УИХ-ын гишүүн Р.Будыг "Ярилцах танхим"-ынхаа зочноор урилаа.
-Юуны өмнө Эдийн засгийн байнгын хорооны дарга болсонд тань баяр хүргэе?
-Баярлалаа.-Байнгын хорооны дарга нарыг шинээр сонгосонтой холбоотойгоор "Ардын намын удирдлагууд сайд болгоогүй хүмүүсээ байнгын хорооны даргад дэвшүүллээ. Зарим нь намаасаа гарна гэж сүрдүүлсэн" гэсэн мэдээлэл гарсан байна?
-Яах вэ. УИХ-ын тухай хуулийн дагуу байнгын хорооны даргыг жил бүр шинээр томилдог. Үүний дагуу л байнгын хорооны дарга нарыг шинээр сонголоо. Би Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад өрсөлдсөн. Намын нөхөр маань 2-3 хүний санал илүү авч ялсан. Энэ чинь өрсөлдөөний зарчим шүү дээ. Байдаг л зүйл. Байнгын хорооны даргад дэвшүүлэх хүмүүсийн тухайд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл бүлгийн хурал дээр саналаа оруулсан. Намын удирдлагууд ярьсан юм билээ.-Юу гэж?
-"Албан тушаалыг давхардуулахгүй байх, ачааллыг жигдлэх, өрсөлдөөнийг бий болгох үүднээс 2-3 хүний нэрийг дэвшүүлье" гэж ярьсан гэсэн.-Харин таныг "Ямар нэг албан тушаал хашиж байгаагүй" гээд сонгосон гэсэн. Энэ үнэн үү?
-"Дарга болъё" гээд манай намын гишүүд олонхи байдаг байнгын хороонд ороод явсан бол өдийд ямар нэгэн албан тушаал хашчихсан л байсан байх. Тэгж бодож байгаагүй ээ.-Байнгын хорооны даргын албан тушаал тухайн улстөрчийн нэр хүндэд эерэгээр нөлөөлнө л биз дээ?
-Тэрийг аль өнцгөөс нь харах ёстой юм бол. Би "Байнгын хорооны дарга болчих юм сан" гэж нэг их хүчлээгүй. Албан тушаал хаших юм сан гэж ч явсангүй. Ямар ч байсан намайг байнгын хорооны даргаар сонгох үед чуулганы танхимд хүний өөрийнгүй алга ташиж байсан. Тэгэхээр нь цаг нь болсон юм байлгүй гэж бодож байлаа. Хүмүүс ч өмнө нь "Өчнөөн хүнийг өмнүүрээ оруулж сайд, дарга болголоо. Даруу байхаа боль" гэж байсан.-Зөвлөгөөг нь дагасан уу?
-Байнгын хорооны дарга болчихвол нэр хүнд өснө гэж бодоогүй. Эрэмбэ нь л энэ үед таарлаа. Хэрвээ байнгын хорооны дарга болъё гэж бодсон бол 2004-2008 оны парламентад болж болох л байсан байх.-Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан валют, шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг тодруулах үүрэг бүхий ажлын хэсэг дүгнэлтээ гаргаагүй байна. Энэ асуудал хоёр долоо хоног хойшиллоо. Ингээд л яваад байх уу?
-УИХ-ын үйл ажиллагаа цөөнх, олонхиороо явахаар боллоо. Асуудал их бий. Монголбанк, шатахуун, ам.долларын ханшийн өсөлт гээд шийдэх зүйл их бий. Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх ёстой.-УИХ-ын намрын чуулган завсарлалаа шүү дээ?
-Намрын чуулган завсарласан ч байнгын хороо, ажлын хэсгүүд энэ асуудал дээр ажиллаад явах ёстой юм.-Таны хувьд Д.Ганхуяг, С.Эрдэнэ, З.Энхболд нарын гишүүдийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа юу. "Монголбанк алдагдлаа нөхөх гээд валютын ханшийн өсөлтийн эсрэг арга хэмжээ аваагүй" гэсэн шүү дээ?
-Шатахууны үнэ нэмэгдэж, ам.доллар, төгрөгийн ханш хэлбэлзээд удлаа. Яг үнэнийг хэлэхэд улс төр ч явчихсан л даа. Төгрөгийн ханш суларснаас болж шатахууны үнэ нэмэгдээгүй. Энэ бол бодит үнэн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан ч гэсэн "Нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдсан" гэдгийг тогтоосон. Үүний дагуу л асуудлыг шийдэх ёстой.-Тэгэхээр та ажлын хэсгийнхэнд дүгнэлтээ дахин гарга гэсэн даалгавар өгөх үү?
-УИХ-ын үйл ажиллагаа залгамж чанартай байх ёстой. Ажлын хэсэг дүгнэлтээ нэгэнт гаргасан болохоор тэгэх боломжгүй. Гэхдээ би Д.Ганхуяг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг нэлээд сайн ажилласан юм байна гэж ойлгосон.-Ардын намын бүлгийнхэн дүгнэлт гаргахад нь оролцоогүй. Тиймээс "Монголбанкийг 100 хувь буруутгаж болохгүй" гээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм биш үү?
-Тэд нар маань өчигдөр /уржигдар/ ярьж байгаад зөвшилцөлд хүрсэн юм шиг байна лээ. УИХ-ын бүтцийн байгууллага чинь аль болохоор зөвшилцөх хэрэгтэй байдаг. Нам, намаараа талцаж болохгүй. Цаана нь улс орны эрх ашиг байна. Бидний улстөржилтөөс болоод бараа, үйлчилгээний үнэ нэмэгдвэл гутамшиг шүү дээ.-Бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр л байна даа?
-Нэг, хоёрдугаар сарыг харьцуулахад махны үнэ 1.7-2.5 хувиар өссөн байна лээ. Шатахууны үнэ өссөнөөс л болсон. Гэхдээ шатахууны үнэ өссөн нь ам.долларын ханш өссөнтэй холбоогүй. Тийм учраас энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байх.-Тийм байж. Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн өнөөдөр /өчигдөр/ Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Тус намынхан "УИХ, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах ёстой" гэж байгаа. Харин танай намынхан эсрэг саналтай байна. Та ч бас адил уу?
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуулиар УИХ, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах ёстой. Гэхдээ амьдрал баян юм.-За?
-Хуульд УИХ, орон нутаг гээд аль ч шатны сонгуулийн зохион байгуулалтад нам, эвслүүд оролцохгүй байхаар тусгасан. Сонгуулийг төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагчид зохион байгуулна. Мөн УИХ-ын 2012 оны сонгуулийн саналыг автомат машинаар тоолохоор болсон. Энэ бүхнийг тооцоод үзэхээр УИХ, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах боломж алга. Яаж ч бодсон шүү. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээс үзвэл УИХ, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулбал 15-16 мянган хүн нэр дэвших юм билээ.-Мөн нэг сонгогч 7-8 ширхэг саналын хуудас бөглөх бололтой юм?
-Тийм. Олон хүний нэр жагсаасан хуудас ирнэ. Сонгогчдод маш хүнд. Будилаан гарах магадлал нь ч өндөр гэсэн үг. Техник, технологийн тал дээр ч хүндрэлтэй. Цаг хугацааны хүчин зүйл ч их бий. УИХ-ын 2012 оны сонгуулийн саналыг авах хугацааг оройн 2Q цагаар дуусгавар болгох ёстой. Харин орон нутгийн сонгуулийн саналыг 22 цаг хүртэл авах хуультай. Хуулийн хувьд ч маргаантай зүйл байна. Ямар нэг сонгуулийнх нь саналыг автомат машинаар тоолчихоод нөгөөгийнх нь саналыг гараар тоололтой биш. Зохион байгуулалтын хувьд жигдрүүлэх олон асуудал байна. Ямар ч шатны сонгуулиар ганц нэг тойрог дээр будилаан гардаг. УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр ч будилаан гарч байсан. Орон нутгийн сонгуулийн үеэр ийм асуудал гараад засаглалын хомсдол бий болбол яах вэ. УИХ дахь Ардын намын бүлгээс энэ бүхнийг тооцоолоод УИХ, орон нутгийн сонгуулийг тусд нь явуулах талаар тусгасан хуулийн төсөл өргөн барьж байгаа.-Ардчилсан намынхны хувьд "Сонгуулийг тусд нь явуулбал өртөг, зардал хэмнэнэ" гэж байгаа?
-Тодорхой хэмжээгээр зардал хэмнэх л байх. Гэхдээ зардал хэмнэх гэж байгаад тэрнээсээ их хохирол амсчих вий гэдэг л байна. Хамгийн гол нь сонгогчдын саналыг бодитой байх тал дээр анхаарах нь чухал. Сонгох эрхэнд нь хүндэтгэлтэй хандах ёстой.-Ардчилсан намын бүлгийн дарга "Сонгуулийг заавал хамтад нь явуулна" гэсэн байсан. Энэ асуудлаар завсарлага авчихгүй байгаа?
-Зөвшилцөх л хэрэгтэй юм даа. Сайн, муу талуудаа ярих хэрэгтэй. Биднийг ард түмэн сонгосон. Өөрөө давхиад ороод ирсэн хүн байхгүй. Ард түмний төлөөлөл болж байгаа учраас нам, эвслийн эрх ашгаас илүү сонгогчдын эрх ашгийг чухалчилдаг байх ёстой юм. Тиймээс хэлэлцэж байгаад зев шийдвэрт хүрэх байлгүй дээ.-Та ард түмэн юу гэж бодож байгааг мэдэж байна уу?
-Өнгөрсөн хугацаанд хөдөө, орон нутагт ажилласан. Орон нутагт ажиллаж байгаа Ардчилсан намын нөхдүүд хүртэл "УИХ, орон нутгийн сонгуулийг тус, тусд нь явуулах ёстой" гэж байгаа юм шүү. Иргэд, хөдөлмөрчид ч гэсэн. "Хамтад нь явуулах хэрэгтэй" гэж байгаа хүн их цөөхөн. Тийм учраас ард иргэдийнхээ саналыг хүндэтгэх хэрэгтэй.-Ярилцсанд баярлалаа.
Нийтлэлч
Т.Урангэрэл
Эх сурвалж
Улс төрийн тойм
Т.Урангэрэл
Эх сурвалж
Улс төрийн тойм
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| Р.Буд:Оюутнууд үлдсэн 100 мянган төгрөгөө хувьцаа хэлбэрээр авч болно | Р.Буд: Хамгийн түрүүнд тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна |
|---|


