5 сарын 23
  • blic01
  • bayar_s_02
  • bayar_s_03
  • bayar_s_04
  • blic02

С.Баяр: Хамтарсан Засгийн газар байгаагүй бол бид өнөөдөр "модоо барьчихсан" сууж байх байсан

Уншсан: 603 И-мэйл Хэвлэх PDF
-Харамсалтай нь МАХН-ын нэрийн хувьд илт хуулиа зөрчсөн шийдвэр гарсан. Н.Энхбаяр гэдэг хувь хүнийх нь хувьд ч гэсэн би харамсдаг л юм-

Улс орны болон улс төрийн амьдрал нэлээд ээдрээтэй байна. Ийм үед зарим нөлөө бүхий хүмүүсийн үгийг сонсохыг ард түмэн хүсдэг. Тэдний нэг бол Ерөнхий сайд асан С.Баяр яах аргагүй мөн. Ингээд УИХ-ын гишүүн С.Баяртай уулзаж ярилцсанаа толилуулъя.

-Юуны өмнө залуу сэтгүүлч миний хувьд тантай нүүр тулан ярилцах гэж байгаадаа баяртай байна. Чуулганы хугацаанд ямар ажлыг амжуулав. Тойрогтоо ажилласан сонин сайхнаас тань яриагаа эхэлье гэж бодож байна?
-Энэ зун ээжийнхээ ажилд тусаллаа. Загас гэдэг хүнсний чухал хэрэглээ байх ёстой. Монголчууд жилд нийтдээ 200 тонн загас хэрэглэдэг болсон байна. Нэлээд том хот суурин газруудын загасны хэрэглээ өндөр болжээ. Байгалийнх нь сав газраас янз бүрийн аргаар барьж авчирч байгаа учраас манай гол мөрний загас асар хурдацтай цөөрч байна. Ялангуяа хулгайн аргаар барьж байгаа учраас загасны сүрэг үргэлж багасаж байна. Байгаль экологийн тэнцвэр алдагдаж байна хэмээн миний ээж үргэлж ярьдаг эрдэмтэн хүн л дээ.
Өмнө нь ээжийнхээ яриаг сонсож, санаа зовохоос цаашгүй байсан.
Харин өнөө жил энэ асуудалд нь анхаарч ээжийнхээ хийж байгаа ажлыг очиж үзье гэж бодоод Завхан аймгийн Харгуй гэдэг газар очсон юм. 1982 оны сүүл 1983 оны эхээр офицер байх үедээ ээжтэйгээ хамт тэр нууранд загас тавьж байсан юм л даа. Сайхан нуур байдаг юм. 1982 оноос хойш 30-аад удаа очсон. Ерөнхийдөө энэ зун Монгол Улсын иргэн, УИХ-ын гишүүний хувьд "загас" гэдэг төслийг боловсруулж эрчимжүүлж цаашид хөөцөлдөх ажилд гол анхаарлаа хандуулж ажиллалаа. Загас судлаач эрдэмтэд, байгаль орчны хамгаалал, хөдөө аж ахуйн хүнсний мэргэжлийн холбогдох хүмүүстэй уулзаж ярилцлаа. Тиймээс "Загас" хөтөлбөрийг боловсруулж, Олон улсын байгууллагууд, Монгол Улсын Засгийн газартай хамтарч тодорхой үр дүнд хүрэх талаар ярьж үр дүнтэй ажиллалаа.

-Загас гэдэг бол нэг талаас хүнсний хангамжтай салшгүй холбоотой. Магадгүй "Атрын гурав" аяны дараагийн хэрэгжүүлэх томоохон хөтөлбөр гэж ойлгож болох уу?
-Нэг талаасаа энэ бол Атрын гуравдугаар аян гэдэгтэй шууд холбоогүй боловч монголчуудын хэрэглээ, байгаль орчны зөв тэнцвэр гэсэн асуултын үргэлжлэл учраас магадгүй ямар нэгэн байдлаар холбогдож байгаа юм. Нөгөө талаас ээжийнхээ насаараа хийж зүтгэсэн ажилд нь өнөөг хүртэл өөдтэй тусалж чадаагүй байсныхаа буруу засаж байгаа юм. Мөн загасны асуудал үнэхээр ноцтой байгаа учраас энэ асуудлыг нэгтгээд залуучуудад хүч өгөөд явж болох юм байна гэсэн итгэл үнэмшил надад байдаг учраас анхаарал хандуулсан.

-ОХУ-ын Эрхүү мужид зохион байгуулагдсан эдийн засгийн форумд оролцсон гэж дуулсан?
-Энэ намар манай улсын том түнш болох ОХУ, ялангуяа Эрхүү мужид зохион байгуулагдсан эдийн засгийн форумын хуралдааныг даргалах саналыг хүлээж авсан. Манай улсын Ерөнхий сайд нээлтэд нь оролцсон. Бүс нутгийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны тухай хэлэлцсэн бага хурал болсон.
Тус бага хурлыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сергей Собянинтой хамтарч удирдсан.
Дэлхийн хэмжээнд эдийн засгийн хямралын дахин шинэ давлагаа эхлэх гээд байгаа юм уу. Эсвэл хуучин хямрал нь дуусахгүй дахин сэдэрч байгаа эсэх нь ойлгомжгүй ийм хэцүү нөхцөлд эрчим хүч гэдэг аль ч улсын эдийн засгийг хөдөлгөж байдаг гол "мотор" учраас энэ асуудлаар олон улсын хэмжээнд санал солилцсон томоохон хуралд оролцлоо. Түүний дараа чуулганы завсарлагаанаар Хятад улсад очсон. Бүс нутгийн хэмжээний том хурал болсон. Япон, Солонгос улсын Ерөнхий сайд тэгээд намайг Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүнийх нь хувьд оролцох санал тавьсан байсан юм. Тэнд ч мөн загасыг хүнсэнд хэрэглэх чиглэлээр үйлдвэрийн боловсруулж буй ажилтай нь танилцсан. Тэнд тул үржүүлгийн аж ахуй байдаг юм байна. Манай улсад тулын тоо толгой үлэмж ховордсон байгаа энэ үед тэдний хийж байгаа ажлын туршлага чухал байсан. Иймэрхүү байдлаар зун, намрыг өнгөрөөлөө дөө.

-Завхан аймгийн ургац хураалттай танилцаж тариаланчидтай нь санал бодлоо солилцсон байх, тийм үү?
-Тэгэлгүй яахав. Нэг их албан ёсоор хурал цуглаан, уулзалт хийхээсээ илүү тэртээ тэргүй "Атрын гурав" аяныг хөөцөлдөж, санаачилсныхаа хувьд хөдөөгүүр явах үедээ нөхцөл байдалтай танилцдаг. Олон тариаланчдыг танина. Энэ жилийн хувьд манай газар тариаланчид магнай тэнэгэр байгаа. Гэхдээ "Атрын гурав" аян гурван жилийн турш амжилттай хэрэгжиж, ургацаа авдаг болсон. Манайхан өөрийнхөө хэрэгцээг хангадаг болсон ч зогсчих гээд байгаа юм шиг санагддаг боллоо.

-Яагаад?
-Шийдэгдээгүй асуудал зөндөө байна. Ургацаа хураагаад авлаа. Түүнийгээ цааш нь яах юм бэ. Борлуулах боломж бололцоог нь газар тариаланчдад төрөөс хангаж, дэмжлэг үзүүлж өгөх ёстой. Хоёрдугаарт дотоодынхоо зах зээлийг хамгаалах ёстой. Ингэж л бид үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихгүй бол болохгүй. Хүнсний асуудал гэдэг бол мэдээж өртөг өндөртэй. Тэгэхдээ тусгаар улсынхаа хувьд бид ядаж хүнсээ өөрсдөө хангадаг болох ёстой гэдэг санааг монголчууд маань эртнээс эрхэмлэж ирсэн шүү дээ. Бид тодорхой үед илүү нөөцтэй болоод ирсэн үед экспортолж, газар тариаланчдад шинэ орлогын эх үүсвэр нэмэгдэх ёстой. Гадаад эдийн засгийн харилцааны асуудал яригдаж эхэлнэ. Нэгэнт оросууд өөрсдөө үр тариатай учир биднээс үр тариа авахгүй байх.

Харин манай улсын газар тариалангийн салбар хөл дээрээ тогтоод ирвэл олон хүн амтай Хятад руу найдвартай гаргадаг эх үүсвэр бүс сувагтай болоод авбал зүгээр юм болов уу.
Түүнийг хийхийн тулд Хятад улсын өөрсдийнх нь стандартад нийцүүлэх ёстой болж таарна. Тиймээс манайхтай цаг агаарын нөхцөл байдлын хувьд илүү ойр байдаг Хятадын бүс нутгийн нөхдүүдтэй уулзаж тодорхой ажил болгож өгөхийг газар тариаланчид маань өөрсдөө яриад байгаа юм л даа.

Тэр ажил дээр анхаарах хэрэгтэй байна. Газар тариалангийн ажлыг байнга дэмжиж авч явах ёстой. Уул уурхайгаас бий болж байгаа хуримтлал орлогоос тодорхой хэсгийг газар тариалангаа байнга тогтвортой ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх үүднээс сан байгуулж тэтгэдэг дэмждэг байх. Ялангуяа дунд жижиг аж ахуйн нэгжүүд зарим тохиолдолд анхаарлын гадна улдчих гээд байдаг тал бий. Нөгөө талаас газар тариаланг МАА-тайгаа хэрхэн яаж хослуулан авч явах вэ гэдэг том асуудал Монголд үүсчихээд байна. Бид хөдөө аж ахуй тэр дундаа МАА, газар тариалан гэсэн хоёр тулгууртай. Бие биенийгээ дэмжиж өгөхгүй бол зарим мал нь тариалангийн талбай уруугаа орчихдог, эсвэл малын бэлчээргүй болдог. Түүнээсээ болоод иргэд аж ахуйн нэгжүүд хоорондоо зөрчилддөг. Орон нутаг яахав чадлынхаа хэрээр зохицуулж байна.

-Энэ талаар хүндрэлтэй байгаа хэд хэдэн аймгууд байгаа юм билээ. Ер нь тариалангийн газар малын бэлчээрийн хооронд багагүй маргаан өрнөдөг шиг байгаа юм?
-Ялангуяа Сэлэнгэ, Булган, Төв, Хөвсгөл аймгуудад нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс хуулиар зохицуулахгүй байна гэсэн байр суурийг орон нутгийнхан илэрхийлж байна. Аль алиныг нь төрөөс дэмжиж байгаа бол зааг ялгааг нь гаргаад өгөөч хэмээн хүсэж байна. Энэ тухай ажил амаргүй ч гэлээ тэдгээр аймгуудаас сонгогдсон төр засгийн түшээдтэй ярилцаж хуулийн зохицуулалт хийхгүй бол горьгүй. Эцэст нь ерөөсөө газар өмчлөлийн асуудал.  Ярих, хэлэхэд амархан. Хийхэд тун хэцүү. Тариалангийн газрыг өмчлөхгүйгээр цаашдаа хөрөнгө оруулалт ярихад бэрхшээлтэй. Хувийн өмч болсон нөхцөлд хөрөнгөө оруулж цаашид ярих бололцоотой учир шийдэх ёстой. Энэ ажлыг олон жил ярьж байгаа. Гарцыг нь хайх хэрэгтэй байгаа учраас атрын аянаар хийгдэж байгаа ажлууд цаашид төрийн бодлого болон хийгдэх ёстой гэсэн бодолтой тариаланчид их байгаа юм билээ. Тэдний хүсч байгаа зүйлийг бид гүйцэлдүүлэх шаардлагатай гэсэн бодолтой л байдаг даа.

Мажоритар гэдэг нь их муухай "баба", пропорциональ нь гоё хэмээн туйлшруулж ойлгож болохгүй

-Чуулганаар хэлэлцэж байгаа асуудлын талаар мэдээлэл багатай байгаа гэдгээ та хэлсэн. Гэхдээ тантай нэгэнт уулзсаных зарим зүйл дээр байр суурийг тань асуухгүй өнгөрч чадахгүй нь. Тухайлбал Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа ч намууд тодорхой тохиролцоонд хүрч чадахгүй байна?
-Сонгуулийн тухай хуулийн талаар миний байр суурь дэндүү тодорхой байгаа. Би 2007 оны 11-р сард Ерөнхий сайдаар томилогдоод Монгол Улсад шийдэгдэх олон асуудал байгаагаас тавыг нь онцолж хэлмээр байна гээд Сонгуулийн төгөлдөршлийн асуудлыг ярьж байсан юм. Одоогийн нөхцөлд үүнийг хэрэгжүүлэх шаардлага байна уу гэвэл зайлшгүй байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр 2008 оны Сонгуулийн хуулиар яваад бид юунд хүрлээ. Тиймээс  үүнийгээ  өөрчилье гэсэн саналыг тухайн үед нөгөө намд тавьсан ч дэмжээгүй.
Ер нь Сонгуулийн тухай хуулийг сонгууль дөхөж ирсэн үед шийдэхэд маш хүнд байдаг.
Сонгууль дөхчихсөн учраас намуудын төлөөлөл болоод УИХ-д сууж байгаа хүмүүсийн санаа бодол ч гэсэн ихээхэн ороо бусгаа болдог. Тиймээс Сонгуулийн хуулийг сонгууль өнгөрөөд УИХ бүрэлдсэний дараа баталгаажуулж авч байх нь зүйтэй юм. Бид харин ярьсаар байгаад харамсалтай нь дараагийн сонгууль болох үетэй золгочихлоо. Хуулийг батлахад гуравхан сарын хугацаа үлдсэн байна. Хугацаандаа багтаж л бид Сонгуулийн тухай хуулиа боловсронгуй болгох ёстой. Үүнд мэдээж хэрэг улс төрийн намууд ойлголцол зөвшилцөлд хүрэх ёстой. Гэхдээ зөвхөн хоёр намын удирдах дээд байгууллагын шийдвэрээр шийдчихдэг асуудал ч бас биш болов уу хэмээн санагдаад байгаа юм. Иргэд сонгогчдынхоо санал гомдлыг авах нь зүйтэй гэсэн бодолтой байдаг.

-Хаврын чуулган завсарлах дөхөж байсан үед танай намаас ард түмний санал асуулга явуулах тухай санал гаргаж байсан. Үүнийг та дэмжиж байсан уу?
-Өнгөрсөн хавар асуудал мухардаад ирэхээр манай намаас ард түмнээсээ асуувал яасан юм гэсэн саналыг тавьж байсныг би хувьдаа их дэмжиж байсан. Яагаад гэхээр намуудын гэхээсээ илүү иргэд сонгогчдынх нь язгуур эрх юм шүү дээ. Ийм асуудлаар санал асуулга хийгээд дэмий юм даа хэмээн үзэж байгаа бол ядаж бусад улс төрийн намуудыг оролцуулж ярилцаж байж энэ асуудлыг шийдэх ёстой юм. Нэг хоёр нам дангаараа мэдээд байх ёстой асуудал биш. Гэхдээ цаг тулчихсан байгаа болохоор санал асуулга хийх хугацаа байхгүй байна. Тиймээс хуулийг хэн шийддэг вэ гэхээр УИХ. Өөрөөр хэлбэл сонгуулиар бий болсон төр барих дээд байгууллага. Намууд зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа бол ард түмнээсээ сонгогдсон төлөөлөл болох УИХ-ын гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр эдгээр асуудлуудыг шийд. Чуулганы нэгдсэн хуралдаандаа гишүүд оролцоод асуудлыг шийдэх гарц байгаа юм. Тэгээд ч хамаагүй энэ асуудлыг шийдээд нэг тийш нь болгоосой гэсэн хүсэлтэй байгаа.

-2008 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдахдаа Сонгуулийн тогтолцоог пропорциональ тогтолцоо руу шилжүүлэхийг гэрээндээ тусгасан. Гэтэл өнөөдөр яагаад МАН байр сууринаасаа ухраад байна вэ?
-Яг ч тэгээгүй юм аа. Бичиг баримтыг нь үндэслэх юм бол сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгоно гэж оруулсан байгаа юм. Боловсронгуй болгох гэдгийг янз янзаар ойлгож байгаа юм. Ер нь бол тогтолцооны буруу гэж байхгүй л дээ. Мажоритар гэдэг нь их муухай "баба", пропорциональ нь гоё хэмээн туйлшруулж ойлгож болохгүй. Учир нь дэлхийн улс орнууд аль алиныг нь хэрэглэж байна. Ялангуяа ард иргэдийн хүсээд байгаа зүйл юу вэ гэхээр засгийн эрх барих торгон мөч гэж ярьдаг шүү дээ. Саналаа өгч байгаа таван секунд гэдэг. Харин тэр таван секунд дотор тэр хүн хэнээр гол гол шийдвэрүүдийг гаргуулж, засгаа бариулмаар байна гэдэг шийдвэрээ гаргахад сонгогчийнх нь хувьд өргөн бололцоо байх ёстой. Аль талаас нь асуудалд хавдах вэ. Тэр энэ гэсэн намаар нь өгөх хүсэл байна уу. Аль эсвэл нам хэрэггүй хүнд нь өгмөөр байна уу гэдэгт иргэд янз бүрийн санал хэлж байгаа шүү дээ.
Хэлж байгаа санал нь улс төрийн нам гэдэг том зүйлийн ард хүн нь тодорхой харагдахгүй байгаа юманд саналаа өгнө гэдэг хэцүү байгаа учраас бидэнд аль алиныг нь тооцох бололцоо өгөөч гэж "Ард түмнээ сонсъё" аянаар явж байхад иргэд хэлсэн.
Ард иргэдийн хэлж байгаа зүйл бол үнэхээр бодууштай. Мэдээж хуулиараа бол улс төрийн намууд сонгуульд оролцох эрхтэй учраас, тэд л бодлогоо боловсруулдаг учраас намдаа саналаа өгөлгүй яахав. Гэхдээ тэр намыг хэн төлөөлж байна гэдэг асуудлыг нь хасаад эсвэл нам, эсвэл хүн гэхээр буруу байна. Тиймээс аль аль бололцоог нь олгох үүднээс болж өгвөл холимог тогтолцоо руу явбал яасан юм. Харин миний хувь хүний үзэл бодол бол намынхаа үзэл бодолд захирагдах ёстой. Ямар ч байсан сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох гэдгийг манай нам болон Удирдах зөвлөл дэмжсэн. Бид боловсронгуй болгохдоо алхам алхмаар хийе. Тиймээс мажоритор тогтолцоо давамгайлсан байвал яасан юм бэ. Түүний дотор 52:24 гэдэг юм уу. 48:28-ийг дэвшүүлсэн сураг байна. Ажлын хэсэгт ороогүй учраас сайн мэдээлэл байхгүй байна.

-Сонгуулийн тогтолцоонд тоо тэгтлээ чухал хэрэг үү. Хоёрхон тоо ярьж хуулийг хэлэлцэх асуудлыг удаашруулаад байх шиг?
-Too бол тийм чухал асуудал биш. Түүнийг шийдэж болох байх. Асуудлын гол нь тогтолцоогоо боловсронгуй болгох. Ялангуяа иргэд сонгогчдын санаа оноо зөв тусгалтай байх ийм л хувилбар руу бид явахгүй болбол хэдхэн процентын зөрүүтэй байхыг хэд хэдэн сонгуулиар бид харсан шүү дээ. Ерөөсөө иргэд сонгогчдын санал нэгэнд нь 49 хувь нөгөөд нь 43 хувь байхад суудлын тоо нь тэмээ ямаа шиг ялгарч гарч ирдэг тогтолцоогоор яваад байгаа хүмүүс шүү дээ. Тиймээс өгч байгаа санал нь баа бээгүй нийлдэггүй юм гэхэд ерөнхий тусгалаараа шударга байгаасай гэдгийг тогтолцооны өөрчлөлт гэж хэлээд байгаа юм л даа. Тэр чиг рүү явах ёстой. Явах ч болов уу гэж бодож байна. Үлдэж байгаа хугацаандаа тэр тусмаа арван сардаа багтааж хуулиа батлах хэрэгтэй. Хэдэн тоо тогтохоосоо гадна тойргийн хуваарилалт зэрэг олон чухал асуудал байдаг учраас энэ хууль тийм амар биш.

Харин сонгуулийн тогтолцооноос бусад асуудалд аятайхан саналууд байна лээ. 2008 онд луйвардлаа л гээд байдаг. Хэн хаана луйвар хийсэн юм.

Баянгол дүүрэгт маргааны шинжтэй асуудал гарснаас биш өөр хаана ямар маргаан гарсан юм бүү мэд Замхраад өнгөрсөн шүү дээ. Гэтэл үүнийг аваад үзэхэд боловсронгуй болгох, хариуцлагыг өндөржүүлэх шаардлагууд байна.
Харин тэр урьдчилсан ажлыг нь УИХ хийчихсэн байна. Хэдийгээр адармаатай амаргүй хууль боловч үндсэн хэсэг нь бий болсон энэ үед тогтолцоогоо шийдсэн байхад ямар ч байсан ажлын хоёр гурав хоногт багтаад төвөг багатай баталчих бололцоотой.

Дэлхий бидэнд баяр хүргэж байна шүү дээ

-Оюутолгойн гэрээ, хөрөнгө оруулалттай холбоотойгоор нэр бүхий гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал хөндөгдөж байгаа. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Хоёр өөр асуудал. Өчигдөр манай улсын хувьд их том үйл явдал боллоо гэж бодож байна. Төрийн дээд удирдлагууд оролцож хамтарсан мэдэгдэл хийлээ. Энэ маш чухал. Оюутолгойн акцын үнэ огцом дээшилж байна гэсэн мэдээллийг сонссон. Энэ их сайн мэдээ. Сайн байна. Дэлхийд байдал хүнд болж байгаа үед Монгол Улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд өндөр үзүүлэлт үзүүлж байгаа нь манай байгууллагын гишүүн орны гаргаж байгаа амжилт хэмээн үзэж баяр хүргэж байна. 
Дэлхийд бүх зүйл нь унаад байхад манайд гайгүй өндөр үзүүлэлт гарсан нь Оюутолгойн ач шүү дээ.
Нийт 1000-аад аж ахуйн нэгж тэрбум ам долларын хэмжээний гэрээ контракт байгуулсан байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл эдийн засгийн гол тулгуур нь болчихсон энэ нөхцөлд гэрээгээ эргэж харна гэхээр хамгийн гол нь хөрөнгө оруулагчдын итгэл алдарч байгаа юм. Тэдний итгэл алдрахаас гадна тэдгээр хөрөнгө оруулагчид банкнаас мөнгө зээлж байгаа. Зургааг оруулах байснаас 2.5-ыг нь оруулсан гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн зуны тоо учраас хуучирсан мэдээлэл байж магадгүй. Үлдэж байгаа мөнгөө оруулна гэхээр банкнаас зээлнэ.
Манай улсыг тогтвортой сайхан улс орон гэж бодоод тэд цаанаа зээл хийнэ.

Гэтэл манайх гэрээгээ эргэж харна гэхээр хэлсэн ярьсандаа байдаггүй. Эргэж буцдаг гэж ойлгоод ер нь цаашдаа төслийн нөхцөл байдал яах бол гэдгээ тэд бодож үзнэ.  Гэхдээ өчигдрийн хийсэн хамтарсан мэдэгдэл бол асуудлыг байранд нь тавьж зөв гольдрилд нь оруулсан чухал зүйл болж байна гэж үзээд их баяртай байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд ҮАБЗ-ийг бүрдүүлдэг гол гурван хүн маань зөв зүйтэй цагаа олсон алхам хийлээ. Магадгүй жаахан хожимдсон байж болох юм. Яагаад гэхээр итгэл гэдэг зүйлийг олоход маш удаан хугацаа шаардагддаг. Харин алдахад ганцхан хором шаардлагатай шүү дээ. Оюутолгойн гэрээг хүнээр төсөөлөх юм бол эрэг дээр тохироод завинд суугаад явж байгаа. Цаад эрэг дээрээ очих үед хөрөнгө оруулалт бүрэн хийгдсэн байх. Тэгэхгүй завь замынхаа дунд орчихсон өөрөөр хэлбэл цаад эрэгтээ хүрээгүй наад эргээсээ холдсон байхад зогсвол яахав гэдэгтэй адил эрсдэлтэй. Тэдгээр гишүүдийг буруутгаж байгаа юм биш.
Мэдээж 34 хувиас 50 нь илүү унацтай байж таараа.

Гэхдээ наймаанаас буцна гэдэг бол хэцүү Монголчууд наймаа хийж мэддэг хүмүүс. Наймаанаас буцсан хүнийг найдваргүй хүн гэж үзээд эргэн тэр харилцаанд орохоосоо аль аль төвшинд зай барьж эхэлдэг. Гэхдээ асуудлыг шийдчих шиг боллоо.

-Ерөнхий сайдыг огцруулах тухайд?
-Огцруулах гэдэг бол ардчилсан улс оронд тавьж, хэлж шийдэж болдог асуудал шүү дээ. Гагцхүү огцруулахаар тавьж байгаа асуудлын үндэслэл нь юу юм. Хэрэв тавьж байгаа саналынх нь дараа огцруулах юм бол бидний ярьдгаар ард иргэдийнхээ эрх ашигт нийцэж байгаа эсэх талаас нь асуудалд хандаж тэр өнцгөөс нь харах ёстой. Хамтарсан Засгийн газар юуны тулд байгуулагдлаа. Ард иргэдийнхээ төлөө томоохон асуудлуудыг шийдэж явах боломж бололцоо дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээ их байгаа энэ үед дотоод хэрүүл уруулаа жаахан хойш тавих нь чухал. 
Хамтарсан Засгийн газрын үед бид олон том асуудлыг шийдэж чадсан.

Дэлхийн эдийн засаг, хүнсний хомсдол нүүрлэсэн байсан үед хамтарсан Засгийн газар байгаагүй бол бид өнөөдөр модоо барьчихсан сууж байх байсан. Тэр хүчинд бие биедээ нээнтэггүй эдийн засгийн хямралыг хохирол багатай туулаад гараад ирлээ.  Мөн Тавантолгойн асуудлыг шийдэх ёстой. Боломж бололцоо байдагсан бол өөр бусад асуудлыг ч гэсэн шийдэх хэрэгтэй. Харамсалтай нь цаг хугацаа бага байна.
Ураны асуудлаар ярьж байсан олон гэрээ хэлэлцээр байсан.
Фүкүшиматай холбоотойгоор олон улс эргэлзээтэй ханддаг боллоо.  Зарим нь бүр татгалзах тухай ч яриад эхэлж байна. Гэхдээ зарим улсад татгалзах бололцоо байхгүй. Саяхан Хятадад явж байхдаа Японы Засгийн газрын сайд байсан Мураяама гуайтай уулзахдаа “Танай улс орон цөмийн эрчим хүчээ өргөжүүлэх асуудлаа яах вэ” гэж асуусан. "Бидэнд ямар ч бололцоо байхгүй нефть шатдаг хий байхгүй учраас цөмийн эрчим хүчээ илүү аюулгүй болгосны үндсэн дээр хөгжүүлэх ёстой. Тиймээс Монгол Улстай ярьж байгаад ураны салбарт хамтран ажиллаж магадгүй ч тодорхой хугацаагаар саатаж байгаа байх" гэж байсан. Тэгэхээр энэ мэтчилэн хамтарсан Засгийн газар шийдэх ёстой зүйлээ шийдэж байна. Зарим нь амжихгүй байна. Гэхдээ огцруулах тухай ярих цаг үе биш гэж бодож байна.

Намайг байхад ч гэсэн, намын нэр хүнд уналаа л гэж байсан, гэтэл МАХН ялсан

-Таны яриаг намын дотоод асуудал руу хандуулах гэсэн юм. С.Батболдын үед МАН-ын рейтинг маш ихээр унах боллоо гэж ялангуяа танай намын гишүүд ярих боллоо. Танд мэдэгдэж байгаа зүйл байна уу?
-Инээдтэй санагддаг юм. Намайг намын дарга болох үед С.Баярын үед МАХН-ын нэр хүнд урьд хожид байгаагүйгээр унасан. Газар доогуур орчихлоо л гэх болсон. Газар доогуур орно гэхээр хөрсөнд шингэчихээд Латин Америкийн тэр хавиас гарч ирнэ гэсэн үг юм уу. Мэдэхгүй. Унаж дуусдаггүй намын рейтинг байх ёсгүй байх. Хэн ямар зорилгоор хэлээд байгаа зэрэг хэмжүүргүй зүйлээр түшиглэж ярьж байгаа нь инээдтэй санагдаж байна. Миний үед манай намын рейтинг унаад л байдаг харин сонгуулийн дараа МАХН ялалт байгуулсан шүү дээ.

Өнөөдөр би идэвхтэй улс төрөөс холдоод олон түмний өмнө тэр болгон гараад байдаггүй.
Намын нэр байдгаараа байж л байх юм. Намын даргаар ажиллаж байсан миний хувьд өөрийгөө сануулах гэж янз бүрийн зүйл хийгээгүй ч мартагдаагүй л байна. Мэдээж нам, засаг удирдаж байгаа хүнд анхаарах зүйл байлгүй яахав. Олон түмний хэлж байгаагаас хэрэгтэйг нь тусгах нь зүйтэй гэж бодож байна.

-МАХН-ын нэрийг Улсын Дээд шүүх бүртгэсэн нь хууль зөрчсөн зөрчөөгүй гэсэн маргааныг дагуулах боллоо. Уг нь хуулиараа бол танай намын өмчид МАХН-ын бүх зүйл орж байгаа байх аа?
-Маш товчхон хариулъя. Ардчилсан Монгол Улсад хуулийн дагуу шийдвэр гарч байх ёстой. Хууль нь бэлэн байна. Гарч байгаа шийдвэр нь тийм байна. Дээд шүүхээсээ авахуулаад Монгол Улсын хуулийг уландаа гишгэх юм бол иргэд, албан байгууллага, улс төрийн намуудаас хуулиа биелүүлэхийг шаардахад хэцүү л болно шүү дээ. Хууль бол хууль. Гууль болгож болохгүй.

-С.Батболд дарга У.Хүрэлсүх нар хоорондоо маргалдах боллоо хэмээн сүүлийн үед хэвлэлүүд бичиж байна. Танд тийм зүйл ажиглагдаж байна уу?
-Эргээд л өөрийнхөө үеийг санахад аль ч намын даргын үед тийм зүйл яригддаг. Явган яриагаар үндэслэж тодорхойлогддог зүйл байж болохгүй. Тэр хоёрын дунд ямар нэгэн зөрчил харагдаж байгаа зүйл надад алга. Ерөнхийдөө аль алинаас нь "Янз бүрийн зүйл яригдаад байх юм. Та хоёр хоорондоо зүгээр биз" гэж асуусан. "Асуудал байхгүй" гэж байсан. Хэдийгээр тэр хоёр манай намын хамгийн том албан тушаалд байгаа ч гэсэн өмнө нь намын дарга байсан ахмад хүний хувьд хүндэлж байдагт нь баяртай байдаг. Тиймээс ахмад хүний хувьд тэр хоёроос юм асуух эрх надад бий.

-Өмнө нь танай намын дарга байсан хүн, тодруулбал Н.Энхбаяр гуай намынхаа нэрийг аваад эргэн улс төрд орж байгааг хэрхэн харж байна?
-Уг нь хууль байгаа юм ш дээ. Цаашаа явах тусам бидний хийж байгаа ажил хууль тогтоомжтойгоо нийцэж байх ёстой. Харамсалтай нь улс төрийн төвшинд илт хуулиа, зөрчсөн шийдвэр гарсан нь харамсалтай л байна. Дахин хэлэхэд харамсч байна. Хувь хүнийх нь хувьд ч гэсэн би харамсдаг л юм.  Учир нь өнөөдөр бид Социнтернийхээ хурлыг хийгээд сууж байна. Тэр үед Н.Энхбаяр дарга тэр үед МАХН хэмээн нэрлэгдэж байсан манай намын хувьд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн хүн гэдгийг хэзээ ч үгүйсгэхгүй. Социнтернд манай намыг элсэх түүхэн үүргийг тэр хүн биелүүлсэн. Тэр үйл ажиллагааг нь бид үргэлжлүүлж байна. Намын нэр солих асуудлаар Н.Энхбаяр дарга өмнө тодорхой зүйл ярьж байсан. Гэсэн ч өмнө нь ярьж байснаа үгүйсгэж ирээдүйг цогцлоох гэж байгааг нь зөв гэж үзэхгүй байгаа. Гэхдээ тэр хүний сонголт бодлого үйл ажиллагаа бүгд өөрөөс нь хамаарах зүйл. Харамсалтай л байна. Бидний насны хүмүүст өнөөдөр гэдэг бол өчигдөр дээрээ суурилдаг. Энэ хоёр нь нийлээд ирээдүйг цогцлоодог шүү дээ. Тийм байхад өмнөхөө үгүйсгэхээр бидний туулж ирсэн зам, тавьж байсан зорилго, тэмцэж байсан ажлууд утгагүй болж эхэлнэ шүү дээ. Энэ бол миний л бодол.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ажлын хэсэг хуралдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор гишүүдийн тоог нэмэх тухай асуудал мөн яригдах боллоо. Ер нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар таны байр суурийг сонсъё?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болжээ гэж үздэг. Түүнийг гишүүдийн тоог нэмэхээр амарчилж ойлгож хэрхэвч болохгүй. Цогцолбороор нь шийдэх хэрэгтэй. Ялангуяа Монгол Улсад хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байна. Хувь хүнээсээ хамаарч байгаа зүйл байна. Хуулийн зохицуулалтаас хамаарч байгаа хэрэг байна. 
Тухайлбал Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үүрэг зааг тодорхой гарахгүй байгаа учраас асуудлыг хэн нь хариуцах юм бэ гэх зэрэг будлиан гараад байна.
Тиймээс үүнийг нэг тийш нь болгох ёстой. Монгол Улс бол нэгдсэн улс, төр болоод орон нутагт хэр хэмжээний эрх мэдэл байх юм бэ гэдэг нь 20 жил яригдсан асуудал. Туйлшруулж шийдэх гээд байдаг нь хөгжил дэвшилд төдийлөн нийцэхгүй байна гэх мэт чухал чухал асуудлууд байна. Монгол Улсын ардчилсан хөгжлийг тодорхойлсон, хүний эрхийн гол гол зүйлийг тунхагласан зүйл Үндсэн хууль болж байгаа. Үүнд гар хүрэх шаардлагагүй.
Харин төрийн эрх үүрэг, ард иргэдийн өмнө хариуцлага хүлээх асуудалд өөрчлөлт оруулахгүй бол улсын хөгжил удаашрах төлөвтэй байна. Үндсэн хуулийг батлахад оролцож байсан хүний хувьд миний байр суурь ийм байна. Магадгүй хоёр танхимтай байх нь зохимжтой байх эсэх үндсэн асуудлыг шийдэх хүрээндээ зохистой тоог нь тогтоож өгөх асуудал дагалдаж гарч ирэх ёстой болохоос гишүүдийн тоог нэмэх талаас нь ярих юм бол ерөөсөө асуудлыг шийдэж чадахгүй. Үндсэн зүйлээ шийдсэн байхад гишүүдийн тоог нэмэх, эсвэл хасах тухай яригдаж магадгүй.

-Н.Энхбаяр, М.Энхсайхан нар эргэн улс төрд идэвхтэй орж ирж байгаа нь танай намын сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлнө гэж та харж байна вэ?
-За би ямар үзмэрч биш. Ер нь эвсэж нэгдэхэд буруу зүйл байхгүй. Ялангуяа Монгол Улсын хөгжлийн зурвас үед амьдарч байна гэдгээ хаана хаанаа ойлгох хэрэгтэй байгаа юм. Магадгүй сонгуулиас хамаараад хамтарсан Засгийн газар байгуулсан нь ердийн логикт нийцэхгүй байж болох юм. Гэхдээ ийм стандарт бус нөхцөлд бололцоо нээгдэж байгаа үед ердийн логикоороо явуулаад нам намаараа талцаад өмнө нь асуудлыг яаж түгжиж гацаадаг байснаас татгалзаж эв эеэ хичээх цаг иржээ гэдгийг хэлмээр байна. Тэд нэгдэж байгаа цаад зорилго нь ард түмэн, улсынхаа төлөө бол дэмжих л ёстой. Би сайн мэдэхгүй байна.
Тэр тусмаа тэдгээр хүмүүсийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх хэрэггүй байх.
Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын хэнийг ч гэсэн аваад үзсэн Монгол Улсын түүхэнд нэрээ үлдээсэн хийсэн зүйлд нь иргэд өөдрөг байдаг том улстөрчид гэж боддог. Тэгэхээр ард түмний өмнө гарч ирэх гэж байгаа тэдгээр хүмүүст ямар нэгэн С.Баяр биш иргэд л дүн тавих байх. Зөв бол дэмжинэ. Буруу бол Монголын ард түмэн хатуу шүү дээ. Хойтон хавар ямар нөхцөлтэй байхыг мэдэх арга байхгүй. Миний хүсэж байгаа зүйл бол цаашдаа улс төрийн намууд улсын хөгжил дэвшлээр хоорондоо өрсөлдөх хэрэгтэй. Ерөөсөө хөгжил гэдэг чинь өрсөлдөөн дээр тулгуурлаж байдаг учраас өрсөлдөөн байна. Цаашдаа ч байна.
Гэхдээ бид таван төгрөг дээр биш болж өгвөл таван сая төгрөг дээр хийх юмсан даа.
Өөрөөр хэлбэл эдийн засгийнхаа боломж бололцоо эрэмбийг эрс дээшлүүлчих боломжийг алдагдалгүйгээр цааш явуулах юмсан. Хэрэв УИХ, Засгийн газар өмнөө тавьсан асуудлуудаа дорвитой шийдэх юм бол ард түмний амьжиргаа ч түүнийгээ дагаад сайжрах байх. Тэр үеийн уур амьсгал, ялангуяа энэ ажлыг хийе гэж хийж байгаа хоёр намд ард түмний дэмжлэг очих байх гэж найдаж байна. Хэн нь илүү байхыг тэр үеийн тэнгэр мэднэ. Засгийн газар хийх ёстой ажлаа хийж чадахгүй огцруулах, огцруулахгүй гэсэн яриатайгаа зууралдаад байх юм бол хойтон хаврын байдал ихээхэн хүнд байна байх. Гэтэл тэрний хажуугаар энэ хоёр чадахгүй гэдгийг нь хэлээд байсан биз дээ гэсэн үг жаахан үнэд орох магадлал байгаа биз. Ерөнхий хоёр өнгө аяс нь хүнээсээ л хамаарч байгаа юм. Хамгийн гол нь ард олны амьжиргаа дээшлэх юм, болохгүй нь юу байхав. Тэр тусмаа хамтарсан Засгийн газрыг байгуулахын төлөө өөрийнхөө болон улстөрчийнхөө хамаг зүйлийг дэнчин тавьж намаараа зөвшөөрүүлж байсан хүний санаа бодол ямар байх нь тодорхой шүү дээ.

-Хийж дуусаагүй олон ажил байна гэж та хэллээ. Тэгэхээр ирэх сонгуулийн дараа хоёр нам дахин хамтрах боломж бий юу?
-Сонгуулийн дараа ямар ч байлаа гэсэн улс төрийн намууд хамтарч ажиллах цаг тулгарна гэж бодож байна. Хамтрах шаардлага байна. 2012 оны сонгууль болоход бүх зүйлийг амжуулаад хийж чадахгүй нь тодорхой. Дэндүү олон асуудал байгаа юм.
Харин асуудлаа шийдэхийн тулд бие биетэйгээ ярилцаж ойлголцож чаддаг эцсийн шийдвэрт хүрдэг, түүнийгээ хэрэгжүүлдэг уур амьсгал хэрэгтэй байна.

Ялангуяа үүлэн чөлөөний нар гэдэг шиг дэлхийн эдийн засаг хүнд хүнд сөрөг үйл явц их байх үед биднийг бурхан харж үзэж байгааг ашиглаж чадахгүй бол алдас болно. Ашиглаж чадах ёстой. Зөрчлийн янз янзын асуудлыг дараа шийдэж болно. Гаднаас ирсэн хүмүүс дэлхийд эдийн засаг нь өсөлттэй байгаа Монгол Улсад ирсэндээ таатай байна гэж юм үзсэн учир мэдэх хүмүүс хэлж байгаагаас монголчууд нэгийг ойлгоод л авах хэрэгтэй. Тиймээс гадаад дотоодынхонд энэ хэмжээнд үнэлүүлж байгаад миний зүгээс бэлэгшээж байна. Баярлаж байна. Боломжуудаа битгий алдчихаасай гэж залбирч байна.
Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.
Нийтлэлч
Б.Даваа
Эх сурвалж
Монголын мэдээ
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах