Ардын намын бүлэг өчигдөр хуралдаж үүсээд байгаа үнийн хөөрөгдөл, валютын ханшийн асуудлаар хэлэлцсэн юм. Ингээд УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Ч.Улаан, Ц.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан билээ. Тэд бүлгийн хурлын дараа санхүүгийн салбарт үүсээд байгаа асуудлын шалтгааныг тогтоохын тулд Монголбанкны үйл ажиллагааг шалгахаар явав. Ингээд үдээс хойш 17.00 цагт намын бүлэгтээ дүгнэлтээ танилцуулахаар байлаа. Гэвч энэ нь хойшилж, өнөөдөр болсон юм. Харин УИХ-ын гишүүн О. Чулуунбатаас Монголбанкны үйл ажиллагаатай танилцсаных нь дараа уулзаж тодруулга авсан юм.
-Монгол төгрөгийн ханшийн уналт, үнийн хөөрөгдлийн гол шалтгаан нь юу байв. Ажлын хэсгийнхэн ямар дүгнэлт гаргасан юм бэ?
-Өнгөрсөн хоёр, гурван сар ялангуяа сүүлийн хэдэн өдөр төгрөгийн ханш их уналаа. Энэ нь нийгэмд бухимдал бий болголоо. Үнийн хөөрөгдөл үүслээ. Мэдээж энэ нь төгрөгийн ханштай салшгүй холбоотой. Өнөөдөр бидний хэрэглэж байгаа зүйлийн ихэнх нь импортоор орж ирж байна, Шатахууныг бид 100 хувь гаднаас оруулж байгаа.
Өргөн хэрэглээний бараагаа ч гаднаас татаж байна.
Гэтэл төгрөгийн ханш унахаар хүмүүсийн худалдан авах чадварт шууд нөлөөлж байна. Монгол Улсын эдийн засаг их өсөж байгаа учраас монголчуудын худалдан авах чадвар хэдхэн хоногийн дотор ингэж муудах учир-гүй л дээ. Бидний хөдөлмөрийн бүтээмж ийм богино хугацаанд 20 хувиар буурна гэж байхгүй. Тэгэхээр энэ бол яах аргагүй санхүүгийн зохицуулалтаас үүссэн асуудал гэдэг нь тодорхой. Гэхдээ үүнийг зөвхөн шатахууны үнийн хөөрөгдлөөр тайлбарлаж болохгүй. Хоёр жилийн өмнө ам.долларын ханш 1400 байхад ч шатахуун ийм л үнэтэй байсан. Хамгийн гол нь бүх зүйлийн үнэ цочмог өссөн нь бухимдал бий болгочихлоо. Ингээд ма-най намын бүлэг ажлын хэсэг гаргасан. Тэгээд бид Монголбанкны нөхцөл байдлын талаар маш товч мэдээлэл авлаа. Энэ тухайгаа өнөөдөр бүлгийн хуралдаа албан ёсоор танилцуулна. Тиймээс одоо нарийн тоо баримтгүйгээр бурууг бие бие рүүгээ чихээд яахав.
-Буруу нь хаанаа байна гэж үзсэн юм бэ?
-Ханшийн уналтаас болсон. Нөгөө талаар мэдээж сонгууль дөхөж байгаа учраас улс төрийн нөлөө байна. Сая АН хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэн нь бизнесменүүдийн сэтгэхүйд нөлөөлсөн байж магадгүй. Улс төрийн тогтворгүй байдал бий болох нь. Дагаад санхүүгийн тогтворгүй байдал бий болох нь гэж үзээд найдвартай мөнгө хадгалахыг зорьж ам.долларын ханшийг өсгөсөн байх. Уг нь монгол төгрөг доллараас илүү найдвартай шүү дээ. Яагаад гэвэл Монгол Улсад экспортын орлого маш өндөр байна.
-Одоо бүх зүйлийн бурууг АН-д тохож, улс төр хийж байгаа хэрэг үү?
-Өнөөдөр аль нэг намыг буруутгах гэсэнгүй. Монголбанкинд очиж тоо баримттай нь танилцсан нь үүсээд байгаа асуудалд санхүүгийн шалтгаан байна уу, үгүй юу гэдгийг тогтоох гэснийх. Валютын зах ямар хэмжээтэй байдаг юм, нийт орж ирж байгаа валют хэд байдаг юм, зарлага нь ямар юм гэдэг нарийн тоог үзье гэсэн. Үнэхээр Монголбанкны зохицуулалтын буруу байна уу гэдгийг тогтоох гэсэн юм. Түүнээс биш улс төрийн зорилгоор асуудалд хандах байсан бол Монголбанкны үйл ажиллагаатай очиж танилцахгүй, аль нэг улс төрийн хүчнийг муугаар нь цоллож болох байлаа. Гэвч бид тийм муухай улс төр хийхгүй. Мон-голоо хөгжүүлье гэвэл бодитой үнэн зүйл ярих хэрэгтэй.
-Төгрөгийн ханш унаад, ам.долларын ханш өсөөд удаж байхад Монголбанк юу хийж байсан юм бэ. Үнэхээр тэдний буруу биш үү?
-Монголбанк интервенц хийж байжээ. Гэхдээ зах зээлийг тайвшруултал, ханатал, төгрөгийн ханш унахгүй байхаар интервенц хийх ёстой байсан юм. За ямар ч байсан энэ асуудлаар бүлэг дээр ярилцана.
-Дэлхийн зах зээл дээр ам.долларын ханш унаад, манайд өсөөд байгаагийн шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?
-Дэлхийн зах зээл дээр ам.долларын ханш унаад байна гэж хэлж болохгүй л дээ. Манайд үүссэн зүйл дэлхийн зах зээлтэй ямар ч уялдаагүйгээр болж байгаа байхгүй юу.
-Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох уу?
-Ямар ч байсан бүлэгтээ асуудлаа танилцуулаадахъя. Түүний дараа шийдэгдэх байх.
-Одоо тэгэхээр ямар зохицуулалт хийх хэрэгтэй вэ?
-Зах зээлээ мэдэрч, зөв зохицуулалт хийх хэрэгтэй. Одоогийн байдлаар ам.долларыг авч, зарж байгаа ханш өндөр байна. Арилжааны банк, Монголбанкны интервенц хийж байгаа ханш өндөр байна. Үнэндээ Монголбанк "Эрдэнэт" үйлдвэр гэх мэтийн газарт доллар худалдъя гэхээр авахгүй байсан тохиолдол их байж. Дараа нь арилжааны банкууд, "Эрдэнэт" үйлдвэр Монголбанкнаас ам.доллар авъя гэхээр нөөцтэй байгаа хэрнээ худалдахгүй байсан тохиолдол ч их гарчээ. Үүнээс болоод зах зээл бужигначихлаа.
Я.Мөнгөнцэцэг
Эх сурвалж
Өдрийн сонин
| О.Чулуунбат:”Сан” гэдэг нэрийн ард мөнгө угаах гэж байна | О.Чулуунбат: Үр хүүхдийнхээ хамт торгуулиулахгүйн тулд нүгэлгүй амьдрах ёстой |
|---|



