Г.Батхүү ЗХУ-д инженер-эдийн засагчийн мэргэжил эзэмшин Авто засварын заводын Их засварын цехэд засварчин, мастераас ажлын гараагаа эхэлж Дэд бүтцийн хөгжлийн яамны Зам тээврийн газрын дарга, улмаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд хүртэл дэвшин ажилласан билээ.
Ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үйл хэрэгт анхнаас нь оролцож явсан Г.Батхүү 2000 онд ардчиллын төлөөх намууд нэгдэж, Ардчилсан нам байгуулагдахад тус намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоог үүсгэн байгуулж, Ерөнхийлөгчөөр нь 2007 он хүртэл ажиллаж байв. 2007 оноос эхлэн АЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Түүний үүсгэн байгуулсан Ардчилсан залуучуудын холбоо нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх үйлсэд даацтай хувь нэмэр оруулж, залуу үеийнхэнд ардчилсан үзэл бодлыг төлөвшүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг сурталчлах ажлыг орон даяар амжилттай зохион байгуулж ирсэн түүхтэй.
Г.Батхүү нь 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар томилогдон ажиллаж, 2008 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулж, Өвөрхангайчуудыг төлөөлөн хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй туршлагатай парламентчдын нэг юм.
Г.Батхүү 2008 оноос эхлэн Монгол Улсын Их Хурлын Дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх Хорооны Орлогч Дарга, Монгол Улсад Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Комиссын Дэд даргаар ажиллаж байна.
Тэрбээр Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн бөгөөд Монгол-Израйл, Монгол –Хятадын парламентын бүлгийн дарга, Монгол –Швед, Монгол –Франц, Монгол –Европын парламент, Монгол –Канад, Монгол –Америк, Монгол –Японы парламентын бүлгийн гишүүн.
Г.Батхүү эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Нийгмийн сайн сайхны төлөөх үйлсийг дэмжигч. Хөдөөд ажлын байр бий болгох, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад анхаарал хандуулан ажилладаг улстөрч.
Түүний хувьд бизнесийн салбарт ч амжилт олсон намтар бий. Тухайлбал, “Шунхлай” ХХК-ийн Ерөнхий захирал, “АПУ” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, эдгээр компаниудыг бизнесийн ертөнцийн тэргүүн эгнээнд авчирсан хүн бол Г.Батхүү.
Монголын шууданчдын холбооны ерөнхийлөгч, Монголын тээвэрчдийн нийгэмлэгийн тэргүүн, Монголын авто машин, мотоциклын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг тэрбээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн салбарынхантайгаа өнөө ч холбоотой хэвээр. Үүний зэрэгцээ Монголын хүүхдийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, спортын ирээдүйн алдартнуудыг төрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Түүний хамгийн том хобби бол хурдан морь уралдуулах. Энэ тал дээр түүний олсон амжилтаас товч дурьдахад, 1999 онд Монгол Улсын Алдарт уяач, 2006 онд Монгол Улсын Манлай уяач цол, мөн түүнчлэн “Шунхлай” угшлын хурдан хүлгүүдийг нь нэрлэж болно. “Морин поло”-гийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг нь ч мөн энэ хоббитой нь холбоотой.




