-Бүрэн эрхийн хугацаандаа сайдын ажил хийгээд Их хурлын гишүүний үүргээ бага гүйцэтгэсэн байх. Одоо засгийн ажлаа егөөд гишүүний ажилдаа илүү анхаарч байна уу?
-УИХ-ын болоод Засгийн газрын гишүүн байна гэдэг мэдээж ачаалал өндөр л дөө. Гэхдээ нэг чиглэлийн ажил хийж байгаа учраас тийм хол хөндий ч биш юм. Яахав өмнө нь би чуулган дээр хамгийн олон удаа үг хэлдэг, хамгийн их ярьдаг, шүүмжилдэг байсан. Түүнтэй харьцуулахад 3,4 жилд Их хуралд дуу багатай л байлаа. Гэхдээ дуу багатай байсан гээд зүгээр суугаагүй.
-Их хурлын гишүүн давхар Засгийн газарт байхаар парламент гүйцэтгэх засаглалыг хянах боломжгүй болгодог гэсэн шүүмжлэл байдаг. Үнэхээр тийм байдаг юм уу?
-УИХ нь Засгийн газарт захирагдаад явж байгаа юм байхгүй.
-Тэгээд яагаад ийм яриа гарчихсан юм бол?
Ний нуугүй хэлэхэд зэрэгцэж сууж байгаа хоёр гишүүний нэг нь сайд байна гэдэг нөгөө гишүүнээсээ дэндүү давуу тал биз дээ. Тийм болохоор зарим гишүүний зүгээс ийм үг гардаг биз. Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байгаа нь хамгийн буруу гэдэг шүүмжлэлийг би хувьдаа туйлшрал гэж ойлгодог. Ард түмнээс сонгогдчихсон 76 дотроос хэн нь ч Засгийн газарт орж болно шүү дээ. Германы Бундестагийн гишүүд гэхэд яамны Төрийн нарийн бичгийн дарга юм уу, сайд хийж байна. Үндсэн чиглэлийн яамдын сайд нар болон Ерөнхий сайд нь Их хурлын гишүүд байж болно. Ер нь гишүүн байхаараа муу, гишүүн биш хүн байхаар сайн гэсэн үг биш.
-Та саяхан "УИХ-ын гишүүн биш сайд засгийн газарт ажиллахад хүндрэлтэй" гэж хэлсэн байсан. Түүнийгээ жаахан тодруулаач?
-Гишүүн биш сайд ажлаа батлуулж чаддаггүй гэсэн утгаар хэлээгүй. Би үүнийг өөрийнхөө байдлыг харж л хэлсэн юм. Жишээ нь, энэ яаманд ирэхээсээ өмнө би өмнө нь найман жил энэ чиглэлийн хуулиуд дээр ажиллаж байсан. Тэр утгаараа эрүүл мэндийн салбар надад шинэ салбар биш. Тэгээд ч Их хурлын гишүүн, сайд гэдэг утгаараа миний өргөн барьсан хууль орж ирэхэд манай нэг ангийнхан шал өөрөөр хүлээж авдаг. Бидэнтэй адил гишүүн хүн гэдэг утгаар нь хүндэтгэлтэй ханддаг. Т.Ганди сайд хүртэл хэлдэг юм. "Гишүүн байгаад сайд байх, гишүүн биш болчихоод сайд байх ялгаатай юм байна" гэдэг юм.
-Таныг эрүүл мэндийн салбарыг хариуцаж байхад гахайн ханиад, хүний томуугийн тархалтаас эхлээд амаржих газар, эмнэлгийн хүрэлцээ байхгүй гээд олон асуудал байсан. Сайн, муу олон ч үгээр хэлүүлсэн. Харин та өөрөө ажлаа хэрхэн дүгнэдэг вэ?
-Хариуцлагагүй ажилласан бол одоо эмзэглээд сууж байна байх. Харин би тайван байна. Ямар ч гэ-сэн миний араас ямар нэг сайн, муу яриа гарахгүй. Яагаад гэвэл би салбарын-хандаа үнэхээр итгэл үнэмшилтэй, цаг наргүй ажилласан. Би 60 мянган эх төрдөг үед сайд болсон. Одоо өнөөдөр 71 мянган эх төрж байна. 21 аймагт 1-2 удаа очсон. Монголын эрүүл мэндийн байгууллага зөвхөн Улаанбаатарт байгаа юм биш. Ямар ч юмны тулгуур суурийг зөв тавьж чадвал дээд зорилтууд хангагддаг. Тиймээс улсын эмнэлгүүдийн чанарыг сайжруулах гэдэг гол зүйлийг л би барьж авсан. Тэр чиглэлийн хуулиудаа ч шинэчилж сайжруулж чадсан учраас би өөртөө бардам байна. Эрх зүйн болоод бодлогын том шинэчлэл хийлээ. Арваад хууль өргөн барьсан.
-Танай намын нэгэн сайд "Надад МАН ажиллах боломж олгосонгүй. Олон хоосон хөтөлбөр баталснаас цаашгүй. Хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөөгүй" гэж байсан. Үнэхээр АН-ын сайд нарт бүгдэд нь ийм асуудал байсан юм уу?
-Энэ бол өөр асуудал л даа. Манай салбарт тавигдаж байгаа хөрөнгө оруулалт дэд бүтцийн салбарынхаас тэнгэр, газар шиг ялгаатай. Би бол 200-хан тэрбумын төсөвтэй. Гэтэл энэ мөнгө маань дэд бүтцийн салбарт бол хэдхэн км төмөр зам барих мөнгө шүү дээ. Тэгэхээр зэрэгцээд сууж байсан Засгийн газрын гишүүний хувьд хэлэхэд Х.Баттулга бухимдах нь аргагүй. Хөтөлбөрийг нь санхүүжүүлэх банк нь ч ажиллаагүй, хөрөнгө оруулалт нь ч орж ирээгүй. Үнэхээр л хөрөнгө оруулалт, зээлийн баталгааг нь гаргаж өгөөгүйгээс болж хэдэн компаниуд гаднаас зээл авч чадахгүй болж байгаа. Нөгөө талаас миний хариуцаж байсан салбар бол нийт хүн ам руу чиглэсэн бодлогын асуудал. Хүн бүхэнтэй холбоотой учраас ийшээ л хөрөнгө оруулахгүй гэж эсэргүүцэх хүн бараг байдаггүй.
-Шинэ сайдаа хэрхэн дүгнэж байна. Ажлаа өгөхдөө юу захисан бэ?
-Би өөрөө байгаагаас өөрцгүй ажиллана гэж харж байгаа. Яагаад гэвэл надтай З,4 жил хамт ажилласан хүн. Бүх ажилд хамт гарын үсэг зурж байсан учраас энэ бол бидний хамтын ажил. Одоо энэ эхлүүлсэн ажил, олон арван барилга, том бүтээн байгуулалтаа цаг хугацаанд нь дуусгаарай гэж хэлсэн. Энэ жил эмнэлгүүдийн үйлчилгээг шийдэх жил болгон зарласан. Эмнэлэг гэдэг айдас төрүүлсэн газар биш, дээд зэрэглэлийн зочид буудал шиг тав тухтай газар байх ёстой.
-Салбарын талаар нэлээд ярилаа. Намын талаар ярья. ҮЗХ-ны хурал болоод багагүй хугацаа өнгөрсөн ч гэсэн асуухгүй өнгөрч болохгүй. ҮЗХ ширүүн болно, намын даргаа солих тухай ярилцана гэж байсан ч тэгсэнгүй. Энэ талаар ҮЗХ-ны хурлаар яагаад ярьсангүй вэ. "Алтангадас" тийм хүчтэй юм уу, эсвэл өөр шалтгаан байв уу?
-Хэлэлцэх асуудалд ч багтаагүй шүү дээ. Янз янзын асуудал оруулах гэж гүйсэн хүмүүс бий. Сонгууль дөхөхөөр даргаа өөрчлөх гэдэг манай намд байдаг л зүйл. Мэдээж даргын асуудлыг ярьж болно. Ярихын тулд ҮЗХ наад зах нь гуравны .хоёрын саналаар их хурал зарлах ёстой. Тоо нь хүрэхгүй хэрэлдээд суух юм уу эсвэл зөвшилцөх юм уу. Гэхдээ сонгууль ойртсон энэ үед намын эв нэгдлийг эрхэмлэж ажиллах ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл сонгууль хаяанд ирчихсэн. Дотроо байлдаад эхэлбэл нэр нүүрээ барна. 2000 онд яаж нэр нүүрээ барлаа даа. Аль болохоор хэлсэн ярьсандаа байж, сөрөг хүчний ажлаа л сайн хийх хэрэгтэй шүү дээ.
-Та нарыг МАН-ын хөнжилд ороод албан тушаал авчихсан учраас таг дуугүй болчихлоо гэж намын гишүүд чинь шүүмжилсэн...?
-Хэн юу ярих нь бидний 1990 онд авчирсан эрх чөлөө. Гэхдээ бодит үнэн гэж бий. Бид тав гүйж очоод хөнжилд нь орчихоогүй шүү. ҮЗХ-ны хурлаар шийд гараад дараа нь намын удирдах дээд байгууллага таван хүнийг сонгоод Засгийн газарт оруулсан. Тэрнийх нь тоонд би багтсан. Тэрнээс надад нууцаар сайд болсон юм байхгүй. Биднийг ҮЗХ болоод манай нам хэзээ ч баалаагүй. Та нар сайн ажилласан л гэж эцсийн дүгнэлтээ хийсэн.
-Хамтраад төрийн ажил хийж байсан. Гэтэл одоо сөрөг хүчин боллоо гэж зарласан. Үнэхээр сөрөг хүчин болж чадах болов уу. Өөрсдийнхөө эхлүүлсэн ажлыг өөрсдөө шүүмжлэхээс халгаад сайн сөрөг хүчин байж чадахгүй юм биш үү?
-Үгүй. Сөрөг хүчин гэдэг шүүмжлэхийн тулд шүүмжилдэггүй. Ямар нэг зүйлийг буруу замаар явуулчих вий гэдэгт хяналт тавьж, үгээ хэлдгээс биш чөдөрлөж, хориг тавьдаггүй.
-Хамтраагүй, сөрөг хүчин байсан бол илүү ихийг хийх байсан гэж ярьдаг хүмүүст юу хэлэх вэ?
-Хэчнээн жил сөрөг хүчин хийх гэсэн юм бэ. Сөрөг хүчин байхдаа хийж болдог байсан юм бол Оюутолгой, Тавантолгойг найм, есөн жилд хийчихэж болох л байсан. Хамтарсан Засгийн газрын давуу талыг би илүү харж байгаа. Хамтарвал юм хийдэг юм байна. Намын үзэл бодол, хэрүүл уруулаас ард түмний эрх ашиг дээр гэдгийг харуулж чадсан.
-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр 82 хувьтай биелсэн гэдэг Ерөнхий сайдын үгтэй санал нийлэх үү?
-82 ч байна уу хэд байна тоо чухал биш. Гэхдээ 82-д нэлээд ойртох байх. Эрүүл мэндийн салбарт л гэхэд 91 хувийн биелэлт-тэй байгаа. Би биш, манай систем энэ тоог гаргасан.
-Хонгор суманд долоо хоногт 2-3 хүн хавдраар нас барж байна гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн. Салбар хариуцсан сайдын хувьд энэ тооны үнэн худлыг та хэлэх байх. Үнэхээр долоо хоногт 2-3 хүн нас барж байсан юм бол яагаад үүнийг олон нийтэд хэлээгүй юм бэ?
-Би энэ тухай байнгын хороон дээр хэлсэн. Миний хэлсэн тоо бол бодит статистик. 2007 онтой харьцуулахад 2011 онд хавдраар нас барсан хүний тоо долоо дахин өссөн. 2007 онд хоёр байсан 2011 онд 14 болсон. Хонгорынхныг байнгын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруул, шаардлагатай бүх хүнийг Дархан, Улаанбаатарын том эмнэлгүүдэд эмчил гэсэн.
Надаас "Хонгорынхон хэр зэрэг хордсон байна, хэдэн сарын дараа хавдар болох нь гэдгийг тодорхой гаргаж ир" гэж шаарддаг.
Монголд ийм практик хаа ч байхгүй. Хордсон үгүйг нь л тодруулна. Гэхдээ одоо бол хөрснөөс шинжилгээ аваад юу ч илрэхгүй. Ерөнхийлөгч бол 2011 оны арван хоёрдугаар сарын хамгийн сүүлийн тоог л хэлсэн юм билээ. 2011 оны арван хоёрдугаар сарын 6, 7-нд хоёр хүн хавдраар нас барсан нь үнэн. Өмнө нь 4-нд нэг хүн нас барсан. Гэхдээ хавдраар биш. Тэгэхээр долоо хоногт гурван хүн нас барсан. Ерөнхийлөгч долоо хоног бүр гэж хэлээгүй. Нэг долоо хоногт гурван хүн нас барсныг л хэлсэн гэж ойлгож байгаа. Ганц Хонгор биш, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтайд ч асар хүнд байгаа. Тэр бүх хүн урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах ёстой.
-Сонгуулийн хуулийг эрх баригч хоёр нам өөрсдөдөө ашигтай байдлаар баталсан гэж парламентын гадна байгаа намууд болон зарим судлаач дүгнэж, шаардлага хүргүүлсэн. Харин та энэ хуулийг хэр болсон гэж бодож байна?
-Би бол цэвэр пропорциональ тогтолцоотой хуулийг санаачлагч. Гэхдээ явж явж шал өөр болж хувирсан. Яахав ядаж 28 гэдэг хувь орж ирж байгаа нь сайн. Ингэж холимог болсноор ядаж л гадаадад байгаа монголчууд санал өгөх эрхтэй болж байгаа юм. Шаардлага тавьсан, хариуцлагыг өндөржүүлсэн талаасаа сайн хууль болсон.
-Ойлгомжгүй зүйл олон юм биш үү. А, Б,В,Г жагсаалтыг яаж гаргахаас эхлээд "гулсч", шилжих гээд одоо болтол гишүүд өөрсдөө янз янзаар тайлбарлаад байх юм?
-Би ямар ч гэсэн энэ хуулийг ойлгож байгаа. " Гулсах", шилжихийн тухайд 28 хувиас доошгүй санал авсан байх гэж байгаа нь босгыг өндөрсгөж байгаа хэрэг. Эхэлж хийж байгаа юм бүхэн өөр байдаг. Энэ бол цоо шинэ хувилбарын сонгууль. Нэгэнт гарсан хуулийг тийм, ийм гээд яахав.
Б.Нямсүрэн
Эх сурвалж
Зууны мэдээ
| С.Ламбаа: Хонгорын иргэд тэр хордлогоос болж өвчилсөн байхыг үгүйсгэхгүй | С.Ламбаа: УИХ-ын гишүүн бус сайд асуудал шийдүүлэхэд хэцүү байдаг |
|---|


