“Булган хөгжил Энэбиш” сангийн 2010 онд Булган нутгийнхаа хөгжлийн төлөө хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаас танилцуулж байна.
Боловсролын салбарт:
Булган аймгийн Зүүнтүрүүнд байрлах сангийн өмчлөлд байсан 50 сая төгрөгийн өртөг бүхий 2 давхар барилгыг төрийн өмчид хандивлан, гишүүдийн багцад хуваарилагдсан хөрөнгө оруулалтын нэг тэрбум төгрөгөөс сургуулийн хичээлийн байр, 62 оюутны дотуур байр, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил бүхий иж бүрэн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийг барьж байгуулан 2010 онд 7 чиглэлийн мэргэжлээр элсэлт аван үйл ажиллагаа эхлүүллээ. Уг МСҮТ байгуулагдсанаар 40 хүний ажлын байр бий болгосноос гадна ажил мэргэжилгүй яваа олон залуусыг мэргэжилтэй болгох юм. Эдүгээ тус төвд Булган аймгийн оюутан залуусаас гадна Хөвсгөл, Орхон аймгуудаас ирж суралцаж байна.
Ирээдүйн чадварлаг боловсон хүчний хөгжлийг дэмжих, оюутан залуусын сурч боловсрох, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, тэдгээрийг Булган нутгаа гэсэн санаа, зорилгын дор нэгтгэх үүднээс Улаанбаатар хотод оюутан залуучуудад зориулан үнэ төлбөргүй төрөл бүрийн лекц, сургалт зохион байгуулж, интернет төв ажиллуулж байна.
Жил бүр уламжлал болгон зохиож ирсэний дагуу Булган аймгийн оюутнуудын шинэ жилийг “Амазон Палас”-д зохион байгуулж, сурлагаараа шалгарсан Дашинчилэн сумын харъяат Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутан Ж.Оюунбаатар, Сэлэнгэ сумын харъяат Боловсролын Их Сургуулийн оюутан Б.Соёлмаа, Булган сумын харъяат СУИС-ийн оюутан Р.Ширчинмаа нарыг сургалтын төлбөрөөр шагнаж урамшууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд “Эврика” гадаад хэлний сургалтын төвд сонирхсон хэлний чиглэлээр Булганы оюутан залуусыг үнэ төлбөргүй суралцуулж байна.
Мөн “Булган хөгжил Энэбиш сан”-ийн өмчлөлд байсан Хишиг-Өндөр суманд байрлах барилгыг тус сумын Ерөнхий боловсролын сургуульд бэлэглэж, 35,0 сая төгрөгийн дээврийн засвар, 86183 ам долларын иж бүрэн засварыг Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр гүйцэтгэж, 160 оюутны багтаамжтай Мэргэжлийн боловсрол олгох сургалтын төв байгуулахаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарт:
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн цахим үйлчилгээ болон алсын зайн оношлогоо, эмчилгээг нэвтрүүлэх зорилгоор манай сангаас санаачилан, 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Цахим эмнэлэг” төслийг Булган аймагт хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд уг төсөл анх удаа хөдөө, орон нутагт хэрэгжиснээр аймгийн нийт 60 мянган иргэнийг эмнэлгийн цахим карттай болгох, ингэснээр эмнэлгийн мэдээллийн санд бүртгэгдэн, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, үйлчилгээний талаархи мэдээллийг хүссэн цагтаа авах боломж бүрдэж, эмчилгээ, үйлчилгээг түргэн шуурхай болгох өндөр ач холбогдол бүхий ажлыг эхлүүлээд байна.
ХАА-н салбарт:
“Булган хөгжил Энэбиш” сан, Булган аймгийн Засаг Даргын Тамгийн Газар, “Булганы иргэдийн амьжиргааг дэмжих сан”- гийн гурвалсан гэрээний үндсэн дээр УИХ-н гишүүн Э.Мөнх-Очирын тойрогтоо зарцуулах багцад тусгуулан малчдын амьжиргааг дээшлүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, мах ноос, сүү-сүүн бүтээгдэхүүний ашиг шимийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх цөм сүргийн аж ахуйг бий болгох зорилгоор Орхон, Могод, Бүрэгхангай сумдад шилмэл омгийн хонины аж ахуй, Хишиг-Өндөр суманд мах болон сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулан ажиллаж байна.
Хүмүүнлэгийн үйл ажиллагаа:
АНУ дахь тус сангийн салбар зөвлөлийн дарга, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Лхамсүрэнгийн Энэбиш агсаны гэргий О. Лхагважав болон хамтран ажилладаг байгууллагуудаас ирүүлсэн дулаан хувцас, тоглоом, эд зүйлсийг цас, зудтай байгаа сум;ын малчдад тусламж болгон өгч, сумын цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдэд тоглоом, эд зүйлсийг гардууллаа.
Иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа:
Тус сангаас иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2008-2010 онд нийт 1261 иргэд, аж ахуй нэгж байгууллагад 1 тэрбум 22 сая төгрөгийн зээлийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Багшлах боловсон хүчнийг дэмжиж, хөдөөгийн багш нарыг орон сууцжуулах амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх бодлогын хүрээнд 2010 онд 12 багшид 29 сая төгрөгийн зээл олгогдсоноор 2008-2010 онд нийт 38 багш ажилчид хашаа байшин орон сууцтай болоод байна.
Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа:
Улаанбаатар хотод Булган аймгийн оюутан залуусын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Булган аймагт Биеийн тамир, спортын газартай хамтран сангийн нэрэмжит залуучуудын сагсан бөмбөгийн тэмцээн болон Булган аймгийн Төр захиргааны байгууллагуудын хүрээнд “Хөгжилд чиглэсэн манлайлал” сургалтыг зохион байгууллаа.
“Булган хөгжил Энэбиш” сангийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, ард иргэдийн чөлөөт цагийн үр бүтээлтэй өнгөрүүлэх тэднийг бүх төрлийн мэдээ мэдээллээр хангах зорилгоор Дашинчилэн, Баяннуур, Могод, Хишиг-Өндөр, Сайхан, Бугат, Орхон, Хутаг-Өндөр, Хангал, Хялганат сумдад сангийн байр барьж ашиглалтанд оруулан үйл ажиллагаагаа явуулж байна. Бүх сумдад богино долгионы FM радиог техникийн бүрэн шинэчлэл хийж албан ёсны зөвшөөрөгдсөн долгионоор байнгийн ажиллагаатайгаар явуулж байна.
| Малчид Э.Мөнх-Очир гишүүнд талархал илэрхийлж байна | Улсын Их Хурлын гишүүн Э.Мөнх-Очирын санаачилсан “Өнөтэй өвөл” аян үргэлжилж байна |
|---|



