-Он гарснаас хойш ам.долларын ханш хэдэнтээ хэлбэлзлээ. Үүний шалтгааныг та юутай холбоотой гэж бодож байна. Зарим хүн улс төрийн шалтгаантай гэж ярьж байгаа?
-Монгол бол валютын ханш чөлөөтэйгөөр тогтох, чөлөөтэй хөрвөх зах зээлийн хамгийн үндсэн зарчмыг хэрэгжүүлдэг орон. Ийм тохиолдолд ам.долларын ханш дээшээ эсвэл доошоо явах нь ерөөсөө чухал биш. Хамгийн гол нь тогтвортой байдал л хэрэгтэй. Ерөнхийдөө УИХ-ын 76 гишүүн, Засгийн газар дээр яриад тогтоож чадахгүй, ханшийг. Монголбанк ч тодорхойлоод байж чадахгүй. Гагцхүү манай 2 700 000 монголчууд юу хийж бүтээж байна, манай эдийн засаг хэр сайн явж байна гэдгээс л шалтгаална. Монголбанк бол харин ханшийн энэ хөдөлгөөнд нөлөө үзүүлэх хамгийн бололцоотой байгууллага. Ханш өсөж, бууж болно, хамгийн гол нь тогтвортой, аажуухан явж байх ёстой.
-Гэтэл манайд тийм байж чадахгүй байна?
-Тийм. Жишээлбэл, манай төгрөг ноднин ам.долларын эсрэг хамгийн их чангарсан валютаар тодорсон шуу дээ. Маш богино хугацаанд 13.5 хувиар чангарсан. Монголд ханшийн тогтвортой бодлого байхгүй байна гэдгийг энэ үзүүлэлт харуулж байгаа юм. Магадгүй, маш их хэмжээний валют орж ирсэн байж болно. Энэ үед нь ам.долларыг худалдаж аваад байж болох байсан. 1300 төгрөгөөс доош оруулахгүйгээр. 1350 орчимд барих байх бололцоо байлаа. Гэтэл тэгсэнгүй, доош нь алдчихсан. Энэ бол эхний том алдаа. Дараа нь, 2012 он гараад сүүлийн нэг сарын дотор төгрөгийн ханш буцаад бууж нэг ам.доллар 1470 төгрөгт хүрч, хөрөнгө оруулагчид, наймаачид, иргэд бухимдаж эхэллээ шүү дээ.
Зах зээл дээр ийм галзуу юм шиг хөдөлгөөн байж болохгүй.
Ханшийн ийм савлагаанаас болоод наад зах нь банкууд дээр чанаргүй зээл их гарна. Хувь иргэдийн орлого зарлагын төлөвлөгөөнд зөрүү гарна. Ханшаас болж бензиний үнэ нэмэгдсэн гэдэг бол гол асуудал биш байхгүй юу, банкны мэргэжилтний хувьд хэлэхэд. Ханшийн савалгаатай байгаа нь гол. Он гараад ганцхан сар өнгөрч байхад инфляци 12 хувьд хүрчихсэн байна шуу дээ. Энэ тийм сайн зүйл мөн үү. Жил хичээж, хадгалж байсан мөнгөө бид хориодхон хоногийн дотор алдчихлаа шүү дээ.
-Монголбанк интевенц хийсэн нь буруу гэх гээд байна уу. Эсвэл оройтсон юм уу?
-Монголбанк бодлогын хүүндээ анхаарал хандуулаад, ханшаа сул орхиод байдаг. Би бас Монголбанкинд бодлого тодорхойлоод ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд, бодлогын хүү инфляцид маш бага нөлөө үзүүлдэг юм. Бодлогын хүү өндөр байх нь эдийн засгийн идэвхид бүр муугаар нөлөөлдөг. Тийм болохоор хамгийн баг хэмжээнд байлгахыг хичээж ажилладаг байлаа. Яг одоо Монголын нөхцөл байдлын хувьд бол хамгийн чухалнь ханш. Гэтэл бодлогын хүүгээ нэмэхээс өөр ажил хийдэггүй. Бодлогын хүүндээ ханшаас бараг 10 дахин их анхаарал хандуулж байгаа шүү дээ.
-Монголд их хэмжээний хөрөнгө орж ирж байгаа ч түүний 90 гаруй хувь нь уул уурхай руу орж байна. Энэ нь өөрөө эрсдэлтэй салбар. Өөрөөр хэлбэл банкны нийт активын 90 гаруй хувь нь маш эрсдэлтэй байдалд байна гэсэн дүгнэлтийг Мүүдийз агентлаг хийсэн байсан. Орж ирж байгаа хөрөнгө оруулалт эдийн засгаа бодитойгоор дэмжихээсээ илүү эрсдэлд оруулж байна гэсэн үг гэж ойлгогдож байна?
-Би энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Эдийн засгийг дэмжиж байгаа. Ганцхан бид үүнийгээ тууштай аваад явж чадахгүй байгаа байхгүй юу. Уул уурхайн салбараа маш тууштай бодлогоор дэмжиж түлхэж өгөх ёстой юм. Монголд хөгжих их эрч хүч, боломжийг уул уурхайн салбар өгч байгаа гэдэгтэй би санал нэг байдаг. Өнөөдөр Монгол орныг уул уурхайн салбар л авч явж байна шүү дээ. Энэ уйл явц цаашдаа ч үргэлжилнэ. Ин-гэж байж л бид дараагийн, арай боловсронгуй үе шатанд хүрч очно. Америкчууд 200 жилийн өмнө алт л ухаж байсан. Алтан дээр байлдаан болж байсан, бие биенээ алаад. Дараа нь жаахан мөнгөтэй болоод машин хийсэн, одоо өндөр технологийн бизнес рүү орж байна. Бид яг энэ замыг арай хурдан туулаад өнгөрөхөөр зорьж яваа.
-Үндэсний валютын ханш чанга байх нь экспорт давамгайлдаг орнуудад төдий л ашигтай байдаггүй. Тиймээс Бразил зэрэг орнууд өнгөрсөн жилээс валютын ханш чөлөөтэй тогтдог зарчмаасаа татгалзаж эхэлсэн. Швейцарь улс бас оны өмнө франкаа евротой уячихлаа. Манайх савлаад байгаа ханшаа ам.доллартай уячихаж болохгүй юу?
-Энэ бол дэлхийн эдийн засгийн бодлогод үүсч байгаа бодит үнэн. Тухайн орны өөрийнх нь валютын ханш чанга байвал экспортдоо муугаар нөлөөлж, импортоо дэмждэг. Эсрэгээрээ сул байх юм бол импортоо доош чангааж, экспортоо урамшуулдаг ийм л зарчимтай. Тэгэхээр, валютын хангалттай нөөцтэй орон бол өөрийн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг хамгийн хүчтэй, нөөцийн валюттай уях явдал байдаг. Энэ нь манайд бол ам.доллар болж байна л даа. Жишээлбэл, Хонгконг улс мөнгөн тэмдэгтийн ханшаа ам.доллартай хадчихсан байдаг. Аргентин, Бразиль бас сүүлийн 10 жилийн турш америк доллартай холбочихсон байсан Макао гэхэд л Хонконгийн доллартай холбочихсон байдаг юм шүү дээ. Манай улсын хувьд бол экспортын ихэнхийг ам.доллараар хийгээд, импортын ихэнхийг юаниар явж байгаа. Тийм болохоор, энэ зүгээр миний хувийн бодол шүү, төгрөгийн ханшийг зөвхөн ам.доллар гэлгүй, юанийнхтай хамтруулаад холбочих хэрэгтэй. Үндэсний валютаа олон валютын торхтой холбосон улс дэлхийд олон байдаг, хоёрхон валюттай холбосон тохиолдол байдаггүй байх аа. Гэхдээ манай улсын хувьд бол ингэхээс өөр арга алга. Манай эдийн засгийн бодит үнэн ийм л байна.
-Уях нь зүйтэй гэсэн үг үү?
-Тийм. Ам.доллар, юаньтай хамтруулсан уялт хийх хэрэгтэй.
-Тантай уулзсаных, нэг зүйлийг асуулгүй өнгөрч боломгүй санагдлаа. Монголбанкны гурван ажилтныг гадаадад цэвэршүүлсэн алтнаас хулгай хийсэн гэсэн үндэслэлээр цагдан хорьсон явдал олон нийтийн анхаарлын төвд байна. Ингэж хулгай хийх бололцоо байдаг юм болов уу?
-Би өөрөө тэнд ажиллаж байсны хувьд хэлэхэд, ингэх ямар ч бололцоо байхгүй. 18 кг алтны хэргийн цаана зүгээр л Монголбанкны удирдлагуудын хоорондын атаа жөтөө, өс хонзонгийн асуудал явж байгаа гэж харж байна.
Х.Батсайхан
Эх сурвалж
Монголын мэдээ
| О.Чулуунбат:Монголбанкныхан бодлогын хүүтэй хөөцөлдөж байхаар ханшаа хянасан нь дээр | О.Чулуунбат:Жаахан өлсөж явахад буруудахгүй |
|---|



