5 сарын 24
МЭДЭЭ
хамгийн дэлгэрэнгүй материалууд


Х.Баделхан: Баян-Өлгий аймгийн онцлогийг ашиглаад Хятад, ОХУ-ын хилийн боомтуудыг 230 км-ээр холбох боломжтой

Уншсан: 4065 И-мэйл Хэвлэх PDF
VIP76-ын  “ЗАВГҮЙ 180 ӨДӨР” булангийн зочноор Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон Х.Баделхан гишүүнтэй өнгөрсөн зургаан сарын хугацаанд сонгогдсон тойргийнхоо хүрээнд болон улс орны хэмжээнд хийж, санаачилсан ажлын талаар ярилцлаа.
badelhan_180-Та өнгөрсөн хугацаанд сонгогдсон тойргийнхоо иргэдтэй хэдэн удаа уулзалт хийв?
-УИХ-д  сонгогдсоноосоо хойш нутагтаа хоёр ч удаа очлоо. Би өөрөө дангаараа нэг очлоо. Хамгийн сүүлд сая он гарсны дараа Баян-Өлгий аймгаас хамт сонгогдсон гишүүдтэйгээ гурвуулаа тойргоороо очлоо. Бид энэ үеэрээ нийт сумдаар болон аймгийн төвийн бүх багуудаар явж, иргэдтэй уулзалт хийсэн.  Нийтдээ ойролцоогоор 10 гаруй мянган хүнтэй уулзаж, 500 орчим хүний санал сонссон.
- Баян-Өлгий аймгийн иргэдийн хувьд  яг өнөөдөр ямар асуудлууд хамгийн их хүндрэлтэй байна вэ?
-Манай аймгийн хувьд бол хамгийн хүндрэлтэй асуудал бол энэ жил өвөлжилтийн байдал маш хүнд байгаа. Ер нь сүүлийн 3 жил дараалан гантай байсан. Тэгээд зун нь ногоо гараагүй.  Энэ жил хэдийгээр цас багатай ч гэсэн бараг малд идэх юмгүй, мал их хэмжээгээр хоргодож байна. Өнөөдрийн байдлаар 20 орчим мянган мал хорогдсон гэсэн мэдээ байна.
Хоёрдугаарт гэвэл малчдын орлого маш их буурсан байна. Малын үнэ буурсан.  Одоо хонь гэхэд л 10 мянган төгрөг болсон байгаа. Мөн түүхий эдийн үнэ буурсан үүнээс болоод малчдын орлого байхгүй болсон. Тэгээд малчид бол өр зээлд бас маш их дарагдсан байна. Сонгуульд оролцсон аль аль нам мөрийн хөтөлбөртөө нэг сая, нэг сая 500 мянган төрөг өгнө гэсэн . Үүнд ард түмэн итгээд банкнаас оюутан хүүхдээ сургах сургалтын төлбөр,  мөн өдөр тутмын хэрэгцээндээ зориулаад баахан зээл авсан байна.  Иргэд зээлд дарагдсан нилээд хүнд байдалтай байна.

Гуравт, хөдөөд бензин шатахууны үнэ их өндөр байна. Тэр дундаа манай Баян-Өлгий аймагт хамгийн өнөөдөр байна. Тухайлбал Улаанбаатар хотод А80 бензин 900 төгрөг, Ховдод 1230, Увсад 1150 төгрөг байхад манай аймагт 1250 төгрөг байна. Хамгийн өндөр гэсэн үг л дээ. Тэгээд бензиний үнэ өндөр байгаа учраас бүх юмны үнэ өндөр болж байна л даа. Бид энэ талаар холбогдох газарт  асуудал тавьсан.

Дараагийн нэг асуудал бол эмнэлгийн салбарын үйлчилгээ  туйлын хангалтгүй байна гэж маш их санал хүсэлт гарсан. Бид ирээд үүний дагуу эрүүл мэндийн яамтай яриад бас групп шалгалт очих, тэнд үнэлэлт дүгнэлтүүд тогтоох талаар ажиллаж байгаа.

Бас нэг том анхаарал татаж байгаа асуудал бол манай аймгийн боловсролын салбарын түвшин бол их доогуур байна. Ер нь сүүлийн гурван жил дараалан ЕБС-ын дунд сургууль төгссөний дараагаар авдаг түвшин тогтоох шалгалтаар нийт аймгуудын дундаас 21-т орж байна.  Үүнд бид бас БСШУЯ-д асуудал тавьсан. Үүний шалтгаан нь юу байна тодруулаач ээ гэж..?. Энд бас манай үндэсний онцлогтой гэж байгаа юм. Казак хүүхэд гэдэг чинь 10-р ангиа төгсөөд, казак дунд сургууль төгсөөд шууд монгол хэлээр шалгалт өгдөг. Энэ их хүндрэлтэй талтай. Дээр үед бол манай аймагт Сурганы Сектор гэж боловсролын салбарын хөтөлбөрийг боловсруулдаг, сурах бичгийг боловсруулдаг тусгай газар байсан. Тэр байгууллагыг татан буулгасан. Тиймээс энэ асуудал дээр БСШУЯ-д асуулт тавиад очоод учир шалтгааныг нь тогтоогоод, арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Тойргийн иргэд тань хүн болгонд олгох 1 сая 500 мянган төгрөгийн талаар санал хүсэлт тавьж байна уу?
-За тэгээд очсон газар болгон 1 сая 500 мянган төгрөгийг өгөөчээ гэсэн асуудлыг ер нь хүн болгон ярьж байгаа. Бид гуйгаагүй, нэхээгүй та нар өөрсдөө амласан юм чинь та нар тэр амласан амлалтаа биелүүлээч ээ гэж байна. Ялангуяа ийм хүн хэцүү үед  туслаач ээ, бүүр 1 сая 500 мянга биш ч гэсэн тодорхой хэмжээгээр урьдчилсан олгох асуудал байна уу? гэсэн асуудал ярьж байна. Бид бас засаг төрийн холбогдох хүмүүст танилцуулсан, арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа.
-Танай тойргийн хөгжилд нөлөөлж байгаа гол хүчин зүйлийг та юу гэж үзэж байна вэ?
-Манай аймаг Асгатын мөнгөний орд гэж том ордтой ш дээ. Энэ бол асар том мөнгөний орд. Энэ орд бол ОХУ-ын хилээс 5 км зайтай оршдог. Урьд нь бол ОХУ-тай хамтраад нөөцийг нь тогтоочихсон. ОХУ-тай хамтраад ашиглах боломжтой байгаа.
-Асгатын мөнгөний ордыг ашиглах талаар юу хийж байна вэ?
-Ер нь аймгийн тэргүүн зорилт, орон нутгаас сонгогдсон УИХ-ын бид гурван гишүүний гол зорилго бол олон жил яригдсан энэ уурхайг ашиглалтад оруулах юм л даа.
Сая Тавантолгой, Оюутолгойн асуудлаа  ажлын хэсэг гарч ажилласан ш дээ. Ер нь үүний дараагаар гуравдугаар ээлжид энэ Асгатын мөнгөний уурхайг ашиглах талаар ярина гэж төлөвлөж байгаа. Энэ ордын сонирхож байгаа улс их олон байгаа л даа. Тухайлбал ОХУ, АНУ байна. Энэ орд газрыг ашиглалтад оруулбал их олон хүн ажлын байртай болох юм.
-Өөр танай аймгийн давуу тал?
-Манай аймаг хойд хэсгээрээ ОХУ, урд хэсгээрээ Хятадтай хиллэдэг онцлогтой. Мөн хоёр талдаа хилийн боомттой. Аймгийн төвөөс 100 км яваад Оростой хил залгадаг.  Манай аймгийн энэ онцлогийг ашиглаад Хятад, ОХУ-ын хоёрын хилийн боомтуудыг хооронд нь шууд холбох боломжтой байгаа юм. Ингэснээр дээрх хоёр улсын боомтууд хоорондоо  230 км яваад л нэг боомтдоо ордог болно. Энийг Хятад, ОХУ хоёулаа их сонирхож байгаа.
ОХУ-ын манайтай хиллэдэг муж бол Новосибирскь гэж ОХУ-ын нилээд өндөр хөгжилтэй муж ш дээ, мөн БНХАУ-ын Шинжан-Уйгурын өөртөө засах улс ч гэсэн Хятадыг нефтээр хангаж байгаа муж юм байгаа юм. Энэ хоёр мужийг хамгийн дөт замаар холбосноор манай аймаг төдийгүй улсын хөгжилд ихээхэн ач холбогдолтой юм. Энэ дээр Засгийн газар ажлын хэсэг гаргасан байгаа.

Манай Оросын хил рүү 30 км зам тавьсан, одоо энэ оны төлөвлөгөөнд 40 км зам зам тавихаар төлөвлөж байгаа. Ингэснээр 2012  он гэхэд ОХУ-руу шууд хар замаар холбогдох боломжтой байгаа.
Мөн манай аймаг бол гадаад руу онгоцоор нисдэг ганц аймаг л даа. Казакстан руу 7 хоногтоо 2 удаа онгоц аймгийн төвөөс нисдэг. Онгоцны шинэ буудал барьсан, одоо онгоцны хатуу хучилттай зурвас барьж байгаа. Ингэж хатуу хучилттай зурвас ашиглалтад орох юм бол баруун талдаа Орос, Хятад, Казакстан, Монголыг холбосон шууд нислэг хийх боломжтой болох юм.
- Баян-Өлгий аймгийн хөгжилд  харин сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйл юу байна? Түүнийг багасгах арга замын талаар санал бодлоо хуваалцахгүй юу?
-Манай аймаг бол төвөөс хамгийн их алслагдсан аймаг. Бараа таваар их үнэтэй очдог. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон алслагдсан аймгуудад төсвийн нэмэгдэл олгоноо гэж. Ингэж төсвийн нэмэгдэл олговол хүмүүсийн амьжиргаанд нөлөөлөх юм.
-Өнгөрсөн энэ хугацаанд тойргийн хүрээнд иргэдийн санал хүсэлтээс бусад ямар ажлыг хийж амжуулав?
- Ноолуурын талаар бид нилээд анхаарч ажилласан. Сонгууль болохоос өмнө засгийн газраас ноолуурын үнийг 30000-32000 мянган төгрөгөөс буулгахгүй гэсэн тогтоол гарсан байсан.  Сонгуулийн үед бид тэрийг хэлсэн. Дараа сонгогдсоны дараа ард түмэн түүнийг нэхсэн. Тэр үед ноолуурын үнэ бүүр доошоо 10000-15000 төгрөг хүртэл буурсан байсан. Тэгснээр малчид ямар ч орлогын эх үүсвэргүй болсон  учраас хөдөөнөөс сонгогдсон гишүүд энэ асуудлыг их идэвхтэй хөөцөлдсөн ямаанд 5000 төгрөгийг олгуулсан л даа
-Ямааны гэх энэ мөнгө малчдын амьдралд ашиг тусаа өгч чадаж уу? сая тойрогтоо ажиллаж байхад өөрчлөлт орсон зүйл ажиглагдав уу?
-Энэ мөнгө малчдад нилээд сайн тус дэм болсон нь сая тойрогтоо ажиллаж байхад харагдсан. Тэр мөнгөөр чинь малчид өвс, тэжээл, идэж уух юмаа аваад энэ өвлийг бараг өнгөрөөж байна ш дээ.
-Танай тойргийн ямар асуудал таныг хамгийн их зовоож байна?
- Манай аймгийн хамгийн том анхаарал татсан асуудал бол ядуурал, ажилгүйдэл ихтэй. Ер нь улсын хэмжээнд хамгийн их ядуурал, ажилгүйдэлтэй аймаг бол манай аймаг байгаа юм. Үүнийг шийдэх хамгийн гол асуудал бол Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах. Мөн аймагтаа малын түүхий эдийг боловсруул гаргадаг жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.
Аймаг болгонд 1 тэрбум төгрөг хуваарилсан байгаа шүү дээ. Үүнийг ноолуур боловсруулах, сүүний мөн газар Тариалангийн чиглэлийн жижиг дунд үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа..
-Та өнгөрсөн хугацаанд хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан вэ? Хойшид ямар хууль дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна?
-Яахав. Гарч байгаа бүх л хуульд бол бид нар өөрсдийн санал бодлоо хэлж байгаа. Цаашдаа төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэхэд нилээд оролцох бодолтой байна.  яагаад гэвэл  би өмнө нь аймгийн засаг даргаар ажиллаж байсан. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч байсан. Тэгээд аймагтаа бол ямар ч эрх мэдэл байхгүй. Орон нутагтаа өөрөө орлого олоод жишээлбэл ажил явуулах бололцоог энэ төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулиар хязгаарласан байдаг. Бүгдийг нь төвөөс өгдөг, бүгдийг нь төвөөс удирддаг орон нутаг бол ямар ч эрх мэдэлгүй байгаа юм. тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулаад зарим эрх мэдлийг орон нутагт шилжүүлж. Орон нутгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр ажиллаж бодолтой байгаа.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа
-Баярлалаа
Сайт болон мэдээ таалагдсан бол Like хийгээрэй. Баярлалаа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах
 
УИХ-ын ги...
Томоор үзэх..
-76/26 па...
Томоор үзэх..
-Парламен...
Томоор үзэх..

ТОВЧХОН 2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая ..»
ТОВЧХОН Өмнө нь Германы Канцлер Ангела Меркель Украинд очихгүй гэдгээ мэдэгдсэн ..»
ТОВЧХОН Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан ..»
Бусад мэдээ
ТОВЧХОН 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай ..»
Налайх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангид цэргийн хээрийн эмнэлэг үүдээ ..»
ТОВЧХОН Малчдаа дэмжих, хоршооллыг хөгжүүлэх, түүхий эдийн бирж байгуулах гээд хийх ажил их ..»
Бусад мэдээ
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
prev
next
БҮРТГҮҮЛЭХ