Байгаль хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Дархан сумын 15-р багийн иргэн О.Уртнасан, Ц.Баатар, Дархан сумын 2-р багийн иргэн Д.Тогоохүү, н.Дэнсмаа, 8-р багийн иргэн н.Туваанжаргал, н.Бямбаа нар “Шилдэг ойжуулагч иргэн”-ээр шалгарав. Элсний нүүдэл, уул уурхайн нөхөн сэргээлтэд хувь нэмрээ оруулахаар иргэн О.Уртнасан 5 төрлийн 20 мянган ширхэг модны суулгац ургуулах хүчин чадалтай Мод үржүүлгийн газрыг 2005 онд байгуулан, тасралтгүй ажиллуулж байгаа аж. Ц.Баатар өнгөрсөн оноос эхлэн хашаандаа 25 нэрийн 31 сортын жимс жимсгэнэ, чимэглэлийн 220 ширхэг мод бут тарьж, 100 хувийн амьдралттайгаар хүлээлгэн өгсөн байна. Мөн 5 сортын чацаргана тарьж, жилд дунджаар 20-30 мянган суулгац үржүүлж байна. Д.Тогоохүү 2003 оноос эхлэн мод бут тарьж, одоо хашаандаа 19 нэр төрлийн мод бут сөөг ургуулж байна. иргэн Дэнсмаа хашаандаа төрөл бүрийн мод бутны 3000 орчим сайн чанарын суулгац үржүүлж, Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар, Эрдэнэт, Булган, Хөтөл, Багануурын аж ахуйн нэгж, айл өрхүүдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Харин Туваанжаргал, Бямбаа нарын гэр бүл 2007 оноос жимсний, гоёл чимэглэлийн, эмийн ургамлын мод бут тарьдаг бөгөөд хур хог ихтэй, үржил шим муутай байсан өөрийн эзэмшлийн хашаандаа арчилгаа тордолгоо хийж, чийгийн улаан хорхой бий болгож байгаа аж.
“Шилдэг ойжуулагч төрийн байгууллага”-аар Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс шалгарлаа. Аймгийн Татварын хэлтэс байрныхаа гаднах тохижилтод зориулан 4 төрлийн 800 ширхэг мод бут тарьсны зэрэгцээ явган хүний зам, усан оргилуур, хамгаалалтын хашаа татах зэрэг ажлыг хамтад нь гүйцэтгэсэн байна. Тэдний хамт олон орчноо “ногооруулах” үйлсээ энэ намар ч үргэлжлүүлэн “Дархан-50” цогцолборт 100 ширхэг мод тарихаар төлөвлөжээ. Мөн ирэх онд Хараа голын дагуу 100 ширхэг бургас тарихаа амлаж, төрөлх хотоо ойжуулах үйлсэд идэвхтэй нэгдэхийг бусад байгууллагад уриалав.
“Шилдэг ойжуулагч аж ахуйн нэгж” шагналыг Шарын гол сумын “Домогт Шарын гол”, Дарханы “Ногоон арал” ХХК-ууд хүртлээ. “Домогт Шарын гол” компани 2007 онд 0.3 га-д өөрийн хөрөнгөөр мод үржүүлгийн газар байгуулж, хөрсөнд дасан зохицсон, амьдрах чадвартай сайн чанарын нарсны тарьц суулгацын нөөцөөрөө ойжуулалтын ажилд ихээхэн хүч нэмэн ажиллаж байна. Эдний хамт олон сумынхаа тохижилтод 350 ширхэг мод тарьж хүлээлгэн өгчээ. “Ногоон арал” компани жимсний, чимэглэлийн мод бутны чанартай суулгацаар иргэд, байгууллагуудыг хангаж ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, хотын ногоон байгууламж нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ иргэдэд экологийн боловсрол олгох, мод бут тарих, ургуулах, арчлах талаар сургалт сурталчилгааг идэвхтэй зохион байгуулдаг байна.
“Ногоон хивс”-ний ёслолын үеэр оролцогчид аймгийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
| БОАЖ-ын сайд Л.Гансүх ойжуулалт, мод үржүүлгийн ажилтай танилцав | Дарханд ойжуулалтын амьдралт 80-85 хувьтай байна |
|---|


