Сангийн сайд Д.Хаянхярваа: Татвараас орж байгаа орлогын хэмжээ нь төсвийнхөө дийлэнх хувийг эзлэж, харин гаалиас орж буй орлого нь буурч байвал эдийн засгийн зохистой харьцаа гэж үздэг.
«2012 он Гаалийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зорилтыг төгөлдөршүүлэх жил» сэдвээр гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөн өчигдөр ГЕГ дээр боллоо.

Зөвлөлгөөн эхлэхээс өмнөхөн ГЕГ-ын Шуурхай хяналт, онилгооны төвийн дарга Ц.Гэндэнцэвээнтэй уулзвал «Манай гаалийн байгууллага бол жил бүрийн нэгдүгээр сард өнгөрсөн жилийнхээ ажлыг дүгнэж, алдаа оноогоо ярилцан, ирэх жилийнхээ төлөв, ажлынхаа чигийг тодорхойлдог уламжлалтай. Энэ жилийн удирдах ажилтны зөвлөлгөөн нь гаалийн байгууллагыг олон улсын жишигт хүргэх ажлаа төгөлдөршүүлэх зорилт доор зохион байгуулагдаж байна гэж яриагаа эхлэв.
-Энэ зөвлөлгөөнд хичнээн нэгжийн удирдах ажилтан хамрагдаж байна вэ?
-Хилийн болон гүний гаалийн байгууллага нийт 18 газар, хороо, ГЕГ-ын төв аппаратын хэлтэс, газруудын нийтдээ 30 гаруй удирдах ажилтан оролцож байна.
-Та Шуурхай хяналт, онилгооны төв гэдэг сонин нэртэй нэгжийг удирддаг юм байна. Ямар ажил үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Тийм ээ. Манай төв байгуулагдаад 10 гаруй л хонож байна. Гаалийн байгууллага нь эрсдлийн менежментийг /удирдлагыг/ шуурхай нэвтрүүлж байна. Учир нь Монгол улсын хилээр нэвтрэн орж гарч байгаа бүх бараа техник, тээврийн хэрэгслийг гаальчид үзэж амждаггүй. Харин «Энэ л зөрчилтэй байж магадгүй, энэ л сэжигтэй дээ» гэснээ онилж байгаад шалгана гэсэн чиг хандлага юм аа. Энд мэдээж мэдээлэл, судалгаа, программ хангамж, сүүлийн үеийн техник ашиглалт гэсэн цогц үйл ажиллагаа шаардагдахаас гадна байцаагч нарын чадвар, чадавх зэрэг асар олон зүйлээс хамаардаг.
Иймээс манай төв нь программ, бусад мэдээлэл, судалгаа бүрдсэний дараа зөрчилтэй, эрсдэлтэй байх магадлалтай бараа, тээврийн хэрэгсэл, зорчигчийг онилж тухайн зорчигчийн эд зүйлд, эсвэл тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг маш оновчтой хийх юм. Харин элдэв зөрчилгүй, хууль тогтоомж зөрчдөггүй, журмынхаа дагуу үйлчлүүлдэг ийм байгууллага, аж ахуйн нэгж, иргэний бараа, тээврийн хэрэгсэлд ямар нэг шалгалт хийхгүйгээр өнгөрүүлж байх концепцтэй юм.
-Тэгвэл гадаадын туршлагаар ийм нэгжийг байгуулжээ гэж үзэж болох уу?
-Өнөөдрийн нөхцөл байдлаас үүдэн гарцаагүй ийм алхам хийх шаардлага гарч байгаа юм. Учир нь гаалийн хяналтын үйл ажиллагаанд нэлээд өөрчлөлт орж шинэчлэгдэж байна. Эрсдлийн менежментийг нэвтрүүлснээр гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтад зарим өөрчлөлт зайлшгүй орох ёстой юм. Иймээс гаалийн байгуулагын гарцаагүй хийх ёстой өөрлөлтүүдийн л нэг.
Түүнчлэн ГЕГ-ын даргын зөвлөх, доктор профессор Х.Эрдэнэчулуун «Дэлхийн гаалийн байгууллага нэгдүгээр сарын 20-нд байгуулагдсан түүхтэй бөгөөд энэ жил 60 жилийн ой нь тохиож байгаа. 2012 он бол гаальчдын хувьд дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх арга замуудыг нь нарийн гаргаж өгдөг болсон 4 дэх жил нь болж байна. Ингэснээрээ тухайн жилдээ дэвшүүлсэн зорилтоо улам нарийвчлан задалж өгдөг болсон юм. Тухайлбал тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд ямар хүчин зүйлс нөлөөлөв гэдгийг тогтоодог боллоо. Тэгэхээр хоёр хүчин зүйл, тухайлбал, хүний хүчин зүйл /удирдлагын чадавхийн асуудал/ болон мэдээллийн технологи ихээр нөлөөлж байна л даа. Мэдээллийн шинэ дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар гаалийн байгууллага төрийн бүх агентлагаа тэргүүлж байгаа.
Үүндээ тулгуурлаад хуулиар хүлээсэн үүргүүдээ, тухайлбал төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэв гэдгээ тодорхойлдог. Мөн гаалийн байгууллагын нэг онцлог нь төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхээс гадна Дэлхийн гаалийн байгууллагын гишүүний хувьд түүний батлан гаргасан багц стандартыг удирдлага болгодог. Тухайлбал татварын байгууллагын хувьд л гэхэд Дэлхийн татварын байгууллага гэж байдаггүй» хэмээн ажил үүргийнхээ онцлогийг тэмдэглэн хэллээ.
Зөвлөлгөөнд ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа оролцож Д.Цэвээнжав дарга «Гаалийн байгууллагын 2011 оны үйл ажиллагааны тайлан, 2012 оны зорилт»-ын талаар илтгэл тавилаа.
Дараа нь Сангийн сайд Д.Хаянхярваа хэлэхдээ «Өнгөрсөн жил гаальчид маань 1,4 их наяд төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн байгаа. Жилээс жилд гаалийн татвар өсч, энэ жил 1,9 их наяд төгрөгийг төвлөрүүлэх юм байна. Гаалийн хувьд энэ нь амаргүй даваа.
Монгол Улсын эдийн засагт зохистой харьцаа бүрдэж өгөхгүй байгаа гэдгийг би ойлгож байгаа. Зүй нь бол гаалийн татвар буурч, харин татварын орлого жилээс жилд нэмэгдэж байх аваас эдийн засгийн зохистой харьцаа бүрдэх ёстой гэж үздэг. Харамсалтай нь өнөөдөр төсөвт орж байгаа орлогын 40 шахам хувийг гаалийн алба бүрдүүлж байгаа юм. Боломжит харьцаа нь 25 хувь гэж уг нь эдийн засагчид үздэг юм байна лээ. Тиймээс бид цаашдаа эдийн засгийн зөв харьцаанд орохын тулд энэ чиглэл рүү явах байх аа гэж бодож байна.
Өнгөрсөн жил та бүхэн «Дэлхийн гаалийн сургалтын хөтөлбөр» гэдэг маш том арга хэмжээг хэрэгжүүлж чадсан юм байна. Англи, франц хэлнээс өөрсдөө орчуулж, өнөөдөр Монгол Улсын гаалийн салбарт ажиллаж байгаа хэн ч болов өдөр бүхэн өөрийгөө дэлхийн бүх гаальчдын мэддэг чаддаг бүх мэдлэгээр толгойгоо цэнэглэж чадсан байна. Энэ бол үнэхээр том амжилт. Яахын арга байхгүй өнөөдөр мэдлэгийн эрин зуун учраас ертөнцөд ирж буй шинэлэг бүхнийг Монголын гаальд хэрэгжүүлж байх учиртай.
Гаалийн ажилтны нэг үүрэг нь хэдийгээр мөнгө санхүү, хөрөнгийг бүрдүүлэх явдал ч гэсэн хил гаалиар орж нэвтэрч байгаа бүх зүйлд анхаарал хяналтаа тавьж, Монгол улсын аюулгүй байдалтай холбоотой олон давхар ажил, асуудал та бүхэн дээр давхар үүрэгдэж явдаг гэдгийг бас мэдэж байгаа.
Ийм учраас та бүхний ажил бол амаргүй ажил. Амаргүй ажлыг хийж гүйцэтгэхэд төрийн тодорхой туслалцаа дэмжлэг хэрэгтэй байдаг. Засгийн газраас энэ жилийг «Өрхийн амьжиргааг дэмжих жил» болгож зарласан. Энэ хүрээн дотор гаальчдын ажил амьдралтай холбоотой асуудлыг ч гэсэн авч үзэх ёстой гэж ойлгодог. Өнгөрсөн жил УИХ-ын байнгын хорооны даргын хувьд Замын Үүд, өмнөд хилийн 2-3 боомтуудаар явсан. Ер нь гаальчдын ажиллах ажлын нөхцөл бололцоо бас тийм ч сайнгүй юм билээ. Тэнд хүн ажиллах нөхцөл бололцоог бүрэлдүүлэх, хил гааль дээрх дэд бүтэц, техник тоног төхөөрөмжийг сайжруулах гээд Монгол улсын төрөөс шийдэх олон асуудал байгаа гэдгийг тухайн үедээ онцлон харж байлаа. Хилийн боомтын асуудал энд давхар яригдана.
Тийм учраас та бүхний зүгээс тавьж байгаа, та бүхний ажиллах нөхцөл бололцоог сайжруулахад чиглэгдсэн олон асуудлууд дээр Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувьд тодорхой дэмжлэгийг үзүүлж ажиллана гэдгээ хэлэхийг хүсч байна.
Та бүхний өмнө тавигдаж байгаа нэг том зорилтыг би бас сая сонсож суулаа. Монгол Улсад «Е засаглал» шаардлагатай гэж бид нэлээдгүй хугацаанд ярьж байна. Та бүхэн ч 2012 оныхоо хамгийн том зорилтыг болгож «Цаасгүй үйлчилгээ» үзүүлдэг тийм тогтолцоонд шилжих зорилтыг тавьжээ.
Энэ бол амаргүй зорилт. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар бүхэлдээ ийм тогтолцоонд шилжих ёстой. Гаалийн ажилтан болгон цахим техник хэрэгслийг бүрэн дүүрэн ашиглаж чаддаг болох ёстой. Энэ техник, тоног төхөөрөмж, программ хангамж гээд энэ бүх цахим хэрэгслүүд бол бараг өдөр болгон солигдож байгаа энэ эрин үед үүнийг чадварлаг эзэмшдэг байх нь төрийн ажилтан бүрийн хамгийн чухал үүрэг мөн.
Иймээс та бүхэн энэхүү «Цаасгүй үйлчилгээний тогтолцоо»-нд шилжих нь нэн чухал байна. Хөнгөн шуурхай үйлчилгээ гэдэг бизнес эрхэлж байгаа хэн бүхний хамгийн ихээр хүсдэг зүйл билээ. Нэн ялангуяа хил гаалийн асуудал дээр олонтаа яригддаг зүйл юм. Гаальчин бүр хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлэхийн төлөө хичээж ажиллах үүрэгтэй шүү гэдгийг онцолж хэлье» хэмээгээд ажилд нь амжилт хүслээ. Ингээд ГЕГ-ын дарга Д.Цэвээнжавтай уулзвал «Энэ 2012 онд бидний өмнө маш том зорилтууд дэвшигдэж байна. Энэ бол Монгол Улсын төсвийг ханган биелүүлэхтэй холбоотой 1,9 их наяд төгрөгийн орлого оруулна. Үүнийг биелүүлэхийн тулд бид ямар зохицуулалтаар хэрхэн ажиллах вэ гэдэг асуудал, хоёрдугаарт, бид үйлчилгээгээ дэлхийн жишигт хүргэх ийм том зорилт тавигдаж байна.
Дэлхийн жишгийн гаалийн үйлчилгээ үзүүлнэ гэдэг нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх том үзүүлэлт юм. Бид үйлчилгээндээ олон улсын стандартыг нэвтрүүлэх гэж байна. Энэ стандартыг нэвтрүүлэхийн тулд бид бүх гаальчдаа нарийвчлан зааж сургах шаардлагатай болж байна» хэмээн тодрууллаа.
Харин Сангийн сайд Д.Хаянхярваатай уулзаж «Та сая гаалиас улсын төсөвт хуримтлуулж буй мөнгөний хэмжээ буурвал эдийн засаг эрүүлжинэ гэсэн сонирхолтой үг хэллээ. Үүнийгээ тодруулна уу гэвэл «Тийм ээ. Дэлхийн улс орнуудын төсвийн харьцаа үнэхээр ийм байдаг юм байна л даа. Өөрөөр хэлбэл татвараас орж байгаа орлогын хэмжээ нь төсвийнхөө дийлэнх хувийг эзлэж, харин гаалиас орж буй орлого нь буурч байвал эдийн засгийн зохистой харьцаа гэж үздэг юм байна. Энэ нь гадаад худалдаагаа аль болох хөнгөвчилж өгөх, татварын дарамтгүй байлгах гэсэн агуулгатай аж. Мөн дотооддоо нөхөн үйлдвэрлэл явуулж олсон орлогоосоо татвар авдаг зарчимд шилжихийг зорьж байна л даа. Иймээс үйлчилгээнээс авдаг энэ хураамжаа багасгая л гэсэн санаа юм» хэмээн өгүүллээ.
Зөвлөлгөөний завсарлагаагаар Дархан-Уул аймгийн Гаалийн газрын дарга Б.Алтангэрэлтэй уулзвал «Манай Дарханы Гаалийн хороо нь өнгөрсөн онд Гаалийн газар болж өргөжин зохион байгуулагдсанаар Дархан-Уул аймаг дахь Монгол Улсын ГЕГ-ын харьяа Гаалийн газар болсон. Учир нь Сэлэнгэ аймгийн Хандгайтад гүний гүний гаалийг байгуулсан нь манай салбар болсон тул Монгол улсын ГЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмын дагуу шинэчлэгдэн зохион байгуулагдаж ийнхүү Гаалийн газар болон өргөжлөө.
Мөн ГЕГ-ын удирдлагуудын дэмжлэг туслалцаатайгаар Засгийн газрын хөрөнгө оруулалтаар манайх өөрийн гэсэн шинэ байртай болсонд гаальчин бид ихээхэн олзуурхаж байгаа.
Дархан хот дахь «Зоос» банкны салбарын барилгыг улсын төсвийн 976 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар худалдан авснаар орчин үеийн жишигт нийцсэн сайхан оффис байртай боллоо.
ГЕГ-аас дэвшүүлж байгаа энэ онд гаалийн үйлчлилгээг олон улсын жишигт хүргэх зорилтын хүрээнд Дарханы гаалийн газар энэхүү шинэ сайхан байрандаа дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
-Танайд хэдэн хүн ажиллаж байна?
-Манайх өнөөдрийн байдлаар 33 хүний орон тооотойгоор ажиллаж байгаагийн 22 нь гаалийн улсын байцаагч, үлдэх 11 нь үйлчилгээний ажилтан байгаа гэв.
Түүнчлэн ГЕГ-ын дэд дарга Д.Оюунчимэгээс «Өнөөдрийн зөвлөлгөөний гол ач холбогдол юу вэ» хэмээн асуухад «Би яриагаа Дэлхийн гаалийн байгууллагаас 2012 онд гаргаж буй уриаг зориуд дурдмаар байна л даа. Энэ нь «Хилээр тусгаарлагдаж, гаалиар холбогдоё» гэсэн уриа байгаа.
Мэдээж дэлхийн улс орнууд хилээрээ тусгаарлагдах нь ойлгомжтой. Энэ нь улс орнуудын тусгаар тогтнолын асуудал юм. Харин гаалийн байгууллагууд бол үйл ажиллагаагаа аль болох ойртуулах, нэг мөр болгон нэг стандартаар ажиллахыг зорьж байна.
Тийм учраас Монголын гаалийн байгууллага өнгөрсөн жилээс хойш олон улсын стандартад нийцэж ажиллах зорилт тавьсан тул бидэнд хийх ажил их байна.
Гэхдээ бид нэлээд алсыг харсан томоохон зорилт тавьж байж түүнийгээ хэрэгжүүлэх нь ойлгомжтой байх.
-Сая Сангийн сайд гаалиас орж буй орлого нь буурч байвал сайн гэсэн зүйл ярилаа. Энэ талаар та тайлбарлана уу?
-Тийм ээ. Ер нь улс орон хөгжихийн хэрээр гаалийн байгууллагын орлого бүрэлдүүлэгч үүрэг нь багасдаг. Би ингэж ойлгож байна л даа.
Ерөнхийдөө гаалийг зөвхөн орлого бүрдүүлэгч байгууллага гэж ойлгож ойлгож болохгүй ээ. Олон улсын жишгээр бол нийгмээ аюулгүй тайван орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь гаалийн хамгийн гол үүрэг байдаг. Харин татвар бол манай хоёрдогч үүрэг л дээ. Мэдээж энэ үүрэг хадгалагдсаар байх болно. Гэхдээ цаашдаа багасах болно» гэлээ.
Мөн энэ үеэр нэг сонин зүйл олж мэдсэн нь «Залуу гаальчин» клуб гэж байгуулагдсан юм байна. Ингээд тус клубын Ерөнхийлөгч Б.Мандухайтай уулзвал «Монголын гаалийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан 100 бүтээлч ажлыг хийхээр төлөвлөсний дагуу гаалийн байгууллагын залуучууд бид нэгдэн гаалийн байгууллагын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах, оюунлаг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжих, ахмад гаальчдаасаа суралцах явдлыг эрхэм зорилгоо болгож 2011 оны 11 дүгээр сарын 11-нд “Залуу Гаальчин” Клубээ байгууллаа.
Клубын алсын хараа нь “Гаалийн байгууллагын ирээдүйн Чадварлаг, Чадавхитай, Чин сэтгэлтэй гаальчдыг төлөвшүүлэх явдал мөн» хэмээн тодорхойлоод байгаа. Гаалийн байгууллагын хүний нөөцийн судалгаагаар нийт байцаагч нарын 53 хувь нь 40 хүртэлх насны залуус байна. Иймд бидний үйл ажиллагаа залуу гаальчдын хөгжлийг дэмжих зорилготой сургалт болон бусад үйл ажиллагаанд чиглэгдэх болно.
Залуу гаальчдын хувьд шинэ тутам мэдээлэл авах, мэргэжлийн туршлага хуримтлуулах, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байгаад үндэслэн гадаад хэл, ялангуяа англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ олноор зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эдгээр нь бидний тэргүүлэх чиглэл бөгөөд гадаад хэлээр дамжуулан манай залуучууд гадаад эх сурвалжаас мэдээ, мэдээлэл авах, мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх, гаалийн байгууллагын өнгө төрхийг илэрхийлэхэд өргөн ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Энэ 2012 онд клубээс зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг гарган хэлэлцэж байгаа бөгөөд бидний цаашдын үйл ажиллагаанд залуучууд та бүгдийн дуу хоолой, хүсэл сонирхол ихээхэн ач холбогдолтой гэдгийг энд онцлон тэмдэглэмээр байна.
-Одоо танайх хичнээн гишүүнтэй вэ?
-Анх 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бидний нэгэн үеийн 11 залуу гаалийн ажилтан санаачлан байгуулсан бол өдгөө 111 гишүүнтэй болоод буйд нэн баяртай байна хэмээн цоглог хариу барилаа.
Эх сурвалж: Монцамэ С.Энх-Амар
| Төсвийн тодотголыг өргөн барив | Д.Хаянхярвааг туршлагатай санхүүч,улстөрч гэж үнэлэв |
|---|


