1990-ээд оноос өмнөх сонгуулийн өдрүүдэд бэсрэгхэн наадмын дайтай үйл явдал болдог байсныг өвөө минь хуучилж билээ. Хамгийн ганган дээлээ өмсөж, дэлийг нь засаж "гоёсон" морио унаад сонгуулиа өгөхөөр ёслол төгөлдөр яадаг асан тэр цагаа өвөө минь эрхгүй дурссан байх. Тэдгээр он жилүүдэд "ардчилсан* хэмээх тодотгол үгүй ч төрийн сүлдэндээ
залбирдаг монголчуудын хувьд төрөө дээдлэх сэтгэхүйгээр сонгуулиа өгөхөд сайхан санагддаг байжээ. Харин ардчилсан, чөлөөт сонгуулийг жинхэнэ утгаар нь явуулсан гэх сүүлийн 20 жилд сонгуульдаа баяр наадмын сэтгэлээр оролцох нь бүү хэл жил ирэх тутам санал өгөх иргэдийн хувь хэмжээ буурсаар ирсэн байдаг. Энэ нь "Миний ганц санал энэ төр, засгийг байгуулахад нэмэр болж байгаа" гэсэн итгэл үнэмшил алдагдаж байгаатай хамгийн ихээр холбоотой байж болох. Үнэндээ өнөөдөр сонгууль гэхээр "саналаа өгөөд хэрэг байна уу, луйвардуулчих байлгүй" гэсэн хардлага дагалддаг нь энгийн бөгөөд нууц биш зүйл болчхож. Сонгуулийн хууль зөрчсөн, санал хураалтын өдөр сонгогчдыг хутган үймүүлдэг жишээг хэдэн сонгуулийн турш сонссоор итгэлийг минь эвдчихэж. Машин машинаар нь хүмүүсийг зөөж хэрэгтэй бол хэдэн ч удаа санал өгүүлдэг л гэнэ. Гэрэл унтрааж харанхуйд хамаг булхайгаа амжуулдаг л гэнэ. Саналын хуудастай хайрцгийг нь аваад ор мөргүй зугтдаг л гэнэ.
Ингэсээр байгаад бараг сонгуулийн булхай, луйвар гэдэг бараг улиг болох шинжтэй болсон гээч. Үүнийг далимдуулан өвдөг шороодсон нэр дэвшигч, улстөрчид нь "ялагдлаа, луйвардууллаа" хэмээн хашгирч, ард олны сэтгэхүй дээр хөөрхөн тоглолт хийчихнэ. Болж өгвөл тэгж орилж, хашгирсаар байгаад өөрт ашигтай хувилбарт хүрчих санаа цухалзана гээч. 2008 оны долдугаар сарын 1-нд ч энэ л булхай, луйвраар бамбай хийсэн хэдэн нөхөд нийгмийг эмх замбараагүй байдалд турхирсан шүү дээ. Тэгвэл "хэргийн эзэн, хэнгэргийн дохиур"-уудад хүлээлгэх хариуцлагыг нэлээд чангалах хуулийн төслийг УИХ хэлэлцэн дэмжихээр болоод байгаа билээ. Энэ бол Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай С.Эрдэнэ нарын гишүүдийн санаачилсан хуулийн төсөл. Ирэх сонгуулийн буухиа хэдийнэ эхэлчихсэн энэ үед сонгуулийг будлиантуулж, "завааруулдаг" этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх санаачилга гаргасан нь үнэхээр нүдээ олсон санал, санаачилга болж байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд хариуцлагын арга хэмжээ байхгүй гэж хэлэхгүй ч ердөө л зургаан сар хүртэл баривчлах ялын заалт байгаа юм. Харин өнөөдөр хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдвал сонгуулийн дүнг будлиантуулсан этгээдэд 5-25 жил хүртэл хорих ял оноодог болно.
"Ёр нь "хэргийн эзэд"-ийн хувьд хүлээх хариуцлага гээч хуулийн заалт бараг л хөх инээдийг нь хүргэдэг байх. Хүлээлгэх хариуцлага байхгүй шахам болохоор сонгуулийн луйвар, булхай хийх бол ёстой л хурууны үзүүрийн ажил ч юм уу гэмээр. Нөгөө талаас сонгуулийн төддүгээр тойрогт тэрийг тэр нь тэгж луйвардсан гэнэ лээ гэх үнэн, худал нь мэдэгдэхгүй баримт,нотолгоогүй үг яриа газар авдаг. Хад мэт хатуу хариуцлага ард нь хүлээж байгаа цагт ялагдсандаа шаралхсан зарим нь амны зоргоороо чалчихгүй нь мэдээж. Нөгөө талаар хариуцлагыг өндөржүүлж байгаагийн нэг гол шалтгаан нь сонгуулийн аливаа үр дүнг будлиантуулж байгаад Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авахыг санаархсан санаархлаас сэрэмжилснийх. Үнэхээр ч Миний саналыг ийш тийш нь хэдэнтээ шилжүүлэн зөөж, дарах үедээ дарж, нэмэх үедээ нэмсний хүчинд тэр "луйварчин"-ы зүтгүүлсэн хүн "гарч" ирж байгаа нь төрийн эрх мэдлийг булаасан хэрэг биш гэж үү. Би тэгж улс төрийн эрхээ эдлээд яах юм.
Ингэж төрийн хэрэгт оролцоод ч хэрэг алга. Үндсэн хуулиар засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж хуульчилсан нь засаглах бүх эрхийг ард түмэн эдэлнэ гэсэн үг. Ард түмэн энэ эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн сонгосон 76 төлөөлөгч, УИХ-аар дамжуулж хэрэгжүүлдэг. Гэтэл өнөөх "зүтгүүлсэн" нөхөр төрийн эрх барих дээд байгууллагын олонхоороо гаргадаг шийдвэрт саналаа нэмэрлээд явах жишээтэй. Үнэхээр сонгуулийн булхай, луйвар тэгтлээ газар авчихсан гэвэл энэ 76 гишүүний чухам хэд нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлсэн болж таарах вэ. Ингээд л Эрүүгийн хуулийн тусгай ангид сонгуулийн дүнг будлиантуулсан гэх зүйл анги нэмж оруулахаар төлөвлөсөн байна. Бүр тодруулбал, "...Зохион байгуулалттайгаар төрийн эрхийг луйвардан авах зорилгоор сонгуулийн дүнг будлиантуулсан нь үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуульд хоёр заалт бүхий 82 гэсэн зүйл нэмэх"-ээр тусгажээ.
Уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн нэгдсэн хуралдааны үеэр С.Эрдэнэ гишүүн "Төрийн ордон уруу буу бариад дайрч орох, сонгуулийн дүнг будлиан-туулж УИХ-ын гишүүн болох хоёр ялгаагүй" гэж зүйрлэсэн. Мэдээж энэ хууль батлагдвал сонгуулийн булхай, луйвраас урьдчилан сэргийлж, сонгууль шударга явагдах нэг нөхцөл болно. Шударга сонгуулиар нүүр бардам гарч ирсэн төрийн түшээдээс иргэд нэхэхээ ч нэхэж чадна, урам хайрлавал хайрласан шиг хайрлана. Мөн улстөрийн соёл сайжирч, сонгуулийн идэвх илт сэргэх болов уу. Улмаар "долдугаар сарын 1"-ний гэх айдас аажмаар замхарч иргэдийн аюулгүй орчинд амьдрах баталгаа нэмэгдэнэ. Олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан, уриалсан, санхүүжүүлсэн, ивээн тэтгэсэн этгээд ял завших боломж хаагдана гэсэн үг.Тиймээс Эрүүгийн хуульд ийм заалт оруулахыг дэмжиж байна.
Б.Номин
| С.Эрдэнэ: Халамж хавтгайруулах гэж байгааг бид дэмжихгүй | Тэтгэврийн ялгаврыг арилгах хуулийн төслийг засгийн газарт хүргүүлжээ |
|---|


