batkhuu_head_copy
5 сарын 23
  • batkhuu_01
  • batkhuu_02
  • batkhuu_03
  • batkhuu_04
  • batkhuu_045

99 хүн түр ч гэсэн ажлын байртай болжээ

Уншсан: 519 И-мэйл Хэвлэх PDF

УИХ-ын дэд дарга Г.Батхүү төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилго бүхий “Төр ба иргэн” сэдэвт арга хэмжээг 2011 оны есдүгээр сарын 5-наас эхлэн орон нутагт зохион байгуулж байгаа билээ.

Өвөрхангай аймгийн сумдад есдүгээр сарын 25 хүртэл зохиогдох энэхүү арга хэмжээ Арвайхээр сумаас эхэлсэн гэж болно. Учир нь тус аймгийн иргэд, сонгогчдыг төлөөлж УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүд тойрогтоо “Гэр” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд нээлтэд нь УИХ-ын дэд дарга Г.Батхүү оролцсон юм. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болох тэдгээр төрийн түшээд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 320 өрхийг гэр оронтой болгохоор тэрбумын багцаасаа хөрөнгө оруулсан юм байна.

Өвөрхангай аймгийн хэмжээнд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 384 сая төгрөг зарцуулж буй бөгөөд 100 өрх тутмаас нэг айлд иж бүрэн гэр олгохоор тооцжээ. Ингэснээр 8000 орчим өрхтэй Арвайхээр суманд 75 гэр олгосон юм.

Иргэдэд гэр олгох нээлтийн ажиллагаанд оролцсон УИХ-ын дэд дарга Г.Батхүү, “Гэр” хөтөлбөрийн хүрээнд бэлэн гэр ачаад авчирч өгөх биш харин Өвөрхангай аймгийн бүлүүд нэгдэж гэрийн мод, эсгий, бүрээс, оосор хошлон, дээвэр, туурга гэхчлэн бүх иж бүрдлийг өөрсдөө үйлдвэрлэснийг онцолж байлаа.

Тэрээр Арвайхээр сумын нэгдүгээр багийн иргэдийн төлөөлөл Ц.Наранцэцэг, Д.Сарангэрэл, Б.Цогхүү нарт гэрийг нь гардуулан өгч, гэр авсан нийт иргэдэд хандан “Айл бүрийн гэрт аз жаргал, инээд хөөр цалгиж байх болтугай” хэмээн ерөөсөн.

Арвайхээр сумын нэгдүгээр багийн иргэн Ц.Наранцэцэг таван хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, харин Д.Сарангэрэл 5-11 настай гурван хүүхэдтэй аж. Тэд УИХ-ын гишүүдийн дэмжлэг, санаачлагаар иж бүрэн сайхан гэртэй болсон нь “Цагаа, хүнээ олсон, амьдралд өгөөжтэй” хэмээн “Гэр” хөтөлбөрийг үнэлж байв.

Арвайхээр сумын Засаг дарга Т.Гончигдоржийн ярьснаар бол 75 гэрийн мод, дээвэр, туурга, оосор, бүч зэргийг хийхэд сумын 12 бүлийн 99 хүн гурван сарын хугацаанд түр ажлын байртай болжээ. Анх гэр хүссэн 300 гаруй өргөдөл ирсэн бөгөөд багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж 75-ыг нь сонгосон байна. Дөрвөн ханатай, иж бүрэн гэрийн өртөг дунджаар 1.2 сая төгрөгт багтсан аж.

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр эмзэг бүлгийн, нэн ядуу иргэд гэр хүсэх нь их байдаг. Тиймээс ч УИХ-ын гишүүд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай “Гэр” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгааг Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал онцолж байсан.

Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.