Ерөнхий сайд амлалтаа хэрэгжүүлж байгаа
СБД-ийн иргэн СДашжамц:
-Манай тойргоос УИХ-д сонгогдсон гишүүд амлалтаа хэрэгжүүлж ажиллаж байгаа. Тэр дундаа Ерөнхий сайд.
Тойрогтоо өгсөн амлалтаа хэрэгжүүлж, жирийн иргэдийн газрыг орон сууцаар солих хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж байна. Харин УИХ-ын гишүүн С.Баяр тодорхой хугацаанд эх орондоо байгаагүй. Тэгсэн болохоор одоохондоо хийж, бүтээсэн ажлыг нь нэрлэх боломжгүй байна. Гэхдээ тэр хүний хийсэн, бүтээсэн зүйл Монголын төрд багадаагүй гэж бодож байгаа. Ирэх оны сонгуульд итгэл үзүүлж, дахин сонгоно.Цөмийн хаягдлын талаар мэдээлэл өгөөч ээ
СБД-ийн иргэн Л.Наранбат:
-УИХ-ыг 2008 оны сонгуулийн амлалт хэрэгжиж байна гэж боддог. Учир эрх барьж байгаа хоёр нам Монгол Улсын иргэн бүрт хувьцаа эзэмших эрхийг нь нээж өгсөн. Тиймээс гишүүдийг амлалтаа хангалттай хэрэгжүүлж байна гэж хэлэх байна. Миний сэтгэл дундуур яваа нэг зүйл бол манай улсад цөмийн хаягдал булна, булахгүй гэдэг асуудал байгаа. Үүнийг нэг мөр болгож, ард түмэндээ үнэн зөв
мэдээллийг өгөөч гэж хүсэх байна. Тэгэхгүй бол жирийн' ард бид битүүхэн айдсын дунд амьдарч байгаагаа дуулгая.
Настан буурлуудыг байнга хүлээн авч уулздаг
СБД-ийн иргэн Б.Сайханбилэг:
-Манайхаас сонгогдсон гишүүд шат ахисаар Ерөнхий сайд болдог. Тиймээс манай дүүргийн үйл ажиллагаа болон ард иргэдэд хүрч байгаа бодлого бидний сэтгэлд нийцдэг. Одоо долдугаар хорооллыг чөлөөлж, орон сууцжуулах ажил эрчимтэй үргэлжлэх гэж байна. Хүмүүс газраа дуртай чөлөөлж өгч байгаа. Тиймээс сонгуулийн амлалт биелж байгаа гэж дүгнэдэг. Манай тойргоос сонгогдсон Ерөнхий сайд, С.Баяр, Л.Гантөмөр нар сайн ажиллаж байгаа. Ард иргэдтэйгээ их ойр байдаг. Санал бодлоо байнга солилцдог. Тэр дундаа үндэсний томоохон баяруудаар настан буурлуудыг байнга хүлээн авч уулздаг.
Хөгжил аяндаа ирнэ гэж итгэдэг
СБД-ийн иргэн Д.Уянга:
-Ер нь амлалтаа хэрэгжүүлж ажиллаасай гэж бодож байна. Түүнээс нэр зааж хэлээд тэр нь сайн энэ нь муу гэж онцолж хэлэх боломжгүй.Мэдээж сонгогдсон тойрогтой өнгөрөгч гурван жилд хийсэн бүтээсэн зүйл байгаа байх. Түүний үр дүнд ажилгүйдэл тодорхой хэмжээгээр буурч байгаа болов уу. Жирийн ар ажилтай, амьдралдаа нэмэр болох хөрөнгийн эх үүсвэртэй байвал төрөөс тэгтлээ их хангамж хүсэхгүй байх. Ийм байлгахын тулд сонгогдсон гишүүд ажиллаж, төрийн бодлогоо уялдуулдаг байгаасай. Ингэсэн байхад Монгол Улсын хөгжил аяндаа ирнэ гэж иргэн хүнийхээ хувьд итгэдэг.
Монголын төрд, гишүүдэд аль алинд нь итгэж байна
СБД-ийн иргэн З.Золзаяа:
-УИХ-ын гишүүд хэрхэн ажиллаж байгаа талаар төдийлөн мэдээлэл байдаггүй. Гэхдээ сонгуулийн амлалтаа тодорхой хэмжээнд биелүүлж байгаа байх. Нэгэнт л ард түмэн саналаа өгч дэмжсэн юм чинь дараагийн сонгуультай нүүр тулах хүртэл тэдэнд боломж олгох ёстой. Аливаа ажил гэнэт биелээд явахгүй тодорхой хэмжээний саад бэрхшээл байдаг шүү дээ. Тиймээс Монголын төрд, гишүүдэд аль алинд нь итгэж байна.
Ерөнхий сайд энэ талаар мэдээлэл өгөөсэй
СБД-ийн иргэн У.Анхбаяр:
-Ард түмний амьдрал сайжирсан цагт сонгогдсон гишүүд ажлаа сайн хийж, амлалтаа хэрэгжүүлж байгааг дүгнэх байх. Түүнээс дээгүүрээ юу гэж яриад, ард түмэндээ яаж тусч байгааг харах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмших эрх нь бүрдсэн ч цаашид байгаль орчны нөхөн сэргээлт болон хоёр толгойн хөрөнгө оруулалтын гэрээ чухал байна. Хэвлэлүүдээр янз янзаар гаргаж байгаа ч Ерөнхий сайдыг энэ талаар мэдээлэл өгөөсэй гэж боддог. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр гэр хорооллын иргэдийг утаагүй зуухаар хангах санаачилга гаргасан байсан. Үүнийг их дэмжиж байгаа. Өвлийн цагт хорт утаагаар амьсгалдаг явдал арай багасах нь байна шүү дээ.
Амлалтаа хэрэгжүүлж байгаа хүн алга
СБД-ийн Л Алдар:
-Нэгэнт л иргэдийн саналаар, итгэлээр УИХ-д сонгогдсон юм чинь хэн ч байсан хичээх хэрэгтэй байх. Манай дүүргээс сонгогдсон гишүүдийг тийм ажил тойрогтоо хийж, иргэдтэйгээ уулзаж байна гэж дуулаагүй. Гэхдээ уулзаад, учраад явахдаа биш л дээ. Аль болох ард иргэдэд өгсөн амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Өөр ч юу хүсэх вэ дээ.
Ажлын байр хэрэгтэй байна
СБД-ийн иргэн С. Амгалан:
-Жирийн иргэдэд ажлын байр хэрэгтэй байна. Ажилгүй хүмүүс өдрийг арай л гэж өнгөрөөж байна. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, нийтийн тээвэр, шатахууны үнэ өсөж байна. Гэтэл цалингийн доод хэмжээ түүнээс ч хэд дахин бага байна. Үүн дээр төрийн зохицуулалт хэрэгтэй. Хэдийгээр энэ жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан ч нас хүйс заагаад ажил олдохгүй байна. Үүн дээр анхаарч өгөөч ээ.
Эх сурвалж:Монголын мэдээ
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| "CHINADAILY" С.Баярын үгийг онцлов | Улс төрийн тоглоомоос хол байлгавал Метротой болох нь |
|---|



