5 сарын 24

Нүүрс боловсруулалтын мэргэжилтэн бэлтгэх нь төрийн чухал зорилт

Уншсан: 198 И-мэйл Хэвлэх PDF
ТОВЧХОН
  • Одоогийн байдлаар хагас коксын утаагүй түлш үйлдвэрлэх 3-4 төсөл хэрэгжиж байна.
  • Манай улс өөрийн хувь заяагаар геополитикийн онцлог бодлого явуулах ёстой.
АМГ-ын Гүн боловсруулалт, төслийн тасгийн дарга Ж.Батбилэгтэй нүүрсний баяжуулалт, гүн боловсруулалт, салбарын хууль эрхзүйн орчны талаар ярилцлаа.
-Манай улсад нүүрсийг боловсруулах чиглэлийн судалгаа нэлээн сайн хийгдсэн, бүр 1980-аад оноос өмнө нүүрсийг шингэрүүлэх асуудал яригдаж байсан гэдэг. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Тийм ээ. Хамгийн анх нүүрсийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийн судалгааны ажил 1960 оны сүүлчээр хийгдэж эхэлсэн байдаг. 1980-аад онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэрийн эрдэм шинжилгээ зураг төслийн институт, Шинжлэх ухааны академи зэрэг газруудад миний багш доктор Ц.Цэдэвсүрэн, Ж. угаржав нарын удирдлаган дор нүүрсийг шингэрүүлэх, коксжуулах, хүрэн нүүрснээс идэвхжүүлсэн нүүрс, гуматын бордоо гарган авах зэрэг судалгаа туршилтын ажлууд хийгдэж байлаа. Эдгээрийн дотроос томоохон нь “Монголын ирээдүй бүхий ордуудын шингэрүүлэх судалгаа туршилт”, Тавантолгойн нүүрсийг коксжуулах, карбид кальци үйлдвэрлэх “Монгол кокс, карбид” төсөл, Тавантолгойн нүүрсийг талбайн аргаар коксжуулж ширэм хайлах вагранк зуухны түлш гарган авах зэрэг сонирхолтой ажлууд хийгдсэн. Шингэрүүлэх судалгааны үр дүнд Өвдөг худаг, Талбулаг, Чандгана тал, Багануурын хүрэн нүүрснээс моторын шингэн түлш үйлдвэрлэх боломжтойг лабораторийн болон хагас үйлдвэрлэлийн түвшинд тогтоосон. Өвдөг худагийн нүүрсийг шингэрүүлж моторын түлш гаргаж авахад хамгийн тохиромжтой буюу 90 гаруй хувийн хувирлын зэрэгтэй гарсан. Үүний дараа Тал булгийн нүүрс орсон. Энэ мэтээр хүрэн нүүрснээс шингэн түлш гаргаж авах боломжтой гэдэг нь 1990 оны үед тогтоогдсон л доо. 1989-1991 онд “Монгол кокс, карбид” төслийн хүрээнд чулуун нүүрсийг коксжуулах туршилтууд хийгдэж, жижиг үйлдвэр байгуулагдаж металлургийн кокс гарган авч, Төмрийн завод, Дархан, Эрдэнэт хотуудад ажиллаж байсан ширэм хайлах үйлдвэрүүдийг хангаж байсан. Хөнгөн үйлдвэрийн яам, Геологи, эрчим хүчний яамтай хамтарч Тавантолгойн коксжих нүүрс, Мааньтийн шохойн чулуунаас даавуу гаргаж авах технологийн туршилт, судалгааг хийсэн. “Винилон мяндас” төслөөр 1500 тонн коксжих нүүрс, 500 тонн шохойн чулууг хойд Солонгос улсад явуулж манай түүхий эдээс гагнуурын карбид ацетилен, тэр бүү хэл нийлэг даавуу гаргаж авах боломжтойг тогтоосон. Энэ ажлыг Хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд байсан Гонгор, Геологи уул уурхайн яамны дэд сайд Сосор нар удирдаж доктор Тэрбишийн удирдлагаар 11 хүнтэй мэргэжилтний баг Солонгос улсад очиж туршилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээр дурьдсан бүх ажлуудад миний бие оролцож байлаа. Харамсалтай нь 1990 оноос хойш тухайн үеийн нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалж дээрх ажлууд зогссон. Хамгийн сүүлд нүүрсний боловсруулалтын судалгаа туршилтын чиглэлээр хийгдсэн томоохон ажил гэвэл Франц улсад улсын төсвийн хөрөнгөөр 2008 оны 9 дүгээр сард хийлгэсэн “Багануурын нүүрсийг шингэрүүлж өдөрт 25 мянган баррель шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ” байдаг. Харин нүүрсийг гүн боловсруулж бодитоор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 2006 оноос эхэлсэн гэж болно. Одоогийн байдлаар хагас коксын утаагүй түлш үйлдвэрлэх 3-4 төсөл хэрэгжиж байна. Энэ бол хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөл юм. Тодруулбал, Монголын алт компанийн Элдэвийн уурхайн нүүрсийг түшиглэн жилд 75 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх үйлдвэр байна. Мөн Дархан хотод “Шарын гол энержи”, НАКО компанийн хоёр үйлдвэр байна. Эдгээр компаниуд үйл ажиллагаагаа ямар нэг хэмжээгээр эхлээд бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотод нийлүүлж байна. Шинэ үйлдвэрлэлийн эхлэлийг тавьсан дээрх үйлдвэрүүд өөрсдийн хөрөнгөөр риск хийж бүтээгдэхүүн гарган авахаар технологийн, санхүүгийн хүндрэл, боловсон хүчний дутагдал зэрэг ихээхэн бэрхшээлтэй тулгаран ажллаж байгаа. Бас нэг энэ чиглэлийн томоохон төсөл гэвэл улсын төсвийн 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ДЦС-2 дээр байгуулж байгаа жилд 210 мянган тоннын хүчин чадалтай утаа багатай түлш үйлдвэрлэх хагас коксын үйлдвэр байна. Энэ хавраас ашиглалтад орох ёстой. Мэдээж “Энержи ресурс” компанийн Ухаа худагийн баяжуулах үйлдвэрийн төсөл нүүрс боловсруулах чиглэлийн хамгийн том төсөл л дөө. Тус үйлдвэр өнгөрсөн оны 7 дугаар сард эхний ээлжээ ашиглалтад оруулсан. Жилд 5 сая тонн баяжмал гаргах юм. Хоёр дахь хэсэг энэ хавар ашиглалтад орно. Нийт хүчин чадал нь 15 сая тонн болох юм. Металлургийн коксын чиглэлийн бас нэг төсөл бол Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд “ЭНК” компанийн байгуулсан жилд 300 мянган тонны хүчин чадалтай үйлдвэр юм. Одоо ажиллаж байна. Энэ хүчин чадал нь 1 сая тонн төмрийн хүдэр хайлахад хүрэлцэхүйц хэмжээ. Мөн дагалдах бүтээгдэхүүн хэлбэрээр давирхай, шатах хий гаргаж байна. Энэ мэтээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 10 гаруй нүүрсний боловсруулах үйлдвэрүүд бий болоод байна.
-Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор нүүрс шингэрүүлэх асуудлыг сүүлийн үед нэлээн эрчимтэй ярьж байна?
Сүүлийн үед манай улсын үндэсний аюулгүй байдалд нэлээн ноцтой нөлөөлж байгаа асуудал бол нефтийн бүтээгдэхүүний хангамжийн гадаад улсаас хараат байдал юм. Манай улсын нефть бүтээгдэхүүний ойрын 2-3 жилийн хэрэглээ 1 сая тонн орчим тоннос хэтрэхгүй байх юм. Өнгөрсөн жил 760 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэсэн шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээгээр илэрсэн газрын тосыг боловсруулах үйлдвэр байгуулахын хажуугаар хүрэн нүүрсний ордод түшиглэн шингэрүүлэх үйлдвэрүүдийг барьж байгуулах төслүүд шаваа тавьж байна. Тодруулбал, энэ чиглэлээр Монголын алт (МАК) компани, “М Си Эс” компаниуд эрчимтэй ажиллаж эхэлсэн. Угаасаа дэлхийн нефтийн хэрэглээ өсөн нэмэгдэж, нөөц шавхагдаж байгаа нь тодорхой өнөө үед Зүүн, Төвийн бүс нутагт Цайдам нуур, Төгрөг нуур, Адуунчулуун, Талбулаг, Чандганталын нүүрсний ордуудын аль нэгийг түшиглэн нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлагатай гэж боддог. Нүүрсийг шингэрүүлэхэд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл нь нүүрсний үнэ байдаг. Гэтэл манай улсын нийт 160 гаруй тэрбум тоннын нөөцийн 100 гаруй тэрбум тонныг эзэлдэг хүрэн нүүрсний үнэ 6-20 ам.доллар байна. Дэлхийн энэ төрлийн нүүрсний үнэ 60-120 ам.доллар байна. Тэгээд ч энэ үнээрээ борлуулах зах зээл байхгүй. Зүүн бүсэд хүрэн нүүрсний бэлэн нээгдсэн 10 гаруй тэрбум тонн шингэрүүлэх технологид хамгийн тохиромжтой нүүрс ямар ч борлуулалтгүй байж л байдаг. Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нийт нүүрсний хэрэглээ 0,5 сая тонноос хэтрэхгүй. Энэ бүсэд эдгээр уурхайнуудын аль нэгийг түшиглэн 1000 МВТ–ын цахилгаан станц байгуулж, гурван аймгийн эрчим хүчний нийт хэрэгцээнд 50-100 МВТ өгч хангаад үлдсэнийг нь гадаад улсад экспортлох боломж ил харагдаад л байдаг. Мөн үүний хажуугаар нүүрс шингэрүүлэх томоохон 1 сая орчим тоннын үйлдвэрийн эрчим хүчний хангамжийн асуудал хамт шийдэгдчих юм л даа. Нүүрс шингэрүүлэлтийн технологид ус их шаардагддаг боловч зүүн бүс нутаг говийн бүстэй харьцуулбал илүү сайн нөхцөлтэй нь ойлгомжтой. Тэгэхлээр нүүрс шингэрүүлж моторын түлшний хэрэгцээгээ хангах “идеал” нөхцөл бүрэлдээд байна л гэж боддог. “Эрдэнэс ТТ” компани нүүрсээ 70 орчим ам.доллараар гаргаж байна. Хэрэв баяжмал хэлбэрээр гаргавал 200-250 ам.доллар болж өснө. Тодорхой жишээ хэлбэл 15 орчим сая тонн баяжмалыг 200 ам.доллараар өгчихвөл 3 тэрбум орчим ам.доллар болно. Баяжмалаа коксжуулаад эцсийн бүтээгдхүүн металлургийн кокс болгоод өнөөгийн ханш болох 350 ам. доллароор худалдвал 4 орчим тэрбум доллар болно. Гэтэл манай улс жилд 50-100 сая тонн баяжмал гаргах боломжтой. Ингэвэл манай улсын ДНБ хэд дахин өсөх нь вэ гэдгийг бодоод үз л дээ. Үүний араас дараагийн үйлдвэрүүдийн нүүрсийг баяжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх чиглэлийн төслүүд гарч ирэх нь дамжиггүй болоод байна. Яагаад гэвэл гүн боловсруулалтын ямар ч төрлийн үйлдвэрийн эхний шат нь баяжуулалт байдаг. Эхний шат тавигдсан дараагийн үйлдвэрүүд бий болно. Энэ бол зөвхөн цаг хугацааны л асуудал. Учир нь дэлхий нийтээр энэ чиглэл рүү явж байна. Бид яарах хэрэгтэй.
-Нүүрсийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэчнээн шат дамжлага дамжих вэ, үүнийг дагалдаж ямар үйлдвэрлэл хөгжих бололцоотой вэ, гүн боловсруулснаар хэчнээн төрлийн бүтээгдэхүүн гарах вэ, энэ нь дэлхийн зах зээл дээр хэр эрэлт хэрэгцээтэй байна вэ. Энэ талаар та хариулт өгөхгүй юу?
-Нүүрсийг гүн боловсруулах ердөө гурван том чиглэл бий. Энэ нь нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх, коксжуулах салбар юм. Дэд салбаар нь хуваавал нэлээн олон болно. Ер нь энэ өмнө нь баяжуулах салбар байна. Ямар ч бүтээгдэхүүн гаргахад баяжуулах шатыг эхний ээлжинд заавал дамждаг. Яагаад гэвэл баяжуулснаар 20-40 байсан нүүрсний үнслэг буюу шорооны хольцыг 8-10 хувьтай болгочих юм бол дэлхийн стандартад таарсан баяжмал болно. Үүнийг дэлхийн зах зээл дээр 300 орчим ам.доллараар зарах бололцоотой. Манай улс геополитикийн ийм нөхцөлд 200-250 ам.доллароор гаргаж байгаа нь том дэвшил. За, коксжуулах технологийн тухайд, нүүрс буюу баяжмалыг 1100 градуст битүү халааж нэрэхийг коксжуулалт гэнэ. Үүний талаар нь 550 градуст жигнэвэл хагас коксжуулалт гэнэ. Коксжуулснаар үндсэн гурван бүтээгдэхүүн гарна. Нэгдүгээрт металлургийн кокс гарна. Үүгээр нь хүдэр хайлдаг. Дараагийнх нь коксын давирхай юм. Энэ давирхай нь нефттэй адил бүтэцтэй химийн үйлдвэрийн чухал түүхий эд. Давирхайнаас 4000 төрлийн химийн бодис гарган авч болно. Тонн нь 350-400 ам.доллар хүрнэ. Гурав дахь нь коксын хий юм. 1метр куб нь 6000-6500 ккал орчим илчлэгтэй, маш сайн хий гарна. Үйлдвэр уг хийг өөрөө ашигладаг. Өөрөөр хэлбэл, нүүрсийг коксжуулахын тулд 1100 градусаар халаахын тулд уг хийн 45 хувийг ашигладаг. Тэгэхлээр нүүрсийг коксжуулахад гаднаас дулааны эрчим хүч авдаггүй, үүгээрээ их хэмнэлттэй. Цаана нь 55 хувь нь үлдэж байгаа биз. Үүнийг одоогоор манай нөхцөлд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд шатааж устгаж байна. Уг нь бол маш үнэтэй эд л дээ. Тэндээс төрөл бүрийн синтетик хий, шингэн түлш гарган авч ашиглаж болно. Коксжуулах үйлдвэрийн хувьд ийм. Нүүрсийг шингэрүүлэхийн хувьд нүүрс өөрөө нүүрстөрөгчийн агуулга өндөртэй шүү дээ. Үүн дээр устөрөгч нэмээд нүүрсустөрөгчийн бүтээгдэхүүн буюу нефтийн бүтээгдэхүүн гарган авдаг. Нэгэнт түүхий нефттэй ижил төстэй бүтээгдэхүүн тул нефть нэрэх үйлдвэрт нэрэх аргаар бензин, дизель, онгоцны түлш гэх мэтээр шингэн бүтээгдэхүүн гарган авдаг.Нүүрс хийжүүлэх олон төрлийн арга бий. Энэ нь анхны төсөөллөөр бол нүүрсийг нэг хэсгийг нь шатааж энэ илчээр нь үлдсэн хэсгийг нь задралд оруулж угаарын хий маягийн хий гарган авдаг. Нүүрсийг хийжүүлдэг зуухыг хийн генератор гэдэг. Ер нь бол хийн генераторын жишээ нь манай гэрийн зуух юм даа. Гэхдээ муу зуух. Тэгэхлээр Улаанбаатар хотын салхины дээд талд 200-гаад мянган хийн генератор байна гэсэн үг. Бид нөгөө фашист германы хүн хордуулж алдаг хорт хийн камерт амьдарч байна. 18-р зуунд жижиг генератороор далайн хөлөг онгоцны хархнуудыг хордуулж алдаг байсан. Одоо бол... Шатдаг хийн технологиор гарган авсан хийгээ шингэрүүлж болно, эсвэл шатдаг хий хэлбэрээр нь ахуйд хэрэглэж болдог. Нүүрс хийжүүлэх чиглэлээр манайд судалгаанууд нэлээн хийгдэж байсан. Одоо ч хийгдэж байгаа. Манай нүүрс судалгааны хэлтсийн Гүн боловсруулалт, төслийн тасаг маань яг энэ чиглэлүүдээр ажилладаг зургаан мэргэжилтэнтэй. Манайд нүүрсний шингэрүүлэлтийн чиглэлээр Германд докторын зэрэг хамгаалсан Нарангэрэл гэж залуу бий. Герман, Япон, Австрали, Солонгост ажиллаж байсан туршлагатай. Мөн Японд зэрэг хамгаалсан, нүүрсний хийжүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн Баярсайхан гэж залуу доктор байна. Гэхдээ нүүрсний боловсруулалтын чиглэлийн боловсон хүчний хувьд маш дутагдалтай байна. Улсын төсвийн хөрөнгөөр нүүрсний боловсруулалтын чиглэлээр боловсон хүчин бэлтгэх нь төрийн хувьд их чухал зорилт болоод байна. Монгол Улс нүүрсэн дээр тулгуурлан хөгжих төлөв харагдаж байгаа өнөө үед нүүрсний хими, нүүрсний баяжуулагч, технологиуд, нүүрсний арилжааны маретингийн чиглэлээр жилд ядаж 50 мэргэжилтэнг бэлтгэх хэрэгтэй. Сүүлийн үед ШУТИС, МУИС дээр нүүрсний хийжүүлэлтийн чиглэлийн анги нээгдсэн байна билээ.
-Нүүрсийг баяжуулах, гүн боловсруулах чиглэлээр цаашид ямар төслүүд хэрэгжихээр төлөвлөгдөж байгааг дэлгэрүүлэхгүй юу, сүүлд Герман улстай хамтарч энэ чиглэлээр ажиллах гэж байгаа тухай сонссон?
-Саяхан Герман улсын канцлер Ангела Меркел ирж, нүүрсийг шингэрүүлэх, коксжуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнд Германы томоохон компаниудтай хамтарч нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр тохирсон. Ажиллах чиглэлүүд, үйлдвэрийн хүчин чадлаа тодотгох хурал энэ хоёрдугаар сард Германд болно. Анхны хуралдаан Монголд болчихсон. Үүнээс гадна “Энержи Ресурс”-ын төсөл ихээхэн том юм. Нийт цогцолборын хэмжээгээр 600 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг дэлхий зах зээлээс олоод хийчихсэн. Мөн бас нэг томоохон төсөл гэвэл Хөшөөтийн уурхай байх боломжтой. Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлож баяжуулаад Шинжан Уйгараар дамжуулж Хятадын кокс дутагдалтай байгаа мужуудад гаргах хэмжээний томоохон төсөл юм. 5-6 сая тонны хүчин чадалтай байх тухай яригддаг. Мөн “Саус говь сэндс”, МАК зэрэг компани томоохон төслүүдийг эхлүүлэхээр байгаа мэдээлэл байна. Жишээ нь МАК компани Адуунчулууны уурхайг түшиглэж 400 МВТ-ын цахилгаан станцаас гадна нүүрсийг хийжүүлэн метанол гаргах, түүнээсээ диметилын эфир гаргаж авах технологийн үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн мэдээлэл байна. Мөн “М-Си-Эс” компани Засгийн газартай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нүүрснээс шатах хий гарган авна. Эхний шатандаа жилд 100 мянган тонн хүчин чадалтай. Хоёрдугаар шатандаа 200 мянган тонн хүчин чадалтай үйлдвэр барихаар судалгааны ажил явагдаж байна. Ер нь өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргахыг компани, уурхай бүр л зорьж байгаа нь тодорхой. Орон нутагт хүрэн нүүрсний өртөг 6-20 мянган төгрөг байна. Тэгвэл бид нүүрсийг хийжүүлж, шингэрүүлэх, цахилгаан эрчим хүч гарган авснаар өртөг нь 2-3 түүнээс ч олон нугарах боломжтой. Манай дэд бүтэц, техник технологийн түвшин, өнөөгийн улс орны нийгэм эдийн засгийн байдлаас хамаараад энэ үйл ажиллагаа нэлээн хоцорч байна. Төрөөс хил гаалийн хөнгөлөлт үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах зэргээр олон ажил хийх ёстой. Хамгийн чухал асуудал бол гадаадын хөрөнгө оруулалтыг дагаж технологи орж ирэх ёстой.
-Нүүрсийг гүн боловсруулах чиглэлд хөрөнгө оруулалт татахад хамгийн их чөдөр тушаа болж буй зүйл юу вэ?
-Үүнд хамгийн их чөдөр тушаа болж буй асуудал бол нүүрсний салбарын хууль эрхзүйн орчин боловсронгуй бус явдал юм. Жишээ хэлье, Монгол Улсад нүүрсний гүн боловсруулалтыг хөгжүүлэх, нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлийн “Нүүрс хөтөлбөр” олон Засгийн газар дамжаад батлагдахгүй яваад байна. Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн боловсруулсан хувилбараар нь бид саналаа өгөөд явуулсан. Олон жил төрд ажилласан мэргэжилтнүүд маань цаг алдалгүй шийдэх олон үнэтэй саналуудыг өгсөн. Өмнө нь 2006 онд батлагдсан хуульд уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагч нарыг татах зорилгоор тухайн цаг үедээ нийцүүлэн гаргасан, лиценз, тусгай зөвшөөрлийн асуудлуудад голчлон анхаарсан байдаг. Энэ хууль нүүрсийг ашиглан боловсруулах асуудал дээр учир дутагдалтай. Гүн боловсруулах тухай асуудал огт тусгагдаагүй гэж хэлж болно. Тиймээс одоо шинээр батлагдах хуульд нүүрсний боловсруулалтын тусгай зөвшөөрөл бий болгох хэрэгтэй байгаа юм. Сүүлийн үед бидэнд ихээхэн саад болж байгаа зүйл гэвэл нүүрсийг боловсруулах чиглэлийн суурь хууль байхгүйгээс болоод хувийн хэвшлийнхний үйлдвэрүүдийг байгуулах, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах дүрэм, журам гаргах, технологийн түвшинд үнэлэлт дүгнэлт өгөх, ТЭЗҮ дээр хяналт хийх, төлөвлөгөө тайлан хүлээн авах зэрэгт агентлаг оролцоход хүндрэлүүд учирч байна. Ашигт малтмалын шинэ хууль маань удахгүй гарах байх гэж олон нийт хүлээж найдаж байгаа.
-Нүүрсний үйлдвэрлэл өсч байна. Мөн үүнийг дагаад баяжуулах асуудал яригдаж, захаасаа хэрэгжиж эхэллээ. Тэгвэл үүний тодорхой хэсгийг дотоодын эрчим хүчний салбарыг дэмжих, тэр дундаа гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулахад чиглүүлж болох уу. Тухайлбал, кокс маань илчлэг өндөртэй, мөн агаарыг бохирдуулах нь бага. Тэгвэл эхний ээлжинд үйлдвэрлэж байгаа коксоор гэр хорооллыг хангаж болох уу. Уг нь бол жижиг зах зээл шүү дээ, харин утаа нийгмийн аюул болоод байна?
-Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын түвшинд бүгд ойлгож байгаа. Нэг талаас бид орон сууцжуулах, хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх замаар шийднэ гэдэг. Гэвч одоогоор эдийн засгийн болоод техникийн ийм боломж байхгүй. Утааг багасгах нэг арга нь нүүрсийг боловсруулах явдал юм. Утаанд гурван төрлийн ноцтой аюултай бодис байдаг. Энэ бол СО угаарын хий, азотын ислүүд, гурав дахь нь хүхрийн ислүүд юм. Үүн дээр хоёр төрлийн нарийн ширхэгтэй тоосонцорууд нэмэгдэнэ. Түүхий нүүрснээс гарах хорт бодисын хэмжээ Монгол Улсын стандартад зааснаас 3-4, зарим тохиолдолд 10 дахин илүү гарч байна. Тэгэхээр СО өөрөө дутуу шаталтын бодис шүү дээ. Үүнийг бүрэн шатаах хэрэгтэй. Одоо гараад байгаа зуухнууд ийм л зорилгоор бүтээгдсэн. Ингэх юм бол агаарын бохирдлыг 20-30 хувиар бууруулах боломжтой. Утааны бохирдлыг багасгахын тулд нэгдүгээрт сайн зуух, хоёрдугаарт сайн түлш хэрэглэх явдлыг цогцоор шийдэх хэрэгтэй. Сайн түлш хэрэглэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байна. Гэвч хагас коксын үйлдвэрүүдийн хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа. Улаанбаатар хотын гэр хорооллын айлууд 600 орчим мянган тонн нүүрс түлдэг. Энэ нүүрсийг анхан шатанд нь ялгаад сортловол агаарын бохирдол 5-10 хувиар багасана. Улмаар нүүрсээ хагас коксжуулна. Ингэхэд агаарын бохирдол 30 орчим хувь багасна. Энэ чиглэлээр дөрвөн үйлдвэр байгааг дээр хэлсэн. Хагас коксжуулснаар утааны бохирдол тодорхой хэмжээгээр багасана. Мөн хямд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж түгээх, гэр байшингийн халаалтыг нэмэгдүүлж, битүүмжлэлийг сайжруулах, дулааны алдагдлыг багасгах зэрэг арга хэмжээнүүд бүгд л агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр тустай шүү дээ.Эдгээр арга хэмжээнүүдийг нэгдсэн бодлогоор зангидаж байж амжилтанд хүрнэ. Төр засгийн нэг байгууллага зуухыг, нөгөө нь утаагүй шахмал түлшийг, нөгөөдөх нь гэрийн дулаалга бүрээсийг гэх мэтээр өмчлөөд байгаа нь нөгөө орос ардын цурхай загас, хун, мэлхий гурвын үлгэрийг санагдуулаад байгаа юм. Уг нь мэлхийгээ мань хоёр дэмжвэл тэрэг хөдлөхийм даа.
-Ярилцлагын төгсгөлд нэг зүйлийг асууя. Манай улс нүүрсний асар их нөөцтэй. Тэр хэрээр стратегийн чухал түүхий эд болон хувирч байна. Үүнтэй холбоотойгоор ганц зах зээлээс хараат бус байх, гурав, дөрөв дэх зах зээл рүү тэмүүлэх зэрэг чухал сэдвийн нэг байсаар байна. Энэ талаар та бодлоо хуваалцахгүй юу?
-Манай улс өөрийн хувь заяагаар геополитикийн онцлог бодлого явуулах ёстой. Яагаад гэвэл дэлхийн хоёр том хөршийн дунд хавчуулагдсан. Далайд гарц байхгүй. Тиймээс бодлогоор зохицож амьдрах шаардлагатай. Дэлхийд эдийн засгийн хөгжлөөр хоёрт орчихоод, одоо нэгд орохоор АНУ-тай уралдаж буй улс бол БНХАУ. Энэ улс биднээс нэг их айхтар нүүрс гуйгаад, бид нүүрсээ хаачихвал тэд гуйгаад ирнэ гэж байхгүй. Бид л их зүйл алдана. Дэлхий тэр чигээрээ жилд 6 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Үүний 3 тэрбумыг Хятад ганцаараа олборлож бүгдийг нь дотооддоо ашиглачихаад дөнгөж 40-50 сая тонныг импортолж байгаа юм. Хятадууд 50 сая тонн нүүрсийг Австрали болон бусад улсаас хөнгөхөн авч чадна. Тус улсын хэрэглээ цаашид нэмэгдэнэ. Гурван тэрбум гэдэг манай Тавантолгой ордыг хоёрхон жил залгичих хэмжээ байхгүй юу. Тэгэхээр бид тодорхой бодлоготойгоор хэдий хэмжээний нүүрс гаргах вэ, хэдийг нь боловсруулах вэ гэдгийг маш сайн төлөвлөх ёстой. Төрөөс эспортын квот, үнийг тогтоож байдаг механизмыг бий болгох нь чухал. Нөхөн сэргээгдэхгүй баялгийг их хэмжээгээр биш бага бөгөөд үнэ, чанар илүү болгоод гаргах нь нүүрсний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх утга учир нь. Ядаж гурав дахин үнэтэй бүтээгдэхүүний тээврийн зардал гурав дахин хямд байна.Ямар ч улс өөрийн эрх ашгаа л бодно. Монгол Улс хөгжиг гээд хятадууд манайхаас нүүрс өндөр үнээр авъя гэхгүй. Аль болох хямд үнээр авахыг бодно. Худалдааны зарчим ийм. Нүүрсний экспорт анх 2004 онд эхэлж байхад бид 8 ам.доллараар гаргаж байсан. Сайн чанарын коксжих нүүрсийг шүү дээ. Дараа нь 9, 11 ам.доллар болсон. Сүүлдээ 22,9 ам.доллар болсон. Одоо 30-60 орчим ам.доллараар гаргаж байна. “Эрдэнэс ТТ” саяхан 70 долларын гэрээ хийсэн. Үүнийг хямдхан гэж ярьдаг юм. Дэлхийн зах зээл дээр 200 хүрчихээд байхад 70 доллараар гаргалаа гэдэг. Наймааны 250 сая ам. доллароо урьдчилж өгөөд энэ хэмжээний энэ хэмжээний үнээр зарж байгаа нь том дэвшил гэж би дээр хэлсэн Тэгээд ч улсад өгөх татвараа 115 ам. долларын жишиг үнээс тооцож өгч байгаа. Үнэ цаашид өснө, бид суралцана.Гэвч бид өөр гуравдагч, дөрөвдөгч зах зээл рүү гаргах арга замыг эрэлхийлэх нь зөв. Дэлхий нийтээр коксжих нүүрсээр өлсчихсөн байна шүү дээ. Коксжих нүүрс байхгүй бол металлургийн үйлдвэр хөгжихгүй. Металлургийн үйлдвэр хөгжихгүй бол машин техник, барилга байгууламж гээд бүх салбар хөгжихгүй. Тэгэхээр бид Хятад улсын бодлоготой уялдуулж, Засгийн газрын түвшинд ярилцаж тохиролцох, аль болох үнийг нэгдсэн бодлогоор уялдуулж явах ёстой. Хятад бол нэгдсэн бодлого гэдэг зүйлийг үлгэр жишээ хийдэг орон. Бээжинд суугаа том түшмэлийн үзэгний үзүүрээр нүүрсний үнэ, квотыг зохицуулж байдаг. Нүүрсний улсын ч бай хувийн ч бай аль нэг компани зах зээл дээр хэдий хэмжээний нүүрс олдборлох, хэдий хэмжээний нүүрс экспортлох, хэдий хэмжээний нүүрсийг импортлох вэ гэдгийг Засгийн газрын түвшинд төвлөрсөн шатанд шийддэг. Манайд бол хувийн компани хэдийг олборлож чадаж байна, тэр хэмжээгээр гаргаж байна шүү дээ. Нөгөө л тамын тогооны үлгэрийн хууль үйлчилж, үнэ бууруулах өрсөлдөөнийг бий болгосоор. Тэгэхээр төрийн бодлогын зохицуулалт гарцаа байхгүй хэрэгтэй. Япончууд коксжих нүүрсийг 350-450 доллараар, металлургийн коксыг 500-600 доллараар авах боломж бий гээд байдаг. Гэхдээ тээвэрлэж аваачна гэвэл энэ зардалаас давах юм. Тэгэхээр ойрхон л өгөх хэрэгтэй болж байгаа. Шарын голоос нүүрс ачаад Замын-Үүд дээр хүргэхэд үнэ нь хоёр нугардаг шүү дээ. Тиймээс манайх Хятадын зөвхөн хойд мужуудад нүүрс өгөх боломжтой болчихож байгаа юм. Ядаж байхад Хятад улсын томоохон уурхайнууд дандаа хойд талаараа, цахилгаан эрчим хүчний үйлдвэрүүд нь өмнө талдаа байдаг. Өвөрмонголд гэхэд Хятадын нүүрсний 20 хувь, Бээжингээс зүүн хойшоо Шаньси мужид 22 хувь байна. Ийм байхад тэд хямдхан авахыг хичээнэ. Харин бид нүүрсээ түүхийгээр нь хямдаар өгөх үү, боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү гэж бодсоор сууна шүү дээ. Бодоод, бодоод бодын шийр дөрөв байх юм.
Нийтлэлч
Г.Батзориг
Эх сурвалж
Mining.mn
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах