Та бид хоёрын ярилцах сэдэв тун тодорхой. Өөрөөр хэлбэл хамтарсан Засгийн газраас АН садан тусгаарлахаар болж байна. АН-аас гаралтай эрүүл мэндийн сайдын хувьд та үүнд ямар байр суурьтай байна вэ?
- Улстөрийн намын шийдвэрээр л асуудал шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл манай намын гүйцэтгэх зөвлөл, мөн үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж байж энэ асуудал шийдэгдэнэ. Үндэсний зөвлөлдөх хороонд оруулах тухайн асуудлыг намын дарга өөрөө санаачлах үүрэгтэй. Бид анх Засгийн газарт орохдоо ч гүйцэтгэх зөвлөл, үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж байж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд санал нэгтэйгээр МАН-тай хамтарсан. Ингээд 60:40 гэсэн харьцаа тогтоогоод, 40 хувь дээрээ манай намын дарга гүйцэтгэх зөвлөлд тодорхой сайдуудыг нэр дэвшүүлж оруулсан. Миний хувьд Эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж, 100 хувийн саналаар дэмжигдэж байлаа.
-Тэгэхдээ танай намын дарга гэнэт л энэ асуудлыг гаргаж тавилаа. Гэнэтийн энэхүү шийдвэрийг зөв гэж бодож байна уу?
-Өнөөдөр намын дарга Үндэсний зөвлөлдөх хороонд энэ асуудлыг оруулах гэж байгаа нь бодит нөхцөл шүү дээ. Ерөнхийдөө бид гурван жил таван сар ажиллалаа. Энэ хугацаанд хийсэн, бүтээсэн маш их ажлууд бий. Мэдээж алдсан, оносон зүйл ч бий байх. Тэгэхдээ намын дарга бас ч гэж энэ асуудлыг нэлээд хугацаагаар барьсан шүү дээ. ҮЗХ-ны гишүүдээс, манай намын доторх янз бүрийн хөдөлгөөнүүдээс, мөн УИХ дахь бүлгийн зарим нэг гишүүдээс МАН-тай хийсэн гэрээгээ цуцлах асуудлыг олон удаа тавьсан.
-Олон удаагийн эрсдэлээс Засгийн газраа хамгаалж үлдсэн гэж хэлэх гээд байна уу?
-Засгийн газраас гарах асуудлыг хамтарсан Засгийн газар байгуулсны маргаашаас нь тавьж эхэлсэн. Энэ хэдэн юм дуртайдаа гүйгээд орчихлоо гэх ухааны зүйлийг 2008 оны есөн сарын 18-аас 2012 оны нэг сарын энэ өдрийг хүртэл ярилаа. Манан, үүл гэх мэтчилэн нэр, хоч хүртэл өгсөн. Нэр, хоч авсан хэдий ч энэ төрийн төлөө миний хувьд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гэдгээ бардам хэлнэ. Тэгэхдээ бид ингэж хэлүүлсээр байгаад дуусаж болохгүй. Сонгуулийн өмнө ямар нэг байдлаар өөрчлөлт хийх ёстой. Тийм учраас АН-ын дарга энэ асуудлыг ҮЗХ-нд оруулж, хэлэлцүүлээд нэг тийш болгохоор шийдсэн нь зөв үйлдэл.
-Х.Баттулга сайд, Ц.Нямдорж сайд хоёрын хэрүүлээс болж Н.Алтанхуяг дарга Засгаас гарах шийдвэрт хүрсэн гэж сонсогдсон. Тодруулбал өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тэдний хэрүүл гарна, орно дээрээ тулсан юм биш үү. Тиймээс Н.Алтанхуяг сайд Х.Баттулга сайдаас урьтаад Засгаас гарах мэдэгдлээ хийсэн гэж ярих юм билээ?
-Тэр өдрийн Засгийн газрын хурал дээр маргаан үүссэн нь үнэн. Угаасаа маргалдаж л байдаг юм чинь. Тухайлбал бага орлоготой өрхийг дэмжих тухай асуудлыг Т.Ганди сайд оруулж ирсэн. Энэ асуудалд надаас эхлээд эсэргүүцсэн. «Ер нь бид яахаараа дандаа бага орлоготой, ядуу зүдүү улсуудын тухай ярьж байдаг юм. Энэ чинь л амаа ангайгаад хэвтэж байдаг хүний тоог нэмэгдүүлээд байна.
Үүнээс болж дундаж орлоготой хүмүүс доошоо орох сонирхол руу яваад байна.
Үүний оронд бага орлоготой хүнээ дунд орлоготой хүн рүү оруулах урамшуулсан тогтолцоотойгоор жилээ зарла гэдгээс болж бид нэлээд маргалдсан. Ерөнхий сайд ч энэ зөв санаа байна, бид өрхийн орлогыг дэмжих жил болгож зарлая гээд асуудлыг шийдсэн. Үүний дараа төмөр зам, 100 мянган айлын орон сууцтай холбоотой асуудлаар ярилцаж байтал Ц.Нямдорж сайд, Х.Баттулга сайд хоёр бие биенээ жаал явуулсан л даа. Ажил хэргийн маргаан болохоос амин хувийн өш хонзон биш. Түүнээс болоод Х.Баттулга сайд Засгийн газраас гарах гээд Н.Алтанхуяг сайд өрсөөд мэдэгдэл хийсэн юм байхгүй.
-Танай сайд нар Засгаас гарах эсэхээ мэдээгүй явсан юм биш үү?
-Мэдэх, мэдэхгүйн тухайд угаасаа л энэ асуудлыг бүх хүн ярьж байсан болохоор заавал хүн бүртэй тулж уулзаад, санал солилцоод байх асуудал байхгүй болов уу. Тэгэхдээ манай гишүүдийн эмзэглэж буй зүйл нь энэ мөн. Х.Баттулга сайд, Л.Болд сайд, Л.Гансүх сайд гээд бүгдээрээ тухайн үед байхгүй байсан учраас Засгаас гарах асуудлыг мэдээгүй.
-Харин та мэдсэн байсан уу?
-Тэр орой надад бол хэлсэн. Надад хэлэхдээ маргааш нь 4:11 гэж хийгээд, мэдэгдэл гаргах тухай яриагүй. Ер нь ҮЗХ-гоо хуралдуулъя, Засгийн газраас гарах эсэхээ шийдүүлье. ололттой, дэвшилттэй тал нь юу юм, бид хамтарснаараа ямар алдаа, оноо хийсэн билээ гэж баахан ярилцаж байгаад тарсан. Тэгээд маргааш нь 4:11 гэх манайхаас явуулдаг сар тутмын мэдээллээ хийх үеэрээ Засгийн газраас гарах асуудлаа ҮЗХ-нд оруулна гэж ярьсан. Харин үүнийг нь манай хэвлэлийнхэн шууд л АН Засгийн газраас гарах боллоо гээд зарлачихаар ард түмэн сандарч, цочирдолгүй яах вэ.
-АН бялуугаа хүртэж ханачихаад засгаас гарахаар шийдлээ гээд л гадуур яригдаад байна лээ. Нээрээ ч ханилж явсан нөхрөө замын голд хаях нь муухай гэж бодогдохгүй байна уу?
-Бялуугаа хуваалаа, идэж уулаа гэдэгтэй би үнэхээр санал нийлэхгүй. Юугаа яриад байна вэ. Би ойлгодог ч үгүй. Бид юуг хуваагаад авчихсан юм. Засгийн газрын нэг гишүүний хувьд, бүхэл бүтэн 35 мянган хүнтэй энэ том армийг толгойлж яваагийн тухайд идэж уугаад байгаа юм алга гэдгээ хэлье. Энэ Засгийн газраас лав надад чиний хувь май гээд өгчихсөн юм алга./инээв/
-Хүмүүсийн ярьж байгаагаар Таван толгой, Оюу толгойгоос авахуулаад хувааж идсэн зүйл танай Засгийн газарт байдаг юм биш үү?
-Төрсөн өдрийн бэлэг гэж жил бүр сувинер шиг жижигхэн зүйлийг Ерөнхий сайд С.Батболд баяр хүргэж өгдгөөс биш, таны Таван толгой, Оюу толгойн хувь гэж мөнгө төгрөг өгөөд бай-сан юм даан ч алгаа даа. Оюу толгой, Таван толгойгоос авахуулаад хөдөлгөсөн зүйл энэ Засгийн газарт их бий л дээ. Гэрээ хийчихээд тав, арван хувийг авдаг гэнэ лээ гээд хүмүүс дэвэргэж яриад байхаар нь хэн нь аваад байдаг юм бол доо гэж би гайхаж, хардаг л юм. Сайд, өндөр албан тушаал хашиж явсан хүний амнаас ч гэсэн ийм үг гарахаар өөрсдөө бас ингэж явсан юм байлгүй дээ гэж бодогддог. Миний хувьд Монгол төрд өнөөдрийг хүртэл ажиллахдаа авилга гэдэг зүйлийг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй. Өдий насны, над шиг хүнийг гэр бүл, үр хүүхэд, ах дүү маань аваад явахтайгаа байна.
-Тийм дээ. Ингэхэд та нэг зүйлийг анзаарсан уу. Таны хэлдгээр хамтарсан Засгийн газар байгуулсны маргаашаас л та бүхнийг чичлэх хүн олон байсан. Тэгтэл яг гарах дээрээ тултал гаргах хүсэлгүй хүн их болчихож?
-Бид ямар нийгэмд амьдарч байгаагаа сая л баталгаажууллаа. Төвөгтэй, хүнд нийгмийн харьцаанд амьдарч байгаагаа би ойлгодог. Гэхдээ хэзээ ч гуньж, гутарч яваагүй. Засгийн газар байгуулагдсаны маргаашаас л гар, яв, халуун хөнжилд орчихлоо, хэн нь жирэмсэн болсон бол гээд хардаад байсан хүмүүс чинь одоо болохоор яагаад гарах гээд байгаа юм, хонины сүүлэн дээр хутга, ханилж яваад нөхрөө гэх мэтээр жигтэйхэн хайртай болчихож. Яалаа гэж та нар гарч байгаа юм, одоо ажлаа дуусга, еэ еэ бөөвөө гээд л. Үүнээс үзвэл манай улстөрийн төлөвшил яагаа ч үгүй юм байна. Улстөрч нь ч, төрийн албан хаагч нь ч, ард түмэн нь ч бүгдээрээ холион бантан болсон нийгэмдээ хутгалдаад явж байдаг юм байна.
-Таныхаар яаж хүлээж авах ёстой байсан юм бэ?
-«Ээ гялаа, одоо л төр нь цэгцэрлээ» гэж зарлах юм байх гэж бодсон чинь еэ еэ бөөвөө, урвалаа, саллаа гээд шоолоод уналаа.
-Сал, хагац гэцгээж явсан хүмүүс худлаа шоудацгааж байж дээ?
-Тийм ээ. Хувь хүмүүсийн шоу байсан юм байна гэдгийг баттай ойлголоо. Манангийн Засгийн газар гэж гоочлоод байсан улс зүгээр л тухайн үедээ шоу үзүүлж байсан юм байна. Би хүн амьтны толгой угаадаг шоучин биш учраас энэ үйл явдлыг маш эмзэгээр хүлээж авсан.
-Чин үнэнээ хэлээч. Танд хамтарсан Засгаас гарах хүсэл байна уу. Хийсэн ажлынхаа эцсийн дүнг үзэж чадахгүй нь харамсалтай биш гэж үү?
-Магадгүй Засгийн газраас гэнэт гараад, хамтарч ажиллаж явсан хүмүүсээсээ салах гэж байгаа нь надад эмзэг тусч байна. Яагаад гэвэл Монголын ард түмний сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө энэ хоёр нам хамтарч ажиллана гэдэг ховор тохиолдол. Үүнийг шийдсэн, санаачилсан улсууд нь их чухал, энийг аваад гурван жил, таван сар явсан хүмүүс бас их том тэвчээр, ололт, амжилт үзүүлсэн гэж бодож байна. Өмнө нь ганцхан хүн засгаас гарахын төлөө засгийг бүрэн бүтнээр нь огцруулж л байлаа. Тэгтэл өнөөдөр АН засгаас гарлаа гэхэд МАН хүмүүсээ нөхөж томилоод ажиллах бололцоо байна. Энэ бүхэн цэвэр улстөрийн соёлтой холбоотой.
-Тэгэхдээ Ерөнхий сайдад их хүнд туссан байх, МАН шуурхай хуралдаанаа зарлаад л, бөөн юм болсон гэж дуулдсан?
-Ер нь бол ҮЗХ-ны хурал нь мэддэг гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэр утгаараа эцсийн шийдвэр гартал болоогүй байх гэсэн найдлага тавьсан байх. Гэхдээ л мэдээж намын дарга нь асуудлаа оруулах гэж байна гэдгийг сонсохын зэрэгцээ, биднийг гар ор гэж шоолж буй улс олон байгаа учраас асуудал эмзэг гэдгийг Ерөнхий сайд ойлгож л байгаа байх.
-Н.Алтанхуяг даргыг мэдэгдэл хийснээс хойш Засгийн газрын тэргүүнтэйгээ уулзсан уу?
-Тэр цаг мөчөөс хойш Ерөнхий сайдтай ерөөсөө харилцан ярилцаагүй. Ерөнхий сайд ч уулзая барья гэсэнгүй.
-Харин намынхаа сайд нартайгаа уулзсан биз дээ?
-Бид бол уулзаж ярилгүй яах вэ. Гэхдээ өчигдөр л бүлэг дээрээ уулзсан. Хугацааны хувьд ямар болсон юм, яагаад ийм зүйл болчихов гээд ярилцацгаасан. Тэгэхдээ бид хэн нэгнээ буруутгахыг урьтал болгоогүй.
-Нээрээ өнөөдрийн ҮЗХ-ноос ямар шийдвэр гарна гэж бодож байна?
-Хамтарсан Засгийн газраас гарах цаг болсон, алийн болгон муу сайнаараа хэлүүлж явах вэ, нам бол нам, улстөрийн сонгууль дөхчихсөн энэ үед ажлаа тайлагнаад замаа бодох ёстой гэсэн шийдвэр гарна гэж таамаглаж байна.
-Мэдээж МАНАН хэлбэрээр явсан бол нөгөө намуудад бөөн боломж гарах байлаа. Уг нь Монгол Улсын төлөө хийсэн нь чамгүй хэр-нээ МАНАН-д яагаад ч юм хүмүүс дургүй?
-«АН, МАН хамтарснаараа явсаар байгаад сонгуульд орчихвол бид МАНАН гэдгээр нь шантаажлаад бут авна» гэж нөгөө намууд бодож байсан нь илт. АН-ын алдар нэр угаасаа л сөрөг хүчин. Энэ агуа хувьсгалыг эхлүүлсэн , агуа нам хүрээд ирвэл бид, орон зайгүй болчихно гэсэн айдастай хүмүүсийн яриа их сонсогдоно лээ. Түүнээс бидний хамтран ажиллаж байгаа нь тэдний хувьд гоё зүйл биш.
-Тэгвэл сөрөг хүчин эргэн ирж, Их хурлын сонгуульдаа бэлтгэж эхэллээ гэж ойлгож болох уу?
-Шийдвэр гаргасан байгууллагынхаа , өмнө муу, сайнаараа дуудуулаад сонгуульд орж болохгүй. Бас энэ Засгийн газраас гарч байгааг улстөрийн сонгуультай холбож ойлгомооргүй байгаа юм.
-Яаж холбож ойлгохгүй байх билээ. Одооноос улстөрийн бойкот эхэлчихлээ шүү дээ?
-Сонгууль дөхөөд ирэхээр улстөрийн харилцаа маш хүнд байдал руу ордог. Байнгын хороо, УИХ нь гацаад эхэлчихлээ. Тэр байтугай Засгийн газар ч гацах болсон. Ойрын хоёр хоногт бензиний үнэ нэмэг-дээд, түүнээс болж хоёр нам хэрэлдээд байгаа нь улстөр эвгүй болж. буйн шинж- Ийм байдлаар явбал хэн хэндээ гай тарина. Бусад жижиг намууд ч гэсэн энэ хоёр намыг устгах ёстой ухааны юм ярих болсон. Шоронд орох ёстой нам ч гэх шиг. Уучлаарай, тийм юм байхгүй. Түүнийг шалгадаг тогтолцоо нь бий. Одоо байгаад буудах гээд байгаа юм уу, хаашаа юм. Ийм сонин, мэдрэмжгүй, улстөрийн соёлгүй зүйл ярьж болохгүй. Ямар ч байсан миний хувьд өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаад, дараагийн хүнд нь бахархалтайгаар хүлээлгэж өгөөд явна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт хийсэн ажил хангалттай. Хангалттай хэлэх үгтэй, хангалттай хэлэх тайлантай.
-Та бүр явна гээд сэтгэл шулууджээ?
-Шулуудсан гээд хамаг юм аа хураачихаад сууж байгаа юм надад алга. Өдөржин ажиллаж байна. Тэгэхдээ маргааш шийдвэр гараад нөгөөдөр явах байсан ч би ажлаа хийж байгаад л явна. Ажлаа ямар ч тохиолдолд цалгардуулахгүй.
-Ер нь хамтарсан засаг тарснаар хэн хохирч, хэн хожих бол оо?
-Улс оронд нэг их хохироод байх юм байхгүй. Яагаад гэвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дийлэнх хувь нь биелчихсэн. Эрүүл мэндийн салбарын хувьд 91,8 хувийн биелэлттэй байгаа.
Сурагчаар бол А дүн авчихсан юм байна?
-Одоо ер нь бэлэн болсон. Хийгээгүй ажил нэг ч байхгүй. Мэдээж хийж, хэрэгжүүлэх боломжгүй зүйл ч бий.
-Таны дараагийн сайд яригдаад эхэлчихэж. УИХ-ын гишүүн Д.Очирбат Эрүүл мэндийн сайд болно гээд яриад яваа юм уу даа?
-Миний инээд хүрээд л байгаа юм. Би хэзээ ч өөрийгөө сайд болно гэж хэлж үзээгүй учраас инээдэмтэй харагдсан. Байнгын хорооны дарга хүн би яг л сайдын хэмжээний ажил хийж байна гээд л ярьсан байна лээ. Яах нь вэ дээ гэж бодогдож байлаа. Нам нь сайдаар тавьбал тавина биз. Наана нь тэгж яриад дэмий шүү дээ. Улсууд дургүй л байна лээ, байнгын хорооны даргаа хийгээд л сууж байна биз гээд Сайд болохын төлөө энд тэнд ярилцлага өгч, гүйгээд байх нь онцгүй л дээ. Тухайлбал намайг нам дэвшүүлж, дэмжчихээд Ерөнхий сайд С.Баярт танилцуулахаас ганцхан цагийн өмнө би шийдлээ хэлсэн хүн. Түүнээс биш наана нь би сайд болно гэж дэгж, дэрвэж гүйж байсангүй.
С.Бэлэгмаа
Эх сурвалж
Өглөөний сонин
| С.Ламбаа:Хүүхдийн мөнгө яах аргагүй хэрэгтэй болж байна | С.Ламбаа:Хөдөө орон нутгийг машин техникээр бүрэн хангаад байна |
|---|


