1990 онд нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1990-1992 онд ЦНДСургууль, 1999 онд Монгол Улсын Их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2003-2005 онд Голландын Маастрихтийн Менежментийн их сургуульд бизнесийн удирдлагын мастер цол хамгаалсан. Орос, англи хэлтэй.
Залуу төрийн түшээ
Тэрбээр 1992 онд “Газар” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий захирлаар нь ажиллаж байгаад 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга, 2004-2006 онд Гаалийн ерөнхий газрын даргын зөвлөх, 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Говь-Алтай аймгийн сонгуулийн тойргоос Монгол Улсын Их Хуралд сонгогдсон.УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагддаг. УИХ дахь Монгол-Австри, Монгол-Бразил, Монгол-Бруней, Монгол-Голланд, Монгол-Казахстан, Монгол-Канад, Монгол-БНАСАУ, Монгол-БНСУ, Монгол-Хятад, Монгол-Японы парламентын гишүүн.
Генералын хүү
Түүний аав Жадамба нь жирийн байлдагчаас дэслэгч генерал, жагсаалын цэргээс Монгол төрийн сайд хүртэл эх орныхоо торгон хилийн манаанд хүчин зүтгэсэн, цэргийн түүхийг сайтар судалсан эрдэмтэн, олон улсын цэргийн хүрээнд онц хүндэтгэлтэй, цөөн тооны Монгол жанжин, төрийн хичээнгүй сайдуудын нэг байв.Ж.Энхбаяр МАХН-ын Намын их хурлын төлөөлөгч, МАХН-ын Намын Бага хурлын гишүүнээр 5 удаа сонгогдож, намын дэргэдэх залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулалцаж, удирдах бүрэлдэхүүнд нь 10 дахь жилдээ ажиллаж байна. Бас “Хантайшир” бөхийн дэвжээний тэргүүн, Говь-Алтай аймгийн эрүүл мэнд, боловсрол, хөгжлийг дэмжих “Алтай эрин” сангийн тэргүүний сонгуульт ажилтай.Чөлөөт цагаараа байгалийн үзэсгэлэнт газраар аялах сонирхолтой.




