Нийслэлийн захирагчаас төрийн түшээ
Түүний ажлын он жилүүд нийслэл хоттой салшгүй холбоотой. Нийслэлийн унаган иргэн тэрбээр хотын даргаар ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын шинэ өнгө төрхийг бий болгож өөрчлөлт, шинэчлэлт хийхэд ихээхэн хувь нэмэр оруулсан.М.Энхболд тэр бүр залуу хүнээс гараад байдаггүй аливаа асуудалд хүлээцтэй, тэвчээртэй, ноён нуруутай ханддаг зан чанарыг өөртөө шингээсэн хүн. Энэ нь түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байсан он жилүүдэд харагдаж байсныг улстөрчид үнэлдэг.
Тэрбээр ажлын гараагаа Улаанбаатар хотын АДХГЗ-ны харьяа Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаар ажилласнаар эхэлж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хүртлээ нийслэлтэй ажил, амьдралаа холбосон нэгэн. Энэ хугацаанд 1989-1991 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн, 1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, 1992-1996 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996-1998 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргын албыг тус тус хашжээ.
М.Энхболд 2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2005-2007 онд Монгол Ардын Хувьсгалт Намын дарга, 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар тус тус ажилласан. 2007 оноос Монгол Улсын шадар сайдаар томилогдож, УИХ-ын 2008 оны сонгуулиар Төв аймагт МАХН-аас нэр дэвшин төрийн түшээгээр сонгогдон ажиллаж байна. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагддаг. УИХ дахь Монгол-Европ, Монгол-Испани, Монгол-БНСУ, Монгол-Сингапур, Монгол-Франц, Монгол-Чехийн парламентын бүлгийн гишүүн. Түүний хөдөлмөрийг төр, засгаас үнэлж “Алтангадас” одон, Монгол Улсын нийслэлийн Хүндэт иргэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнажээ.


