УИХ-ын гишүүн О.Чулуунбат
Олон-Овоотын асуудлыг УИХ-ын гишүүн О.Чулуунбат нар сөхсөн биш эргүүлээд элдвийн дайрлагад өртөх болов. О.Чулуунбат гишүүний тухайд төрийн мөнгийг хувийн компанид өгч болохгүй, Олон-Овоотыг зарж борлуулаад төсвийг хохиролгүй болго гэдэг асуудлыг тавьж буй боловч өдгөө уг ордын лицензийг эзэмшдэг компани өөр мэдэгдлийг хийж байгаа билээ. Сүүлийн үед хэвлэлийн бай болоод буй О.Чулуунбат гишүүнтэй энэхүү асуудлаар ярилцлаа.
-«Олон-Овоот»-ын хэргийг та бүхэн сөхсөнтэй зэрэгцээд олон банкны дампуурлын асуудал яригдах байх. Хэдийгээр та төрийн мөнгийг буцааж авах нь чухал гэж хэлж байгаа боловч «Анод», «Зоос» банкнуудын дампууралд «Олон-Овоот» тодорхой үүрэг гүйцэтгэсэн биш юм уу?
-Олон-Овоот төсөл олон банканд барьцаалагдсан. Тэр үнэн. Гэхдээ Олон-Овоот төсөлд хамгийн том мөнгийг өнөөдөр төсвөөс өгчхөөд байна. Бусад банканд барьцаалагдсан, барьцаандаа хэр их эрх эдлэх нь тэдний асуудал. Улсын төсвөөс мөнгө тавьж, тухайн өрийг нь хойшлуулж өгсөн л бол Засгийн газар хамгийн том зээлдэгч гэдэг утгаараа барьцааг нь хэрхэх талаар бусад банктайгаа зөвлөлдөх ёстой. Өнөөдөр олон улсын практикт хэрэглэгдэж буй арга нь юу вэ гэвэл энэ барьцааг нь бушуухан борлуулаад татвар төлөгч хийгээд төсвийн өрийг барагдуулах явдал. Төсвийн мөнгийг ингэж нэг компанийг санхүүжүүлэхэд зориулж ерөөсөө болохгүй.-Олон-Овоотыг зарчихвал хохирсон банкнууд ч хохиролгүй болно гэсэн үг үү?
-Нээлттэй, ил тодоор зах дээр зарагдахаар банкнууд ч гэсэн зээлдүүлсэн хувь хэмжээгээрээ төлбөрөө авна. Ийм зохицуулалтад банкнууд баярлана. «Голомт», «Хадгаламж», «Анод», «Зоос» гээд бүгд л баярлана. Тэгэхээр ийм том мөнгийг төсвөөс өгчхөөд олон улсын практик, хуулийн дагуу зохицуулалт хийхгүй байгаа нь л хамгийн сонин байна.-Тэгвэл Засгийн газар мөнгө өгснөөрөө энэ асуудлыг хариуцаж шийдвэрлэх ёстой юм байна шүү дээ?
-Тийм. Мөнгө өгснөөрөө Засгийн газар л хариуцах ёстой. Төсвөөс мөнгө өгнө гэдэг чинь Засгийн газар, Сангийн яамны асуудал. Төсвийн мөнгийг нэг компанид ашиглуулж болохгүй.-Засгийн газар, тэр дундаа хэн энэ асуудлыг хариуцах ёстой юм бэ?
-Ерөнхий сайд өөрөө арга хэмжээ авах ёстой. Яах аргагүй өнөөдрийн манай шударга ёс, хуулийн зохицуулалтад нийцэхгүй шийдвэрийг Ерөнхий сайд залруулах хэрэгтэй байна.-Олон-Овоотын лицензийг эзэмшдэг «Жаст» компани танд зориулж мэдэгдэл гаргасан байсан. Уншсан уу?
-«Жаст» компанийн мэдэгдлийг уншсан. Гайхаад л сууж байна.-Юунд нь гайхсан гэж?
-Намайг энэ асуудлыг ойлгохгүй байна гэж мэдэгдсэн байна лээ. Би тэгвэл буруу ойлгоод байгаа юм болов уу. Уг нь ганц Монголын зах зээл биш дэлхийн зах зээлд би насаараа ажилласан хүн. Иймэрхүү зээл, өрийн асуудлыг тэгж л шийддэг шүү дээ. Жишээ нь Батаа Бадмаагаас таван төгрөг зээлчихэж. Тэгээд төлж чадахгүй бол Батаагийн зээл авахдаа өгсөн утас эсвэл цагийг нь Бадмаа зараад л өрөө хаачихдаг. Бүх ломбардууд тийм журмаар ажилладаг. Хөдөө аж ахуйн банкнаас зээл авч буй манай малчид малаа барьцаалаад хугацаандаа төлж чадахгүй бол малыг нь зараад өрийг нь тэглэдэг биз дээ. Яагаад энэ шударга ёс үйлчлэхгүй байгаа юм бэ гэдгийг л бид асуудал болгож байна.-Тэгвэл «Жаст» компани шударга бус ажиллаад байна гэсэн үг үү?
-«Жаст» компанийн хувьд овсгоотой, сайн л ажилласан байна шүү дээ. Би «Жаст» компанийг буруутгахгүй. Бүх компани төсвөөс аль болох хөнгөлөлттэй санхүүжилт авахын төлөө ажилладаг. Харин ийм боломжийг хийж өгсөн засгийн байгууллага эсвэл засгийн эрх мэдэлтнүүдийн буруу.-Тэгэхээр үүнд янз бүрийн лобби бий гэсэн яриагаа та бататгаад байна аа даа?
-Мэдээж. Лоббигүйгээр ийм асуудал амар шийдэгдэхгүй. Ялангуяа бондыг босгох үед байнгын хороо, чуулган дээр би яг энэ асуудлыг тавьж байсан. Яагаад банканд засгаас мөнгө босгож өгөх гээд байгаа юм бэ. Банк чинь зээл өгөхдөө Олон-Овоот гэдэг төсөлд 60 тэрбум төгрөг өгчихсөн байна шүү дээ. Тэрийг нь зарчихаач ээ гэж зөндөө хэлсэн. Минийхээр явсан бол өөрийн хөрөнгө нь бүрдчихнэ, иргэдийн хадгаламжид ч хүрэхгүйгээр асуудлыг шийдэж болох байсан. Тэгэхэд заавал засгаас мөнгө өгсөн байхгүй юу. Тухайн үед түр хугацаагаар өгч байгаа юм байлгүй дээ гэж би ойлгосон юм.-Гэтэл хэдий хугацаа өнгөрчхөөд байна вэ?
Түүнээс хойш бараг хоёр жил болж байна.-Хоёр жилийн хугацаанд ямар ч хүү энэ тэр өгөөгүй юмуу?
-Зөвхөн Олон-Овоот төсөл нь 60 гаруй тэрбум төгрөг авсан байгаа юм. Үүнээс хоёр жил бараг өнгөрчхөөд байхад 650 сая төгрөг л төлөөд байна. Ийм байдлаар явбал 20-н хэдэн жил явж байж өрөө барагдуулна гэсэн үг. Ингэж нэг компанийг төсвөөс санхүүжүүлж болохгүй ээ. Ер нь бүх компани одоо барьцаж эхэлнэ. Зээлээ төлөхгүй бол төсвөөс мөнгө авах гэж оролддог болно.-Тэгвэл Олон-Овоотыг яагаад олон банканд барьцаалсан юм бол оо. Үүнд Монголбанк хяналт тавьж болоогүй юм байх даа?
-Олон банканд зэрэг барьцаалж болно. Дэлхийн зах зээлд хамтын зээл гэж байдаг. Зээлээ төлж чадахгүй бол түүнийг шийддэг практик нь бас дэлхийн зах зээл дээр аль хэдийнэ хууль, тоглоомын дүрэм болчхоод байгаа. Тодруулбал зээлдэгч буюу мөнгө өгсөн хүмүүс нь хамтарч, харин тэдний аль нэг нь лидер болдог.Лидер нь нээлттэй зах зээлд тухайн барааг борлуулаад хувиа хувааж авдаг юм.
Манай тухайд Засгийн газар нь орж санхүүжүүлэхдээ барьцааг нь ч аваагүй. Түүгээр ч барахгүй лиценз нь «Монгол газар»-т, барьцаа нь «Голдман Сакс»-т байхад аль алинаас нь болиулаад өөр компани руу лицензийг шилжүүлчихсэн байсан. Үүнээс үзвэл нэлээн том арын хаалга, лоббигоор энэ ажлыг хийсэн байна. Түүнээс биш мань мэт нь ийм юм хийж чадахгүй шүү дээ.-«Монгол газар»-ын мэдэлд байхын зэрэгцээ олон банканд зэрэг зээлтэй байсан лицензийг тухайн үед АМГ шууд болиулаад «Жаст» группийн мэдэлд өгчихсөн байх аа?
-Тийм.-Нэгэнт банкны тухай асуусан болохоор нэг зүйлийг тодруулъя. Өнөөдөр олон тэрбум төгрөгийн зээл авч, банкийг дампууруулсан нөхөд эрх чөлөөтэй явахад зээл өгсөн банкны удирдлагууд шоронд хоригдож байна. Зээл авсан нь биш өгсөн нь шоронд хоригдож, эрх чөлөөгөө хасуулаад байдаг нь ямар учиртай юм бэ?
-Уг нь засаг хуулийн ийм цоорхойг хувийн компаниудад гаргаж өгөхгүй байх ёстой. Засаг үүнийг бүрэн хэрэгжүүлж чадна. Тэгтэл иймэрхүү шийдлүүд гарснаас болоод төр, засгийн нэр хүнд унаад байна. Хэрэв надад эрх мэдэл байсан бол хамгийн түрүүнд Олон-Овоотыг зарна. Яагаад гэвэл Олон-Овоот «Зоос» банканд мөнгө төлж чадаагүй гэдгийг Монголбанк аль хэдийнэ тодорхойлчихсон байсан юм билээ.2009 оны аравдугаар сарынМонголбанкны тайланд «Жаст» компани мөнгөө төлөөгүй гэж бичсэн байсан.
Урьд нь «Монгол газар» нь «Зоос» банканд мөнгөө төлөөгүй. Дараа нь «Жаст» ч төлж чадаагүй. Тиймээс би л эрх мэдэлтэн байсан бол «Та хоёр мөнгөө төлж чадаагүй бол төсвөөс мөнгө өглөө. Харин үүнийг чинь эргүүлж зараад төсвийн мөнгийг оруулна» гэж хэлэх байсан. Ийм л шударга ёс үйлчилж байх ёстой юм.Нийтлэлч
С.Бэлэгмаа
Эх сурвалж
Өглөөний сонин
С.Бэлэгмаа
Эх сурвалж
Өглөөний сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
ТweetTwitter сүлжээнд цацах
| О.Чулуунбат:Засгийн газрын бодлогыг 76 хуваадаг жишгийг өөрчлөх ёстой | О.Чулуунбат: “Зоос” банкны хадгаламж эзэмшигчдэд туслах байтал төр хувийн компанид дэмжлэг үзүүлсэн |
|---|



