5 сарын 24
  • chuluunbat_o_01
  • chuluunbat_o_02
  • chuluunbat_o_03
  • chuluunbat_o_04
  • chuluunbat_o_05

О.Чулуунбат:Жаахан өлсөж явахад буруудахгүй

Уншсан: 759 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай ярилцлаа.

"Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр 2031" хөтөлбөр болон Монголын эдийн засгийн хөгжлийн бодлогын талаар УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай ярилцлаа.

-Манай улсын эдийн засгийн бодлого ямар байна вэ?

-Манайх улсын төсвөөс их мөнгө авч, түүгээрээ ард иргэдийг дэмжиж, нийгмийн халамждаа зарцуулж байгаа. Энэ нь амжилтад хүрэхгүй. АНУ-ын түүхэнд Рональд Рейган Ерөнхийлөгч байх үед улс орон нь их хөгжиж байсан. Английн хувьд Маргарет Тэтчер эдийн засгийн хамгийн сайн бодлого явуулж байснаараа түүхэнд үлдсэн байна. Тэд иргэддээ мөнгө өгөх биш ажлын байрыг л бий болгож байсан юм. Ард түмэндээ дандаа мөнгө амлаад, улсын төсвөөс мөнгө олгоод байх нь эдийн засгийг хөгжүүлэх сайн арга биш.

-Намуудаас боловсруулсан хөгжлийн хөтөлбөрүүд болон тэдгээрийн эдийн засгийн бодлогын талаарх таны бодол?

-Улс орноо хөгжүүлэх, ард иргэдээ ажилтай орлоготой болгох талаар улстөрийн намууд ухаанаа уралдуулж, хөгжлийн хөтөлбөрүүд боловсруулж байгаа. Манай нам ард түмнээ сонсож, хөгжлийн хөтөлбөрөө боловсруулсан. Манай голлох хоёр намын аль нэг нь эдийн засгийн бодлогын барууны чиглэл баримталбал зүгээр гэж боддог. Баруун төвийн намууд гэдэг нь голдуу

Засгийн газрын оролцоог багасгаж, ард иргэдэд туслах төсвийн оролцоог багасгадаг юм.

Ард иргэд нь өөрсдөө идэвх санаачилгатай, үр бүтээлтэй, ажиллаж хөдөлмөрлөж байж, мөнгөтэй болдог ийм бодлого юм л даа. Харин манайд барууны чиглэлийн үзэл баримтлалын санаачилга, бодлого дутагдаад байгаа юм шиг санагддаг. Хэрэв ямар нэг нам барууны чиглэлийн үзэл баримтлалыг дагавал муугүй амжилтад хүрнэ гэж боддог. Би АНУ, Европын өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн хөгжлийн түүхийг уншиж, судалж үзсэн. Эдгээр орнуудын эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй, хурдацтай өсөж байсан үедээ барууны чиглэлийн үзэл баримтлалтай улстөрийн хучин эрх барьж, баруун төвийн бодлого баримтлан амжилтад хүрсэн байдаг.

-Барууны үзэл баримтлал гэж юу вэ. Хөрөнгөтнүүдийн үзэл баримтлал гэж яригддаг шүү дээ?

-Татварыг багасгаж, бизнесийн орчинг таатай болгож байж ард иргэдийг хөдөлмөрлөх, бизнес эрхлэх бололцоогоор хангадаг баримтлал юм. Бизнесийн орчинг таатай болгоно гэдэг нь олигархуудыг дэмжиж байна гэж манайх ойлгодог. Бизнесийн орчинг таатай болгосноор олигархуудыг дэмжих гэхээсээ илүү ажлын байр ихээр нэмэгдэж, олон хун орлогождог. Ингэснээр татварын хэмжээ өсөж, төсөв томорно. Олигархуудыг дэмжих биш олон ажлын байр бий болгож, хөрөнгө оруулалтыг татах, олон хүнийг орлогожуулах, худалдаа арилжаа идэвхтэй өрнүүлж, бизнесийн салбарыг дэмжих ийм орчинг бүрдүүлэх юм. Татварыг бууруулж, хүнд суртлыг арилгах хэрэгтэй. Өнөөгийн Монголд нийтийн хоолны газар нээе гэхэд л 20-иод байгууллагын үүд шагайж, зөвшөөрөл гуйж яваа шүү дээ. Арай хийж зөвшөөрлөө авангуут мөн тооны шалгалт очиж байна. Эдгээрийг л арилгах хэрэгтэй. Ард иргэд маань бизнес эрхэлж байснаас компаниа  зарчихаад төсвийн байгууллагад манаач хийсэн нь дээр гэж үздэг болоод байна.

-Бэлэн мөнгө тараалтын талаар ямар бодолтой байна вэ?

-Бид бэлэн мөнгө тарааснаар шинээр бүтээн байгуулах, материаллаг, санаачилгатай ард иргэдээ залхуу болгож байна. Монгол үндэстэн маань ерөнхий массаараа залхуу болж, хүүхдүүд маань залхуу орчинд өсөж байна. Аманд нь хоолыг нь өгөөд байвал хүүхэд босоод явах хэрэг байхгүй шүү дээ. Хэвтээд л хоолоо амандаа хийлгээд л байна. Ер нь жаахан өлсөж явахад буруудахгүй.

-Манай улс гадаад худалдаа, үйлдвэрлэлийн бодлогын хувьд зөв голдрилоор явж байгаа болов уу?

-Монгол улсын ДНБ-ээрээ бол хамгийн их наймаа хийж байх ёстой орон. Харин ч бид бага худалдаа хийж байна. 2.7 сая хүн амтай жижигхэн улс бүхнийг өөрөө үйлдвэрлэнэ гэж байхгүй. Тиймээс үндсэн гол бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлээд үлдсэнийг нь гаднаас авах л хэрэгтэй. Үндсэн бараа бүтээгдэхүүн гэвэл хүнсний гол бүтээгдэхүүн болон өдөр тутмын өргөн хэрэглээний бараа байх юм. Монгол Улс маань мах, хүнсний ногоо, гурилаар өөрсдийгөө бүрэн хангадаг болж байна шүү дээ. Энэ бол том амжилт. Цаашдаа эрчим хүч, шатахуун бэлэн хувцас зэргийг өөрсдөө үйлдвэрлэдэг байвал сайн. Харин автомашин, телевизор үйлдвэрлэнэ гэвэл бид яагаад ч чадахгүй. Тиймээс энэ бүхнийг үйлдвэрлэх гээд цаг мөнгөө үрэх шаардлагагүй. Гэхдээ өндөр технологийн салбараас Монгол Улс хол байна гэсэн үг биш л дээ.

-Бид Монголыг хэрхэн яаж, хөгжүүлэх гээд байна вэ?

-200 жилийн өмнө алтнаас болоод АНУ-д дайн болж байсан. Алтаар босгосон  мөнгөөр дараачийн үе нь машин хийсэн. Машин хийж олсон мөнгөөрөө дараагийн үе нь компьютер хийж, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнтэй адил бид уул уурхайгаас олсон . мөнгөөрөө өндөр технологийн салбарыг хөгжүүлэх боловсон хүчин бэлтгэх ёстой. Уул уурхайн салбарын хувьд Монгол хамгийн өрсөлдөх чадвар өндөртэй орнуудын нэг болоод байна шүү дээ. Нүүрс, зэс, молибден, цайр, газрын ховор элемент зэргийг Монголоос хамгийн хямдаар олборлох боломжтой. Бид үүнийгээ ашиглаад нэлээд мөнгө хөрөнгө босгож авах хэрэгтэй байна. Харин дараа нь боловсролтой, мэдлэгт суурилсан хүн амыг бэлтгэх юм. Бид одооноос сайн ажиллаж байж, өөрсдийнхөө хойч үеэ газар ухуулахгүй амьдруулах хэрэгтэй шүү. дээ.

-Сүүлийн үед инновацийн тухай их яригдах болсон. Монголд хэр эрэлттэй байгаа хууль вэ?

-Инноваци гэдэг нь шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх л гэсэн үг. Инновацийн тухай хуулийн төслийг би зарчмын хувьд үзэл баримтлалыг нь дэмжиж байгаа. Харин өнөөдрийн хувьд энэ хууль хэрэггүй гэж бодож байна. Өмнө нь бид инновацийн сан гээд яригдаад байгаа шиг ийм сан 32-ыг байгуулж байсан. Энэ сангуудын уйл ажиллагаа ямар байгааг бид мэдэхгүй л байгаа. Энэ 32 сангийн уйл ажиллагаанд бид ямар ч аудит хийлгээгүй. Энэ сангууд яаж ажиллаад, ямар зээл өгөөд, үр дүн ямар байгаа бол. Монгол Улсад ажлын байр шинээр нэмэгдүүлж байна уу үгүй юу. Ямар ч ийм дүгнэлт хийгээгүй байж 33 дахь санг байгуулах нь хайран санагдаж байна. Өмнөх 32 санд төрийн мөнгийг хэрэггүй зүйлд зарцуулсан тохиолдол бий л байх. Тэгснээс маш хатуу хяналтын дор арилжааны банкуудын зээлээр инновацийг дэмжих ёстой байх. Тусад нь сан бүрдүүлэх хэрэг байхгүй. Одоо ч арилжааны банкны зээлээр дамжуулан инновацийн төслүүд явагдаж л байгаа.

Нийтлэлч
Б.Бат-Эрдэнэ
Эх сурвалж
Монголын үнэн
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.