5 сарын 24
  • chuluunbat_o_01
  • chuluunbat_o_02
  • chuluunbat_o_03
  • chuluunbat_o_04
  • chuluunbat_o_05

О.Чулуунбат:Монголбанк бодлогын хүүгээ өсгөх нь буруу юм

Уншсан: 681 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн О.Чулуунбат

Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд чиглэсэн ирэх оны төсөв зарлага өндөртэй, үрэлгэн төсөв болж буй. Түүнчлэн мөнгөний бодлого, төсөв хоорондын уялдаа муу байна хэмээн шүүмжлэл дагуулах болсон. Дэлхийн банк, ОУВС ч инфляцийн төвшин өндөр байхыг монголчуудад анхааруулж байгаа. Энэ мэт төсөв, мөнгөний бодлого тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай ярилцлаа.

-2012 оны төсөв сонгуулийн төсөв болсон гэдэгтэй санал нэгдэх үү?

-Төсвийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэг явагдаж байна. 2012 он бол яахын аргагүй сонгуулийн жил. Ирэх онд сонгууль болохоос гадна Засгийн газрын эрх барих сүүлийн жил болж байгаа учраас мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд чиглэсэн нэлээд зарлага гарна.

Үрэлгэн, зарлаган, мөнгөөр зодсон төсөв болох гэж байна.

Манай улсын эдийн засаг, орлого маш хурдацтай өсөж байгаа энэ үед төсөв ч дагаад тэлэх нь гарцаагүй. Олж буй их орлогоо маш ухаалаг, зөв зарцуулах ёстой. Хэрэгтэй зүйлдээ зарлагадаад, хэрэггүй зүйлд зарцуулах мөнгөө хуримтлуулах хэрэгтэй.

-УИХ-ын хэлэлцүүлгийн явцад зарлагыг бууруулах боломж бий юу. Зарлагаа багасгах санал гишүүдээс гарч байгаа. Энэ талаар Таны бодол юу вэ?

Санал гарч байгаа. Монголын улстөрийн тогтолцоо маань УИХ-д үрэлгэн зарлаган төсөв хийх боломж олгочихсон. Үндсэн хуульдаа гүйцэтгэх засаглалын эрхийг Засгийн газарт олгосон хэрнээ гүйцэтгэх засаглалын гол хэрэгсэл төсвийг болохоор УИХ баталдаг. Засгийн газраас оруулсан төсвийг УИХ-аар хэлэлцээд л өөрчилчихдөг. Хоёрдугаарт, сонгуулийн хуультай холбоотой. 76 тойрогт төсвийн орлогоо олон жижиг хуваагаад авчхаар том зүйл бүтээх төсөв үлддэггүй. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээний томоохон төслүүдэд оруулах хөрөнгө оруулалт, санхүүжилт үлдэхгүй байна. 76 маань л арвич хямгач, сайн төсөв батлах хэрэгтэй байна.

-2012 оны төсвийн давуу болон сул тал юу вэ?

-Давуу тал нь эдийн засаг хурдацтай өсөж, орлого ихтэй төсөв болж байна. Сул тал нь олсны хэрээр тараан, цацаж байна. Иймээс л маш том зарлагын төсөв болж байна. Тухайлбал, цалин тэтгэвэр тэтгэмж гэхэд л 60 орчим хувь, нийгмийн халамжийн зарлага 50 орчим хувиар нэмэгдсэн байна. Зайлшгүй шаардлагатай л биш бол төсвийн зарлагаа хянаж, урсгал зардлаа царцаах хэрэгтэй гэж бодож байна.

-Зарлагыг өндөр хувиар өсгөхөд инфляци дагаад өсөх хандлага байх уу?

-Мөнгөний нийлүүлэлт өслөө гээд инфляци өсөх номлол байхгүй. Гол нь нэг төгрөг гаргалаа гэхэд нэг төгрөгийн бараа бас байх хэрэгтэй. Манай улсын инфляци бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтээс  тухайлбал бензин, гурилын нийлүүлэлтээс голчлон шалтгаалдаг. Гол нөлөөлж буй  барааны нийлүүлэлт, хангамжийг сайн зохицуулж чадвал, инфляци өсөхгүй.

-Дэлхийн банк, ОУВС-гаас ирэх онд инфляцийн төвшин өндөр байх анхааруулга өгсөн. Хэр үндэслэлтэй сануулга вэ?

-Дээрх  байгууллагуудаас санамж, анхааруулга өгсөн. Би эдгээр байгууллагатай сүүлийн 20 жил хамтран ажиллаж байна. Авах шүүмжээ аваад, заримыг нь хүлээж авдаггүй. Гэхдээ манайд өгсөн сануулгууд ор үндэстэй. Төсөв ийм өндөр алдагдалтай, хөрөнгө оруулалт, зарлага өндөртэй байхад инфляци өсөх магадлалтайг л сануулсан.

-Монгол Банк болон Засгийн газраас инцляцийн төвшинг нэг оронтой тоонд барих бодлого баримталдаг ирэх онд зарлага ихтэй төсөв баталбал үүнийгээ биелүүлэх боломж байна уу?

-Бүрэн боломжтой.Төсвийн зарлага буюу мөнгөний нийлүүлэлтийг хянаж үзэх нь зөв л дөө. Гэхдээ манай улс зөвхөн мөнгө гаргаад байгаа юм биш. Гадаадаас их хэмжээний мөнгөн хөрөнгө орж ирж байгаа. Монголбанкнаас мөнгөний бодлогоо зөв баримтлах л хэрэгтэй.

-Мөнгөний бодлого, 2012 оны төсөв хоорондоо уялдахгүй байна. Нийцүүлэхийн тулд ямар арга хэмжээ авбал зохих хэрэгтэй вэ?

- Яриа хэлцэл,тохиролцоо л хэрэгтэй. Мөнгөний бодлогын хүрээнд Монголбанк мөнгө гаргаад байдаг, нөгөө  нь мөнгө оруулаад байдаг. Хоёулаа төрийн том зардал үүсгээд байна. Ядаж нэг нь орлого нөгөө нь зарлага гаргадаг бол нийцэх юм. Монголбанк мөнгөний нийлүүлэлтээ багасгаад,мөнгөө татлаа гээд Засгийн газрын арга хэмжээгээр мөнгө буцаагаад нийлүүлээд байна. Ингээд хоёулаа зах зээлд мөнгө төлөөд байна. Ийм авцалдаагүй, зөрчилдсөн байж болохгүй.

-Он гараад инфляци өсөх сургаар иргэд банкнаас зээл авах нь ихсэж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-ОУВС, Дэлхийн банкнаас өгсөн сануулгаас үүдэн  иргэд зээл авах нь ихэслээ гэж ойлгож болохгүй. Зээлийн хүү өөрөө өндөр байгаа шүү дээ. Гол нь инфляци биш, ханшийн хэлбэлзэл юм. Зээл аваад дараа нь ханш унасан төгрөгөөр зээлээ эргүүлж  төлөх амархан юм. Тийм санаатай зээл авах  үзэгдэл байгаа байх.Тийм учраас ханшийн  бодлогоо тогтвортой байлгах хэрэгтэй.

-Монголбанк бодлогын хүүгээ нэмлээ. Өсгөх нь зөв үү?

-Монголбанкны бодлогын хүү нэмэгдээд 10 хувь даваад явчихлаа. Бодлогын хүүнд хоёр төрлийн хүү багтдаг. Бондын хүү,  дахин санхүүжилтийн хүү. Бондоор мөнгөө татна, дахин санхүүжилтээр мөнгө гаргана. Эдгээрийг нэмэгдүүлснээр манай улсын санхүүгийн зах зээл маш үнэтэй, өндөр хүүтэй болж байна. Монголбанкны хүү 12 хувьтай байхад арилжааны банкны хүү 15-16-д хүрнэ.Тэгэхээр  зээл  аваад ашигтай ажиллах боломж байхгүй болж байна. Бизнес эрхлэгчдэд маш хүндрэлтэй, санхүүжилтийн асуудалтай болгож байна. Монголбанк бодлогын хүүгээ өсгөх нь буруу юм.

Нийтлэлч
Б.Бат-Эрдэнэ
Эх сурвалж
Монголын үнэн
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.