- Хятад Иранаас импортолдог нефтийн хэмжээг багасгавал Европын холбооны хориг Ираны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох газрын тосны худалдаанд том цохилт өгөх нь ойлгомжтой.
ХОНКОНГ /СЯНГАН/./ИТАР-ТАСС/. Өнгөрсөн мягмар гарагт Тайванийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Энэ нь саяхан тус арал дээр болсон бүх нийтийн сонгууль болон Ерөнхий сайд У Дуньи Тайванийн засаг захиргааны тэргүүний орлогч даргын /дэд ерөнхийлөгч/ албан тушаалд томилогдож байгаатай холбоотой юм.
Шинэ Засгийн газрын тэргүүнээр нэр хүндтэй санхүүч, 62 настай Чэнь Чун томилогджээ. Тэрбээр өмнө нь Ерөнхий сайдын орлогчийн үүргийг түр хугацаанд гүйцэтгэж байсан бөгөөд 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын сөрөг нөлөөнөөс сэргийлэх арга хэмжээнүүдийг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэж байв. Чэнь Чуны мэргэжлийн өндөр ур чадвар болон арвин туршлага нь Европын өрийн хямрал дэлхийн зах зээлд аюул учруулж байгаа энэ үед тун хэрэг болно гэж эрх баригч Гоминьдан намынхан найдаж байна.
Нэгдүгээр сарын 14-нд Тайваньд болсон бүх нийтийн сонгуульд эрх баригч намын тэргүүн Ма Инзю ялсан байна. Тэрбээр эх газрын Хятадтай харилцаагаа сайжруулахыг чиг шугам баримтлагчдын нэг юм. Энэ өдөр мөн Тайванийн парламентын сонгууль болсон бөгөөд мөн л эрх баригч Гоминьдан нам ялсан байна. Парламентын шинэ бүрэлдэхүүн өчигдөр тангараг өргөсөн бол засгийн газрын гишүүд хоёрдугаар сарын 6-нд тангаргаа өргөнө.
Д.Жаргал
Эх сурвалж
Монцамэ


