Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан нь 2008 оны сонгуульд АН-аас дэвшин ялалт байгуулан УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөж улмаар докторантурт суралцан ”Улаанбаатар хотын экологийн хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө “Монголын улс төрд мод тарина” гэсэн уриатай оролцсон бөгөөд түүний дэвшүүлэн тавьдаг гол сэдэв нь хүрээлэн байгаа орчны эрүүл байдал, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах.
УИХ-ын гишүүнээр сонгогдсон Г.Баярсайхан нь парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож ирсэн гишүүдийн нэг бөгөөд Өршөөлийн тухай хуулийн төсөл, Усны сав газар ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн санг дархан цаазтай газар болгох болон Тусгай хамгаалалтын газар нутгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус санаачилсан. Монгол-Катарын парламентийн бүлгийн дарга. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Монголын эртний түүхэн холбогдолтой баримт бичиг бүхий ном судар цуглуулах хоббитой.


