Michael Goldfarb
Америк бол гүнзгий төлөвшиж тогтоогүй орон. Америкт эргэн тойронд нүүгээд явж болох том орон зай бий. Америкийн нийгэм ч мөн нэг янзаараа удаан байгаад байдаггүй.
Өөрчлөлт нь -хүссэн ч, хүсээгүй ч- хаа сайгүй л бий болж байдаг ба хувь хүмүүс байнга л тэдний амьдрал тэдгээрийг хянан захирч буй хүчинд автаж байгааг мэдэрч байдаг.
Америкт та ямар нэг тухгүй өөрчлөлт тохиолдоход “Энэ чинь шударга биш байна!” хэмээн уйлж суулаа гээд ямар ч сайн үр дүнд хүрэхгүй. Таныг жаахан өрөвдөөд л өнгөрөх байх.
“Амьдрал шударга биш байна гэж үү? Үүнд чи зүгээр л дасан зохицох хэрэгтэй!“ гэдэг бол цэвэр америк хэллэг юм.
Харин Англи улс бол илүү тогтож суурьшсан. Тэд арай жижиг газарзүйн орчинд тухлан суудаг.
Эдийн засгийн эсвэл нийгмийн саад тотгор үүслээ гэхэд хүмүүст нь ирж, очоод тэнээд явах газар гэж үгүй. Тиймээс маш урт хугацааны туршид -хэдэн зуунуудад- “шударга байх” гэдгийг нийгмийн наалт, цавуу мэтээр ойлгодог. Шударга нийгэм гэдэг бол Английн нийгмийн гэрээнд тогтсон хэлбэр бүхий бичигдээгүй хууль юм...
“Шударга” хэмээх үг саяхнаас миний чихэнд чангаар хангинах болсон билээ.
Манай гэрт л гэхэд таван нас хүрч буй охин маань хүртэл энэ үгийг хэрэглэхийн утга учрыг ухаарчихсан байгаа юм.
“Би зайрмаг идмээр байна.?”
“Үгүй.!”
“Наадах чинь шударга биш байна!!!”
Эсвэл:
“Би телевиз үзмээр байна.?”
“Гэхдээ яг одоо биш.!”
“Яагаад?”
“Би тэгж хэлсэн учраас.!”
“Наадах чинь шударга биш байна!!!”
Тэр надад анх удаа ийнхүү “Наадах чинь шударга биш байна!!!” гэж гомдоллоход нь би огт бодох шаардлагагүйгээр л шууд “Амьдрал шударга биш гэж үү? Чи үүнд зүгээр л дасан зохицох хэрэгтэй, хонгор минь!“ гэсэн хариулт өгсөн.
Гэхдээ энэ хариулт миний уруулыг давах тэр агшинд бага зэрэг гайхшруулсан. Би бараг 15 жил Англид амьдарчихсан тул соёлын саармаг болж байсан хэдий ч уг америк хэллэг миний дотор буй гүний ухамсраас гарч ирж байлаа.
“Шударга” хэмээх ойлголт нь Атлантын далайн хоёр талд орших энэ хоёр оронд хоёр өөр утгыг илэрхийлдэг юм.
Жишээ нь Америкт аливаа нэг таагүй үйл явдал бий болсон нөхцөлд та өөрийн эд хогшлоо баглаж аваад өөр нэг шинэ газар руу шилжин нүүж, тэндээ дахин бүхнийг шинээр эхлэх хандлагатай байдаг. Хүйтэн, ширүүн, хатуу сонсогдохгүй байна гэж үү? Гэхдээ л “Амьдрал бол шударга биш!” шүү дээ.
Үүнээс гадна олон соёлын асар том ялгаанууд миний саармаг сэтгэхүйд холилдсон тул одоо би яагад гэдгийн учрыг мэдэх болсон гэж бодож байна.
Шударга байх гэдгийн утга нь энэ хоёр оронд бараг л ижил цаг хугацаанд гарч ирсэн. Гэхдээ тус ойлголт 10 настай хөвгүүдийн спортын тоглолтын дүрэм зохиох байдалд илэрдэг.
Тоглоомын хил хязгаар ямар байх талаар ерөнхий мэдлэг гэж бий. Эмх цэгц, ёс журмыг гажуулахгүйн төлөө тэдгээр нь үйлдэгддэг.
Гэвч энд ч гэсэн хоорондын ялгаа гэж бий.
Америкийн сургуулийн хөвгүүд хожих нь хамгийн чухал ганц зүйл бөгөөд шударга байх гэдгийг зохистойгоор, зөв хэрэглэдэг. Хожигчид л талбай дээр тунаж үлдэх учиртай. Хожигдогчид гарна. Шударга байх гэж тэдний хувьд үүнийг л хэлнэ.
Англид бол хэдэн зууны туршид шударга байхын тодорхойлолтыг Этон, Вэстминстер зэрэг газрын нийтийн сургуулийн хөвгүүд зохиосон.
Ихэнх тохиолдолд онцгой эрх, байр суурийг залгамжилж эсвэл өвлөж авсан хүмүүсийн хувьд тэмцээний үр дүн чухал биш байсан. Хожих гэж хэтэрхий их хичээхгүй байх, нөгөө багтаа боломж олгож, хамгийн гол нь сайн тоглох зэргийг онцолдог.
Шударга тоглох тал дээр Английн нийгмийн баримталдаг үзэл санааны хэмжээ нь гүн гүнзгий суусан ба ба улс төрчид аз туршсан хахир байдалд “зүтгэдэг”.
Ерөнхий сайд агсан Маргарет Тэчер шударга байх талаар Америкийн тодорхойлолттой ойролцоо хэлбэрээр өөрчлөлт хийх гэж оролдож байсан ч амжилт олоогүй билээ.
Гэхдээ сургуулийн хөвгүүд маань дахин нэг удаа тус үгний утгыг шинэчлэх гэж оролдож байна. Ерөнхий сайд Дэвид Камеронтой хамтарсан анхны хэвлэлийн бага хурал дээр Шадар сайд бөгөөд Чөлөөт Ардчилсан Намын дарга Ник Клег эрх чөлөөт байдлын талаар өөрийн тодорхойлолтыг хэлэхийг хичээсэн.
Тэрбээр үүнийг /эрх чөлөөт байдал/ “Хүн бүр хэн байх, ямар гаралтайгаасаа үл хамааран өөрийн хүсч буй тэр хүн байх, өөрийн хүсч буй тэр амьдралаар амьдрах эрхээ эдлэх, үүнийг нь баталгаажуулах юм.” гэжээ.
“Та үүнийг шударга байдал гэж хэлж болно. Хариуцлага гэж хэлж болно. Эрх чөлөөт байдал гэж нэрлэж болно. Ямар ч үг хэрэглэсэн таны амьдралд авчрах өөрчлөлт нь ижил байх болно.”
Шударга байдал = Хариуцлага = Эрх чөлөөт байдал. Энэ нь Англид ямар нэг зүйл “болхи” маягаар үндэс сууриа тавьж эхэлж байна гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа юм.
Орчуулсан Ч. Сувд
| Хорыг хороор "ялдаггүй" гэж... | Билл Гэйтсийн санаачлага "баяжсаар"... |
|---|


