5 сарын 24
  • chuluunbat_o_01
  • chuluunbat_o_02
  • chuluunbat_o_03
  • chuluunbat_o_04
  • chuluunbat_o_05

О.Чулуунбат:Монголбанкныхан бодлогын хүүтэй хөөцөлдөж байхаар ханшаа хянасан нь дээр

Уншсан: 582 И-мэйл Хэвлэх PDF
УИХ-ын дэд дарга О.Чулуунбаттай ярилцлаа.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийг олонхын саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай ярилцсанаа хүргэе.

-Цалин ,тэтгэврийн нэмэгдлийг Засгийн газарт мэдлийг нь шилжүүлж шууд шийдье гэж байсан. Гэтэл зарим гишүүн татгалзсанаар УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ нь мөн л улстөрийн шоу байв уу?

-Засгийн газарт эрх шилжүүлсэн асуудал урьд нь нэг л удаа гарч байсан юм билээ. Гэхдээ тэр нь хадгаламж зээлийн хоршоодын алдагдлыг нөхөхтэй холбоотой асуудал байсан учраас одоогийн энэ төсвийн тодотголтой харьцуулахад маш жижиг асуудал юм. Ер нь АН гэлтгүй, манай нам дотор ч ийм том асуудлыг Үндсэн хуулиар зөвхөн УИХ-д шийдвэрлэх ёстой байтал Засгийн газарт шилжүүлэх нь буруу гэсэн байр суурьтай гишүүн олон байсан. Тиймээс УИХ-аар шийдвэрлэх ёстой гэж үзсэн.

-Засгийн газарт эрх олгочихвол хугацаа нь наашлах хэдий ч Үндсэн хууль зөрчих байжээ?

-Тэгэлгүй яах вэ. Тиймдээ ч тодотгол, хууль хэлбэрээр нь хэлэлцээд хурдхан гаргасан нь дээр.

-Тэгвэл УИХ-ын чуулганаар өнөөдөр батлагдах уу?

-Учиргүй саад тотгоргүйгээр байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа болохоор бараг батлагдчих болов уу.

- Анх хэлэлцэж эхлэх үеэс л түүхэнд байгаагүй өндөр төсөв гэж байсан. Тиймдээ ч тодорхой хэмжээний таналтуудыг хийсэн. Харин тодотгол хийгдэхээр төсвийн алдагдал хэр байх бол?

-Таналт хийх шаардлага гарсан гэж үзэж байгаа. Анх төсвийн алдагдлыг 10 хувьтайгаар оруулж ирж байсан. Энэ бол Грекийн вариантаар тооцсон гэсэн үг. Грек төсвийн алдагдлаа байнгын 10 хувьтай явуулж байгаад л санхүүгийн асар их хямралд орсон. Засаг төр нь тогтох байтугай, ард түмэн нь ч гэртээ суухаа байчихсан, гудамжинд мод чулуутай л зогсож байна. Тэгэхээр бид бусдын алдаанаас суралцдаг байх ёстой. Тиймдээ ч зөв ярьсан учраас төсвийн алдагдлыг гурваар хязгаарлаж баталсан нь өнөөдөр тус болж байгаа юм.

-Цалин тэтгэвэр нэмэгдсэнээр төсвийн алдагдал үүсэхгүй гэсэн үг үү?

-Өнөөдөр өөрчлөлт орсон ч төсвийн алдагдалд тусгасан гурван хувийг хөндөхгүй. Яах вэ, төсвийн алдагдал гарна гэвэл нөгөө баталсан гурав дотроо орлого, зарлагын сэлгээ хийе. Түүнээс зарлагын асуудлыг гурваас давуулж хийхгүй гэсэн байр сууриндаа хэвээр байгаа.

-Тодотгол хийж, баталснаар төсвийнхний орлого, тэтгэвэр, тэтгэмж өслөө. Инфляци нэмэгдэх нь ч тодорхой. Тэгэхээр хувийн хэвшилд ажиллаж, хөдөлмөрлөж байгаа иргэдээ төр хөлдөө чирчихэж байгаа юм биш үү?

-Энэ төсөв анх байнгын хороогоор орж ирэх үеэс л би яг өөрийн тань асуулттай ижил шүүмжлэл хэлж, байр сууриа илэрхийлж байсан. Нэгдүгээрт, төсвийн ажилчдын цалинг нэмэх нь монголчуудын цалинг нэмж байгаа юм биш. 140-150 мянган хүний л цалинг нэмнэ гэсэн үг. Ингэснээр бид хувийн салбараа хүнд байдал, хэцүү талбар руу чирч байна шүү. Хоёрдугаарт, төсвийн ажилчдын хөдөлмөрийн бүтээмж дээшилсэн юм бараг алга. Хүнд суртал, ард иргэдийг чирэгдүүлж байгаа нь хэвээрээ байна. Хэрвээ энэ нь байхгүй болоод ажлын бүтээмж нь дээшилсэн бол цалинг нэмж болж байгаа юм. Тиймээс үүнийгээ нэмсний оронд багасгаад, нөгөө хэсэгт нь нэмэгдүүлчихвэл нийгэмд бараг хоргүй, санхүүгийн илүүдэл зардалгүй болох юм биш үү гэсэн санал тавьж байсан. Үүнийг бодолцох ёстой гэж байнга ярьсаар ирсэн.

-Гэхдээ та одоо Төсвийн байнгын хорооны дарга болчихсон болохоор өөр байр суурьтай болж байна уу?

,. Би яг одоо Төсвийн байнгын хорооны даргын байр сууринаас хандаагүй. Нэгэнт тэр төсөв батлагдсан. Зарчмын хувьд одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. Гэхдээ өнөөдөр үүнийг яриад тодотголыг хойшлуулаад байх цаг алга. Төсвийг олонхоор баталсан учраас өнөөдөр ч гэсэн хурдхан батлаад явуулъя.

-Тодотгол орсноор төсөвт алдагдал гарах байх даа?

-Төсөвт одоогийн 172 тэрбум төгрөг тодорхой өөрчлөлт оруулахгүй. Үүнд санаа зоволтгүй.

-Нэгэнт хувийн хэвшлийнхний цалинг төрөөс зохицуулах боломжгүй юм чинь ядаж татварын хөнгөлөлт эдлүүлэх хэрэгтэй байх?

-Байж болох юм. Засаг өөрийнхөө халаасанд буюу төсөвтөө ДНБ-ий 40 хүртэл хувийг цуглуулчихаад буцааж тараадаг нь сайн юм биш. Ингэхээр төсвийг захирагч нар үндсэндээ өвлийн өвгөн аав шиг болох гээд байгаа биз дээ. Тиймээс бид авах ёстой татваруудаа аваад, харин жижиг, дунд бизнесийнхний татварыг нэг хэмжээнд тогтоох хэрэгтэй байна. Ийм туршлагатай гадны орнууд зөндөө бий. 10-20 хүн ажиллуулдаг компаниудыг төсөвт жилдээ ганц сая төгрөг төл, харин ажилчдынхаа цалинг нэмж, ахуй хангамжийг нь дээшлүүлээрэй гэж үүрэгддэг байх нь чухал. Харин том компаниуд хуулийн дагуу төлөөд явах хэрэгтэй. Мөн иргэдийн орлогын татварыг бүгдийг нь тэглэчихсэн ч манай өнөөдрийн төсөвт ямар ч нөлөө байхгүй.

Ялангуяа материаллаг салбарт ажиллаж байгаа ажилчдын орлогын татварыг бүгдийг нь тэглэсэн ч болно.

Харин цагаан цамцтай, конторт ажилладаг бидэн шиг хүмүүсээс татвар авахад буруу зүйл байхгүй. Манайд ажиллах хүчний хөдөлгөөн материаллаг салбараас тасалгааны салбар руу өрнөөд байна. Жинхэнэ бизнес, зах зээлтэй орнуудад энэ нь эсрэгээрээ байдаг. Тасалгааны салбараас материаллаг салбар руу чиглэдэг. Яагаад гэвэл тэнд нь орлого ихтэй болохоор амьжиргаа нь дээшилдэг.

-Манайхан эсрэгээрээ төрийн байгууллага руу зүтгэж, улайрч байгаа шүү дээ?

-Төр өөрсдийнхөө төлөө зүтгэж, орлого олж байгаа хувийн хэвшлийнхнээ, иргэдээ дэмжихгүй байгаа юм чинь аргагүй шүү дээ.

-Энэ сард бэлэн мөнгөний нийлүүлэлт өсөх нь гарцаагүй болчихлоо. Тэгэхээр дахиад л инфляци нэмэгдлээ гэнэ дээ?

-Би насаараа банкны салбарт ажиллаж, амьдарлаа шүү дээ. Мөнгө ихсэхээр инфляци бий болдог гэдэгтэй санал нийлдэггүй. Нийлүүлж буй мөнгөтэй нь тэнцэх хэмжээний бараа зах дээр байвал инфляци нэмэгдэхгүй. Манайд мөнгө нь хэтэрхий ихсээд, бараа нь цөөрсөн зүйл ч байхгүй. Төгрөгт баталгаатай ар тал бий. Валютын нөөц, бараа аль аль нь байна.

-Тэгвэл яагаад үнэ ханш өсөөд байдаг юм бэ?

-Худалдаа, тээвэрлэлтийн дутуу эсвэл бүр гажиг зохион байгуулалтаас болоод л үнэ дээш, доошоо харайгаад инфляци болоод байгаа юм.

-Инфляци өсчихөөр ямар арга хэмжээ авах болж байна. Төр Төвбанканд бүх хариуцлагыг үүрүүлэх үү?

-Миний хувьд гол хүчин зүйл нь бодлогын хүү биш шүү гэж байнга ярьдаг. Гэтэл Төв банк ганцхан бодлогын хүүг л хараад байдаг. Би энэ газар ажиллаад алдаа, оноог нь хийхдээ хийж, хашрахдаа хаширсан хүн. Тийм болохоор бодлогын хүүгээр мөнгөний нийлүүлэлт, ялангуяа үнийг зохицуулах ямар ч үндэслэл байхгүй. Энэ чинь Америк, Европ, Хятад мэтийн маш том зах зээлтэй орнуудад болох асуудал.

-Манайд үүнээсээ илүү ханш нөлөөлдөг. Бидний өдөр тутмын хэрэглэж байгаа бараа, шатахуун, нефть бүтээгдэхүүн бүгд доллараар худалдагдан орж ирээд, дотроо төгрөгөөр зарагддаг. Тэгэхээр ханш бодлогын хүүгээс илүү инфляцид нөлөөлдөг. Сая шинэ жилийн үеэр харсан байх. Ханшаа барьж чадахгүй байгаа биз дээ. Монгол банкныханд, ялангуяа бодлогын хүү  хөөцөлдөөд байдаг мэргэжилтнүүдэд нь маш том сургамж болсон. Үүнийхээ оронд цаг, минут, секунд тутамд ханшаа харж байвал илүү үр ашигтай байх юм.

-Төрөөс тодорхой хэмжээгээр зохицуулах ёстой биз дээ?

-Төр, засаг худалдаа, тээвэрлэлтийн тал дээр маш том үүрэг хүлээх ёстой. Энэ ажлаа маш муу хийж байна. Тухайлбал хэдэн жилийн өмнө Эрээн-Замын-Үүдийн хооронд ачаа зөөвөрлөхөд 1000 юань байсан бол одоо 10 000 юань болчихоод байна. Энэ ханш чинь бидний хэрэглээ болон барилгын компаниуд гэх мэт бусад зүйлийн үнэ өсөхөд нөлөөлчихөж  байгаа юм. Бид эдийн засгийн чөлөөт бүс гээд 10-аад жилийн өмнө хууль гаргаад байсан. Гэтэл түүн шиг хаалттай бүс алга байна шүү дээ. Алтанбулаг ч ялгаагүй.

-Та чинь Алтанбулаг, Сэлэнгээс нэр дэвшсэн биз дээ?

-Тэгсэн. Би тэнд очоод дотор нь явдаг байлаа шүү дээ. Тэгсэн одоо хүн байтугай мал ч оруулахгүй хашаа барьчихсан, хаалттай газар болчихсон. Гаднаас дотор нь хулгана гүйж байхыг л харж байна. Бодлогыг ингэж хэрэгжүүлж байхад яаж хөгжих вэ дээ.

Нийтлэлч
Ж.Нарангэрэл
Эх сурвалж
Өглөөний сонин
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
Бусад
Бусад


Мэйлээ бүртгүүлнэ үү?

Мэйлээ бүртгүүлснээр та өөрийн тойрогтой холбоотой мэдээллийг авах болно. Доорх мэдээллийг бөглөнө үү.