Төрийн ордон
2012.1.14
Эрхэм зочид төлөөлөгчид,
Хатагтай, Ноёд оо,
Улс орны цаашдын хөгжлийн тухай асуудал, ялангуяа байгаль хамгаалал, эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшлийн асуудлыг цогцоор нь авч үзсэн тогтвортой хөгжлийн тухай ярих нь эдийн засгийн огцом өсөлтийн үедээ ирээд байгаа манай орны хувьд нэн чухал, зайлшгүй анхаарал хандуулж ярих ёстой асуудлын нэг болоод байна. Хөгжлийн эдгээр гурван тулгуур зарчмыг тэнцвэртэйгээр авч үзэж хэрэгжүүлэх нь аливаа улс орны тогтвортой хөгжлийг хангах гол нөхцөл юм. 20 жилийн өмнө 1992 онд Рио де Жанейрод болсон “Байгаль орчин ба хөгжил” НҮБ-ын Бага хурал, 10 жилийн өмнө 2002 онд Ёоханесбургэд болсон Тогтвортой хөгжлийн асуудлаарх дэлхий хэмжээний чуулга уулзалтаас Тогтвортой хөгжлийн үндсэн зарчмуудыг томьёолон тодорхойлж, түүнийг улс орнууд хөгжлийн гол загвар, зарчим болгон мөрдөж ирсэн билээ. Тогтвортой хөгжлийн тунхаглалд хүн төрөлхтөний
үндсэн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд цэвэр ус, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг гол асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхийг дэлхийн улс орнуудад зөвлөмж болгосон байдаг. Монгол улс дэлхий нийтийн энэхүү нийтлэг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон “XXI зууны мөрийн хөтөлбөр” болон “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” зэргийг батлан хэрэгжүүлж байна. Энэ оны 6 дугаар сард мөн Рио де Жанеро хотноо Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Бага хурал улс орнуудын Төр засгийн тэргүүнүүдийн хэмжээнд болж орчин үеийн шаардлагын үүднээс тогтвортой хөгжлийн асуудлыг дахин авч үзэхээр төлөвлөж байна. Энэ удаагийн хэлэлцэх асуудлын төвд тогтвортой хөгжлийг хангах болон ядуурлыг бууруулахад чиглэсэн ногоон хөгжлийн тухай асуудал байх болно.
Ийм учраас манай яамнаас өнөөдөр зохион байгуулж байгаа “Тогтвортой хөгжил ба байгаль орчны засаглал” сэдэвт үндэсний чуулга уулзалтыг дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн асуудлаарх дээрх бага хурлын өмнө зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, улс орны хөгжилд нөлөө үзүүлэгч гол асуудлуудаа хэлэлцэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болох ёстой гэж үзэж байна. Мөн энэ чуулган нь удахгүй болох Риогийн дээд хэмжээний уулзалтад Монгол улс идэвхтэй оролцох бэлтгэл хангах арга хэмжээний нэг хэсэг юм. Байгаль орчны засаглал сайн байх гол үндэслэл нь байгаль орчны хууль эрх зүйн орчин бүрэн бүрдсэн, салбарын бүтэц зохион байгуулалт оновчтой төлөвшсөн, байгаль хамгаалах ашиглахад иргэд олон нийтийн оролцоо бүрэн хангагдсан байх явдал юм. Энэ удаагийн чуулганаар бид энэ бүхнийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Манай энэ удаагийн чуулганд УИХ-ын эрхэм гишүүд, холбогдох яам, газрын дарга удирдлага, шийдвэр гаргах түвшний болон эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа нь Чуулганаар хэлэлцэх асуудлуудыг олон талаас нь авч үзэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох боломж олгоно гэж үзэж байна.
Бид энэ удаагийн чуулга уулзалтыг “Тогтвортой хөгжил ба уул уурхай”, “Тогтвортой хөгжил ба хүрээлэн буй орчин”, “Тогтвортой хөгжил ба уур амьсгалын өөрчлөлт” гэсэн гурван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Тогтвортой хөгжилтэй нягт холбоотой эдгээр асуудал нь манай орны хувьд өнөөдөр нэгэнт тулгараад байгаа тулгамдсан асуудлууд гэдгийг Та бүхэн сайн мэдэж байгаа билээ.
Манай орны хувьд байгалийн нөөцийн ашиглалтад суурилсан уул уурхайн үйлдвэрлэл нь улс орны эдийн засгийн хөгжлийн гол эх үүсвэр болж байгаа боловч байгаль орчны төлөв байдалд ноцтой нөлөө үзүүлэх хэмжээнд хүрээд байна. Түүнчлэн хүрээлэн буй орчны гол бүрэлдэхүүн хэсэг болох агаар, ус, хөрсний бохирдол, байгалийн нөөцийн доройтол хомсдол, хөрсний талхлагдал, элэгдэл зэрэг нь зайлшгүй анхаарал хандуулж яаралтай арга хэмжээ авах шаардлагатай асуудлууд гэдгийг бид бэлнээ мэдэж байна. Энэ бүхэнд эрчимтэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт улам нэрмээс болж байна. Уур амьсгалын өөрчлөлт цаашид улам эрчимжиж үзүүлэх нөлөөлөл нь ч нэмэгдэх төлөвтэй байна. Иймд бид энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, түүний улс орны хөгжилд үзүүлэх нөлөөллийг бууруулах, дасан зохицох, нүүрстөрөгч бага ялгаруулдаг, ногоон хөгжлийн зарчимд тулгуурласан нийгмийг төлөвшүүлэн бий болгоход чиглэсэн арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй болж байна.
Зочид, төлөөлөгчид өө!
Улс орны тогвортой хөгжилд нөлөө үзүүлэгч эдгээр асуудлыг нарийвчлан авч үзэж цаашдын үйл ажиллагааны чиглэл, баримжаагаа зөв тодорхойлох нь тогтвортой хөгжилд чиглэсэн байгаль орчны засаглалын тогтолцоог бэхжүүлэх гол нөхцөл болно. Маргааш мөн энэ танхимд бид Байгаль орчны салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн хийж, байгаль орчны өмнө тулгараад байгаа асуудлуудаа хэлэлцэхээр төлөвлөж байна. Иймд өнөөдрийн энэ чуулган нь маргааш болох улсын зөвлөлгөөнөөс гарах зөвлөмжид тусгаж хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлох нэг боломж гэж үзэж байна. Иймд Та бүхнийг Чуулганы ажиллагаанд идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй солилцоно гэдэгт итгэж байна
Чуулганы ажиллагаанд амжилт хүсье.


