Damian Grammaticas
Хятадын засгийн газар бидний Түвдэд хийсэн аялалын туршид захирч, зааж байсан нь ховорхон тохиолдол байлаа.
Уулзсан хүн бүр л бараг Түвдийн тухай Хятадын үзэл бодлыг бидэнд ухуулахаар нарийн төлөвлөгдөж, сонгогдсон байв.
Хятад улс Түвдэд хөгжлийг дэлгэрүүлж, түүнийг өөрчилж, орчин үеийн болгох гэж хичээж байгаа гэдэг боловч Түвдийн ард түмний цөөнгүй нь тэдний уламжлал, өвөрмөц шинж устаж байна хэмээн санаа зовниж байгаа.
Хятадын засгийн газар үзэхдээ тэдний бодлогууд Түвдийг дорой байдлаасаа салахад нь тусалж байна гэдэгт итгэлтэй байдаг. Гэвч зарим хүмүүс ашиг тус хүртэж байгаа нь үнэн боловч олон нь үүнд огт үнэмшдэггүй байна.
Мэдээж Хятадын хөгжлийн зорилт Түвдийг шинэчлэн өөрчилж, орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг ч сайжруулж байгаа.
Гэхдээ энэ бүхнийг тэд үргэлж таатай хүлээн авдаггүй нь мэдрэгдэж байв.
Тэд эдийн засгийн ололт бүхэн хятад цагаачид руу л "урсан" явдаг гэж итгэдэг. Тэгэхээр тэдний хэлснээр бол Түвдийн амьдралын хэв маяг болон соёл заншлын онцлогууд нь аюултай хүнд байдалд ороод байгаа аж.
Түвд рүү шилжин нүүж буй Хятадуудын тоо ноцтой сэдэв
Таван өдрийн аялалынхаа хүрээнд бид түвд хүмүүсийн ярианаас Түвд рүү хан Хятадууд олноороо хөвөрч байгаа асуудал нь тэдний эсэргүүцэл, дургүйцлийн учир шалтгаан гэдгийг анзаарч амжсан.
Өөр нэг эрсдэлдэлтэй сэдэв бол Түвд хэл аврагдаж үлдэх эсэхтэй холбоотой
Түвд хүүхдүүд Хятадын сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг.
Шанхайн засгийн газрын санхүүгээр байгуулагдсан Шанхайн Судалгаа Шинжилгээний Сургууль л гэхэд улаан, цагаан өнгийн дүрэмт хувцастай түвд хүүхдүүдээр дүүрэн. Тэд бүгдээрээ хятад хэл дээр хичээллэдэг.
Бидний олж мэдсэнээр тэдний найман зуу орчим нь тариаланч, малчдын хүүхдүүд байдаг байна. Олонх нь төв засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр энэхүү боловсролыг эзэмшдэг.
Тус сургууль түвд хэлийг заах нь эн тэргүүний зүйл гэж хэлж байгаа ч үнэндээ бодит орчинд тэгж санагдахгүй байгаа юм. Багш нарын тал хувь нь хятад, тэгээд зөвхөн түвд хэлийг л түвд хэл дээр заадаг. Өөр ямар ч хичээлийг түвд хэлээр заахгүй. Түвд хэлнийхээс бусад бүх шалгалтууд ч хятад хэл дээр бичигдэх ёстой.
Сургуулийн ойр орчмын үзүүлэн самбар, хаягууд хүртэл бүгд хятад хэл дээр байдаг.
Тэгээд хичээлийн хөтөлбөр нь ч Хятадынх тул хүүхдүүдэд Далай Лам бол Хятадад аюул занал юм хэмээн заадаг гэж бид сонссон.
Гэхдээ энэ бол Хятадын үзүүлэх хэлбэрийн “төслүүд”-ийн нэг.
Жуулчин, цагаач хан Хятадууд Түвдийг “тордож” байгаа
Лхаст өөрчлөлт тархаж буйн илрэл энд тэндгүй харагддаг.
Хотын өндөрлөгт Потала Ордон байрладаг нь нэгэн цагт дүрвэн зугатсан Далай Ламын амьдарч байсан өргөө аж. Энэ бол хэдэн зууны турш Түвд гадны нөлөөг эсэргүүцэж байсны бэлэг тэмдэг юм.
Гэвч одоо уг ордны эдлэн газрын орчимд хятад зочид, аялагчид дүүрсэн байдаг. Тэд Түвдийн үхэрчин хүний малгайтай зогсож зургаа татуулна.
Аялал жуулчлал нь Хятадын хөгжлийн төлөвлөгөөний нэгэн талбар.
Потала Ордоны захирлын ярьснаар дөрвөн жилийн өмнө тус ордонд жилд 370,000 жуулчныг зочлуулахыг зөвшөөрдөг байсан ч одоо тэр тоо 600,000 болоод байгаа гэнэ. Тэгэхээр энэ бол Хятадын эдийн засаг хөгжиж, мөн үүгээр дамжин Түвдүүд ч баяжиж буйн илрэл хэмээн тэрбээр тайлбарласан.
Хятадын бас нэг бодлого нь түвд малчин, тариаланч бүрийг шинэ байранд нүүлгэн оруулна
Бид Лхасын ойролцоо иймэрхүү бичиг төсөл явагдаж байхтай таарсан. Тэгшхэн өрсөн саарал чулуун байшингууд эгнэн байрлаж байв. Хятадын мэдээлснээр өнгөрсөн дөрвөн жилд 1.3 сая түвд хүнд зориулж 230,000 байшинг барьж өгчээ.
Үүний төлбөрийг төлөхөд нь зориулж хөнгөлөлт олгодог. Гэвч Түвдүүд өөрсдийн санхүүгийн хадгаламжаасаа ч гаргах ёстой болдог нь тэднийг эцэстээ өрөнд унахад хүргэдэг байна. Мөн бидний сонссоноор энэхүү тосгонд амьдардаг Түвдүүдийн нэлээд нь мөнгөө өсгөхийн тулд хятад цагаачдад эдлэн газраа түрээслүүлдэг гэнэ.
Лхаст ирээд бид шинэ төмөр замын буудалд зочиллоо
Аварга том, хоосон, цуурайтсан, орчин үеийн барилга. Үүний загвар Потала Ордоныг санагдуулна.
Энэ төмөр зам нь Бээжингээс Түвдэд хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт ба хэдэн тэрбум долларын өртгөөр, тус бүс нутгийг Хятадын бусад хэсгүүдтэй холбох зорилго бүхий загвараар бүтээсэн байна.
Түвдэд өөрчлөлт хийгдэж байгаагийн дараагийн жишээ бол цэвэр ус савлах үйлдвэрүүд
5,100 орчим үйлдвэр Лхасаас гадагш машинаар дөрвөн цагийн дотор хүрэх зайнд байрладаг.
Ус Хятадын алс хотуудад түгээгдэн зарагддаг. Үйлдвэр ажлын байр, санхүүгээр тус ядуу бүс нутгийг тэтгэдэг.
Ойролцоогоор 150 түвд хүн энд ажилладаг байна. Тэдний нэг болох ажилчин Пубугийн хэлснээр түүний ажил нь хүнд биш бөгөөд сард 735 ам. долларын цалин авдаг нь Түвдэд маш боломжийнд тооцогддог гэнэ.
Гэвч юм бүхэн энд тийм амар биш ээ.
Үйлдвэрийг Гонконг-д бүртгэлтэй компани эзэмшдэг тул хөрөнгө болон ус үнэндээ Түвдээс гадагшаа “урсдаг” байна.
70 гарсан настай өвгөн До Бү Жиегийн шинэхэн барьсан байшинд бид зочиллоо...
Эндхийн байшин болгонд бидний харсны адил түүний ханан дээр ч бас Хятадын коммунист удирдагчид буюу Мао Зэдунаас эхлээд Ху Жинтаогийн зургууд өлгөөтэй байлаа. Тэрбээр Коммунист намын гишүүн бөгөөд байшингийн төслийг дэмждэг нэгэн.
Тэр “Бидний хуучин байр намгаас л бүтсэн байсан. Ийм сайхан биш байсан. Би зүгээр л жирийн нэг тариаланч байлаа. Харин Коммунист нам биднийг харж ханддаг юм.” гэх аж.
Хэдийгээр эдгээр бүх ашиг тусыг бид тэдэнд өгч байгаа юм хэмээн Хятадын засгийн газар хэлж байгаа ч аялалынхаа дараа бид үнэндээ бол Түвдийн жирийн ард түмний таашаалыг олох гэж Бээжин ихэд зүдэрч байгаа юм байна гэсэн дүгнэлттэй хоцорсон билээ.
Магадгүй нэг бүтэн үеийн дараа гэхэд тэдний эх нутаг бүр мөсөн өөрчлөгдчихсөн байж ч болох юм.
Орчуулсан Ч. Сувд
| Овог хэрэглэх тухай | Уран бүтээл ба Ухамсар |
|---|

