76:33 буюу Л.Гансүх
Энэ удаагийн 76:? буландаа УИХ-ын гишүүн Л.Гансүхийг онцолж байна. УИХ-ын гишүүн Л.Гансүх 2004 оны УИХ-ын сонгуульд “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшиж ялалт байгуулан парламентад орж ирсэн эрхэм. Л.Гансүх МСДН-ын залуучуудын байгууллага болох “Залуу лидер” клубын удирдах бүрэлдэхүүнд ,мөн МСДН-ын мэдээлэл,сурталчилгааны хэлтсийн даргаар ажилласан нь түүний улс төрчийн замыг нээсэн гэдэг. Тэрбээр 2008 оны сонгуульд Дархан хотод нэр дэвшиж ялалт байгуулсан юм.

Амлалт
2008 оны сонгуульд Дархан хотод нэр дэвшихдээ" Дарханы дахин сэргэлтийн төлөө" гэсэн дэврүүн бодол уриатайгаар оролцож байсан энэ эрхэм Дарханчуудыг төлөөлөн УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Түүний "Дарханы дахин сэргэлтийн төлөө" уриа, Дархан хотыг үйлдвэржүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх амлалт нь олны анхаарлыг татаж чадсан юм. Нэр дэвшиж намын мөрийн хөтөлбөрөөр голчлон оролцож байсан ч өөрийнхөө зүгээс хэд хэдэн зүйлийг голчилж байлаа. Гэхдээ хэрэв намын мөрийн хөтөлбөр биелэлээ олбол, Л.Гансүхийн Дарханчуудад амласан амлалт биелэнэ гэсэн хамааралтайгаар шүү дээ. Тухайлбал, намын мөрийн хөтөлбөр хэрэгжиж томоохон стратегийн орд газрууд эргэлтэд ороод эхлэх юм бол Дархан хот үйлдвэр дэд бүтцийн иж бүрдсэн хот учраас Замын-Үүдээс Алтан булаг хүртэл замыг тавих. Үйлдвэр технологийн энкбатор байгуулах чиглэлд анхаарлаа хандуулж ажиллах ёстой хэмээн иргэд сонгогчиддоо амласан нь биелэлээ тун бага олсон юм. Уг нь эдгээр амлалтуудаа биелүүлэхийн төлөө намынхаа мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хамтарсан Засгийн газарт орж ажилласан ч гэдэг. Ингээд хамтарсан Засгийн газарт орж ажиллаж томоохон стратегийн орд газруудыг эргэлтэд оруулах ажлыг эхлүүлсэн ч үйлдвэрлэл эхлээгүй байгаа учраас намын мөрийн хөтөлбөрийн дор нуугдсан хувийн мөрийн хөтөлбөр нь бүрэн биелээгүй хэмээн тэрбээр өөрөө тайлбарласан ч байдаг юм билээ. Ингээд түүний 2008 онд дэвшүүлсэн намын ч юм шиг хувийн ч юм шиг амлалтууд нь ямартай ч биелсэнгүй. Гэхдээ түүнд Дарханыг бие даасан үйлдвэртэй болгож бие даасан эдийн засгийг сэргээнэ гэсэн хүсэл эрмэлзэл түүнд дүүрэн байсан. Үүнийхээ төлөө ч Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан нь дөрөвхөн жилийн хугацаанд бүтэшгүй амлалтынхаа хагас хугасыг ч биелүүлж байгаагийн илрэл хэмээн тэрбээр тайлбарладаг юм. Учир нь хамтарсан Засгийн газарт ажиллаж стратегийн орд газруудыг эргэлтэд орох ажилд гар бие оролцсоноор Монгол Улсын иргэн бүрт нэг сая төгрөгтэй тэнцэхүйц хувьцаа эзэмшихээр болсон аж.
Амжилт
Байгуулагдсан цагаасаа эхлэн сайн муу хэл аманд өртсөөр ирсэн хамтарсан Засгийн газарт Л.Гансүх орж ажилласан. Засагт орж ажиллахдаа ашигтай ашиггүйгээрээ хэлэгдэж байгаа Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан нь түүний хамгийн том амжилт. Хэдийгээр өнөөдөр Оюутолгойн гэрээг тал талаас нь хэмлэж байгаа ч хэзээ нэгэн цагт өндөрлөг дээрээс харахад Монгол Улсад ашиг тусаа өгөх гэрээ гэдгийг тэр хаана ч хэнд ч бардам хэлж чаддаг юм билээ. Хоёр том гүрний хөгжлийг дагаж аль болох зах зээл рүү байгалийн баялгаа түлхүү оруулах нь Улс орны эдийн засгийн хөгжил хэмээн тэр тайлбарладаг. Тэр ч утгаараа стратегийн орд газруудаа хөдөлгөх нь нэн чухал байсан үед Тавантолгой, Оюутолгойг хөдөлгөх нь хамгийн чухал гэдгийг түрүүлж харсан хүмүүсийн нэг гэдгээ тэр өөрөө ч хэлдэг. Хэрэв томоохон ордуудыг эргэлтэд оруулаад эхлэх юм бол улс оронд шууд ашгаас гадна дам ашиг нь их ирэх болно гэдгийг тэрбээр гарын үсэг зурах үеэр хамгийн их дуугарч байсан юм. Мөн эдийн засаг өсөх чинээгээр дэд бүтэц хөгжинө. Үсрэнгүй хөгжил хэрэгтэй болохоос урсгал хөгжил хэрэггүй гэдгийг Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах үеэр тэр хамгийн их хэлсэн. Түүний энэхүү бодол талаар болсонгүй. Учир нь өнөөдөр манай улсын эдийн засгийн өсөлт 20 хувиар өссөн болохыг Сангийн сайд төсөв батлагдах үеэр тайлбарлаж байсан. Үүнээс гадна уул уурхай, эдийн засгийн гол тулгуур байгаа энэ үед БОАЖ-ын сайдын албыг хашиж байгаа хүний хувьд байгаль орчны тухай хуулийг сууриар нь өөрчилж чадсан юм. Хуучин хуулийн хүрээнд байгаль орчны төлбөрт асар бага мөнгө орж ирдгээс гадна нэг бургас хугалсан хүн, бүхэл бүтэн уул нураасан нөхөртэй яг адилхан төлбөр төлдөг байсан хавтгайруулсан хариуцлагын тогтолцоог өөрчлөхөөр ингэхдээ бохирдуулагч нь төлбөр төлөгч байя.ашиглагч нь хамгаалагч байя гэсэн зарчмын хоёр асуудлаар хуулийн зарчмыг шийдэж өгсөн . Ойн нөхөрлөл нь ойгоо хамгаал ашиглалтаа ч хий. Хэрэв бохирдуулсан бол тэр дор нь төлбөрөө төл нөхөн сэргээлт хий гэсэн суурь хоёр зарчмыг өндөр төвшинд тавьснаар хавтгайрсан хариуцлагын тогтолцоог үгүй болно гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Үүнээс гадна хяналт шалгалтыг өндөржүүлэхийг урьтал болгож .нутгийн иргэдийн оролцоо бусад гадны бохирлуулагчдад хяналт тавих тухай ч заасан байлаа. Байгаль орчноос орж ирсэн мөнгийг нь буцаагаад тус салбарт нь зарцуулдаг байя гэсэн нь хамгийн зөв зарчим. Өмнө нь ангийн, ойн, усны орлого төсөв руу шууд ороод хуваарилалтаар дуусдаг байсан болодоо Байгаль орчин руугаа ордог эрхзүйн зохицуулалтыг нь иж бүрэн болгож өгөхөөр эрхзүйн шинэчлэлүүдийг бүрэн хийж чадсанаараа Засгийн газарт орж ажилласан үүргээ тэр биелүүлсэн. Үүнээс гадна орон нутаг болон БОАЖЯ хоорондын харилцан уялдаа сайжирч байгаа нь мөн л түүний боловсруулсан бодлогын нэг хэсэг. Мөн 2008 онд БОАЖЯ-ны дэргэдэх төрийн бус байгууллагуудын улсын зөвлөгөөн хийж үүнээс Байгал орчны иргэний зөвлөл байгуулагдсан нь нүдээ олсон шийдвэр байлаа. Энэ нь өнөөдөр улам бэхжиж бүрэлдхүүндээ 700 орчим төрийн бус байгууллагыг нэгтгэсэн хүчирхэг байгууллага болоод байна.
2010 онд БОИЗ-ийн улсын зөвлөгөөнийг хуралдах үед Гансүх Ногоон парламент байгуулахыг санал болгосноор БОИЗ өнөөдөр дэргэдээ байгаль орчны чиглэлээр хууль тогтоомж журам заавруудад санал бодлоо тусгахад идэвхтэй ажилладаг Ногоон парламенттай болоод идэвхтэй ажиллаж байгааг энд дурдах нь зүйтэй. БОАЖЯ-ны салбарт 3000 гаруй хүн ажилладаг байсныг иргэний зөвлөлийн 15 мянга гаруй ажиллагсдаар тэлсэн гэж хэлэхэд болно. Мөн төр төрийн бус байгууллага зөрчилдөж байх ёстой гэсэн бичигдээгүй хуулийг Монгол улсын эрх ашгийн төлөө харин хамтарч ажиллах ёстой гэсэн амьдралын шаардлагыг хэрэгжүүлсэн чухал ажил болсон.Манайд мөрдөгдөж буй хамгийн чухал хуулиудын нэг болох урт нэртэй хуулийг шууд эхнээс нь хэрэгжүүлж эхэлсэн нь түүний мөн гавьяа. Учир нь 254 алтны шороон ордыг тас зогсоож үнэлгээг хийсэн нь дараа дараагийн ажлуудын хаалгыг нээж өгсөн. Үүнийг хийхэд тэрбум төгрөг зарцуулсан ч гэдэг. Ийм их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж хийсэн ажлаар нийт нөхөн сэргээлт байгаль орчны төлбөрийн дүн нэг трилон орчим төгрөг гэж батлагдсан нь компаниудаас нэхэгдсэн 500 гаран тэрбум төгрөгийг улс нөхөн олговорт өгөхгүй харин авлагатай болохыг тогтоож ингэснээр алтны шороон орд гэсэн зүйлийг түүх болгон уул уурхайг шинэ шатанд аваачих эхлэлийг тавьж байгаа юм. Ашигтай бол л ашиглаад бай гэсэн урвуу тогтолцоог халж байгаль орчинд хэн ээлтэй хандана түүнийг ажиллуулна гэсэн концепци руу оруулсан.
Алдаа
Түүний алдааг дарханчууд ийнхүү томъёолдог юм билээ. Хэрэв Л.Гансүх стантарт бус Засгийн газарт орж ажиллаагүй бол гэж. Засагт орж ажилласнаар хийж бүтээснээ бүдгэрүүлсэн гэж тойргийнхон нь дүгнэдэг аж. Гишүүний тэрбумаа 3 жил дараалан дарханыхаа нийтийн орон сууцны дээврийн засварт гээд аймагт хуваарилчихдаг, Дарханы дэд бүтцийн дулааны сүлжээг зургаан тэрбумаар сольж байсан, зөвхөн шарын голын уурхайн нүүрснээс хараат байсан цахилгаан станцыг бусад уурхайн нүүрс ашиглах болон бусад шинэчлэл хийсэнд нь сонгогчид нь ам сайтай байдаг ч Засгийн газарт орж ажилласанд нь их бухимддаг гэнэ. Өөрөөр хэлбэл иргэд сонгогчдыгоо бухимдуулан байж стандарт бус Засгийн газар орж ажилласан нь түүний нэгэн алдаа.
Тэнэглэл
Түүний хэнтэй ч хаана ч хамаагүй шулуухан хэрэлдэж заргалддаг зан нь олны нүдэнд Төрийн хүний зангараггүй мэт харагдуулахад хүрдэг. Хэрэв өөрийнхөө зөв гэж зүтгэсэн л бол хүний өөрийн хамаагүй сайхан үзэлцэнэ дээ. Түүний зарга харин ч нэг дуусна гэж байхгүй. Хамгийн сүүлийн жишээг дурьдахад л хууль бусаар Дарханы АН-д эзэн суусан "Бурхан Халдун"
группынхантай Л.Гансүх өөрийн нам гэлтгүй үзэлцсээр байгаа юм. Энэ тухай хэвлэл мэдээллээр ч их гарсан. Харин нэг их гайхаж хүлээж авсан хүн бараг үгүй байх. Яагаад гэвэл түүний энэхүү заргач зан Дарханы АН-ынхантайгаа муудалцсанаар эхэлж байгаа юм биш гэнэ. Тэр ер нь "шударга бус гэж үзсэн зүйлтэйгээ"их үзэлцэх хэнхэгтэй. Шударга бус санагдсан бол хэн байх нь хамаагүй хэрэлдээд, заргалдаад явдаг гэдгийг нь ангийнхан нь ч хэлдэг. 2003 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа тухайн үед АН-ын дарга байсан М.Энхсайхантай намаа "Эрэл"-ийн намд нэгтгэхгүй гэхдээ "би" "чи" -дээ тулж үхэн хатан зүтгэсэн. Зөвлөлийн дарга байхдаа эрх баригч хүчинтэйгээ тэмцэж байсан. БОАЖ-ын сайдын сэнтийд заларч суухдаа ч амлалт нэхэх ард түмний холбооны Г. Уянга хэмээх сэтгүүлч эмэгтэйтэй жинхэнэ хайр найргүй үзэлцэнэ лээ. Өөрийг нь гүтгэсэн хэвлэл мэдээлэл, хууль хяналт шалгалт гээд яваагүй газар түүнд байхгүй. Заргалдсаны эцэст өөрийнхөө талд ялалтыг байгуулсан. Хэдийгээр өөрийнхөө нэр төрийг цэвэрлэж авсан боловч төрийн сайдын сэнтийгээс иймэрхүү үйлдэл гаргасан нь жинхэнэ тэнэглэлийн бодит жишээ ч байсан байж магад.
Ирээдүй
Нам, засаг, эрх баригч.сөрөг хүчний гээд бүгдийнх нь л удирдлагад байж үзсэн хий нь гарсан улстөрч. Монгол Улсын хөгжил дэвшил, алдаа оноо бүгдэд нь хамт байлцсан Төрийн түшээ. Тэр ч утгаараа Л.Гансүх эрх ашгийн зөрчил гэж юу байдаг талаар тодорхой ойлголтой болсон. Гэтэл уул уурхай эргэлтэд орж гадна дотны хөрөнгө оруулалт нь ихэссэн байгаа энэ үед Монгол төрд иймэрхүү цочроо нь гарчихсан эрхмүүд байж байх ёстой болов уу. Ядаж л том, бага хоёр эрх ашгийг ялгахтайгаа болсон нэгэн. Түүнчлэн Дарханы дахин сэргэлтийг хийхийн тулд Монгол Улсынхаа эдийн засгийг босгож байж хийх юм байна гэдгийг ойлгосон гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байсан. Тиймээс 2012 онд Дархан хотыг жинхэнэ утгаар нь сэргээх болно гэдэгт нь иргэд сонгогчид нь бат итгэж байгаа юм билээ. Тэгэхээр Л.Гансүх хэмээх энэ эрхэмд эхэлсэн хэрнээ дуусгаагүй ч улс оронд хэрэг болохуйц том ажлууд бий учраас эцсийн дүнг нь үзэхээр дэмжинэ гээд хүлээж буй олон хүмүүс байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Эх сурвалж: Монголын мэдээ
Б.Саран
| Ирэх хаврын чуулганаар байгаль орчны багц хуулийг батлуулахаар ажлын хэсэг ажиллаж байна | Агаарын бохирдлыг дахиад л 50 хувиар бууруулна гэв |
|---|


