Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн (НҮБХХ) Суурин төлөөлөгч Хатагтай Сезин Синаноглуг 2010 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд С.Батболд хатагтай С.Синаноглуд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчөөр томилогдсонд нь баяр хүргээд, хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хөгжсөөр ирснийг уулзалтын эхэнд тэмдэглээд, НҮБ-ын тусламж, дэмжлэг, хамтын ажиллагаа нь манай орны хөгжлийн зорилтуудад ихээхэн хувь нэмэр оруулдаг бөгөөд үүнд Суурин төлөөлөгчийн газар гол үүрэг гүйцэтгэж байгааг хэллээ.
НҮБ-ын Хөгжлийн Тусламжийн Хөтөлбөр нь (UNDAF) Монгол Улсын эн тэргүүний зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх НҮБ-ын системийн стратегийн үйл ажиллагааны хүрээг тодорхойлдог бөгөөд Монгол Улс UNDAF 2012-2016-г бэлэн болгоход бүрэн дэмжиж, хамтран ажиллаж байгаа гэдгийг тэрээр онцолсон юм.
НҮБ-ын Мянганы Хөгжлийн Зорилтуудад заасан үзүүлэлтүүдийн биелэлтийг Монгол Улс 2015 он гэхэд хангахын тулд чармайн ажиллаж багагүй амжилтад хүрсэн. Харин ядуурал, жендерийн эрх тэгш байдал, байгаль орчин зэрэг зарим зорилтын хүрээнд үзүүлэлтүүд нь удаашралтай байгаа бөгөөд үүн дээр Засгийн газар төвлөрөн ажиллаж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны хүрээ, хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлох, ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаагаа нэгтгэх зорилгоор Засгийн газар, НҮБ, ТББ, олон нийтийн төлөөлөл оролцуулсан семинар ойрын үед зохион байгуулах санаачилгыг Ерөнхий сайд гаргалаа.
Хатагтай С.Синаноглу халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг улам дэлгэрүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гээд, Монгол Улсын МХЗ-ын үзүүлэлтийг хангахын төлөө идэвхтэй ажиллаж байгааг өндрөөр үнэлж байгаагаа хэллээ.
| Дэлхийн аварга С.Батцэцэгт чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ | Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулза |
|---|




































