнг золигт гаргасан юм. “Хэлсэн хүн нь хариуцна биз” гэж тэр мэлзсэн билээ. МАХН ахин яллаа. Юм л бол үг сөрөх гээд байсан Ерөнхийлөгчийг аядуу төлөвт оруулж авав. Хоёр дахь хожил тэр!

Гэвч намын удирдлагатай сөргөлдөгчид ху нам дотор цөөн боловч байсаар байв. Хачирхалтай нь тэд эгзэгтэй мөчүүдэд ээлж дараалан бурхны оронд оджээ. Ганхийх хүнгүй ч болж авлаа. МАХН абсолют эрх мэдлийг эзэмдэв. Гуравдахаа хожлоо.

Хожил бүртээ “Зоригийн хэргийг” ашиглаж байсан ч илрүүлэх тал дээр хуруугаа ч хөдөлгөсөнгүй. 2004 оны сонгуульд аллагыг ашиглая гэхнээ амаа таглуулах байсан тул чимээгүйхэн өнгөрөв. Үр дүнд нь үнэмлэхүй ялалт ирсэнгүй.

Азаар 2004 оны сонгуулиар ард түмэн ухаалаг шийдвэр гаргасан. Засаглал тэнцвэржиж, хяналт бий болохын хирээр МАХН-ын удирдлагын дөрвөн жил нямбай сүлжсэн аалзны тор тасарч эхлэв. Намын хатуу сахилга алдагдан, том толгойлсон залгамжлагчид нь нэгнийгээ алж, улсын банкийг цөлмөв. Хяналтгүй засаглалын гай гарч эхэллээ.

Хамгийн том хожил нь монголын ардчиллын хөгжлийг 10 жилээр хойш ухрааж, бүх ололтыг үгүйсгэсэн юм шүү. Тэгэхээр асуултаа давтъя захиалгат аллагын “үр дүнд нь хэн илүү хожив оо?”

Энд хамаагүй ч юм шиг нэг зүйлийг дурдахад 2007 оны 4 сарын 11 –нд Их тэнгэр орох замыг хааж зогссон ХЗХ-ны хохирогч 38 эмэгтэйг замаас зайлуулахаар 100 гаруй цагдаа иржээ. Ямар ч зэвсэггүй, хүүхдээ тэвэрсэн, цөхөрч ядарсан хэдэн эмэгтэйд ийм их хүч хаяж чаддагаа харууллаа. Тэгж бодохоор манай цагдаа хүчтэй ч юм шиг.

Зориг

С.Зоригийн хэргийг илрүүлэхэд Зориг л дутаж байна. Дүлэгнэл, айдсаа орхиж тодорхой сэжүүрүүдийг хөөх Зориг дутаж байна. Хөөлгөх сонирхол ч дээдэст алга бололтой.

Гаальд ажиллаж буй МАХН-ын нэгэн гишүүн ийм үг алджээ. “Яахав намын буянаар овоо л юм хураалаа. Гэхдээ олохоос хамгаалах чинь хэцүү байдаг юм байна. Авилгатай тэмцэх газарт оруулж өгөх хүн байна уу?”

Авилгачдын олдог, зөөдөг үе үндсэндээ дуусаж, олзоо хамгаалах, эсэн мэнд үлдэх талаар санаа зовох үе нь эхэлсэн бололтой. Тод жишээ нь “Авилгатай Тэмцэх Газрын даргыг хэнээр томилох вэ ?“гэдэг маргаан МАХН-ын дээд удирдлагын хооронд болж, түншилцээд авчээ.
Зоригийн хэргийг зоригтойгоор илрүүлэхсэн. Зориггүй жилүүдэд төгсгөл тавьж хэргийг илрүүлэх нь монголын улс төр эрүүлжих үндсэн нөхцөл болоод байна. Алив нөгөө мундаг мөрдөгч Д.Мөрөн хаа явна аа?!

2007.04.25
Дэлгэрэнгүй...

Мөлжигч хар тамхи

Мөлжигч хар тамхи
(цаазлахаас өөр эмчилгээ үгүй бололтой)

battulga_bodluud_book_cover

Хар тамхины дуулиан

Хэсэг дуучид, хамтлагийнхан хар тамхи нэртэй өвс татсан хэргээр хатуу ял сонсжээ. Ийм төрлийн хэргийг шийдэж, шийтгэж үзээгүй монголчууд маш их цочирдов. “Пөөх, нэг муу өвс сорсон биш баларч байна аа”, “Тэд нар уг нь өөрсдийгөө л хордуулсан болохоос нийгмийг хордуулаагүй ш дээ, суллачих л даа”, “Арай дэндүү хатуу шийтгэжээ” гэхчлэн ярьцгаана. Хамгийн гол нь тэдний араас хар тамхинд дурлах зоригтон нэг хэсэгтээ үгүй болов бололтой.

Хар тамхи татсан, зөөсөн, худалдсан хэрэгт цаазаар авах ял оноодог улсууд байдаг. Ийм эрс хатуу шийтгэл ногдуулж байж бусдын тархинд сэрэмжилүүлгийн дохио асаадаг бололтой юм. Монголын шүүх хар тамхичдад хатуурхаж чадлаа. Харин түүнээс илүү аюултай дон болох авилгад автагчдыг шийтгэх, бусдад дохио санамж болгох сонирхол алга бололтой.

Авилга бол ард түмнийг сорон мөлжигч хар тамхи мөн
Манай нийгэмд авилга өдөр тутмын үйлс болж байгаа нь тод харагдаж байна..
Хэвийн үйл ажиллагаа явуулж байсан “Зуучлах товчоо” гэж байгууллагаар төр тоглов. Эзнийг нь үхэлд хүргэж, бизнесийг нь төр булаажээ. “Солонгосчууд ингэж шаардсан. Тэд төрийн байгууллагатай л харьцахыг хүсдэг” гэж тайлбарлаж байгаа ч жинхэнэ шалтгаан нь энэ биш. Асуудлын мөн чанар нь ойлгомжтой, өнөөх л авилгад донтогсдын шунал.

Эх нутагтаа байсаар атал харийнхны гар хөлийн зангаагаар тонголзох, өдөржин шөнөжин оочерлох хүмүүс өөрсдийгөө авилгын золиос гэдгээ мэдэхгүй байгаа нь харамсалтай. Авилгыг цэцэглүүлсний улмаас эх нутаг дахь ажлын байраа гаднынханд алдаж, өөрсдөө бусдын голсон орон зайг нөхөхөөр урт дараалал үүсгэж байгаагаа ухаарахгүй Солонгос явчихвал “тэнгэрийн умдагнаас атгана” гэж сэтгэнэ.

Солонгос бол авилгаараа дэлхийд гайхагддаг орон. Ро Дэ У гэж ерөнхийлөгч нь манай авилгачдын атаархаж үхмээр их мөнгө авилгад аваад шийтгэгдэж байлаа. Тэр хоёр триллион буюу хоёр их наяд хэмээх тоогоор илэрхийлэгдэх воны авилга авч байжээ.

Монгол болохоор авилгад амжилттай суралцаж буй улс. Орон бүхний авилгачид ойлголцов. Тохиролцов. Тонов. Авилгачдын гаршсан арга нь төрийн нэрээр далайлгах, жирийн иргэдийн хүсэл эрмэлзлийг боогдуулах. Боогоод, хаагаад ирэхээр түүнийг даван туулах арга зам эрэлхийлнэ. Саадыг давах ганцхан арга байх ба тэр нь авилга.

Эрчим Хүчний Сайдыг “огцруулах” ажиллагаа хамгийн сүүлийн жишээ болов. Тэр сайд нь улсын олон арван тэрбумын хөрөнгийг хувийн компанидаа шилжүүлсэн үйлдлээ “Сайд болсон гээд хувийн компаниа дампууруулчхалтай биш” гэж тайлбарлаад сууж байсан. Түүнийг аварч үлдсэн МАХН-ын бүлгийнхэн сонин хэвлэлээр түгсэн “МАХН-ын бүлгийнхэн сайдын нэр дээр тараасан 60 тэрбумаас хувь хүртсэн” гэсэн мэдээлэлд ямар ч няцаалт өгсөнгүй. “Эрчим Хүчний Сайдыг огцруулах” оролдлого гэгч нь авилгаа шахаж авах арга төдий зүйл байжээ. “Огцрууллаа шүү” гэж айлгаад өөрт ногдох хувь хэмжээг авмагц “огцруулахгүй” гэсэн кноп дарна. Маш энгийн механизм ажиллаж байгаа биз !

“АПУ-гийн төрийн мэдлийн хувьцааг гурван багц болгон худалдах шийдвэр гаргавал 500 сая төгрөг өгье гэж хэлсэн хүн байгаа” гэж хоёрдмол утгагүйгээр мэдэгдсэн Ерөнхий сайдыг хууль, цагдаагийн байгууллагууд шалгахыг хүссэнгүй. Иргэншсэн нийгмийн жаягаар бол ноцтой хэргийн сэжүүр байхаар ийм мэдээллийн мөрөөр хүчний байгууллагууд шуурхай ажиллах ёстой.

Өнгөрсөн 17 жилийн туршид энэ улсад авилгыг дэлгэрүүлэх, донтуулах, хүүхэд залуучуудыг авилгад уруу татах ажлыг гол зохион байгуулагч нь МАХН байлаа.

МАСЗХ(Монголын Авилга Сонирхогч Залуучуудын Холбоо гэж тайлах болсон) гэж МАХН-ын залгамж халаа байгууллагын удирдагчдын өдүүлсэн хүн амины хэрэг, улсын банк цөлмөсөн хэргийн хөрс нь өнөөх нь л авилга байсан. Х.Баатарын татвар төлөгчдийн мөнгөөр намаа санхүүжүүлсэн хэрэг нь хольцоогүй шижир авилга байлаа.

Ард түмний хөрөнгөөр хайж, олж, нөөцийг нь тогтоосон стратегийн ордуудыг өндөр албан тушаалтнууд мэдэлдээ авсан явдлыг авилгаас өөрөөр тайлбарлах боломж үгүй. Бороо Гоулд, Таван толгойн ордын лицензийг эзэмших тендер зарлагдлаа гэж та бүхэн дуулсан уу ? Асгатын ордыг эзэмших эрхийг шударга өрсөлдөөнөөр бус хуйвалдаанаар шийдвэрлэх гэж байна. Чехэд өр төлсөн, Оросын их өр төлсөн асуудал учир битүүлэг байдалд явагдсан нь авилгад сэрдэхээс өөр аргагүй байдалд түлхэж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Японд төлөх өрийг далд хуйвалдааны журмаар зохицуулж, хэсэг албан тушаалтан олон тэрбум төгрөгийн хөрөнгө завшсан нь илэрлээ. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр нь эртнээс нааш албан тушаалтнуудын саалийн үнээ болж иржээ. Үүнийг шалгая гэж гурван сарын өмнөөс МоАХ-ны тавьсан шаардлагад УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд одоо болтол хариу өгөхгүй байна.

МАХН авилга хэмээх тахлын нянг жижиг намуудын дарга нарт, иргэний хөдөлгөөнүүдийн удирдагчдад халдааж, тэднийг донтуулж амжлаа. Авилгачдыг цээрлүүлэхээ андгайлж явсан жижиг намын дарга өнөөдөр “авилгын загалмайлсан эцэг” цолтой нэгнийг үгээ олохгүй магтаж явдаг болсныг нийтээрээ харж л байгаа. Төр засагт бугшсан бусармаг зүйлстэй тэмцэхээр гарч ирсэн иргэний хөдөлгөөнүүдийн удирдагчдыг авилгаар халдварлуулж тэмцлийг нь мохоож байна. Хөдөлгөөний удирдагчид авилгад халдварлахгүй бол гүтгэлэг гүжирдэлгийн үерт живүүлэх ба тэсэж үлдэх юм бол “хагалах, хуваах” гэдэг дархан мэхээ хийдгийг ард түмэн андахаа байжээ. МАХН авилгын халдварыг Ардчилсан нам доторх явцуу бүлэглэлүүд, нутгархаг үзэлтнүүдэд ч халдаахаар чармайж, тасралтгүй явуулга хийсээр байна.

Авилгатай тэмцдэг орнуудын туршлага

Нэг үеэ бодвол “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэж хүлээн зөвшөөрөх маягаар авилгачдад ханддаг байсан сэтгэлгээ өөрчлөгджээ. Ард түмэн авилгын хор холбогдлыг улам бүр ойлгож, мэдэрч, бухимдаж байна. Авилга хүн бүрийн халаасыг тэмтэрч, хоослож байдгийг иргэд улам бүр ухаарч байна.

Үүнтэй зэрэгцээд авилгад сэрдэгдсэн албан тушаалтнууд “Та нар нотлоодох л доо!” гэж тавлах нь элбэгшлээ. Авилгын хэрэг нь жирийн иргэн байтугай хүчний байгууллагууд, тусгай албад ч нотлоход түвэгтэй хэрэгт ордог. Иргэншсэн улс орнуудад авилгын хэргийг нотлох үүрэг нь жирийн иргэдэд бус албан тушаалтанд өөрт нь оногддог байна. Авилгыг нотлох гэж байна гээд мөрдлөг явуулах, байцаалт авах эрх ард түмэнд хуулиар олгогдоогүй шүү дээ. Тийм болохоор иргэдэд сэрдэх эрхийг нь нээлттэй орхиод сэрдэгдсэн албан тушаалтан авлигад автаагүйгээ өөрөө нотолдог болгох хэрэгтэй. Үүний тулд л өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ тогтмол гаргадаг, орлогын эх үүсвэрээ олонд ил болгодог.

Авилгыг илрүүлдэг хамгийн энгийн арга бол өндөр албан тушаалтны хэрэглээ, орлогын харьцааг шинжих явдал билээ. Араб морь уралдуулаад, өндөр өндөр байшин бариад, хотын төвийн байршил сайтай газруудыг эзэмшээд, үнэтэй машин унаад яваа хүмүүсийн цалин орлогыг харахаар хэрэглээндээ яавч хүрэхээргүй байдаг. Энэ тэдний шударга замаар орлого олдог эсэхэд эргэлзэх сэтгэлгээг бий болгож байгаа юм.

Авилга өгч буй хүн бол ажлаа урагшлуулах гэж аргаа барсандаа л тэр. Тэрнээс биш мөнгө нь илүүдсэн хүн хаана байхав. Тийм болохоор авилга өгснийг бус авилгад автсаныг шийтгэдэг тогтолцоо бий болгох шаардлагатай болжээ. Одоогийнх шиг өгсөн, авсан хоёулаа шийтгэгддэг байвал ийм төрлийн хэрэг илрэхгүй, нотлогдохгүй. Өгсөнд нь өлзийтэй, авсанд нь арван тамтай байхаар хуульчилж өгөхгүй бол Баатарт мөнгө өгөөд шийтгэгдсэн Өвгөнхүүгийн араас явах сонирхолтой хүн гарахгүй шүү дээ.

Авилгад өртсөн албан тушаалтныг “цаазлах” хүртэл хатуу шийтгэл оногдуулдаг байж л авах сэдэл, эрмэлзлэлд бодитой саад учруулж чадна. Иргэншлийн түүх нь хүний ухамсар, соёлд найдах маягаар нийгмийн харилцааг зохицуулж болдоггүйг нотолсон. Тийм учраас хүн төрөлхтөн нийгэмших явцдаа институцичлэл буюу хүний араншин, үйл хөдлөлийг хүчээр хязгаарлах хууль, эрх зүйн хаалтуудыг ямагт хийж иржээ. Тэрний нэг жишээ нь л цаазаар авах ял.

Амьдрал хүнд нэг л удаа заяадаг. “Хэдэн халтар төгрөгнөөс болж ганц олдсон амьдралаасаа салаад яах вэ” гэж бодогдуулах, одоо мэдэгдээд байгаа цор ганц арга бол цааз л юм. Хятадын хөгжил, эдийн засгийн хурдцыг жишээлэх дуртай дарга нар маань хятадууд авилгачдыг цаазладаг талаар дурсах дургүй байна. Авилгын хэрэгт улс орнууд ямар шийтгэл оногдуулдгийг хөрш орнууд болоод монголчуудын үлгэр дууриалаа болгодог улсуудын туршлагаас лавлаж үзлээ.

Хятадууд авилгачдыг олны өмнө цаазласанаар бусдынх нь авах, идэх донг хазаарлаж, сэрэмжлүүлж байгаа. Монгол улс ч шүүхийнхээ практикт цаазаар авах ялыг хэрэглэдэг орон. Гэхдээ авилгын хэрэгт ийм ял оноодоггүй.

Хятадын Төрийн Зөвлөл анх 1952 онд авилга(хятадаар «таньу») хэмээх зүйл ангийг эрүүгийн хуульдаа оруулсан юм байна. 1983 оны есдүгээр сарын 2-ноос Авилгын хэрэгт ногдуулах шийтгэлийг чангатгах тогтоол гаргажээ. Үүгээр авилгад өртсөн төрийн албан тушаалтанд цаазаар авах ял ногдуулахыг хуульчилсан байна.

Тоо баримтаас үзэхэд хятадад авилгын асуудлаар 670 000 хэрэг үүсгэж үүнээс 669 300 хүн шийтгэл хүлээжээ. Үүн дотор Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Ситун 16 жил гянданд хоригдох ял авсан байна. 2000 оны эхээр Наньчан хотын дунд шатны шүүхийн шийдвэрийн дагуу Цзянси мужийн захирагчийн орлогч Ху Чанцинийг цаазаар авчээ. Түүнийг анх 650 мянган доллар авилгад авсан гэж буруутгасан ч мөрдлөгийн явцад Ху Чанцин 200 000 долларын хөрөнгийнхөө л гарал үүслийг тодорхойлж чадаагүй байна. "Рэньминь жибао" сонин Ху Чанциныг цаазлах ажиллагааны талаар дэлгэрэнгүй фото сурвалжлага нийтэлжээ. Эмэгтэйчүүдийн баярын өдөр түүнийг буудсан нь тохиолдлын хэрэг бус байсан бололтой. Тэр үед Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурал ид хуралдаж байх таарчээ. Хурлын төлөөлөгчдөд Ху Чанциныг цаазлахыг нүдээр үзэх “боломжийг” зориуд олгосон гэнэ. Хамгийн сүүлд Шанхай хотын коммунист намын хорооны өндөр албан тушаалтан авилгын хэргээр олны өмнө буудуулсан тухай хятадын сонинууд мэдээллээ.

Өмнөд Солонгосын шүүх 1996 оны 8 сарын 27-нд хуучин Ерөнхийлөгч нараа авилгын хэрэгт шүүж Чон Ду Хванд цаазаар авах ял, Ро Дэ У-д 22,5 жил гянданд хорих ял оноожээ.

Тайландын Ерөнхий сайд асан Таксин Шинаватра авилгыг хэмжээ хязгааргүй цэцэглүүлсний улмаас цэргийнхэн төрийн эргэлт хийж өөрийг нь баривчлах гэсэн боловч Англи руу зугтаж гарсан билээ. 2007 оны 5 сард Тайландын Үндсэн хуулийн шүүх Таксин Шинаватраг авилгын хэрэгт буруутайг нотолж, улмаар түүний удирдаж байсан Тай Рак Тай намыг нь тараажээ.

Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев авилгад өртөгчдийн бүх хөрөнгийг өмчийн хэлбэрээс үл хамааран хураах гэсэн заалтыг эрүүгийн хуульдаа оруулжээ.

Саяхан монголд ирээд явсан ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга С.Миронов 2007 оны 4 сарын 13-нд авилгачдад хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай тогтоолд гарын үсэг зуржээ. Тэрээр "Авилгачид бол – хулгайчид. Хулгайчид шоронд аль болох удаан суувал зохино" гэж мэдэгдээд дээр нь хорих ялыг "хулгайчийн төдийгүй, хулгайчийн гэр бүлийн бүх гишүүдийн эд хөрөнгийг хураах" шийтгэл дагалдах болно гэж нэмжээ. "Энэ бол хэрцгий шийтгэл, гэвч ингэхгүйгээр хулгайг үндсээр нь таслах арга үгүй" гэж С.Миронов хэвлэлээр мэдэгдсэн байна.

Харин монголд жирийн хүмүүст хатуу ял өгч чаддаг шүүх засаглал маань ард түмний хөрөнгийг хууль бусаар, хэдэн арван тэрбумаар нь залгигчдад хатуурхаж чадахгүй байна. Авилгын хэрэгт хатуу чанга ял ногдуулж, хазаарлаж чадаж байгаа улс орнуудын хөгжил мэдэгдэм хурдацтай байгааг хойд, өмнөд хоёр хөршөөсөө бэлээхэн харж болно. Монголын хөгжлийн гацаа, зогсонги байдлын цор ганц буруутан болох авилгатай тэмцэх ажлыг хоосон лоозон, жүжигчилсэн тоглолт болгохгүй гэвэл эрс хатуу шийтгэл ногдуулдаг болох хэрэгтэй байна.

Нэгэнт олон улсын хууль эрхийн практикт авилгын хэрэг өдүүлэгчдийг хатуу чанга шийтгэдэг, бүр цаазладаг ял байхад бид хэрэглэж яагаад болохгүй гэж ? Авилга хар тамхинаас аюултайгаар нийгэмд нөлөөлөх хэмжээнд хүрчхээд байхад харж суусаар мөхөх гэж үү ?

Боом, шүлхий зэрэг аюулт өвчнийг устгахдаа халдвар авсан байж болзошгүй бүхий л зүйлийг шатааж, газарт булж байхыг бид телевизээр өчнөөн харсан. Авилга хэмээх аюулт тахлын голомтыг яг түүн шиг уг үндсээр нь устгах эсэх нь хатуу ял шийтгэл, ард түмний чанд шаардлагаас л шалтгаалах цаг иржээ. Авилга хөгжлийг сааруулж, хөгжилгүй байгаа нь ядуурлыг гааруулж байна. Авилгатай тэмцэх ямар хэрэгтэй юм бэ ? гэсэн асуулт нь хөгжиж яах юм гэснээс ялгаагүй юм.

2007.05.24
Дэлгэрэнгүй...

Коммунист

Коммунист

Жинхэнэ ба шинэхэн коммунистуудын ялгаа

communist_vodka

Сэтгэл өвтгөсөн ярилцлага

Нам, засгийн удирдагч асан Ж.Батмөнх гуайн эхнэр А.Даариймаа гуайн МҮОНРТВ-д өгсөн ярилцлагыг үзлээ. Монголын төрийг 15 жил, 9 cap тэргүүлэн, нийгмийн шилжилтийн нэн эгзэгтэй мөчийг саруул ухаан, эр зоригоороо үүрэн гарсан хүн бол Ж.Батмөнх байжээ

“Хэдхэн Монголчууд бид бие биенийхээ хамраас дусал ч цус гаргахгүй шүү” гэж хэлчхээд албан тушаалаа өгч, бусдыгаа ч огцрохыг ятгаж чадсан удирдагч бол Ж.Батмөнх байжээ. Төрийн тэргүүнээс буумагц өөрийнх нь залгамж халаа - коммунист шинэ дарга нар 500 төгрөгийн тэтгэврээс өөр юм хялайлгасангүй. Орон гэр ч үгүй, унаа тэрэг ч үгүй үлдээжээ. Ингээд төрийн тэргүүн явсан Ж.Батмөнх гуай талх, усны урт дараалалд зогссоор хорвоогоос хальжээ. Оронд нь дарга болсон шинэ коммунистууд түүнд санаа тавьсангүй, бүр уулзахыг ч хүсдэггүй байж.

А.Даариймаа гуай ярилцлагадаа “Төрийн тэргүүний гэргийн хувьд би хоёр удаа л төрийн айлчлалд орж өвгөнөө дагаж явах болоход өнөөгийнх шиг дэлхийд нэртэй үнэтэй фирмийн хувцас хунар олдох биш. Монгол дээлээ өөрөө оёод л өмсчихдөг байсан” гэж дурдлаа. Нөхрийгөө энд тэнд айлчлахад нь дагаж явъя гэхэд Ж.Батмөнх гуай “Улсын мөнгө үрээд яах гэсэн юм” гэдэг байж. Жинхэнэ коммунист хүмүүжил ийм байв.

Гэтэл өнөөгийн Ерөнхийлөгчийн(уг нь адилхан коммунист угшил, хүмүүжилтэй) гэргийн төсвийн мөнгөөр тансагласан, гадаад улсуудаар айлчилсан зардлыг сонсох юм бол хуучны хүмүүс, жинхэнэ коммунистуудын тархинд цус харвах байх. Төсвийн хөрөнгө үрж яваад хийсэн бүтээсэн зүйл нь хэдэн төгрөг болов гэвэл хэцүүхэн л тоо хэлэх байх. О.Цолмонгийн талаар оросын нэгэн сонины бичсэнийг орчуулгагүй дамжуулъя - “Первая леди Монголии, супруга президента О.Цолмон в скором времени собирается выехать на учёбу в Кембридж. Эта новость получена из надежных источников. Учёба будет продолжаться на протяжении 4 лет, годовая оплата – 45 тыс. фунтов стерлингов, что в пересчёте на доллары равно 70 тыс. долларов США”(“Открытый мир Азия” №44 2006.02.28. owasia.ru)

А.Даариймаа гуайн үгэнд өнөөгийн хүмүүс итгэхгүй ч байж магадгүй. “ - Манайх 12-р хороололд дөрвөн өрөө сайхан байртай байсан. Батмөнх маань түүнийг 1974 онд “орон байргүй хүмүүс олон байна” гээд хотын захиргаанд хүлээлгээд өгчихсөн. Би тэр байраа өгөхөд дургүй л байсан. Их Тэнгэрийн амнаас гараад явъя гэхэд манайд очих өөрийн гэсэн орон байр байдаггүй. Майдар, Рагчаа, Содном гээд тэнд байсан айлууд бүгд хотод байртай. Огцорсноос хойш нөгөө айлууд нүүгээд явдаг, манайх яалт ч үгүй тэндээ хоцорсон” Тэр цагийн удирдагчид одоогийнхонтой зүйрлэшгүй байжээ дээ!

Хэвлэлийн мэдээллээс үзэхэд П.Очирбатыг 1997 онд Ерөнхийлөгчөөс буухад нь төсвийн 150 сая төгрөгөөр байшин барьж өгсөн байна. Хожим нь Ерөнхийлөгч асан Н.Багабандид 300 сая төгрөг “Байр аваарай” гэж ядмагхан төсвөөсөө өгчээ. Коммунист угшилтай шинэ үеийн Ерөнхийлөгчид Ж.Батмөнх гуай шиг түмний хөрөнгөд сэтгэл өвдөх мэдрэмжээ алдсаны тод жишээ энэ. Гэтэл тэдэнтэй ижил зиндааны алба хашиж явсан Ж.Батмөнх гуай Дамбадаржаад хамаатнуудынхаа барьж өгсөн модон амбаарт сууж, худгаас өөрөө ус зөөж явсаар дуусжээ.

Жинхэнэ коммунист удирдагч Ю.Цэдэнбал агсан ч иймэрхүү гунигтай тавиланг туулсаар хорвоогоос одсон билээ. Түүнийг Москвад гэртээ хоригдож байх зуур нь Төв хороо нь хуралдаад МАХН-аас хөөж орхижээ. Эхнэр нь түүнд энэ тухай дуулгахад Ю.Цэдэнбал “-Миний нам намайг хөөх ёсгүй. Тэр бол миний нам биш байна” гэж хариулжээ. (“Цэдэнбал, Филатова хоёр. Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” 430-р хуудас) Энэ бол туйлын үнэн үг байлаа. Үнэхээр одоогийн МАХН бол Цэдэнбалын удирдаж байсан нам огт биш билээ. А.И.Филатова Цэдэнбалыг хөөсөн шинэхэн коммунистад хариуг бас ишилье гэж бодлоо. “Та нар яасан гэж намаас хөөж байгаа юм бэ? Цэдэнбал монголыг ямар байсныг ямар болголоо. Монгол чинь Афганистанаас долоон дор байсан шүү дээ”

Ийм хүний төвхнүүлж, намба төрхөд нь оруулсан намыг гартаа оруулж аваад, өөрийг нь хөөжээ. Жинхэнэ коммунист зан чанар уг нь ийм байх ёстой билүү ?

Ю.Цэдэнбалын бага хүү Ц.Зориг нь монголд ирээд аавынхаа төрөлх намын удирдлага гэх цөөхөн хэдэн хүнтэй уулзахыг хүсэхэд халгаасангүй. Харин ч ад үзэн, тээршаав. Тэд Цэдэнбалын “улс төрийн өв”-ийг хэмжээ хязгааргүй эдэлж, эзэмших хирнээ хүүд нь “ногдох хувийг” өгөхөөс цааргалжээ. Ухаандаа аавынх нь байгуулсан компанийн “хувьцаанаас” хүүд нь зүй ёсоор ногдож болох “хувийг” өгөхгүй гэв. Хэрвээ Ц.Зоригт нүүр өгвөл өөрсдөд нь МАХН хэмээх “их өв хөрөнгөөсөө” юу ч оногдохгүй алга болно хэмээн эмээж, үүнийг жирийн гишүүдээсээ тас нууж байна.

Ойрмогхоны жишээ толилуулъя. МАХН-ын үзэл суртлын хэлтэст ажиллаж байсан судлаач Д.Ганхуяг “1996 онд Н.Энхбаяр МАХН – ын Ерөнхий нарийн бичгийн дарга болмогцоо өөрийн гэсэн багаа бүрдүүлж эхэлсэн юм. Энэ бүлэгт Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, О.Чулуунбат, Х.Баатар, Ж.Бямбадорж, У.Уламбаяр нар багтаж байлаа. Одоо түүнд оролцсон хүмүүсийн хувь заяаны тухай товч дурдъя. Ж.Баатар шоронд оров, О.Дашбалбар нас нөгчив. Р.Одонбаатар сураггүй чимээ алдрав. Одоо Ц.Нямдорж огцорч байна. Энэ ажилд нойр хоолгүй зүтгэсэн Ц.Нямдоржийг чи намдаа зүйрлэшгүй гавьяа байгууллаа гэж Н.Энхбаяр тэврэн үнсэж байсныг би сайн санадаг юм” гэж “Улс төрийн алуурчин” нийтлэлдээ бичжээ. Нийтлэлч Баабар бусдынх нь хувь тавилан хаашаа эргэж байгааг тодорхой биччихсэн болохоор нуршихаа азная.

“Коммунист хүн ийм тийм байх ёстой” гэсэн ёс суртахуун хатуу шалгуур тавин зааварчилдаг байсан коммунист дарга нар цагаа тулахад коммунист ёс суртлаа гаргасангүй. А.Даариймаа гуайн эгэл үнэн агаад сэтгэл өвтгөсөн ярилцлагаас үүдээд жинхэнэ болон шинэхэн коммунистуудын талаар эргэцүүлэхэд хүрснээ та бүхэнтэй хуваалцаж байгаа юм.

“Би – коммунист” гэж бардам хэлэх хүн бий юу?

“Коммунист”(найруулагч Ю.Райзман.1957) гэж социалист систем даяарт алдаршсан зөвлөлтийн кинонд Е. Урбанский гэж жүжигчний бүтээсэн сонирхолтой дүр байдаг. Сонирхолтой гэхийн учир нь “жинхэнэ коммунист” ямар байх ёстойг харуулсан гэх уг дүр айлын эхнэр эргүүлээд нөхөрт нь алагдсан садар эрийг давхар харуулж коммунист ёс суртахуунтай уг үндсээрээ зөрчилдөж байсан хирнээ нийтээрээ даган дууриах загвар болж чадсанд байгаа юм. Одоо ч оросын хэвлэлүүдээс энэ киног дурссан, Урбанскийн бүтээсэн дүрээр бахадсан нийтлэл, санал сэтгэгдэл, дурсамж, харууслыг олж үзэж болно.

МАХН-ын мянга мянган гишүүд энэ киноны дүрээр баримжаалан намдаа итгэж, өөрсдийгөө ховорхон тохиох, эх оронч, чин шударга, хувиршгүй хүмүүс хэмээн төсөөлж, коммунист хүн үхэхдээ ч “Би коммунист хүн” гэж бахархалтайгаар хэлэх ёстой юм шиг санаж явсан цаг саяхан.

Гомдмоор бас харамсмаар нь ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ андгайлж, намын “гал улаан” батлах өвөртөлж явсан хүмүүс нь цагийн өнгө, салхины аясыг дагуулан намын гишүүдээ, төдийгүй ард түмнээ хулхидсаар 17 жил өнгөрлөө. Саяхан МАХН-ын байр луу ХЗХ-ны хохирогчид дайран орж байгаа сурвалжлага(ТВ8-аар шиг санаж байна) үзлээ. Хохирогч гэх нэгэн эмэгтэй сурвалжлагчийн микрофоныг булаах шахам татаж “Энэ МАХН 70 жил бидний бидний өвөг дээдсийг хуурсан. Одоо биднийг хуурч байна” гэж ууртайгаар хэлэхийг уншигч та ч харсан байх. Энэ бол ард түмнээс МАХН-ын байгаа байдлыг яг онож дүгнэсэн дүгнэлт гэж би бодсон.

Сонгууль болгонд МАХН-ыг тууштай дэмждэг 300 орчим мянган хүн байдаг гэх агаад тэдний олонхи нь намаа хуучны “сайн” нам хэвээр хэмээн итгэж явдаг ажээ. Гэвч тэр 300 мянган хүний итгэл, сэтгэлд дөрөөлж сонгогдсон хүмүүс нь тэднийхээ талаар огтхон ч сэтгэлээ өвтгөдөггүй нь олон зүйл дээр харагдсаар байдгийн нэг жишээ нь л Ж.Батмөнх асан. МАХН-ын дээд удирдлагыг атгаж буй гэх хориодхон хүний баян тансаг амьдралыг ханган биелүүлэхийн төлөө жирийн гишүүд нь хамгаа зориулж байгаа ч өнөө хэдэн дарга нар нь жирийн гишүүддээ сонгуулиар жаахан дусаахаас бус амьдрал ахуйг нь дээшлүүлэх талаар огтхон ч санаа зовохгүй байна. Тэд төрийн албыг баяжих хөлжих хэрэгслээ болгож Монголын баялгийг гадныхантай нийлж цөлмөж байна. Олсон, хураасан мөнгөө ард түмнийхээ сайн сайхны тусад бус өөрсдийн эрх мэдлийг бэхжүүлэхэд л зарцуулж байна.

МАХН-ын хоёр нүүр

МАХН-ын өнөөгийн удирдлагууд, энэ намаас төрсөн “лидер” гэх хүмүүс сонгуулийн үеэр “Та бүхний өнөөдрийн амьдрал, хамаг сайн сайхан бүхнийг МАХН бий болгосон юм, манай нам л энэ улсыг 70 жил улсын дайтай авч ирлээ” гэж ам бардам хэлж байхыг ч та олонтаа сонсож байсан байх. Харин МАХН-ын өнгөрсөн түүх, учруулсан гай түйтгэрийнх нь тухай асуудал хөндөхөөр дуу нь суларч “МАХН бол урьдын коммунист нам биш, бид өөрчлөгдсөн, өнөөгийн МАХН бол огт өөр нам. Өмнөх үеийнхний хийсэн зүйлийг бид хариуцахгүй” гэж мэлзэнэ.

Гэтэл залуу нас, хамаг амьдралаа энэ намд даатгаж явсан ахмад үе урьдын коммунист нам нь байсаар байгаа гэж итгэж, хууртсаар л байгаа. Тэдний нэг бол миний аав. Багад аав минь уулнаас мод бэлтгэх үед би хамт явдаг байсан юм. Урт, урт гуалинг уулын уруу ташаалдан чирч явахдаа аав их л аз жаргалтай, итгэлтэй харагдаж байж билээ. Аав минь “Коммунист” киноны гол баатрын мод ташаалдан чирч байсныг сэтгэлдээ харж байх шиг мэдрэмж надад төрж байсан. Аав коммунист гэдгээрээ бахархдаг байсан. Аав минь одоо ч нам нь хуучныхаа хэвээр байгаа гэж итгэж, нэр төрд нь хир буртаг халдаахыг хүсдэггүй, сонгууль бүрт намдаа саналаа тууштай өгдөг нэгэн билээ.

Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэн 70 настай Даваа гуай надад нэг түүх ярьсан юм. Тэрээр ноднинг хүртэл энхрий хайрт МАХ намдаа харамгүй зүтгэж, сонгууль бүрт намынхаа ухуулагч хийж, сөрөг намынхны уулзалт, ярилцлага дээр очиж үймүүлэх, үг, үзэл санааг нь мушгих, цуурхал дэгдээх ажлыг онц сайн хийж, үнэнчээр зүтгэж явсан ажээ. Гэтэл сонгуулийн үеэр навсартал ашигладаг нам нь өвгөнийг өвдөөд үхэх шахах үед нь таньсангүй, тоосонгүй. Зөнд хаяжээ. Ардчилсан намынхан л үзэл бодол ялгаварладаггүйгээрээ тусалж, аминд нь оржээ. Даваа гуай “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр, үгүй ээ, мөн ч хуншгүй намд итгэж явж дээ бид. Тэдэнд зориулсан хамаг амьдрал, залуу нас, хөлс хүчтэйгээ надад үзүүлсэн “халамжийг” нь харьцуулахаар ах нь эрхгүй уйлсан шүү” гэж байсан.

Төр, нийгмийн зүтгэлтэн А.Төмөр-очир агсны оюун ухаан, эрдэм чадлыг МАХ нам бүрэн шавхаж, ашиглаж байсан хирнээ эцэст нь амьдралыг нь там болгож, амь насыг нь зэрлэгээр хороосон билээ билээ. Энэ талаар түүний бэлбэсэн эхнэр, одон оронч С.Нинжбадгар гуай “Миний нөхрийг МАХН л алсан. Тэднээс өөр хэн ийм юмыг зохион байгуулах вэ дээ”(МНӨ №02. 2007) гэж шулуухан хэлсэн байдаг.

А.Даариймаа гуай, С.Нинжбадгар гээд энэ намд хүчээ өгөөд эцэст нь золиослогдсон хаягдсан олон арван хүмүүсийн ойр дотныхны хувь тавиланг бодохоор эрхгүй харуусал төрдөг..

Бодит байдал дээр МАХН урьдын МАХН биш болсон. Үзэл баримтлалаа ч өөрчилсөн, коммунист ёс суртахуун, эрхэм чанар, ариун нандин бүхнээ ч гээсэн. Үүнийгээ ч ил тод зарладаг. Тэгсэн хирнээ сонгууль болохоор коммунист итгэл үнэмшлээ хадгалсаар яваа мянга мянга жирийн гишүүдийнхээ дэмжлэгийг авахаар нялуурч “80 жилийн түүхтэй яруу алдарт намдаа саналаа өгөөрэй” гэнэ. Байгаад бүр албатай юм шиг шахаж шаардана.

МАХН сонгогчдод мөнгө тарааж санал худалдаж авахдаа гарамгай. Ахмад, үнэнч гишүүддээ болохоор үзэл суртал гэх хоосон чихэр пологттол нь долоолгож, “бурмаар бус урмаар тэжээх” дүр үзүүлэх ба “эд нар өгөхгүй хаачдгийм, мөнгөөр яах гэсийм” гэж дарга нар нь өөр хоорондоо ярина. Нам нь бахь байдгаараа байгаа хэмээн итгэж яваа олон мянган ахмад гишүүдээ сонгууль болохоор л санаж, хуурч мэхлэж, ашигладаг нь 1992 оноос хойш уламжлал болон тогтсон зүйл.

Хачирхалтай нь МАХН коммунист үзлээсээ татгалзсан гэж зарласан ч ингэснээсээ хойш Оросын Коммунист Нам, Хойд Солонгосын Хөдөлмөрийн нам, Хятадын Коммунист нам зэрэг коммунист намуудтай сүжирсээр байгаа. Оросын Коммунист Намын интернэт хуудас руу(kprf.ru) орж үзвэл “ах дүү коммунист намууд” гэсэн бүлэг дор МНРП буюу МАХН гэж дурайхыг бэлээхэн харж болно. Ингээд үзэхээр намынхаа гишүүдийг, монголчуудыгаа төдийгүй гадаадын коммунистуудыг ч “бид хэвээрээ байгаа” хуурсаар яваа бололтой юм.

МоАХ-ны шаардлагын учир

“МАХН тарах ёстой, нэрээ солих ёстой, шинэ нам болох хэрэгтэй” гэж МоАХ-ны сүүлийн цуглааны үеэр шаардсан нь хийх, хэлэх юмаа олж ядсандаа биш байсныг хүмүүс одоо ойлгож байгаа байх. Өөрийн гишүүдийг төдийгүй монголын ард түмнийг хуурч мэхлэсээр яваа ийм намд цаашид энэ хэвээр орших ёс суртахуун эрх алга болсон.

Нэгэнт 80 гаруй жилийн түүхтэй МАХН хэмээх хэт зүүний коммунист суртал бүхий намыг тэд үзэл бодол, сэтгэл санаандаа “булшилснаас” хойш нэрийг нь зүүж, буурийг нь сахиж явах ч утгагүй. Тийм болохоор тэд МАХН-ыг монголын түүхийн салшгүй хэсэг хэвээр нь үлдээж, өөрсдийн зориод байгаа зүүн төвийн үзлээ бат сахисан шинэ намаа босговол таарна.

Хойд хөршийн тууштай коммунист үзлийг баримталдаг иргэд нь шинэ үеийн коммунистууд хоёр нүүр гарган, урьдын үүх түүхтэй ЗХУКН-ын нэрийг барих мөртөө коммунист үзэлтэйгээ үл нийцэх амин хувийн ашиг хонжоо, улс төрийн завшаан эрэлхийлээд байгааг ухаарч сонгуульд дэмжихээ нэгэнт больжээ. Ингэснээр Оросын Коммунист нам аажим мөхөж, улс төрийн тавцангаас арчигдаж байна. Үнэнд гүйцэгдэж байна.

МАХН-ын ахмад гишүүд ч үүнийг ойлгож, сэрж мэдэрч байгаа гэж би бодож байна. Түрүүчээсээ мэхлэгдсэнээ хүлээн батлахаа намын даргынхаа үүдэнд урж хаясан. Хуучны жинхэнэ коммунистуудад өнөөгийн хуурамч коммунистуудын нүүр царай улам бүр илэрхий болсоор байгаа. Иймд “эртхэн дээр нь учраа олж, зам мөрөө хөө” гэж л МоАХ шаардсан юм, зөвлөсөн юм. Хууртагдаж мэхлэгдсэн олон түмнийг үнэнийг олж хараг, анзаараг, эргэцүүл гэхдээ ингэж дуугарч байгаа юм. Тарах эсэх нь МАХН-ын гишүүдийн асуудал гэж боломгүй. 90 оноос өмнөх түүх нь нь бид бүгдэд хамаатай, бүх ард түмний түүх юм. Түүнийг ашиглаж, улс төрийн тавцан дээр чадан ядан орших арга чаргаа болгон буй цөөхөн хэдэн хүний эрх ашгийн төлөө монголын түүх үйлчлэх ёсгүй.

Ардчилсан нам цаг ямагт жирийн гишүүддээ, ард түмэндээ ач тус, өгөөж өгөх зүйлийг хэрэгжүүлж байсан. Монголчууд гадаадад чөлөөтэй зорчих боломжийг нээв, нэгдлийн малыг үнэгүй хувьчлахыг шаардсаар хэрэгжүүлэв, орон сууцыг үнэгүй хувьчлав. Газрыг хувьчилъя гэтэл МАХН тээглэж хэвтсээр өөрсдийнхөө засаг барьсан жилүүдэд сонгуулийн өмнөх шоу болгон нэг юм хувьчилсан. Тэр нь одоо ч маргаан, хэл ам таталсаар байгаа. Шинэхэн коммунистууд газрыг хувьчлахдаа итгэл үнэмшлээсээ илүүтэй “ингэвэл сонгогчдод таалагдах юм шиг байна”, “ингэж байж жаал зугаа юм авилгад авах боломж нээгдэнэ” гэсэн бодлоор хийсэн гэвэл хэн ч маргахгүй. Л.Шинкарев хэмээх коммунистуудыг нэвт мэддэг сэтгүүлчийн номноос иш татъя. “МАХН саяхан болтол монгол оронд төсөөлшгүй зүйл байсан газар хувьчлалыг хуулиар баталгаажуулав. Нам огт өөр хэлээр яриад эхэлсэн мэт болов” гэж тэр гайхширчээ(“Цэдэнбал, Филатова хоёр. Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” 450-р хуудас)

Ардчилсан нам хүүхдийн мөнгийг санаачилж, хэрэгжүүлснээр өрх бүрт хүүхэд бүрийн амьдралд мэдэгдхүйц дэмжлэг болж чадсан. Харин МАХН “хүүхдийн 10 мянгыг” сөргүүлэх гэхдээ “Шинэ гэр бүлийн 500 мянган төгрөг” гэж юм ярьсан нь анхнаасаа л шударга ёсыг алдагдуулж, нийгэмд ихээхэн будлиан, чирэгдлийг учруулсаар байгаа билээ. Сэтгэлээсээ хийгдээгүй юм гэж ийм л байдаг.

90 оноос өмнөх МАХН-д хэн ч үгүйсгэшгүй хийсэн бүтээсэн зүйлс бий. Харин 90 оноос хойш МАХН-ын нэрийг ашиглагчдад түмний тусын тулд хийсэн ажил байна уу? Идсэн уусан нь л тодорхой гарахаас, биднийг ингэж гийгүүлсэн гэх зүйл олдохгүй шүү.

МАХН цаашид энэ байдлаараа монголын ард түмнийг, сонгогчдыг мэхлэсээр байх ахул хожим хойдын цагт буух хариуцлага нь бас хатуу байх болно гэдгийг санагтун, ухаарагтун!

Коммунизмын дууч, пролетарийн их зохиолч гэгдэх М.Горький нэгэнтээ “Их салхи хөдөлбөөс нижигнэн хөдөлтүгэй!” гэж хэлээд коммунистууддаа үлгэр дуурайл болжээ. Тэгвэл хуучны жинхэнэ коммунистууд та бүхнийг “Их ухааралд нижигнэн нэгдтүгэй”, “Та бүхнийг хуурсаар яваа хоёр нүүртнүүдийг таягдан хаятугай!” гэж уриалъя.
2007.05.28
Дэлгэрэнгүй...

Cosa Nostra буюу МАХН-ын бүтэц, үйл ажиллагаанд хийсэн егөө ажиглалт

Cosa Nostra буюу МАХН-ын бүтэц, үйл ажиллагаанд хийсэн егөө ажиглалт

mahn_mahn

Италийн цагдаа, тагнуулынхан Сицили арал дээрээс мафийн есөн толгойлогчийг баривчилсан нь баруун Европ даяар дуулиан тариад байна.
Сицилийн мафийн “Загалмайлсан эцэг” Бернардо Провенцанотой хамтран ажиллаж байсан гэх тэднийг Италийн хууль хяналтынхан 43 жил чармайсны эцэст сая баривчилжээ. Тэд өмнө нь баригдсан Бернардо Провенцанотой хамтран ажилладаг байсан ба баригдах хүртлээ үйл ажиллагаагаа явуулсаар, удирдагчдаа ногдол ашиг төлсөөр явсан юм. Баривчлагдсан толгойлогчдын дотор Томмазо Канелла, Винчензо Саллетро, Жузеппе Либрери нарын зартай гэмт хэрэгтнүүд байгаа тухай цагдаагийнхан мэдээлсэн байна.

Мафийн толгойлогчид тус улсад гарсан бүхий л гэмт хэргийн шинжтэй үйлдэлд оролцдог ч хэзээ ч баригдаж байгаагүй аж. Өөрөөр хэлбэл хууль хяналтынхнаар маш сайн хамгаалагдаж байсан ажээ. Мафийн толгойлогч Б.Провенцано ч “авлигад автагдсан улс төрчдийн ачаар олон жил нуугдаж чадсан” гэж мэдүүлжээ.

Mafia гэж юу юм бэ?

Мафи гэж монголчууд ярих дуртай. “Өө, цаадах чинь тэр, энэ мафийн гишүүн” гэж ирээд л захын бацаан цуурах ба “мафи” гэсэн нэр, хочийг дуртай хүндээ наана. “Хотын газрын мафийн босс Энхболд, Бадамжунай нар ....” гэж бичсээр удав.

XIX зууны Сицилиэс гаралтай энэ нэр, байгууллагын түүх урт, ойлголт олон янз байсан ч эдүгээ нийтээрээ “mafia” гэдэгт шүүх, цагдаа, төрийн бүтцэд нөлөөлөх, тэднээр өмгөөлүүлэн хамгаалуулах боломж, чадвар бүхий хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг гэмт хэргийн зохион байгуулалттай бүтцийг ойлгож байна.

Үнэн хэрэгтээ монголын эрүүгийн ертөнцөд түүхэндээ mafia гэж үзчихээр бүлэглэл үүсэж байсангүй. Зохион байгуулалттайгаар дарамтлах, сүрдүүлэх (рэкет) маягийн зүйлс цухалзмагц хуулийнхан даруй учрыг нь олж байлаа.

Нэвтэрхий толь, бусад мэдээллүүдээс мафийн бүтэц, үйл ажиллагаа шинж төрхийг харж байхад МАХН-д мафийн сонгомол бүтэц, үйл ажиллагаа хэрэгждэг болох нь тодорч, анзаарсан зүйлсээ уншигчидтай хуваалцахаар шийдлээ.

Cosa Nostra ба МАХН-ын бүтцийг харьцуулхуй

mafia гэдэг нэрийн гарал үүслийн талаар хэл шинжлэгчид, түүхч, судлаачид маргаантай байдаг ба бидний мафи гэж яриад байгаа гэмт бүлэглэлүүд өөрсдийгөө “Cosa Nostra”-(манай юм гэсэн утгатай гэнэ) гэж нэрлэдэг ажээ. МАХН-ыг ч монголчуудын нэгээхэн хэсэг нь “манай нам” гэж дуудах дуртай.

Хэвлэлийнхэн болоод энгийн иргэдийн дунд л mafia гэсэн нэршил түгээмэл хэрэглэгддэг юм байна. Энэ бүхнийг орхиод мафийн бүтцийн асуудлыг авч үзье.

Америк маягийн бүтэц бүхий мафийн удирдлагын оройд Boss – байх ба түүнийгээ Don эсвэл God Father(загалмайлсан эцэг) гэж дууддаг ажээ. МАХН-ынхан удирдагчдаа “Эцэг болсон Чойбалсан”, “Ард түмний эцэг”, “Үндэстний удирдагч” гэх зэргээр дууддаг нь босс-оо авгайлах монголжин хувилбар гэлтэй.

Boss нь Caporegime(ахмад) буюу аравтын дарга нарын саналаар сонгогддог гэх агаад МАХН-ын босс нь ч бага хурлаасаа үүрийн дарга нар хэмээх Caporegime- сонгогддог.

Сонгогдсон босс-тоо мафийн гишүүд олсон орлогоосоо хувь хүртээдэг бол сонгуулийн дараа МАХН-аас томилогдсон төсвийн байгууллагын дарга нар энэ ёсноос гажихгүй. “Хандив” нэрээр хувь өгөх гэж байгаад баригдаж шоронд суусан хүн ч бий.

Мафийн хоёрдахь хүн нь Underboss бөгөөд Ху намынхаар бол Ерөнхий нарийн бичгийн дарга юм уу даа. Энэ хүн аравтын дарга Caporegime-үүдийг удирдан чиглүүлж, өдөр тутмын ажилд нь менежмент хийнэ. МАХН-ынхаар бол Ерөнхий нарийн бичгийн дарга юм уу даа. Хэрвээ босст ноцтой асуудал тохиолдвол хамгийн түрүүнд орлох хүн нь мэдээж Underboss.

Мафийн дараагийн маш чухал албан тушаалтан бол Consigliere буюу зөвлөх. МАХН-д бол ийм зөвлөхүүд нэг биш. Чиглэл чиглэлээрээ байх жишээтэй. Үндсэн хуулийг ноцох бол тэр, иргэдийн хөдөлгөөнийг унтраах бол энэ гэх мэт. МАХН-ын сonsigliere –нүүд хууль бус ажлуудыг хууль ёсны болгож харагдуулах, хууль хяналтынхантай холбоотой байж шаардлагатай дэмжлэг авах, нөлөөлөл үзүүлэх үндсэн үүрэгтэй. Энэ мафийн ийм албан тушаалтны хийдэг үндсэн ажил юм. МАХН-ын хуулийн зөвлөхүүд сүүлийн нэг жилд гэхэд л УИХ-дахь МАХН-ын үйлдсэн хууль бус ажиллагаанууд, МАХН-аас бүрдүүлсэн Засгийн газрын гэм нүглийг цайруулах ажлыг ихрээр хийсэн нь хангалттай шуугиан тарьж, эсэргүүцэлтэй тулгарсан билээ.

Capo, Caporegime гэж дуудагддаг зуутын дарга нар бол мафийн хөдөлгөгч хүч, дайрагч отряд мөн. Эд нар нь өөрсдийн бүлэглэлүүдийг мафийн үндсэн зорилтыг биелүүлэхэд чиглүүлэн удирдах бөгөөд МАХН-ын Caporegime-үүд янз бүрийн холбоо, жигүүр, хөдөлгөөн гэж нэршсэн арваад бүлэглэлийг чиглүүлдэг. Олонд зартай Caporegime – үүд нь бүгд ямар нэг холбоо, хөдөлгөөн, жигүүрийг толгойлдог ба ТББ байгууллагагүй зарим нь Энержи ресурс г.м бизнес бүлэглэлүүдээр хүрээлүүлнэ. Capo нар бүгд өөрсдийн хариуцсан салбартай. Нэг нь улсын хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон ордуудыг(Бороо, Тавантолгой г.м) завших, цөлмөхөд мэргэшсэн бол нөгөө нь бусад улс төрийн хүчнүүд рүү шууд галлаж, дайрах, ноцох, хараах зүхэх даалгавартай. Баг нэг нь ирээдүйн төсвийн хөрөнгө завшигчдыг сургах, зааварлах, тархаан байрлуулах ёстой. МАСЗХ бол жишээ нь иймэрхүү байгууллага бололтой. Тэд улсын банк, санхүүгийн байгууллагуудад гишүүдээ шургалуулж тэд нараар дамжуулан мөнгө зувчуулж байсан нь хууль хяналтынханд илэрхий болсон билээ.

Soldier(цэрэг), Buttons(кноп, товчлуур) гэгдэх жирийн гишүүд нь дээрээс өгсөн үүрэг даалгаврыг гардан гүйцэтгэх үүрэгтэй. Дарга нарынхаа шийдвэрийг биелүүлэхээс бус шүүн хэлцэх эрх байхгүй. Ц.Түмэнгэрэл олонхийн боддог шиг Capo бус МАХН-ын жирийн нэгэн кноп байсан бололтой юм. Тэр шүүх хурал дээр “Д.Бадраа агсныг МАСЗХ-ны гишүүн байсан” гэж хэлэхэд шүүгч “МАХН-аас түүнийг манай намд ямар ч хамаагүй гэсэн бичиг ирүүлсэн” гэж хариулжээ. Ц.Түмэнгэрэлийн царай цайсхийснээ намуухнаар “Аа тэгвэл нам тэгж хэлэхээр шийдэж л дээ” гээд таг болсон байна. Кнопнууд удирдлагын шийдвэрийг зөрөх эрхгүй бөгөөд оmerta буюу “амаа хамхих ёс” энд үйлчилдэг. Кнопнууд огцом дээш хөөрч албан тушаал ахиж цойлох үзэгдэл цөөнгүй агаад тэдний нэг нь өнөөх Ц.Түмэнгэрэл байв. Тэр жирийн цэргээс асар хурдацтай ахиж намын дарга нартай шадарлах болсон бөгөөд намын даргатайгаа хундага тулган зогсох түүний зургийг үзсэн МАХН-ын гишүүн бизнесмен “Би арван жил намд намд хандив өргөөд, ажилд зүтгээд ийм завшаан олж чадаагүй юм. Тэгэхэд энэ...” хэмээн сүүрс алдаж байж билээ. Boss өөрт нь таалагддаг кнопнуудын төлөө өгөөмөр ажил хийх нь ч бий. МАХН-ын УИХ дахь бүлгээс Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөн дунд “Сэтгэл санаа давчдаж, цочирдсон үедээ хүн албал хэргийг хөнгөрүүлэн үзэх” тухай заалт оруулахаар зүтгэж байгаа. Ц.Түмэнгэрэл “Миний сэтгэл санаа их цочирдсон байсан. Би юу болсныг 10 хоногийн дараа л ухаарсан...” гэх маягийн мэдүүлэг өгсөн зэргээс харахад Boss –ын зүгээс цэргээ авч үлдэх арга сэдсэн бололтой. Ц.Түмэнгэрэлийн давж заалдсан өргөдлийг хэлэлцэх явц хууль өөрчлөлт орохын хүлээн сунжирч байгаа билээ.

МАХН-ын гишүүд хоорондоо муудалцсан, талцаж үзэлцсэн, бүр алалцсан тохиолдлууд цөөнгүй бөгөөд тэд нарын зөрөлдөөний цаана их төлөв Capo нарын амбици, мөчөөрхөл байдаг бололтой. Ц.Түмэнгэрэлийн өдүүлсэн хэрэг нь МАСЗХ-ны удирдагч Capo нарын талцал, зөрөлдөөнөөс эхтэй гэсэн утга бүхий ярилцлагыг уг холбооны идэвхтэй гишүүн, нэгэн дүүргийн дарга(бас нэгэн Capo) өгч байлаа.

Associate – түнш, холбоотон гэх маягийн хүмүүс хамгийн доор байна. Эд бол яг мафийн гишүүн биш. Эд нар тодорхой ажиллагааны үед дуудагдан ашиглагдаг, чухал бус үүргүүдийг гүйцэтгэдэг. Сонгуулийн үеэр ухуулах хуудас тараах, давхар санал өгөх, эсрэг өлсгөлөн, эсрэг жагсаал, цуглаан, хөдөлгөөнд оролцох гэх мэт. Жишээлбэл: МАСОХ гэж тоглоомын байгууллагын идэвхтэй гишүүн А.Дамдинням гэгч ийм албан тушаал дээр өөрийгөө гайхалтайгаар нээн харуулсан учир Capo С.Ганхуягийнхаа тодорхойлолтоор их удалгүй button болж Эрс шинэчлэл хөдөлгөөний эсрэг жагсаалыг зохион байгуулах үүрэг авч байжээ. Тэрээр сүүлийн хоёр жил бух мэт зүтгэж залуу кнопнуудад үлгэрлэсэн учраас саяхнаас Capo болон дэвшиж Иргэний Бүртгэл Мэдээллийн Төвд дэд даргаар тохоон томилогдохоор яригдаж байна. Түүний үүрэг нь эртнээс иргэний үнэмлэхний ард наадаг наалтыг “хангалттай тоогоор нөөцлөх”, сонгуулийн үеэр давхар санал өгөх аssociate – түншүүдийг “ажиллах нөхцөлөөр хангах” гэнэ.

Намд онцгой хандив өргөсөн түншүүдийг улаан шугамаар дээшлүүлэн харж үзэх тохиолдол ч бий. Сонгуулийн өмнө хэдэн зуун саяар нь намдаа хандивласны эцэст сайд, газрын дарга болох үзэгдэл түгээмэл. Хандив өргөгчдийн ихэнх нь намын гишүүд бус түншүүд байдаг. Намын дотор оролгүй гаднаас нь санхүүжүүлж олон тооны тендерт ялдаг, энэ чиглэлээр дагнасан компани ч байдаг. Хоёр жилд 96 тендерт ялсан нэг компани байх ба тэд үндсэндээ МАХН-ын өнөөгийн үйл ажиллагааг тодорхойлж байгаа.

Omerta

Omerta буюу “амаа үдэх” ёс нь мафийн оршин тогтнолын үндэс болдог байна. Associate – түншээс өгсүүлээд бүх шатны гишүүд, босс хүртлээ дотоод үйл ажиллагаа, үйлдсэн хэргүүдийн талаар дуугарах ёсгүй. МАХН-ын нэгдэл, хүч чадал гэдэг үлгэрийн уг үндэс нь ердөө л энэ юм. Дуугарвал... “If I live, I’ll kill you. If I die, I forgive you” –"Хэрвээ би амьд байвал чамайг ална, үхвэл чамайг өршөөнө” гэх маягийн заналхийлэлтэй тулгарна.

Гаалийн хэмээх Х.Баатар хуулийнхны гарт ормогц Omerta –г умартах шинжүүд гаргасан тул намынх нь Underboss, Capo нар шоронд эргэж очжээ. Үр дүнд нь Х.Баатарын ухамсар дээшилж, оmerta-г сахиж эхэлсэн бөгөөд “би захиа бичээгүй”, “намын удирдлагууд буруугүй” гэх маягийн мэдүүлгүүд өгөх болжээ. Удалгүй Х.Баатарын эхнэр МАХН-ын Бага Хурлын гишүүн болсноор удирдлагуудын авсан арга хэмжээ олон нийтэд тодорхой боллоо. Omerta –г дан ганц заналхийллээр сахиулдаггүй, наймаалцдаг ажээ. “Загалмайлсан эцэг II” кинон дээо дүрсэлснээр "Five Angels" хочтой Frank Pentangeli Omerta –г зөрчиж pentiti буюу илчлэх үйл ажиллагаа явуулж эхэлмэгц мафийнхан Сицилээс төрсөн ахыг нь авчирч “амаа үдэх” тангаргыг сануулж чаджээ. Consigliere Тоm Hagen шоронд очиж түүнтэй уулзан гэр бүлийг нь ивээлдээ авч байгааг уламжилснаар Pentangeli оmerta –г сахиж, амиа хорлоно.

Мафийнхан Omerta –г сахисан гишүүдээ харамгүй шагнадаг, үр хүүхэд хамаатан саданыг нь ивээлдээ авдаг жамтай гэнэ. Харин сахиж чадаагүй гишүүд наад зах нь цөлөгдөн, хог дээр үсэрч, хэзээ ч өөдлөхгүй явсан цаг саяхан. Амь нас хохирох нь энүүхэнд байлаа.

Төр, нийгмийн зүтгэлтэн А.Төмөр-Очирын амь насыг хороосон хэрэгт ийм шинж төлөв ажиглагддаг. Тэгээд бэлбэсэн эхнэр нь 2007 оны эхээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай нөхрийг МАХН алсан. Өөр хэн тийм юм хийх вэ дээ” гэсэн нь бий. Цагтаа МАХН-ын тамгыг сийлж, хожим нь дарга нь явсан Бодоо агсан Omerta-г сахина гэдгээ илэрхийлсээр намын ажлаас хөндийрөхөд итгэлгүй хилс хэрэгт унагаж амийг нь хороожээ. Ю.Цэдэнбал Omerta-г чанд сахиж байсан хэдий ч бологоомжилох үүднээс түүний амыг үүрд үдсэн бололтой.

Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга агсны амь насыг хөнөөсөн хэргийн дараа талийгчийн ахыг мөн МАХН-ын Бага Хуралд дэвшүүлжээ. Omerta –г сахиулах арга уу? Алуурчин нь ч амаа хамхих ёсыг давгүй сахив.

Мафийн эрхэлдэг бизнес

Тэд их төлөв хар тамхи, мөнгө хүүлэх, барьцаагүй зээлэх, далд мөрийтэй тоглоом, авилга, айлган сүрдүүлэх, дарамтлах гэсэн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Мөн уул уурхай, газрын наймаа мэт ашигтай салбаруудад гараа дүрэхээс буцахгүй.

МАХН ч энэ зарчмаас гажсангүй. ХЗХ хэмээх мөнгө хүүлэх, цөлмөх байгууллагуудыг дэлгэрүүлсэн бөгөөд намын удирдлагууд, Capo нар ХЗХ олноор нь байгуулж байсан нь тодорхой болоод байгаа билээ.

Сэргээн босголт, Ард банкны дампуурал нь барьцаагүй зээлэх бизнесийнх нь хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа байсан бол ХЗХ –оодоос цөлмөсөн мөнгийг МАХН-ын хязгааргүй хаанчлалын үед цэцэглэсэн мөрийтэй тоглоомын газруудаар дамжуулан гувчуулжээ. Бүтээн босголт, хөрөнгө оруулалт ХЗХ-ны “эзэд” гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс мөрийтэй тоглоомонд хамаг мөнгөө хийснээ хүлээсэн байна. Гэр хорооллын барилгажилт ХЗХ хэмээх хэмээх мөнгө хүүлэх байгууллагын удирдлага нь МАХН-ын бага хурлын гишүүн, Нийслэлийн ИТХ-н гишүүн байлаа. CMC хэмээх ХЗХ-ны хамаг мөнгийг тоноод бултсан хүн нь МАХН-ын тэргүүлэх албан тушаалтан асан Лантуугийн хүү Дамдинсүрэн гэгч байлаа.

Хар тамхины хэрэглээ монголд байхгүй болохоор жирийн тамхийг хязгааргүй дэлгэрүүлэх үйлст энэ намын Бага Хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан хүмүүс ч зүтгэж буй. Уул уурхай болон газрын наймааны талаар энэ намын удирдлага, Capo нарын өдүүлсэн хэргийг тоолоод баршгүй. Авилгыг цэцэглүүлсэн, албан тушаалтныг дарамталж мөнгө саадаг зэрэг нь нэгэнт ил болохоор нуршаад утгагүй.

Эцэст нь хэлэхэд мафийн дотоодод зөрчил самуун ихтэй байдаг гэнэ. Boss гэнэт алга болчих, сураг тасрах нь олонтаа бөгөөд энэ нь дотоод хямралын үеэр амиа тавьдагтай холбоотой болов уу гэж таамагладаг ажээ. Мафийн боссууд өөрсөд нь таалагдаагүй нэгнийг шууд буудчихдаг үе аль хэдийнээ ард хоцорч золгүй осолд өртүүлэх, хүнд өвчин, гэнэтийн хурц тохиолдлыг сонгохыг эрхэмлэх болжээ. Өөрөөр хэлбэл “сэжиг ажиггүй тонилгох” нь үр дагавар сайтай гэж үздэг байна.

МАХН-ын дотоодод зөрчил хурцадсан үед сөргөлдөгч талаас гол толгойлогчид нь гэнэтийн золгүй осолд өртөх, цочир өвчин дайрах нь цөөнгүй. Улс төрийн өрсөлдөгчид нь гэнэтийн халдлага, дайрлагад өртөх нь нь ч нэг бус. Энэ бүхэнд хэнийг ч буруутгаж, сэжиглэж байсангүй. Зохион байгуулалтай гэж сэжиглэсэн ганц хэргээ илрүүлэх сонирхол муутай. Шүүх цагдаа бүхэлдээ тэдний талд үйлчилдэг нь тод харагддаг. Энэ мэт харьцуулалтаас үзэхэд МАХН Cosa nostra буюу зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй тун төстэй байгаа шинжүүд тодорсоор байна.

Мафи нь нийгмийн хөгжил, эдийн засгийн хурдцыг асар их хэмжээгээр сааруулж хойш татаж байдаг. Энэ жамаас монгол ч гажсангүй МАХН улсынхаа 17 жилийн хөгжлийг хойш татлаа. Сицили гэхэд засаг захиргааны есөн нэгжид хуваагддаг, хүн амын дийлэнх нь газар тариалан эрхлэн амьдардаг, үйлдвэрлэл бага хөгжсөн. Цаг уурын үлэмж таатай нөхцөл, газар зүйн ашигтай байрлалд байдаг хирнээ олигтой хөгжсөнгүй. Нутгийн залуучуудын дийлэнх нь ажил эрхэлснээс “хангамж” сайтайгаар нь цагдаа болохыг илүүд үздэг. Учир нь цагдаа төрөөс цалинжихын хажуугаар мафиас шан харамж авч, иргэдийг дарамтлан хахууль нэхдэг учир орлого сайтай ажээ. Манайд ч замын цагдаа болчихвол “жаргалаа” гэсэн залуучууд олон байдаг.

Олон улсын мафийн эсрэг форум Италийн нийслэл Ром хотноо болох гэж байна. 3 өдөр үргэлжлэх олон улсын чуулганд 200 гаруй улс оролцож зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн эсрэг тэмцэх талаар яриа өрнүүлнэ. Судалгаанаас харахад мафийн сүлжээ хүчтэй хөгжсөн гэх Италид сүүлийн 10 жилд мафийн үйл ажиллагаанаас 2500 гаруй хүн хохирогч болж захиалгат аллагын бай болсон гэсэн судалгаа гарчээ. Улс төрчид эрх баригчид мафийн эсрэг тэмцэж чадахгүй байна, зарим оронд эрх баригчид нь өөрсдөө мафи маягийн зохион байгуулалтад ордог гэж ВВС ээс мэдээлэлжээ. Монголын нийт иргэд зохион байгуулалттай луйвар, хөрөнгө цөлмөх үзэгдлийн хохирогчид болсоор байгаа бөгөөд захиалгат аллагын золиосонд нэртэй улс төрчид өртсөөр байна. Асар их мөнгөний дүн бүхий гэрээ хэлцэл, хууль УИХ-аар батлагдахын өмнө ард олны эрх ашгийг дээдэлж, сөрөг байр суурь баримталсан улс төрчид халдлагад өртдөг нь ч зуршил боллоо. Таван толгойтой байгуулах тогтвортой байдлын гэрээ хийгдэхийн өмнө янз бүрийн асуудлууд босож, улс төрчдийг хуйгаар нь худалдан авах гаарлаа. Тогтвортой байдлын гэрээг дэмжсэн тохиолдолд танд 100 саяыг өгье гэх амлалтаар МАХН-аас 30 гишүүн, бусад намын гишүүдээс 15 гишүүн элсүүлчихлээ гэж Энержи ресурсын удирдлагын гишүүн нөгөөдүүлдээ илтгэсэн тухай сул яриа ордноор тэнүүчлэн байна. Үнэн эсэхийг ард түмэн харах цаг айсуй. Энэ бүхнээс үзэхэд бид мафийн хараа хяналтад бүрэн ороо юу даа гэж бодогдлоо.

Тэднээс салах, сөрж зогсох эрмэлзлэл харин нийгэмд байгаа болов уу?

2007.07.19
Дэлгэрэнгүй...

DZ-man (егөө)

DZ-man (егөө)

dz2

Арав дахь Пентатоник

Саяхан болж өнгөрсөн Pentatonic наадмын үеэр нэгэн сонин содон шагналтан тодорлоо. Тоймч Б.Дашзэвэг гуай поп урлагт хөл тавимагцаа electrro-dance номинацид шилдэг шагналыг хүртэх нь тэр. Үсээ шомбойлгон гельдэж, үйл хөдлөл, дүр төрхөөрөө Ace Ventura-г(Жим Керригийн бүтээсэн хошин дүр) чадлаараа дууриах 60 гарсан эр. Инээд алдан ийш тийш сээхэлзэнгээ “намайг DZman” хэмээн дуудаж болно хэмээн зарлаж “Рок, поп урлаг маань ийм юм аа” гэж хөөрнө.

Хүмүүс энэ үйл явдлыг гайхаж, хачирхаж хүлээж авсан ч цаад мөн чанарын талаар бодоогүй, бодохыг ч хүсээгүй байх аа.

Үнэн чанартаа энэ бол рок, попт өгсөн том цохилт. Арав дахиа болж буй Pentatonic наадам нь оролцогчдоо “улаан хивсэн” дээгүүр алхуулах гэх мэтээр хэлбэрийн хувьд шинэчлэгдсэн боловч агуулга, мөн чанарын асуудалд яагаа ч үгүй бололтой. Олон улсын мэдээний тойм уншиж явсан, хөгжимд бол сонирхогч Б.Дашзэвэг гуай хожуу ч гэлээ анхныхаа оролдлогоор поп урлагийн “дээд” шагналыг нь “хусчихна” гэдэг энэ урлагийн хөгжил, боловсон хүчний чадал чансаа ямархуу байгааг илтгэчихсэн хэрэг юм. Олон арван жил энэ шагналыг нь мөрөөдөж, хөлс хүчээ, мэргэжил мэдлэгээ зориулаад авч чадаагүй үй олон “мэргэжлийн” гэгдэх дуучид, хөгжимчдийн хувьд энэ бол “үхлийн цохилт” байлаа.

Яг үүнтэй адил үйл явц тун удахгүй МАХН дотор өрнөх гэж байна.

“МАХНтоник наадам” “шагналтнаа” тодруулна

Наймдугаар сарын 4-нд болох МАХН-ын Бага Хурал намын даргаа эд бад хийхэд чиглэгдэж байгаа нь улам тодорхой болж байна. Хоёр жилийн өмнө М.Энхболдыг экс дарга Н.Энхбаяр нь намынхаа олон нийтийн санаа бодлыг харгалзалгүйгээр орхиж буй суудалдаа тохоон “томилсон” билээ.

Яг л ая зохиогч, аранжировщик Б.Наранзун(Б.Бадрууган агсны хүү) жирийн нэгэн тоймчийг чихдэж авчраад од болгосон шиг юм болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж нэгэн сонинд тодорхой ярьсан байна. Хэдхэн жилийн өмнө МАХН-ын үзэл суртлыг “зохиож, зааж зурж” явна улс төр судлаач Н.Ганхуяг “Өнөөдөр” сонинд саяхан “Их сайхан өөдөлж байсан намыг М.Энхболд гарч ирээд сөнөөчхөж байгаа юм биш. Н.Энхбаярын бий болгосон нам, төрийн систем нуран унах үйл явц жам ёсоороо болж байна. Харин М.Энхболд бол тэргүүлэх луйварчин Н.Энхбаярын өөрөө амь тавин зүтгүүлж байж гаргаж ирсэн гарынх нь шавь шүү дээ” гэж бичжээ.

Ерөнхийлөгчид дэвшээд намын даргаа өгч байсан Н.Энхбаярын хувьд М.Энхболдоос өөр хүн харагдаагүй бололтой юм. Үнэндээ ч тэр цагт намын дарга болчхоор өөр хүн горизонтод алга байлаа. Аливаа дарангуйлагчид ойр орчиндоо ухаантай, нөлөөтэй хүн байлгах сонирхолгүй, үргэлж хавчин гадуурхаж, “жийж” байдгаас дарангуйлагчийн дараах “удирдлагын хомсдол” хэмээх хам шинж үүсдэг жам МАХН-ыг ч бас тойрсонгүй.

1953 онд И.Сталиныг үхмэгц ЗХУКН-ын дарга болчих хүн олдохгүй хямарч байжээ. Н.Хрущев хэсэгхэн хугацаа болоод зайлуулагдаж Л.Брежнев хэмээх саарал нөхрийг залсан нь “зогсонги байдал” хэмээн түүхэнд орсон урт, заваан үеийг эхлүүлсэн билээ. Л.Брежнев Орос улсыг олон жил чимээгүйхэн дарангуйлсны эцэст 1983 онд нөгөө ертөнц рүү одоход суларсан орыг нь эзэгнэх дорвитой удирдагч олдохгүй, бас л үймж байсан. Хойтон жил нь Ю.Андропов гэж КГБ –ийн удирдлагад олон жил байсан ч олон танигдаагүй нөхөр жил орчим Брежневийн суудал дээр толхиод араас нь талийхад, удаад нь М.Черненко гэгч залгав. М.Черненко, Ю.Андропов нарын хэн нь ч удирдагч биш байсан юм. Тэд арсланг бараадаж амь зогоодог цөөвөр чононууд л байлаа.

Далаад оны дундуур Хятадад дарга Маог чадхийсний дараа ч ийм нөхцөл байдал үүссэн. Бэлбэсэн эхнэр нь суларсан суудалд санаархсаны улмаас “Дөрвөн дээрэмчний” бүлэгт хамрагдан шоронд сууж, Ху овогт нэгэн саарал нөхөр арваад жил чимээгүйхэн засаглажээ. Дэн Сяопин гарч ирэх хүртэл хятадад дарангуйлагчийн дараах синдром үргэлжилсэн юм. Хятадуудын аз гийхэд харьцангуй богино хугацааг ийм үе эзэлжээ. Орос, хятадаар жишээлэхийн учир нь МАХН тэдэнтэй зүйрлэхээр том гэдэгт бус олноороо мэдэх хөршүүдийн түүх учраас дурдаж байгаа юм.
Н.Энхбаяраас хойшхи МАХН үндсэндээ саа өвчинд дайрагдан, зам товчилсон шинэ даргыгаа үл тоомсорлох, аажимдаа эсэргүүцэх сэтгэлгээ газар авав. Элдэв сүржин нэр бүхий жигүүрүүд дараалан үүсэж, даргыгаа өөчлөх, суудлаа тавьж өгөхийг шаардах болсон нь МАХН-ын түүхэнд үзэгдэж байгаагүй сонин содон үзэгдэл байлаа. Орос, Хятадаас ялгаатай нь талийгаач дарга гэж байсангүй. Дарга амьд сэрүүн агаад орхисон суудлаа өөрөө байнга оролдож, сандлыг нь догонцуулах сонирхолтойгоос хямрал даамжирчээ.

Хамгийн сүүлчийн жишээ “Элсний 13” боллоо. МАХН-ын Удирдах Зөвлөлийн хурал дээр сайд У.Хүрэлсүхийн тарьсан хэрүүл, шуугиан нь Ц.Нямдорж нарын хашрууд алсаас хэлж сэрэмжлүүлээд байсан “нэг хүний” оролцоог нотолж, ил гаргаж орхив. Хашруудаас ялгаатай нь У.Хүрэлсүх зоригтой. Тэр даргынхаа сандлын хөлийг хөрөөдөж суугаа хүний нэрийг зарлахаас сийхгүй. Магадгүй тэр даргыгаа чиглэсэн сумыг “цээжээрээ хаах” маягаар нэр олох, суудал ахих сонирхолтой ч байж болно.

Удирдагч намынхаа олон нийтэд зөвшөөрөгдөхгүй бол энэ мэт үзэгдэл гаарах нь дамжиггүй. Гээд М.Энхболдоос илүүрхэх улстөрч энэ намд байна уу. Н.Ганхуяг “Ц.Нямдоржийн тодорхойлсноор “хүмүүнлэгийн зохион байгуулалтын дээд хэлбэр” болсон МАХН-ыг “хүмүүнлэгийн замбараагүйдлийн доод хэлбэр” болгож мөхлийн ирмэгт хүргэсэн гэмтнүүдийг улс төрийн тавцангаас зайлуулахгүйгээр МАХН-д ямар ч шинэчлэл болохгүй. МАХН-аас Н.Энхбаярын нөлөөллийг шахан зайлуулж, түүний хуучин болон шинэ багаас нэг ч хүнийг МАХН-ын удирдлагад оруулж болохгүй” гэж “төрөлх намдаа хайртай хүний” хувиар уриалжээ.

Тэр энэ бичвэртээ нөлөөлөлд нь багтдаг бүлгийнхээ сонирхлыг илчилсэн юм. Н.Багабандийг буцааж залах, лам олдохгүй бол буцахдаа С.Баярыг DZman-аар тодруулах санал тэр дэвшүүлжээ. Судлаач Н.Ганхуягийн аранжировка “дээд шагналд” дэвших магадлал юу л бол. Гэвч түүний найруулгыг санаандгүй зүйл гэж боломгүй.

“Өнөөдөр” сонинд “С.Баяр зориглоод намын дарга болчихвол…”, “Ч.Улаан бол бас л “бэлэн” хүн” гэхчлэнгээр “дарга номинаци” өөрийн талынхныг илт дэвшүүлж эхэлсэн бүлэглэл түүний цаана бий. Энэ бүлэглэл намын даргын суудалд санаархахдаа “МАХН шинэчлэгдэж, сонгуульд ялах нь Монголын ард түмний түүхэн захиалга” гэж бичиж байгаа нь Б.Дашзэвэг лугаа сонирхогчид болохыг илтгэнэ.

Монголчууд “МАХН-ыг сонгуульд ялуулаад өг” гэж хэн нэгэнд “захиалга” өгөөгүй, өгөх ч үгүй гэдгийг Н.Ганхуягийн чухалчлан дурдсан судалгааны дүн(МАХН-ын рейтинг 27-д хүрч шалдаа буусан, намайг намд байхад 40 хувиас огт буудаггүй байлаа гэж тэр өөрөө бичжээ) нотлоод байхад тэс хөндлөн төлөг буулгаж л суух юм.

Номинацид нэр дэвшигчид

МАХН тоник наадмын номинациудад шагнал хүртчихээр хүмүүс хэн бэ? Боломжит хүмүүсийг тоочъё. С.Баяр - ганцаардсан, өөрийг нь хүрээлсэн бүлэглэл байхгүй энэ эрхэм ганцаардмал(хөгжмийнхөөр бол гоцлол) хөгжимчний номинацид шалгарах магадлалтай бол Ц.Нямдорж – хуучны дууны номинацид маргаангүй түрүүлэхээр байна. Пентатоникоор бол С.Баяр гитарчин Өөжгийрхүү юм аа даа. Ц.Нямдорж нь зүйрлэвэл Завхан Батсүх хавийн юм. Д.Идэвхтэн, Ё.Отгонбаяр нар бусдын зохиолоор сайн дуулдаг номинацид зэрэгцэн өрсөлдөж байгаа. Үүнээс Ё.Отгонбаярыг зохиогч нь илүү ихээр дэмжиж буй. МАХНтоникийн өмнөхөн Ё.Отгонбаяр “зодууллаа” гэх шуугианыг өөрийн зохиогч “нэгэн хүн” -ий мэдэлд байдаг хэвлэлүүдээр тараасныг үзэгчдэд өрөвдөх сэтгэл төрүүлж, нэр хүндээ өсгөх гэсэн явуургүй арга хэмээн судлаачид дүгнэж байна. У.Хүрэлсүх ил шударга, хатуу үгтэйгээрээ хип хоп номинацид өрсөлдөгчгүй түрүүлнэ. Т.Ганди, Д.Арвин нар охидын шилдэг хамтлагаар шалгарах эрхээ Ерөнхий сайдад “салаавч үзүүлсэн” Элсний 13-т багтсанаараа олж авчээ. Тэднийг Хоёр охин хамтлагтай дүйцүүлж болно. Шинэчлэгч гэгдэх Н.Гантулга шилдэг дебют дуучны шагнал горьдож байгаа ... Стильдээ үнэнч бус хамтлаг, дуучныг шалгаруулах номинацид Д.Одбаяр, Д.Тэрбишдагва хоёр дэвшсэнээс Д.Одбаярт магадлал өндөр байна. Тэр Ерөнхий сайдынхаа өөдөөс хоёронтоо нулимж, араас нь “хутгалснаараа” амжилтаа улам батжуулсан бөлгөө.

“Элсний 13” шилдэг найрал дууны шагнал горилж байгаа ч Ардчилсан намынхны арван жилийн өмнөх хит дууг давтаж дуулсан нь илэрсэн болохоор хэцүү бизээ. Харин энэ найрал дууны хамтлагийн продюсер хийж буй хүн нь шилдгээр шалгарах тун магадлалтай. МАХН-ын доторх элдэв үймээнийг алсаас найруулж, зохиолыг бичиж өгч буй гэх энэ найруулагч, “нэгэн хүн” тун олон шагналын эзэн болж мэдэхээр байгаа бөгөөд түүний нэр усыг У.Хүрэлсүх олонд зарласан билээ. “Нэгэн хүн” наадам дөхөх тусам ууртай болж байгаа мэдээ хэвлэлээр цацагдаж байна. Шалтгаан нь МАХН тоник наадмын түүний шавь нарын “хандыг дарах” магадлал бүрдлээ гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Товчхондоо МАХН-ын лидерүүд гэж өөрсдийгөө нэрлэдэг эдгээр хүмүүсийн хэн нь ч тоймч Б.Дашзэвэгээс ялгарах юмгүй байдаг л нэг DZ-men. Аясын салхи үлээвэл намын дарга болчих магад хэмээн зэрэг горилогсод. Одоо тэд өөрсдийг нь DZ man- д зүтгүүлэх аранжировщиктоо л найдаж байгаа. Дээд суудалд аваачдаг нэг л аранжировщик бий. Өмнө нь ч түүний найруулгаар дарга тодорч байсан, одоо ч МАХН тоник наадмын “дээд шагналтныг” тодруулахад тэр хуруу дүрэх сонирхолтой байгаа. За ямар ч л байсан МАХН тоник наадмаас тодрох DZ-men-ээр хэн тодрохыг харах л үлдлээ.

2007-08-04
Дэлгэрэнгүй...

Хагарал...

Хагарал...

Чонотой нийлсэн нохой
чононоосоо ч хомхой байдаг юм шүү.
/Ардын үг/

battulga_bodluud_book_coverӨөрчлөлтийн салхи

ХХ зууны туршид Монголын асуудлыг Орос, Хятад бидний толгой дээгүүр шивнэлдэн шийдэж байлаа.
“Ардын элч” киноны хяналтын хувилбарыг Улс төрийн Товчооныхтойгоо Хятад, Зөвлөлтийн Элчин сайд хамт үзэж гэнэ. Кино дуусмагц Зөвлөлтийн Элчин босож “Оо, сайн. Зөвлөлт - Монголын найрамдлыг гайхамшигтай харуулсан байна. Гаргахад татгалзах зүйлгүй” гээд суув. Хятадын Элчин сайд “Хай, Зөвлөлт - Монголын найрамдлыг харуулсан талаасаа бол зүгээр юм. Хятад – Монголын найрамдлыг ер харуулаагүй юмаа даа “ гэжээ. УТТ яаралтай хуралдаж, найруулагч Д.Жигжидэд Хятад, Монголын сайн харилцааг кинондоо тусгах үүрэг өгснөөр бидний мэдэх “сайн” хятад өвгөний дүр “Ардын элч” кинонд орсон түүхтэй. Энэ мэтээр монголчууд ч аливаа асуудлыг толгой даан шийдэж чадахгүй, “хоёр хөрш юу гэх бол..” гэсэн өнцгөөс тавьж шийдвэрлэдэг, шийдвэрлүүлдэг байсан он жилүүд бий.
1989 оны төгсгөл үеэс Монгол Улс социализмын хүлээснээс ангижирч, нээлттэй нийгэм рүү хийх шилжилтийн явц ч хоёр хөршийн харилцаа, тохиролцооноос ихээхэн хамаарч байсныг түүхийн баримтууд улам бүр нотолсоор байна.
Хятадын Ши Нинбо гэж Орос судлаачийн бичсэнээс үзэхэд “1980-аад оны эхнээс Хятад, Зөвлөлтийн харилцаанд байсан хүндрэлүүдийг даван туулах, зөөлрүүлэх чиглэлээр хоёр тал хүчин чармайлт гаргаж эхэлжээ. Хятадууд харилцааг сайжруулахад гурван саад байна гэж дурдсан нь Афганистан, Вьетнам, Монгол байлаа. ЗХУ-ын удирдагчдын зүгээс ч Монголд хийсэн айлчлалынхаа үеэр ЗХУ, БНХАУ-тай сайн хөршийн харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа дурдаж эхэлсэн байна”

Хятадууд өөрсдийн байр суурин дээр хатуу байсан бөгөөд ЗХУ-ын зүгээс гурван саадыг арилгахгүй бол “БНХАУ-ын зүгээс ЗХУ-ыг цэргийн заналхийлэл учруулж байгаа, дайсагнагч гүрэн гэж үзэх болно” гэж анхааруулсаар байжээ.
М.Горбачев ЗХУ-ыг удирдах болсныхоо дараа “БНХАУ-тай сайн хөршийн харилцаа тогтоох нь бидний хувьд АНУ болоод бусад улстай харилцахаас дутуугүй ач холбогдолтой юм. Бид БНМАУ-аас цэргээ гаргах талаар ярилцаж эхлэх болно” гэж мэдэгдсэн нь асуудлыг түргэсгэв. Ингээд 1989 оны тавдугаар сарын 15-18-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн дарга М.Горбачев Хятадад айлчлан Цэргийн Зөвлөлийн дарга Дэн Сяопинтай уулзаж ярилцлаа. Үр дүнд нь “хоёр талын найрсаг харилцааг үндэслэсэн” хамтарсан мэдэгдэл гэдгийг гаргажээ.

Энэ мэдэгдлийн дагуу Зөвлөлтийн цэрэг хэсэгчилсэн байдлаар Монголоос гарч, 1992 он гэхэд Монголд нэг ч орос цэрэг байхгүй болох ёстой юм.

Тэгэхээр Зөвлөлт –Хятадын хамтарсан мэдэгдлийг энгийн хэлэнд хөрвүүлбэл бид ахиад л хөршүүдийнхээ хоорондын наймаанд явчихсан хэрэг. Гурван гүрний гэрээний орчин цагийн загвар. Оросууд Монголоос савраа татаад хилээ хаана(визийн чанга журам нэвтрүүлэв). Харин Хятадууд хилээ нээж(визгүй зорчих болгов) алхам алхмаар Монголын эдийн засаг, улс төр, нийгмийн амьдрал урдаас хамааралтай болно. Нүүдэлчин монголчуудад аж ахуй эрхлэх чадвар суугаагүй, үйлдвэрлэл хөгжөөгүй зэрэг нь эдийн засгийн хараат байдал руу автоматаар түлхэх нигууртайг тооцож байжээ.

М.Горбачевын үлээсэн өөрчлөлтийн салхи өөр лүү нь хүчтэй шуурч эхэлснээс Монголтой манатай юм болж, зөнд нь хаяжээ. Монголчууд ч завшааныг ашиглан тусгаар тогтнолоо баталгаажуулж авахаар шийдэж, өндийн босов. МоАХ-оор удирдуулсан энэ тэмцэл түүхийн ховорхон, давтагдашгүй боломжийг ашигласнаараа үнэтэй.

МоАХ- ба аюулаас хамгаалах байгууллагууд

Эрх чөлөө, тусгаар тогтнол, хүн төрөлхтний нийтлэг эрх, нээлттэй нийгэм рүү хийсэн монголчуудын алхам эргэлт буцалтгүй болохыг анхнаас нь Орос, Хятадын аюулаас хамгаалах албад мэдэрч байлаа. Шууд нухчин дарах, дарангуйлах боломж нэгэнт үгүй байсан учир тэд өөрсдийн хүмүүсийг шургуулж, байдлыг мэдэх тандах, алсдаа жолоодох санаа өвөрлөсөн байна. Монголын НАХЯ ч зүгээр суусангүй, хүмүүсээ шургуулаад авч. Үйл явдлын өрнөлийг урьдчилан харах, жолоодох боломжгүй болж эхэлсэн бөгөөд МАХН-ын УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон учир НАХЯ болон Оросын албадаас шургалсан хүмүүс удирдлагагүй болж, “вандан тас” гэдгийн үлгэрээр чигээрээ хувьсгалчид болон хувирчээ.

Харин Хятадын Амрыг хамгаалах яамнаас шургуулсан хүмүүс ардчилсан хувьсгалын төрхийг өөрчилж, “нэг мөсөн өөрчлөх, гүйцээх” нэрийн дор цус урсгахад турхиран иргэний дайн өдөөхөөр шамдуулж байлаа. Тэд улс төрийн өс хонзон авах, УТТ-ны гишүүд, Цэдэнбалыг тойрон хүрээлэгчидтэй тооцоо бодохыг хатуу шаардаж байсан юм. Гэвч эх орон, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй хүмүүс “нэг ч монгол хүний хамраас цус гаргахгүй” гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож хэрэгжүүлж чадсан билээ. МАХН-ын тэр үеийн удирдлагууд ч үндэстнээ хагаралдуулхын эсрэг байсан учир бид хүн төрөлхтнийг гайхуулсан аядуу хувьсгалаа хийсэн юм.

Харин эрх чөлөөний хөдөлгөөнийг самуун болгох, монголчуудыг хооронд нь алалцуулах сонирхолтойгоор шургалсан бүлэг этгээдүүд санаархлаа биелүүлэх боломжгүй болсонд уурсан хараал, ерөөл тавьсаар МоАХ-ноос холдон одсон билээ. Энэ бүлгийнхэн захиалгаар хагалах, бутаргах ажил хийдэг нэг ёсны үйлчилгээний захиалга гүйцэтгэгч компани маягийн юм болж хувирсан юм.

Тэд 1997-1999 онд МАХН-ын зарим удирдлагын хатгаасаар “Ардчилсан Холбоо” эвслийн Засгийн газрыг эсэргүүцэх хөдөлгөөн байгуулж, өлсгөлөн зарлан, монгол хүний цус урсгах хүслээ бага боловч биелүүлж, үүргээ гүйцэтгэж явсан төрийн цагдааг өвгөн Баасан гэгчээр хутгалуулж байсныг олон нийт тодхон санаж байгаа байх.
Одоо ч тэд “нэн тэргүүнд 450 албан тушаалтныг буудаж алах , 1500 хүнийг 25 жилээр, 5000 хүнийг 20 жилээр, 10 000 хүнийг 10 жилээр хорих ёстой” гэсэн жагсаалт маягийн юмаа ном болгон (Ж.Нэргүй. “Монгол улсын ээдрээт замнал“) хэвлэж тараасан байгааг үзэж болно.

Хагалагчид

Түүхийн бүх л үеийн туршид нанхиадууд монголчуудыг хагалж иржээ. Орчин цагт тэд энэ зорилгодоо эрлийзүүдийг овжноор ашигладаг. Хүний цус, элэг гэдэг өөр ажээ. МоАХ-г цус урсгасан тэмцлийн хэлбэр лүү түлхэхээр чармайж байсан хүмүүс цөм эрлийз байсан юм.

Тэд тэртэй тэргүй гарч байсан Оросын цэргүүдийг харааж, зүхэн Орос, Монголын харилцааг муутгах ажиллагааг эрчимтэй явуулсан бөгөөд энэ нь тодорхой хэмжээнд амжилт олсон билээ. Орос, Монголын харилцаа эрс хүйтэрч, нөлөө бүхий улс төрч В.Жириновский монголчуудыг ил тодоор доромжилж, харааж зүхэв. Г.Каспаров гэгч шатарчин хүртэл Монголыг хятадад наймаалах боломжийн талаар ил ярих болсон юм.

17 жил өнгөрөхөд “Хүний угсаа гарвал нь 50 нас хүрэх үеэс гадаад төрх, алхаа гишгээн дээр нь тодрон гарч ирдэг” гэсэн ардын үг биеллээ олов. Өнөөдөр МоАХ, Монголын ардчиллыг цуст яргалалд түлхэхээр санаархаж байсан хүмүүсийг олон нийт гаднаас нь хараад л урд зүгээс ирсэн гэдгийг нь ялгахаар болжээ. Хүний генетик мэдээлэл, удамшил яалт ч үгүй цагийн аясаар тодордог л юм байна. Даравч дардайна гэж ухаант ард минь үнэн хэлжээ.
Хэрвээ эрлийзүүдийн хүсэл биелсэн бол яах байсан бол. Тэд хүсэлдээ хүрээгүй ч сумаа тавьж чадсан. 1990 оноос хойш монголчуудыг салбар бүрээр, байгууллага бүрээр нь шахуу хагалав. Томоохноос нь дурдъя.

1990-1996 он. Амрыг хамгаалах яамны төлөөний этгээд ажлаа идэвхжүүлсээр ардчилсан хүчинд нэлээд хэдэн ан цав суулгаж дөнгөв. С.Зориг агсан хүртэл явуулгад автан АН-аас өрх тусгаарлаж, БНН-ыг байгуулж байлаа. Энэ мэт хэд хэдэн бутрал явагдсаны эцэст учраа олж буцаж нэгдэх явц өрнөсөн нь сумаа тавиад нумаа нуусан эрлийзүүдийн тарыг таньсных байсан юм. Гэвч олигтой сургамж авсангүй.

1996-2000 он. АХ эвсэл сонгуульд ялж, засаг барих нь тодорхой боллоо. Ялсан намаас Ерөнхий сайд томилогдох болоход үл ойлгогдох байдлаар Ардчилсан намын удирдлагад огт байгаагүй, ардчилсан хувьсгалд гар бие оролцоогүй, тэр ч бүү хэл МАХН-ыг шинэчлэгч, ирээдүйтэй боловсон хүчин гэгдэж байсан нэгэн томилогдчихжээ. Энэ нь дараагийн маш том хагарлын үүдийг нээх учиртай хэрэг байсан юм. Тэнгэрээс буусан хагас монгол эр хагалах үүргээ амжилттай биелүүлээд хоёр жил гаруй болоод буулаа. Энэ богинохон хугацаанд тэрээр импортын гаалийн татварыг тэглэснээр үндэсний үйлдвэрүүд бүрэн дампуурч, бид жинхэнэ утгаараа эдийн засгийн хувьд хараат болсныг бүгд санаж байгаа байх.

Өнөөх эр Ерөнхий сайдын суудлаа өгмөгцөө л оройноос нь хагалан бутаргах ажлаа бүр эрчтэй хийж эхэлсэн билээ. “Элсний 13” гэж АХ эвслийг яайруулсан луйварчдыг тэр турхирч эхэллээ.

Өмнө зүгээс хил давуулан шидсэн чулууг овилгогүй улс төрчид өлгөж аван, “хагалах бизнесийг” цэцэглүүллээ. Бутарсан шаазан шиг болсон ардчилсан хүчин хагарлын үр дүнд сонгуульд навс ялагдав.

2000 - 2004 он. МАХН-ын ойворгон удирдагч хагалах мэхийг дадамгай эзэмшсэн болохоо нотлон харууллаа. Сөрөг жагсаал, сөрөг хөдөлгөөн гэж юм үүсгэн хагаралдуулдаг жишиг тогтоов. Жижиг эмнэлэг, сонины газраас өгсүүлээд намаа(86 жилийн түүхтэй гэж бахархан ярьдаг) хүртэл хөгшин, залуугаар нь хагалж авав. Одоо МАХН доторх жигүүр хөдөлгөөнүүдийн тоо 86 хүрэх гээд байх шиг байна, тийм үү.

Гол хагарлыг эрлийзүүд Ардчилсан нам дотор үргэлжлүүлэн хийсээр... Тэд арайхийн нэгдэж авсан намыг элдвээр оролдсоор байгаад “Алтан гадас” ба Энхсайханыхан гэсэн хоёр бүлэглэлд хувааж дөнгөв. Ингээд сонгуульд ортол “Эх орон Ардчилал” эвсэл, МАХН хоёр тэнцчихлээ. М.Энхсайхан нам дотроо хэлэлцэж амжаагүй байтал яаран Эвслийн Засгийн газар байгуулахаар МАХН-тай тохиролцов. Энэ нь урдаас тооцоолчихсон мэх байсан нь жил гарангийн дараа тодорхой болсон билээ.

2004-2007 он. М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар хуйвалдаанаар “Эх орон-Ардчилал” эвслийг тасар татан хаялаа. Эвслийн засгийн газар огцорч, МАХН-ын Үндэсний эв нэгдлийн гэх Засгийн газар байгуулагдлаа. М.Энхсайханыг Ардчилсан намаас хөөчихсөн учир ахин энэ намыг хагалах боломж үгүй болсон ч хагалж болох илүү том нам цаана нь үлдсэнийг ойлгохтойгоо байлаа. Яг тэр үед хагалагчдыг мэдэхийн дээдээр мэдэх хашир туршлагатай улс төрч Э.Бат - Үүл “Бид ч нэг юм гай гамшгаас саллаа. Одоо МАХН яана даа” хэмээн УИХ-ын чуулган дээр шогширч байсан нь тун удалгүй биеллээ олсон юм. МАХН-ын угшилтай хагалагч, урд зүгийн угшилтай хагалагч хоёр нийлж аваад бүр өргөн хүрээний “хагалгаа” хийж эхэллээ. Хагалагч, хагалагчдаа хайртай. Бүр нэгэндээ зориулж хайрын шүлэг тэрлэнэ. Ил, далд янз бүрийн аргаар МАХН-ыг хэдэн хэсэг хувааж дөнгөлөө.

Тэд иргэний хөдөлгөөнүүдийг ч зүгээр орхисонгүй. МАЧХ, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Эх оронч фронт” зэргийг хагачив. “Зууны мэдээ” сонины ч хагарах өвчин тойрсонгүй. Эрхлэгч нь байсан хүний ярилцлагаас харахад их том хүмүүс жирийн нэгэн сониныг “хагалаад” л явж байсан байх юм.

Хачирхалтай нь, МАХН-ын хагалагч өөрийнхөө мэдлийн “Зууны мэдээ” сонин(sonin.mn) дээр 2005 оны тавдугаар сарын 30 -нд нөгөө хагалагчийнхаа талаар ингэж бичүүлж байжээ “М.Энхсайхан саяхан сонгуулийнхаа ажлаар Халх голд очоод өвөөгийнхөө төрсөн газрыг хаана байдгийг нь нутгийн хөгшдөөс асуужээ. Гэтэл хэлсэн газар нь хилийн цаана байдаг болж таарав. Сандрахдаа М.Энхсайхан “За, та нар аавын маань төрсөн газрыг “зөв”олохыг бодоорой” гэж хэлээд буцсан байна. Бараг л хилийн дээснээс наашлуулахыг бодоорой ухааны юм ярьсан гэж нутгийнхан ярилаа. Ээж нь хятад цустай, эмэг эх, өвөө нь цэвэр цусны хятад хүн байсан гэсэн яриа ч чих дэлсэв. 40 мянгатад амьдардаг байхдаа жижигхэн М.Энхсайхан маань эмээгээ салхилуулах гэж багагүй зовдог байсан гэнэ. Хятад гэхээр толгойтой үс өрвийдөг байсан тэр үед хөөрхий жаал хүүг яаж чичилж байсан нь ойлгомжтой”

Энэ мэдээг батлах гэсэн мэт тэрээр 2007 оны зургадугаар сарын 1-ний “Өдрийн сонин”-д (sonin.mn) “Засгийн газрын гишvvдтэй гадаадын ажиллах хүчний тухай асуу-дал яригдаж, 40000 айлын орон сууцны хүрээнд баахан хятад ажилчид орж ирэх гэж байгаа тухай, монголчууд шавраа зуурчихна, шороогоо ухчхаж чадна гэх зэрэг яриа боло¬ход би “Монголчууд тэнгэр заяатай ард түмэн” шавар ч зуурахгvй, шороо ч ухахгүй, харин шавар зуурдаг, шороо ухдаг 10 хүнийх нь дарга нь монгол байя гэж хэлээд инээд болж байсан” гэж өөрийн бичсэн нийтлэл дээрээ бичиж үлдээжээ. Монголчууд энэ үгнийх нь далд санааг ухаж ойлгоод эсэргүүцэх үед харин “би огт тийм юм бичээгүй” гэж мэлзсэн билээ. Цагаан дээр хараар бичсэн зүйл нь харин түүхийн гэрч болон дурайж байна. Нэг монголд арван хятад ногдохоор болоод ирэх цагт захирагдаад байх уу гэсэн энгийн асуултын хариуг олоход Шадар сайд байх ч албагүй. Захын тэнэг хэлээд өгнө. Хүний олон нь цөөнхөө барьдаг юм.

Хагалагчийг биширч явдаг нэгэн эмч түүгээр бахархах сэтгэлдээ хөтлөгдөн “… Монголын улс төр, эдийн засгийн лидерүүд ямар ямар улсын эрх ашиг сонирхлыг төлөөлж, хэн хэний эрх ашиг Монголын өндөрлөгт мөргөлдөж байна вэ?
1. ProRussia(оросын баримжаатай) гол төлөөлөгчид нь: Н.Энхбаяр, С.Баяр, талийгаач С.Зориг г.м
2. ProChina(хятадын баримжаатай) гол төлөөлөгчид нь: М.Энхсайхан, Б.Эрдэнэбат (зоос дагаад элгээ сольж буй), г.м …”(irgen.mn үз) гэж бичсэн удаатай.
Таван толгой, Оюу толгойн тогтвортой байдлын гэрээг ард түмэнд ашиггүйгээр шийдвэрлэх гэж яарч сандарч эхлэх үед МоАХ гэрээнүүдийн цаана нуугдаж байгаа санаархлыг илчлэн, тэмцэх үед “коммунизмыг санагалзлаа, 850 000 доллар гаднаас авсан” гэх мэтээр гүтгэж эхлэв. Энэ нь огт нотолгоогүй зүйл хэдий ч дараагийн ярих зүйлд нь “баримт” тулгуур болж өгөх учиртай байжээ.

Хагалагчид хагачих зуршилдаа хөтлөгдөн одоо МоАХ-г хагалж хаяхаар улайрч байна. Азаар МоАХ хагаралтад тэсэх дархлаатай ажээ. Иймд энд тэндхийн архичин, нүүрсчин, хаягдмал, гологдмол, гомдсон хөрсөн улсуудыг(70 орчим) цуглуулаад МоАХ-г “ахин байгуулж” маанагтав. Сониноор тэднийхээ тоог 300 гэж өсгөж хэлэхээ ч мартсангүй. Энэ бол тун ядарсан мэх. Хагалж дөнгөхгүй болохоороо хагарсан мэт харагдуулах гэсэн оролдлого. Үүнийг хийгчид нь өнөөх л эрлийзүүд. Аль 90 онд МоАХ-г хагалах, цуст яргалалд турхирахаар санаархагчид. Он цаг тэдний нүүр, гадаад төрх дээр хэн болохыг нь сийлээд дурайлгаад өгч дээ, аз гийхэд. Гэлээ ч дотор хүний хагалах ухааныг монгол бид гүйцэхүй бэрх. Тийм учраас цаг үргэлжид сонор сэрэмжтэй, ухаалаг байхгүй бол залгихаар завдагч ойрхон байгааг анхааруулахад илүүдэхгүй биз ээ. Оросууд визгүй зорчих Монголын саналд хойрго хандаж байгаа, Далай ламыг нутгаараа дайруулах дургүй байгаа зэрэг нь Монголыг Хятадын нөлөөллийн бүсэд “хаяж өгснийг” л илтгэж байгаа хэрэг. Үүлэн чөлөөгөөр амжиж олсон тусгаар тогтнол, эрх чөлөөг минь чонотой нийлсэн ноход тасчихад бэлэн байгаа.

Монголын ард түмэн тэдний хэн нь хэн болохыг тод харж, ялгаж байгаа болохоор тэд дараагийн бүр том хагалгаанд бэлтгэж байгаа.

“Ар монголыг эрхшээлдээ оруулах алтан арга бол хагалах бөлгөө” гэж нанхиад төрийн бодлоготнууд хэдэн зуунаар ярьж иржээ. Хагалж ч ирсэн. Хагалсаар ч байна.

2007.09.03
Дэлгэрэнгүй...

Төр дэх бригад

Төр дэх бригад

battulga_bodluud_book_coverВоры в законе

“Бригадын бригадирт загнуулаад…” гэж нэгэн буриад өвгөн ярьж байхыг багадаа сонссоноо мартдаггүй юм. Нэгдэл, сангийн аж ахуйн бригад. Социалист хөдөлмөрийн бригад гээд олон бригад монголд байжээ. Селтик гаралтай энэ үгийг анх Шведийн хаан Адольф Гюстав эргэлтэд оруулсан гэнэ. Цэргийн бүлэглэл, цол зэргийг илтгэж байсан энэ үг яаж яваад монголд ирсэн нь сонин. "Work brigade" гэсэн ойлголт ч англи хэлэнд байдаг юм байна. Би хэлний мэргэжилтэн биш болохоор энэ тухайд бус тэс өөр Бригадын тухай өгүүлэх юм.

Оросын Бригад

“Бригада” буюу “Law of the Lawless” хэмээх оросын цуврал кино монголчуудад танил болоод удаагүй. Энэ бол Зөвлөлтийн импери задран унасны дараа гэмт бүлэглэлүүд хэрхэн үүсэж хөгжсөнийг бараг л баримтаар үзүүлсэн кино.

1990 онд ЗХУ задран унаснаар ажилгүй болсон төрийн албан хаагчид, аюулаас хамгаалах байгууллага болон армиас цомхотголд өртөгсөд, халагдсан цэргүүд, афганы дайчид нь гэмт бүлэглэлүүдийн ажиллах хүч болон хувирчээ. Эхэн үедээ братва гэсэн нэр дор зангилагдсан бүлэглэлүүд (Солнцевская братва г.м) хар зах, хөлсний лангуу, жижиг, том дэлгүүрийн эздээс татвар авах, сүрдүүлэг хийх замаар санхүүжиж байлаа. Аажимдаа илүү нарийн зохион байгуулалтад орж өөрсдийгөө “организация” гэж нэрийдэх болсон байна. Оросын мафи гэдэг ойлголт нь гадаадынхны өгсөн нэр бололтой. Организация өргөжихийн хэрээр Бригада болж томрон эгнээндээ 100 мянга илүү хүнийг нэгтгэж байна гэсэн статистик дурдагдах боллоо.

Москвад гэхэд л найман бригад хяналтаа тогтоож тэдний гарт 1992-1994 онд 10 банкир алагдсан гэсэн мэдээ цацагдаж байв. Бригадын толгойлогчид өөрсдийгөө орос уламжлалын дагуу “Вор в законе”(хуульчлагдсан хулгайч) гэж дуудуулах дуртай ажээ.

“Хулгай”-г хуульчлах гэдэг их л гаж сонсогдох агаад түүх сөхөж үзвэл 1774 оны есдүгээр сард оросын зартай дээрэмчин, хулгайч Е.И.Пугачев Ижил мөрний хавьд Засгийн газрын цэргүүдэд баривчлагдан Москвад хүргэгджээ. Өөрийгөө III Петр хэмээн зарлаж байсан энэ хулгайчийг найман хамтрагчийнх нь хамт өршөөсөн Екатерина II хатан хааны зарлиг 1775 оны нэгдүгээр сарын 10 -нд гарсан байна. Эндээс “Вор в законе” хэмээх үг гарсан агаад Екатерина II хатан хаан тэднийг анхнаас нь бодлогоор дээрэм тонуул хийлгэж байсан бололтой юм.

Октябрийн хувьсгалын өмнө ч, хойно ч “хуульчлагдсан хулгайч” гэж өөрсдийгөө нэрлэгсэд олноороо байсан нь шорон дотроо, гэмт хэргийн ертөнцийнхөө хүрээнээс хальдаггүй байв. Дэлхийн II дайны дараа ЗХУ-д эрүүгийн нөхцөл онцгой хүндэрч “хуульчлагдсан хулгайч” нар хэдэн арван мянгаар тоологдон, гэмт хэргийн ертөнцөөсөө хальж гарах болсон тул Сталины дэглэм шийдвэртэй арга хэмжээ авч, тэдэнд дайн зарлажээ. Албан бичиг баримтад хүртэл “хуульчлагдсан хулгайч” гэх нэр томьёо хэрэглэхийг хориглож, зохион байгуулалттай гэмт хэрэг гэх болов.
Руслан Хасбулатов ЗСБНХОУ Дээд зөвлөлийн дарга болсноор л Чеченчүүдийн бүлэглэл Москвад улам хүчирхэгжиж зэвсэгт дээрмийн ажиллагаа хүчтэй түрж орж ирсэн юм. 1990 оноос “хуульчлагдсан хулгайчид” ил гарч Оросын эрүүгийн ертөнц дэлхийд гайхагдаж эхэллээ. Тэд оросын амьдралын салаа мөчир бүрт шигдэн тэр ч бүү хэл төр засагт шургалав. Владимир Податев гэж зартай хулгайч Ельцинийг төр барьж байх жилүүдэд нэгэн чухал агентлагийн албыг хашиж байлаа. Өмнө нь хүн амь, хулгай дээрэм, хүчин гэсэн гурван зүйл ангиар шийтгүүлж байсан хүн шүү дээ. В.Путин Ерөнхийлөгч болсноор “хуульчлагдсан хулгайч” нартай ширүүн тэмцэл явуулж гадаадад зугтаж гарах нь гарч, алуулах нь алуулж, шоронд орох нь орсноор эрүүгийн нөхцөл байдлыг төрийн хяналтад оруулж чадлаа. Бригад-ын дээр хөх тэнгэр бус Төр байж, “хуульчлагдсан хулгайч” нар даварч болохгүйг ойлгуулав.

Монголын Бригад

Бороо гоулд, Заамарын алт, Цайрт минерал,Тамсагийн түүхий нефть зэргийг хулгайлагч хэдэн үеэрээ идээд барахгүй мөнгөтэй болсон хэрнээ хулгайн дон нь хатгаад ард түмний хөрөнгөөр нээгдсэн дараа дараагийн ордууд руу ахин гараа дүрлээ.

Монголын алтыг монголчуудад нэг төгрөг ч өгөлгүйгээр гаднынхантай нийлж тоносон хүмүүс бол хуулиар өмгөөлүүлсэн л болохоос хүний хармаанаас таван төгрөг суйлдаг, айлын цонхоор орж зурагтыг нь тэврээд гардаг хулгайчаас өөрцгүй хүн. Түүнийг дан эрх мэдэлтнүүд, улс төрчид өмөөрөөд байгаагаас нь ажихад Монголд Бригад хэзээний үүсчихсэн бололтой. Ялгаатай нь төрд шургалагчдаас бүрдсэн Бригад болохоор тэдний дээр зөвхөн хөх тэнгэр л цэлийх ажээ.

2000 оноос өмнө монголд хуульчлагдсан хулгайч нэг, хоёр л байв. Тэд нар Эрдэнэт хэмээх ард түмний хармаа руу цөөхүүлэхнээ гараа дүрж байснаас журмын нөхдөдөө(МАХН-ын) адлагдан, суудлаасаа онхолджээ. Түүнийг онхолдоход сөрөг намынхан гэхээсээ өөрийнх нь нам илүү их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэд хараахан Бригад байгуулж чадаагүй братва буюу ахан дүүсэг ёсныхоо шатанд явсан бололтой юм. Үнэхээр ч мөнгө цөлмөх багаа нэг ангийнхан, нутаг усныхаараа голлон бүрдүүлсэн байлаа. “Зууны луйвар” гэж телевизийн шуугиант нэвтрүүлэг төрийн өмчийг хулгайлсан хамгийн анхны, хамгийн том хулгайг илчилсэн юм.

2000 оноос нам, төрийг хослон барих болсон “суут хулгайч” өмнөхөөсөө сургамж авч, ганцаараа идсэн гахай балардгийг ойлгоод Бригадаараа, намаараа хусах өргөн фронтыг нээсэн байна. Тэр цагт “Хурд” хамтлаг “Хулгайч, засаг хоёр угтаа найз болсон” гэж дуулсан нь юутай үнэн.

УИХ-д сууж кноп дардаг 72 хүүхэлдэйнүүдээс гомдол гаргах болов. Засгийн газарт заларсан мяндагтнууд л Бригадад багтан төрийн өмчийг нүдэн дээр нь өм цөм хувааж идээд, тэдэнд хусам ч өгдөггүй байжээ. Эсэргүүцэл гарч эхэлсэнд том хулгайч нар нь сандралдаж хэсэг бодолхийлсний эцэст гарц олжээ. Энэ бол “гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгө” гэгч луйвар байв. Эхний удаад гишүүн бүрт 10 саяыг бэлнээр хуваариллаа. Оргүй хоцрох нь гэж айж байсан гишүүд өнөө 10 саяынхаа 6-7 саяар нь Эрээнээс хөгжим авч сумдад тараагаад УИХ-д өгсөн тайландаа 10 саяар тусгадаг байв. Ингэнэ гэдгийг нь тооцсон Бригад командлагчид тайланг нь шалгах үедээ “ийм хөгжим ч 10 сая хүрэхгүй дээ” гэж эмзэг цэг дээр нь дарснаар “за ингээд бүгдээрээ хулгайч болсон шүү” гэдгийг ойлгуулж дөнгөжээ. Одоо өрвөлзөх хүн ч үгүй, нийтээрээ хулгайлах боллоо.

Гаалийн Баатар бол хулгай улаан цагаандаа гарч байсны нэг л илрэл шүү дээ. Түүнийг “итгэлтэй хүн” гэж үзсэн том хулгайч нар нь Бригадын мөнгөний уутан дээр дундын сангийн эзнээр тавьжээ. Улсын сан руу орох ёстой мөнгөнөөс Бригадад, бас өөртөө хуваарилах нь түүний үүрэг байж. Сонгуулийн үеэр журмын нөхөд Бригаддаа ил тодоор хулгайн мөнгөнөөсөө хандивлана. Ингэхийг ч шаардана. “Хулгай хийсэн чинь үнэн тул хувиа тушаа” гэх маягийн юм болдог байжээ. Засагт шургалсан бүх хүн чадах хэмжээгээр “хусах” үүрэгтэй. Үгүй бол хардлагад өртөнө. “Чи адилхан идэхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Арай …” гээд л номхруулдаг болжээ.

Хөдөлмөрийн баатар малчин, УИХ-ын гишүүн асан нэгэн бээр хулгай хийлцээгүй тул хөсөр хаягдан гуларч, дотуур байрны жижүүр хийж байгаад тарчигхан нөхцөлд хорвоог орхижээ. Болсон явдлыг Ху-гийн ху… нар нь “хулгай хийхгүй бол ийм тавиланд” унадаг гэсэн байдлаар хүлээж аваад улам шаргуу хусах болсон.

Эрдэнэт, Гааль, Татвар, Мянганы зам, аймаг, сум, дүүргийн захиргаа, сургуулийн барилга, эмнэлгийн төсөв гээд ард түмний гэх “хэний ч бус” хөрөнгөн дээр хулгайч нар сандайлж аваад идэж гарлаа. Тэр жилүүдэд нэгдүгээр эмнэлгийн дэргэдэх шарил хадгалах газрын дарга болохоор хоёр хүн ана мана, ач тач үзэлцэж, хэвлэлээр хүртэл муудалцаад авчээ. “14-хөн ажилтантай жижиг газрын дарга болох гэж юундаа сүйд болоо вэ?” гэсэн ТВ-ийн хөтлөгч хүүгийнхээ асуултад аав нь “Энд чинь хэрэндээ хөөрхөн төсөв өгдөг л байхгүй юу” гэж хариулж байсан юм.

Сайд С.Отгонбаярын яриа: “Улсын нөөцийн газрын дарга комиссар Алтангэрэл гэхэд нөөцийн агуулах дээр шөнөөр очоод обьектийнх нь даргыг дарамталж байгаад 7800 ширхэг радиотар хулгайлаад 5-6 чиргүүлтэй машинд ачиж аваачаад дэд дарга н.Бямбасүрэнгийнхээ барьж байгаа байшинд аваачаад шахчихсан. 10433 метр берзинт хулгайгаар ачуулсан. Эхнэртэйгээ хоёулаа гарын үсэг зурж байгаад 3000 тонн шатахуун хулгайлсан. Шөнийн 23 цагаас өглөөний 6 цагийн хооронд ачдаг байгаа юм. Энэ бүх хулгай тонуулд зөвшөөрөл өгч гарын үсэг зурдаг хүн нь П.Даш комиссар” гэжээ.

П.Дашийг хэн ч, яаж ч чадахгүй байгаа нь тэр боссуудын хулгай хийсэн баримтыг сайн хадгалдгийнх нь гэж учир мэдэх хүмүүн айлдав.

Ингээд бидний мөнгөөр бидэнд үйлчилж байх ёстой төр маань биднийг шулах Бригад болон хувирчээ. Бригад томрохоороо хагардаг жам тэднийг тойрсонгүй.

Бригадын хагарал

“Не пойман, не вор” гэсэн хэлц үг оросуудад бий. Эрүүгийн ертөнцөөрөө зартай ард түмэн онож хэлжээ. Баригдаагүй бол манай эрх баригчид юу гэж хулгайчаараа дуудуулхав. Гачлантай нь хийсэн хулгайнууд нь ар араасаа илрээд энэ засаг хэцүүхэн байна.

“Ардчилал” сонинд УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж “ХЗДХ-ийн сайдыг огцруулснаар зарим хэсэг бүлгийн нөхөд ял завшиж болзошгvй. Илэрхий зүйл байгаа. Танил тал, нутаг нуга,хань хамсаатнаа томоохон ял зэм хүлээхээс мултлаад л байгаа шүү дээ. Асар их мөнгө идсэн нь ч, зохион байгуулдаг нь ч бий. Би үүний амьд гэрч нь. Хэрэг гарлаа гэхэд түргэн тусламж авч очоод ялаас мулталдаг, хүмүүс ч бий. Захиалагч нь ч бий. Гүйцэтгэгч нь бас. Зохицуулагч ч бий. Ийм замаар ХЗДХ-ийн сайдыг мултлах гээд байгаа гэж бодогдоод байгаа” хариуцлагатайгаар мэдэгджээ.
Нүүдэлчин амьдралын хэвшил нь монголчуудад хөрөнгө зөөр хураах боломжийг хэзээ ч олгож байсангүй. Ардчилал ялснаар хувийн өмчтэй болж, хөрөнгө хуримтлуулах, өмчийн харилцаанд оролцох боломж нээгдсэн бөгөөд үүнийг дагаад хөрөнгийн урсгалыг хянах, тэндээс шимэгчлэх замаар хөрөнгөжих эрмэлзлэлүүд гарч ирсэн. 1990 оноос хойш арваад жил өнгөрөхөд нийгэм мэдэгдэм хөрөнгөжиж, мөнгөжжээ. Бий болсон мөнгөний хуримтлалаас ахиухан хазчих санаатай шимэгчдийн Бригад гарч ирсэн нь жам ёсны мэт боловч эмгэнэлтэй нь Бригад нь Төр өөрөө болчихсонд л байгаа юм. Бригадыг хазаарлах хүч нийгэмд үгүйлэгдэж байна.

Бригад доторх бүлэг хоорондын тэмцэл өнөөдөр ид оргил үедээ(онц сонирхолтой гэмээр ч юм уу) ирээд байна. Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн хооронд ил далд явагдаж байгаа мөргөлдөөнийг олон түмэн “хулгайч нар нэгнээсээ зууран там руу унаж байна” гэж тодорхойлж байгаа. Тэдний мөргөлдөөн дундаас ашиг унагачих гэсэн цөөврүүд ч идэвхжиж, зарим нэг нь үсээ гельдэн гөлийлгөчихсөн “Оюу толгойг ингэх нь зүйтэй” ч гэх шиг зурагтаар идэвхийлэн ярилцлага өгөх ажээ.

УИХ дахь МАХН-ын бүлгийн шийдвэрээр хариуцлага алдсан сайдууд огцрохгүй болж Ерөнхий сайд нь тэднээс уучлалт гуйгаад, өргөдлөө буцааж татах болжээ. Хулгайч нарын хэлээр бол энэ нь “Чи миний хулгайг илчлэх гэж байгаа бол би чиний хулгайг илчилнэ” гэж харилцан барьцалдсаны эцэст аль аль нь амаа хамхих тохиролцоонд хүрч салсаан” гэсэн утгыг илтгэнэ. Олон нийт үүнийг нь эсэргүүцэхээр буцаж огцруулна гэж яриад, маш их уймарч байна. Нөгөө тал нь үхлийн цохилт болгон гурван гишүүнийх нь эрхийг түдгэлзүүлэхээр ахин заналхийлэв. Зодоон яаж төгсөх бол.

“МАХН-д зөвхөн дээд зиндааныхан нь эрх мэдлээ булаалдаж “алалцдаг” байсан бол одоо дунд, доод төвшнийхөн ч тулалдах болжээ. МАХН-д “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүр, “Онц их хурлын төлөө”, “Шинэ эргэлт” хөдөлгөөн”, “Зүүний хүчнүүдийн холбоо” ил ажиллаж байна. Эдгээрийн хажуугаар хошуу холболдон гүйлддэг нууц бүлгэмүүд ч бий. Тус бүрийнх нь цаана тэднийг санхүүжүүлэгч олигархууд бас байгаа. Тэгэхээр МАХН-ын XXV их хурлаар хэн гэгч лидер ялалтын дуу аялах нь түүний хүмүүс төлөөлөгчөөр сонгогдож чадах эсэхээс хамаарна” гэж “Зууны мэдээ” сонин бичсэн нь Бригад их хурлаараа хэдэн хэсэг болж хагарах магадлал үүсээд байгааг хэлсэн хэрэг.

Бригадаас яаж салах вэ?

Орост хүчирхэг төр байгаа учраас Бригадыг журамлажээ. Харин манай төр өөрөө Бригад болчихсон байхаар хэн тэднийг журамлаж, хэн хариуцлага тооцох вэ?
Ард түмэн. Сонгогчид л эдэнтэй хариуцлага тооцож чадна. Ирэх сонгууль ийм алтан боломжийг олгож байгаа. Ашиглаж чадахгүй бол бид мафижсан төр бүхий Болгар маягийн хөгждөггүй, бас үхдэггүй Бригад улс болон хувирна.

2007.09.24
Дэлгэрэнгүй...

Мэхний их дэлгүүр

Мэхний их дэлгүүр

mehnii_delguur

Бид түүний мэхэнд унасаар л явна

1992 оны гуравдугаар сар. Кёкүшюзан тэргүүтэй зургаан монгол хөвүүн сумогийн дэвжээн дээр гарснаар монголчууд сумог шимтэн үзэж, дээд зиндаа, их аварга гэх зэрэг үгсийг хэлцэх болсон билээ. Эдний нэг Кёкүшюзан Д.Батбаяр 2007 он хүртэл макүүчид 54 башё барилдахдаа сумо бөхөд байдаг 88 мэхнээс 42-ыг нь хийж Waza no depaado буюу монголоор “мэхний их дэлгүүр” гэсэн содон нэр авсан билээ.

Харамсалтай нь, энэ удаад түүний тухай бус Кёкүшюзантай зэрэг шахуу, Монголын улс төрийн дээд зиндаанд дэвшиж бас л “мэхний их дэлгүүр” болсон нэгний тухай өгүүлэх гэсэн юм.

Шок

2004 оны зургадугаар сарын 27. УИХ-ын сонгуулийн санал хураалт дууслаа. СЕХ сонгуулийн дүнг албан ёсоор зарлаж чадахгүй удав. Тэд ”Сонгуулийн ирц 76,4 хувь байлаа.Урьдчилсан байдлаар МАХН 37, «Эх орон-Ардчилал» эвсэл 35, БНН нэг суудал авч, гурван бие даан нэр дэвшигч ялсан бололтой. Гэхдээ зарим тойргийн дүн нэлээд маргаантай байна” хэмээн мэдээлжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн нар сандралдаж “сонгуулийн урьдчилсан дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэж яаран мэдэгдэв. Гэвч МАХН 37 биш 36 суудал л авчээ.
“Мэхний их дэлгүүр” 72 суудалтай жаалж байсан намын амжилтыг унагаж, “тавин хувиа ч хийсэнгүй”. Намдаа асуугдах ял, хийсэн хэргүүдийг нь сөхөх өрсөлдөгчийн эрмэлзэл Н.Энхбаярыг гүнзгий шоконд оруулж, цаашид хэрхэх тухайгаа ултай бодоход хүргэжээ. Тэр уснаас хуурай гарах, улс төр дэх амьдралаа уртасгах, хамгийн гол нь, Ерөнхийлөгчийн сэнтийд баараггүй хүрэх зорилго бүхий цуврал сценариа бэлтгэж, 2009 он хүртэл үргэлжлүүлэхээр шийдэв. Түүний бүтээсэн олон ангит “савангийн дуурийн“ ихэнхийг бид үзэж, амсаад дүгнэж цэгнэхтэйгээ болоод байна.

Дурсамж

Үндэсний удирдагч дээд зиндаанд орж ирснээсээ хойш Ардчилсан холбоо эвслийн гурван ч Засгийн газрыг цуппаридаж унаган, туршлагажсан нэгэн тул шинэдэх зовлон амссангүй. С.Баярыг Ерөнхий сайдаар томилох тухай асуудал хэлцэх үед Ц.Нямдорж “Монгол Улсын Засгийн газар хүчгүй болоод 10 жилийн нүүр үзэж байна. Энэ ойг бид хэзээ тэмдэглэх юм, бүү мэд. Засгаараа тоглож жүжиглэсээр байгаад засгийг сулруулсан, улс төрийн намуудыг ч сулруулсан” гэж мэдэгдсэн нь чухамдаа “мэхний их дэлгүүр”-ийг зүхсэн үгс байсан юм. Ц.Нямдорж үндэсний удирдагчийг нэг бус удаа илчилж байгаа билээ. Тэгэхээр 10 жилийн турш хийсэн улс төрд хийсэн мэхнүүдийг нь нэхэн санацгаая.

1997 он. Н.Энхбаяр “башё” эхэлсэн хойно УИХ-д нөхөн сонгуулиар орж ирмэгцээ л М.Энхсайханы Засгийн газрыг огцруулах шаардлага тавьсан. Тэр цагт МҮАН дүрэмдээ “намын дарга нь Ерөнхий сайд байна” гэж заалт оруулсныг овжин ашигласан ухааны юм. Ингээд тэр М.Энхсайханыг зайлж гуд татах мэхээр унагалаа.

1998 он. Жил хүрэхгүй хугацааны дараа тэр Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахаар хөөцөлдөж эхлэв. Шалтгаан нь банкны салбарыг эрүүлжүүлж эхэлснээр Ху намынхны хийсэн хуудуутай ажилбарууд илэрч эхэлсэнд буй. Энэ удаа барьцгүй түлхэж гаргах мэхээр унагалаа.

Бөөн юм болж болж, Ж.Наранцацралтын Засгийн газрыг байгуулав. Талийгаач авлигатай тэмцэх чиглэлд дорвитой алхам хийж эхэлснээр бас л унахад хүрчээ. МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Энхмандах авилга авснаа улайж, намын дарга Н.Энхбаяр нартай 20 мянган ам.долларыг Унгарт хувааж авснаа хүлээснээр авилгын том хэрэг тодорч байсан юм. Н.Энхбаяр сандран Б.Энхмандахыг суллуулахаар хөөцөлдөхийн хамт Ж.Наранцацралтын Засгийн газрыг зайлж унагах ажил эрчимжлээ.

1999 оны долдугаар сарын 15- нд УИХ-ын чуулган дээр МАХН-ын бүлгийн ахлагч Н.Энхбаяр: “- Та бүхний сонорт нэгэн ноцтой баримтыг хүргэх гэж байна. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Наранцацралтаас 1999 оны нэгдүгээр сарын 19-нд ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Ю.Д.Маслюховт он, сар нь засвартай нэгэн захиа явуулжээ. Энэ захиаг Ерөнхий сайд маш яаруу, нууцаар хийсэн бололтой. Энэ захиа “Эрдэнэт”-ийг 240 мянган ам.доллараар худалдаад Монголд оногдох хувиа худалдахад та нар чимээгүй байна шүү гэсэн утгатай байна” гэв. Үүнээс олигтой шалтаг олдсонгүй. “Энэ намайг авилгын хэргээр шоронд хийчих гээд байгаа юм” гэлтэй ч биш.
Дараа нь Н.Энх¬баяр нар Ж.Наранцацралтыг хоргоож, “Ерөнхийлөгч Багабанди энэ захидлыг бичүүлсэн” гээд хэлчихвэл огцруулахгүй гэж хүртэл тулгасан байна. Захидал Ерөнхий сайдыг огцруулахад хангалттай баримт болж чадахгүйд хүрэхэд Н.Энхбаяр дараагийн хувилбартаа шилжин танхимын сайд нараар нь огцрох өргөдөл бичүүллээ. Энэ мэхээ хожим нь хоёр ч удаа ашигласан юм.

Дараагийн мэх. Их эвслийн Засгийн газар

2004 он. Н.Энхбаярын “уран бүтээлийн анд” М.Энхсайхан тэр цагт Ардчилсан намын дарга, “Эх орон –Ардчилал” эвслийн сонгуулийн штабын дарга байсан бөгөөд нам болоод эвслийн удирдлагатай зөвлөж, хэлцэлгүйгээр дур мэдэн “эвсэж засаглахыг ард түмэн биднээс шаардаж байна” хэмээн мэдэгдсэн нь Н.Энхбаярт мухардлаас гарах гарц гэж үнэмшигджээ. Мухардал нь юунд байв.

Судлаач Д.Ганхуяг МАХН 2000-2004 онд дураараа дургиж байхдаа “Элдэв төрлийн чуулга уулзалтууд, “Алтан сарнай” наадам, үндэсний удирдагчийг 30 төрлөөр оны шилдгээр тодруулах наадам, хамгийн гол нь сонгууль зэрэг арга хэмжээгээр татварын мөнгийг ёстой нэг ховх сордог байлаа. Залуучуудын нэрээр хадгаламж, зээлийн хоршоо байгуулж, мөнгө угаахын зэрэгцээ тэдний ХЗХ -ноос намдаа хандив авдаг гэмт хэргийн пирамид тогтоожээ” гэж бичсэн нь Н.Энхбаярын далд түгшүүрийн үндэс байсан юм. Хэрвээ засаглал дахь нөлөөгөө алдах л юм бол торны цаана суух нь гэсэн айдастаа хөтлөгдсөн Н.Энхбаяр эвслийн Засгийн газар байгуулах санааг яаран зөвшөөрчээ. Ингэхдээ тэр давхар санаа өвөрлөж байсан нь 2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Намын амжилтыг бууруулсан гэмийг Д.Идэвхтэнд тохоод, Р.Гончигдоржийн нэрийг татуулаад “хүчгүй маэгэшира” М.Энхсайхантай тулна. Намд нь М.Энхсайханыг дэмжихгүй байх хангалттай шалтгаан бий болгоно. Угсраа олон мэх төлөвлөжээ. Тэгээд эхнээс нь хийв.

Юуны өмнө Т.Очирхүү, Г.Занданшатар нараар "Их эвслийн" гэх нэртэй Засгийн газрыг шинээр байгуулан МАХН-“Эх орон-Ардчилал” эвсэл хамтран засаглах болсон тухай мэдээлэл хийлгэв. Тэр цагт "Эв эеийн Засгийн газар", "Эвслийн Засгийн газар", тэр ч байтугай Израилийн жишгээр "Аргагүй байдлын Засгийн газар" ч гэж нэрлэх санал гарч байсан гэнэ.

Их эвслийн Засгийн газрын ажиллах журмыг боловсруулах ажлын хэсгийн гол тохироо нь хоёр хоёр жилээр ээлжлэн Ерөнхий сайдаа томилох байлаа.

2004 оны наймдугаар сарын 20-нд 36 суудалтай МАХН, 34 суудалтай “Эх орон-Ардчилал” эвсэл хамтарсан Засгийн газрыг байгуулж, эхний хоёр жилийн Ерөнхий сайдаар Ц.Элбэгдoржийг томилов.

Ц.Элбэгдoржийн Засгийн газар нийгмийн хөгжлийг боомилж буй авилгын эсрэг шаргуу тэмцсэн.Тэрээр 2005 оны дөрөвдүгээр сарын 8-нд УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр "Бид авилгын учир шалтгаан, эхийг мэдэж, тогтоон авлигыг бульдозeрдoнo" гэж мэдэгдэв. Удалгүй эхний бульдозер хөдлөхөд Гаалийн Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Х.Баатар болон бусад албан тушаалтанд холбогдох авилгын хэрэг ил гарлаа.

Х.Баатар бол авилга гаарч байсны нэг л илрэл байсан билээ. МАХН-ын дарга асан М.Энхболд тэр цагт “Өнөөдөр” сонинд(2006 оны IX сарын 21) өгсөн ярилцлага үүнийг давхар нотолно.

“М.Энхболд: - Гаалийн даргаар ажиллаж байсан Баатараас сонгуулийн сурталчилгаанд хандив мөнгө авсан гэдэг тэр тодорхойлолт бичгийг манай намын нарийн бичгийн дарга хийж өгсөн юм билээ.
Өнөөдөр: - Уучлаарай, хэн хийж өгсөн гэнэ ээ?

М.Энхболд: - Ё.Отгонбаяр... Би ийм бичиг хийж өгснийг нь мэдээгүй. Надтай ярьж зөвлөөгүй. Отгонбаяр бол надаас өмнө намын удирдлагын бүрэлдэхүүнд орж ажилласан хүн. Тэгэхээр энэ бичиг тодорхойлолтын тухайд өөрөө ярьж тайлбарлах байх аа”

Х.Баатар ч намдаа 100 гаруй сая төгрөгийн “хандив өргөж байснаа” хүлээсэн бөгөөд МАХН-ын удирдлагууд С.Баяр, Ё.Отгонбаяр нар шоронд очиж түүнтэй зөвлөлдсөн байна. Энэ талаар УИХ-ын чуулганы дээр Э.Бат-Үүл асуулга тавьж, нотолсон хариулт авч байсныг уншигчид санаж байгаа байх аа.

Ц.Элбэгдoржийн Засгийн газрын үед авлигатай тэмцэх чиглэлд бодитой алхам хийсний хүчинд Монгол улс АНУ-ын Мянганы хөгжлийн сангаас анх удаа 230 сая ам.долларын тусламж авах эрхийг олж авсан билээ. Одоо энэ мөнгийг “би авч өглөө шүү” гэх маягийн сурталчилгаа хийгээд яваа үндэсний удирдагч тэр цагт Х.Баатарыг баривчилсанд маш их цочирдон авлигыг бульдозердогчийг хугацаанаас нь өмнө унагах сценарийг яаран боловсруулсан юм. Бульдозер чигээрээ явсаар түүний өргөө хүрэх нь тодорхой байсан хэрэг. Тэгэхээр С.Баяр, Ё.Отгонбаяр нар шорон луу биеэрээ очсон нь түүний даалгавар байсан бололтой. Н.Энхбаяр тэднийг шоронгоос эргэж ирэнгүүт л Элбэгээг унагах ажиллагааг эхлүүлсэн байна.

Өмнөхөн нь МАХН-Ардчилсан намтай нэг чухал тохироо хийснийг сануулъя. 2005 оны наймдугаар сард болсон УИХ-ын 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАХН ялахын тулд Ц.Элбэгдоржид улс төрийн шахалт үзүүлж “Нэрээ татахгүй бол Их эвслийн Засгийн газрыг унагана” хэмээн тэд заналхийлсэн юм. “Хаан сонголт"-оо авч үлдэхийн тулд Ц.Элбэгдорж тулгалтыг хүлээн авээ. М.Энхболд сонгогчдын 77.8 хувийн үнэмлэхүй санал авав. Ийм үр дүнд хүрэх гэж л МАХН, Ардчилсан намтай Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг хугацаагаа нь дуустал ажиллах нөхцөлийг хангахаар тохирсон юм.

Гэвч Х.Баатарын хэргээс хойш МАХН аашаа хувирган засгийг оролдож эхэлсэн нь Н.Энхбаярын дэглэсэн дараагийн үзэгдлийн угтвар байсан юм.

Дархан мэх. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар

Үндэсний удирдагч дараагийн үзэгдлийн голлон үйлдэгчээр М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, М.Энхболд нарыг сонгов. Тэдний албан тушаалын хэнээ нь үзэгдлийг төлөвлөсний дагуу явуулах боломж олгоно гэдгийг тэр сайтар тооцжээ.
2005 оны 12 дугаар сарын 20–нд М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар хавсайдан “Эх орон–Ардчилал” эвслийг тараалаа. Сценари ёсоор бол энэ нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг эрх зүйн чадамжгүй болгох учиртай.
Н.Энхбаяр сурснаараа давхар мэх хийж, 2006 оны нэгдүгээр сарын 11-нд МАХH-ын Удирдах Зөвлөл Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж, Засгийн газарт буй гишүүддээ огцрох өргөдлөө өгөхийг тушаав. 2006 оны нэгдүгээр сарын 13-нд Их эвслийн Засгийн газрыг УИХ дахь МАХH-ын гишүүд, Ардчилсан намаас урвасан дөрвөн гишүүний хамтаар огцрууллаа.

М.Энхболдын үед МАХН хэмээх нүсэр аппарат санхүүжилтийн хүндрэлд орж, үйл ажиллагааг нэг удирдлагаар хангах чадамжаа алдсан байна. Шалтгаан нь Н.Энхбаяр Ерөнхийлөгч болмогцоо намынхаа санхүүжилтийн гол цөм, дорвитой хандивлагчдаа дагуулаад гарсанд буй.

М.Энхболд санхүүгийн хүндрэлд орсон, улс төрийн туршлага дутмаг байдал болон хувь хүнийхээ харилцааны чадвар зэргээсээ шалтгаалаад намдаа нөлөөгүй шахам байсан учир арга буюу эзнийхээ эсрэг сэтгэл хуримтлуулж эхэлсэн байна. Н.Энхбаяр түүнийг намын дарга болгосон нь алс хэтийн төлөвлөлттэй, сайтар боловсруулсан сценари байсныг тэр зах зухаас нь ойлгожээ.

Тэжээсэн бяруу тэрэг эвдэх үлгэр болчхоод байгаа М.Энхболдыг Ц.Нямдорж өөгшүүлээд, хажуугаар нь “Ерөнхийлөгчийн засаглалыг би амь насаараа эсэргүүцнэ” ч гэх шиг зүйлс яриад явсан. Ц.Нямдорж УИХ-ын даргын албан тушаалаа “Ерөнхий редакторын” алба гэж андуурч байсан нь Н.Энхбаярт өгөөш болжээ. Түүнийг унагах ажлын гол дүрд ҮХЦ-ийн дарга Ж.Бямбадорж тоглов. “Шударга ёсны төлөө найзыгаа ч алахаас сийхгүй уужим сэтгэлтний” дүр түүнд зохиогүй ч нүдээ аньж байгаад “үстэж унаган” мэхийг гүйцэлдүүлсэн.
Унасан хүн ууртай. Ц.Нямдорж, М.Энхболд нар Үндсэн хуулийн цэц дэх М.Энхсайханы гар хөл П.Очирбатаар дамжуулан Засгийн Газрын гишүүн болсон УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулах асуудалд санал өгөх эрхтэй болгож дөнгөжээ. Н.Энхбаяр туйлын хүнд байдалд оров.
“Мэхний их дэлгүүр” даруй өрөлтөө өөрчилж “Элсний 13” хэмээх масс үзэгдэл найруулав. Засгийн газрыг огцруулах тооны төлөөлөл байхгүй байсан болохоор дархан мэхдээ хувилбар оруулж, МАХН-ын даргаас нь ховхлох юм.
Хариуг нь Д.Одбаяр, М.Сономпил зэрэг Н.Энхбаярын Засгийн газар дахь төлөөллийг “Ми 8”-ын хэрэгт холбогдуулан огцруулах заналхийлээр өглөө. М.Энхболдын гэнэн нь ихдэж, Ц.Нямдоржийн муйхар нь хэтэрснээс тэд үндэсний удирдагчийг “хэцүү байдалд” оруулж чадлаа гэж итгэжээ. Тоглоом дуусах яагаа ч үгүйг “Мэхний их дэлгүүр” л мэдэж байсан юм.

Сүүлчийн мэх. Муу ёрын Засгийн газар 666

13 хэмээх тооноос Ц.Нямдорж сэжиглэж, ширвээж байсан ч “Элсний 13” гэдэг мэх яалт ч үгүй үр дүнгээ өгч, МАХН-ын Бага хурал, улмаар ХХV их хурлыг хуралдуулав. Долоо хоног навс хуралдсан ХХV их хурлын эцсийн зорилго нь Н.Энхбаяр, М.Энхболд хоёрын хэн нь хүчтэйг мэдрүүлэх байсан юм.

Үндэсний удирдагч М.Энхболдыг төөрөгдүүлэн, хүлээлтэд оруулснаар цаг хожиж, улмаар С.Баярыг ховсдож, өөрийн болгоод МАХН-ын даргаар тавив. Энэ башёд “Намын даргыг Ерөнхий сайдаас салгана” гэж анхаарлыг нь сарниулах шинэ мэх орж ирлээ. Америк явахынхаа өмнө М.Энхболдод “Эцсийн мөчид би чамайг л дэмжинэ” гэж хоосон найдлага төрүүлэхээ “мэхний их дэлгүүр” мартсангүй. Харин нисэхийн өмнө С.Баярт “Элсний-13”-аар дамжуулан манай хүмүүс чамайг дэмжинэ. Ерөнхий сайд болсныхоо дараа харин хүн шиг байгаарай” гэж захиж амжжээ.
М.Энхболд гэнэдэж, арга хэмжээ авалгүй суусаар цаг дуусахад л дархан зайлах мэхэнд унаснаа мэдэж хоолой нь зангирав. Далайн чанадаас даамай мэх иржээ. Сурсан юм гэдэг аргагүй л өөр. Сэхээ ороход нь Ерөнхий сайд ч үгүй, намын дарга ч үгүй болгосон байжээ.

С.Баяр Н.Энхбаярын халуун дэмжлэг – 666(!?) төлөөлөгчийн олонхийн саналаар ялснаар Сатаны увидсыг олов. Бүгдийн толгойд С.Баяр Засгийн газраа яаж байгуулах юм болоо гэсэн оньсого эргэлдэнэ. Хариу нь Н.Энхбаярын толгойд л байгаа.

Тодорхой болсон нэг зүйл бий. Тэр муу ёр 666 - Засгийн газарт өөрийн хүмүүсээ ахиухан шургуулна. С.Баяр үгэнд орохгүй бол жолоодох тооны хүмүүс тэнд байх ёстой.

С.Баяр XXV их хурлынхаа үеэр “Ирэх сонгуульд хариуцлагаа дангаараа үүрэхийн тулд М.Энхболдын Засгийн газрыг огцруулж байна” гэж ярьснаасаа буцаж байна. Тэр жижиг намуудтай эвсэж Засгийн газраа байгуулаад өөрт ирэх хариуцлагыг тэдэн лүү чихэхээр төлөвлөсөн.

БНН-тай эвсэж болох ч Б.Жаргалсайхан яагаа ч үгүй эрт даам гарч, гурван сайд нэхээд байгаа. Л.Гүндалай сээхэлзэх хэдий ч гайнаас цаашгүй. М.Энхсайхан мөлхөнө. Үндэсний удирдагчаас ханд өгөөгүй, зааварчилга ирээгүй болохоор зүгээр суухаар зүлгэж сууя гэхдээ М.Энхсайхан Ардчилсан нам дахь албан тушаалд нугасгүй этгээдүүдийг шордож үзэв.

Тэдний мэхэнд удаа дараа унаж хаширсан Ардчилсан нам энэ удаа тэсч үлдлээ. Гэвч … эцсийн дүгнэлт хийхэд эрт байна.

Нийтлэлч Баабар саяхан “манай нийгэм нэг л хүнээс хамаарч байна” гэсэн нь улс төр дэх “мэхний их дэлгүүр”-ийг л хэлсэн хэрэг. Түүний мэхэнд нийтээрээ унадаг монголчууд Засгийн газар байгуулагдахыг хүлээх зуур савангийн дуурь триллер болон хувирч байна.

“Мэхний их дэлгүүр” дээд зиндааны улс төрд үзэж байхдаа таван Засгийн газрыг сүйрүүлжээ. Ийм амжилт дэлхийд ч ховорхон буй заа.
2007.11.23
Дэлгэрэнгүй...

Яагаад

Яагаад
Би хонь шиг номхон байж чадсангүй
Ноомой зан дорой зан хүлцлийг тэвчсэнгүй
(Ардчиллын дууч С.Цогтсайхан агсны шүлгээс)
battulga_bodluud_book_cover
Түвдэд аймшигт харгислалыг явуулж, үндэстнээр нь хоморголон устгаж байгаа тухай бүхий л мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед мэдээлэх боллоо. Далай лам маш хүнд байдал оров. Евро парламент асуудлыг нухацтай авч үзэн “Хятад, Түвдийн харилцаанд өөрчлөлт оруулахгүй бол Бээжингийн олимпийн наадамд хориг тавих хүртлээ тэмцэнэ” гэж анхааруулжээ.

Шашин нэгт Монголчууд бид дуулаагүй, сонсоогүй, үзээгүй хараагүй дүр эсгэн таг суув. Дугар гэдэг нэгэн иргэн л энэ тухай дуу гарав. Хүн амын 80 хувь нь шарын шашинтай гэдэггүй бил үү. Европт хүн амын гуравхан хувь нь буддын шашинтай агаад түүн дотроо шарын шашин нь тодорхой хувь эзэлдэг. Шашин төрийг хослон барих үзлийг номлогч, шарын шашинг орой дээрээ залах хүсэлтэйгээ чангаар ярьж явдаг улстөрчид уг нь цөөнгүй байдагсан. Саяхан л “шарын шашин мандтугай” гээд улс төр хийж байсан ҮШН гэх нэртэй шинэ нам шүтдэг шашных нь өлгийд гаарч буй харгислалыг юу гэж үздэг юм бол? Яагаад таг суудаг юм бол? Яагаад.
Гандан хийд нь ч дүлий дүмбэ оргив. Уг нь сав л хийвэл оройн дээд Далай багш минь гэж сүжирдэгсэн. Ядаж эх болсон зургаан зүйл хамаг амьтны төлөөх нинжин сэтгэлээ илэрхийлмээр юм. Лалын шашинтнууд шүтлэг нэгтэн нь хоморголон устгах бус зүгээр л сэтгүүлд шог зураг гарсан төдийд юу болж байлаа. Монголын шарын шашинтнууд бурхныг нь буудаж дэлбэлэхэд ч мэдээгүй царайлж, шүтлэг нэгтнүүдийг нь алахад ч дүмбэ оргив.Бас л ЯАГААД гэмээр.

Саяхан улсын начин, Булган нутгийн хүү П.Ганбаяр харгис цагдаагийн гарт ид залуу 44 насандаа амиа алдлаа. Түүнийг эгнээндээ багтааж асан Монгол Бөхийн Холбооны удирдлага “Бид дуугүйгээр анхааралтай ажиглан харж байна” гэхээс өөр юм хэлсэнгүй. Амьд ахуйд нь “холбооноос зохиож байгаа ажилд оролцохгүй бол, дуудсан цагт ирж барилдахгүй бол ...” гэхчлэнгээр огт дуугүй суудаггүй байсансан. Өөд болохын цагт мөн л амаа хамхив.Булган нутгийн зөвлөл ч дуугарсангүй. Бөхчүүд маань ч дуугарсангүй.ЯАГААД тэр вэ.

У.Хүрэлсүх улс төрийн шалтгаантайгаар шүүхээс ял авав. Түүнийг бага хүүхэд байхаас нь л улс төрд турхирч, ашиглаж “нохойд барьдаг модоо” болгож байсан нам нь таг дуугүй өнгөрлөө. Уг нь эсрэг өлсгөлөн, эсрэг жагсаал гээч юмыг МАХН түүнээс өөр “аавын хүүд” найдаж чадахгүй байсан үе бий биш бил үү, Хучууд аа ?! Үндэсний удирдагч гаргуунд нь гаргасан юм, яая гэхэв гээд амаа үдэв үү. Ноцтой зүйлийг хараад, сонсоод байгаа хирнээ дуугүй байх нь яг юуны ч шинж юм бэ дээ. ЯАГААД ингэх ёстой гэж.

Алтны дон үндэстнийг аюулын ирмэгт аваачиж, химийн хор хязгааргүйгээр дэлгэрчхээд байхад “Алт” хөтөлбөрийг зогсоох талаар цөөхөн хэдэн хүн, ТББ-ууд дуугарч байна. ЯАГААД. Бусад нь сонсоогүй царайлав. Алт тэвэрч байвал үхсэн ч хамаагүй юм уу, хаашаа юм.

Малайзад амиа алдсан ид залуу монгол бүсгүйн хэргийг сонсоод, шогшроод л суухаас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг, чанга, чанга дуугардаг нөгөөх олон эмэгтэйчүүдийн байгууллага хаа байна. Хаа газар гүйлдэж, адлагдаж байсан траншейны хүүхдүүд гэнэт алга болоход бас л хэн ч дуугарсангүй. ЯАГААД. Хүүхдийн төлөө За энэ тэр гэж хэлээд, дууны клипэнд хүртэл хэн хүнгүй л инээд алдан тоглоод байгаагүй бил үү. Зарим нэг мэдээгээр траншейны гэх хүүхдүүдийг хүний наймаа, эд эрхтний худалдааны түүхий эд болоод дуусаж буй гэх.Одоо яах вэ.

“Хотын утаа хорт хавдрын эх үүсвэр болдог” хэмээн утаа ихэссэн хоёр сарын турш амандаа үглэхээс бус чангахан дуугараад, шахаад хийлгэх зүрх байхгүй олон жил тойрно. Хотын дарга нар нь чихэнд нь хонх дуугарсан үед “ингэнэ, тэгнэ” гэж амлаад дуугүй болмогц өөр юм бодоод алга болчихно.Харин суудлынх нь тухайд ярьсан бол ч хэрэг өөрөөр мандах биз.

Хонгорынхон хордоход хоёр гуравхан нь л үг дуулгаж, үлдсэн олонхи нь дуугүй суухын золиос болон ээлжээр нүд аньж эхэллээ. Жаргалант, Борнуурынхан ээлжээ хүлээж байна.Хор одоо бүр хотын төвд Богд Ар гэх байшингууд дунд илэрлээ.Бидний үе нэг иймэрхүү.

Одоо түүхээ нэг сөхье.1920 онд гамин цэргүүд Богд хааныг баривчлан гэрт нь хорьсон байна. Хааныг нь хорьчхоод байхад суллах нь битгий хэл, хэн ч, юу ч дуугарч чадахгүй байтал тэнэмэл, золбин орос цагаан цэргийн дарга Барон Унгерн гэгч ирж суллажээ.

Түүх үргэлжилсээр 1933-1937 онд МАХН-д шүтэх бишрэх эрхээ боогдуулсандаа боссон олон мянган лам нарыг оросуудын зэвсэг, зааварчилгаагаар хядаж байхад ч чихгүй толгой болон сууцгаажээ.Монголчууд бид. Үр дүнд нь гэм зэмгүй 20 мянган лам нөгөө ертөнц рүү одож.

Лоохууз, Сурмаажав, Аварзэд гээд жинхэнэ эх орончдыг цогтой үгээ хэлснийх нь төлөө хавчиж, яллаж, цөлж байхад бурууг нь мэдсээр хирнээ хэн ч дуугарсангүй. ЯАГААД

А.Төмөр-Очир бусдын гарт зэрлэгээр хөнөөгдөхөд алуурчинг багцаалж байгаа хирнээ таг дуугүй суусаар хэргийг мартагнуулсан гэдэг. Хань Нинжбадгар нь л хааяахан үнэнийг өчиж ярилцлага өгч байв.Гэвч саяхан өөд болсон.
Ингэхэд БИД ЯАГААД ИЙМ ДУУГҮЙ ҮНДЭСТЭН БОЛЧХОВ ОО. Тэртээ XIII зуунд л лав ийм байгаагүй бололтой. Тэмүүжингийн хайрт бүсгүй Бөртэг өс санасан мэргэдүүд ирж булаахад монгол овог, аймгууд нэгдэн нийлж, буцаан авч өгчээ. Энэ тухай Оросын нэрт эрдэмтэн Л.Н.Гумилев энэ тухай сэтгэл хөдлөн бичихдээ “Сайхан Еленагийн төлөө Трой хотыг эзэлсэн явдлаас хойш ийм уярам явдал гарч байгаагүй юм. Ганц хүүхний төлөө, эхнэрээ алдсан эрийн зовлонг нимгэлэх гэж дайнд мордохын тулд үндэстнээрээ нэгдэж чадна гэдэг гайхамшиг” гэжээ. Тэр цагт монголчуудад бусдын зовлон гэж байсангүй. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө дуугарах төдийгүй дайтаж байлаа. Гэтэл...

Ер нь монголчууд бид энэ мэтчилэн дуугарах газраа дуугарч, хэлэх зүйлээ хэлж явахгүй бол хонь шиг дүмбэ оргиод суух зуур захаас нь барьж аваад төхөөрөөд байх шинжтэй юмдаг аа.

Оросын эдийн засаг үндсэндээ тогтворжуулах томоохон алхмууд хийснээр 1999 оноос хойш Дотоодын нийт бүтээгдэхүүн тогтмол өсөж ирсэн. 2007 оны байдлаар ДНБ 8.1 хувьтай байсан. Эдийн засгийн өсөлт нь 7 хувьтай байна. 2000 оноос хойш эдийн засаг нь хамгийн хурдацтай өсөж байгаа 10 орны нэгд тооцогддог болсон.
“International Herald Tribune” 2008.3.30-ны дугаараас

Хятадын эдийн засгийг 21-р зууны хамгийн үсрэнгүй хөгжиж буй эдийн засаг гэж үзэж байна. 2007 оны эцсийн улирлын байдлаар эдийн засгийн өсөлт нь 11.5 хувь байна. Өнгөрсөн онд үйлдвэрийн бүтээмж нь 18 хувиар, үйлдвэрийн орлого нь 30 хувиар нэмэгдсэн. Худалдааны баланс 280 тэрбум. Экспорт нь 26, импорт нь 21 хувиар өнгөрсөн онд өссөн.  “Buziness week”сэтгүүлийн 2008.2 дугаар сарын дугаараас

2008.03.31
Дэлгэрэнгүй...

Баатар-Hero

Баатар-Hero

battulga_bodluud_book_coverМонгол монголдоо дургүй хэвээр байх уу?

Æèë õàãàñûí ºìíºõºí ÓÈÕ-ûí ãèø¿¿í, ÌîÀÕ-íû äàðãà Õ.Áàòòóëãà àðëûí îðîíä èâ õàâàà ãàéõóóëæ Ìîíãîë ãýñýí íýðýýðýý îìîãøèí áóé çàëóó èõ àâàðãà Ä.Äàãâàäîðæèéí ýëýã íýãòýíäýý ãîìäñîí ñýòãýëèéí ¿ãýýñ ýìçýãëýõäýý áè÷èæ áàéñàí “Áààòàð-Hero” íèéòëýëèéã óíøèã÷ òàíû îþóíû ìýëìèéä àõèí õ¿ðãýæ áàéíà

Оршил

Саявтар Асашёорюү Д.Дагвадоржтой хэсэг ярилцаж суулаа. Их спортод адилхан зүтгэж байсны хувьд бидэнд ойлголцох, санал нийлэх зүйл бишгүй л байдаг. Дагваа маань сумод орохоосоо өмнө жүдогоор хичээллэж байсан. Тийм болохоор Mizuno фирмийн кимоно өмсгөлийг жүдогийн баг, тамирчдад бэлэглэсэн юм. Байгалийн асар их авьяасыг өвлөн төрсөн болохоор нь би түүнийг жүдогоор явбал олимпийн аварга баттай болно гэж итгэдэг.

Олимпийн аварга төрнө гэдэг үндэстэнд ямар их бахдал, урам зориг, итгэл эрмэлзлэл авчирдгийг Өмнөд Солонгосын анхны олимпийн аварга төрсөн түүхээс харж болно. 1976 оны Монреалийн олимпоос Хөдөлмөрийн баатар З.Ойдов мөнгөн медаль авахдаа Өмнөд солонгосын бөх Ян Жү Мог ялсан. Гэвч америкийн бөх Ж.Девист оноогоор ялагдсан байлаа. Америк, солонгос хоёрын барилдаанаас аварга хэн болох нь тодрох болов. Өмнөд Солонгосын бөх Ян Жү Мо цэвэр ялахгүй л бол аварга монгол, америк хоёрын нэгэнд очно. Ийм мөчид америкчууд цэвэр улс төрийн шийдэл хийж Өмнөд Солонгосын бөх Ян Жү Мод цэвэр ялагдахыг өөрийн бөхдөө даалгажээ. Учир нь хоёр систем сөргөлдөн байх үед Орос ах, Сэм авга хоёрын өсгөн бойжуулан хүүхдүүдийн хэн нь аварга болохыг шийдэх нь үзэл суртал, олон нийтийн харилцааны үүднээс чухал ач холбогдолтой байжээ. Хэдийгээр ийм нэгэн будлиантай түүхтэйгээр олимпийн анхны аваргаа төрүүлсэн ч, түүнийг ялж байсан З.Ойдовын нэрийг солонгосчууд ой ухаандаа хадгалан үлдсэн байдаг.
Энэ бодлоо түүнд хэллээ. “Нэгэнт сумогийн хамаг дээд цолыг авлаа, амжилтыг эвдлээ. Одоо сумод зодог тайлаад жүдод хүчээ үзвэл монголоос төрөх анхны олимпийн аварга чи болох биш үү” гэхэд минь Их аварга үүнтэй санал нэгдэхэд бэлэн байсан хэдий ч нэг зүйл дээр торов. Энэ бол түүнийг чиглэсэн монголчуудын хардлага, доромжлол.
Хайрлаж, бахархаж явсан ард түмэн нь түүнийг хэнэг ч үгүй доромжлон, гүтгэжээ. Монгол хэмээх нэрийн төлөө амаргүй тэмцэлд орж, ялж явахдаа ард түмэн нь түүнийг гүтгэнэ чинээ, хэнэг ч үгүй нулимах, шүлстэх юм чинээ санаагүй болохоор гүн хямарчээ. Бодоогүйг нь бодсон мэт болгоод, хийгээгүйг нь “хийлгэж” бичээд байгаад гутарчээ. Залуу хүний сэтгэл эмзэг байгаа. Урмыг нь хугалахаар, ууцыг нь хугал гэсэн ардын үгийг би тэгэхэд тод мэдэрсэн. Их спорт хүнээс ямар их хөдөлмөр, тэвчээр, цаг шаарддагийг би биеэрээ мэднэ. Хомсхон олдох цагаа монголчууддаа зориулчих гээд гүйж явдгийг нь мэднэ. Бэлтгэлээ олигтойхон базаагаад, бие сэтгэл амар суувал суух тэр тэгж чаддаггүй. Олимпийн баг, тамирчид нь олигтойхон хувцастай байгаасай гээд хөөцөлдөөд гүйдэг, гэтэл...
Д.Дагвадоржийн гомдол миний сэтгэлд хүндээр тусч, эмзэглэл төрүүлсэнийг та бүхэнтэй хуваалцах гэж үүнийг бичиглэж байгаа юм.

Манай үеийн баатар

Тулааны урлагийн агуу мастер, нэрт жүжигчин Жет Ли “Баатар”(HERO) хэмээх кинонд тоглосныхоо дараа CNN-ий Ларри Кингд ярилцлага өгч байсныг санаж байна. Тэрээр уг кинонд “Нэргүй баатар” гэх үнэхээрийн баатар эрийн дүрийг бүтээсэн билээ.
Ларри Кинг ярилцлагын төгсгөлд түүнээс “Таны бодлоор одоо цагт “баатар” байна уу ?” гэж асуусан. Жет Ли-гийн хариултад монгол хүний сэтгэл хөдлөхөөс аргагүй. “Байгаа ш дээ. Тэр бол Асашёорюү! Жинхэнэ монгол баатар“
Ичих хэрэгтэй. Их аваргаараа бид гайхуулж, бахархаж чадахгүй байна. Тэр ганц монголд хамаатай бус гэдгийг ойлгож чадахгүй байна. Өмчилнө, харамлана. Доромжилно.
Алс Калифорнийн амбан захирагч болсон Арнольд Шварцнеггер хүртэл түүнтэй уулзахыг хүсдэгээ хэвлэлээр илэрхийлж байсан. Тэр гаалийн Х.Баатартай бус ганцхан байгаа их аварга - жинхэнэ баатартай л уулзахыг хүссэн. Харин бид гаалийн “баатрууд” –тай л уулзахыг эрхэмлэдэг.

Монгол хүн хувьчлалд ялж болох уу ?

“Долгорсүрэнгийнхэнд байшин нь, бидэнд урлаг нь хэрэгтэй” гэж бичиж чадсан хүн өөрөө цирк байнга үздэг гэдэгт би л лав итгэхгүй. Тэр хөөрхий, захиалагчийнхаа сэтгэлд нийцүүлэх гэж хэтэрхий хичээсэн байгаа. Захиалагч нь тодорхой. Улсаас татаас авч байж циркийг “хөгжүүлэх” гэсэн бэртэгчид. Бэртэгчид хүслээ гүйцэлдүүлж байвал үндэстний бахархал, нэр төрийг уландаа гишгэх юу ч биш.

Циркийн хувьчлалын дүн тэнэг хүнд ч ойлгомжтой шүү дээ. Улсаас 180, 200 саяар нь татаас авах юм бол хувьчлаад яах юм? Улсаас нэг ч төгрөг авахгүй гэсэн нь ялдаг энэ цагийн үнэлэмж мөн биз ? Ер нь улсын төсвөөр хийсэн бол сайн сайхан, хувийн хөрөнгөөр хийсэн бол муухай гэдэг “коммунист” үнэлэмжээсээ бид хэзээ салах юм бэ ? “Аса” багийг үзэн ядагч маань “циркийг нэг бол төсвөөс “саадаг” баг авах хэрэгтэй, үгүй бол гадаадынхан авах хэрэгтэй гэсэн санаа дэвшүүлээд байгаа ч юм шиг.

Бас нэг жишээ дурдъя. “Женко тур бюро”-гийн босгосон “Алтан ташуур” цогцолбор бол хувийн хөрөнгөөр босгосон анхны том байгууламж. Төсвөөс нэг ч төгрөг авалгүйгээр их хаандаа зориулсан аварга цогцолбор босгож, тэр ч бүү хэл цогцолборын хувьцаанаас 50 мянган хүүхдэд тараасныг анзаарахгүй, анзаарсан ч анзаараагүй царайлна. Найман зууны өмнө нутгархах, овог аймгаараа талцах үзлээ хойш тавьж үндэстнээрээ нэгдэж нягтрахын гайхамшгийг үзүүлж чадсан Их хаанаараа бахархах, түүнээс суралцах үзлийг өндөрт гаргах гэсэн ганцхан зорилгыг бид өвөртлөн босгосон. Хятадууд хааныг минь өмчлөөд, өөрсдийн юм шиг яриад, үзүүлээд байхаар “үгүй” гэдгийг нотлох гэж зориглосон юм. Гэвч өнөөх “эх орончид”, “Чингис хаанаараа бахархагчид” хүйтэн хөндий хандсан, үл тоомсорлоцгоосон шүү дээ. Улсын хөрөнгөөр босоогүй зүйл тэдэнд хүртээлгүй юм шиг аашилсан. Бид хийсэн зүйлийг минь магтаад өг гэж шаардахгүй ээ. “Монгол хүн хийсэн бол дэмий, монгол хүн авсан бол бузар булай” гэдгээ хязгаарлаач гэх гэсэн юм. Тэрнээс хоосон магтаалаар хооллодог нь би биш.

Иргэний нийгэмд төсвийн хөрөнгөөр босгосон зүйлд сэжигтэй хандаж, магтан дуулахаас татгалздаг. Харин хувийн хөрөнгөөр босгосон зүйлд ээлтэй хандаж, сурталчилж түгээдэг жаягтай. Монголд бүх зүйл эсрэгээр явагдсаар... Магадгүй Цонжин болдогт гадаадынхан хөшөөрхүү юм босгочихсон бол амаа олохгүй магтаж, шагналаар булах байсан биз.

Үүнтэй адил зүйл хувьчлал болгон дээр анзаарагддаг. Гадаад хүн ямар нэг юм хувьчлаад авчхаар хэн ч, юу ч дуугарахгүй. Айдаг юм уу, ичдэг юм уу ? Дарханы мах комбинатыг гадаадынхан хувьчилж авчээ. Хэн дуугарсангүй өнгөрөв. Уг нь циркээс мах нь ард түмний амьдралд илүү хамаатай бус уу ? “Махны үнэ нэмэгдлээ яанаа” гээд шуугьдаг хирнээ стратегийн ач холбогдолтой гэмээр үйлдвэрийг гадныхан мөнгөөр цохиж авч байхад “эх орончид” хаана явсан юм бэ?
Нөгөө “ард олныхоо төлөө үхэхээс буцахгүй” гэж зарладаг “баатрууд” сүүлээ хавчаад чимээгүйхэн л байцгаасан.
Монгол үндэстэнд дархлаа байна уу ?

Гадаадынхнаас айх, тэднийг шүтэх үзэл монголд амь бөхтэй. Чингисийн монголчууд омог бардам, хараа дээгүүр байж, монгол нь монголоо хайрлаж дэмжиж явж болохгүй юу ? Хоёр монгол хэрэлдэнэ, гурван монгол зодолдоно гэдгээсээ салж болохгүй юм болов уу ? Бид л нэгнийгээ хайрлахгүй бол хэн ч биднийг хайрлахгүй.

Хятадууд газрын зураг дээрээ Монголыг өөртөө нэгтгээд зурчихсан байхад бидний хэн нь ч дуугарсангүй. Элчингийн ажилтан монгол бол хятадын бүрэлдэхүүнд байдаг төддэх үндэстэн хэмээн зурагтаар ярьж байхад тоосонгүй. Гадаадынхан монгол хүнийг мэхлэлээ, мөнгийг нь луйвардлаа, хууль зөрчлөө, хил давж зугтаалаа гэхээр юу ч хэлэхгүй монгол хүн гадаадынхныг муухай харчихвал байвал хоёр орны найрамдалд сэв суулгах нь гэж сүржигнэнэ. “Бид эвтэй байхдаа хүчтэй шүү” гэж хүний үгээр тунхаглаж, сүржигнэх хирнээ эвлээд ирмэгц байж ядан дэвхэцнэ.
Уг нь монголыг монголоор нь байлгаж, монгол нь монголдоо хайртай байлгах зүйл нь үндэсний үзэл санаа, үндэсний бахархал мөн. Гэвч үндэсний үзэл санааны тухай хамгийн их ярьсан хүмүүс нь үндэстнээ хагалан бутаргаж, өөр хооронд нь эвдрэлцүүлэх сонирхол ихтэй байдаг нь сонин.

Бодлынхоо төгсгөлд би залхмаар олон асуулт тавъя !

-Бид нарт өөрсдийгөө бусдаас зааглах, хамгаалах дархлаа - үндэсний үзэл санаа байна уу ?
-Монгол хүн тендерт ялбал баярлаж, монгол хүн дэлхийн аварга болбол бахдаж, монгол хүн баян болбол сэтгэл тэнийх чадвар бидэнд алга уу ?
-Бид үргэлж ядуу буурай байж, бусдын гар хөлийн аясаар хөдөлж, тэднээр бахдаж, явах ёстой юм уу ?
-Товчхондоо “Монгол монголдоо дургүй” хэвээр байх юм уу ? монголчууд аа !

Баатрын тухай ахин хэлэхэд

Монгол үндэстний дундаас цоройн гарсан, ертөнцөд танигдсан баатар Дагвадоржоо хайрлаж, хүндэтгэж тэр хирээрээ нэр төрийг нь олондоо хэрэгтэй үйлст ашиглаж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Тэрнээс хэдхэн цөөхөн бэртэгчний хүслийг гүйцэлдүүлэх гэж, хорслыг нь тайлах гэж хошуурдгаа болъё. Монгол хүн баян байж болохгүй юм шиг шүд зуун зүхдэгээ больцгооё.

Үгүй бол хамаг л ашигтай, хэрэгтэй гэсэн салбар, үйлдвэрлэл нь харийнхны гарт ороод монгол хүнд тэдний барлаг болох, боолын боол, босгоных нь шороо болох л тавилан үлдэх нь. Монголчуудын хоорондын атаа хорсолд хамгийн их хожих хүмүүс бол гадныхан. Баабарын хэлснээр монгол хүн “Би ч баяжихаасаа өнгөрлөө. Ядаж энэ битгий баяжаасай” гэж боддогоо болих хэрэгтэй. Монгол хүн баяжлаа гэхэд хятад, солонгос, оросуудыг тэтгэхгүй. Монголоо л гэнэ шүү дээ.

Асашёорюү Д.Дагвадорж “Монголдоо ирэх боломж яаж ийж байгаад л гаргадаг. Ирэх бүрт л элдвээр хэлэх юм. Сүүлдээ ч ирэхээс халшрах янзтай. Арай ч дээ” хэмээн гомдол дүүрэн хэлж суусныг бодох бүр бичмээр, хэлмээр санагдсан юм аа. Д.Дагвадорж шиг хүн бидний цөөхөн монголчуудад олон заяахгүй.
Дагваа шиг баатрууд бүхий л салбарт төрөн гарахыг нийтээрээ дэмжицгээе !

2007.01.15
Дэлгэрэнгүй...

Яармаг

 

Яармаг

Хоосон эмзэглэлээс бодит үйлс рүү шилжье

yarmag_huu

Сэтгэл эмзэглүүлсэн мэдээ

Миний өссөн газар – Яармаг. Аав, ээж минь одоо ч тэндээ амьдарч байгаа. Тэд маань нас өндөр гарсан ч, дассан газрын даавуу зөөлөн гээд тэндээсээ холдох нэг л дургүй.

Шөнийн дөрвөн цагт утас дуугарч, дүү маань “Яармагт түймэр гарчээ, аав, ээж гайгүй байгаа даа” гэсэнд мэгдэж тэдэн лүүгээ яаран залгавал эсэн мэнд. Түймэр тэднээс холгүй гарч хүмүүс эндсэн мэдээ сонсогдлоо. Сэтгэл үймэрч, эмзэглэнэ. Хоосон эмзэглэж суухаар нэг юм хийе гэвэл дүү зөвшөөрч гамшигт өртсөн хүмүүст боломжоороо туслахаар болов.

Гэр хорооллын байдал цаашид ч гамшиг авчирч, уршиг тарих нөхцөлийг бэлээхэн бүрдүүлчихсэн байгааг бүгд мэдсээр хирнээ хоосон эмзэглэж, цэцэрхэж сууна. “Гэр хороолол агаарын бохирдлын гол эх үүсвэр”, “гэр хороолол гэмт хэргийн үүр уурхай”, “гэр хороолол хотын өнгө үзэмжийг гутаагч” хэлэхгүй муу үг байхгүй, ам амандаа шаагилдацгаана.

Үнэхээр Яармаг хотын төвөөс долоохон км зайд орших хирнээ аймгийн төвийн дайтай тохижилт, суурьшилтайгаар 70 жилийг элээж байна. 1945 онд нурам байсан Берлин хот(4 сая хүнтэй) 15 жил хүрэхгүй хугацаанд шинэ хот болсон байхад 40 мянга орчим хүнтэй Яармаг маань дайны хөлд дайрагдаагүй хирнээ бахь байдгаараа үлджээ.

Хий үзэгдэл

“Хий үзэгдэл Европоор тэнүүчилж явна. Коммунизмын хий үзэгдэл...” гэж К.Маркс бичиж байсан шиг “Хэлж ирэхгүй, хийсэж ирэх гай гамшиг гэр хорооллоор тэнүүчлэн, хариуцлагагүй, хэнэггүйн орон зайг анаж байна. Хоцрогдлын хий үзэгдэл!”. Гэр хороолол иргэншлийн наад захын шаардлагыг хангахгүй гэдэг дээр маргах хүн одоо нэгэнт үгүй болжээ. Нийтлэлч Б.Очирын бичсэнээр гэр хорооллын мянган өрхөд нэг “хүйтэн усны крант” оногдож, “халуун усны крант” олдохгүй байхад утаагүй түлш санаачлагчийн сууцанд халуун, хүйтэн усны 6 крант, хоёр суултуур, хоёр шүршүүр ногдож байх юм. Надад гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн сэтгэлгээний хүлээс учирч байгаа гамшгуудаас хамгийн их нь гэж бодогддог.

Өнгөрсөн зууны гучаад он гэхэд германы олонхи иргэд гэр хорооллоос ялгарах зүйлгүй нийтийн сууцнуудад амьдарч байжээ. Зарим талаараа гэрээс долоон дор. Дундын жорлон, ариун цэврийн нөхцөл, үнэр танар. Нэг нь чангахан дуугарахад байраараа давхийн цочно. Ийм байдалд амьдарч байсан германчуудын сэтгэхүйг шинжилсэн психоаналитикч Вильгельм Райх нэгэн дүгнэлт хийсэн нь тухайн цагтаа шуугиан тарьж, хожмын их өөрчлөлтүүдийг үүдсэн ажээ. Гэр орондоо тав тухтай байж чадахгүй, эхнэр нөхөр хоёр дотно харилцаанд чөлөөтэйхөн орж амжихгүй удсанаас олонхийнх нь сэтгэхүй хүлэгдэн баглагдаж, уур цухал нь овоорон ёстой л галзуурахад ганц хуруу дутуу төлөвт орсон байж. Гадныхан монголд ирээд яг ийм агуулгаар олон зүйл асуудаг. “Монгол гэрт бүх зүйл ил юм. Эхнэр, нөхрүүд яаж учраа олдог вэ?” гэж ч байх шиг. Монгол гэр дэхь эр эмийн харилцааны асуудлаар Н.Михалков “Уурга” гэж кино хийгээд том шагнал хүртэж байлаа. Тэр кинон дээр монгол хосууд гэртээ боломжгүй болохоор тал хээр газар учраа олдог бөгөөд энэ үед нь хүн цочоохоос сэргийлж уургаа газар хатган дохио өгдөг гэсэн санааг тойруулан үйл явдлаа зангиджээ.

Манай гэр хорооллын оршин суугчдын сэтгэхүйд гучаад оны германчуудын төлөв байдал нүүрлээд байгаа нь нууц биш. Энэ бол асуудлын хамгийн эмзэг тал. Үүнийг хэн ч ярьж бичдэггүй. Гэтэл нийгэмд хүмүүсийн сэтгэл зүйн төлөв байдлаас олон юм хамаардаг бус уу. Гэр хороололд Улаанбаатарын нийт өрхийн 58 хувь, хүн амын 70 орчим хувь амьдарч байна. Ажилгүйчүүдийн 73 хувь нь гэр хороололд амьдрагсад гэнэ.

Мөнгө цөлмөх төслүүд

2000 оноос хойш гэр хорооллыг алдар нэр горилох, мөнгө цөлмөх хэрэгсэл болгох хөдөлгөөн эрчимтэй өрнөлөө. Сайжруулсан зуух, шахмал түлш, цементэн гэр, бохир, цэвэр усны шугамтай гэр хороолол гээд зүсэн зүйлийг санаачлан хандивлагчдаас болон татвар төлөгчдөөс зулгаасан мөнгөний хэмжээ 50 тэрбум хол давав. Утаа өчүүхэн ч багассангүй, нөхцөл огт сайжирсангүй. Ядуурал, ажилгүйдэл, өвчин зовлон нэрвэж дээр нь түймэр нэрмэв. Гэр хорооллыг барилгажуулах гэсэн олны хүслийг ашиглан ХЗХ байгуулан луйвардах явдал ч гарсан.

Гэр хорооллын асуудлууд овоорохын хирээр төсөл санаачлагчид цулайж, төрийн захиргааныхан унах мөнгөнөөс нь хүртэх хувиа тооцоолно. Бүх гайхамшигт төслүүд нэг томоос том дутагдал агуулжээ. Бүгдээрээ гэр хорооллыг газартай нь хадахыг чухалчилдаг.

Утаагүй түлш, сайжирсан зуух үр дүнгээ өгчээ гэж мөрөөдье. Халуун ус, цэвэр ус, бохирын шугам, ая тух, сэтгэл зүйн таатай орчин гээд илүү чухал асуудлуудыг яах юм бэ? Хэн юугаар шийдэх юм ? Тэд чинь утаа шиг замхраад алга болохгүй шүү дээ.

Ганцхан Улаанбаатар л утаатай юу ?

Гэр хорооллыг адлахдаа ганц л зүйлийг онцолж яриад байдаг. Утаа. Гамшгийн байдалд хүрлээ л гэнэ.
Туркийн нийслэл Анкара. Уулсын дунд оршдогоороо утаанбаатараараа дуудуулж буй нийслэлтэй минь адилхан. Далаад оны дундуур тэнд бас л утаа, шаардлага хангахгүй сууцны асуудал босож, бас л мөнгө цөлмөгчид дайраад өнгөрчээ. Туркчууд шахмал түлш, сайжруулсан зуух мэт нь асуудлыг шийдэхгүйг ойлгов. Цор ганц шийдэл байгааг олж харав. Нураасан хашаа хорооны буурин дээр тохилог сууц босгоод газрыг эзэмшиж буй айлд орон сууц олгов. Анкара цэлмэг хот болж, цэцэглэн хөгжлөө.

Рио де Жанейро. Бразилчууд бас л орон сууцжуулах аргыг сонгосны үр дүнд дэлхий хамгийн том хотуудын нэг тулгамдсан асуудлаа шийджээ. Нарны хот гэх зэрэг хотхонуудыг бий болгон ядуусыг орон сууцжуулсан. Хожим өөр үр дагавар гарахыг харин тэд тооцоогүй юм билээ. Ядуусыг сууцтай болгосон ч ажилтай болгож чадсангүй. Ажилгүй, ядуу хүмүүсийн бөөгнөрөл нь гэмт хэргийг гааруулав. Нарны хот хүн зүглэхээс айдаг хороолол болж хувирчээ. Энэ тухай урнаар өгүүлсэн Бразиль киног уншигч та санаж байгаа байх гэж найдаж байна.

Куала Лумпур. Малайзад орон сууцжуулах хөтөлбөр эрчимтэй явагдав. Нэг төрлийн алдаа гарлаа. Эзэнгүй, хоосон газар барьсан сууцнууд нь эзнээ олох гэж зовов. Газрын маргаан хийхгүй гэж амарчилсан нь цаг ямагт төв рүү тэмүүлдэг хэрэглэгчдийн эрэлттэй давхацсангүй. Зах зээл эрэлт, нийлүүлэлтдээ л хөтлөгдөхөөс хотын захиргааныханд захирагддаггүй аж.

Гэхчлэнгээр Марокко, Мехико, Энэтхэг гэх мэт улсууд асуудлаа хэдийнээ шийджээ. Тэдний алдаа, оноо өнөөдөр бидэнд бэлээхэн сургамж болно.

“Аман хуур” ба бидний туршлага

Монголчуудад ч бэлэн туршлага бий. Орон сууцжуулах анхны давлагаа 60-аад онд эхэлжээ. “Аман хуур” гэж монгол хүн бүрийн мэдэх кинонд энэ тухай хошиноор өгүүлдэг. Киноноос тодорхой болох шийдэл нь шавар тагзны айлыг шинэ баригдсан сууцанд шилжүүлнэ. Орон сууцны хангамж сайнгүй байсан учраас хоёр айл нэг сууцанд хуваарилагдах ба Соном өвгөний аз гийхэд хөршөөр нь хүргэн болох залуу ирнэ. Сууцанд шилжигсэд бүтээн байгуулалтадаа өөрсдөө гар бие оролцох бөгөөд тэдний төлөөлөл нь ирээдүйн хүргэн хүү байдаг.

Дараачийн давлагаанууд Сансар, комбинат, 3, 4-р хороолол, 1, 13-р хорооллуудыг бий болгож өчнөөн өрхийг баярлуулсан. Би л гэхэд талийгаач Л.Энэбиш даргын шийдвэрээр 11-р хороололд орон сууцаар шагнагдаж, магнай тэнийж явснаа хэзээ ч мартдаггүй. Самбо бөхийн Холбооны даргаар хотын дарга Л.Энэбиш сонгогдоогүй бол байранд орох хугацаа минь хойшлох л байсан байх.

Улаанбаатарын эргэн тойронд буй сул, өртөггүй газруудад орон сууц бариад тийшээ гэр хорооллынхныг шилжүүлчихье гэдэг бол малайзуудын алдааг давтъя гэсэн санаа. За, шилжчихлээ гэхэд Яармагаас нүүсэн Дамбын хашаанд Увсаас орж ирэх Балдангийнх суурьшина. Гэр хороолол байгаагаараа үлдэж, нөхцөл байдал хэвээр үргэлжилнэ.

40 000 айлын орон сууц яагаад удааширна вэ?

90 оноос хойш засаг төрийн хэмжээнд гэр хорооллын асуудлыг дорвитой авч үзсэн явдал бол Ардчилсан намын 40 мянган айлын сууц хөтөлбөртэй салшгүй холбоотой юм аа. Энэ нь монголчуудын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татжээ. Солонгос, хятад, орос, америк гээд барилгын салбарыг онилогчид тодров.
Гадаадын хөрөнгө оруулагчдаас тавьж буй саналууд, тэдний үйл хөдлөлийг харж байхад гурван бүлэгт хувааж болмоор.

1. Том хэмжээний хорооллыг өөрсдийн хөрөнгөөр босгочхоод засгийн газраас мөнгөө нэхэж аваад явчих сонирхолтой бүлэглэлүүд. Тэд борлуулалтын асуудалтай зууралдахыг хүсэхгүй. Үр дүнд нь төрийн оролцоо - гажуудал, завхрал, алдагдал, шамшигдууллыг авчрах нь гарцаагүй. Төр бол хамгийн муу менежер. Дарамт нь татвар төлөгчид дээр л бууна. Солонгос голдуу хөрөнгө оруулагчид ийм сонирхол илэрхийлж, хөөцөлдөж, амжуулж явна.

2. Хууль эрх зүйн орчин тогтвортой, баталгаатай байвал урт хугацааны зээл, моргэйж, ипотекийн зарчмаар хөрөнгө оруулах сонирхолтой бүлэглэлүүд. Америк, Малайзын хөрөнгө оруулагчид үүнийг эрхэмлэж байна. Түрүүчээсээ Stoneleigh international компани Гандирс хорооллыг моргэйжээр барих саналаа гарган, шав тавьсан байгаа. УИХ моргэйж, ипотекийн хуулийг нь баталж өгөхгүй байгаагаас удааширсан. Шүүх дамжин сунжралгүй, гэрээний нөхцөлөөр маргаанаа хурдан шийдвэрлэх боломжийг хуулиар баталгаажуулаагүй нөхцөлд моргэйж, ипотек хөрөнгө оруулагчдадаа эрсдэлээс өөр юу ч авчрахгүй байх магадлалтай. Иймд яаралтай хуулиа гаргах хэрэгтэй болж байна.

3. Хотын дарга нарыг аргалж байгаа жоохон газар авч түүн дээрээ нэг, хоёр байшин бариад, хэд нугалан зарах сонирхол бүхий жижиг хөрөнгө оруулагчид. Бага орлоготой иргэдэд авилгын зардлаа шингээсэн тэдний үнэ давшгүй даваа. Ийм бүлгийнхний дунд солонгос, чехийн луйварчид шургалсан нь олонд тодорхой болсон. Энэ бүлэглэлд хамаарах хөрөнгө оруулагчид асуудлыг дорвитой шийдвэрлэхэд туслаж чадахгүй. Оргүйд орвол охинтой нь дээр гэх хэмжээний л юм даа.

Аль ч бүлэглэлд учирч буй дарамт бол төрийн түшээдийн увайгүй зан, нэхэж буй авилгын хэмжээ. Эхний бүлэглэлийнхэн үүнийг сайтар тооцож байгаа учраас авилгачдад өөрсдөд нь ачааг нь үүрүүлээд алга болох сонирхолтой. Тэр утгаараа илүү хорлонтой.

Би барилгын салбарт хөрөнгө оруулахаар сонирхож буй гадныхантай цөөнгүй уулзсан. Бүгд л “Байшин барих бол технологи хөгжсөн одоо цагт ямар ч хүндрэлгүй. Баталгаатай төсөлд оруулах сул мөнгө дэлхий дээр өчнөөн байна. Ганцхан асуудлыг өөртөө ашигтайгаар шийдэх гэсэн төрийн түшмэдүүд чинь хүндрэл болж байна” гэдэг.
Эцсийн эцэст Яармаг, Дэнжийн мянга, Ганданд суугаа хүмүүсийн хүслэнд авилгач түшмэд тээг болж зовлонг уртасган, хөгжлийг удаашруулж байна..

Монгол шийдэл

“Аман хуур” киноноос харахад 40, 50 мянгатыг хятадуудын оролцоотойгоор монголчууд өөрсдөө босгочихжээ. Газраа чөлөөлсөн айл, дээр нь барьсан байранд орно, барилгадаа ажиллах хүчин болно. Монголд тохирох шийдэл биш үү ?
Шинэ зүйл гэдэг сайтар мартагдсан хуучин зүйл байдаг. Хийж байсан, хэрэгжүүлж чадсан менежментээ сэргээе! Яармагийн хашааны газар дээр тохилог сууц босгоод хашааны эзэнд сууц өгье. Өртөг нь авилгалд өгөх мөнгөнөөс хамаагүй хямд, түвэг чирэгдэл ч бага. Хашааны эздэд өгөөд үлдсэн сууцаа сууцаа урт хугацааны зээлээр худалдах боломжийг хуулиар бүрдүүлье.

Ажиллах хүчний асуудлыг давхарт нь шийднэ. Одоо барилгын салбарт ажиллаж буй хүмүүсийн талаас илүү нь гадных тэр дундаа хятадууд байна. Өөрсдийгөө яая гэж байж гадныхныг тэжээх хэрэг юун. Барилгын компаниуд монгол хүн барилга барьж чадахгүй гэх маягийн тайлбар хэлдэг юм. Аргагүй шүү дээ. Зааж өгөөгүй юм чинь. Энгийн хялбар ажлыг ч дөр суулгаж, сургахгүйгээр хийлгэх хэцүү. Хуучин барилгын ТМС гэж байхад төгссөн хүмүүс өнөөдөр монголын барилгыг авч явж байна. Тэгэхээр барих байшингуудынхаа дэргэд барилгын ТМС-ээ эхлээд босгоё. Гэр хороололд амьдарч байгаа 100 илүү мянган ажилгүйчүүдээс сургалтын зардлыг нь даагаад бага зэрэг стипенд өгөх замаар суралцагчаа, ирээдүйн ажилчнаа бэлтгээд авчихвал лавтай 150 мянга орчим мэргэжилтнүүдтэй болоод авна. Одоо хашааны буланд шүлсээ хаяад, юу хийхээ мэдэхгүй зогсож байгаа залуусын сэтгэлд солонгос явж байрны мөнгө хийх бодол эргэлдэн байдаг. Виз гаргуулах гэж чирэгдэл болохгүйгээр эх нутагтаа байраа бариад, цалингаараа авах боломжийг бүрдүүлээд өгвөл харийг зорих сонирхол хэнд ч төрөхгүй.

Орон сууцжуулаад дуусчхаар тэр олон барилгачнаа яах юм ? гэж цайлган нэг нь асууж байдаг. 40, 50 мянгатын барилгууд ширүүхэн доргилтод нурахад бэлэн болсон. “Аман хуурын” хоёрдугаар анги хийгдэх дөхсөн шүү дээ.
Их хурал, засгийн газар эрх зүйн баталгаа, зохицуулалтыг сайн хийгээд өгчихвөл ертөнц дээр сул мөнгө өчнөөн. Түүгээр иргэдээ орох оронтой, хийх ажилтай болгочих боломж байна. Гагцхүү иргэдээ эн тэргүүнд бодох иргэний зориг улс төрчдөд, эрх баригчдад хангалтгүй байгаагаас өөртөө мөнгө унагах гэсээр цаг барж, хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа бус уу.

Монгол шийдлийг ахин тоймлон бүдүүвчилж үзүүлье. Гэрт байгаа айлаас газрыг нь байраар солих нөхцөлөөр тохирч аваад, ажилгүй суугаа өрхийн гишүүдээс барилгын ТМС-д сургаж барилгачин болгоод орон сууцжуулах, ажилгүйдлийг арилгах хоёрыг хамтад нь шийдье. Орчин үеийн барилага нь үйлдвэрлэл, технологийн дэвшил. Газар дээр нь үйлдвэрлээд, өрөөд, босгоод байдаг болчихсон. Мэргэшсэн ажилтан шаардлагатай.

Үлдсэнийг нь урт хугацааны зээлээр сууцтай болох нөхцөлийг бий болгоод бүгдийг орон сууцжуулъя. Үүнээс өөрөөр утаа хоцрогдол хоёрыг ялах мэх байхгүй.

Яармаг маань дээр цагт наадмын зүлэг ногоон дэвжээ байжээ. Улс төрчдийн иргэдээ гэх сэтгэл дийлвээс Яармаг жаргалант амьдралын дэнж, тохилог хотхон болох цаг бий гэж найдна.
2007.01.29
Дэлгэрэнгүй...

Вот три дарга аа

Вот три дарга аа

battulga_bodluud_book_coverТүгшүүр

 

2007 оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар Монголд ДОХ-ын халдвар авсан 26 дахь хүн бҮртгэгдээд байна гэсэн түгшүүрт мэдээ цацагдлаа. Зэрэгцээд энэ жил Монгол Улс түүхэндээ анх удаа ДОХ-ын эсрэг тэмцэлд зориулж, 13 сая төгрөг төсөвлөсөн гэсэн “баярлам” мэдээ хөвөрнө. 13 сая төгрөг бүхэл бүтэн улсын эрүүл мэнддээ зориулсан мөнгө гэхэд ямар сонсогдож байна вэ. Энэ бол сониноор мориныхоо үнийг баярхан зарладаг уяач сайдын хурдан хүлгийн өрөөсөн гуяны үнэ хүрэхгүй мөнгө санж. Төсвийн цалингаас өөр орлогогүй гэж мэдүүлэх мөртөө барга, орос, араб адуунд үнэ хаяж явдаг сайдууд иймхэн мөнгө ард олныхоо эрүүл мэндэд төсөвлөчхөөд энд тэнд наадамдаад явж байдаг. Хойд, урд хоёр хөрш ДОХ-ын тархалтаар дээгүүр бичигдээд байдаг.

Албаны хүмүүсийнх нь хэлж байгаагаар 13 сая төгрөг төсөвлөсөн их юм байх. Урьд нь ДОХ-той тэмцэх зориулалтаар нэг ч төгрөг төсөвлөж байгаагүй гэнэ. Бэлгэвч цацах, ДОХ-той хүмүүсийг шаардагдах эмээр хангах, оношлуур, сурталчилгааны зардал зэргийг өмнө нь дан гадаадын хандив, тусламжаар санхүүжүүлж байжээ.

Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр халдварт өвчин тусагчдын 43,6 хувийг бэлгийн замаар дамжих халдвар тээгч эзэлж байна гэдэг бид 1928 онд орос эмч нар ирж, улаан тариа хийж байх үеийн төвшиндөө ухарч очжээ гэсэн үг биш үү. 90-ээд оны дундуур В.Жири¬новский “Монголчууд та нарыг тэмбүүгээр хиарах гэж байхад бид аварсан” гэж хэлээд монголчуудын хараал зүхлийг ханатлаа дуулж билээ. Үгэнд нь үнэний хувь байсан.

“Сэрэлт” кино

1928 он. Шагж хамбын хүрээ буюу ардын засгийн хэлээр Тайхар сумын төв. Шилэн форд хөлөглөсөн орос эмч олныг хуйлруулан ирлээ. Сумын дарга орос эмчийг саймшран угтаж өөрийгөө танилцуулах гэтэл хэл нэвтэрсэнгүй. Бумаа авгай самбаачлан шилэн фордны жолоочоор хэлмэрчлүүлэх санал тавив. Жолооч хэлмэрчлэхийг зөвшөөрч сумын удирдлагуудыг танилцуулна. “– Вот это, Сумын даргаа”. Сумын даргыг дагалдагч өөрийгөө танилцуулав “– Би Хоршооны дарга байна” Орос эмч “– Хорошо даргаа?” Жолооч “– Нээт нээт, монценкоопын даргаа”. Сургуулийн захирал өөрийгөө танилцуулав. Жолооч “– Воот, три даргаа ! За миний мэддэг орос хэл дууслаа шүү”.
С.Гэндэн найруулж, Л.Ванган зохиолыг нь бичсэн алдарт кинонд олон асуудлыг ёжилж, ёгтолж үзүүлсэн нь энэ.

Три даргаа

2004 оны сонгуулиас хойш Эрүүл мэндийн салбар бас л “три даргаа”-гийн буюу гурван сайдын нүүр үзэж байна. Салбарынх нь нүүр бахь байдгаараа.

Өнгөрсөн оны тавдугаар сард миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн үеийн Эрүүл мэндийн сайдад (Л.Гүндалай) гурван зүйл асуулга тавьсан билээ. Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, хямрал, өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал, эмч нарын хариуцлага, мэргэжлийн ур чадвартай холбоотой асуудлуудаар юу хийж байгаа болон хийх гэж байгааг мэдээлэх, бодит байд¬лыг танилцуулахыг уг асуулгад дурдсан билээ.

Хуулийн дагуу хариултыг бичгээр ирүүлж, УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр сонсгов. Хариултаас үзэхэд 1000 хүний 134 нь хорт хавдартай, оношлогдсон хүмүүсийн 70 гаруй хувь нь III-IV үедээ илэрсэн учраас тухайн жилдээ нас бардаг. Нийт нас барсан хүмүүсийн 43,1 хувь нь даралт ихэссэнээс, 30,7 хувь нь зүрхний цус хомсдох өвчнөөр өнгөрдөг гэжээ. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн 43,6 хувийг бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ-оор өвдөгч эзэлж байна. Аймаг сумдын эмнэл¬гийн 50 хувь нь наад захын тоног төхөөрөмжөөр хангагдаагүй. Жилдээ 35 000 хүн хөрш улсуудад очиж оношилгоо, эмчилгээ хийлгэдэг. Тэд 56 тэрбум төгрөгийн зардал (хятадуудад бол орлого) гаргадаг гэх зэрэг тоо баримт дурдаж байсан.

За тэгээд “Эрүүл монгол хүн” хэмээх сүржин нэртэй, үрэлгэн ажиллагаа зохион байгуулах гэж байгаагаа дурдаж. Энэ ажиллагаагаар эмч нар суулгасан цуваа аймаг сумдыг тойрч давхиад 1,8 сая хүнийг үзээд оношлоод явах юм байх. Нийт гурван тэрбум төгрөг зарцуулах юм гэнэ. Баахан бензин шатахуун, хүн хүч, цаг үрээд хальт мулт үзсэн, оношил¬сон, зөвлөсөн болоод сайд мандаж, иргэд бахь байдгаараа үлдэх төлөвлөгөө байсан. Салхи мэт довтлоод өнгөрөх эмч нарын бригад сумын иргэд, малчдыг бүрэн үзэж амжих уу, амжлаа ч үзлэгийн чанар хангалттай төвшинд болж чадах уу. Үзээд онош тогтоохчихлоо, тэгээд яах юм бэ гэх мэт маш олон бүрхэг асуудал “Эрүүл монгол хүн” хөтөлбөрт агуулагджээ. Бор өндөрт ажлаар явж байсан МҮОНРТ-ийн найруулагч Л.Нацагням мухар олгойн хурц үрэвсэл тусжээ. Сумын эмнэлэгт мэдээ алдуулах тариа байхгүй байсан учир эмч нь өвчтөний өөрийнх мөнгөөр хоёр шил архи авахуулсан гэнэ. Нэг шил архийг өвчтөний ам руу хүчээр цутгаж согтоогоод, нөгөө архиар нь ариутгал үйлдэж хагалгаа хийсэн байна. Энэ бол хошин шоуны үзүүлбэр бус ердөө хоёр жилийн өмнө болсон явдал.

Энэ байдлаар бол “Три даргаа” 90 оны төвшиндөө үлдсэн цорын ганц салбарыг дээшлүүлсэнгүй, дээшлүүлэхгүй нь тодорхой болж байх шиг. Өнөөдрийн сум Шагж хамбын хүрээнээс ялгарах юмгүй байсаар 80 жилтэй золголоо.

Эрүүл мэнд наймдугаарт

2001 онд нэгэн ТББ-аас хийсэн судалгааны монголчууд амьдралд нь хамгийн чухал зүйлсийг дэс дараалж бичнэ үү гэсэн асуултад:
  1. Албан тушаал, эрх мэдэл
  2. Хөрөнгө мөнгө
  3. Нэр хүнд, нөлөө
  4. Танил тал
  5. Гэр бүл
  6. Нутаг ус
  7. Зугаа цэнгэл
  8. Эрүүл мэнд гэсэн дарааллаар тодорхойлсон байх юм.
Иргэншсэн ертөнцөд энэ бүхэн эсрэг дарааллаар байдаг. Тэд бие эрүүл байхад бусдыг нь олж болно гэж үзнэ.
1990 оноос хойш төр, засаг ард түмний эрүүл мэндийн талаар дорвитой ажил хийсэнгүй, энэ талын ойлголтыг тараах, хэрэгжүүлэхийг хичээсэнгүй. Бүр нэг төгрөг ч төсөвлөж байсангүй нь тодорхой боллоо. Балаг нь одоо гарч байна. Хоёр сая 400 мянган хүнд ДОХ-ын 28 тохиолдол илэрсэн гэдэг нь ДЭМБ-аас гаргасан индексжүүлсэн харьцаагаар бол сүйрэх дөхчихлөө гэсэн үг. 28-ын цаана наад зах нь 500 вирус тээгч байх магадлал буй гэнэ. ДОХ-ын тархалтын хурдыг эрүүл мэндийн салбарын хөгжил гүйцэхгүй байна.

Улсын баялаг нь хүн ард. Хүн ардын баялаг нь эрүүл мэнд. Эрүүл явахад хэдийг ч олж, юунд ч хүрч болно. Эрүүл явах үндсийн үндэс нь эрт оношлох, урьдчилан сэргийлэх явдал.

“Эрүүл монгол хүн” төсөлд зарцуулах гурван тэрбум төгрөг дээр гадна дотноос хөрөнгө босгон нэмж байгаад орчин үеийн олигтойхон оношилгооны төв барьчихвал олон асуудлыг шийдэхсэн дээ. Онош нь тодорхой бол өнөөгийн анагаах ухаан өвчнийг эмчлэх арга зүй, эм тан, туршлагыг хангалттай хуримтлуулсан гэх. Онош нь тодроогүйгээс буруу эмчилсэн, оройтож мэдсэн зэрэг шалтгаанаар л монголчууд цаг бусаар одож байна. Энүүхэн Эрхүү хотод таван жилийн өмнө 3,6 сая доллараар нэн орчин үеийн оношилгооны төв байгуулагдсан нь өдгөө өөрсдийн иргэдийг оношлоод зогсохгүй жил бүр Монголоос урсах 56 тэрбум төгрөгийг хятадуудтай өрсөлдөн “идэх” боломжтой байна. Улаан-Үдэд таван сая долларын өртөг бүхий хүүхдийн эмнэлэг байгуулсан нь Сибирь, Алс дорнодынхонд бүгд гайхагдаж эхэллээ. Удахгүй Улаан-Үд рүү хавийн хүмүүс цувах болно. Оношилгоо, эмчилгээгээ сайжруулж, жил бүр гадагшаа урсаж байгаа 56 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх арга чарга байна уу.

Ахиад орос эмч дуудах уу

С.Зоригийн ээж С.Доржпалам гуайн тоглосон орос эмчийн дүр монголчуудын сэтгэлд гэрэл цацруулсаар үүрд хоногшин үлджээ. Үнэхээр ч бидний энэ гээд хэлчхээр олигтой эмнэлэгүүдийг оросууд барьж өгсөн байх юм. Клиникийн I эмнэлэг, сайд нарын гэх II эмнэлэг, Шастины нэрэмжит III эмнэлэг, Гэмтлийн больниц, Эх нялхсын төв бүгд оросуудын гараар боссон. 1990 оноос хойш монголчууд бид өөрсдийн гараар томхон эмнэлэг барьсангүй, барихаар төлөвлөсөн ч үгүй.

Вот, три даргаа ! Та нар ажлаа олигтой хийж чадахгүй бол оросуудыг ахин дуудах цаг болжээ. Салбар чинь удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, ажилтнуудын чадамж гээд бүхий л талаараа “Сэрэлт”-ийг шаардаж байна. Ажилтнууд чинь ДОХ-ын халдвар авсан хүн аль бүлгийнх вэ гэсэн маргаанд хамаг анхаарлаа хандуулж байна. Уг нь аль ч бүлгийнхэн халдвар авахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд хүч, боломжоо төвлөрүүлбэл сайнсан. Хүн ардаа харсаар суугаад хиаруулах уу, дарга нараа ! Эсвэл орос эмч нарыг ахиж дуудах уу?

2007.03.05
Дэлгэрэнгүй...

Бид муу эрчүүд

Бид муу эрчүүд
No women no Gry
-Төр нь төр шиг, эр нь эр шиг байхсан-

women_01

“Харьд одсон бүсгүйн заяа”

Ийм нэртэй видео киноны сурталчилгаа харж байсан санагдана. Ойрноос телевиз, хэвлэлээр дөрвөн монгол бүсгүй нутгаа зорьж ирээд Эрээний консул дээр наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацсан тухай үзүүлж, бичих болов.
Бүсгүйчүүд илүү дээр амьдрал хүсэж, эрж, найдаж явсан ч хүссэнээ олсонгүй арайхийн эх нутгийнхаа хилийн дээсэнд хүрчээ. Үйл явдлын өрнөлийг бүгд сониноос уншсан болохоор би юу нэмхэв.

“Төрсөн нутгаас минь сайхан газар гэж үгүй юм байна” гэсэн дүгнэлт хийн нулимс дуслуулан халаглах хөөрхий бүсгүйчүүд. “Өөрсдөөсөө л болсон” гэх хүмүүс мэр сэр таарах юм. Эгч, дүү нараас минь ялгаагүй гэж бодвол арай өөр хариулт гарна.

Монгол бүсгүйчүүдийн зовлон

Монгол бүсгүйчүүдийн зовлон юунаас үүдэлтэй вэ? Хувь хүмүүсийн өөрсдийнх нь тавилан, зан араншин, эрмэлзлээс бүх шалтгаална гээд ам таглачхаж болох ч энэ үйл явдлын цаана нийгмийн бодитой үзэгдэл байгаа болохоор зүгээр сууж эс чадан бодлоо сийрүүлж суугаа минь энэ.

Эх нутагтаа боломжийн цалин аваад, хүн шиг амьдарч, ажиллах боломж бүрдээгүйгээс тэд ийм замыг сонгосон нь хэнд ч ойлгомжтой. Эх нутагт нь өөрсдийг нь даагаад, түшиг тулгуур болоод явчих эр хүнгүйгээс тэд таних мэдэхгүй хүмүүст найдаж, алсыг зорьсон биз.

2002 оны статистикийн мэдээллээр өрх толгойлсон эмэгтэйчүүд 61.8 мянган байгаа нь нийт өрхийн 10.9 хувьтай тэнцжээ. Надад 2002 оноос хойшхи тоо олдсонгүй. Өрх толгойлсон 62 000 эмэгтэй байгаа нь харийг зорих эмэгтэйчүүд төдий тооны байна гэсэн үг.

Үйлдвэрийн ажилчдаас, тэр дундаа өөрийнхөө сайн мэдэх жишээг дурдъя гэж бодлоо Махимпэкс хувьцаат компанийн ажилчдын 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэдний 60 хувь нь өрх толгойлсон эхчүүд. Бас Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын бизнес эрхлэгчтэй хийх уулзалтад 20 хүн ирсний 18 нь эмэгтэйчүүд байлаа. Өөрөөр хэлбэл, тэр сумыг эмэгтэйчүүд тэжээж тэдний мөрөн дээр сумын хамаг татвар орлого, амьжиргаа тогтож байна. Нарантуул зах руу өнгийж харвал бас л ийм дүр зураг үзэгдэнэ. Халуунд халж, хүйтэнд хөрлөө ч гэр бүлийнхээ төлөө шантралгүй зогсож байгаа хүмүүс бол жижиг худалдаа эрхлэгч эмэгтэйчүүд. Монголын жижиг бараа хувцас хунарын дийлэнхийг нийлүүлж байгаа ганзагачдыг ажиглавал бас л эмэгтэйчүүд зонхилно.Өөрөөсөө хэд дахин хүнд ачааг аян замын уртад ажралгүй чирж яваа ажилч шоргоолж мэт ганзагачин эмэгтэйчүүдийг хүндлэх сэтгэл эрхгүй төрдөг. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын бараг 80 хувь нь мөн л эмэгтэйчүүд байх юм. Хохирлоо барагдуулах гээд тэмцэж буй нь бас л эмэгтэйчүүд. Ингээд бодохоор эрчүүд бид хаа явна гэж асуумаар.

Сумын төвүүдээр хотын захын хорооллоор тамхи баагиулж, биллиард тоглосон халамцуу залуус хөшилдөнө. Ахуй амьдралдаа санаа зовж байгаа шинж огт үгүй. Яавал нэмээд шил юм балгачих вэ гэсэн ахархан бодол өвөртлөх залуусаас маань эр цэргийн албанд тэнцэх хүн ч тоотой болж.Тэнцсэн цөөн хэдэд нь нэг жилийн албыг давах хатуужил ч үгүй болж. 90-ээд оны дундуур цэргүүд олноороо тураалд орж байсныг санаж байна. Ихэнх нь хоол ундгүйгээс бус сэтгэл санаагаар унаснаас яс арьс болж хүмүүсийн хөөрхийлөл гайхшралыг барж байлаа. Ийм эрчүүдийн дэргэд тогтох бүсгүй үнэндээ олдохгүй л болов уу. Бүсгүйчүүд эх орон нь иргэдээ бардам тэжээж амьдрах ажиллах нөхцөл боломжийг нь хангаж чадахгүйгээс илүүг горьдож, харийг зорьсон. Тэд үр хүүхэд, ирээдүйн төлөө л тийм алхам хийсэн биз ээ.

Нөгөө талаар ажиллах хүчний бодлогоо төр эргэж харахаас аргагүйд хүрч байгаагийн дохио. Монголд түр хугацаагаар ажиллахаар ирсэн зүгээр л нэг муу хятад ажилчдад бүсгүйчүүдийн ихэнх нь хууртжээ. Барилгын ажилчин хятадууд балгаа тарьж эхэлсний эхний илрэл. Хууртаж оччихоод дээрх дөрвөн монгол бүсгүй шиг зугтаж чадахгүй шаналж суугаа хэдэн монгол бүсгүй байгааг хэн ч эс мэднэ.

Гэтэл дээр нь нэмж УЦС бариулах нэрээр 5 000 хятад ажилчин “бөөндөх” төсөл бариад гүйж буй сайд бий. Барилга дээр ажиллах нэрээр өнгөрсөн жилүүдэд 3 000 орчим хятад хилээр орж иржээ. Хэд нь үлдсэн, хэд нь монгол бүсгүйчүүдийг дагуулаад явсан талаар ямар ч тооцоо, судалгаа, хилийн бүртгэл хяналт алга. Ямартай ч гурван мянгын золиосонд гурван бүсгүй өртсөн нь илэрхий боллоо. 5 000 хятад орж ирсний дараа хичнээн хүний хувь тавилан тэдний гарт үрэгдэхийг өнөөх сайд тооцож үзээгүй яваа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Сайд дангаараа ч буруутай биш нь тодорхой. Эх оронд нь ажилгүй өчнөөн хүн байхад гаднаас хар ажилчин бөөнддөг, мэргэжшисэн, боловсорсон монгол залуус зөрөөд гадаад руу боолын хөдөлмөр эрхлэхээр морддог гаж үзэгдлийг төрийн цэгцтэй бодлогоор даван туулах цаг нэгэнт болжээ. Хятад гэснээс саяхан урд хөрш маань эрхтэн шилжүүлэх хууль гаргасан тухай мэдээ сонслоо.Үүнд 18-аас дээш настай хүний эрүүл эрхтэнг шилжүүлэх тухай тодорхой хуульчилжээ. Сонирхолтой нь эрдэмтэдийн судалгаагаар хүний 78 хувь хүртэлх эрхтэнг сольж болно гэжээ. Мэдээллийн хэрэгслээр хүний эрхтэнийн наймааны тухай их гарах боллоо. Ер нь ингэхэд энэ траншейны гэх тодотголтой хүүхдүүд яагаад цөөрчхөв. Эргэлзээтэй л юм.Улс оронд баян болоод уу, эсвэл...

Эрх баригчид маань эх орондоо ажиллах боломжийг бий болгох, хөгжүүлэх гэхээсээ гадаадынхныг “манайхаас хямд ажиллах хүч авахгүй юм уу” гэж царайчлахыг илүүд үзэж байна. Тэд иргэддээ ажил олгож, амьдралын өөд татах үүргээ солонгос, япон, тайван, америк улсад даатгачхаад байх шиг. Эрх баригчид өөр хоорондоо “2 сая 400 мянган хүнийг амьдралыг өөд нь татах юухан байхав” гэж ярих хирнээ өөрсдийнхөө ахуй амьдралыг дээшлүүлэхэд түлхүү анхаарч ард түмнээ бусдад даатгаад суугаагаас ийм үр дагавар гарсаар байх болно. Монгол Улсын иргэн гэдгийг нотлоод, өмгөөлөөд татаад авч чадахгүй удаж байгаа нь төрийг хэрхэн доройтуулсных нь бодит жишээ болж байна.

Эрчүүдэд хандаж хэлэх үг

“Амьдралын минь алтан багана, эр хүн та” гэж дуулахыг бардам сонсож суух эрчүүдийн дийлэнх нь харийг зорьж, үлдсэн нь архинд живжээ. Бүсгүйчүүд минь цөхөрч байна. Алдаж байна.

Эрчүүд бидэнд гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө, цаашилбал улс орныхоо өмнө хүлээх давхар, хариуцлага байна. Түүнийг дааж чадахгүй бол түрүүчээсээ эмс, хүүхдүүд минь харьд зутарч эхлэх нь. Эрчүүдээ монгол эр шиг байж бүсгүйчүүдээ бүрэн бүтэн эрх жаргалтай байлгахын төлөө хичээе.

Монгол гал голомт гайхамшигт түүхт удмаа авч яваа Монгол эмэгтэйчүүдийн энэ их тэвчээр сэтгэлийн тэнхээний өмнө мэхийе.
2007.04.16
Дэлгэрэнгүй...

Бид яагаад ядуугаараа үлдэв?

Бид яагаад ядуугаараа үлдэв?battulga_bodluud_book_cover

Ардчилсан хувьсгал гэж бидний нэрлэж заншсан нийгмийн шинэ байгуулалтын төлөөх иргэний хөдөлгөөн эхэлсэн цагаас хойш 18 жил өнгөрч байна.

1989 оны нөхцөл байдал ямар байсныг цөмөөрөө Хонх хамтлагийн дуунуудаар эргэн саная.

“Би ажилгүй хүн”

... Албан тасалгааны үүдийг сахисан би ажилгүй хүн...
өврөөс минь чихэр горьдсон үртэй хүн билээ, би...

“Рашаантын 18”

...Намхан ширээнд тавьсан тавганд намайг тэжээсэн боорцог байна. Хатуу ч гэсэн сайхан ааруулыг хадгалж хадгалж чамдаа өглөө”...

Энэ дүр зураг огтхон ч өөрчлөгдсөнгүй 18 жилийн нүүрийг үзэж байна. Ажилгүйдэл газар авч 400 мянган хүн ажил, орлого эрэн гудамж метрлэсээр явна. Ядуурал туйлдаа хүрч хүн амын 40 хувь нь нэн ядуу, 80 хувь нь ядуу гэсэн ангилалд багтах болжээ. Хатуу ч гэсэн сайхан ааруултай айл харин бүр цөөхөн болжээ.

Гэтэл үүний эсрэг дүр зураг мөн л Хонх хамтлагийн дуунуудад дурдсан янзаар байна.
“...Албан тасалгааны цонхоор Амьдрал сайхан харагдана...”
Бидэнд юу саад болж байна?
Монголчууд бид юу бүтээв!
Холхиж яваа хүмүүс хоосонгүй санагдана ...
өнөөдөр олны хүчээр дээш өгссөнөө мартаад албан тасалгааныхаа цонхоор амьдралыг дүгнэж “шилжилт дууссан”, “бид хөл дээрээ тогтлоо” гэж тунхаглаж байна.

“Цаасан малгай”

...Малгайгүй явж болохгүй
Май үүнийг өмсөөд гараа... гэж хөөргөдөг хэвээрээ агаад цаасан малгайг өмсөж хөөрцөглөсөн хүүхдүүд нь ард түмний хөрөнгөд гараа дүрж, нэгнийгээ гэгээн өдөр хутгалан хороож, худал хулгайг дэлгэрүүлсээр, малгай өмсгөгчид нь хаацайлсаар байна.

Ард түмэн бид энэ бүхнийг хүлцэнгүйгээр харсаар, хүлээсээр суугаад ядуугаараа хоцорлоо.
Ардчилал байнгын анхаарал халамжийг шаарддаг гэдгийг бид умартжээ. Ардчилал бол түлхээд орхичхоор хар эрчээрээ барианд орчихдог боулингийн бөмбөг биш юм байна. Хүн шиг амьдрахын төлөө бид цаг үргэлж тэмцэж, шаардаж, эрх чөлөө, эрхээ хэрэгжүүлж тордож байх учиртай юм байна.

Ардчиллын дууч С.Цогтсайхан Түндүүгүй тайван байж чадаагүй”улмаас биднийг тэмцэлд хөтөлж, урт хар гарны эрхээр байхыг хүсээгүй учраас “Хонх”-оо дуугаргаж нойрноос сэрээсэн билээ. Бидэнд ч гүндүүгүй тайван суух арга алга болжээ. 17 жилийн өмнө бидний эрх, эрх чөлөөг боомилон байсан урт хар гар зүсээ хувирган, амь бөхтэйгөөр оршсоор, нийгмийн хөгжлийг сааруулсаар, жирийн иргэдийн амьдралыг балласаар байна. Урт хар гар ардчилсан баг зүүж зүсээ хувиргаснаар хуулиар гул барих, сонгуулиар эрх мэдлээ баталгаажуулах башир аргад мэргэшин, төрийн албыг ашиг хонжооны хэрэгсэл болгон хувиргасаар байна.
Үр дүнд нь ард олон бахь байдгаараа, ядуугаараа хоцорчээ.

МоАХ анхны цуглаанаараа ардчилсан нийгмийн байгууллын үндсийг тавих 13 зүйлт шаардлагаа сонордуулж байлаа. Олон намын тогтолцоо, хүний эрх, сонгуулийн шинэ систем, парламентат ёс, нээлттэй эдийн засаг, хэвлэлийн эрх чөлөө, хувийн өмч. Бүгд биеллээ олсон ч ард олонд үр шим нь очсонгүй.
1990 оноос хойш ардчиллын шимийг хэн нь илүү хүртсэнийг, хэн биднийг ийм байдалд оруулсныг эргэн харцгаая.

УИХ-ын сонгууль

1990-1992 МАХН-ын Засгийн газар. Ерөнхий сайд Д.Бямбасүрэн
1992-1996 МАХН-ын Засгийн газар. Ерөнхий сайд П.Жасрай
1996-2000 МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газар. Ерөнхий сайд М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал
2000-2004 МАХН-ын Засгийн газар. Ерөнхий сайд Н.Энхбаяр
2004-2006 МАХН ба “Эх орон-Ардчилал” -Их эвслийн Засгийн газар. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж
2006- МАХН-ын Засгийн газар Ерөнхий сайд М.Энхболд
Ерөнхийлөгчийн сонгууль
1993-1997 “Ардчилсан Холбоо” эвсэл П.Очирбат
1997-2005 МАХН Н.Багабанди
2005 МАХН Н.Энхбаяр

Сунайсан 18 жилийн дөрөвхөн жилд нь ардчилагчид засаг барьжээ. Гэтэл тэдэнд бодсоноо хэрэгжүүлэх, ардчиллын үр шимийг түгээх боломжийг МАХН ганц хором ч олгоогүй юм. Дөрвөн жилд дөрвөн Засгийн газар байгуулсан түүх үүнийг харуулна. 1996-2000 онуудад бодит байдал дээр МАХН засгийн эрх барьж байлаа.

1989 оны арванхоёрдугаар сарын 10-2007 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд улс орон ямар байдалд хүрснийг сүүлийн жилүүдэд бий болсон олон иргэний хөдөлгөөнүүдийн тавьж буй шаардлага, уриа тов тодорхой илэрхийлж байна.

“Монголдоо сайхан амьдаръя!” “Цалингаараа амьдаръя!”, “Эрс шинэчилье!”, “Эрүүл нийгмийн төлөө!”, “Газрын баялгийг ард түмэнд”, “Ахмадууд зүдрэх ёсгүй!”, “Төр иргэдээ дээрэмдэхээ зогсоо!” энэ бүх уриа, шаардлагууд монгол оронд жирийн иргэд хүн шиг амьдрах нөхцөл бүрдээгүйг, нийгмийн баялгийг тэгш хуваарилдаггүйг, засаглал нь эрүүл, тунгалаг бишийг, төр нь иргэдийнхээ төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй болсныг харуулж байна.

Юунд учир нь байна вэ?

  • Бид ядуугаараа үлдсэний шалтгаан нь бидэнд өөрсдөд маань байна.
  • Бид өнгөрсөн 18 жилд улс орныг өөдтэйхэн аваад явчих улс төрийн хүчнийг сонгож чадсангүй.
  • Бид сонгосон төрдөө шаардлага тавьж, шахалт үзүүлж чадсангүй.
  • Бид сонгосон төрдөө иргэдийн хяналтыг тогтоож, хөрөнгө зарцуулалтыг зөв урсгалд оруулж чадсангүй.
  • Бид дангаар ноёрхлыг хязгаарлаж, ардчилсан хэм хэмжээг сахиулж чадсангүй.
  • Бид улаан цайм идэж, цөлмөхийг тэвчээртэйгээр, хүлцэнгүйгээр харж суусан буруутай.
  • Бид өөрсдийнхөө амьдралын төлөө өөрсдөө тэмцэх ёстойг умартаж, төрийн албыг баяжих хэрэгсэл болгогсдод хамгийгаа даатгасан буруутай.
  • Бид ардчилал, эрх чөлөөгөө нүд цавчихгүй сахин хамгаалж, тордож чадаагүй хөсөр хаясан буруутай.

Одоо энэ бүхнийг засаж залруулж, зөв гольдролд нь оруулах, ардчилсан хувьсгалын үр шимийг ард олонд хүртээх цаг болжээ. Опг хийхгүй суусаар мөхсөнд орвол оройтсон ч гэсэн босоцгооё, тэмцэцгээе, өөрчилцгөөе!
Бидний эрх ашиг, амьдралын нөхцөлийг биднээс өөр хэн ч сайжруулахгүй гэдгийг ойлгож өөрсдийнхөө төлөө тэмцэхээс өөр аргагүй цаг тулж иржээ.

18 жил гэдэг дарангуйллын дэглэмийг орвонгоор нь өөрчилж болох цаг хугацаа байсан шүү.

Иргэдээ хүн шиг амьдруулахын тулд бид юу хийх вэ?

Дэлхийн 177 орныг хамруулан 2006 онд хийсэн ядуурлын индекс тогтоох судалгааны дүнгээр Монгол улс ядуурлын үзүүлэлтээрээ126-р байранд оржээ. Бид дэлхийн хамгийн ядуу орнуудын дунд 18 дахь жилдээ явж байна.

Үндэсний Статистикийн газрын мэдээллээр Монгол улс 2, 373 493 хүн амтай байна. Гэтэл хүн амын 40 хувь нь нэн ядуу, 80 хувь ядуу гэсэн ангилалд багтаж байна. Эдний дунд эмэгтэйчүүд толгойлсон 61.8 мянган өрх байгаа нь нийт өрхийн 10.9 хувьтай тэнцэж байна.

Ядуурлын улмаас төвлөрөл эрчимтэй явагдаж нийт хүн амын тавин хувь орчим нь Улаанбаатар хотод шилжин суурьшлаа. Энэ нь нийгмийн олон сөрөг асуудлыг араасаа дагуулж байгаа билээ.

Хүн амын 6-8 хувийнхны гарт нийгмийн баялаг төвлөрч, баян ядуугийн ялгаа туйлдаа хүрлээ. Баялгийг эзэмшигч цөөнх бол төрийн албаар хөлжигсөд бөгөөд тэд таван төгрөгийн ашиг олох бизнес эрхлэж зүдрээгүй хирнээ хагартлаа баяжсан нь тэгш эрх, шударга ёсонд итгэх олны итгэлийг хөсөрдүүлсээр байна.

Ажлын байр - ядуурлын эсрэг эмчилгээ

Бүртгэгдсэн ажилгүйчүүдийн тоо 400 мянгад хүрч байгаа нь түгшихгүй байх аргагүй тоо.

Ажилгүйдлийг бууруулах нь уриа лоозон, кампанит ажил төдийгөөр бодитой үр дүнд хүрэхгүй нь тодорхой болоод байна. Төрийн хөрөнгө оруулалтаар хүчээр бий болгосон ажлын байр нь түр зуурын арга хэмжээ, сонгуулийн өмнөх үзүүлбэрээс хэтрэхгүй байна.

Ажлын байрыг тогтвортой бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь төрийн цэгцтэй бодлогоор л хэрэгждэг нь иргэншлийн түүхээр нотлогдсон. Ардчилсан нам бүх төрлийн татвар шимтгэлийг 10 хувь болгох зорилт дэвшүүлсэн нь энэ чиглэлд хийсэн бодитой алхам болсон билээ.

Харамсалтай нь МАХН-ын олонхийн бүлэг нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувьд хүргэж бууруулахыг дэмжээгүй нь ажлын байрыг бодитойгоор, байнга тогтвортой нэмэгдүүлэх явцыг сааруулж байна.

Ажил олгогчид бий болгосон ажлын байрныхаа төлөө 18 хувийн шимтгэл төлж байгаа нь хүнд хүчир дарамт болсоор байгаа. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн санаачилгаар орлогын аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ыг 10 хувь болгож бууруулсан нь харин ажлын байрыг нэмэгдүүлэх үйлст дорвитой түлхэц боллоо.

Ажлын байрыг байнга, тогтвортой нэмэгдүүлэх үндсэн арга аж үйлдвэрлэл гэж МоАХ үзэж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр дорвитой ажлууд хийх болно. Үйлдвэрлэлийг дэмжихийн тулд зээлийн хүүг бууруулах, үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалтыг татвар, шимтгэлийн эерэг бодлогоор дэмжих нь төрийн үүрэг байх ёстой.

Барилгажилт, уул уурхай нь маш олон ажлын байр бий болгож байгаа ч үүний үр шимийг монголчууд бус гадаадын хөлсний ажилчид хүртэж байгааг зохисгүй үзэгдэл гэж бид үзэж байна. Монгол хүн чадахгүй, мэдэхгүй гэж хэцүүрхэхийг үндсэн шалтгаан гэж бид үзэхгүй байна. Энэ бол сургалт, дадлагжуулалт, мэргэшил, цалин хөлс, ажлын нөхцөл сайжруулах зэргээр даван туулж болох зүйл. Нийт ажлын байрны 80 хувьд нь заавал монголын иргэд ажиллах нөхцөлийг хуульчлахыг бид төр засгаас шаардах болно.

Иргэдийн эрүүл мэнд

1980 онтой харьцуулахад хүн амын жилийн дундаж өсөлт 1,2 хувь болтлоо унажээ. Өөрөөр хэлбэл өсөлт хоёр дахин буурсан байна. 2007 оны эхний улиралд гэхэд төрөлтийн хүндрэлийн улмаас 30 эх эндсэн нь эрүүл мэндийн системд бугласан хоцрогдлын илэрхийлэл боллоо.

“Аминд халгаатай хүнс” хэрэглэдэг гэсэн үзүүлэлтээр бид Азидаа Камбожийн урд, сүүлээсээ хоёрдугаар байранд байгаа нь эрүүл мэндийн хамгаалал тэг цэгт тулсныг харуулж байна.

Үүний улмаас 1000 хүний 134 нь хорт хавдартай, оношлогдсон хүмүүсийн 70 гаруй хувь нь III-IV үедээ илэрсэн учраас тухайн жилдээ нас бардаг.

Нийт нас барсан хүмүүсийн 43,1 хувь нь даралт ихэссэнээс, 30,7 хувь нь зүрхний цус хомсдох өвчнөөр өнгөрдөг гэжээ. Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 43,6 хувийг бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ-оор өвдөгсөд эзэлж байна.

Аймаг сумдын эмнэлгийн 50 хувь нь наад захын тоног төхөөрөмжөөр хангагдаагүй.

Жилдээ 35 000 хүн хөрш улсуудад очиж оношилгоо, эмчилгээ хийлгэж байна. үүнд 56 тэрбум төгрөгийн зардал гарч байна.

Улсын баялаг нь хүн ард. Хүн ардын баялаг нь эрүүл мэнд. Эрүүл явахад хэдийг ч олж, юунд ч хүрч болно. Эрүүл явах үндсийн үндэс нь эрт оношлох, урьдчилан сэргийлэх явдал.

Гэтэл эрх баригчид “Эрүүл монгол хүн” төсөл хэмээх сонгогчдыг хуурах ажиллагаанд гурван тэрбум төгрөг хийсгэх гэж байна. үүний оронд орчин үеийн оношилгооны төв баривал олон хүндрэлтэй асуудлыг шийднэ гэж бид үзэж байна. Онош нь тодорхой нөхцөлд өнөөгийн анагаах ухаан өвчнийг эмчлэх арга зүй, эм тан, туршлагыг хангалттай хуримтлуулсан.

Онош нь тодроогүйгээс буруу эмчилсэн, оройтож мэдсэн зэрэг шалтгаанаар л олон монголчууд цаг бусаар одож байна.
Үүнээс гадна эрүүл мэндээ дээдлэх үзэл, дадал зуршлыг түгээх, хэвшүүлэх ажлыг зохион байгуулах нь төрийн эн тэргүүний үүрэг гэж бид үзэж байна.
Амьдралд нь хамгийн чухал зүйлсийг дэс дараалж бичнэ үү гэсэн асуултад монголчууд:
  1. Албан тушаал, эрх мэдэл
  2. Хөрөнгө мөнгө
  3. Нэр хүнд, нөлөө
  4. Танил тал
  5. Гэр бүл
  6. Нутаг ус
  7. Зугаа цэнгэл
  8. Эрүүл мэнд гэсэн дарааллаар тодорхойлсон байгаа нь нийгмийн өнөөгийн нөхцөл байдлаас урган гарч байгаа зүйл хэдий ч ийм сэтгэлгээг халж, боломж нөхцөлөөрөө эрүүл мэндээ анхаардаг болгох нь төр засгаас өөр хэний ч хүлээхгүй үүрэг билээ.

Тохилог орон сууц

Монгол улсын нийт өрхийн дөнгөж 16 хувь нь орон сууцанд амьдарч байна. үлдэж буй 84 хувь нь НҮБ-ын албан нэр томъёоллоор амьдрах шаардлага, нөхцөлийг хангахгүй орон байр буюу гэрт амьдарч байгаа нь XXI зуунд тэвчиж болшгүй зүйл мөн.

1945 онд нурам байсан Берлин хотыг 15 жил хүрэхгүй хугацаанд шинэ хот болгон босгож чадсан байхад дайны хөлд өртөөгүй нийслэл хотоо бид 86 жилд дорвитой өөрчилж чадсангүй, эсгий хот хэвээр XXI зуун гаргалаа.

Улаанбаатар хотод гэхэд л нийт өрхийн 58 хувь, хүн амын 70 орчим хувь гэр хороололд амьдарч байна. Ажилгүйчүүдийн 73 хувь нь гэр хороололд амьдрагсад. Гэр хороолол нь ядуурлын голомт, монголын нийгмийн хамгийн эмзэг асуудал болоод байгаа гэдгийн учир энэ.

Олигархууд орон сууцанд амьдрах иргэдийн хүслийг мөнгө хүүлэх хэрэгслээ болгохоор улайрч, аль олигтой газрыг сорчлон авилга, хээл хахуулиар гартаа оруулж, дамлан худалдаж байгааг таслан зогсоох, газрын хувьчлал, өмчлөлд иргэдийн хяналтыг бий болгохыг МоАХ шаардсаар байгаа, цаашид шаардах ч болно.

МоАХ Ардчилсан намаас санаачлан дэвшүүлж буй 40000 айлын орон сууц хөтөлбөрийг бүхий талаар дэмжиж байгаа бөгөөд энэ нь жирийн иргэдийг тохилог орон сууцанд амьдруулах их ажлын эхлэл болно гэдэгт итгэлтэй байдаг. Энэ үүднээс МоАХ нь Засгийн газартай 40 000 айлын орон сууцны хөтөлбөрийг дэмжиж ажиллах гэрээнд гарын үсэг зураад байгаа билээ.

Иргэншсэн улс орнуудад орон сууцжуулах асуудлыг шийдсэн үндсэн арга болох ипотек, моргэйжийн хуулийг боловсруулан яаралтай батлах, хэрэгжүүлэх нь бидний өмнө тулгарч буй эн тэргүүний асуудал мөн. Иргэдийг орон сууцжуулах ажлыг төрийн алба хашиж буй хүмүүсийн ивээл, сайхан сэтгэлийн илэрхийлэл мэт харагдуулах, тэдний ачаар л хүмүүс орон сууцтай болчих мэт сурталдаж байгааг хуулиар хязгаарлах ёстой.

Цаашид аймаг, хот, орон нутгийн засаг захиргааны үндсэн үүрэг нь иргэдийг орон сууцжуулах ажлыг дэмжих, нөхцөл боломжийг нь хангаж болохыг хуульчлан баталгаажуулах, үүнд саад тотгор учруулсан албан тушаалтан, хуулийн этгээдтэй тооцох хариуцлагын тогтолцоо, эрх зүйн үндсийг бий болгох ёстой.

Улс шиг улс болоход бидэнд юу саад болж байна вэ?

1. Цомхон, чадварлаг засаглал үгүйлэгдэж байна

Засаглалын хямралыг давах нэрийн дор нэг хүний дангаар ноёрхох засаглалд Монгол орныг аваачих улс төрийн санаархал өвөрлөсөн цөөнх бүлэглэл идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсныг олон нийт анзаарч харж байгаа байх.

МоАХ нь 1992 онд ард түмний төлөөлөл 430 хүний (77 хоног хэлэлцэж) санал нэгтэйгээр баталсан үндсэн хуулийн гол үзэл санаа болох олонхийн засаглал, парламентат ёсыг бэхжүүлэх, төгөлдөржүүлэхийн төлөө тууштай зогсох болно.

Монголын ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг ханган биелүүлэх үндсийн үндэс нь Парламентын засаглал гэж бид үзсээр ирсэн бөгөөд Монгол улсыг нэг хүний дарангуйлалд аваачих аливаа санаархлыг бид сөрөн зогсохоо хатуу илэрхийлж байна.

Бид Парламентын засаглалыг улам төгөлдөржүүлэхийн зэрэгцээ, засаглалын ил тод, тунгалаг байдал, иргэдийн оролцоо, хяналтыг бий болгохын төлөө илүү анхаарч, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно. 1992 оны үндсэн хуулийн үзэл санааг алдалгүй баримтлахын зэрэгцээ сайжруулан төгөлдөржүүлж, сонгомол Парламентын засаглалд шилжих цаг болсон гэж бид үзэж байна.

Засаглалыг сулруулж, иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулж байгаа гол хүчин зүйлийн нэг нь авилга болоод байна. НүБ-ын гаргасан судалгааны үзүүлэлтээр авилга онцгой дэлгэрсэн 50 улсын дотор Монгол 49-р байранд бичигдлээ.

Төрийн албыг үнэлж, худалдах систем тогтсоноос сайдын суудал 450 сая, дэд сайд 250 сая төгрөгийн ханштай байдаг гэж төрийн сайдын алба хашиж байсан эрхэм хэвлэлээр зарлах хүртлээ авилга гаарчээ. Шүүх, цагдаа, прокурорын удирдлагад орохын тулд 180 сая төгрөг төлдөг гэсэн мэдээлэл нь төрийн байгууллага бүхэлдээ ялзарсныг илтгэж байна.

Хүнд суртал хирээс хэтэрч төрийн бүтэц данхайлаа. Социализмын ид үед, өөрөөр хэлбэл хүнд суртал туйлдаа хүрч байсан 1970 -аад онд монголын төрийн захиргаанд зургаан мянган үйлчилгээ иргэдэд хүрч, үр ашигтай байж чадахгүй байгаа нь бүхэнд илхэн. Татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг, баялаг бүтээдэггүй бүлгийнхэн байх ёстой хэмжээнээс хэтэрч байгаа нь ард олны нуруун дээр дааж давшгүй ачаа болон бууж байна. Ийм учраас төрийн захиргааны ажилтнуудын тоог ядаж дөрөв дахин бууруулах шаардлагатай болжээ. Ингэснээр авилгачид, тендерчид, есөн шидийн хянан, байцааж шимэгчид, сэм найрчид гэх семинарчдын тоог нилээд цөөлөх юм.

Авлигатай тэмцэхийн тулд жирийн иргэд авлигын үйлдлийг нотлох бус авлигад сэрдэгдсэн төрийн албан хаагчид авилга аваагүйгээ нотлодог, өөрөөр хэлбэл өөрийн хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг хууль ёсны гэдгийг баталдаг байх нь үр дүнтэй гэдгийг иргэншлийн түүх харуулж байна. Тэрнээс бус “намайг авилга авсан гэдгийг нотлоодох л доо” гэж төрийн өндөр алба хашиж буй хүмүүс иргэдийг тавладаг өнөөгийн систем авлигыг зогсоох бус дэвэргэж, хаацайлсаар байх болно. Иргэдэд бусдын хууль бус үйлдлийг мөрдөх, шалгах, нотлох эрх хуулиар олгогдоогүй. үүнийг шалгадаг, нотлодог, хянадаг эрх бүхий байгууллагууд нь өөрсдөө авлигачдын нөлөөнд автсан байгаа нь авилга үгүй болох нөхцөлийг бүрэн хааж байгаа. Төрийн албан хаагчидийн орлого, хөрөнгө нь иргэдэд эргэлзээ төрүүлсэн бол хардах, сэрдэх эрх нь хуулиар нээлттэй. Харин сэрдэгдсэн төрийн албан хаагч буруугүйгээ өөрөө нотлох ёстой.

Монголын төр нь нийгмийн амьдрал, эдийн засгийг зохи-цуулах менежерийн үүргээ гүйцэтгэхийн оронд төржсөн олигархуудын бүхэнд хуруугаа дүрэх, ашиг орлоготой бүхнийг хамах хүслийг гүйцэлдүүлэгч болж байна.

Ийм нөхцөлд яах вэ? “Хүчтэй төр байж гэмээ нь ард олон баян чинээлэг амьдарна гэсэн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. “Иргэн баян бол улс баян” гэж аль 1990 онд тунхаглаж байснаа бодит үйлс болгох, үүнийг хэрэгжүүлэх менежментийн баг байж чадах тийм төр засгийг төвхнүүлэх хэрэгтэй.

МоАХ нийгмийн үндэс суурь нь бие хүн-иргэд гэж үздэг бөгөөд иргэдийн чинээлэг амьдрах боломжийг хангаснаар л төр засаг хүчтэй, тогтвортой байж чадна гэж үздэг.

Ардчилсан хувьсгал шинэ шатандаа гарч байна. Энэ удаа бид институцийн хувьсгал хийх болно.

Хүний үйл хөдлөл, ааш араншингаас төрийн ажил, бүтэц хамааралгүй байхаар эрх зүйн хязгаарлалтууд хийх, ил тод хяналтын, хариуцлагын систем тогтоохыг институтчлэл гэдэг. Тэгвэл монголын засаглалын системийг улам төгөлдөржүүлж сонгомол парламентын засаглалд шилжсэнээр хувь хүний араншингаас болон бүлэглэлүүдийн ашиг сонирхлоос болж бодлого еөрчлөгддөг, төрийн ажил гацаж, хямрал үүсдэг, ажил цалгарддаг явдлыг арилгаж чадна. Ингэхгүй бол хувийн маш их хүсэл эрмэлзэлтэй хүн төрийн дээд албан тушаалд гарч засаглалыг хямраах нөхцөлийг бид хязгаарлаж, хянаж чадахгүй байна.

2. Хүний эрх, эрх чөлөөг хангаж чадахгүй байна

МоАХ буй болсон мөчөөсөө НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг Монгол Улсад хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж ирсэн. Бид үзэл баримтлалдаа “Хүний эрх гэдэг бол тэнгэрийн өршөөл биш. Хүний эрх гэдэг нь төрөөс ард олонд түгээдэг буян хишиг биш, хэн нэг нигүүлсэнгүй эрх мэдэлтний хайр ивээл бүр ч бишээ. Хүний эрх бол амьсгалах агаартай адил заяагдмал эрх бөгөөд хүн бүрийн язгуур хэрэгцээ юм” гэж тунхагласан.

МоАХ төрийн үндсэн үүрэг нь иргэдэд эрх олгох бус үндсэн эрхийг нь хамгаалах гэж үздэг.

Гэтэл хүний эрх өдөр тутам зөрчигдсөөр байна. Эрх баригчид тодорхой нотолгоо, үндэслэлгүйгээр жирийн иргэдийг баривчлах, хорих, хилс хэрэг тулгах явдал гаргасаар байх атал үйлдсэн хэрэг, идэж уусан баримт нь илэрсээр байгаа төрийн албаар хөлжигсөд-олигархиудтай хуулийн хариуцлага тооцохоос цааргалсаар байна.

1776 онд АНУ тусгаар тогтнолоо тунхаглан үндсэн хуулиа батлахдаа “Амьдрал, иргэдийн эрх хоёр хоорондоо салшгүй холбоотой байж л хөгжил дэвшлийг авчирна” гэж хүн төрөлхтний түүхэнд анх удаа тунхаглажээ. Энэ нь ч зөв байсныг иргэншлийн түүх харуулж байна. С.Хантингтоны судалгаанаас үзэхэд ардчилал тогтвортой хөгжиж, хүний эрхийг хангасан 25 улсын 22 нь өндөр хөгжилтэй байна. Харин хүний эрхийг хөсөрдүүлдэг, нэг хүний дарангуйлал тогтсон 42 орноос 40 нь хамгийн хоцрогдсон орнуудын жагсаалтад багтжээ.

Монгол улс дэлхийн буурай орнуудын жагсаалтад багтаж байгаа нь өөрөө хүний эрх хангагдан биелэхгүй байгаагийн том дохио мөн.

Энэ нь бас 1990 оны Ардчилсан хувьсгал зорилтоо биелүү-лэх яагаа ч үгүй байгаагийн шинж ч гэж болно. Ардчилсан төр засгийн үндсэн үүрэг функцуудыг бий болгож, хэлбэршүүлж чадахгүй байгаагаас бид өнөө болтол “ерөнхийдөө чөлөөт бус” орон гэсэн ангилалд багтсаар байгаа билээ.

Гадаад улс орнуудын хуулийг бүдүүлгээр зөрчин байж гэм зэмгүй иргэдээ хүчээр баривчлан авчирдаг атлаа, иргэдийн хадгаламжийг олон зуун саяар нь гувчуулсан, төрийн сангийн хөрөнгийг аваад зугтчихсан өөрсдийн гар хөл бологсдыг хаа байгааг нь мэдсээр хирнээ барьж авчрах, хариуцлага тооцох санаачилга гаргах¬гүй байна. Жишээ дурдахад: Хадгаламж, зээлийн хоршоодод итгэж мөнгөө байршуулсан 12 мянган иргэдийн 400 сая гаруй төгрөгийг зээлж зугтсан МАХН-ын УТТ-ны гишүүн асан Лантуугийн хүү Дамдинсүрэн, Төрийн сангийн 90 сая төгрөгийг авч гадаадад оргон зайлсан МАСЗХ-ны УЗ-ийн гишүүн Х.Сүрэнхор нарыг хаа байгааг мэдсээр хирнээ хуулийн хариуцлага тооцохгүй, хадгаламж эзэмшигч иргэд, татвар төлөгч¬дийн эрхийг хөсөрдүүлсээр байна. Гэтэл иргэн Батсүх, Энхбат нарыг хилс хэргээр, бусад орны хууль тогтоомжийг зөрчин байж сүр бадруулан баривчилж ирээд гам бурууг нь нотолж чадахгүй хохироосны эцэст суллажээ. Тэдэнд учруулсан сэтгэл санаа, эд материалын хохирлоо барагдуулах талаар төр, засаг дурсах ч үгүй байна

Монгол Улсын иргэний харъяаллаа хадгалсаар байгаа гадаадын иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн эрх ашгийг монголын төр хамгаалан, сэргээж чадахгүй байна. Эрээн дэх Монголын Консул дээр зугтаж ирсэн бүсгүйчүүдийн хувь тавилан төр засаг хүний эрхийг ханган биелүүлж чадахгүй байгаагийн тэмдэг болж байна.

Хүний эрх, эрх чөлөөг хангаж чадахгүй байгаагаас зөвхөн төр засагт найдах тухай үеэ өнгөрөөсөн сэтгэлгээ амь бөхтэй оршсоор, хөгжлийг тушсаар байна.

3. Газрын баялгаа ухаалгаар ашиглах бодлого үгүйлэгдэж байна

Ашигт малтмал, газрын баялаг нь Монгол Улсыг хөгжлийн замд гаргах нэг чухал хүчин зүйл мөн. Монгол Улс стратегийн төдөн орд газартай. Стратегийн орд газруудын жагсаалтыг батална гэх нь өөрөө стратегийн том алдаа болж байна.

Бага нөөцтэй олон уурхай нийлээд стратеги болох учиртай. Стратегийн бус юм гэж энэ улсад байж болохгүй.

Стратегийн бус гэдэг нэрээр Бороогийн алт, Төмөртийн цайр, Нарийн сухайтын нүүрсийг гадаадынхан дөрвөн жил ямар ч татвар төлөлгүй зөөж байна. Үүний цаана төрийн албаар хөлжигч -олигархууд байгаа нь одоо олон нийтэд нэгэнт тодорхой болжээ.

Асар их нөөцтэй нь тогтоогдсон орд газруудыг албан тушаал, мэдээлэл олж авах боломжоо далимдуулан мэдэлдээ авсан цөөн тооны олигархуудаас салгаж, төрийн мэдэлд шилжүүлэх, хувьчлах, болбол шударгаар нээлттэй дуудлага худалдаагаар хувийн өмчлөлд шилжүүлэх ёстой.

Таван толгойн нүүрсний орд газрыг албан тушаалаа ашиглан хувьдаа шилжүүлснээ цөөн тооны олигархууд ард түмний өмнө байгуулсан ач гавьяа болгон сурталчилж байгааг бид эсэргүүцэж байна. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон ордууд ямар ч болзол нөхцөлгүйгээр ард түмний мэдэлд шилжих учиртай.

Уул уурхай, газрын баялгийг ашиглах нь Монгол Улсын хөгжих цор ганц зам гэж үзэж туйлширч болохгүй. Ганц ашигт малтмалд дулдуйдах нь засаж болшгүй хор хөнөөлд аваачдагийг дэлхийн олон орны туршлага, энэ салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүд анхааруулсаар байгааг төрийн бодлогод тусгах ёстой.

Монголын ардчилсан холбоо юуны төлөө оршдог вэ?

1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны ням гариг.
Олон улсын хүний эрхийн өдөр анхны цуглаанаа хийж байсан тэр цагаас хойш МоАХолбоо Монгол Улсад хүний бүхий л эрх, эрх чөлөөг хангах, ардчилал, парламентат ёсыг бэхжүүлэхийн төлөө тууштай зогсож, чадах бүхнээ хийж ирсэн.

18 жилийн өмнөөс тэмцэн олсон эрх чөлөө, ардчилал маань монголчуудын үнэмлэхүй олонхийн амьдрал ахуйд ач тусаа өгч чадаагүй байгаа өнөөгийн нөхцөлд бид арга буюу идэвхтэй тэмцэлд ахин босож байна.

Энэ удаа бид ардчилсан хувьсгалын ялалтыг гүйцээж, үр шимийг нь адгийн луйварчид бус ард олон хүртэх, чин шударга, чинээлэг иргэний нийгмийн төлөөх тэмцэлд олноо оройлон орж байна. Энэ тэмцэл амаргүй байх болно. Нөхцөл байдал биднээс тууштай, тэвчээртэй, ухаалаг, шаргуу байхыг шаардаж байна.

Биднийг Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх авах гэж байна гэсэн цуурхал гүтгэлэг тарааж буй улс төрийн хүчин, хүмүүст хандаж хэлэхэд:

МоАХ үүсэн бий болсон цагаасаа аливаа хүчирхийлэл, цус урсгах, бусдын эрхэнд хууль бусаар халдахын эсрэг байсан, энэ байр суурин дээрээ ч хатуу зогсох болно.

МоАХ юуны төлөө оршдог, тэмцдэгийг манай үзэл баримтлалд тод томруун зааж өгсөн билээ. Үүнийг би ахин сануулъя.

-Бид хүний эрх, эрх чөлөө баталгаажсан, улс төрийн нээлттэй байдал, үзэл санааны чөлөөт өрсөлдөөн ноёрхсон, бие хүн өөрийгөө илэрхийлэх, хөгжин дэвших боломж бүрдсэн, тусгаар тогтносон, ардчилсан оронд амьдрахыг хүсдэг.

-Бид аливаа дарангуйлал, дангаар ноёрхох эрмэлзлэлийг буруушаадаг. Бид зохион байгуулалттай хууран мэхлэлт, хуйвалдаан, эрх мэдлийн төлөө улайран зүтгэхийг эсэргүүцдэг

-Бид төр хүчтэй байхын үндэс нь иргэн, төр улсын эрх мэдэл нь зөвхөн олон түмний хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой гэж үздэг.

Тэгвэл энэ бүхэн өнөөдөр жинхэнэ утгаараа алга байна. Ардчилал ялсан, шилжилт дууссан гэж тунхаглах нь хоосон байна.

МоАХ эх орондоо ардчиллын “дархан харуул” байж, гэрэлт бамбар болж асах ёстой юм бол цаг нь иржээ.

МоАХ нээлттэй нийгэм бүрдүүлэх, иргэний нийгэм, парламентын засаглалыг бэхжүүлэх, нийгмийн удирдлагын тогтолцоог ардчилах, боловсронгуй болгох үндсэн зорилгыг тунхагласан бөгөөд энэ зорилгоо биелүүлэхийн тулд иргэний үүсгэл санаачлагийг байгууллагуудтай хамтран, үндсэн хуулийн хүрээнд тууштай тэмцэх болно.

Хөгжил дэвшил бидний хажуугаар давхиад өнгөрч байна. Хоцорвол харамсаад барахгүй юм болно. Бидний хүүхдүүдийн төлөө, бас тэдний үр хүүхдийн сайн сайхан ирээдүйн төлөө өнөөдөр эс тэмцвээс түүх биднийг өршөөхгүй. Бидэнд энэ цагийг авчрахын төлөө амь бие бүхнээ зориулсан дээдэс, өвгөдийн сүнс ч тайтгарахгүй ээ. Хар дарсан зүүд шиг гашуун амьдралдаа цэг тавихын төлөө нэгдэцгээе

Монголчууд аа!

Монголчуудаа, сайн сайханд тэмүүлэгч нийт иргэд ээ ! Ардчилал, тэгш эрх, шударга ёсыг тогтоохын төлөө эцсийн удаа мориндоо мордох цаг болжээ. Ардчилсан хувьсгалаа гүйцээе !
Хонхны дуу биднийг сэрээ !

ХОНХНЫ ДУУ

Урьд шөнө би хар дарж зүүдэллээ
Урт гар намайг зовоолоо Хэлэх үгийг минь боогдуулж Харах нүдийг халхаллаа
Аз болж хонх дуугарлаа
Арай ядан нойрноос сэрлээ
Хонхны дуу биднийг сэрээ, сэрээ!
Хонхны дуу биднийг сэрээ
Өглөө намайг сэрээсэн өнгөлөг хонхны дуу Өртөөлөхөн цуурайтсаар өргөн талыг туулаарай!
Аяа билэгдлийн минь хонх
Бидний хүслийг түгээгээрэй!
Хонхны дуу хүслийг түгээ, түгээ!
Хонхны дуу зоригийг бадраа!

2007.04.27
Дэлгэрэнгүй...

Пүүжээгийн эх орон

Пүүжээгийн эх орон

puujee_01Чикагод болсон дэлхийн сонирхогчдын боксын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод Монголын тамирчин Э.Бадар-Ууган шүүгчийн илт булхайтай шийдвэрээр ялагдаж, Дохад У.Мөнх –Эрдэнэ хятад боксчинд илэрхий луйвардуулан, Бакуд Б.Наранбаатар бас л орос бөхөд шоглуулсанд тамирчин хүн байтугай энгийн хүн уураа барж байв. Дасгалжуулагч Д.Банди ч “АНУ-ын консул надад виз өгсөн бол шавь маань мөнгө биш, алтан медаль авах байсан юм. Би эндээс мессэжээр байнга зөвлөгөө өгч байсан. Гэвч хажууд нь байгаагүй болохоор харамсалтай байлаа. Яагаад монгол хүн дэлхийн аварга болж болдоггүй юм бэ” гэж гомдлоо өчиж байв. Э.Бадар-Ууган шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас алтан медаль авах боломжоо алдлаа хэмээн үг унагаж байсан цаг жилийн өмнө. Тэгвэл энэ жил, тодруулбал, Бээжингийн олимпод манай боксчид элэг нэгтнээ баярлуулсан мэдээ дуулгасаар. Би дэргэд нь байсан бол гэсэн Д.Банди багшийн харуусал үгүй болж. Түүний сэтгэл тэнүүн байх энэ цаг дор жил гаруйн өмнөхөн УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга “Ядуугийн зовлонгоос ангижирч чадахгүй бол ялаад ч нэмэр алга, амьдрах ч утга алга” гэж хэмээн харуусан “Пүүжээгийн эх орон” нийтлэлийг бичиж байсныг дахин уншигч түмний хүртээл болгож байна.

МАХН-ын сүүлчийн их хурлаар намын дарга болсон С.Баяр даварч, Ерөнхий сайдын суудлыг нэхэх үедээ “Намын даргын хувьд миний туйлын хүсэл, зорилго бол ирэх сонгуульд ямар ч аргаар хамаагүй ялах” гэж мэдэгдлээ. МАХН эх орноо хөгжүүлэх, ард түмнээ ядуурлаас гаргахыг бус суудлаа хадгалах, сонгогдож эрх мэдлээ бэхжүүлэхийг л эрхэмлэж явдгийг шулуухан үгтэй гэж үнэлэгдсэн шинэ дарга нь илчилсэн нь энэ.

Пүүжээ

Нэгэн япон найруулагч Монголоор аялж, зураглаж явахдаа монгол ахуйн онцлог, нүүдэлчдийн зан заншил зэргийг сониучирхан хальсандаа буулгав. 1990 оноос хойш хөгжингүй орнуудын телевизийн дэлгэцийг элээсэн ядуу, мунхаг монгол хэмээх улигт сэдэв. Хүн, мал хоёр нь ялгаагүй болсон, дампуу удирдлагаа ахин дахин сонгож, орой дээрээ залдаг хачирхалтай нэгэн үндэстэн Азийн цээжинд байдаг. Сэхэл авах янз алга гэх маягийн сурвалжлага, нэвтрүүлгүүд 20-иод жил хөвөрсөн.

Гэвч Японы NHK телевизийн сэтгүүлч, зураглаач Сэкио Еошимура улигт сэдэв, дүрслэл дотор хүний сэтгэлийг хөндөх хөг аяс дуугаргаж, хөдөөгийн малчин айлын зургаан настай хэрсүү бор охин Пүүжээгээр Монголын нийгэм дэх дампуу үзэгдлүүдийг тод томруун харууллаа. Үйл явдал нь МАХН, үндэсний удирдагчийн хязгааргүй дарангуйллын жилүүд 2000-2004 онд болох ажээ.

Улаанбаатараас 72-хон км зайд орших Төв аймгийн Баянчандмань сум. Дэд бүтэц сайтай, цахилгаан, гэрэл гэгээтэй газар. Их хотын хаяанд шахуу амьдрах малчин айлын амьдралыг япон найруулагч ямар ч нэмэр хачиргүйгээр харуулахад л бидний амьдарч буй нийгмийн идээ бээр шахагдан гарчээ. Пүрэвсүрэн охин, ээж, дүү, 78 настай эмээгийн хамт XXI зууны эхэнд XIII зууны ахуйд амьдарч байв. Толгой эргэм хөгжилд хүрсэн Японы иргэдэд тал нутагт морин дэл дээр өссөн бяцхан охин жаахан дүүтэйгээ хонь хариулж, эрсдэл дүүрэн, хахир хатуу малчны ажилд түүртэлгүй аж төрөх нь хачирхмаар, гайхмаар санагдсан биз..

Өрх толгойлсон ээж нь цаг үргэлж алдуул мал хайж хээр явах агаад ингэж явахдаа мориндоо чирэгдэж, эмнэлгийн тус¬ламж авч чадалгүй өөд болсон ажээ. Сумын эмнэлэг түүнд туслахаас цааргалсан шалтгаан нь эрүүл мэндийн даатгалын дэвтэр байгаагүй, мөнгө төлөөгүй. Хар бага насандаа эхээсээ хагацсан охин байгалийн гамшигт нэрвэгдэн, дэрвэж, жаргаж явах үеэ өдөр бүрийн эцэс төгсгөлгүй хүнд хүчир ажилд нухлагдан өнгөрөөнө. Түүнд ирээдүйгээ сайхнаар төсөөлөх, үлгэрийн Япон оронд очиж суралцах гэ¬гээн хүсэл төржээ. Хорвоог сумынхаа толгодын дундах боргил амьдралаар төсөөлж явсан эгэл охинд япон хүн, түүний орчуулагч ихийг сурвал энэ байдлаасаа сална гэсэн мө-рөөдлийг төрүүлсэн ч байж болох. Өр зүрх урагдмаар нь Монголын хахир нийгэм Пүүжээгийн гэгээн хүслийг няц дайрч, ахархан, гунигт амьдралыг нь тасалжээ. Зовлон, дарлал дүүрэн амьдралд нь цэг тавихаар бурхан түүнийг аваад явсан ч юм бил үү.

Пүүжээтэй адил хүүхдүүд хөдөөд зөндөө бий. Тэдний хүслийг ч бас энэ дампуу нийгэм няцалсаар байгаа.Тэр бяцхан иргэ¬дийн хэд нь Пүүжээ шиг арван хоёрхон насандаа үл биелэх гэгээн мөрөөдлөө тээн эргэж ирэлгүйгээр одсон бол, одох бол… Олонхи монгол хүүхдүүд яагаад мөрөөдөлдөө хүрч чадахгүй байгаа юм болоо гэсэн бодол тээсээр киног үзэж дуусгав.

Э.Бадар-Ууган

Чикагод болсон дэлхийн сонирхогчдын боксын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт дээр Монголын тамирчин Э.Бадар-Ууган шүүгчийн илт булхайтай шийдвэрээр ялагдлаа. Илт давамгай тоглож байгаад хоёр оноогоор торгуулж, луйвраар хожигдсон нь үзэгчдийн уурыг барсан. Э.Бадар-Ууган ч тэсгэл алдахдаа цаг дууссаны дараа Оросын тамирчны нуруу руу цохиод авна лээ.

Би тамирчин явсны хувьд түүний сэтгэлийг маш сайн ойлгож, өмөөрч, өрөвдөж байлаа. Чи үнэхээр сайн тоглосон. Ахиад л арчаагүй ядуу нийгмийн золиосонд асгаруулсан хөлс чинь талаар өнгөрлөө. Боксын дэлхийн аваргатай болох нь гэсэн монголчуудын найдварыг булшилж, уландаа гишгэсний шалтгаан нь бидэнд өөрсдөд маань байгаа. Сонинд нийтлэгдсэн ярилцлагаас үзэхүл энэ бүхэн улам тодорхой болно.
“Дасгалжуулагч Д.Банди:
-Маш их баярлаж байна. Бас гомдож байна. АНУ-ын консулд гомдож байгаа. Би тэнд очсон бол шавь маань алтан медаль авах байсан юм.

Мөнгө биш алт шүү. Би эндээс мессэжээр байнга зөвлөгөө өгч байсан л даа. Гэвч хажууд нь байгаагүй болохоор харамсалтай байлаа. Э.Бадар-Ууган өмнө нь оросуудыг зөндөө ялж байсан. Гэтэл энэ удаад шүүгч манайханд оноо өгөхдөө харамласан. Ямар ч үндэслэлгүй торгууль өгсөн нь үнэн. Тэр Аргентиний шүүгчийг би сайн таньдаг байсан юм. Хэрэв би өөрөө тэнд байсан бол ийм байдал үүсэхгүй л байсан байх. Яагаад монгол хүн дэлхийн аварга болж болдоггүй юм бэ.
-Танд ямар шалтгаанаар виз олгоогүй юм бэ?
-Эхлээд бидэнд бүгдэд нь виз олгоогүй шүү дээ. Нэлээд заргалдсаны эцэст 10 -аад хоногийн дараа манай тамирчдад виз олгосон ч Ц.Нандигжав бид хоёрт өгөөгүй. Манай хоёрын гэр бүлийн гишүүдээс тэнд хууль бусаар амьдардаг гэж үзсэн юм би¬лээ. Манай охин тэнд сурдаг нь үнэн. Гэхдээ төрийн сангийн тэтгэлгээр ном журмынх нь дагуу сурч байгаа. Тиймээс АНУ-ын Консулыг олон улсын шүүхэд өгнө. Бид ардчилсан нийгэмд амьдардаг. Гэтэл тэд их гүрний дээрэнгүй үзэл гаргаж байна.

Э.Бадар-Ууган:
-Шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас болж алтан медаль авах болом¬жоо алдлаа.

Ядуугийн зовлон

Ядуу хүнийг дээрэлхэх хүн олон ажээ. Пүүжээгийн ээжийг малын хулгайчид, сумын эмч, хүнд сурталтнууд гээд олон хүн дээрэлхсэн бол Э.Бадар-Ууган болон Монголын шигшээ багийг баян орны консул дээрэлхэнэ. Луйварчин шүүгч, мөнгөтэй орны тамирчид Монголыг бөөрөлхөнө. Дохад У.Мөнх –Эрдэнэ хятад боксчинд илэрхий луйвардуулахад, Бакуд Б.Наранбаатар бас л орос бөхөд шоглуулсан. Спортоор дамжуулж их гүр¬ний дээрэнгүй үзлээ илэрхийлдэг улсуудын та¬мирчидтай таарах бүртээ мөхөстнө.

Нэг новшийн даргын гаргасан эрүүл мэндийн даатгалын журмаас болж эрдэнэт хүн амиа алдахад арчаагүй гадаад харилцааны ажилтнууд нь хар цагаан тамхи нууцаар зөөнө. Спортын удирдлагаас болж шигшээ багийн дасгалжуулагч, шүүгч нь виз авч чадахгүй дээрэлхүүлнэ. Улс нь ч гэж улс. Удирдлага ч гэж удирдлага.
Монголын тамирчид гайхамшигтай хүмүүс. Автобусанд сууж бэлтгэлдээ яваад, гуанзанд орж өл дарчихаад ямар ч сэргэлт, витаминжүүлэлтгүй хэрнээ дэлхийн аваргад очоод 200 сая, 300 сая, нэг тэрбум хүнтэй, хөгжчихсэн орнуудаас (Орос, АНУ, Хятад) шалгарч, улсаараа хамаг юмаа хангуулсан, эрхэлчихсэн тамирчинтай илүүрхэж үзээд луйвардуулна гэдэг бишрэм амжилт. Эгэл мөртөө хүчирхэг тамирчдаараа бид бахархахгүй байхын аргагүй.
Нөгөө талаар бид хэдий болтол ийм байх юм бэ. 17 жил бусдад дорд үзэгдэн, ядуу доройгоороо дуудуулж, нүдэнд орсон хог шиг үзэгдлээ. Энэ хэвээрээ байгаад л байвал олон сайхан монгол авьяастнуудын хөдөлмөр, амжилт дарагдсаар, булшлагдсаар л байх болно.

КВН гэж Оросын телевизийн хөгжөөнт хөтөлбөрийн гол баатар нь чукча байхаа хэдийнээ больж тэдний орыг монголчууд, Монгол орон эзэлсэн байхыг дугаар бүрт нь зохиогдох зайгуул онигоонуудаас нь харж болно. “Ертөнцийн хамгийн тэнэг хүн хэн бэ гэсэн асуултад нэвтрүүлэгт оролцогч итгэлтэй, хөгжилтэй, хоржоонтойгоор “монгол” гэж хариулж байна. Яагаад гэхээр “тэд хариулж байгаа малнаасаа ялгаагүй учраас” гэж зарлаж байх юм.
Япон найруулагчийн кинонд ч Монголд зуд болж олон мал үхсэн тухай яриаг оршуулгын газраар дүрсжүүлжээ. Далд санаа нь “хүн нь ч гэсэн малнаас өөрцгүй” гээд байгаа ч юм уу. Бодоод үзэхээр тийм ч юм шиг.

Төрөөс төрсөн тэрбумтнуудын хурдан хүлгийн жүчээ нь Пүүжээгийн гэрээс тансаг, арчилгаа, эмчилгээ нь Пүүжээгийн ээжид “унжсан” сумын эмнэлгээс илүү байдаг юм. Гаднын хүний нүдэнд энэ бүхэн соргог тусч, тойруу замаар хэлсэн нь тэр баримтат кино.

Төрөөс төрсөн тэрбумтнууд хайртай нохойндоо ч Америкийн виз авч чаддаг юм. Шигшээгийн дасгалжуулагчид олддоггүй виз авилгачны нохойд шууд олдоно. Яагаад гэвэл түүний үр зулзага Америкт үлдэхгүй. Түүнд Америкийн яснаас Монголын мах хавьгүй дээр. Америкийн консул ийм л зүйлийг тойруугаар бидэнд мэдрүүлэх, ойлгуулах гэсэн нь тэр юм болов уу.

Төгсгөлийн оронд

Ядуугийн зовлонгоос ангижирч чадахгүй бол ялаад ч нэмэр алга, амьдрах ч утга алга. 17 жил биднийг удирдаад ядуугаар минь үлдээсэн нам, засгийг үргэлж-лүүлэн тахисаар байх эсэхээ шийдэх цаг хаяанд ирлээ. Улсаа хөгжүүлэхээс суудлаа хадгалахыг илүүд үздэг улс төрчид, ард түмнээ тэтгэхийг бус сонгуулийн ялалтыг мөрөөддөг намтайгаар монголчууд хол явахгүй нь ээ. Ерөнхийлөгчийн АНУ дахь айлчлалын үеэр монголчуудын визийн журмыг хөнгөлөх тухай асуудал хөндсөн нь “шалгуур үзүүлэлт хангахгүй” гэсэн хана мөргөсөн билээ. Сингапур зэрэг жижиг боловч хөгжилтэй орнуудын иргэд АНУ-д визгүй зорчдог юм билээ. Тэгэхээр бид ядуу байсан цагтаа ямар ч виз гуйгаад нэмэргүй, хөгжиж, иргэдээ хэнээс ч дутахгүй болгосон цагт визийн журам аяндаа хөнгөлөгдөнө гэж ойлгогдож байна. Иргэд нь ядуу, харлаж үлдэх магадлал өндөртэй байхад ямар ч мундаг Ерөнхийлөгч очоод үгүйсгэсэн хариулттай л буцна. Ай хөөрхий Пүүжээ… Дэлгэрэнгүй...

Харынхан ба цагааныхан

Харынхан ба цагааныхан

Тэгш боломж үгүй бол тэгш амьдрал үгүй

battulga_bodluud_book_coverI have a dream

Мартин Лютер Кинг хэмээх домогт тэмцэгчийн тухай өгүүлсэн баримтат киног саяхан үзлээ. Тэгш эрх, шударга ёсны төлөөх тэмцлийнхээ ид үед Авраам Линкольны дурсгалын цогцолборын шатан дээр түүний хэлсэн үг эрхгүй нэгийг бодогдуулав. “Надад ийм нэг мөрөөдөл байдаг юм. Нэг сайхан өдөр бүх хар, цагаан хүмүүс тэгш эрхтэйгээр бүтээгдсэнийг ойлгож, сэрэх цаг ирээсэй” гэж тэр хэлсэн.

Мартин Лютер Кинг хар, цагаан хүүхдүүд хамтдаа ном үзэж, хар, цагаан хүмүүс хамтдаа ресторанд хооллож, хамтдаа тэгш амьдрах нийгмийг мөрөөдөж байлаа. Тэрээр хар, цагаан хүмүүс Вьетнамын дайны талбарт тэгш эрхтэйгээр, мөр зэрэгцэн тулалдаж байснаа эх орондоо ирмэгц цагаан нь харыгаа үзэж чадахаа больчихдогийг ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй байв. Тэр цагт Америк нийгмийн ёроолд харууд байж, хамгийн үгээгүй ядуу, боловсролгүй хэсгийнхнийг төлөөлж байлаа.

Америкийн улс төр судлаач Питер Драйпер “Хүн төрөлхтний эдийн засгийн түүхэнд америкийн нигерүүд шиг 30 жилийн дотор амьжиргааны төвшнөө эрс дээшлүүлсэн үндэстний бүлэг байдаггүй” гэж бичээд үүнд Мартин Лютер Кингийн зорьж, тэмцэж байсан, амиараа бүрдүүлж өгсөн тэгш эрх, тэгш боломж чухал үүрэгтэйг дурджээ. Тэгш эрх нь тэгш боломжийг бүрдүүлж, тэгш боломж нь тэгш үр дүнд хүргэнэ.

Нийгэм тэгш бус боломжит бүлэглэлүүдэд хуваагдах, баян хоосны ялгаа улам ихсэх зүг рүүгээ явах нь сөргөлдөөн, бухимдал, дайсагнал мөргөлдөөнийг бий болгохоос өөр зүйлийг нийгэмд өгөхгүй. Харьцангуй тэгш байдлаас өөр нийгэмд амар амгалан, аз жаргалыг авчрах зүйл алга. Тэгш эрхийг коммунистууд шиг хүчээр тулгаж, хавтгайруулж, хуурмаг зүйл болгож бас болохгүй. Тунгийн тааруулаагүй эм хор болох нь их.

Америкийн нийгэмд тэгш бус байдал ноёлж байсан тэр он жилүүдэд тэмцэл хөдөлгөөн, жагсаал цуглаан, нийтийн эсэргүүцэл, ажил хаялт тасардаггүй байж. Өнөөдөр Монголд яг ийм дүр зураг харагдаж байна.

Монголын харууд ба цагаанууд

Өнөөдөр монголын нийгэмд 1960-1970 оны Америкийн нийгмийг санагдуулам зүйл олон байна. Хэт баян цөөнх ба үгээгүй хоосон олонхи гэсэн хоёр туйл руу монголын нийгэм ялгарчээ.

Хаа байна, тэр хар арьстан? гэж асуух хүн байвал би хариулъя. Траншейнд байна, хотын захын хогийн цэгүүд, алтны уурхайн хаягдал шороон дээр байна. Тэд нүүрс ухаж, амиа зольж байна. ХЗХ-нуудад мөнгөө луйвардуулж байна.
Зурагтаар жирийн иргэн ярив. “Баян хоосны ялгаа туйлдаа хүрлээ. Траншейнаас цухуйж байгаа ядуусын толгой дээгүүр баячуудын хаанаас олсон, ямар хөрөнгөөр авсан нь мэдэгдэхгүй жип дайрчих шахаад өнгөрч байна. Тэд ямар мөнгөөрөө араб адуу авч уралдуулаад, жипээр байлаад байгааг ойлгохгүй юм. Биднийг хүн ч гэж тоохоо болилоо”
Үнэн дээ баян хүнийг бурханчлан тахиж, ядуу хүнийг хялайн хардаг нийгэм бидний нүдэн дээр бүрэлдэж байна. Бид нэг ижил арьстан, адил үндэстэн байж өөр хоорондоо эрс тэс ялгаа бий болгож, баян хоосны туйл руу иргэдээ шахаж болохгүй.

Нэг төгрөгийн ашиг унагах бизнес эрхэлэж байгаагүй хүмүүс төрд шургалж, түнтийтлээ баяжиж байгааг олон нийт харсаар, бухимдсаар байна. Төр хэт баяуудыг төрүүлэх уурхай болж, шударга ёсыг баллуурдаж байна. Нөгөө талд нь нинжа болох, хог түүх, траншейнд хоноглох хүмүүсийн тоо өдөр өдрөөр нэмэгдсээр…

Өвөрхангай аймгийн Уянга суманд яг одоо 7000 нинжа байна.Зундаа 30 000 болдог гэж УИХ-ын гишүүн З.Энхболд дурдлаа. Албан ёсны бус тоогоор бол монголд 100 000 нинжа байгаа ажээ. Дээр нь нүүрсчид, хог ухагчид 300 000 гаруй байгаа гэнэ. Хүн амын 40 хувь нь нэн ядуу гэсэн ангилалд багтаж байхад тэдний баялгийг цөлмөгч, төрийг мөлжлөгтөө ашиглагч цагаан гартнууд нийт иргэдийн 6 -7 хувийг л эзэлж байна.

МоАХ ардчилсан хувьсгалд олноо оройлон босохдоо тэгш эрх, тэгш боломжийн төлөө зорьж, тэмцэж байсан. Гэтэл үр дүнг нь луйварчид завшчихжээ.

Олны хөрөнгөөр хайгаад, олоод, нөөцийг нь тогтоочихсон, улсаараа идээд ч барамгүй их баялгийг Үйлдвэр Худалдааны сайдын алба хашиж байсан нэгэн давуу боломжоо ашиглан хөнгөхөөн өөрийн болгочихсон, бусдад хишиг маягаар хувааж, түгээж суух юм. Түүнд бялдуучилсан хүмүүс “үндэстний хөрөнгөтөн” гэсэн цол, хаягийг духан дээр нь наав. Түүний мөнгөөр пиар гэгчийг хийж байгаа хүмүүс “Үндэсний хөрөнгөтнүүд л та нарыг тэжээнэ” гэж сурталдана.

Нөгөөх “үндэсний хөрөнгөтнүүд” нь болохоор зөвхөн төсвийн(бидний гэж болно) хөрөнгөөр хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон ордуудыг(Бороо Гоулд, Таван толгой г.м) гаднынхантай хувааж, цөлмөхөд мэргэшсэн хүмүүс. Хоёр сая хүний хөлс хөдөлмөрөөр бүтсэн зүйлийг албан тушаалаа ашиглан завшигчид. Ийм луйварчдыг үндэсний хөрөнгөтөн гэдэггүй юм.

Өөрийнхөө хөлс хүчийг урсган байж, ард олонд ажлын байр, цалин, амьжиргаа бий болгосон, ёстой л үндэстний хөрөнгөтөн гэхээр олон хүнийг би мэднэ. Гэтэл тэдний хэнийг ч ингэж цоллодоггүй. “Бизнесийнхэн аюултай, улс төрөөс хол байлга” гэж ад шоо үзэх хирнээ луйварчдад энэ эрхэм хаягийг ичих ч үгүй нааж байна. Өөрийнхөө хөлс, хүч, эрдэм оюунаар хөрөнгөжсөн хүнийг монголд хэн ч хялайж харахгүй нь лав.

Жирийн иргэнд ашигтай ордын лиценз авах тэгш эрх, тэгш боломж бий юу ? Гарааны тэгш нөхцөлийг бүрдүүлэхээр чармайж байсан ардчиллагчдын хүслийг хэн завшив ?

Авилга, хулгай дээрэм, бялдуучлал, луйвраар л эдийн засгийн давуу байдал, хангалуун амьдрал бүрдүүлдэг тийм систем рүү манай нийгэм хэдийнээ хальтран оржээ.

Яармагийн ядуу айлын хүү Бямбаа хичээлд явах замдаа өглөө ээлжнээс тарж байгаа ахтайгаа заавал уулзахгүй бол болохгүй. Учир нь тэр хоёр дундаа нэг цүнхтэй юм. Уутанд дэвтэр номоо хийж алхаж байгаад замын голд ахтайгаа уулзмагц цүнх рүү нь юүлнэ. Өрх толгойлсон ээж нь хоёр хүүхдийнхээ “итгэлийн мөнгөөр” л хоногийн хоолыг залгуулна.

Төрөөр баяжигчийн хүү Төрөө харин Хаммер жипээр сургуульдаа хүргүүлж, цүнхээ хамгаалагчдаа бариулсан байх ба дургүй хүргэсэн багшийг гар утас гарган аавдаа ховлож, яамны сайдтай нь даруйхан ярьж, ажлаас нь халуулахыг шаардана. Сургалтын төлбөр нь жилийн арван мянган доллар ажээ. Аав нь нуруугаа бөхийлгөх, хөлсөө дуслуулахыг үзэн ядах ба гар хурууны үзүүрээр газрын лицензийн наймаалдаг мэдэлтэн.

Сонгуулийн үед баячууд, ядуустай мөр зэрэгцэн сууж, сайхан аашлах, бэлэг түгээх ба боломж гарвал тэвэрч аван, зургаа татуулж, “нялуурна”. Сонгогдсоны маргаашаас танихаа байж, орд өргөөнөөс нь холхон байлгахыг хамгаалагчдадаа захина. Яг л Вьетнамд цагаан харууд ижилхэн эрхтэй тулалдаж байснаа нутагтаа ирээд нэгнийгээ үзэхээ байдаг шиг байгаа биз ?!

Дурын эмнэлэгт очоод л та тэгш бус байдлаас үүдсэн ялгавартай хандлагыг олж харна. Төрийн мэдэл бүхий албанд ажиллаж буй хүнд сурталтныг хармагц эмч, ажилтнууд сандралдан, юу байгаагаараа үйлчлэн, тусгай өрөөнд хэвтүүлэх зэргээр хөл алдах ба ядмагхан нэгнийг “эм тариагаа, цагаан даавуутайгаа авчраад хонгилд хэвтвэл хэвт дээ” гэж тавлана. Цагаан, харуудыг ингэж ялгадаг байсан юм.

Тавь, жаран онд америкийн нийгэм ийм байсан. Бид тийм байдалд байна. Америкийн харууд цуцалтгүй тэмцсээр тэгш бус байдлыг арилгаж чадсан, харин бид…?

Бид яагаад тэмцэхгүй байх ёстой гэж?

Арьсны үзлээр халхавчилсан нийгмийн тэгш бус байдлыг даван туулах нь бүтэшгүй мэт төсөөлөгдөж байсан он жилүүдэд Мартин Лютер Кинг цуцалтгүй, тасралтгүй тэмцсээр харуудын амьдралын төвшинг цагаануудынхтай тэнцүүлж чаджээ. Монголчууд бидэнд Кингийн үеийнхнээс илүү боломж, нөхцөл байхад юугаа хүлээгээд сууна вэ?
Бид хамтдаа үр хүүхдийнхээ болон эх орныхоо ирээдүйн төлөө хариуцлага хүлээж байгаа. Ирээдүйн иргэдэд тэгш боломж, тэгш эрхийг нь хангасан нийгмийг бүрдүүлэхийн төлөө одооноос тэмцэхгүй, өөрчлөхгүй бол болохгүй төвшинд монголын нийгэм тулж ирээд байна.

Биднийг “тэмцэнэ” гэхээр хүч хэрэглэх гэж байна, төр эргүүлэх нь гэж мушгидаг, гүтгэдэг. Эсвэл “хэтэрхий даруухан цуглаан хийлээ” гэж шордоно. Хүч хэрэглэх нь хэзээ ч амжилт авчирдаггүй. Мартин Лютер Кинг хүч үл хэрэглэхийг уриалсаар, тэмцсээр өөрийн үндэстнийг боолчлолоос салгаж, аварч чаджээ. Тэр зогсолтгүй тэмцэж байсан. Хүлцэнгүй байх, бурууг тэвчих нь хүч хэрэглэхийг зөвшөөрснөөс өөрцгүй гэж тэр үзэж байлаа. Хүмүүст эрхийнхээ төлөө, аз жаргалынхаа төлөө тэмцэхгүйгээр тэнгэрийн хишиг хүлээж суух хэрэггүйг ойлгуулсанд Кингийн гавьяа оршино. Хутга барьснаас, хууль барьсан нь хүчтэй гэж тэр үздэг байлаа.

Хар арьст оёдолчин Роза Паркс автобусанд цагаан арьстанд суудал тавьж өгөөгүйн улмаас баривчлагджээ. Кингийн удирдлага дор хар арьстнуудын нийгэмлэг Монтгомери хотын (Алабама муж) нийтийн тээврийг 382 хоног хааж зогсчээ. 382 хоног буюу 1 жил 1 сар шүү ! Үүний үр дүнд АНУ-ын Дээд Шүүх Алабама муж улсад нийтийн тээврээр зорчигчдыг арьсны өнгөөр ялгаварлаж байгааг Үндсэн хуулийн бус гэж үзсэн шийдвэр гаргаж, хар, цагаан хүмүүс ялгаагүй автобусанд зэрэгцэн явах болгосон байна.

Кингийн өвөө нь арьсны үзэлт “Жоржиен” сонинг захиалахгүй, уншихгүй байхыг уриалж, даруй 6000 хүн түүнийг дагаснаар уг сонин дампуурчээ. Арьсны үзэлтнүүд цуглардаг бааранд тэгш эрхийн төлөө тэмцэгч харууд суулт хийжээ. Тэднийг зодож, чирч гулдарч, харааж зүхэж, занаж байсан ч, өөрсдийг нь “хүн” гэж үзэх хүртэл тэмцсээр ялсан юм.

Цагаан арьстнуудын ухаарахыг хүлээгээд л суусан бол тэдэнд аз жаргал ирэх байсан уу? Төрөөр баяжигсдын амыг хараад суувал бидэнд тэгш эрх ирэх үү ?

Төсвийн мөнгийг хүүдийлэгч - цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг төр бидэнд хэрэгтэй юу? Төрөөр хөлжигсдийг дэмждэг, сурталддаг сонин, ТВ-үүдийг дампууруулах, зориг, тэвчээр бидэнд байгаа болов уу?

Төрөөр хөлжигсдийг огцортол нь гудамжинд жагсах чин сэтгэл бидэнд бий юу? Төрийг баяжих хэрэгсэл болгогсод нэг л өдөр биднийг тэжээж, тэтгэнэ хэмээн найдаж, хүлээх үлдэв үү?

Эрхийнхээ төлөө тэмцэх түмэн арга байна. Үзэл бодлоо илэрхийлэн жагсах, цуглах, эсэргүүцлийн цуваа, аян, суулт, эдийн засгийн хориг арга хэмжээ г.м

Монголчууд бид нийгмийн тэгш бус байдал даамжрахыг цаашид харсаар, хүлцсээр суух ёстой гэж үү? Бид өөрчлөхгүй бол юмс өөрчлөгдхүй.

Надаас МоАХ-ны жагсаал, цуглаан хэнд хэрэгтэй юм бэ? гэж асуух хүмүүс гарч байсан. Бид хэн нэгнийг ялахыг хүсээгүй, өөрсдөдөө ашиг унагахыг бүр ч хүсээгүй. Бид ядуурлыг ялах, монголын нийгмийг цэвэршүүлэх, иргэдээ тэгш эрхтэй, чинээлэг байлгахыг л хүсэж байгаа.

Зүгээр хараад суух нь харин хэнд хэрэгтэй юм бэ? гэж асуумаар байна. Төрөөр хөлжигсдийг зайлуулах тэмцлийн хажуугаар бид ядуурлын уг сурвалжийг устгах хэрэгтэй.
Тэгш бус байдал юунаас үүдэж байна вэ? - Ядуурлаас
Ядуурлын уг үндэс нь юу юм бэ? - Ажилгүйдэл
Ажилгүйдэл яагаад ихсэв ? - Төрийн бодлого зохицуулалт алга
Монгол хүнээр хийлгэх ажил огт байхгүй юм уу гэхээр хятадаас жил бүрийн хавар хэдэн мянгаараа орж ирэх хар ажилчид хаана ажиллаад байгаа юм ? гэж асуух хэрэг гарна.

Ажлын байр хангалттай байгаа, төрийн бодлого, иргэдийн шахалт л байхгүй байна. УИХ дахь АН-ын зөвлөл НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын татварын хамтаар нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувь болгож бууруулах санаачилга гаргасан нь ажлын байрыг тогтвортой нэмэгдүүлэх бодлого байсан юм. Харамсалтай нь МАХН-ын бүлэг уг саналыг унагасан билээ.

Ажил олгогч бий болгосон ажлын байрныхаа төлөө 18 хувийн шимтгэл төлдөг байсан цагт хичнээн ч удаа ажлын байр нэмэгдүүлэх жил зарлаад бүтэхгүй. Хүчээр бий болгосон ажлын байр нь тогтвортой байж чаддаггүй юм. Энэ бол ёстой л сонгуулийн өмнөх шоу болоод дуусах хэрэг.

Төр ажил олгогчдод нийгмийн даатгалын шимтгэлийг нь бууруулж өгөхийн зэрэгцээ нийт ажиллагсдын 80 –аас доошгүй хувийг зөвхөн монгол ажилчдаар бүрдүүлдэг байхыг хуульчилж өгөх цаг нэгэнт болжээ. Ингэж байж гадаадаас хар ажилчин импортлохыг хязгаарлана. Өндөр мэдлэг, чадвар, мэргэшил шаардсан ажлыг гаднынхнаар хийлгэлгүй л яахав. Өрлөгчин, цахилгаанчин, мужааныг бол дотооддоо долоо хоног олигтойхон сургаад л бэлтгэчхэж болно.

Төрөөс хууль, эрх зүйн шахалт үзүүлэхгүй бол мэргэшсэн ажилтан бэлтгэх сонирхол аж ахуйн нэгжүүдэд алга байсаар л байх болно. Ажилтан бэлтгэх, сургахад зориулсан зардлыг нь урамшуулах, хөхүүлэх механизм бодож олох хэрэгтэй болжээ.

Ингэхгүй бол бүтээн босголтод зориулж байгаа бидний асар хөрөнгийн үр шимийг тендер нэрээр эрх мэдэлтнүүд гаднынхантай завшсаар, монгол хүн гудамж метрлэж, хог түүсээр, нийгэм баян ядуугийн туйл руугаа ялгаран шахагдсаар байх нь дамжиггүй.

Бичвэрийнхээ төгсгөлд Мартин Лютер Кинг хэмээх энэ алдарт хүний үгийг монгол хөрсөнд шилжүүлэн илэрхийлбэл “Нэг сайхан өдөр ард түмэн маань бүх хүмүүс тэгш эрхтэйгээр бүтээгдсэнийг ойлгож, өөрсдийнхөө төлөө тэмцэх, зүтгэх цаг ирээсэй. Монголчууд ижил тэгш нөхцөлд, тэнүүн жаргалтай амьдрах цагийг үзэхсэн”
2007.05.08
Дэлгэрэнгүй...

Mexican Corruption System үү, Canadian Development System үү? (MCS, CDS)

Mexican Corruption System үү, Canadian Development System үү? (MCS, CDS)

battulga_bodluud_book_coverСүүлчийн сонголтын өмнө

Канадад хоргодсон монгол бүсгүй

Хориод хоногийн өмнө Канадын Торонто хотоос холгүй нэгэн ази ресторанд ажиллаж буй монгол бүсгүйтэй таарч хэсэг ярилцав. Тэрбээр Америкт цагаачлахаар хоёр жилийн өмнө нөхрийн хамт нутгаасаа гараад Мексикт очжээ. Тэндхийн хойд хил орчимд цагаачдыг АНУ-руу 50-200 долларын хөлсөөр гаргадаг бүлэглүүд байдаг юм байх.
Мексик жил бүр АНУ-аас 6-8 тэрбум долларын зээл авдаг бөгөөд америкууд зээл өгөхгүй цааргалбал “За тэгвэл, хилчдийн нэгдсэн цугларалт олон хоногоор зарлаж, хилээ эзэнгүй орхилоо” гэж айлгаж байгаад хүссэнээ авчихдаг гэнэ. Тэгээд ч нэмэргүй хилчид нь цагаачдаас бага сага мөнгө аваад хил давуулчихдаг ажээ. Европт Берлиний ханыг нурааж, улс үндэстнүүд чөлөөтэй харилцах боломжийг бий болгож байхад АНУ таван саяд хүрчхээд байгаа Мексик цагаачдын урсгалыг зогсоох бат бөх ханыг хилийнхээ дагуу босгохоор санааширч байна.

АНУ-ын Төрийн Департмент Мексикийн хил дагуу электрон хана босгох төслийн эхний санхүүжилтэд 300 сая доллар зарцуулахаар болсноо зарлалаа. Энэ мөнгөөр 200 хүрэхгүй км газар хана босгох ажээ. Төсөл үргэлжилсээр 2015 он гэхэд Мексикийн хилийг бүхэлд нь хаах гэнэ.

Бүсгүйн ярианд эргэж оръё. Баахан хятадуудтай 14 хоног нүхэн хонгилд хэвтсэний эцэст нөхөр нь америкт нэвтэрчээ. Харин бүсгүй өөр замаар хил нэвтрэх гээд чадалгүй баригдаж буцсан байна. Шантралгүй Канадаас америкт нэвтрэхээр Торонтод иржээ. Хил давах тааламжтай үеийг хүлээж байх зуур Канадын амьдрал америкийнхаас юугаар ч дутахгүй, зарим талаараа илүү гэдгийг мэдрээд тэндээ үлдсэн байна. “Канадчууд маш амгалан тайван ард түмэн. Айлууд нь хаалгаа түгжилгүй гараад явчих энүүхэнд. Хилийн цаана бол тийм биш, айдас түгшүүр ихтэй гэнэ лээ. (Майкл Мурын “Фаренхейтийн 911” хэмээх баримтат кинонд энэ яриаг нотлох дүрслэлүүд гардаг) Одоо би нөхөр, хүүхдээ энд ир гэж дуудаж байгаа” гэж тэр ярилаа. Түүний ярианаас Канад, Мексик болон АНУ гэсэн гурвалын талаар харьцуулж үзэх сэдэл төрсөн юм.

Үүн дээр The Wall Street Journal - сэтгүүлийн 6 сарын 18 -ны дугаарт Майкл Кон гэж сэтгүүлчийн бичсэн “Монголын Ардчилал салаа замын уулзварт иржээ” гэсэн нийтлэлийг уншихаар сэтгэл бүр хямарч, гэгэлзэнэ. Тэр сэтгүүлч “Монгол Кувейт, Нигери хоёрын аль нэгний замаар явахаа шийдэх гэж байна” гэж бичсэн байна лээ. Ийм харьцуулалт монголчуудын сэтгэлд шууд буухгүй юм шиг санагдаад өөрийнхөө харьцуулалтыг тэрлэхээр шийдсэн минь энэ. Учир нь Кувейт, Нигерийг монголчууд сайн мэдэхгүй. Канад, Мексикийг бол гадарлана.

Тоогоор харьцуулбал...

wikipedia.org –т буй мэдээллүүдээс үзвэл Мексик нь 2 сая кв, км талбай бүхий нутагтай 109 сая хүн амтай, газар зүйн ихээхэн тааламжтай бүсэд оршдог, байгалийн асар баялагтай орон. Канад нь газар нутгийн хэмжээгээр дэлхийд хоёрт орох нутагтай, 28 сая хүнтэй ажээ. Мөн л байгалийн асар их баялагтай.

Энэ хоёр улс дэлхийн эдийн засгийн 30 хувийг дангаараа бүрдүүлдэг / бүр дэлхийн шүү/ АНУ-ын аварга зах зээлийг хойд, урд талаас нь түшиглэж амьдрах атал нийгмийн дүр зураг нь тэс өөр. Уул уурхайд оруулж буй хөрөнгө оруулалт, авч буй татвар нь онцын ялгаагүй юм. Орлого нь адил байхад хууль, тогтоомжийн үйлчилгээ, баялгийн хуваарилалт, улс төрийн бодлогоосоо шалтгаалаад тэнгэр, газар шиг өөр нийгмийн нөхцөл үүсжээ.

Канад нь эдийн засгийн хөгжлөөрөө гайхагдаж Их наймд багтав. АНУ-Канадын худалдааны эргэлт жилийн 700 тэрбум ам.долларт хүрчээ. Экспортынх нь 81 хувийг АНУ эзэлдэг. Ажилгүйдлийн төвшинг дэлхийд хамгийн бага 3,7 хувьд хүргэж, боловсрол, эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй, ядуурал огт байхгүй гэсэн үзүүлэлтээр гайхуулж байхад... Мексикт хүн амын 25 хувь нь нэн ядуу, 55 хувь нь ядуурлын төвшинд амьдарч нийгмийн баялаг нийт иргэдийн наймхан хувийн гарт төвлөрчээ.

Мексикийн экспортын 90 хувийг АНУ, Канад эзэлдэг бол импортод нь АНУ, Канадын бараа 55 хувийг эзэлж байна. Эндээс үзэхэд Мексик улс хөгжөөд, тасраад алга болох 500 хувийн боломж харагдаж байх шиг. Гэтэл бидэн шиг балчигт хутгалдаад үлдсэний учир юунд байна вэ?

Мексик ба Монгол

Мексикийг бид Монголын тамирчид Мехикогийн олимпт түүхэндээ анх удаа хамгийн дээд амжилт гаргаж таван медаль авснаар сайн мэдэх билээ. Мөн Холливудын кинонд америкийн хамаг л хулгайч, луйварчид гэмт хэрэг хийснийхээ дараа Мексикт орогнохоор зугтаж байдгаар мэднэ.

Бидэнд ижилсэх зүйл цөөнгүй. Ашигт малтмалаар амьжиргаагаа залгуулдаг, хөдөө аж ахуйн гэгдэх улсууд. Хоёулаа ядуурлыг туйлд нь хүргэж, авилгыг тэнгэрт мандуулсан орон. Аль аль нь нийгмийн баялгаа цөөн тооны олигархиудад атгуулж, хууль ёсыг уландаа гишгэнэ.

Монголчууд ажил эрж олноороо Солонгосыг зорьдог бол, мексикчүүд АНУ-руу элдэв аргаар нэвтэрч, хамгийн бага хөлсөөр ажиллахыг дээдийн заяанд тооцно. Мексик цагаачид цалингүй шахам ажилладаг бол монголчууд ч ялгаагүй шахам. Солонгосын виз гаргуулах зардал 5000 ам.долларт хүрдэг. Сард 800 ам.долларын цалин авдаг гэхээр хагас жил гаруй цалингүй ажилладаг гэсэн үг. Гэхдээ аль аль нь баяртай, жаргалтай.

Мексик цагаачдын нутаг руугаа илгээдэг мөнгөний хэмжээ нь газрын баялгийн дараа хоёрдугаарт бичигддэг ажээ. Тэд жил бүр 20 тэрбум долларыг улсынхаа эдийн засагт оруулдаг. Солонгос дахь монгол ажилчид улсынхаа эдийн засгийн 15 хувьтай тэнцхүйц мөнгө нутаг руугаа жил бүр илгээж байгаа нь “Эрдэнэт”-ийн орлогын дараа хоёрт орох байх аа гэж бодож байна.

Америкийн хууль завхруулагчид, зөрчигчид нь хууль үйлчилдэггүй, авилгад өртөмтгий Мексикийг диваажинд тооцдог бол Солонгос, Хятадын хулгайч, луйварчид эх нутгаасаа зугтаахдаа монголыг орогноход таатай газар хэмээн үздэг. Сон Ян Жү-гийн, Вако констракшны, Тан-Лугийн хэрэг гээд эх орондоо эрэн сурвалжлагдаж, хууль хяналтынхнаас зугтаж монголд орогносон хэрэгтнүүдийн өдүүлсэн хэрэг байсан билээ.

Мексикийн баялгийг хэмжээгүй залгигч цөөн тооны баячууд нь манай дээдэстэй адил хурдан морь тэжээж, өрсөлдөх агаад саяхны сонинд нэгэн супер баян Мексик эр 200 хурдан хөлгөө хайрлах аргаа олж ядахдаа мориныхоо жүчээг бүхэлд нь алтадсан талаар мэдээлэв. Харамсалтай нь агаарын солилцоо муудсаны улмаас хурдан хүлгүүд нь бүтэж үхсэн байна.

Мексикийн ашигт малтмалын орлогыг хянадаг цөөхөн хэдэн хүнд л өндөр, аварга байшин барих боломж олддог бол манайх ч ялгаагүй. Гаднынхантай нийлж байгаад төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордуудыг завшсан хүмүүс л Улаанбаатарын аварга барилгуудын эзэд байдаг. Шударга бизнес хийж байгаа хүмүүст байшин сүндэрлүүлэх сул мөнгө гарахгүй байна. “Эрдэнэт”-ийн тойрсон бизнес хийдэг дархлагдсан хоёр, гуравхан эрх мэдэлтнүүд /Вор закон/ хянаж зохицуулдаг ба тэд мөн л Улаанбаатарт аварга байгууламжийн эзэд болох нь хэдийнээ нууц биш болжээ.

Канадын хөгжлийн нууц гэж байна уу?

Канадыг бид мөсний хоккейгоор сайн мэднэ. /NHL/ Бас Монреалын олимпоор гадарлаyдаг (З.Ойдов-мөнгөн медаль) байх. Одоо бүр их мэддэг нь Айвенхоу Майнз гэвэл найман настай балчраас өгсүүлээд бүгд мэднэ.
Улсынх нь хөгжилд нууц юм ер алга. Хуулиа дээдэлж, хэрэгжүүлж чадаж байна. Бодлогоо зөв төлөвлөж, хариуцлагаа чанд тооцож байна. Иргэддээ эдийн засгийн эрх чөлөө олгох, баялаг хуримтлуулах боломжийг бүрдүүлдэг, нийгэмдээ хаялагатай улс төрийн хүчин, хүнээ зөв сонгож байна.

Канад улс газрын баялгаас олсон орлогоо иргэддээ түгээдэг. Ингэхдээ бидний яриад, мөрөөдөөд байгаа шиг шууд хүн бүрт хуваагаад тараачихдаггүй юм байна. Альберта муж гэхэд 1977 оноос ашигт малтмалын татвараас олсон мөнгөөрөө “Альберта сан” гэдгийг байгуулжээ. Сангийн хөрөнгийг үр ашигтай, урт хугацааны хөрөнгө оруулалтуудад зарцуулж уг төслүүдээс олсон ашгийг иргэддээ жил бүр ногдол ашиг болгон тараадаг юм байна. Өнгөрсөн жил гэхэд л Альбертагийн иргэн бүрт 1900 ам.доллар өгчээ. Өөрөөр хэлбэл, барагддаг баялаг болох ашигт малтмалаас олсон мөнгөө барагддаггүй, хорогддоггүй “саалийн үнээ” болгох ухаалаг шийдэл олжээ.

Ардчилсан намын санаачилсан “гэнэтийн ашгийн татварын” орлогыг одоо “хүүхдийн мөнгө” хэлбэрээр тарааж байгаа. Уг нь тэр мөнгөөр эхлээд сан бүрдүүлээд, ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, үржүүлснийхээ дараа тарааж баймаар санагдаж байлаа.

Канад, Монголд ижил юм бий юу? Зөндөө. Хоёулаа маш хүйтэн, эрс тэс цаг уур бүхий бүс нутагт оршдог. Ашигт малтмалаар амьдардаг. Аль алинд чоно их. Адилхан хөршүүдийнхээ түүхий эдийн бааз гэх мэт.
Ялгаатай зүйл бий юу? Бүр их. Канад болохоор АНУ хэмээх 300 сая хэрэглэгч бүхий зах зээлд ухаалаг “тоглож” амьдардаг. Бид урд байгаа 1 тэрбум 300 сая хэрэглэгчтэй, хойно буй 200 сая хэрэглэгчтэй аварга зах зээлүүд дээр “тоглож” огт чадахгүй байна.

Ганц жишээ хэлэхэд л ертөнцийн мухарт байдаг Шинэ Зеланд хэмээх жижигхэн улс хаа холоос хонины мах зөөгөөд Оросын хэрэгцээг хангаж чадаж байхад бөөрөнд нь байдаг Монгол боломжоо ашиглаж чаддаггүй.
Канадчууд уул уурхайн баялгийг цөөнхийн гарт төвлөрөх боломжийг хууль эрх зүйн хувьд хааж чадсан бол монголчууд яг үүний эсрэг арга замыг эрэлхийлж байна. “Таван толгойгоор ард түмнээ тэжээх, буянт үндэсний хөрөнгөтнүүд айсуй” гэдэг үлгэр бол үүний тод илэрхийлэл. Оюу толгойгоос ард түмэн юу ч олж долоохгүй байх нөхцөлөөр гэрээ байгуулах гэж шамдаж байгаа улстөрчид сонгодог жишээ.

Цагаач бүсгүй шиг эрүүл сэтгэе

300 км-ын радиуст осолдсон онгоцыг 48 цагийн дотор олж чаддаггүй эрх баригчид ганц шөнийн дотор Нийслэлийн Ахмадын Соёлын Төвийн байрыг амжиж нураав.

Ийм шальдар зүйлст санаа зовж, хүч хаяж чаддаг хирнээ гол том асуудлуудаас тойрч бултдаг, ард түмэнд улсынхаа баялгийг нялзаахаас цааргалдаг төр, засагтай байгаа цагт бид Мексикийн нарийхан жимээр л замнах болов уу. Үр дүнд нь бид Mexican Corruption System –ийн дүү Монголын Авилгын Тогтолцоог өнө мөнхөд тогтоож авах биз ээ.
Канад шиг дардан замаар давхихыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол ирээдүйтэй, хариуцлагатай, улс төрийн хүчинг сонгож, түүнийгээ хянаж, шахаж чаддаг болох хэрэгтэй байна. Бичвэрийнхээ эхэнд дурдсан нийтлэлээс ишилье. “Нигер маягийн ардчилал нь Монголд хамгийн амархан зам болох байх, үнэхээр ч тэр зам руугаа орж байгаа шинж тэмдэг харагдаж байна. Монголын улстөрчид, бизнесмэнүүд нийгэмдээ хариу барьдаггүй буюу нийгмийн хариуцлагагүй үйл ажиллагааны араншин нь төрөлхийн болж эхэлж байна” гэж америк сэтгүүлч дүгнэжээ. Энэ бол ухаарах, тодорхой алхам хийхээс аргагүй байдалд түлхэж байгаа дүгнэлт биш гэж үү? Харсаар суугаад мөхөл рүүгээ гулсаж орох уу?

Үнэхээр эцсийн сонголт хийх салаа замын уулзварт бид ирлээ. Мексик, эсвэл Канад Сүүлчийн, хамгийн хариуцлагатай сонголтын өмнө бодох, ухаарах, эргэцүүлэхийг уриалж байна. Ардчилсан хувьсгалаас хойшхи 17 жилд хэн биднийг удирдав, юунд хүргэв? Хэн нь юу хийж байв ?

Канадад таарсан монгол бүсгүй америк мөрөөдлөө Канадаар сольж, нөхөр хүүхдээ тийшээ дуудахаар шийджээ. Эрсдэлээ тооцсон, эрүүл, ухаалаг шийдэл. Нэг монгол гэр бүл ингээд учраа олчихлоо. Харин бид яах вэ? Mexican Corruption System(MCS), Canadian Development System (CDS) хоёрын алинаар нь явахыг монголын ард түмний заяа төөрөг мэдэг гээд орхих уу?
2007.07.02
Дэлгэрэнгүй...

Таван толгойн бүрхэг ирээдүй

Таван толгойн бүрхэг ирээдүй
battulga_bodluud_book_cover87 жилийн өмнө ч монгол ноёд ардуудыг “ашигт малтмалын уурхай олдвол бид бүгдээрээ жаргана” гэж ухуулдаг байж. Социализмын оргил үед “Эрдэнэт ашиглалтад ороотохвол бид бүгд жаргана” гэж ухуулдаг байлаа. Өнөөдөр “Таван толгой ашиглалтад ормогц үндэсний хөрөнгөтөн бид та нарыгаа жаргаагаад өгнө” гэж улиглаж байна.Сүүлийн үед Энержи ресурс компаниас монголчуудын тархийг угаах сурталчилгаагаа эрчимжүүлж “Нүүрсний үнэ үнсний үнэтэй тэнцэх нь хурдалъя” “Үндэсний хөрөнгөтнүүд бид нар л та нарыгаа тэжээнэ” гэх зэргийн бачим сандруу юмс нэвтрүүлэх боллоо. Тархи угаалгынхаа оргил материал болгож “Таван толгойн өчигдөр, өнөөдөр” хэмээх болхи нэвтрүүлгийг мөнгөөр зодон бүх ТВ-үүдээр цацуулснаас үүдээд бид энэхүү нийтлэлийг тэрлэв. Бодит байдал дээр тэдний хөөргөж, яаруулж байгаа шиг сайхан зүйлс болохгүй. Ард түмэнд юу ч оногдохгүй, хоосон үлдэх магадлал илүү бодитой болж байгааг эргэцүүлэх, сэрэмжлүүлэхийг бид зорилоо.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг ашиглалтад ороод 30-аад жил болсон ч Монгол Улс гайхахаар хөгжилд хүрсэнгүй. Үйлдвэрлэлийн оргил үе1986 оны тоо баримтаас үзэхэд бид дэлхийн улсуудаас хөгжлөөрөө 106 дугаар байранд явж байжээ.

“Эрдэнэт”-ийн баялгаас ард түмэнд наалдаж, нялзсан юм тун бага. Үйлдвэрийн олборлолт огтхон ч буураагүй байхад монголчуудын 40 хувь нэн ядуу, 35 хувь нь ядуу гэсэн ангилалд багтсаар байгаа нь үүний жишээ биш гэж үү? Харин Эрдэнэтэд хяналтаа тогтоосон цөөн тооны дарга, эрх мэдэлтнүүд хагартлаа баяжиж, олсон зөөсөн мөнгөөрөө эрх мэдлээ батжуулах гэж эргүүлээд бидний тархийг угааж суудаг болжээ.

Бороо Гоулд алтны уурхай, Төмөртэйн Цайрын уурхай ашиглалтад ороод монголчууд, Сэлэнгэ, Сүхбаатар аймгуудын иргэдийн амьжиргаанд өчүүхэн төдий ч өөрчлөлт гарсангүй, гялтайж гялайх хөгжил бүр ч харагдсангүй. Улсын төсөвт юу ч орсонгүй. Тогтвортой байдлын гэрээ гэгчээр халхавчлан эдгээр ордыг эзэмшигч гадаадын компаниудыг 5 жил татвараас 100 хувь чөлөөлж, дараагийн 5 жилд нь өгөх ёстой татварынхаа талыг л өгч байх гэрээ хийчихсэн юм чинь аргагүй ч биз ээ.

Дандаа Уул уурхайг хариуцсан сайд, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайд зэрэг өндөр алба хашиж байсан эрх мэдэлтнүүд уг уурхайнуудад хяналтаа тогтоосон байх ба ашиг нь ард түмэнд бус тэдний халаасанд орж байна.

Өнгөрсөн жил Цайрт минералз компанийн цэвэр ашиг гэхэд 106 сая доллар буюу тэрбум 500 сая төгрөг болсон бөгөөд үүнээс монгол улсад нэг доллар ч ногдсонгүй. Бороо гоулд 45 тонн алтны нөөцтэй ч монгол улсад нэг грамм алт ч ногдохгүй байх боломжтой гэрээг ноёдууд хийчихсэн болохоор яалтай билээ. Тэд татвар төлөхгүй таван жилдээ багтаж бүх алтыг хамахаар шамдаж байгаа.

Шуналтнуудын дараагийн бай нь Таван толгой болоод байгаа нь хэнд бүхэнд илэрхий болсоор удлаа.
Нүд улайсан 14 олигархи ойрмогхоноос “Таван толгойн баялгаас 14 -хөн хувийг нь л бид авна, 50 хувийг нь та нар минь аваарай” гэж ухуулах суртал нэвтрүүлгээ эрс эрчимжүүллээ. Тэд “Нүүрс, үнс хоёрын үнэ тэнцэнэ” гэж муу ёрлох мөртлөө “Үндэстний хөрөнгөтнүүд л та нарыг тэжээнэ”, “Гадныхан авсан бол та нарт юу ч үлдээхгүй байсан юм. Бид тулдаа 14-хөн хувийг аваад бусдыг нь та нартаа өглөө” гэж улайран, улангасан дайрч буй нь итгэлээс илүүтэй эргэлзээ авчирч байна. Тэдний ёрлож байгаа шиг 10 жилийн дараа нүүрс үнс шиг болох юм бол улайрах хэрэг юун? Үйлдвэр барих гэсээр байтал 5 жил ашиглах гэсээр байтал 10 жил болоод үнс олборлох болох нь. Үнс болох юманд шунаад байгаа нь гайхал төрүүлнэ.

Ийм туйлширсан мэдээлэл, ухуулгын цаана цаг үргэлж атгаг санаа нуугдаж байдаг тул уншигч Та хамтдаа монгол хүний уужуу ухаанаар тэдний атгаг санаархлын цаана юу нуугдаж байгааг эргэцүүлье, хамтдаа бодож тунгаая!

Бүлэг 1. Алаагүй баавгайн арьсыг 14 хуваасан нь

Энержи ресурс гэх компани нь BHP компанийн “хаяад явсан”, хэн ч тоохгүй хогийн ордыг эх оронч сэтгэлээр авч үлдсэн гэх домог нийгэмд тарж бараг итгэл үнэмшил болов. Үнэн хэрэгтээ Таван толгойн ордын лицензийг сунгалгүй хугацааг нь хэтрүүлж, хүчингүй болгохоор хав дарсан хүн нь тэр үед Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга байсан Б.Жаргалсайхан, Ерөнхий сайд асан М.Энхсайхан хоёр. Лиценз хүчингүй болгомогц энэ хоёр хүний дундын өмчлөлийн Майн инфо компани сэм өөртөө шилжүүлэн авч. Дашрамд Майн инфо компани нь Цайрт минералзын уурхайг эзэмшдэг нь тодорхой болсон. Б.Жаргалсайхан АМГТХЭГ-ын дарга байхдаа Хятадын удирдагч Ху Жинтаогийн айлчлалын үеэр өөр компанид олгохоор тохиролцсон зээлийг зувчуулж өөрийн болгож цайрын орд газарт хөрөнгө оруулсан нь тэр.

Нөөц нь 250 тэрбум ам.доллараар тогтоогдсон асар их ордын тухай яриа тул нам гүм өнгөрч чадсангүй. Монгол Улсын хамаг баялгийг мэдэх Үйлдвэр худалдааны сайдын анхааралд өртжээ. Ингээд л ҮХ-ны сайд асан Сү.Батболдтой бялуугаа хуваалцахаас аргагүй байдалд хүрсэн байна. Тэд хамтран Энержи ресурс компанийг байгуулсан ч Бороо гоулдыг луйвардсан асуудал нь хурцдаж эхэлсэн тул Таван толгойг түр хойш тавьжээ. Бороо гоулдыг гадныхантай хамтарч залгисан, ард түмэнд юу ч оногдохгүй байх зохицуулалт хийсэн хүн нь өнөөх Үйлдвэр худалдааны сайд асан Сү.Батболд байлаа.

Бороогийн асуудал хурцдаж эхлэхтэй зэрэг 250 тэрбум ам.долларын нөөцтэй нүүрсний ордынх нь талаар ард түмэн мэдчихвэл юу болох вэ? гэсэн асуулт Сү.Батболдын санааг зовоож. Ямартай ч юуны түрүүн тэрээр улс төрд тэнцвэртэй байдал тогтсон байсан учир улс төрийн гол намаас шуналтай хүмүүсийг элсүүлэх замаар шийдвэрлэе гэсэн дүгнэлтэд хүрчээ. МАХН болон Ардчилсан намаас тийм хүмүүс олдсон. Эдгээр хүмүүсийг тоочвол:
Г.Батхүү, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Сү.Батболд, Д.Идэвхтэн, П.Очирбат, М.Энхсайхан ... гээд дандаа олны итгэлийг хүлээж төр засгийн өндөр дээд албан тушаалд сонгогдсон хүмүүс. Уг нь тэднийг ард олныхоо төлөө ихийг хийгээрэй гэж сонгосон байтал 250 тэрбум ам.долларыг өөрсдөдөө хуваарилах, завших талаар илүүтэй санаа зовж, шаргуу ажиллажээ.

Ингээд алаагүй баавгайнхаа арьсыг 14 хуваахаар тохирч байтал “стратегийн орд газарт төр 50 хүртэл хувийг эзэмшинэ” гэсэн хууль гарч ахин мухардалд оруулж. Ийм хууль гараагүй байсан бол тэд хүн бүр 18 тэрбум ам.доллартай болчих гээд нойр нь хүрэхгүй тарчилж байсансан.

Гай газар дороос гэгчээр Ашигт малтмалын хууль шинэчлэгдэв. Таван толгойн талаарх мэдээлэл ил болов. Олны эсэргүүцэл ч оволзов.

Сү.Батболд тэргүүтэн удаан шаналсны эцэст саяхнаас нэгэн гарц олсон нь “бид нар тус бүр нэг хувь, нийтдээ 14 хувь эзэмшье улс тавин хувийг нь та нар ав” гэсэн болзол тавих болжээ. Үүнийхээ үндэслэл болгож 4.4 тэрбум төгрөгийг бид Таван толгойд “булсан” гэдэг үлгэр тараав. Үнэн хэрэгтээ газар дээр нь ажилласан мэргэжилтнүүдийн үнэлгээгээр өнгөрсөн жилүүдэд Энержи ресурс ХК лицензийн төлбөр хэлбэрээр 200 орчим сая төгрөг тушааснаас өөр ямар ч зардал гаргаагүй ажээ. Олон улсын жишигт лицензийн төлбөрийг хөрөнгө оруулалт гэж үздэггүй юм байна. Энэ бол тухай ажил, үйлчилгээг явуулахын төлөө эрх авч байгаа зайлшгүй зардал болохоос хөрөнгө оруулалт биш. Цайны газар ажиллуулж байгаа иргэд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлд төлсөн мөнгөө хөрөнгө оруулалт гэж тооцвол манай татварын байцаагчид яах бол оо? Гэтэл эрх мэдэл атгасан, мөнгө тараасан луйварчдад хууль үйлчлэхгүй байгаагийн тод жишээ Таван толгойг тойрсон үйл явдал харуулж байна.

Тэд хууль хяналт, засаг төрийг төдийгүй хэвлэл мэдээллийнхнийг ч худалдаж авчээ. Одоо бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр “үндэсний хөрөнгөтнүүд маань биднийг аварлаа” гэсэн суртал нэвтрүүлгийн давлагаа өрнөж байгааг уншигч та лав харсан байлгүй. 250 тэрбум ам. доллар гэдэг ямар ч шударга хүнийг эргэлзүүлэх тийм их мөнгө бололтой.

Одоо нэг бяцхан тоо бодъё. 14 –хөн хувь гээд байгаа нь мөнгөөр бол хэд юм бэ? 35 тэрбум ам.доллар. Төгрөгөөр бол 40 триллион буюу энэ жилийн төсвөөр баримжаалж үзвэл Монгол Улсыг 40 жил тэжээх мөнгө. Та бидний улсаараа 40 жил идэх мөнгийг 14 эрх мэдэлтэн завших гэж байна. УИХ-ын гишүүн Сү.Батболдын саяхан сонинд өгсөн ярилцлагаас үзэхэд тэрээр Энержи ресурст багтдаг хоёр компанийг эзэмшдэг учраас өөрт нь хоёр хувь ногдох ёстой ажээ. Зөвхөн Сү. Батболдод гэхэд таван тэрбум ам.доллар буюу монголын 2 сая 500 мянган иргэн таван жил идэх мөнгө ногдож байгаа юм.

Бүлэг 2. Буруу нь юунд байгаа юм бэ?

Юуны өмнө 14 олигархийн өнгөрсөн жилүүдийн үйл ажиллагаа нь эргэлзээ төрүүлж байна. Г.Батхүү, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Сү.Батболд, Д.Идэвхтэн, П.Очирбат, М.Энхсайхан ... гээд дандаа хариуцлагатай алба, өндөр суудалд тухалж байсан тэд ард олныг гийгүүлэхээр тоймтой ажил хийсэн үү? Эд нар эрх барьж, алба хашиж байхдаа энэ улсыг хөгжүүлбэл хөгжүүлчхээр, гийгүүлбэл гийгүүлчхээр хугацаа өнгөрсөн баймаар. Гэтэл юу ч хийгээгүй. Зөвхөн өөрсдөдөө ашигтай, олзтой зүйлийг шиншилж байгаад л сонгуульт хугацаагаа өнгөрөөсөн, өнгөрөөж байгаа улс. Тэд өөрсдийн удмынхныг хэдэн арван үеэрээ идээд, хэрэглээд барахгүй их хөрөнгөтэй болголоо хэмээн санахаас ард түмнийг өчүүхэн ч боддоггүй хүмүүст итгэх ямар ч боломж алга. Ард түмний сонголт, итгэлийг хөсөрдүүлж байгаад тэдний буруу нь байна. Ерөнхийлөгч асан П.Очирбат гэхэд л Тамсагийн нефтийг илрэхэд гүйж очин дээлэндээ нялж, “ингээд монголчууд бүгдээрээ баян боллоо” хэмээн уулга алдаж байсансан. Гэтэл өнөө нефтээс нь монголчууд юу ч олж долоосонгүй арав гаруй жилийн нүүрийг үзэв.

Канадууд өдөрт 2000 баррель нефть гаргаж байна гэж тайландаа дурдсан байхад тэднээс авсан хятадууд нь өдөрт 1000 баррель хүрэхтэй үгүйтэй нефть гаргадаг гэж мэлзэж байна. Өөрөөр хэлбэл, 1000 баррель нефть ямар ч бүртгэлгүйгээр хилийн чанад руу өдөртөө гарч байна гэсэн үг.

Дараагийн асуулт “монголчууд авсан нь сайн хэрэг” гэхээсээ ямар арга замаар олж авав? гэдэг асуулт хариултаа хүлээж байна. Хуйвалдаан, эрх мэдэл, албан тушаалаа ашиглах, бусдыг авлигадах, худалдан авах замаар л тэд ард түмний хөрөнгийг гартаа оруулсан. Тэд 14 хувийг өөрсдөдөө үлдээгээд 36 хувийг нь гадныханд худалдана гэж ярьдаг. Яг үнэндээ бол энэ 14 олигархи дотор уурхай ажиллуулах, нүүрс ухах сонирхолтой хүн нэг ч байхгүй. Засгийн газартай гэрээ байгуулмагц маргааш нь өөрт ногдох 1,2 хувиа гадныханд хямдхан ч хамаагүй зарж мөнгө олох гэсэн шуналтнууд. Тэдний 14 хувийг гадныхан авахаар тохиролцчихсон байгаа. Ингэхээр 36 биш 50 хувь нь шууд гадаадынхны мэдэлд очих гэж байна гэсэн үг.

Үүнтэй зэрэгцээд “төр 50 хувь ч биш 34 хувийг эзэмших нь хуульд нийцнэ” гэсэн яриа эрх баригчдын зүгээс гарлаа. Ингэхээр гадныхан 66 хувь эзэмших нь тодорхой болж байна. 14, 36, 50 хувь гэсэн тоонууд бол гэрээ байгуулахын өмнө монголчуудын тархийг эргүүлэхэд л хэрэгтэй тоо юмсанж.

Таван толгойн нүүрсний уурхай ашиглалтад ормогц их хувь эзэмшиж байгаа гадныхан асуудлыг өөрсдийнхөө сонирхлоор шийдэх боломж бүрдэнэ. Улсын Их Дэлгүүр Хувьцаат компанид гарсан явдал давтагдаж жижиг хувьцаа эзэмшигч монголын төрийг “Энэ жил ногдол ашиг хуваарилахгүй, алдагдалтай ажилласан” гэх мэтээр маллах явдал хууль ёсны болно. Үр дүнд нь ард түмэн юу ч олж долоохгүй.

Соко ойл хэмээх гадаадын хяналтад байсан Тамсагийн нефтийн ордыг монголчуудаас асуулгүйгээр Датчин хэмээх хятад компанид худалдчихсан гашуун түүх бий. Энержи ресурсийн луйвраас болоод Таван толгойн 66 хувийг эцсийн дүндээ хятадууд худалдан авах нь тодорхой болж байна. Гадныхан нэг хоёр жил ажиллуулсан болж байгаад Соко ойл шиг хятадуудад худалдах тавилан илүү бодитой харагдаж байна. Эх орны эдийн засгийн аюулгүй байдлыг бусниулж байгаа нь буруу байна.

Эцэст нь хэлэхэд Энержи ресурс компани олох гэж буй хязгааргүй мөнгөндөө найдаад бүхнийг хуу хамж, хулдан авах замаар санаархлаа хэрэгжүүлэхээр улайрч. Тэд Засгийн газраар өөрсдийн болзлыг зөвшөөрүүлээд Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр дэмжүүлж дөнгөлөө. Одоо УИХ-аар хэлэлцүүлэн батлуулна хэмээн бардам суух.
“МАХН-ын 38 гишүүн байгаагаас баттай болгосон 30 гишүүн, Ардчилсан намын 25 гишүүдээс Алтан гадсаар дамжуулаад 15-ыг элсүүллээ” гэж Энержи ресурсын нөлөө бүхий хүн ярьжээ. “Үлдсэн гишүүд нь яаж ч сарвайгаад гэрээ батлагддагаараа батлагдана “ гэж тэр бусдыгаа тайвшруулсан аж.

Үнэхээр ч та бидний сонгосон 56 гишүүн худалдагдчихвал үлдсэн 20 нь юу ч яриад нэмэргүй болох нь тодорхой боллоо. Энержи ресурсынхан УИХ-аар гэрээ нь батлагдана гэж бат итгэсний улмаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бүхэлд нь худалдан авч олон нийтийн тархийг угаахаар түрэмгийлж байна. Тэд энэ ажилдаа хамаг л сайн мэргэжилтэн, сэтгүүлчдийг үнэ хайрлалгүй хөлслөн зүтгүүлж байна. Тэдний дунд ардчилсан, тэгш нийгмийн тухай эрүүгээ чилтэл чалчиж, хуруугаар холцортол бичсэн хүмүүс ч багтжээ.

Хэрвээ энэ хүмүүсийн санаархал биелж УИХ гэрээг баталбал юу болох вэ? Асар их мөнгө олж авсан олигархиуд олны уур хилэнг зайлуулах үүднээс шүүх, цагдаа хууль сахиулах хүчнийг хуйгаар нь худалдан авах болно. Цаашилбал эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд шударга сонгуулийг үгүй хийнэ. Бүгдийг худалдаж авна гэсэн зарчмыг монголд тогтооно.

Асар их мөнгө(монголын ард түмнийг 200 жил тэжээх хөрөнгө шүү!) учраас энэ нь түвэггүй биелэх зорилт байх болно.

Монгол орон 14 олигархийн хяналтад орж хөгждөг ч үгүй, үхдэг ч үгүй сүг болон хувирна. Яг ийм замаар явчихсан улсууд бэлээхэн байж байна. Мексик бидэн шиг асар их баялагтай ч цөөн тооны олигархиуддаа залгиулснаас баян хоосны ялгаа туйлдаа хүрснийг бид мартах ёсгүй. Баячууд нь мориндоо алтаар жүчээ босгож байхад ядуус нь хоолны мөнгө олохоор Америк руу амиа золин цагаачилдаг Мексикийн тавилан биднийг хүлээж байна.

Төгсгөл

Тэгээд яах вэ? гэж асуух хүн олон байгаа.
Юуны өмнө хэлэхэд нүүрсний үнэ, хэзээ ч үнсний үнэтэй тэнцэхгүй тул яарах хэрэггүй тайван байцгаая. Өмхийрөөд ялзрахгүй нь л үнэн. Гэрээгээ хурдхан батлуулах гэхдээ олигархиудын зохиолгосон үлгэр шүү дээ. Тэд яагаад яарав? .... Сонгууль ойртож байгаа болохоор. Ирэх сонгуулиар энэ луйварчдыг хэн ч сонгохгүй. Тэгэхээр сонгуулиас өмнө “амжиж мөнгөтэй” болохоор яарч байна. Мөнгө байхад эд нар сонгохгүй хаачдаг юм гэсэн ахархан бодолдоо буцалж байна.

Алаагүйн баавгайн арьсыг 14 хуваачхаад хөөрцөглөж байгаа луйварчдыг ялгаж, салгаж харцгаая. Ард түмнээрээ тулхтай хэлцэж, хамгийн зөв шийдлийг олъё.

Орос, Хятад гэх мэт ил тод байдал, байгаль орчны нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхай байдаггүй улсуудын гарт баялаг минь орчих боломжийг хаая. Олон мянган хувьцаа эзэмшигч, хариуцлагатай уул уурхай, туршлагатай нөхөн сэргээлт бүхий хувь эзэмшигч, хөрөнгө оруулагчидтай хэлцэл хийе.

Үндсэн хуульд заасан “газрын хэвлий дэх баялаг ард түмнийх байна” гэсэн заалтыг хатуу сахиулъя. Ард түмний хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон асар их баялаг бүхий орд хэрхэн ямар замаар луйварчдын гарт орсныг тогтоож, хуулийн хариуцлага ногдуулъя.

“Таван толгойг тойроод таван зуун толгой хэрэлдлээ” гэх юм.Хоёр сая толгой хэлэлцээд хамгийн ашигтай шийдэлд хүрч болохгүй гэж үү? Хэрэлдэж хэлцэж байж үнэнийг олох нь ардчилсан нийгмийн үндсэн шинж гэдэггүй бил үү?
Хамгийн гол нь баялгийн жинхэнэ эзэд ард түмэнд Таван Толгойн нүүрсний орд өгөөжөө өгөх хувилбарыг л бий болгоё. Ямар нөхцөлд ард олон хожих гарцаагүй нөхцөлийг бий болгож байж ашиглая.

Таван толгойг завшихаар улирагсад, нам дамнасан олигархиуд замдаа таарсан болгоныг няцалж, хэмхчихээр улайран байна. Таван толгойг ард түмэндээ “Эрдэнийн хишиг” болгон түгээх санаачилга гаргасан Ардчилсан намын даргын машин онхолдсон, буруутан болох гэрэлгүй явсан мотоцикл олдохгүй байгаа зэрэг нь УИХ-аар Таван толгойн гэрээг батлуулахын өмнө тохиож байгаа нь санамсаргүй хэрэг мөн үү? гэж бодоход ч хүргэж байна. Ирээдүйгээ эрүүл саруулаар харж чадах эсэхээс минь та бидний хувь тавилан шийдэгдэх онцгой үе тулж ирлээ.

Таван толгойг яаран шийдвэл та бидэнд үнс ч олдохгүй хоцрох бодит аюул бий болоод байна. Уншигч та нэгийг болгоох биз ээ.

2007.07.23
Дэлгэрэнгүй...

Арван дөрөв

Арван дөрөв

Баялаг хараал уу, ерөөл үү ?

battulga_bodluud_book_coverБаялгийн хараал

“Баялгийн хараал” гэж нэрлэсэн хүчин зүйл байгалийн баялагтай орнуудыг дайрдаг гэсэн санааг Ж.Соросын санаачилгаар хэвлэсэн шилдэг эдийн засагчдын бүтээлийн товхимолд(“Escaping the resource curse” 2007) дурджээ. Байгалийн асар их баялагтай 36 улсыг судлаад 34 нь нэн ядуу байгаагаас тэд ийм дүгнэлт хийсэн байна. Монголчууд бид ч энэ дүгнэлтээс нэг их гажсангүйг түүх харуулна.

1920 он. Сэцэн хан аймаг. Хөвчийн Жонон вангийн хошуу. “Балт минь сайн газарчлаарай. Газарчин Балтын зүтгэлээр алт олж чадвал Жонон вангийн хошуу байтугай Сэцэн хан аймаг даяараа, сохор гуйлгачин хүртэл баяжна”

Хошуу ноён нь газарчин Балтыг алтны оросуудтай явуулахын өмнө ийн захив. Энэ бол “Төөрсөөр төрөлдөө” кинонд бууж үлдсэн баримт.

1972 он. “Эрдэнэт” үйлдвэрийг оросуудтай хамтарч ашиглахын өмнө МАХН-ын Улс төрийн Товчооноос “Дэлхийд аравт орох энэ үйлдвэр ашиглалтад ороод бид коммунизмд орж хутга тавилгүй мах иднэ” гэж сурталдав. Ядаж Эрдэнэт хот гайхахаар хөгжилд хүрсэнгүй.

1996 он. Тамсаг булаг. Ерөнхийлөгч П.Очирбат шинэхэн дээлэндээ тос нялж шоудангаа “Хай, ингээд монголчууд баяжив аа” гэж тунхаглав. Тамсагаас холгүй Матад сумын төв гэж яайжийсан хэдэн байшинтай хүн ам цөөнтэй, гэрэл гэгээ ч үгүй сум байна. Нефтийг нь хятад руу зөөсөөр л...

Үе үеийн ноёдууд ингэж ухуулж байгаад гадныханд ашигт малтмалаа өгч байсан ч ард түмэнд юу ч нялзаж байсангүй. Өчнөөн уурхай баялаг байгаад иргэдийнх нь 70 орчим хувь ядуу байгаа нь үүний илрэл биш үү? Цөөн тооны эрх мэдэлтнүүд л хагартлаа баяжаад, баялаг минь гадагшаа урсдаг нь жам болов. Бороо Гоулд, Цайрт минерал, Нарийн сухайт бүгд энэ жишгээс гажсангүй. Одоо Оюу толгой, Таван толгой дахь асар их баялгийг Улсын Их Хурлаар оруулж батлуулаад араас нь оруулахаар яаруулж байна.

Өнөө үед дэлхий дээр газрын баялаг дахь алт, мөнгөнөөс илүүтэй эрчим хүчний түүхий эдийг чухалчлан үзэж байна. Нефть, нүүрс бол газрын баялаг гэхээсээ эрчим хүчний эх үүсвэр юм.

Эрчим хүчний хямралууд

Эрдэмтдийн тооцоолсноор дэлхийн эрчим хүчний 38 хувийг хангаж буй нефть 60 жилийн дараа дуусах гэж тооцоолжээ. Эрчим хүчний таван томоохон хямрал тохиолдсон нь бүгд нефтитэй холбоотой. Үүнээс хоёр удаагийнх нь Иракт гарчээ. 1990 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкер монголд айлчилж байтал Иракууд Кувейт руу дайран орох нь тэр. Ж.Бейкер айлчлалаа зогсоон санд мэнд буцсан бөгөөд нефтийн гурав дахь том хямрал ийнхүү эхэлжээ. /Бид бодохдоо ертөнцийн хязгаарт байгаа хоёр улсын асуудал энэ хүнд ямар хамаатай билээ гэж бодсоор хоцорсон./

Венесуэль(нөөцөөрөө 6-рт ордог) зэрэг нефтийн ихээхэн нөөцтэй орнуудад авторитар дэглэм тогтсон нь хямралыг гааруулж, урьдчилан төлөвлөх боломжгүй нөхцөлийг бий болгоод байна. Хятад, Энэтхэг зэрэг улсад эдийн засгийн өсөлт гарч байгааг дагалдан эрчим хүчний хэрэгцээ нь өссөөр байна. Одоо тэгээд нефть дуусахаар яах вэ?

Ирээдүйн түлш

Нефть дуусчхаар амьдрал зогсчих юм шиг сэтгэх хэрэггүй. Нүүрс гэж эн тэргүүний орлогч байгаа юмсанж. Аль 1923 онд Германы эрдэмтэд Фишер, Тропш нарын туршилтаар нүүрснээс шингэн түлш /CTL/ гаргаж авч болох туршилтыг нотолсон байна. Хямд, хялбар энэ технологийг Гитлер онцгой анхаарч, Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы хуягт танкууд энэ шингэнийг хэрэглэжээ. Тэр үед Японд ч CTL -хэрэглэж байв.

“АНУ-д В-52 стратегийн бөмбөгдөгч онгоц нүүрснээс гаргаж авсан шингэн түлш (CTL) хэрэглэх туршилтыг амжилттай хийлээ” гэсэн мэдээ цацагдсанаар нүүрс стратегийн бараа болов. Пентагон 2016 он гэхэд америкийн нисэх хүчний онгоцнуудын 50 хувийг ийм төрлийн түлшээр ажиллуулах зорилт тавьжээ. 2008 он гэхэд Пентагон 400 сая литр CTL үйлдвэрлэхээр шамдаж байна. CTL нь дизель түлшнээс дөрөв дахин хямд юм байна.Ингээд нүүрс л хамгийн найдвартай эх үүсвэр боллоо гэдгийг дэлхийд тодорхой боллоо. Гэтэл монголд “арван жилийн дараа нүүрс үнс болох юм” гэсэн мунхруулга ид хүчээ авч байдаг. Муу ёр уу?

Их гүрнүүд ба эрчим хүчний стратеги

Их гүрнүүд эрчим хүчний нөөцийн асуудалд туйлын ултай, хашир хандаж байна. АНУ гэхэд өөрийн нутагт байгаа нефть, нүүрсний ордуудыг бараг ашиглахгүй байгаа. Тэд зайлшгүй ирэх “хар өдрүүдэд” баялагаа нөөцөлж байна. Өмнөд хөрш маань нүүрснийхээ нөөцөөр дэлхийд гайхагддаг ч ашиглах гэж яарахгүй байна. Монголд сул шахуу үнээр авчих асар их нүүрс байхад яарах юун.

Хойд хилийн цаана Тувад Элээтийн орд, Сахад Эльгиний орд гэж мөн л Тавантолгойгоос дутахааргүй ордууд нээгдсэн ч “үнс болчхоос өмнө зараад авъя” гэж яарахгүй л байна. Тэд муу ёрлосонгүй. Оросууд маш их хэмжээний коксжидог нүүрс, Ж маркийн ховор чанар бүхий нүүрстэй эдгээр ордыг 2012 оноос л ашиглая гэж шийджээ. Тэд яагаад алгуурлана вэ?

Дэлхийн дайнууд урьд өмнө нь материал баялгийг хомсдол, үзэл суртлын ялгаа, эдийн засгийн хямрал зэргээс үүдэж байсан. Одоо бол эрчим хүчний хэрэгцээнээс үүдэж л дайн гарах нөхцөл үүсээд байна. Эрчим хүчний найдвартай эх үүсвэр, нөөцийг эзэмшсэн технологи, эдийн засаг, цэргийн хүчин чадал бүхий улсууд л санаачлагыг атгах болно.
Үүнийг алсаас харж, тооцож байгаа их гүрнүүд стратегиа хэрэгжүүлж эхэлжээ. Америкчууд бусдаас түрүүлж хөдөлсөн байна. Иран–Иракийн дайны үеэс Саддам Хусейнд дэмжлэг үзүүлж түүний дарангуйлагч болох замыг засаж байгаад том Бушийн үеэс Саддамыг “хадны мангаа” болгож харагдуулсаар бага Бушийн / Бушийг эцэг, хүү гэдгийг бид сайн мэднэ./ үед “нугаслаж” улмаар Иракийн нефтийг(нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт орж буй) хянах боломжийг олж авчээ. Үүгээр ч зогсохгүй Оросын нутаг дээрхээс бусад нефть дамжуулах хоолойнуудыг америкчууд хяналтандаа авч чадлаа. АНУ бодлогоо дэлхийд тулгаж чадаад байгаагийн хүч нь энэ.

ОХУ гэхэд нефть олборлолтоороо долдугаарт ордог чамлахааргүй нөөцтэй ч баялагаа үр дүнтэй ашиглах үүднээс хүчин чадал, нөөц боломжоо нэгтгэж төвлөрүүлж чадлаа. Тэд 1993 онд байгуулагдсан Газпром Хувьцаат компанийн төрийн мэдлийн хувьцааг 51 хувьд хүргэж, төрөөс гадаад, дотоод бодлогоор дэмжсэний үр дүнд өөрийн хөрөнгөний хэмжээгээр Микрософтоос давж гарсан том компани болгожээ. Газпромд 400-аад мянган хүн ажиллаж байгаа бөгөөд төрийн мэдлээс гадуурх хувьцаа эзэмшигчдийн тоо 500 мянгад хүрээд байна. Ажиллагсдын дундаж цалин 15 мянган ам.доллар.

В.Путин сонгуульт хугацаагаа дуусгамагц Газпромын Ерөнхий захирал болохоор бэлтгэж байгаа нь одоо нууц биш болжээ. Д.Медведев /ОХУ-ын дараагийн ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа /Улс орны эдийн засгийн 40 хувийг дангаараа эзэлж байгаа компанийг удирдана гэдэг Оросыг удирдсаар байна аа л гэсэн үг. Оросууд Путиныг гурав дахиа сонгох хүслээ ийм замаар биелүүлж байх шиг. Тэд АНУ-ыг сөрөх холбоотноороо Европыг сонгож Германы канцлер асан Г.Шрейдерийг компанийнхаа зөвлөхөөр авчээ.

Урд хөрш нефть багатай болохоор нүүрсэнд ач холбогдол өгч байна. “Триллион юань буюу 128 тэрбум ам.долларыг CTL үйлдвэрлэхэд зориулахаар боллоо” гэж Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн хорооноос мэдээллээ. Төслийн зорилго нь 2020 он гэхэд 30 сая тонн CTL, 20 сая тонн DME(диметилийн эфир) гэсэн түлшнүүдийг нүүрснээс гаргаж авахад орших юм. Энэ зорилгоор аж үйлдвэрийн долоон районд нүүрснээс шатахуун гаргах том хэмжээний үйлдвэрүүд барих болно. Шинжаанд барих үйлдвэр нь 10 сая тонн CTL гаргах бол Өвөрмонгол дахь үйлдвэр 10 сая тонн метанол гаргах чадвартай юм байна. Мөн Өвөрмонголд таван сая юаны зардлаар зүүн хойд муж Ляонин руу хоолой татаж байгаа бөгөөд түүгээр шингэн түлшээ зөөвөрлөх гэнэ. 2006 оны долдугаар сард Хятадын Засгийн газар нүүрснээс жилд гурван саяас доош тонн шингэн түлш гаргаж авах үйлдвэрт зөвшөөрөл өгөхгүй гэж мэдэгдэв.
Хятадын Засгийн газар нүүрсний салбар дахь бүх боломж, хүчийг нэгтгэж Шинхуа хэмээх компанийг байгуулсан нь Оросын жишгийг дагасан хэрэг. Шинхуа нь байгуулагдсан даруйдаа дэлхийн нүүрсний “мангас” гэгдэх АНУ-ын Peabody–той зиндаархаж байна.

Хятад дэлхийд хамгийн томд орох армитай ч АНУ-ын Батлан хамгаалах яамны үнэлгээгээр байлдах чадвар султай орон ажээ. Учир нь хятадын нефтийн нөөц хоёр сарын хэрэглээг хангах төдий юм. Ийм нөхцөлд дайнд орвол хоёр сар болоод бүх зэвсэг техник нь зогсоход хүрнэ. Нефтээр тасралтгүй хангах боломжийг нь АНУ хаачихсан. Тэдний мэдэлд бүх нефть дамжуулах хоолой байгаа шүү дээ.

Эрчим хүчний нөөц гэдэг ийм хүчтэй. Энэ бол стратегийн зэвсэг. Уго Чавес их гүрнүүдтэй мөчөөрхөн цор цор хийгээд яваагийн тулгуур нь дэлхийд долоод орох(Орос, АНУ-аас ч их) нефтийн нөөц нь юм.

Стратегийн ордуудад стратеги дутагдаж байна

Стратегийн орд газруудын жагсаалтад Таван толгой хамгийн түрүүнд багтжээ. Гэтэл уг ордыг эзэмших асуудлаар байгуулах гэрээ, ашиглах төлөвлөгөө зэргээс нь ямар ч стратеги үнэртэхгүй байна.

“14:36:50 гэсэн харьцаагаар хувьцааг хуваана” гээд үүнийгээ маш мэргэн шийдэл гэх маягийн сурталчилгаа нэвт явлаа. Үнэндээ бол бизнесийн ашиг орлогын хувьд ч, улс төр, тусгаар тогтнол, аюулгүй байдлын хувьд ч, үндэстний эрх ашгийн хувьд ямар ч ашиггүй, алсын хараагүй, ямар ч стратегигүй шийдэл юм.

36 хувийг авах компанийг олон улсын нээлттэй тендер зарлаж тодруулна гэжээ. Энэ тендерт ялах компани тодорчихсон. Хятадын нүүрсний салбарыг атгагч Шинхуа хэмээх төрийн өмчит, аварга компани. Тендерийн нөхцөлийг тэдэнд тохируулж зарлахаар монголын төрийн түшээд тохирсон гэх агаад хятадууд “урьдчилгаа” мөнгөө тарааж түүгээр нь монголчуудын тархийг угаах ажиллагаа явагдаж буй. Хятадууд 36 хувьтай болсноор сэтгэл ханахгүй, үлдэж буй 14 хувьд санаархах нь ойлгомжтой. Манай 14 олигархид нүүрс ухаад амьдрах чин хүсэл үгүй тул гэрээ байгуулсны маргааш л Шинхуагийн захирлын өрөөнд өөрт ногдох хувиа зарах талаар ярьж суух болно.
Ингээд хятадууд 50 хувийн эрх мэдлээ даруй тогтоож авна. Монголын төр 50 хувийг эзэмшдэг юм гэхэд өөртэй нь эн тэнцүү эрх мэдэлтэй нөгөө талаа хянаж, жолоодож чадах уу? Төрийн мэдлийн “Эрдэнэс Монголиа” компанийн удирдлага хятадуудын цутгах авилга, хээл хахууль, зусардлагыг тэвчээд өнгөрч чадах болов уу ?

Бизнесийн алтан дүрэм - 51 хувьтай нь эрх барьдаг юм. Улсын стратегийн нөөц баялаг харийнхны бүрэн хяналтад орчихоор эдийн засгийн тусгаар тогтнол юу болох вэ? Үүнээс улбаалаад улс төр маань хаашаа чиглэх вэ? Тэр цагт монгол үндэстний эрх ашгийн талаар дуугарах боломж олдох болов уу?

Хамгийн гол аюул. Маш их мөнгө (250-300 тэрбум ам.доллар) учраас ардчилал шууд няцлагдана. Сонгууль мөнгөөр шийдэгдэж, ард түмний бус гадныхны эрх ашгийг дээдлэх хүмүүст эрх мэдэл шилжинэ. Тэд бүх сонгуулийг хятадуудын мөнгөөр шийдвэрлэдэг болно. Бүх улс төрчдийг нь худалдаад авсан ч хүрэлцэх мөнгө болохоор сөрөг хүчин байхгүй болж мөнгөний дарангуйлал тогтоно.

Брунейн султан гэх ойгүй баян хүн бол эх орныхоо баялгийг Англичуудад(British Petroleum) эзэмшүүлж, хувь эзэмших замаар эрх мэдэл, баялагт хүрсэн хүн бөлгөө. Ардчилсан улс гэгдэх Англи өөрийнхөө эрх ашгийн төлөө бусад ард түмний эрх ашиг, тусгаар тогтнолыг нулимж чаддаг байхад Хятад яах нь дэндүү ойлгомжтой.
Тэгэхээр стратегийн асуудал маань 14 хувийг өгөх үү, байх уу биш, тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилал монголд байх уу, үгүй юу болоод байна.

Балт шиг хоосон хоцрохгүй юмсан

Газарчин Балт алттай газрыг заагаад амар сайхан амьдралд хүрсэнгүй. Ноёдод адлагдан ууланд гарч, урвагчдын гайгаар мөглөнд сууж, гэр бүл, сайн сайхан бүхнээ алдан улмаар алагдана. “Таван толгойг бидэнд өгчихвөл бүгдээрээ баяжна, үгүй бол үнс болно шүү” гээд байгаа хүмүүс ард олныг Балтын араас явуулах гэж байгаа. Уг нь арван дөрвөн эрхэм бол нүүрс үнс болохгүйг, түүнээс шингэн түлш гаргадгийг сайн мэдэж байгаа, маш өндөр боловсролтой хүмүүс.

Ингэхэд үнс болохоос өөр боломж байхгүй юм уу? Байгаа зөндөө бий. Олох мөнгөндөө урьдчилж согтчихоод, яарч байгаа улстөрчид л яаруулж байгаад бушуухан гэрээгээ хийгээд авахаас өөрийг хүсэхгүй. “Монголчуудад уурхай барих мөнгө байхгүй гэнэ. Ухаад урагшаа зөөгөөд байя л гэнэ” Хэний эрх ашиг гэдэг нь ойлгомжтой. Монголчуудынх л лав биш.

Нүүрсийг ухаад зөөснөөс шингэн түлш болговол жинхэнэ стратегийн орд гэдэг утгандаа дүйх бус уу? Хөрөнгө мөнгө байхгүй гэдэг асуудал биш.

Үнэн хэрэгтээ бол нэгэнт бодитойгоор байгаа, нөөц нь тогтоогдчихсон ордыг хөндлөнгийн шинжээчдээр үнэлүүлээд, тэрүүгээрээ дэлхийн хөрөнгийн биржүүд дээрээс мөнгө босгох боломж байгаа шүү дээ.

Бид нар анх удаа нүүрс ухах гэж байгаа биш. Өчнөөн л нүүрсний уурхай, хангалттай туршлага байна. Шаардлагатай хөрөнгө нь босоод ирэхээр олон улсын шилмэл мэргэжилтнүүдийг хөлслөөд ажиллуулж болно. Оросууд германы канцлерыг хөлсөлж болоод байгаа биз дээ. Технологи, ноу хау, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдаж авах нь эх орноо харийнханд худалдахаас илүү хялбар, нэр төртэй хэрэг.

Нүүрсээ зарлаа гэхэд өртөг шингээж баяжуулаад, ангилаад худалдвал нэмүү өртөг нь монголд л үлдэнэ. Гэх мэтээр тал бүрээс нь бодъё, хэлцэе. Яарах хэрэг юу байна. Нүүрс үнс болох цаг хэзээ ч ирэхгүй.

Ямар ч тохиолдолд монголын ард түмэнд ашигтай гэрээг л байгуулах хэрэгтэй. Ирээдүйд бий болох нөхцөл байдлыг, үндэсний эрх ашигт нийцүүлэн тооцож байж л Балт шиг юу ч үгүй үлдэх, үндэстнээрээ үгүй болох бодит аюулыг зайлуулна.

Баялагаа эхэнд дурдсан шиг хараал, ерөөл болгох уу эсвэл хөгжлийг хурдасгах технологи болгох уу гэдэг салаа зам дээр тулж ирлээ. Арван дөрвөн монголын үйл хөдлөлийг ард түмэн анхааралтай харж, хүлээж байна.
Зөв шийдвэр гаргаж ардын баатар болох уу, амиа хичээж амьдралынхаа туршид хараал хүртэх нь үү өөрсдөө шийдэх бас нэгэн салаа зам дээр иржээ.

2007.07.26
Дэлгэрэнгүй...

Эрийн гурван наадам маань эрчүүд биднийх хэвээрээ юү

Эрийн гурван наадам маань эрчүүд биднийх хэвээрээ юү

battulga_bodluud_book_coverГавьяат тамирчин Д.Цэрэнханд 2006 онд Чингис хааны тахилгын барилдаанд шөвгийн дөрөвт үлджээ. Гавьяат тамирчин Х.Эрдэнэт –Од хэмээх жүдо бөхийн шигшээ багийн тамирчин бүсгүй саяхан болсон ДАШТ-ээс Гиннесийн номд орохоор шахам амжилт гаргажээ. Тэрээр улсын аварга цолыг жүдо бөхөөр 16 удаа, самбо бөхөөр 10 удаа хүртжээ. Самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, жүдогийн Азийн хошой аварга, Азийн тоглолтын аварга, дэлхийн аваргын хүрэл медаль гэхчлэн эрчүүд ч атаархмаар амжилтын эзэн болжээ. Монголын жүдо бөхийн эмэгтэй шигшээ баг саяхан болсон ДАШТ-ээс багаараа хүрэл медаль хүртсэн билээ. Энэчлэн монгол бүсгүйчүүд дэлхийд түгсэн спортын төрлүүдээр эрчүүдтэй зэрэгцэн тулалдаж байна .


Үндэсний спортод ч тэд мөн хүч түрэн орж ирлээ. Сурын харваа, морины уралдаанд бүсгүйчүүд амжилт үзүүлээд удаж байгаа бөгөөд эмэгтэй тод манлай уяач удахгүй төрөх нь дамжиггүй. Энэ янзаараа үндэсний бөхөд нэг их удахгүй эмэгтэй начин, заан төрж, улсын цолоо дуудуулах бололтойдог. Амьд явахад аальгүй ламыг үзнэ гэгчээр “Далай даян аварга Алимаа дэвэн дэвсээр гарч ирлээ”, “Үзүүр түрүү булаацалдахаар улсын арслан Цэцэгмаа, дархан аварга Оюунтуяатай гарч ирлээ” гэх маягийн тайлбар сонсох цаг холгүй болов. “Эмэгтэйчүүд ч цолны найраанд адтай байна шүү” гэсэн шүүмжлэл ч дагалдах магадлал бий боллоо.

Өвөрмонголын бүсгүйчүүд биднээс өрсөөд зодог, шуудаг өмсчихсөн барилдаж байна. Ар монгол бүсгүй гавьяат тамирчин Д.Цэрэнханд 2006 онд Зүүн Үзэмчин, Зүүн Сөнид хошуудын 50 жилийн ойн зэрэг 126 бөх зодоглосон хамаг л наадмын бөхийн түрүүг авч, Чингис хааны тахилгын барилдаанд шөвгийн дөрөвт үлджээ.

Ингээд бодохоор эрийн гурван наадам нэрээ солих, эсвэл эмэгтэйчүүдийг оролцуулахгүй болох хэрэг гарах нь ээ. Нэр уснаасаа эхлэн тайлбар нэхсэн наадам маань хуульчлагдаад эхэллээ. 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хууль баталсан нь ерөнхийдөө инээдэмтэй явдал болсон юм. Үндэсний спорт, үндэсний баяр наадмынхаа тухай хууль гаргадаг улс орон дэлхийд ганцхан Монгол л байх шиг.

Япончууд сумогийн башёгийн тухай хууль гаргаагүй, Эзэн хаан нь цолны үнэмлэх дээр нь гарын үсэг зурдаггүй, болоод л байна. Францчууд бидэнтэй ойрхон долдугаар сарын 14-нд тэмдэглэдэг Үндэсний баярынхаа талаар хууль гаргаж амжаагүй байна.

Бөхийн барилдаан, морины уралдаан, сурын харвааг тус тусынх нь холбооны дvрмээр зохицуулсаар ирсэн билээ. Болохгvй юм юу ч байгаагүй. Харин яагаад заавал баяр наадмын хуультай болох гээд байсны учир нь Их Хуралд маш олон наадамчин гишүүн байдгаас улбаатай бололтой. Энд маш олон удаагийн наадмын аваргаас өгсүүлээд тод манлай уяач олноороо байна. Харвадаг, нясалдаг хүн ч ганц хоёр бий. Гэхдээ тэр болгоноо хуульчлаад, болж байсан юмны горимыг алдагдуулаад завхруулаад байж боломгvй.Бөхийн цолны vнэмлэх дээр Ерөнхийлөгч гарын vсэг зурах нь хэр зохистой юм бол. Баяр наадмын комиссын дарга, аль эсвэл тухайн холбооных нь тэргvvн батламжлахад л хангалттай биш үү.

2003 оноос өмнө үндэсний баяр наадам зориулсан хуульгүйгээр үндэсний уламжлал, соёлыг бүрэн хэмжээгээр илэрхийлж, ард түмний их баяр байж чаддаг байлаа. Хуультай боллоо гээд айхтар өөрчлөлт, дэвшил гарсангүй. Төр, засаг юм болгонд хуруу хошуугаа дүрэх гээд байх хүслээс л баяр наадмын хууль шалтгаалаад байх шиг. Баяр наадмын тухай хууль чухал юм бол Цагаан сарыг тэмдэглэх тухай хуультай ч болох ёстой болно. Адилхан л барилдаж, уралддаг шүү дээ.

Наадмын хууль дагасан мэтгэлцээн

Ноднин наадмын өмнөхөн Ерөнхийлөгч наадмын тухай хуульд хориг тавьснаас үүдэн бяцхан маргаан өрнөснийг хурлын тэмдэглэлээс нэхэн сонирхлоо.

“Ц.Нямдорж: - Манай наадмын хууль бол хэрэг дээрээ хоёрхон өдрийн үйлчилгээтэй хууль, жилд ганцхан удаа болдог. Ердөө л ийм хууль. Огт хэрэгжихгүй заалтууд хууль дотор байгаа учраас хэлэлцэж байгаад допингтой холбоотой заалтыг нь хасчихсан юм шүү дээ. Наадмын хууль 2003 оны зургадугаар сарын 9-нд гарснаас хойш моринд нэг ч удаа сэргээшийн шинжилгээ хийгээгүй болж таарч байгаа. Тэгээд энэ хуулийн заалт зөрчигдөөд өнөөдрийг хүрсэн, үүний хариуцлагыг хэн хүлээх ёстой юм бэ. Харваач, уяач, бөхөд цол өгдгөөрөө Ерөнхийлөгч хүлээх ёстой юмуу, эсвэл баяр наадмыг зохион байгуулах комисс хүлээх ёстой юмуу, Засгийн газар хүлээх ёстой юмуу гэдэг л асуудал босож ирээд байгаа юм л даа. Яах вэ хариуцлага хүлээх юм бол тэр хоригоо тавиад, заалтаа хэвээр нь авч үлдээд явж болно л доо. Өнгөрсөн таван жилийн хариуцлагыг хэн хүлээх вэ.

Д.Зүмбэрэллхам
(Ерөнхийлөгчийн зөвлөх): - Бидний ойлгож байгаагаар гүйцэтгэх засаглалын байгууллага л хуулиа хэрэгжүүлэх ёстой. Гүйцэтгэх засаглалын байгууллага хуулийг биелүүлсэн үү, үгүй юу гэдэгт УИХ хяналтаа тавьж, хариуцлага хүлээлгэх асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд гүйцэтгэх ёстой. Ер нь онолын хувьд ч тийм байдаг.

Ц.Нямдорж: - Үгүй шүү. Хуулийн заалт биелээгүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, уяачид цол өгснөөрөө эхний ээлжид хариуцлага хүлээнэ, Багабанди, Энхбаяр гэдэг хоёр хүн. Зүй нь цол өгөхийн өмнө моринд сэргээшийн шинжилгээ хийсэн үү, үгүй юү гэдгийг магадлаад, хариу нь гарсан хойно цол өгөх ёстой, тийм биз. Засгийн газар ч хариуцлага хүлээхгүй, наадмын комисс ч хариуцлага хүлээхгүй. Эцсийн дүндээ зарлигаар цол өгдөг. Зарлиг гаргах үндсэн нөхцөл бол эхний тавд ирсэн морины сэргээшийн шинжилгээ хийсэн байх ёстой. УИХ сэргээшийн шинжилгээ хийдэг газар биш, цол өгдөг газар биш шүү дээ. Тэгэхээр би яагаад ингэж хариуцлагатай холбож асуугаад байна вэ гэхээр хэрэгжихгүй хуулийн заалтын төлөө зүтгээд байгааг мухарлах гэж л ийм асуулт тавиад байгаа юм.

Н.Баяртсайхан: - Телевизээр сонсож байсан чинь сүүлийн дөрвөн жилд баяр наадмын үед морь унаж явсан 18 хүүхэд амь насаа алдсан байна. Ийм юмаа ярьж хуулиар зохицуулахгүй байж допинг яриад яах юм бэ. Бусад оронд морь унахад жокей гээд жижиг биетэй, насанд хүрсэн хүмүүсийг унуулдаг шүү дээ. Алийн болгон бид хүүхдийн амь насаар тоглож баяр наадам хийж байх юм бэ.

С.Баярцогт: - 2003 оноос өмнө ийм хуульгүй байхад төрийн баяр наадам явагддаг л байсан. Түрүүн Нямдорж гишүүн ноцтой асуудал сөхлөө.Аягүй бол энэ Ерөнхийлөгч нар чинь Баяр наадмын хууль биелүүлээгүй, Үндсэн хууль зөрчсөн гээд явахаар байна шүү дээ. Тийм буруу юм руу яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ юмыг нь цэгцэлсэн арга хэмжээ авъя.

Р.Эрдэнэбүрэн: - Бид ёс заншлын хэм хэмжээг, уламжлалыг хууль болгоод ардын уламжлалт наадмын утгыг алдагдуулаад байна.Хуульчилж нарийвчлахын оронд төрийн бус байгууллагуудад хариуцуулж өөрсдөөсөө холдуулах хэрэгтэй. Ялангуяа төрөөс холдуулах хэрэгтэй. Үндэсний онцлог, төрийн их баяр наадам гэдэг тэр ойлголтуудыг алдагдуулахгүйгээр төрийн бус байгууллагуудаар хийлгэх боломж бол байгаа. Яваандаа Үндэсний баяр наадмын тухай хуулийг байхгүй болгох хэрэгтэй.

Наадмыг журамлах оролдлогууд

Анх 1922 онд жанжин Д.Сүхбаатарын гаргасан Үндэсний баяр наадамтай байх саналыг Засгийн газар хэлэлцээд 1922 оны долдугаар сарын 25-ны өдрийн хурлаараа улсын баяр ёслолын дүрэм(хууль биш шүү!) баталж, “…бидний Монгол ардын журамт цэрэг Олноо өргөгдсөний 11-р оны зуны сүүл сард гадаадын харгис дайсныг арилгаж, Нийслэл Хүрээг эзэлж, мөнхүү сарын шинийн 6-ны өдөр хэмжээт цаазат засгийг явуулсны тулд одоо зүй нь улсын баяр ёслолыг жил бүрийн зуны сүүл сарын шинийн 6-ны өдөр явуулбаас зохино” хэмээн тогтжээ. Энэ дүрмийн дагуу 1925 он хүртэл улсын баяр наадмыг жил бүрийн зуны сүүл сарын шинийн 6-ны өдөр тэмдэглэж байсан нь аргын тооллоор өөр өдрүүдэд тохиож байсан байна.

Буян-Ухаагийн дэнж дээр болсон эрийн гурван наадмын хүчит бөхийн барилдаанд Луу гүний Вандан заан түрүүлжээ. Сурын харваанд Д.Сүхбаатар 20 сум тавьж, 20 онон түрүүлж “Маш гайхамшигт, нэмэх идэр мэргэн” цол шагнуулж байжээ.

1925,1934,1935,1941, 1952, 1961 онд улсын наадмыг журамлах маягийн тогтоол шийдвэрүүд гарч байсан нь ихэвчлэн наадмын хэд хоног үргэлжлэх хугацааны талаар дурдсан байдаг. Ингэж явсаар 2003 онд анх хууль тогтоогчид наадмын нарийн ширийнийг зохицуулах маягийн хууль гаргасан байдаг.

Наадмын үеэр хөгтэй явдлууд гардаг байснаас дурдвал 25 дахь баяр наадмаар ардын аж ахуйн ололт амжилтын үзэсгэлэнг боловсон маягаар нээх юм болж бүтэн толгой улаан даалимбыг тэр чигээр нь үзэсгэлэнгийн үүдэн дээр хэцлэн татжээ. Ёслолын ажиллагаа эхэлж, тууз хайчлах болоход Бум хурандаа нөгөө даалимбыг огтлох гээд баралгүй удаан ноцолдож 10 минутын дараа арайхийн тасалжээ. Маршал Х.Чойбалсан түүнийг дооглон “ёслолын тууз чинь гурван хуруу төдий өргөнтэй торгомсог зүйл байдгийм” хэмээн сэнхрүүлсэн нь тэмдэглэгдэн үлдсэн байна.

Мөн 25 жилийн ойн баярын парадыг командалсан Мижид жанжин Чойбалсанд рапорт өгөхөөр индрийн өмнө ирээд мориноосоо унажээ. Тоомсог үүлдрийн өндөр морь индрийн өмнө ирээд цоройход Мижид хондлойг нь даган гулссан ажээ. Шороонд хутгалдсан Мижид жанжин газраас малгай авч ёслоход нь маршал уурсан, хөөж явуулжээ.

Миний санал

2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг батлан гаргаснаар ард түмний уламжлалт баяр цэнгүүн маань утга агуулгаасаа хазайн төрийн албан ёсны арга хэмжээний статустай болж, төр өөртөө хариуцлага, үүргийг авснаар олон асуудлаар төр хууль эрх зүйн хариуцлага хүлээхэд хүрчээ.

Нуршилгүй голыг тоймлоход, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, хүүхдийн амь нас эрүүл мэндийн талаар төрөөс хүлээх үүрэг хариуцлагын асуудлаархи Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, олон улсын эрх зүйн актуудыг наадмын морин уралдаан зөрчиж байдаг нь төр ийм зүйлийг албан ёсоор өөгшүүлэгч, дэвэргэгч болгон харагдуулж байна.

Сүүлийн 10 жилийн байдлаар наадмын хурдан морины уралдааны явцад 17 хүүхэд нас баржээ. Жил бүрийн наадмаар 1-5 хүүхэд эндэж байгаа бөгөөд энэ тоо өсөх хандлагатай байна.

Нөгөө талаар спортын сонгомол шинж чанарыг(цаг хугацаа, орон зай, талбай, жин, насны хязгаарлалт байхгүй) агуулаагүй ардын наадам, сорил, өрсөлдөөний шинжтэй уламжлалт зүйлсээс допингийн шинжилгээ нэхэх, ардын уламжлалт наадамд оролцогчдод төрийн зүгээс албан цол чимэг, гуншин өгөх зэрэг нь уламжлалт ёс заншил гэх утгыг алдагдуулж байна.

Дэлхий дээр олон үндэстэнд эрт үеэс уламжилж ирсэн өрсөлдөөнт наадам, наадгай байдаг агаад тэдгээр нь өнөөгийн дэг жаягт нийцэхгүй, оролцогчдын амь нас эрүүл мэндэд эрсдэлтэй байх нь олонтаа. Жишээ нь, Испанид бухыг олны нүдэнд жадалж алах, буханд мөргүүлэх, арлын Японд ч олон төрлийн ийм үзүүлбэр байх. Энэ мэтчилэн дурдвал олон л юм бий.

Гэвч төрийн зүгээс ийм уламжлалт зүйлсийг хуульчлах, стандартчилах оролдлого хийдэггүй. Бас хорьж цагддаггүй. Энэ нь уламжлал ёс заншлын хүрээнд, оролцогчдын сайн дурын үндсэн дээр явагдаж, тэдгээртэй холбогдсон харилцааг тухайн чиглэлийн ТББ-ын дүрэм журмаар зохицуулж байдаг. Наадмын морины уралдаан нь хуулийн хариуцлага хүлээх насандаа хүрээгүй, учрах эрсдэл, аюулыг бүрэн дүүрэн ухамсарлах хүүхдүүдтэй холбоотой байгаа болохоор төрөөс хуульчилсан харилцаа тогтоох нь төр өөрөө буруудах үндсийг тавьж өгч байгаа юм.

Иймд Үндэсний баяр наадмын хуулиар төр бүхий л зүйлд хутгалдан, үймүүлж байгааг халж, наадмын хүрээнд явагдах уралдаан тэмцээн, түүнтэй холбогдсон харилцааг тухайн чиглэлээр байгуулагдсан ТББ-уудын дүрэм журмаар зохицуулж, төр зөвхөн зохион байгуулалт, санхүүжилтийн зарим асуудлыг хариуцахаар хязгаарлах шаардлагатай байна.Дэлхийд ганцхан байдаг дэнж хотойлгох наадмаа дээр дороо бодож үзэх цаг нэгэнт иржээ.

2008.01.18
Дэлгэрэнгүй...


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.