УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцсэн. Дээрх асуудлаар Эдийн Засгийн байнгын хорооны дарга Р.Будтай ярилцлаа.
-Тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнийг хэзээ тогтоох вэ?
-Тавантолгойн хувьцааг Хөрөнгийн биржид гаргаж хөрөнгө босгох ёстой. Тэнд нэрлэсэн үнэ байх нь зохимж муутай гэдгийг олон улсын зөвлөхүүд хэлж байна. Хувьцааны үнэ яаж тогтдог вэ гэхээр зах зээлийн үнээр, бирж дээр арилжаалагдаж байж л тогтдог. Манай арилжаа хийгдэж эхлээгүй учраас өнөөдөр нэгж хувьцааны үнийг хатуу тогтоох боломжгүй байна. Нөгөө талаас олон улсын зах зээл дээр хөрөнгө босгоход саад учруулах юм. Сая тогтоолын төслийг хэлэлцэхдээ Засгийн газар Тавантолгойн хувьцааг ард иргэдээс худалдаж авах, эргүүлж төлбөр хийх, үүнтэй холбоотой журмыг дотооддоо гаргаж хэрэгжүүлье гэж Засгийн газарт эрх олгохоор ярилцлаа.
-Иргэдэд олгох хувьцааны үнэ хэд байх вэ?
Иргэдэд олгох 1072 хувьцаа бол ойролцоогоор нэг сая төгрөгийн үнэтэй гэж ард иргэд ойлгох хэрэгтэй. Биржийн үйл ажиллагаа жигдэрсэн ч Тавантолгойн хувьцаа арилжаалагдаж эхлээгүй. Түүнээс биш Тавантолгойн хувьцаа дотоодын бирж, гадаад зах зээл дээр арилжаалагдахаар үнэ өсөх нь ойлгомжтой. Гэхдээ хувьцааны үнэ үндсэн ордын эдийн засгийн үр ашиг, дэд бүтцээс хамаарна.
Гэрэл цахилгаан, төмөр зам, тээвэр, усны асуудал иж бүрнээрээ байснаар эцсийн бүтээгдэхүүн гарна.
Аль болохоор нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарч байж хувьцаа үнэ цэнд хүрнэ. Тэгэхээр хувьцаа цаашдаа үнэ цэнэтэй болно. Олон улсын зах зээл, Хонгконгийн, Английн хөрөнгийн биржид арилжаалагдахаар үнэ нь өснө. Тиймээс бид ард иргэддээ хоёр боломж олгож байгаа. УИХ 53 дугаар тогтоол гаргаж эхний ээлжинд 2012 оны улсын нэгдсэн төсөвт 330 тэрбум төгрөгийг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн олгохоор тусгасан. Энд хүний эрх зөрчигдсөн, тэгш бус байдал үүссэн зүйл ерөөсөө байхгүй.
-Оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр тодорхой хэмжээний мөнгөө авсан. Тэгэхээр үлдсэн мөнгөнд нь тааруулж хувьцаа олгох уу?
-Хоёрдмол утгагүйгээр Монголын төрийн бодлого явах ёстой. 2012 оны төсөв, нийгэм эдийн засгийн бодлого батлагдсантай холбоотойгоор УИХ 57 дугаар тогтоолыг баталсан. Энэ тогтоолын 8-д "Монголын иргэдэд сая 500 мянган төгрөгтэй тэнцэхүйц хувьцаа эсвэл мөнгө олгоно" гэж тодорхой заасан. Тийм учраас үүний дагуу явна. Оюутнууд 500, 500-гаар нь сая төгрөгөө сургалтын төлбөр хэлбэрээр авсан. Өнөөдрийн байдлаар 21 мянган төгрөг хэлбэрээр 400 гаруй мянган төгрөг авсан байгаа. Ингээд нийт сая 400 гаруй мянган төгрөгөө авсан байна. Тэгэхээр оюутнууд үлдсэн 100 мянган төгрөгөө хувьцаа хэлбэрээр авч болно. Эсвэл мөнгөө ч авах боломжтой.
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй бэрхшээлтэй иргэдэд Тавантолгойн хувьцаа олгох уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд УИХ-ын 53 дугаар тогтоолд заасны дагуу 21 мянган төгрөгийг ард иргэдэд зургадугаар сарын 30 хүртэл олгоно. Үүгээр эхний 500 мянган төгрөг нь бүх иргэдэд бэлнээр олгогдож байгаа. Мөн 55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг бэлнээр олгохоор заасан. Үүнд зарцуулагдах мөнгөний нийт дүн нь 330 тэрбум төгрөг болж байгаа. Уг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулж иргэдэд сонголт хийх боломж олгож байна.
-Я.Батсуурь гишүүн "Миний санаачилсан хуулиас өөр болсон" гэж байсан. Юугаараа ялгаатай болсон юм бэ?
-Я.Батсуурь гишүүний санаачилсан хууль бол аж ахуйн нэгжүүдэд олгох 10 хувийг иргэдэд олго гэж байсан. Түүнийг нь бид харин ч сайжруулж, төрийн ачааны хүндийг үүрч, зах зээлийн харилцаанд Монгол Улсыг шилжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нь санал болгоё гэсэн. Үүнтэй холбоотойгоор дэлхийн зах зээлд IРО-гоор гарах байсан 30 хувиа 20 хувь болголоо. Тэгэхээр Я.Батсуурь гишүүний өргөн барьсан хуулийн төсөл харин ч сайжирсан уу гэхээс дордсон зүйлгүй.
Ц.Жаргал
Эх сурвалж
Монголын үнэн
| Р.Буд:Иргэдэд хувьцаа ,мөнгийг давхар олгохгүй | Р.Буд: "УИХ, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулъя" гэх хүн цөөхөн байгаа |
|---|


